Wednesday, 13 March 2013

С.Баярцогт: Гэрээнд өөрчлөлт оруулах эсэхийг ЗГ шийднэ

Оюутолгойн хөрөнгө оруулагчид өнгөрсөн сард хоёр ч удаа хуралдсан. Хэдий хаалттай хуралдсан ч Монголын талаас гэрээний зарим зүйл заалтыг хэрэгжүүлэх ёстой гэсэн дүгнэлт гаргасан билээ. 
Энэ талаар Сангийн сайд асан, УИХ-ын дэд дарга С.Баярцогттой ярилцлаа. 

-Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал хоёр удаа болсон, цаашид ч үргэлжилнэ. Гэрээнд өөрчлөлт орох болов уу. Энэ талаар таны бодол, байр суурийг сонсох гэсэн юм?
-Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын зүгээс Оюутолгойн асуудлаар бүгд нэгдсэн нэг ойлголттой болъё гэсэн утгаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Монголчууд бид бүгд нэг ойлголттой байх ёстой атал ойлголтын зөрүүтэй яваад байна. Нэгдүгээрт, гэрээ, хоёрдугаарт гэрээний хэрэгжилт, гуравдугаарт гэрээ хийгдсэн түүх гэсэн гурван зүйлийг салгаж ойлгох хэрэгтэй байгаа юм. Ерөнхийлөгчийн санал болгосон нээлттэй хэлэлцүүлэг зөвхөн гэрээний биелэлтийн талаар байсан. Ерөнхийлөгчийн тавьсан бүх санал нь гэрээний биелэлттэй холбоотой. Гэрээний биелэлт 70 жил хэрэгжих ёстой. Энэ хугацаанд байгуулагдсан Засгийн газар бүр хяналт тавьж, гэрээг биелүүлэх тал дээр хяналттай ажиллах ёстой.

-Тэгвэл гэрээнд өөрчлөлт орох ёстой гэж үү?
-Гэрээний хувьд Монголын тал ашгаа хүртэж эхлэх хугацааг урт байна гэж үзээд наашлуулах санал гаргасан. Хоёрдугаарт, Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг Оюутолгойн гэрээг үзэглэснээс хойш баталсан. Тиймээс энэ хуулийг гэрээнд тусгах боломж байгаа эсэх, энэ талаар нэмэлт хэлэлцээр хийгээч ээ гэсэн ийм л хоёр асуудал байгаа юм.
Менежментийн төлбөрийн хувь бол өндөр байна. Энэ тал дээр  хэлэлцээр явагдаж байгаа. Бидний хувьд нэлээд өндөр төвшинд тохиролцоонд хүрэхээр хэлэлцээр хийж ирсэн. Зарим асуудлыг дараа дараагийн Засгийн газрууд хийчих байх гэсэн ийм л асуудлууд байгаа юм. Үнэхээр том гэрээ учраас засч, сайжруулах зүйлс байнга гарна. Тэр нь өөрөө юутай холбоотой вэ гэхээр бүх эдийн засгийн тооцоон дээрээ үндэслэгдэх ёстой. Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс болоод гэрээнд өөрчлөлт гарах болгонд бид нэмэлт гэрээ хийж байх ёстой. Өөрөөр хэлбэл,  анх 2009 онд гэрээ байгуулж, 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэр нэмэлт дээр өр өгөөжийг бараг тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн ийм гурван төрлийн өөрчлөлтийг хийсэн. Тэгэхээр байнга засч сайжруулж байх ёстой ийм л гэрээ байгаа юм.

-Хөрөнгө оруулагчид гэрээний зарим заалтыг биелүүлэхгүй байна гэсэн үг үү?
-Гэрээний анхны хөрөнгө оруулалтыг 5,1 тэрбум ам.доллар гээд гэрээнд заачихсан. Нэмэлтээр хийж байгаа хөрөнгө оруулалт нь 4,1 буюу дөрөв орчим тэрбум ам.доллар байх ёстой. Анхны хөрөнгө оруулалт нь нэг тэрбум. Ингээд ойролцоогоор тав орчим тэрбум ам.доллар байна гэж гэрээнд заасан байгаа. Гэтэл одоо хөрөнгө оруулагчид 6.2 тэрбум ам.доллар болгоод 1,1 тэрбумаар хэтрүүлчихээд байна. “Та нар гэрээнд зааснаас илүү 1.1 тэрбумыг  яагаад нэмсэн бэ” гэдэг асуудлаар одоогийн Засгийн газар тайлбар аваад,  энэ нь эдийн засгийн үр өгөөжид нөлөөлж байвал бид гэрээний талаа дахин ярилцах ёстой. Ийм л гэрээнүүдийг хийсэн учраас гэрээний үр өгөөж нь бодит үнэ цэнээр Монголын талд хамгийн доод тал нь 53 хувь гээд баталгаажуулсан гэрээ.  Тэгэхлээр энэ гэрээний хэрэгжилтэд үе үеийн Засгийн газар хяналт тавьж ажиллах хэрэгтэй.

-Монголын тал Оюутолгойн асуудалд оролцох нь бага байсан, ТУЗ-ийн гишүүд ажиллахгүй байна гэсэн яриа бас байдаг?
-Ерөнхийлөгчийн тавьсан 15 асуудалд би хариулт өгсөн. Тэр  бол үе үеийн Засгийн газрын хийх ёстой асуудал. Худалдан авалт, менежментийн оролцоо, хяналт, зэсийн лаборатори байгуулах асуудал, байгаль орчин экологийн асуудал, хот байгуулалтын асуудал гээд энэ бүх зүйлийн үндэс нь гэрээнд суучихсан. Одоо тэгэхээр гэрээний хэрэгжилтэд үе үеийн Засгийн газар хяналт тавиад, хөрөнгө оруулагч талдаа шаардлага тавьж, түүнийгээ хянаад явж байх ёстой. Ийм л зүйл байгаа юм.

-Урьдчилгаа хөрөнгө оруулалтыг эргэн төлөхөөр Монгол Улсад ашиггүй гэж ярьдаг. Урьдчилгаа хөрөнгө оруулалтыг яг хэзээ төлж барагдуулах талаар гэрээнд тусгасан байдаг юм бэ?
-Энэ гэрээ зээлийн гэрээ биш. Би маш ойлгомжтой хэлсэн. Намайг хэд хэдэн асуудлаар хүмүүс шүүмжилсэн байсан. Эрсдэлгүй гэрээ гэсэн, энэ гэрээ эрсдэлтэй юм биш үү гэж. Бүхэл бүтэн төсөл бол маш эрсдэлтэй. Хөрөнгө оруулагчид 6.2 тэрбумаа авч ирээд хийчихсэн байгаа. Энэ асуудал дээр Монголын Засгийн газар нэг ч төгрөгийн хариуцлага хүлээхгүй. Хамгийн энгийнээр хэлэхэд 6.2 тэрбум ам.доллар хийчихээд байгаа гэрээ маань зогсчихлоо гэж бодоход энэ нэмэлт хөрөнгө оруулалтад манайх нэг ч хариуцлага хүлээхгүй. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч тал шатаад дуусч байгаа асуудал. Манай гэрээний давуу тал юундаа байна вэ гэхлээр бид нар нэг ч эрсдэл хүлээхгүй. Ашиг авах үед нь бид нар 53 хувиа авъя гэж байгаа юм. Тэгэхээр ашиг аваад ирэх үедээ хөрөнгө оруулагч тал чинь нийт оруулсан хөрөнгөө нөхөж авах ёстой. Зардлаа нөхдөг тооцоон дээр нийт зардлынх нь 34 хувь нь танайд оногдох учраас танайхаас авах ёстой. Танай ашгаас чинь суутгаад явна шүү гэсэн асуудал байгаа. Өөрөөр хэлбэл эрсдэл ерөөсөө байхгүй, ашиг хуваарилтан дээр авах мөнгөний хувьд тохиролцсон ийм гэрээ байхгүй юу. Миний хувьд гэрээнүүд нь бүгд ил, дуртай нэг нь ороод үзэх боломжтой байхад уншихгүйгээр дүгнэлт хийгээд,  яриад яваад байгааг нь л  ойлгохгүй байгаа юм.

-Ер нь бол гэрээнд тодорхойгүй зүйл олон байгаа учраас Хувь нийлүүлэгчдийн хурал болж байна гэж ойлгож болох уу. Гэрээнд тодорхойгүй зүйл байгаа юу?
-Ер нь бол Оюутолгойн асуудлыг зохицуулж байгаа дөрвөн том гэрээ байгаа. Энэ гэрээнд багтахгүй олон асуудал байнга гарна. Тэр бол хувь нийлүүлэгчид, ТУЗ, менежмэнтээр шийдэх зүйл байнга гарна. Бүх л компаниудад бизнесийн таатай, таагүй нөхцөл байдлаас болж үнэлэлт дүгнэлт гардаг. Яг үүнтэй л адилхан. Энэ бол гэрээтэй холбоотой асуудал биш. 
Ш.ЧИМЭГ

No comments:

Post a Comment