Tuesday, 5 February 2013

О.Сайнбуян: “Чингис” бондоос хөрөнгө оруулах хамгийн шилдэг төсөл бол Тавантолгой

“Эрдэнэс МГЛ” компанийн захирал О.Сайнбуянтай ярилцлаа. Монголын Уул уурхайн салбар, тэр дундаа стратегийн ордод багтах ордуудын төрийн эзэмшлийн хувийг эзэмших эрхтэй тус компанийн удирдлагуудыг саяхан шинээр томилоод буй юм. “Эрдэнэс МГЛ” компанийн захирал О.Сайнбуян тус албанд очсоноосоо хойш анх удаа манай цахим хуудаст ярилцлага өглөө.

-Монголчууд Тавантолгой,Оюутолгойн талаар бол ойлголттой байгаа. Энэ компаниудын талаар хэвлэл мэдээллээр ч их гардаг, олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн. Харин “Эрдэнэс МГЛ” компанийн талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэ компаниас давуу эрхийн ширхэг хувьцаа олгоно гэсэн мэдээллээс өөр зүйлгүй байна. Тийм учраас ер нь энэ компани ямар үйл ажиллагаа явуулдаг, юу хийдэг компани вэ гэдэг талаар олон нийтэд мэдээлэл өгнө үү? 
-Компанийн үндсэн чиг үүрэг нь уул уурхайн стратегийн ордуудын төрийн эзэмшлийн хувьцааг нь эзэмшиж, тэдгээр ордуудын хоорондын уялдаа холбоог нь сайжруулах, тэгснээр ордуудаас төрд оногдох ноогдол ашгийг татан төвлөрүүлж, Хүний хөгжил санг мөнгөжүүлэх ийм үндсэн чиг үүрэгтэй. “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн нэрийн өмнөөс эзэмшигч нь “Эрдэнэс МГЛ” компани. Монгол Улс өнөөдөр Оюутолгой компанийн 34 хувийг эзэмшиж байна. Тэр 34 хувийн хувьцааг эзэмшигч нь манай компани. Стратегийн ордуудыг эзэмшигч 15 компанийн төрийн эзэмшлийн хувь хэмжээнд ноогдох хувьцааг нь төрийн нэрийн өмнөөс “Erdenes MGL” компани эзэмших ёстой.

-“Эрдэнэс МГЛ” компани стратегийн ач холбогдолтой хэдэн компанийн хувийг эзэмшиж байгаа гэсэн үг бэ?
-Өнөөдрийн байдлаар Засгийн газрын хэрэгжүүлэх тогтоол гараад яг хэрэгжүүлж байгаа нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн 100 хувь, “Эрдэнэс Оюутолгой” компанийн 34 хувийн хувьцааг нь “Эрдэнэс МГЛ” компани эзэмшиж байгаа. Өөр компанийн хувьцаа бол орж ирээгүй байна. Удахгүй “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь, Багануурын 75 хувь, Шивээ-Овоогийн 90 хувь гээд орж ирэх ёстой. УИХ-аас “Стратегийн 15 ордын төрийн мэдлийн хувь хэмжээг “Эрдэнэс МГЛ” дээр төвлөрүүлнэ” гээд тогтоол гарсан.

-Тэгэхээр танайх Оюутолгой, Тавантолгой компанийн толгой компани гэж ойлгож болох уу?
-Тийм. Толгой компани.

-Манай улс стратегийн 15 ордтой. Нэмж оруулах нэлээн олон ордын тухай яригдаж байгаа. Тэгэхээр Стратегийн ордуудын хувь хэмжээг эзэмшдэг толгой компанийн хувьд танай компанийн зүгээс нэмж оруулах санал тавих эрх байдаг уу?
-УИХ, Засгийн газар өөрөө Стратегийн ордод ийм компани, энэ ордуудыг хамааруулна гээд тэр компаниудыг оруулаад ирэхээр түүнийг нь хэдэн хувь нь төрд оногдох уу гэдгээс хамаарч, “Эрдэнэс МГЛ” эзэмших ёстой. Түүнээс бид стратегийн ордод оруулах, санал гаргах, бодлого тодорхойлогч биш. УИХ болон Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу л үйл ажиллагаа явуулна. Түүнээс бид энэ ордыг авна гэсэн санал тавихгүй.

-Танай компанийн ТУЗ хэдэн гишүүнтэй вэ?
-Есөн гишүүнтэй.

-ТУЗ-д ямар байгууллагын төлөөллүүд багтдаг вэ? 
-ТУЗ-ын дарга Эдийн засаг, хөгжлийн яамны ТНБД, ТУЗ-ийн гишүүд нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, СЗХ-ны дарга, Зам тээврийн яамны ТНБД, Хөдөлмөрийн яамны ТНБД, Сангийн яамны газрын дарга, Уул уурхайн яамны Төрийн нарийн гэсэн есөн хүнийн бүрэлдэхүүнтэй.

-Та томилогдсоноосоо хойш “Эрдэнэс Тавантойгой”, “Эрдэнэс Оюутолгой” компанийн үйл ажиллагаа, ордтой биечлэн танилцсан уу?
-Үйл ажиллагаатай танилцсан. Оюутолгой компанийн хүдэр баяжуулах үйлдвэрийн нээлтэнд оролцсон. Тэр үеэр үйлдвэрийн үйл ажиллагаа болон төслийн үйл ажиллагаатай танилцсан байгаа. Тавантолгойн үйл ажиллагаатай өдөр тутам нүүрсний үнийг ямар хэмжээнд байлгахуу, баруун цанхийг ашиглалтанд оруулах, яаж ажиллах гэдэг дээр байнга санал солилцож байна.

-Тавантолгой компанийн “Чалко”-той хийсэн гэрээг өөрчлөх ёстой гэсэн асуудлыг манай талаас тавьж байна. Энэ гэрээг өмнөх Засгийн газар алдаатай баталчихсан гэдэг. Өнөөдөр энэ компани маш их өртэй, санхүүгийн хүнд байдалд байна гэж байгаа. Энэ асуудлаас яаж гарах ёстой бол? 
-Энэ гэрээ үнэхээр муу гэрээ болсон. Тухайн үедээ улс төрийн шаардлага, цаг хугацааны хувьд янз бүрийн шантаачинд ороод маш хүндрэлтэй гэрээ байгуулсан юм шиг байна лээ. Тухайн үед байсан нүүрсний үнээс бага үнээр борлуулахаар гэрээг байгуулсан. Хоёрдугаарт нүүрсний үнэ унах, өгсөх үед дээш доошоо тодорхой интервалаар өөрчлөгддөг байдлаар байгуулсан. Гэтэл өнөөдөр Дэлхийд нүүрсний зах зээлийн үнэ буурсан байна. Энд хамгийн гол асуудал нь юу вэ гэхээр Тавантолгой, Чалкотой хийсэн гэрээнд зааснаар, зээлээ төлсөн ч гэсэн олборлосон нүүрснийхээ 80 хувийг таван жилийн хугацаанд ганцхан Чалко-д нийлүүлнэ гээд заасан. Мөн дахин 3-5 жил 70% ийг нийлүүлнэ гэсэн гэрээ хийгдсэн байсан . Гэхдээ энэ бол компани хоорондын л гэрээ байсан юм. Гэрээгээ эргэж харах зүйл бол байж байгаа. Одоо манай “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлага болон манай барьж байгаа бодлого, “Чалко”-той нэгэнт гэрээ байгуулсан юм чинь одоо үлдэгдэл 180 сая долларын өрийг төлье. Үүний 100 саяыг нь бэлнээр нь буцаагаад өгчихье. 80 сая долларыг нь нүүрсээр төлье. Гэрээгээ дахиж харж, үнэд өөрчлөлт оруулж, дахин гэрээ байгуулаад явбал “Чалко”-той ажлаа үргэлжлүүлээд явахад татгалцах зүйлгүй. Харин энэ хатуу үнээрээ мөрдөөд байна гэвэл энэ гэрээг цуцлахаас өөр аргагүй.

-“Эрдэнэс Тавантолгой” компани “Чингис” бондоос хөрөнгө оруулалт авья гэдэг саналаа илэрхийлсэн байгаа?
-“Чингис” бондоос авья гэдэг саналаа бол тавьсан. Ер нь “Чингис” бондын зарцуулалт, эргэн төлөгдөх чадвартай, үр өгөөжөө өгөх төсөл нь аль бэ гэдгийг Ерөнхий сайд дахин хянаж байгаа юм билээ. Техник эдийн засагийн тооцоо судалгаа нь хийгдсэн бондын хөрөнгө оруулалт хийх найдвартай төсөл бол Тавантолгой л байгаа. Тавантолгойн нүүрсийг бид маш зөв менежментээр зах зээлийн үнээр борлуултаа хийх юм бол “Чингис” бондын хамгийн түргэн, үр өгөөжээ өгөх том төсөл маань өнөөдөр
Тавантолгойн төсөл байж байгаа.
Дунджаар нүүрсний үнэ 100 ам доллар байна гээд бодоход “Эрдэнэс Тавантолгой” компани 2013 онд 6 сая тн нүүрс олборлох боломжтой. Ирэх жил 10 сая тонн нүүрс олборлох боломж бий. Тэгээд бид хоёр, гуравхан жилийн дотор 20 саяд хүргэх төлөвлөгөөтэй байна. Гэтэл үүнтэй харьцуулах юм бол бондоос авах зээл бол тийм том тоо биш.
Тавантолгойд хүсч байгаа 200 сая долларын санхүүжилт бол гал унтраах төдий асуудал. Миний бодлоор болдог бол таван жилийн дараа төлөгдөх эхний 500 саяыг нь Тавантолгой төсөл рүү оруулчих хэрэгтэй. Эцэстээ энэ нь 5 сая тонн нүүрсний үнэ. Үндсэндээ энэ зээл бол нэг жилд олборлох нүүрсний дөрөвний нэг нь гэсэн үг. Ийм тохиолдолд энэ рүү засаг анхааралаа хандуулж, төслийг хамгийн түрүүнд хэрэгжүүлэх ёстой гэж харж байгаа. Өнөөдөр Тавантолгойд энэ байтугай санхүүжилт шаардлагатай байна.
Энэ компани бусад ижил төстэй хувийн болон хувьсгалын компаниудтай өрсөлдөх хэмжээнд очсон байх шаардлагатай. Тавантолгой өнөөдөр нүүрсээ баяжуулахгүй түүхийгээр нь гаргаж байна. Гэтэл хажууд нь байж байгаа Ухаа худгийн уурхай угаагаад гаргадаг. Нүүрсийг угаагаад гаргахаар 70 хувийн цэвэр нүүрс гардаг. Нүүрсээ гаргахдаа тэр чигээр нь гаргаж байгаа учраас хэрэггүй 30 хувийн илүүдэл хаягдалыг ачаад гаргаж байна. Тэр бүхэнд хий дэмий зарцуулалт хийж байгаа. Хоёрдугаарт угааж баяжуулсан нүүрс цаанаа зах зээл дээр илүү үнэтэй байна. Гуравдугаар асуудал нь экспортод гарч байгаа нүүрс хэрэв угаагдаад гарч байгаа тохиолдолд татвараа буцаагаад авдаг хуультай. Энэ бүхнээс үзэхээр Эрдэнэс Тавантолгой ашигтай ажиллах нь нэгдүгээрт нүүрсээ угааж боловсруулж гаргах ёстой.
Хоёрдугаар асуудал нь хувийн компанийн тавьсан зам дээгүүр Эрдэнэс тавантолгой компани нэг тонн нүүрсийг 5000 төгрөгийн төлбөр төлж тээвэрлэж байна. Энэ тээвэрлэж буй 5000 төгрөг гэдэг бол нүүрс шиг хямд үнэтэй бүтээгдэхүүнд өндөр зардал. Тэгэхээр өөрийн гэсэн замаа тавих нэг бол тэр замын тодорхой хувийг эзэмших хэрэгтэй . 
Гуравдугаарт Эрдэнэс Тавантолгой өөрийн гэсэн тээвэр байхгүй, түрээсийн машинууд ашиглаж байх жишээтэй. Энэ нь бизнесийн ашигийн төлөө ажиллах ёстой компанийн хийх менежмент биш. Нэгэнт төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа бол төрөөс дэмжлэг авах ёстой. Энэ дэмжлэг юу бэ гэхээр зарим нэг талаараа төрийн өмчит компанидаа давуу тал олгох ёстой. Тиймээс дэд бүтцийг нь шийдэхэд төр оролцох ёстой. Төмөр замын тээврийн 60 хувийг зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн ачааг тээвэрлэх гэдэг ч юмуу, эрхийг төр бидэнд олгох хэрэгтэй байна. Гэтэл өнөөдөр төрийн өмчит гэдгээрээ төрийн дэмжлэг биш, дарамт ирээд байна.

-Төрийн дарамт гэдгээ тодруулахгүй юу? 
-Сонгуулийн өмнө бид ирэх жилүүдэд танайд нүүрсээ өгнө гээд “Чалко” компаниас Тавантолгойд зарцуулахаар авсан 350 сая долларыг Хүний хөгжил сан руу шилжүүлээд иргэдэд амласан амлалтандаа өгчихсөн. Ноогдол ашгаас нь иргэдэд хувь хүртээх ёстой байтал зээл авсан мөнгөө тараачихсан. Дахиад нөгөө хүний хөгжил сангаас иргэдэд олгох мөнгө хүрээгүй учраас дотоодын банкуудаас 100 гаруй сая долларын зээл аваад Хүний хөгжил сан руу оруулсан. Ингээд энэ компаниуд санхүүгийн хямралд орох үндсэн шалтгаан болсон.
Одоо нэгэнт энэ компаниар дамжуулаад засаг ард түмэнд хувьцаагаа тараачихсан бол эргүүлээд авсан мөнгөө оруулах, саалийн үнээ болох “Эрдэнэс тавантолгой”, “Эрдэнэс МГЛ”-ыг тордох ёстой. Одоо төрийн жинхэнэ тордох, дэмжлэг үзүүлэх цаг үе нь. Үүнийг алдаад байх тусам улам л энэ ордоос орж ирэх үр өгөөчийн асуудал хойшлоод байна. Энэ компаниудын үйл ажиллагаа улам бүр үндсэндээ жам ёсны хөгжлөөсөө гажаад байна гэсэн үг юм. Одоо яриад байгаа гал унтараахаар 100, 200 саяын асуудал биш. Одоо бол жинхэнэ төр том бодлогоор анхаарч харах, хөрөнгө өгсөн шиг өгөөд эргэж харах хэрэгтэй. Дэд бүтцүүдийг нь төрийн нэрийн өмнөөс шийдэж өгөх хэрэгтэй байгаа. Тавантолгой дээр цахилгаан станцын асуудал яригдаж байна. Энэ асуудлыг маш хурдтай хийх хэрэгтэй. Өнөөдөр Оюутолгой компани Хятадаас эрчим хүчээ авч байна. Гэтэл манайд эрчим хүчний нүүрсний маш их илүүдэл болчихоод байж байна. Дандаа коксчих нүүрсээ гаргаад байдаг. Тэгэхээр үүнийг зөв голдиролд нь оруулж ашиглах боломжтой. Цахилгаан станцийг барьж байгуулснаар Оюутолгой, Тавантолгойгоо хангаад явах боломж байна. Ингэх юм бол жинхэнэ төслийн уялдаа холбоо сайжирах ёстой.

-“Эрдэнэс Тавантолгой”, Оюутолгой компаниуд гэрээ хэлэлцээр хийх, тухайлбал “Чалко”-той “Эрдэнэс Тавантолгой” гэрээнд өөрчлөлт оруулах талаар хэлэлцээр хийж байна. Энэ бүхэнд танай компанийн зүгээс оролцох уу, чиглэл өгөх, санал солилцох уу?
-Солилцоно. Том гэрээ хэлэлцээрийн асуудал заавал толгой компаниар батлагдаж явдаг. Хоёрдугаарт энэ том зээлийн асуудал “Эрдэнэс МГЛ” компанийн нэр дээр авагдсан байгаа.Тавантолгой компаниа барьцаалаад энэ зээлийг Хүний хөгжил санд төвлөрүүлсэн компани нь “Erdenes MGL”.

-“Чалко”-оос авсан мөнгө үү?
-Тэр мөнгийг манай компани аваад Хүний хөгжил санд өгчихсөн. Ирээдүйд Тавантолгойгоос орж ирэх ноогдол ашиг гэдгээр авчихаж байгаа юм. Төрийн мэдлийн компаниуд нь дамжаад өртэй болчихдог.

-Тэгэхээр танай компанийн санхүүгийн байдал ч хүнд байна гэсэн үг биз дээ?
-Тийм адилхан.

-Танай компани дээр стратегийн ач холбогдолтой төрийн эзэмшлийн компанийн хувь хэмжээг нэгтгэх ёстой. Тухайлбал “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь танайд хэзээ шилжиж ирэх бол? 
- Одоо Засгийн газрын хэрэгжүүлэх тогтоол гарах ёстой. Тэр тогтоол удахгүй гарах байх.

-“Эрдэнэс МГЛ” компаниас давуу эрхийн хувьцаа олгох асуудал яригдаж байгаа. Гэвч өнөөдөр танай эзэмшлийн компаниудын үйл ажиллагаа жигдрээгүй, бас зарим компаниуд танайд харьяалагдах тогтоол нь гараагүй байна. Тэгэхээр энэ асуудлыг ярих арай эрт ч юм шиг байна?
-Энэ бол тийм хэцүү асуудал биш. Энэ олгогдох ёстой. Яагаад гэхээр “Erdenes MGL” компани бол Монголын уул уурхайн акул компаниудын толгой компани. Бүх төрийн мэдлийн хувьцааг нь эзэмшдэг. Энэ компани хэр ашигтай ажиллахаас Монгол орны ирээдүйн хөгжлийн хувь заяа шийдэгдэнэ. Тэгэхээр энэ компанийн давуу эрхийн хувьцааг иргэдэд эзэмшүүлнэ гээд тогтоол гарсан бичилтүүд нь бэлэн болсон байгаа. Харин хэзээ ашигтай ажиллах бэ гэдгээс ашигаа хүртэх асуудал яригдана. Тийм учраас ашиг хүртэх хүртэхгүйн асуудал Засаг төрийн шийдэх асуудал болоод байна. Эхний ээлжинд компаниудад үзүүлэх ёстой төрийн дэмжлэгийг өгсөний дараа “Erdenes MGL”-ээс хувь хишиг хүртэх боломжтой болно. Тэр үе удахгүй байх аа.

Т.АМУР
Оллоо.мн

No comments:

Post a Comment