“Шонхор суваг” телевизээр нийтлэлч Л.Мөнхбаясгалангийн
хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлгийн зочин УИХ-ын гишүүн Д.Арвингийн
яриаг бүрэн эхээр нь хүргэж байна.-Цензургүй
ярихаар хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Ардын нам 12 жилийн түүхэндээ
амсаагүй ялагдлыг өнгөрсөн УИХ-ын сонгуулиар амссан. Харин хотын тойрогт
та ганцаараа намаасаа ялсан. Гэвч таны энэ ялалт Ардын намд бус
Ардчилсан намд нэг суудал нэгээр нэмлээ. Ардчилсан намд элссэн таныг
сонголтыг би одоо ч гайхдаг юм. Тэгэхээр сонголтоо эх орон, ард түмэн,
миний сонгогчид гэхгүйгээр тайлбарлахгүй юу?-Аливаа юманд тэвчээр гэж байдаг.
УИХ-ын
сонгууль, тэр дундаа Баянзүрх дүүргийн сонгууль түүхэнд байгаагүй хүнд
сонгууль болсон л доо. Учир нь нэг намын хоёр хүн өрсөлдсөн. Энэ үеэр
хэн нь хэн бэ гэдгийг харсан юм. Ингэхэд би намаа бус, нам намайг
орхисон байсан. Үүнийг би сонгуулийн явцад их мэдэрсэн дээ. Миний
тэвчээрийг ч их барж байлаа. Тухайн үед би “Ямар ч байсан сонгуульдаа
оролцож ялалт байгуулна. Хэрэв ялчихвал энэ намд байхгүй” гэсэн бодолтой
байсан юм. Нам намайг орхисон жишээ гэвэл олон байлаа. Өнгөрсөн зун
намайг Ардын нам биш, МАХН-ын гишүүн болгочихсон хэвлэл мэдээллээр
сурталчилж байхад би намынхаа даргад “Намайг МАХН-ын гишүүн гээд байхад
яагаад зүгээр суугаад байна вэ. Хариу арга хэмжээ авч, хэвлэл мэдээллийн
хэрэгслээр мэдэгдэл хийхгүй юм уу” гэсэн. Гэтэл ямар ч арга хэмжээ
аваагүй.
-Тэр үед намын дарга Сү.Батболд байсан уу?-Үгүй.
Ө.Энхтүвшин дарга байсан. Би Ө.Энхтүвшин дарга руу утасдаад “Хэвлэл
мэдээллийн албаараа дамжуулан албан ёсны хариу өгөөч ээ” гэхэд юу ч
хэлээгүй. Намын Бага хурлын үеэр хүнд байдалд байгаагаа хэлэхэд мөн
хариу өгөөгүй. Намын дарга нарын дэргэд миний микрофоныг хааж, үг
хэлүүлээгүй. Мөн тэдний дэргэд Ардын намын анхан шатны дүүрэгт Д.Арвинг
биш, дүүргийн намын хорооны даргыг дэмжинэ гэсэн шийдвэр гарахад намын
дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нар энэ асуудлыг хөндөж
яриагүй. Энэ бүхэн миний тэвчээрийг их барсан. Сонгуульд ялсныхаа дараа
нам маань намайг орхисон учир өөрийн бодож байснаа хэрэгжүүлсэн. Тэр
хүнд үед намайг хэн ч яаж байна гээгүй, УИХ-д гурван удаа сонгогдсон
эмэгтэй гишүүнээ эмэгтэйчүүд нь ч яриагүй. Тэгээд л намайг хаясан. Тийм
учраас ялалтынхаа дараа би энэ шийдвэрийг гаргасан.
-Ямар учраас таныг ингэж хаях болсон юм бэ. Та УИХ-д гурван удаа сонгогдсон төрийн түшээ шүү дээ?-Би
ямар нэгэн бүлэглэлийн гишүүн, намын даргыг дагагч биш. Харин би үг
хэлдэг, бодлого барихдаа тийм сайн байгаагүй. Ер нь хараад байхад
бүлэглэл нь дарга нарт дотно байвал урагшилдаг. Ийм байдлыг би хүсээгүй.
Тиймээс ямар ч дэмжлэггүйгээр сонгуульд оролцсон гэж ойлгож болно. Ямар
нэгэн бүлэглэлд оролгүй өөрөө өөрийнхөөрөө явсан нь хожсон юм билээ.
Гэхдээ намайг автоматаар хэн нэгний бүлэглэлд оруулчихдаг байсан.
Бүлэглэл нь өөрсдийнхөө хүмүүсийг гаргахын тулд маш их мөнгө зарцуулж,
ажилладаг. Миний хувьд хэн нэгний гар, хөл болохыг хүсээгүй учраас ийм
байдалд хүрсэн болов уу.
-УИХ-д гурав дахь удаагаа
сонгогдсон гишүүний хувьд та улс төрд ямар нэг бүлэг, фракцийг
дагахгүйгээр амжилтад хүрдэггүй гэдгийг мэддэггүй гэж үү?-Хүн
бүр бүлэг, фракцид ордог л байх. Харин би хүсдэггүй. Фракцид орж,
тэдэнтэй нэг баг болохыг боддоггүй. Яагаад гэвэл Монгол Улсын эрх ашгийн
төлөө хөдөлмөрлөе, нэг нам нэг бодлогын төлөө явахаас биш хэт их
хуваагдах нь зохимжгүй. Гэхдээ сайн хүмүүс хуваагдаж байвал өөр хэрэг.
Гэтэл мөнгөний сонирхолтой лидерүүд нь сайн биш, хүмүүс хуваагдах ямар
байдгийг биеэрээ мэдэрсэн. Олон юм ярихыг хүсэхгүй байна. Гэсэн хэдий ч
муу хүмүүс толгой дээр гарч, фракци болбол эмгэнэлтэй байдаг. Би аль нэг
фракцид оръё гэсэн ч удирдагчдыг нь хүлээн зөвшөөрч чадахгүй байсан
болохоор ороогүй.
-Хэнтий аймагт нэр дэвшүүлээгүй тэр
үеэс л таныг “жийсэн” юм биш үү. Гурван удаа сонгогдсон тойргоос өөр
тойрогт хуваарилснаас л бүх зүйл ойлгомжтой байгаагүй юм уу?-Хэнтий
аймагт нэр дэвшихээс татгалзаж, Баянзүрх дэвшие гэдэг саналыг би өөрөө
гаргасан. Хэнтий аймаг миний аавын нутаг, тэндээс гурван удаа
сонгогдсон. Энэ аймагт нэр дэвших хүсэлтэй, бодолтой хүмүүс олон байдаг.
Би тэдэнд сайхан сэтгэлээр зай тавьж өгсөн юм. Тэгээд өөрийнхөө төрж
өссөн Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, хүн ам ихтэй энэ дүүргийн хөгжилд
хувь нэмэр оруулан ажиллах ёстой юм байна гэж бодсон. Энэ бол миний
сонголт байсан юм.
-Танд МАХН-д элсэх боломж байсан. Би ч үнэндээ таныг МАХН-д элсэх байх гэж бодож байлаа?-Хуучин
МАХН-ыг МАН болоход би үнэхээр дургүй байсан. Тухайн үед би намын их
хуралд суугаагүй. Ашгүй ханиад хүрч эмнэлэгт хэвтэж байлаа (инээв).
Ардын нам болгохыг эсэргүүцэж, намын бүлгийн хурал дээр ч үгээ хэлсэн.
Гэтэл миний үгийг тоож сонсох дарга байгаагүй. Тэр үед байсан намын
дарга толгой дээгүүр л явдаг байв. Тэгээд миний хувьд маш их уур хүрч
байсан. Тэднээс суудал авах хэрэгтэй хүмүүс байсан учир эсэргүүцэл нэг
их гараагүй. Энэ бүгдээс үүдээд би нам нэрээ сольсноос хойш дуугарахаа
больсон доо.
-Та нэг хэсэг дуугарахаа больсон байсан. Бид Д.Арвин яагаад дуугарахгүй байна гээд бичиж байлаа?-Хоёр,
гуравхан хүн намын нэрийг сольчихож байгаад дургүй хүрсэн. Н.Энхбаяр
дарга 1990-ээд оны үед намын нэрийг солих тухай ярьж байсан юм. Тэгэхэд
намын Бага хурлын үеэр би Н.Энхбаяр даргатай “намын нэрийг солихгүй”
гээд үзэлцэж байлаа. Тэр үед солиогүй. Сая бол үнэхээр хүчээр намын
нэрийг сольсон. Толгой, нэрээрээ оролдоно гэдэг тэнэг хүмүүсийн хийж буй
л ажил.
-Нэр солиод буруудлаа. Гэтэл Н.Энхбаяр дарга
хуучин нэрээ сэргээгээд нам байгуулсан. Тиймээс л би таныг тэр нам руу
явах нь гэж бодсон юм?-Тухайн үед би явж болох байсан л
даа. “Элсний 13” гэгддэг Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын гишүүн явна гэсэн.
Харин надад тэр нам руу явах бодол байгаагүй. Манай нам миний нүдэн
дээр хоёр хуваагдахыг хүсээгүй. Тиймдээ ч аль нэгэнд нь очиж,
хуваагдахыг хүсээгүй юм. Тийм ч учраас эв нэгдлийн байдалтай, дуугүй
байсан.
-Нам чинь таны эсрэг ажиллаад эхлэхээр МАХН руу явчихъя гэсэн бодол огт төрж байгаагүй юу?-Д.Тэрбишдагва
гишүүн “хүрээд ир” гэж л байсан. Эмэгтэй хүн нам, улс төрийн хүчний
дэмжлэггүй ялахад хэцүү. Тиймээс би МАХН, Ардчилсан нам, ИЗНН-д “намайг
дэмжээч” гэж хандсан. Дэмжүүлэх гэж би Д.Тэрбишдагва гишүүнтэй уулзаж
байлаа.
-Гэхдээ намд элсэнэ гэдэг тохироо хийсэн үү?-Намайг
“МАХН-д орж ирнэ биз дээ” гэж байсан. Харин би “юу ч гэсэн гарч ирье”
гэсэн. Гарч ирснийхээ дараа асуудлаа шийдье гэж бодсон юм.
-Гарч ирмэгцээ Ардчилсан намд орчихдог юм уу?-Ялсныхаа
дараа аль нэг намд орох хэрэгтэй байсан. Тэгээд Ардчилсан намыг
сонгосон. Гэхдээ ямар нэгэн тохироо хийсэн зүйл огт байхгүй. Бүх нам,
тэр битгий хэл бие даагчид хүртэл бие даагч болчих гэж хэлсэн л дээ.
-Тэгэхээр та заль хэрэглэчихсэн юм биш үү?-Заль
хэрэглээгүй ээ (инээв). МАХН болон бие даагчид “Нам чинь хаячихсан.
Тэгэхээр манайд хүрээд ир” гэсэн л дээ. Тухайн үед би Ардчилсан намын
дэмжлэгийг авъя, нэг “ангид” найман жил цуг суусан одоогийн УИХ-ын дарга
З.Энхболдоос “Байдал их хүнд байна. Намайг дэмжээч. Манай нам нэг
талдаа намайг гаргачихлаа” гэдэг асуудлаа тавьсан. З.Энхболд дарга
“Чамайг ойлгож байна. Сайн ажиллаад байж бай. Эмэгтэй улстөрчийн хувьд
дэмжинэ” гэсэн. Тэгээд намайг дэмжсэн. Ардчилсан намын дэмжлэгийг түлхүү
авсан юм. Гэхдээ би өөрөө намаас гарна гэдэг хатуу бодолтой байв.
Ардчилсан намд элсэхэд их сайхнаар хүлээж авсан. Зөвхөн З.Энхболд дарга
гэлтгүй С.Баярцогт, Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, мөн эмэгтэй гишүүд дэмжиж,
сэтгэлийн дэм өгсөн юм. Энэ хамт олон хүнд үед намайг хүрээлсэн дээ.
Иймээс миний байх газар энэ юм байна гэж бодсон.
-Өмнөх парламентуудад та Ардчилсан намынхантай үзэлцдэг байсан. Харин үүнд Ардчилсан намынхан юм бодоогүй байна уу?-Улс
төр гэдэг чинь их сонин. Аль муудалцахыг тэр гэх вэ. Парламент, нам
дотроо ч гахай, нохой, зодоон цохион дээрээ тулж байсан. Үүнд юм
боддоггүй. Би өөрийнхөө намд, Ардчилсан намынханд ч уурладаг. Гэсэн
хэдий ч намайг илүү ойлгодог нь Ардчилсан намынхан л байв. Л.Гантөмөр,
Д.Одхүү гишүүн их тайвшруулдаг байлаа. Улс төрийн эрх ашгийн төлөө
бухимдах, нэгнийгээ доромжлох гээд хүнээс гардаг бүх авир гарна. Хурлаас
гараад энэ бүгдийг мартчихдаг. Улс төр өөрөө ийм шүү дээ. Муудалцах
бүртээ тооцоо бодно гэвэл улс төр өөрөө явахгүй.
-2008
оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн Эдийн засгийн байнгын хорооны
хурлаар Э.Бат-Үүл, Р.Эрдэнэбүрэн нарын гишүүний өргөн барьсан Ашигт
малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр маргаан үүссэн. Тэгэхэд та
Э.Бат-Үүлийг “чи хүн алчихсан хүн шүү” гэж хэлж байсан удаатай. Үүнийг
хэвлэлийнхэн С.Зориг агсны хэрэгт холбогдуулан бичиж байлаа. Тухайн үед
танд баримт нотолгоо байв уу, уурандаа хэлсэн үү?-Уурандаа л
хэлсэн. Тэр үед сонин хэвлэлээр янз бүрээр бичиж байсан шүү дээ. Нэг
хэсэг өөрийн эмоциороо юм ярьчихдаг үе байлаа. Энэ бол УИХ дээр байдаг л
нэг хэрүүл гэж бодож байна.
-Д.Тэрбишдагва гишүүн намдаа
элсэхийг санал болгосон гэлээ. Харин Н.Энхбаяр гуай өөрөө санал тавьсан
бол элсэх байсан уу. Ер нь санал тавьсан уу?-Н.Энхбаяр
дарга надад санал тавиагүй. Санал тавьсан ч элсэхгүй байсан. Би
Н.Энхбаяр даргыг дэмжиж, хүндэлдэг. Гэсэн хэдий ч би элсэхгүй.
-Яагаад?-Манай
нам хоёр хуваагдчихсан. Алинд нь ч байхыг хүсээгүй. Нам хуваагдах
сэтгэл зүйн хувьд их хүнд байдаг. Бараг хоёуланг нь хаях бодолтой
байсан.
-Хоёулаа адилхан болохоор гэж үү?-Аль нэг намд нь байхыг хүсээгүй гэсэн үг. Ардын намд байгаад МАХН-ынхантай, МАХН-д байгаад Ардын намынхантай үзэлцэж чадахгүй.
-Та Ардын намд хэдэн онд элссэн билээ?-Би 1992, 1993 онд л элссэн. Сүүлд элссэн шүү дээ.
-Намаас
гарсныхаа дараа “Өдрийн сонин”-д “Би намаа ядарч явахад нь биш, задарч
явахад нь гарлаа” гэж нэлээд ширүүн ярьсан байсан. Үүнийг уншаад нэг
асуулт асууя гэж бодсон юм. “Ардын намыг ядраад, ялагдчихаад байхад
түрийвчээ бариад ирж байлаа” гэж та хэлсэн. Түрийвчээ бариад гэж байгаа
нь та намдаа хандив өгч, ивээн тэтгэж байсан гэсэн үг үү?-Хуучин
МАХН байхад залуус нь орхиод явчихсан, хүнд задарчихсан үед ажиллаж,
хөрөнгө мөнгөөр дэмжиж, намын дэргэд аялал жуулчлалын байгууллага
байгуулж, маш олон залуусыг элсүүлсэн. Мөн гадаад, дотоодын айлчлал,
намын эмэгтэйчүүдийн байгууллагыг санаачлан байгуулж, анхны хурлыг нь
миний хөрөнгөөр хийж байлаа. Харин надад ямар ч тооцоо байдаггүй. Зарим
хүн их тооцоотой байдаг юм билээ. Намд 200 сая төгрөг, нэг тэрбум төгрөг
өгсөн тэгэхээр надад ийм суудал өгөх ёстой гэж ярьдаг болчихож. Өмнө нь
бид тооцоо ярьдаггүй, бичдэггүй байсан. Одоо л албан тушаал худалдаж
авдаг байдалд хүрчихлээ. Би үүнийг саяхан мэдсэн.
-Та
анх 2000 онд сонгогдож байсан байх аа. Тухайн үед их хурц, шийдэмгий
эмэгтэй гарч ирсэн. Гэхдээ үүнийгээ хааяа мартчихдагийг чинь мэднэ.
Сурвалжлага хийгээд явж байх тэр үед таныг Н.Энхбаярын бүлэглэлийн “хүн”
гэж боддог байлаа?-МАХН-ыг эв нэгдэлтэй байхын төлөө л
зүтгэж ирсэн. Н.Багабанди даргын үед ч дэмжиж ажилласан. Н.Энхбаяр дарга
гарч ирэхэд мөн л дэмжсэн шүү дээ. Хэрэв тэдний хооронд маргаан үүсвэл
болохгүй байгааг нь шүүмжилдэг л байлаа.
-Та С.Баярыг дэмжиж байсан уу?-Дэмжиж байсан.
-М.Энхболдыг огцруулж байсан байх аа?-М.Энхболд
даргыг ч дэмжиж ажилласан. Би намынхаа даргыг дэмжиж, эв нэгдэлтэй
байхын төлөө явсан. Гэтэл эв нэгдэл гэж байдаггүй юм байна гэдгийг хожим
мэдлээ.
-Ардын намын дарга асан С.Батболдыг дэмжсэн үү?-Мэдээж
намын дарга болоод ирсэн учир даргаа дэмжих бол нам оршин тогтнохгүй
шүү дээ. Бидний дэмждэг шиг дарга нар маань сайн ажиллаж чадаагүй. Ер нь
сайн дарга заяагаагүй дээ.
-Эргээд харахад хамгийн сайн дарга нь тэр байсан гэж хэлж чадах уу?-Чадахгүй
ээ. Сэтгэлд хүрэхгүй нь мэдэгдэж байсан. Тиймээс их тэвчиж ажилласан
даа. С.Баярыг олигтой лидер болгочихъё гээд түшсэн. Н.Энхбаяр даргыг ч
мөн улс орноо авч явахад дэмжие гэж ажилласан. Гэвч нэг л болж өгөөгүй
дээ. Сайн лидер манай намд төрөөгүй. Сайн хамт олон гэхээс илүүтэй сайн
лидер төрж, улс орныг авч явах ёстой гэж боддог.
-Ардчилсан намд лидер байна уу?-Лидер
байгаа. Нуугаад байх юу байх вэ. УИХ-ын дарга З.Энхболд бол маш сайн
лидер. УИХ-ын гишүүд цаашлаад ард түмэн хүлээн зөвшөөрч байна. Мөн
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон ажил хийж байна, намын дарга Н.Алтанхуяг
шинэчлэлийн Засгийн газар байгуулаад зөв хэлбэрээр ажиллаж байгаа.
Тиймээс эдгээр хүмүүсийг зөв зүйл дээр нь дэмжие гэсэн бодолтой байна
даа.
-Ардын намд байх үед чинь төрж гарсан дарга нараас илүү юм Н.Алтанхуягт бий юү?-Улс
орноо удирдаж, шинэлэг зүйл хийх гэж яваа зэргээс нь зөв юм харагдаж
байна. Иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа нь зөв. Үүнийг хамт олон нь
дэмжиж ажиллах ёстой гэж бодож байгаа.
-Т.Бадамжунайг
МАХН-д авчирч байх үеийг та ярьсан байна билээ. Н.Энхбаяр дарга оруулж
ирэн дэмжүүлээд л, Ц.Мөнх-Оргилыг “Цолмонгийн хамаатан байгаа юм” гээд
дэд сайдаар тавьсан гэдэг үнэн үү?-Тухайн үед ч гэсэн сонин
хэвлэлээр гарч байсан. Т.Бадамжунай Н.Энхбаяр даргын нутгийн хүн,
Мөнх-Оргилыг Цолмонгийн хамаатан гэхчлэн бичиж байсан шүү дээ. Хүнд үед
байхгүй байсан хүмүүсийг дарга нар хөтөлж оруулаад шууд даргаар
тавьчихдаг ийм механизм руу орчихсон байлаа. Улс төр ийм байдал руу
ороод байгаад харамсдаг.
-Та өөрийнхөө улс төрийн насыг хэд гэж боддог вэ?-Хүн өөрийгөө мэдэж, мэдэрч амьдрах ёстой. Миний цаг болбол би өөрөө яваад өгнө. Харин одоо цаг нь болоогүй учир байгаа юм.
-Ардчилсан намынхан УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй бол яах вэ?-Үүнийг
хэлж мэдэхгүй юм. Тохироо хийгээгүй учраас. Намын гишүүний хувьд ямар
эрх эдлэх ёстой вэ үүнийхээ дагуу л эдэлнэ гэж бодож байгаа.
-Энэ удаа нэг суудал нэмчихээд ирэх сонгуулиар Элчин сайдаар томилогдоно гэсэн тохироо хийсэн гэж ярьдаг?-Ээ чааваас даа (инээв). Хүний өмнөөс ярих юм. Би Баянзүрхээс гурван удаа нэр дэвшинэ гээд хэлчихье.
-Та амласан шүү?-Би Хэнтийд гурван удаа нэр дэвшсэн шиг Баянзүрхэд гурван удаа нэр дэвшинэ.
-Хэнтий аймгийн Ардчилсан намынхантай уулзсан уу. Хэрхэн хүлээж авсан бэ. Та тэдний 12 жилийнх нь “дайсан” байлаа шүү дээ?-Уулзсан.
Улс төрд ялна, ялагдана гэдэг байх ёстой асуудал. Үүнийг дайсан гэж
үзэж болохгүй. Ардчилсан намын дарга Оюунбаатар, Пүрэвжав нартай
уулзсан. Улстөрчдийн харилцаа их өөр шүү дээ. Та бүхэн өөр талаас нь
хараад дайсан гэж үзээд байх шиг байна.
-Улс төрөөс
яриагаа холдуулъя. Таныг удган болсон. Дондогдулам хатны онгодыг залсан.
Дондогдулам хатан хөөргөө нэхсэн чинь О.Чулуунбат гишүүнийх байсан гэх
мэт ярианд хариулт өгөхгүй юу?-Улс орныхоо түүх, соёлын
дурсгалт газрыг хүндэлж хийх тусам тэнгэр, бурхан баярладаг юм байна
гэдгийг биеэрээ мэдэрсэн. Хэнтий аймгийн Баян-Адарга сум бол наймдугаар
Богд Жавзандамба хутагтийн хатан Дондогдуламын нутаг. Маш өвөрмөц нутаг.
Монголын ард түмэн энэ нутаг руу их явж байгаа. Би тэнд их хатдын
Хүндэтгэлийн өргөө байгуулсан. Намайг шөнө 01.30 цагийн үед очиход
Хүндэтгэлийн өргөөний ханан дээр хатны зураг гарчихсан байсан юм. Нэг
талаас нь залуу хатан, хажуу талаас нь харахад мөн хатны зураг тод
гарсан. Харин хаалганых нь нөгөө талд азарган чоно гараад ирчихсэн.
Тэгээд бид хэд маргааш нь өргөөгөө нээх болчихоод байдаг, хатны зурагтай
ханаа будах уу, яах вэ гээд гайхсан л даа. Ямартай ч өглөө харья гээд
будахгүй орхисон. Тэгтэл өглөө бүдгэрчихсэн байхаар нь шар будгаар
гурван удаа давхарлаж будсан. Гэвч хатны царай нь сайн дарагдаж өгөөгүй.
-Шөнө хэн нэг нь очоод зурчих нь гэж байхгүй биз дээ?-Байхгүй.
Цаанаасаа л тодроод гараад ирсэн. Би Хүндэтгэлийн өргөөний нээлтийг
хийх гэж очсон. Тухайн үед хатан, азарган чононы зургийг будахгүй ёсгүй
байв уу. Ямар учиртай том гэдэстэй хатан байсан юм, яах гэж ингэж гарч
ирсэн юм бол гээд бөөгөөс асуусан. Хариулт авсан. Үүнийхээ дагуу бүх
зүйлийг хийгээд сэтгэл хангалуун байлаа. Гэтэл “Өдрийн сонин”-ы
сурвалжлагчид санаандгүй, ам алдаад ярьчихсан юм. Уг нь би нуух ёстой
байсан юм билээ.
-Та Дондогдулам хатны сүнсийг буулгасан юм уу?-Би ингэж буулгаж болох уу гэж олон хүнээс асуусан. Тэгсэн намрын дунд сард буулгаж болно гэсэн. Үүний дагуу буулгасан юм.
-Хөөрөг асуусан гэдэг нь үнэн юм уу?-Хөөрөг
асуугаагүй. Гэхдээ олон юм асуусан. Одоо ярихгүй, нууц (инээв). Надад
хэлсэн бүхнийг би биелүүлсэн. Юм хийж бүтээж байхад ийм сонин зүйл
тохиолддог юм байна. Ойлгох нь ойлгох байх.
-Та ямар шашинтай вэ?-Бүх
шашныг хүндэлдэг. Тэр дундаа Буддаг их эрхэмлэдэг. Харин энэ зурагнаас
болж бөөтэй уулзсан. Та бүхэн ч очиж үзэх хэрэгтэй шүү. Сайхан юм
бүтээсний дараа хүмүүс “сүнстэй ярилцдаг” гээд янз бүрээр ярьж байлаа.
-“Нийслэл өргөө” таны компани юм уу?-“Их
өргөө” гэж манай компани бий. “Нийслэл өргөө” бол Төрийн ордны урд
талынхыг барьсан. Үүнээс болж олон хэл ам гарахад би “Нийслэл өргөө”
гэдэг чинь н.Ганзориг гэдэг захиралтай өөр компани гэж хэлээд байхад бүх
тендер авдаг гэж яриад байсан. Бүр сүүлдээ зохион байгуулалттайгаар
“Нийслэл өргөө”-г миний болгоод байна уу ч гэж хардсан. Манай “Их өргөө”
компани тендерт ордоггүй. Төрсөн дүү, бэр хоёртой өгсөн чинь олигтой
авч яваагүй, бараг дампуурах байдалд орчихсон. Харин одоо хүү маань
аваад овоо хөл дээрээ босох гэж байна. Би дарга нараас тендер гуйж,
туслаач гэдэггүй. Улс төрд иймэрхүү юм гардаг. Сонгуулиас бусад үед
надад хүнээс мөнгө гуйх зүйл байхгүй. Баянзүрх дүүргийн сонгууль их хүнд
болсон шүү дээ.
-Таны “Их өргөө” компани гуравдугаар
төрхийн тендерийг авсан. Сонгуулийн өмнө тууз хаачилсан боловч барихгүй
байна гэсэн шүүмжлэл байдаг. Тийм үү?-Миний хүү “Их өргөө”
компанийн захирлаар ажиллаад анх удаа Баянзүрх дүүргийн гуравдугаар
төрхийн тендерт ялсан юм. Ингээд Сү.Батболд дарга Ерөнхий сайд байхдаа
ирж тууз хаачилж байлаа. Гэтэл ялсан тендерийг маргааш нь хотоос цуцалж,
хүчингүй болгож байсан. Бүх ажлаа эхлүүлэх гэж байсан чинь дахиад
тендер зарлачихсан.
-Яагаад?-Мэдэхгүй юм. Манай компанид тендер авахуулахгүй юм байна гэдгийг ойлгосон л доо. Тэгээд тендерээ буцаагаад өгсөн.
-Тэгвэл төрөх эмнэлэг барих асуудал танай компанитай холбоогүй юм байна?-Хамаагүй.
Хот дээр дахин тендер зарлаад “Цамхаг” гэдэг компани ялсан. Гэвч одоо
болтол мөнгөнийх нь 10 хувь нь орж ирсэн гэсэн. Тэгээд тэр компани
өөрийнхөө мөнгөөр дөрөв, таван давхрыг барьж байгаа юм билээ.
-Ю.Цэдэнбал
агсны хүү Ц.Зоригийг Монголын иргэншил авахад нэлээд нөлөөтэй оролцсон
гэдэг. Намынхнаас нуугдан байж хийсэн гэж ярьдаг?-Тийм ээ.
Би Монголын төрийг 40 жил удирдсан хүний хүүхэд Монголын иргэн байх
ёстой гэдэг үүднээс тусалсан. Хүү нь Ю.Цэдэнбал сангийн урилгаар ирээд
Улаанбаатарт байх зардлыг нь би дааж байсан. Буцахаасаа өмнө Монголын
иргэн болно гэдэг хүсэлтийг тавьсан юм. Тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын
газрын дарга Баярт хандсан. Тэгэхэд Оросын иргэншлийг өгчихвөл асуудлыг
нь шийднэ гэж байлаа. Ингээд энэ асуудлыг их нухацтай, дөрөв, таван
өдөр ярьж байж хуучин үнэмлэхийг нь сэргээн шүүхийн тогтоол гарч,
иргэний үнэмлэхийг нь өгсөн дөө.
-“Монголын төрийг
жолоодож байсан хүмүүсийг нулимж, амьдрал ахуйгүй болгож, золигт
гаргадаг” гэж та надад хэлж байсан нь мартагддагүй юм. Үүнийг та
хэвлэлээр ярьсан уу?-Нэг удаа хэлсэн л дээ. Ер нь төрд
зүтгэсэн хүмүүсээ нас барсных нь дараа тэнгэрт тултал нь магтаж, амьд
байгаа нэгнээ газарт ортол нь муулдаг. Үүнийг би ойлгодоггүй. Амьддаа
бие биенээ хүндэлж, хайрлах ёстой. Эрэгтэй улстөрчид улс төр, албан
тушаал, амбицийнхаа төлөө яахаас ч буцдаггүй их сонин. Манай намд ч их
ажиглагдаж байлаа. Харин сүүлийн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, намын
дарга Н.Алтанхуяг “Төрийн гурван өндөрлөгийн хооронд ямар нэгэн асуудал
байхгүй” гэж ярьсан. Анх удаа дарга нар хоорондоо асуудалгүй байна гэж
сонссон. Өмнө нь дандаа муудалцдаг байлаа. Үүний цаана Монгол Улсын эрх
ашиг, хүмүүсийн ёс суртахууны асуудал байгаа шүү дээ.
-Та Сууц өмчлөгчдийн холбооны ерөнхийлөгч болчихсон билүү?-Болсон.
Энэ холбооны хурлаар намайг тэргүүн болооч гэдэг саналыг тавьсан.
Тэгээд Сууц өмчлөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод ажиллаж
байна. СӨХ-ны хуулийг шинэчлэх талаар олон ажил хийхээр төлөвлөөд
байгаа.
-СӨХ сар болгон мөнгө авдаг. Жижиг засвар хийхээр болбол бид заавал мөнгө өгдөг. Үүнийг болиулах уу?-Сууц хувь хүний өмч болчихсон учраас мөнгө гаргаж анхаарах нь зүйтэй.
-Гэхдээ СӨХ нь оршин суугчдын мөнгийг авчихаад юу ч хийдэггүй. Тэр мөнгө СӨХ-ны дарга, нарийн бичигт л оччихдог?-Тийм газар бий. Гэвч ололттой тал ч байгаа. Бид болохгүй бүхнийг өөрчлөх талаар ажиллана.
-Ихэнх иргэд СӨХ-нд сэтгэл дундуур байдаг. Тэгэхээр үүнд анхаараасай гэдгийг таниас хүсэх гээд байгаа юм?-СӨХ-ны
даргыг иргэд өөрсдөө сонгох ёстой. Гэтэл тэр ажилдаа оролцохгүй өөр хүн
дарга болчихоод байгаа юм. Иргэд өөрсдөө оролцоотой байх хэрэгтэй. Энэ
талаас нь хуульд өөрчлөлт оруулна. Ирэх хаврын чуулганы хуралдаанаар
хуулийн төслийг өргөн барихаар энэ асуудал шийдвэрлэгдэх болов уу.
-Шууд ардчиллын тогтолцоо СӨХ-нд хэрэгжих ёстой баймаар?-Иргэд
өөрсдөө оролцохгүй байгаагаас ийм асуудал үүсээд байгаа юм. Бүх
гишүүдийнхээ хурлаар ажил хийдэггүй даргаа эргүүлэн татчихаж болно шүү
дээ.
-Таныг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудлыг
Ардын намынхан Цэцэд тавьсан. Гэтэл Ардын намын Олон нийттэй харилцах
хэлтэст ажилладаг Б.Цогтгэрэл гэдэг залуу хүн гүтгэсэн хэргээр
хоригдсон. Харин энэ хүнийг батлан даалтад гаргах ажлыг та зохион
байгууллаа?-Зохион байгуулах ч юу байх вэ дээ. Би
Б.Цогтгэрэлийг Ардын намын гишүүн, сэтгүүлч гэдгээр нь мэднэ. Ийм
асуудалд орсонд нь харамсаж байсан. Надад туслах боломж гарч, надад мөн
хандсан. Ардчилсан намын гишүүнтэй холбоотой байсан учраас З.Энхболд
даргад хандаж сэтгүүлч хүнийх нь хувьд тусалъя гэж бодсон.
-Энэ хэрэг хэрэгсэхгүй болсон уу. Хуулийн байгууллагад шалгуулж байгаа юу?-Шалгуулж байгаа гэж бодож байна.
-Залуучуудыг намаар талцуулан ийм хэрэгт ороход хүртэл түлхэж байна?-Энэ
гамшигт хүрч байна. Намуудын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажлын
хэсэг ажиллаж байгаа. Хуулийн төсөлд гишүүнчлэлгүй нам байх ёстой гэж
үзэн ярьж байна. Улс төр мэдэхгүй хүмүүсийг анхан шатны байгууллагад
даргаар тавьчихдаг. Нөгөөх нь харгис маягаар удирддаг. Энэ бүгдээс
харахад Монголд гишүүнчлэлгүй нам байх ёстой. Амьдралаас ч урган гарч
байна.
-Ярилцсанд баярлалаа.
http://munkhbayasgalan.niitlelch.mn