Wednesday, 6 February 2013

Д.Хаянхярваа: Хатуу бөгөөд үнэн шүүмжлэл манай намд ус агаар шиг хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа
.
-Өнгөрсөн баасан га­рагт УИХ-ын чуулганы хуралдаа­наар Оюутолгойн гэрээг нэлээд өр­гөн хүрээнд дэлгэрэнгүй ярилц­лаа. Оюутолгойн гэрээнд яриг­даж байгаа зөрчил дутаг­дал, хувийг нь эргэж ярилцах, хө­рөнгө оруулалт нэмэгдсэн гэ­сэн олон чухал асуудлыг хөн­дөх шиг боллоо? 
-Тийм ээ. Оюутолгойн гэрээний талаар олон нийтийн дунд яриг­даад байгаа асуудлаар ярилцсан. Гэрээ сайн аль эсвэл муу болсон  гэсэн чиглэлээр биш л дээ. Оюутолгойн гэрээ  хийснээр мон­голчууд бид бүгдээрээ нэг алхам ураг­шилсан гэдгийг Төрийн тэр­гүүнээс эхлээд бүгд хүлээн зөв­шөөрдөг. Мэдээж гэрээнд эргэж ха­рах ёстой, сайжруулах олон асуу­дал байсан гэдгийг бүгд л хэл­дэг.
ч учраас УИХ  57 дугаар тог­тоолоор энэ гэрээг сайжруулах талаар хөрөнгө оруулагчидтай  ажиллахыг Засгийн газарт  үүрэг болгосон. Хамтарсан Засгийн газрын үед энэ гэрээнд тодорхой асуудлаар Монголын талд ашиг­тай гурван өөрчлөлт оруулж бай­сан.  Энэ мэтээр гэрээндээ өөрч­­­лөлт оруулах ажлыг дэс да­раа­­тайгаар хийх ёстой болов уу гэж бодож байна. Ерөнхий сай­дын мэдээллээс харахад хө­рөнгө оруулагч тал гэрээнд тус­гаг­даагүй хэд хэдэн зүйлийг манай талд тавиад байгаа бололтой юм  билээ.
Өөрөөр хэлбэл, нийт  хөрөнгө оруулалтаа хоёр тэрбум га­руй  ам.доллараар нэмэгдүүлэх,   мөн дэлхийн зах зээл дээрээс босгох гэж байгаа зургаан тэрбум орчим ам.доллараас одоогийн байдлаар энэ төсөлд өөрийнхөө оруулсан хөрөнгө болох  дөрвөн тэрбумыг суутгаж авах,  мөн ямар ч учиртай нь үл мэ­дэгдэх  роялтийн  хоёр хувийг нэмж авна гэх мэт асуудлууд ярьж байсан. Засгийн газрын гишүүдийн ярьж байгаагаас харахад энэ бүх асуудлаа албан ёсоор бичгээр баталгаажуулж манай талд тавиагүй юм байна гэж би ойлгосон. Гэхдээ аман яриагаар  энэ асуудлуудаа манай талд тавьсан  юм байна.
Мэдээж энэ гэрээтэй холбоотой асуудалд Монгол Улс нэлээд нухацтай хандах ёстой. Хөрөнгө оруулагч талд  Монгол Улсын хуулийг биелүүлэх, гэрээнд зааснаас өөр асуудлыг хууль бусаар нэмэх гэх мэт зарчимгүй асуудал гаргахгүй байх талаар байр сууриа хатуу хэлж ажиллах ёстой. Ерөн­хий­лөгч, УИХ, Засгийн газрын төв­­шинд болоод  ард түмэн бүг­дээрээ энэ гэрээний талаар нэгд­мэл нэг ойлголттой байх нь чухал гэд­гийг Ерөнхийлөгч онцлон хэлж байсан.

-Оюутолгойн гэрээ хангалт­гүй байна гэж үзсэн. Ер нь сүү­лийн үед Монголын уул уур­хайн асуудал хөдөлгөөнд орж эхэллээ. Уул уурхайн хувьцаа хөрөнгийн бирж дээр унаж байна гэсэн мэдээлэл байна шүү дээ. Хариуцлагагүй мэдэгдлүүд ийм үр дүнд хүргэлээ гэж үзэх юм? 
-Уул уурхай бол Монголын эдийн засгийн нэг тулгуур бол­чихоод байна. Өөрөөр хэлбэл, Мон­­голын эдийн засаг уул уур­хай гэдэг ганцхан зүйл дээр тогт­чихоод байна гэхэд бараг хэтрүүлэг болохгүй. Худалч хүнд хүн толгойтой бүхэн уул уурхайн бизнест анхаарал хандуулчихаад байгаа учраас монголчуудын анхаарлын төвд орж, маш ихээр яригдаж байна. Олон талаас ярих нь зүйн хэрэг боловч Монголын төр өнөөдрийг хүртэл байгалийн баялгаа ашиглах талаар  нэгдсэн цогц бодлогогүй шахам явж байгаагийн сул тал илэрч байна л даа.
Бидэнд нэгдсэн цогц бодлого алга. Эхнээсээ ашигт малтмалын лиценз эзэмших асуу­дал маш эмх  замбараагүй яв­чих­сан. Уул уурхайн бизнес эх­лэхээс өмнө ашигт малтмалын хуу­чин хуулийн цоорхой ашиг­лаад лицензүүд хэтэрхий зам­ба­раагүй олгогдсон. Авсан ли­цензээ ашиглаад тодорхой үр дүнд хүрээд монголчууддаа үр аш­гаа өгөөд явж байгаа нь тун цөөн.
Дийлэнх нь зарж үрээд хялбар аргаар мөнгө олох гол арга  болгоод байгаа нь нууц биш болсон шүү дээ. Ийм ч учраас   Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүд маань олон түмний эсэргүүцэлтэй тулгарч, гэрээ хэлцлүүд нь бүхэлдээ булхай луйвар болсон юм шиг учир дутагдалтай нэг тал руу туйлширсан мэдээллүүд  нийгэмд ноёлох болоод байна л даа. Үндэсний хэмжээний томоохон асуудлуудыг дотроо нэлээд сайн нухацтай ярилцах ёстой болов уу  гэж бодож сууна. Мэдээллийг цацаж болно.
Гэхдээ хийж байгаа бүх зүйл нь буруу мэтээр ард түм­нийг байнга төөрүүлээд байвал Мон­голын ажил амьдралыг авч явж байгаа гол хүмүүсийн  биз­несийн орчин нь урагшлахад тээр­­­тэй болно. Иргэдийн дий­лэнх хэсэг нь уул уурхайн биз­несийн чиглэлээр төдийлөн сайн ойлголтгүй  байгаа нөхцөлд ний­гэм рүү чиглэсэн сөрөг мэ­дээл­лүүд  нь тус болохоосоо хөг­жилд гай болох нь их байх гэж хувь хүнийхээ хувьд бодож байна.
Өнгөрсөн парламентын төгсгөлд гаргасан стратегийн зарим салбарт  гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуу­лийг баталснаас хойш  манай улсад үйл ажиллагаа  явуулж бай­гаа компаниудын хувьцаа хө­рөн­гийн зах зээл дээр эрс  унаж эхэлсэн. Олон хөрөнгө оруу­лаг­ч манайхаас хөрөнгөө тат­сан. 2012 оныг 2011 онтой харь­цуу­лахад уул уурхайн сал­барт гадаа­даас оруулж байгаа хөрөн­гийн хэмжээ нэг тэрбум орчим ам.доллараар буурсан статистик гар­сан. Үүнийг дагаад дотоодын олон өрөмдлөгийн компани дампуурсан.
Мөн бизнес нь дампууралд хүрсэн олон аж ахуйн нэгж бий. Өнөөдөр Монголын эдийн засагт эргэж байгаа хөрөнгийн гурван төгрөг тутмын нэг нь Оюутолгойтой холбоотой гэсэн тооцоо байдаг  гэж эдийн засагчид үздэг. Энэ байдлаас үзэхэд улстөрчдийн үг болгон зөвхөн гадны ч гэхгүй додоодын нийгэм эдийн засгийн амьдралд маш их нөлөөтэй учир  өндөр хариуцлагатай байх ёстой.
Тийм ч учраас бидний буруу дуугарсан нэг үг Монголын хөгжилд нөхөж баршгүй хохирол учруулах цаг үед амьдарч байгаагаа ухаарч байх ёстойг Ерөнхийлөгч сануулсан байх аа. Ашигт малтмалын хуулийн төсөлтэй танилцаж амжаагүй явна. Мэдээж хуулийн төсөлтэй холбогдуулан  өөр өөрийн ашиг сонирхлыг хамгаалсан байр суурийг илэрхийлж янз бүрээр л ярих нь ойлгомжтой. Маш муу хууль гэж дүгнэж болохгүй. Уул уур­хайн салбарынхан, иргэд, хууль тогтоогчид олон талаас нь харах учраас хуулийн төслийг нухацтай анхаарч, судалж байж  гаргана гэж бодож байна .

-Оюутолгойн талаар ам­тай бү­хэн л ярьдаг болж. Мэ­дээж тодор­хой мэдээлэл ав­даг л байх. Энэ гэрээг С.Баяр на­мын­хаа нөхдүүдийг дарам­талж байгаад хийлгэчихсэн юм биш үү гэж ярих боллоо. Оюу­толгойн гэрээний энэ асууд­лууд өмнө нь ч гэсэн яриг­даж л байсан. Та­най нам эрх барьж байх үед яагаад яриг­даагүй, АН эрх ба­рихаар ноц­той зөрчил гар­чих­лаа гэж үзээд байгаа юм бэ? 
-Мэдээж санал нэг байна. Яагаад гэвэл энэ гэрээ маш их хэл ам дагуулсан гэрээ. Монголын иргэд хэтэрхий их мэдээлэл дунд байдаг. Хэт их мэддэг хүмүүс олон байна.  Уул уурхай, мал, эдийн засаг, үйлдвэрлэл гээд бүх зүйлийг мэддэг хэсэг бүлэг хүмүүс бий болчихоод байна.
Бодит мэдээллийг ард түмэнд үнэн зөв хүргэх нь чухал байна. Тухайлбал, “С.Баяр намынхаа нөхдүүдийг дарамталж байгаад зуруулчихсан юм гэнэ”, С.Баяр оргон зайлчихлаа гэх зэргээр улстөрчид ярьж, сонин хэвлэлээр бичиж л байна.
Энэ мэдээллийг авч байгаа хү­мүүсийн хэдэн хувь нь үнэн гэж ойл­гож, хэдэн хувь нь худлаа мэ­дээлэл гэж үзэх вэ гэдгийг харвал со­нин тоо гарна шүү. Энэ гэрээ чинь хамтарсан Засгийн газрын үед байгуулсан гэрээ. Энэ гэрээ хэлц­лийг төр засгийн төвшинд мэ­дэхгүй хүн байхгүй.
Өөрөөр хэл­бэл, Ерөнхийлөгч, УИХ, АН, МАН гээд бүгд л мэдэж байсан. Үн­дэс­ний аюулгүй байдлын зөв­лөлөөр ч хэлэлцсэн. Гэтэл өнөө­дөр цочсон юм шиг ингэж хан­дана гэдэг сайн зүйл  биш. Дээр хэл­сэнчлэн уул уурхай болон бусад чу­хал асуудлаар төр засгийн төв­шинд тодорхой хэмжээнд хаалт­тай хэлэлцэж байх асуудал байх  ёстой гэж би боддог. Болж бай­гаа, болохгүй байгааг нь нэгд нэгэнгүй ярилцаад бурууг нь зөв болгож, зөвийг нь зөвөөр нь нягтлаад дараа нь олон түмэнд үнэн зөв мэдээлэл хүргэж байх нь чухал байна.
Нэг улстөрч гарч ирээд нөгөөхийгөө доош нь хийх, өөр нэг улс төрийн хүчин гарч ирээд өмнөхөө үгүйсгэх  ханд­лагаар яваад байвал сайн бол­­жээ гэж хэлэх зүйл нэг ч гарч ирэх­гүй. Сайнаасаа саар мэ­дээл­лийг түл­хүү авдаг болчих­сон бай­на шүү дээ, энэ нийгэм чинь.

 -Ерөнхийлөгчийн сонгуу­лийн пиар нь Оюутолгой бай­сан гэх юм? 
-Төр засгийн томоохон албан тушаалтнуудын байр суурь, хэлж ярьж байгаагаас нийгэмд янз бүрийн нөлөөлөл бий болдог  нь ойл­гомжтой. Оюутолгой Ерөн­хий­­лөг­чийн сонгуулийн пиар бол­­чихлоо гэж шууд дүгнэж бо­лох­гүй. Улс орны хөгжилтэй хол­­боотой асуудлаар маш тодор­хой ярилцсан шүү дээ.
Ер нь Ерөн­хийлөгчийн сонгуулийн пиар эхэл­чихсэн шүү. Засгийн газ­рын ху­ралдаанд Ерөнхийлөгч оролц­лоо, Хэвлэл мэдээллийн эрх чө­­лөө­ний хууль татагдлаа гээд энэ бү­хэнд Ерөнхийлөгчийн сон­гуу­­лийн пиар явж байна гээд хэв­лэл мэдээллээр бичээд л бай­гаа шүү дээ. Би ч тийм л ойл­голттой бай­гаа.

-Танай намд яагаад Ерөнхий­лөг­чийн сонгуулийн пиар эх­лэхгүй байна вэ? 
-Манайх улс төрийн том хүчин. Ерөн­хийлөгчийн хэмжээнд ажил­лах олон сайн улстөрчидтэй. Яриг­­дахгүй байгаа юм биш. Энэ асуу­дал дотроо яригдаж бай­гаа.
Ма­най лидерүүдээс хэн нь Ерөн­хий­­лөгчийн сонгуульд өрсөл­дөх вэ гэдгийг нухацтай ярилцана. Янз бүрийн л нэр  яригдаж  байгаа. Цаг нь болохоор тодорхой болно доо яарах хэрэггүй. Цагийн юм цаг­таа болно л гэж бодож байна шүү.

-Улс төрийн хүрээнд ан­хаа­рал татаж байгаа асуудал бол МИАТ-ийн мөнгө угаасан хэрэг бо­лон МИАТ-ийн хувьч­лалын асуу­дал байна. Хувьч­лах нь зөв үү? 
-Төрийн өмчийн хэдэн ком­па­­ни байдаг. МИАТ, Дар­ханы тө­мөрлөгийн үйлдвэр, Эр­­дэ­нэт зэрэг ТӨК-иудыг 100 хувь хувьчлах ёс­той гэсэн байр суурьтай байдаг. Хувьч­­ла­лыг нээлттэй зарлаад үнэлж, цэг­нээд худалдаалах ёс­­той. Төрийн өмчийн газруудыг ху­­далдсанаар төр оролцдоггүй болж, цэвэршинэ. Тэгэхгүйгээр энэ хэдэн компаниудад элдэв хулгай, мөнгө идсэн уусан гэх асуудал тасрахгүй ээ.
МИАТ-ийн талаар өгөх мэдээлэл алга байна. Хэвлэлээр гарсан мэдээллийн хүрээнд л байна. Хууль зөрчсөн энэ үйлдлийг нь сонсоод арай дэнд­жээ гэж хэлмээр санагд­сан. Худал үнэнийг хууль хя­нал­тын­­хан тогтооно биз дээ. Харин ийм асуудалд улстөр­чид үнэлэлт дүгнэлт өгөөд нэгнээ бууруутгаад байх нь тийм зо­химжтой биш л гэж бо­дож байна. Аян­­даа буруутныг тогтоо­дог газар нь хэлээд өгнө шүү дээ.

-Төр солигдож байж авли­гын хэргүүд ар араасаа илэрч бай­гаа юм биш үү. Ардын намын нө­лөө бүхий хүмүүсийн хэрэг шийдэгдэж эхлээд байна? 
-Мэдэхгүй юм даа. Алт шиг хүн гарч ирээд илрүүллээ, тэнд буг чөтгөр шиг хүмүүс байжээ гэж яриад байх нь таатай сон­согдохгүй байна. Зохион бай­гуулалттай гэмт хэрэг гэдэг чинь өр­гөн хүрээг хамардаг шүү дээ. Улс­төрчид байгаа гэж бичсэн байна лээ.
Ардын нам, АН аль нь байлаа ч хэрэг илрэх ёстой л бол илэрнэ. Цаг хугацаа харуулна.  Нэгэнт илрээд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж бай­гаа эдгээр хэргүүдэд улстөрч тодор­хой мэдээлэл, мэдэгдэл хийгээд байх нь зохимжгүй. Хууль хянал­тын­хан ажлаа хийг. Өмнөөс нь яриад, хардаад байх нь утгагүй биз дээ. Шударга байгаасай л гэж хэлье.

-Нам доторхи асуудлаар байр сууриа илэрхийлэхгүй юу. Залуучууд нь намын ши­нэч­лэл, намын даргадаа шаард­лага хүргүүлэх зэрэг нэлээд олон асуудалд шүүмжлэлтэй хан­даж байна. Ардын нам бужигнаж эхэллээ шүү дээ? 
-Өмнө нь ийм асуудал гардаг л байсан. Намын удирдлагадаа шүүмж­лэлтэй хандах нь дотоод ард­чилал байгаагийн шинж. Ер нь нэг талын өрөөсгөл ойл­гол­тыг барьж одоо байгаа удирд­лагын төвшин дэх бүх хүмүүсийг хар­луулах, өөр ямар нэг бодол санаатайгаар ийм үйлдэл хийж эхлэх юм бол буруу. Өргөн хүрээнд асуудлыг хөндөж байгаа бол өөр хэрэг. Энэ алхам яаж эргэх, олон түмэн яаж хүлээж авах вэ гэдэг нь дөнгөж эхлэл төдий байна. Манай нам болохоо больчихсон юм биш.
Нуух юу байхав. Манай намд шинэчлэгдэх процесс явагдаж байгаа. Энэ үед гарч байгаа санал шүүмжлэл бүхэнд бид анхааралтай хандах ёстой. Энэ залуучууд юу ярив гэд­гийг анхааралтай ажиглаж, үйл ажиллагаандаа тусгамаар байгаа юм. Улсын их хурлын сонгуулийн дүнд бид хангалттай сайн дүгнэлт хийж, аймаг орон нут­гийн төв­шинд авч хэ­рэг­жүү­лэх арга хэм­жээгээ зөв авч ча­даагүй гэж би боддог.
Орон нут­гаас болоод гишүүд дэм­жиг­чдийн зүгээс гаргаж бай­гаа санал шүүмжлэлийг ажил хэрэг болгох талаар на­мын удирд­­лага хангалтгүй ажилла­сан. Тийм учраас бид орон нут­гийн сонгуульд хүссэн үр дүн­гээ үзүүлж чадаагүй. Ер нь али­ваа бай­гууллагын удирдлага то­дор­­хой хүрээллийн явцуу  мэ­дээл­­лээ­сээ салж чадахгүй бол ал­д­аа­гаа засч чадахгүй гэж би бод­дог. Тийм алдаа манай намын удирд­лагад байгаа ч дотроо бужигнаад хөл толгойгоо алдаад байгаа юм бол байхгүй.

-Ш.Сайхансамбуу гишүүн на­мынхаа гишүүдэд нэлээд шүүмж­лэлтэй хандсан байна лээ. Нэр бүхий хүмүүсийг нэр­лэж, улс төрөөс одоо арилах ёс­той гэсэн асуудлыг хөндсөн уч­раас намын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх асуудал яригдсан гэсэн. Үнэн үү? 
-Худлаа худлаа. Ш.Сайхансам­буу гишүүний ярьсан, бичсэн за­рим нэг зүйлийг уншсан. Нам хэрвээ шинэчлэгдэх гэж байгаа бол  гишүүдийнхээ хэлж ярьж байгаа шүүмжлэлийг сонсох л ёстой. Нэг нь шүүмжилсэн гээд намаас хөөнө, зайлуулна гээд байвал юу болох вэ.
Арчаагүй байна гэдэг шүүмжлэл сонсох чадваргүй болсоны шинж шүү дээ. Өөрийнх нь нэр төртэй хол­боотой өчүүхэн төдий мэ­дээлэл сонсоод тэр хүн чичрээд, адгаад байвал энэ хүн удирдагч биш, нийгэмд тодорхой төвшний ха­риуцлагатай ажил хийх хүн ч биш. Шүүмжлэлийг маш сайн сонсч байх ёстой. Шүүмжлэлд эрүүл саруул дүг­нэлт хийх ёстой юм.
Би 27 жил төрд ажиллаж байна. Түүний 24 жилд болсон болоогүй, удирдах төвшний ажил хийгээд явж байна. Энэ хугацаанд өөрийгөө цөөн хэдэн хүнээр тойруулаад, цөөн хэдэн хүнээр магтуулж, тэр хүрээллээс хальж чадахгүй болоод ирвэл хүн ялзардаг юм байна гэдгийг их сайн ойлгосон.
Ямар ч удирдлага тэгж ялзардаг. Бид өөрсдийнхөө сул тал, алдаа оноог мэдэхгүйгээр нам маань хүчирхэг байж хэзээ ч чадахгүй. Тийм учраас бидэнд хатуу бөгөөд үнэн шүүмжлэл ус агаар шиг хэрэгтэй байна.  Манай намд шүүмжлэх зүйл их бий.

Б.Өнөртогтох
Монголын мэдээ

No comments:

Post a Comment