-Таны хувьд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан, одоо Гадаад харилцааны яамыг толгойлж байна. Ингээд үзэхээр та бол аюулгүй байдал, гадаад харилцаа, батлан хамгаалах гэсэн 3 солбицолд нэгдсэн, бодит дүгнэлт өгөх хүний нэг. Монгол Улсын сул тал нь хаана байна гэдгээр яриагаа эхэлье.-Өнгөрсөн хугацаанд, ялангуяа ардчилал, шинэчлэлээс өмнө Монгол Улсын сул тал бол байршил, бусдаас хараат байдал байсан. Харин энэ сул тал нь өнөөдөр Монгол Улсын давуу тал болж өөрчлөгдсөн. Бид бүрэн утгаараа бие даасан улс болсон. Ингэснээрээ бид хоёр хөрштэйгээ харилцаагаа тэнцвэртэй хөгжүүлэх, гуравдагч хөршийн бодлогоо амжилттай явуулах гээд олон шинэ сорилтууд тулгарч байгаа. Тэгэхээр тухайн нөхцөл байдалд өөрийгөө авч явах чадвараа улам бүр сайжруулах тал дээр анхаарах, үүнийгээ хэзээ ч сул тал болгож болохгүй гэж энэ асуултад хариулах нь зүйтэй болов уу.
Хамгийн сүүлд “Нью-Йорк таймс” сонин Монголын талаар гаргасан нийтлэлд Монгол Улс бол байршлын хувьд хараалтай, Баялгийн хувьд ерөөлтэй гэж бичсэн байсан?
-Тийм ээ. Гудамжинд нэг дээрэмчин явж байлаа гэхэд мөнгөтэй хүн л түүний хараанд өртөнө. Монгол Улс бол баялгаараа бүхий л ашиг сонирхлын огтолцол дээр байна. Энэ нь биднээс давуу талаа жинхэнэ утгаарнь өөрийнхөө хүчин чадал болгох өөр томоохон бодлого шаардаж байгаа юм.
-Таны хувьд Монгол Улсын гадаад харилцаа хэр тэнцвэртэй байна вэ?
-Өнөөдөр ингээд харахад тэнцвэр ямар нэг байдлаар алдагдсан байна.
-Гадаад харилцааны сайд гэхээр хүмүүс нэг талаар нийцтэй байхыг, төвийг илэрхийлэхийг хүсэмжилдэг. Танд нийцтэй бус байдлаар, илэн далангуй байдлаар шүүмжлэх сэдэв байдаг уу? Яагаад гэхээр та саяхан гадаадад Монголыг төлөөлөн суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзах үеэрээ гадаад харилцааг шинэчлэх, шинэ хандлагаар хандах хэрэгтэй болжээ гэсэн.
-Наад зах нь гэхэд гадаад харилцаа гэхээр дан гадаадынхантай харилцдаг гээд ойлгочихсон байна. Үүнийг бол би өрөөсгөл гэж үзэж байгаа. Монголын гадаад харилцаа гэдэг нь Монгол Улсын иргэдийн гадаад харилцаа байхгүй юу. Гадаад яам бол зөвхөн тэрийг нь зохицуулагч, туслагч. Тиймээс иргэн бүр өнөөдөр Монгол Улсаа төлөөлж байгаа. Иргэн бүр элчин сайд. Гадаад яамнаас томилогдон ажиллаж байгаа элчин сайд бол иргэндээ туслагч, үйлчлэгч, зохицуулагч. Аль нэг гадаад оронд манай элчин сайдын яам байлаа гэж бодоход гадаадын иргэд төв хаалгаар нь ордог. Харин Монгол Улсын иргэд арын хаалгаар нь орж гэрлэлтээ бүртгүүлэх, хүүхдээ бүртгүүлдэг гэх мэт. Энэ болж байгаа юм уу? Монгол Улсын иргэд чухамдаа гол хаалгаар нь ороод, би эх орондоо ирж байна гэж хандах хэрэгтэй. Дээр үед байгуулсан ЭСЯ байршил сайтай, тухайн үедээ алсыг харсан, сүрхий дипломатууд ажилладаг байсан. Харин сүүлийн үед байгуулсан, жишээ нь Швед, Австри дахь манай элчин сайдын яамдуудын байршил манайхаар бол Дамбадаржаад байх жишээтэй. Тайландад би ЭСЯ-аа хайгаад олохгүй байх жишээтэй. Бас сая Ерөнхийлөгч Польшид айлчлахад ЭСЯ хотын захад нэг айлын өрөөнд байна. Энэ байдлаасаа болоод дандаа гадуур ресторанд уулзалт ярилцлагаа хийж байна гэх мэт. Иймэрхүү зүйлийг бид өөрчлөх ёстой. Энэ бүгд дээр шинэчлэлүүд хэрэгтэй.
-Манай улсын гадаад харилцаа улам бүр өргөжиж буй энэ үед хууль бусаар гадаадад амьдарч байгаа, хууль эрхзүйн мэдлэггүйнхээ улмаас хэрэг төвөгт холбогдож байгаа иргэдээ хамгаалах талаар ямар ажил хийгдэх вэ?
-Миний түрүүнд дурдсанчлан иргэдийг төлөөлөх эрх ашиг гэдэгт маш олон багц асуудал багтаж байгаа юм. Нэгдүгээрт, энэ сайхан баялагтай, бүрэн эрхт тусгаар улсын иргэн аль ч улсад чөлөөтэй зорчих ёстой. Болж өгвөл бүх улсад визгүй зорчих ёстой. Үүний төлөө бид томоохон өөрчлөлт хийнэ. Гэхдээ үүнээс өмнө нийгэм хүнд хэцүү байх үед гадаад руу гараад олон жил амьдарчихсан, визний хугацаа дуусчихсан, хууль бус нэр зүүчихсэн, их бага хэмжээгээр асуудалд орчихсон олон иргэний эрх ашиг бий. Эдгээрийг хууль ёсны болгох, эх орондоо зохих дэмжлэгтэйгээр буцааж авчрах, янз бүрийн хуулийн асуудлаар шахаанд орсон бол эрхзүйн туслалцаа үзүүлэх зэргээр ажиллана. Энэ нь бидний ажлын бас нэг үр дүн байх болно.
-Гадаад харилцаанд гарсан нэг ахиц бол Монгол Улс ЕАБХАБ-ын гишүүн болсон явдал. Энэ байгууллагын гишүүн болсноор манай улсын иргэд гуравдагч улс орон руу визгүй зорчих боломж эрх зүйн хүрээнд нэмэгдэх үү?
-Аюулгүй байдлыг хангах үүрэг оролцоо, ач холбогдлоороо НҮБ-ын дараа орох байгууллага бол ЕАБХАБ. Үйл ажиллагаа нь 1975 онд Хельсинкийн процессоос анх эхэлсэн. Тухайн үедээ капиталист, социалист гэх том хуваагдлыг дайны байдлаас салгаж, өөр өөрийн гольдрилоор хөгжих замыг нь олгосон, энэ том эв нэгдлийн явцыг эхлүүлсэн байгууллага шүү дээ. Тэр үеэс эхлэн үйл ажиллагаагаа өргөжүүлж, өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлээд явж байна. Монгол Улс ч гэсэн энэ том давалгаанд хамт явж байгаа. Бүрэн эрхт гишүүн болсоноор бидэнд маш том хамтын ажиллагааны талбар нээгдэж байгаа. Монгол Улс Азийн орон. Гэхдээ ардчиллаас хойш л Азийн улсуудаа нээсэн шүү дээ. Өмнө нь бараг Вьетнам руу л Оросоор дамжиж нисдэг байсан. Нөгөө талдаа Монгол Улс Европын орон зайд илүү татагдсан орон хэвээрээ. Европ бол манай аюулгүй байдал, хамтын ажиллагаа, ирээдүйн хөгжлийн том бүс. Түүнээс бид хэзээ ч салж болохгүй. Манай олон зуун иргэд Европт боловсрол эзэмшсэн. Тэдгээрийн үр хүүхэд өнөөдөр Европын олон оронд ажиллаж амьдарч, томоохон хамтын ажиллагаа явж байгаа. Энэ бүхэнд тус байгууллагын гишүүнээр элссэн явдал эерэгээр нөлөөлнө.
-Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаа, энэ талаар таны бодол..
-Энэ бол идэвхтэй гадаад бодлогын үр дүн. 20 жилийн өмнө Монгол Улс Хойд Солонгос шиг л хаалттай улс байсан. Өнөөдөр өдий хэмжээнд хүрчихсэн, НҮБ-ын хамгийн чухал байгууллагуудын нэгийг тэргүүлчихсэн байна. АОХН Гадаад харилцааны сайд нарын хурлаа дөрөвдүгээр сарын 29-нд Улаанбаатарт хийнэ. Тэр үед олон орны сайд нар, зарим орны төрийн тэргүүн ирнэ. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Байден хэлж байсан. Танай Монгол Улс боксын рингэнд жин ахиулж тоглодог шиг Монгол Улс бол өөрөөсөө илүү жинд тоглодог улс юм гэж байсан нь надад сайхан санагдаж байсан.
-Саяхнаас Элчин сайдууд шинээр томилогдож, зарим нь эгүүлэн татагдаж байна. Ер нь Элчин сайдуудын үүрэг оролцоонд бодлогын хүрээнд шинэчлэгдсэн, нэмэгдсэн зүйл байна уу? Элчин сайд нар хавсран суугаа улсдаа иргэддээ хүрч ажиллаж чадахгүй байна гэх шүүмжлэл дагуулдаг. Үүнд хэр анхаарч байна вэ? Мөн манай улсаас ЭСЯ байгуулж амжаагүй, гэхдээ байгуулах шаардлагатай ямар улсууд байна вэ?
-Бидний зүгээс буцаж ирж буй Элчин сайд нарын ажлын тайланг нухацтай хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгч, явж буйг нь бас нарийн шалгуураар томилж байгаа. Улсаа төлөөлж буй Элчин сайд бүрт мэргэжлийн, хэлний өндөр шаардлага тавьж байна. Түүнчлэн, Элчин нарт үүрэгт ажлаасаа гадна иргэд рүү чиглэж, тэдний эрх ашгийг хамгаалах, иргэддээ илүү хүрч ажиллахыг чиглэл болгосон. Мөн суугаа орныхоо Монгол Улстай харилцах уламжлалт харилцааг илүү урагшлуулах, шинэ түвшинд гаргах чиглэлээр шинэлэг үүрэг өгч байгаа. Хавсран суугаа орны тухайд саяхан миний бие нэг тушаал гаргасан. Нэг Элчин сайдад хэлбэр төдий олон улс хавсруулдаг, гэтэл хавсарсан орондоо очиж ажиллах зардал мөнгө, нөхцөл боломж, судалгаа механизм ч байдаггүй. Тиймээс хавсруулахдаа аль болох хил залгаа, очиж ажиллах боломжтой орныг сонгох шийдвэр гаргасан. Цаашид зардал мөнгийг нь төсөвт тусгана, тавих шаардлагаа ч өндөржүүлнэ.
Үүнтэй уялдуулж хэлэхэд манай улс НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаатай байхыг эрмэлздэг. Гэхдээ эдгээрийн 100 орчим улстай харилцан ЭСЯ нээх шаардлагагүй. Өмнө нь энэ бүх орныг бас нэг Элчин сайдад хавсруулаад хэлбэр төдий явж ирсэн. Үүнийг бид НҮБ дээр төвлөрүүлэхээр болсон. НҮБ-ын суурин төлөөлөгчөөр сууж байгаа хүн тухайн улсынхаа Гадаад харилцааны сайдын дараа орох топ дипломат байдаг. Манайд гэтэл тийм биш, хамгийн жижиг ЭСЯ-ныхаа дараа ордог статустай явж ирсэн. Үүнийг өөрчилж, олон улсын жишигт нийцүүлэн, ЭСЯ харилцан байгуулах шаардлагагүй бүх улс орныг НҮБ-ын дэргэдэх суурин төлөөлөгчдөө хариуцуулсан. Шаардлага гарвал бид хаа байсан арлын орон руу биечлэн очилгүй, НҮБ-ын дэргэдэх суурин төлөөлөгчөөрөө дамжуулж харилцах боломжтой болж байгаа юм. Хавсран суугаа орны асуудал дээр иймэрхүү шинэчлэл хийж байна.
Ер нь цаашид ЭСЯ-аа зайлшгүй нэмэх шаардлагатай орнууд бий. Жишээ нь, НҮБ-ын гишүүн хамгийн олон улс оршдог тив бол Африк. Гэтэл Африк тивийн ямар ч улсад манай ЭСЯ байхгүй. Египетэд байдаг ч тэр нь Арабын улс. Өмнөд Африк бол дэлхийд эдийн засгийн өсөлтөөр тэргүүлж байгаа орнуудын нэг, дээрээс нь уул уурхайн хөгжил гээд манайд хэрэгтэй олон салбарын туршлагатай. Энэ утгаараа бид Өмнөд Африкт ЭСЯ-аа байгуулах шаардлагатай. Латин Америкт Кубыг эс тооцвол ЭСЯ байхгүй. Гэтэл Латин Америк дэлхийн эдийн засгийн өсөлтийг авч яваа, том зах зээл бүхий бүс нутаг. Тиймээс бид Бразильд ЭСЯ-аа нээх хэрэгтэй. Зүүн Өмнөд Азийн хувьд Вьетнам, Лаос зэрэг оронд байгаа ч хоёр талын нэлээд өргөн харилцаа бүхий Индонезид ЭСЯ байхгүй байх жишээтэй. Энэ мэтээр ойрын хугацаанд цөөн тооны ЭСЯ-ыг шинээр нээх шаардлагатай. Үүний хажуугаар манай иргэд өргөнөөр зорчдог, шууд нислэгтэй, олон талын харилцаатай томоохон хотуудад консулын газар байгуулах хэрэгтэй. Энэ чиглэлээр бид асуудлаа УИХ-д оруулна.
-Монголыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа. Хөрөнгө оруулалтад ГХЯ ямар үүрэг оролцоотой байдаг вэ? ГХЯ-аар дамжиж хандсан, хөрөнгө оруулсан улс орон, аж ахуйн нэгж байдаг уу?
-Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд аль ч улсын гадаадын хөрөнгө оруулалт нээлттэй. Ер нь бол гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг Эдийн засгийн хөгжлийн яам хариуцдаг. Гэхдээ ГХЯ-нд гадаад эдийн засгийн харилцаа хамаарч байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, бид ямар нэг хөрөнгө оруулалтын төсөл бариад явахгүй. Харин Монгол Улсад хөрөнгө оруулах таатай нөхцлийг бүрдүүлэхийн тулд юуг анхаарах, хөрөнгө оруулалтын тэнцвэржүүлэлтийг хангаж байна уу үгүй юу, улс орныхоо нэр хүнд, имижийг өргөхийн тулд юу хийх, Монгол Улс эдийн засгийн болоод эрхзүйн тогтвортой орчинтой улс гэдгийг нотлохын тулд ямар олон улсын гэрээ конвенцэд элсэх ёстой зэрэгт ГХЯ анхаарч ажилладаг. Улс орныг зөвхөн баялгаар нь хэмжих эрсдэлтэй, тиймээс ард түмний аж байдал, зах зээлийн багтаамж, дэлхийд нэртэй томоохон сүлжээ компаниуд орж ирсэн байдал зэргийг хөрөнгө оруулагч сайтар анхаардаг. Тиймээс гадаад харилцааг эдийн засагжуулахад хийх юм их байна.
-Саяхан дэлхий нийтийг хамарсан томоохон чуулга уулзалтууд болж өнгөрлөө. Тухайлбал, Давосын чуулга уулзалт, Мюнхений бага хуралд та оролцсон. Эдгээр арга хэмжээн дээр авч хэлэлцсэн дэлхий нийтийн асуудлууд, эдгээр арга хэмжээнүүдийн онцлог болон Монгол Улсын оролцооны талаар?
-Жил бүрийн эхээр болдог хоёр томоохон арга хэмжээ байдаг. Нэг нь ойрын жилүүдийн, ялангуяа тухайн жилийн эдийн засгийн хөгжлийн чигийг тодорхойлдог Давосын чуулга уулзалт. Энэхүү арга хэмжээнд дэлхийн нөлөө бүхий 1000 улс төрч, 1000 компани болон нийгмийг тодорхойлогч хүрээний 1000 төлөөлөгч гээд нийт 3000 орчим төлөөлөгч оролцож зөвлөлддөг. Чуулга уулзалтын хүрээнд олон салбар хуралдаанууд, уулзалтууд зохион байгуулагддаг. Мэдээж эдгээр арга хэмжээнүүд чухал үр дүн өгдөг. Энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид оролцсоноороо онцлог байлаа. Маш олон хуралдаан, уулзалтуудад оролцож Монгол Улсын байр суурийг илэрхийллээ. Монгол Улсын өмнөх оролцоо хязгаартай байсан бол энэ удаад Монгол Улс чуулга уулзалтын хүрээнд болсон бүхий л арга хэмжээнд оролцож байр сууриа илэрхийлэх боломжтой байсан. Хамгийн чухал үр дүн бол санамж бичиг байгуулсан явдал юм. Дээрх санамж бичгээр Давостой төстэй ийм бага хурлыг Монголд зохион байгуулахаар тохирсон. Ирэх 9 сард Улаанбаатар хотноо Монголын цаашдын хөгжлийн сценари гэсэн сэдвийн дор энэхүү бага хурлыг хийж үр дүнг нь ирэх жилийн эхээр болох Давосын ээлжит чуулга уулзалтын салбар хуралдаанаар хэлэлцүүлэх юм. Эл арга хэмжээ бол хөрөнгө босгох асуудлыг шийдэх нэг арга зам юм. Дэлхийн эдийн засгийн дийлэнхи хувийг бүрдүүлдэг 1000 компани эдийн засгийн хөгжлийг юунд чиглүүлэх, хаана хөрөнгө оруулах талаар дүгнэлт гаргадаг. Давосын чуулга уулзалтын үеэр зохион байгуулсан Монголыг сурталчлах арга хэмжээ маш үр дүнтэй болж монголын 400 орчим компани идэвхитэй оролцсон нь дэлхийн томоохон бизнес хүрээнийхэнд Монголын талаар эерэг мэдээлэл өгсөн гэж үзэж байна.
Хоёр дахь том арга хэмжээ нь улс төр, аюулгүй байдлын асуудлыг авч хэлэлцдэг Мюнхений бага хурал юм. Энэ удаад мөн л рекорд тогтоож нийт 90 гаруй улс орон оролцсоноос 70 орчим улс орон сайд, түүнээс дээш шадар сайд, ерөнхий сайд, ерөнхийлөгчийн түвшинд оролцлоо. АНУ-ын Дэд ерөнхийлөгч үндсэн илтгэлийг тавьсан. Энд зөвхөн улстөр, аюулгүй байдал яригддаг. Давост бүхэл бүтэн хотыг эзэлдэг учраас 3000 төлөөлөгчийг багтаадаг бол энд зөвхөн 300-гаар хязгаарлагддаг. Тийм учраас хүссэн орон болгон энэхүү бага хуралд орж чаддаггүй. Энд Монгол Улсыг урьж оролцуулна гэдэг нь Монгол Улсын байр суурь өссөний илэрхийлэл юм. АНУ-ын Дэд ерөнхийлөгч, Израилийн Шадар сайд зэрэг олон албаны хүмүүстэй уулзлаа. Нэг дор олон ажил бүтээх сайхан бололцоо гарсан. Ярилцсан гол сэдэв нь дэлхийн эдийн засаг, үнэ ханш зэрэг олон асуудалд нөлөөлөл үзүүлж буй зөрчилдөөнтэй газрууд болох Сири, Мали, Ираны цөмийн хөтөлбөр зэрэг асуудлыг шийдвэрлэх арга зам, түүнчлэн дэлхийн улстөр, геополитикт эргэлтийн шинжтэй өөрчлөлтүүдийг авчирч байгаа эрчим хүчний бодлогын асуудал зэрэг томоохон бодлогын асуудлууд байлаа. Энэ бүх уулзалт хуралдаануудад Монголын төлөөлөгчид амжилттай оролцоод ирсэн.
-УИХ-ын гишүүний хувьд таны санаачилсан Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийн талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Шинэчилсэн найруулгад орсон иргэдэд илүү өгөөжтэй гол өөрчлөлт нь юу вэ?
-10 жилийн өмнө иргэн бүрт газар үнэгүй өгнө гээд хууль гарчихсан байгаа.Гэвч нийт иргэдийн 93 хувь газраа аваагүй байгаа. Газраа авсан 7 хувь нь л Монгол Улсын иргэнд оногдсон том боломжоо эдэлж байна. Иймээс газраа авах хамгийн шударга зарчим хэрэгтэй байгаа юм. Хуучин хуулиараа явах юм бол танилтай, мөнгөтэй хүнд л газар олдоно. Тэгвэл газрыг тийм хүнд өгч яах юм. Үнэхээр, ядарсан хүмүүстээ эхний ээлжинд газраа өгье л дөө. Энэ бол өргөн хүрээнд сайн ярилцаж, хамгийн зөв шийд гаргах ёстой асуудал. Газар бол Монголын хамгийн том баялаг. Бид хэнээс ч асуухгүй, хэнээс ч гуйхгүйгээр хуулийн дагуу иргэдэдээ хүртээнэ. Ингэснээр Монгол Улсын иргэн бүр өөрийн гэсэн өмчтэй, амьдралын баталгаатай болсон цагт бидний яриад байгаа эдийн засгийн өөрчлөлтүүд шийдэгдэнэ. Яг одоогийх шиг ээлж дараатай өгье гэвэл жил болгон хүн амын 5, 10 хувьд нь олголоо гэхэд 10, 20 жилийн хугацаа шаардагдахаар байна. Тэгэхээр иргэндээ газар өмчлөх эрхийн сертификатыг нь гаргаад өгчихье. Газрыг эргэлтэнд оруулах асуудлыг тэр сертификатаараа зохицуулъя. Өөрөөр хэлбэл газрын харилцаа Монгол Улсын иргэнээр дамжиж үүсдэг байх тогтолцоонд орно. Өөрөөр хэлбэл газрын харилцаа Монгол Улсын иргэнээр дамжиж үүсдэг байх тогтолцоонд орно. Газрыг иргэндээ л өгнө, харин гадныханд хориотой байгаа. Нэгэнт иргэндээ газар өгч байгаа учир өгсөн даруй л тодорхой үнэлгээтэй болно. Хэдэн зуун саяар үнэлэгдэнэ. Мөн бид хотоос зайтай байх тусам авах газрынх нь хэмжээ нэмэгдэхээр ярьж байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд оролцохдоо маш тодорхой санал дэвшүүлсэн. Тухайлбал, өмчлөх газрын хэмжээ 3 шатлалтай байгааг 5 шатлалтай болгох санал хэлсэн. Хууль санаачлагчийн хувьд би ийм саналыг хүлээн авах боломжтой гэж үзэж байна. мэгэхээр энэ хотын төвлөрөл байхгүй болно биз дээ. Энэ бол 1990 онд иргэн бүрт эрх чөлөөг нь өгсөнтэй тэнцэх хэмжээний том хувьсгал юм. Ийм чухал хуулийн төслийг бид олон нийт, мэргэжлийн хүмүүсийн оролцоотой өргөн хэлэлцүүлэгт тулгуурлан хэлэлцэх учиртай. Цаашдаа ийм хэлэлцүүлгүүдийг Байнгын хороо, ажлын хэсгийн түвшинд зохион явуулахаар төлөвлөж байгаа. Төслөө бид өмнө нь Өдрийн сониноор дамжуулан олон нийтэд хүргэсэн, зарим чухал санаа оноо ч ирж байгаа. Ерөнхий сайдын дэргэдэх Газрын шинэтгэлийн үндэсний хорооны ажлын албанаас гэхэд л өвөлжөө, хаваржааны доорхи газар, хүнсний ногооны талбай, нийтийн орон сууцны газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх үндэслэлийг боловсруулан бас ирүүлсэн.
-Та энэ хууль боловсруулж байгаа үзэл санаагаараа батлагдаад гарна гэдэгт хэр итгэлтэй байна вэ?
-Улс төржинө гэдэг хэцүү юм байна. Манайх бол бодитой сөрөг хүчин цөөнхтэй. Мэдээж тэд олонхийн гишүүдээс оруулж байгаа асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Гэхдээ газрын асуудал дээр улс төржиж байгаад би маш харамсч байгаа. Монгол Улсын иргэн улсдаа газартай байхад улс төр хэрэггүй юм. Үүн дээр цөөнх ч гэсэн хамтраад, дэмжээд явах ёстой байх гэж бодож байна. Жишээлбэл 500 иргэний авсан газартай тэнцэх газарт хороолол баръя гэж бодож байгаа бол 500 иргэнээсээ л газраа ав. Хэн нэг албан тушаалтнаас биш. Ийм л байдлаар хууль гарах ёстой гэж бодож байгаа. Гаргахын төлөө эцсээ хүртлээ үзнэ дээ. Тийм ч амархан биш байхаа. Баянмонгол төслийг аваад үзье л дээ. Энэ бол триллион ам.долларын төсөл. Иргэн бүрт хуваахаар сая сая ам.доллар оногдоно. Иргэн бүр ямар ч байсан хувьцаа гар дээрээ авчихсан. Энэ процесс эхэлчихсэн. Одоо бидний гаргах дараагийн хууль бол иргэдийнхээ энэ хувьцаат компанийн зохион байгуулалтыг шинэ шатанд гаргах юм бол бүх стратегийн ордуудаас иргэн бүртээ хувьцаа эзэмшүүлэх болно. Ингэснээр саятан,тэрбумтнуудын орон болох анхны бөгөөд, цорын ганц боломж бүрдэж байгаа юм.
-Та сая яриандаа Баян Монгол төслийн талаар дурдлаа. Энэ төслөөс бид ямар үр дүнг хүлээж болох вэ?
-Би 2004-2008 онд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга байсан. Энэ хугацаанд миний боловсруулсан гол төсөл бол тухайн үед манай намаас боловсруулсан Эрдэнийн хувь буюу байгалийн баялгийг иргэндээ хүргэх зорилт байсан. Үүн дээр ажиллах үүрэг даалгаврыг тухайн салбар, баялгийг хариуцаж байсан агентлагийн даргын хувьд авч ажиллаж байсан. Энэ төсөл олон триллион ам.долларын үнэлгээтэй байсан. Өнөөдөр дэлхийн бүх хэвлэлээр бичиж байна. Монголын 5-6-хан орд триллионоос дээш ам.долларын үнэлгээтэй байгаа. Ямар баян улс вэ, иргэн бүр долларын саятан байна гэж бичээд байна шүү дээ. Үүнийг л тухайн үед гаргаж ирсэн юм. Өнөөдөр үүнийг хүн болгон хүлээн зөвшөөрлөө. Тухайн үед бүтэхгүй, худлаа гээд л байсан. Тухайн үед иргэн бүрт 40 сая төгрөг гэхэд тийм юм байхгүй гээд байсан. Өнөөдөр нөгөө үнэлгээ нь 400 сая төгрөг болсон байна шүү дээ. Цөөхөн хэдхэн ордын хувьд авч үзэхэд шүү дээ. Их баялгаасаа иргэн бүртээ хүртээдэг баялгийн санг тэр үед бид “Баян Монгол корпораци” гэж нэрлэж байсан, одоо оронд нь “Эрдэнэс Монгол” компани ажиллах нь ажиллаж байгаа. Эргээд энэ бол Эрдэнэтийн схем. Эрдэнэт дэргэдээ баахан жижиг үйлдвэр байгуулж байсан. Тэдгээр нь ашигтай, ашиггүй нь мэдэгдэхгүй тараад алга болдог. Одоо бид “Эрдэнэс Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” гээд “Эрдэнэс Монгол”-оо задлаад эхэлсэн. Ингэж болохгүй. Бодлого маш тодорхой байх ёстой. Мэдээж хэрэг эхний шатанд “Рио Тинто” ч юм уу компанитай гэрээ хийнэ. Маш хатуу хэлэлцээр хэрэгтэй, байр сууриа хатуу баримтлаж, ард иргэдэдээ ашгийн дийлэнх хувийг өгөх зэргээр энэ том компаниудтай хамтарч цааш явах хэрэгтэй. Харин үүний хажуугаар бид Эрдэнэс Монгол, Баян Монгол төслөө хэрэгжүүлэх юм бол ерөөсөө Монгол Улс бүхэлдээ дэлхийн маш том уул уурхайн компани болчихож байгаа юм. Түүний эзэмшигч нь Монголын ард түмэн. Хэн ч үүнтэй маргаж чадахгүй, хэн ч үүнийг давж дийлж чадахгүй. Хэний ч туслалцаа хэрэг байхгүй. 10 жилийн дараа бид өөрсдөө ордоо илрүүлнэ, хөгжүүлнэ, өөрсдөө ашгаа хүссэнээрээ өөрийн хэрэгцээнд зарцуулна. Эргээд улсаа хөгжүүлнэ. Энэ л концепци юм. Өнгөрсөн хугацаанд өмнөх Засгийн газар, МАН бэлэн мөнгө тараана гэсэн учраас энэ төслийг хагас хэрэгжүүлээд, хагас зөвшөөрөөд нэг орд дээр 1072 хувьцаа зарлаад, эргээд хэрэгжүүлэхдээ огт өөр хэлбэрээр хэрэгжүүлсэн болохоор ард иргэд эргэлзээд байгаа юм. Энэ бүгдэд хариу өгөх хуулийн төсөл бол миний санаачилсан Баянмонгол компанийн тухай хуулийн төсөл юм. Даваа гаригт манай намын бүлэг хэлэлцээд дэмжсэн. Энэ хаврын чуулганы үеэр ярилцах томоохон сэдвийн нэг байх бизээ
-Баярлалаа.
Ө.МАНЛАЙ
Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"
Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"
No comments:
Post a Comment