Monday, 25 February 2013

Н.Батцэрэг: Бидэнд маш сонирхолтой хувилбар бий

УИХ-ын гишүүн, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Намрын чуулган завсарлаад хэд хонож байна. Чуулганы явцад танай бүлгийг задарна гэх яриа халуун сэдэв байлаа. Энэ тухайд та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Намрын чуулган ачаалал ихтэй байлаа. Бас нилээд маргаан мэтгэлцээн, зөрчил тэмцэл дунд ажиллалаа. Хаа газрын парламентийн ажил, ааш араншин иймэрхүү л байдаг шүү дээ. Манай бүлгийн тухайд чухал чуулган байсан. Учир нь манай гишүүд хүнийхээ хувьд илүү бие биенийгээ таних, үйл ажиллагааны нэг хэмнэлд орох, өөрсдийнхөө гуравдахь хүчний байрлалын чухлыг ойлгох, улс төр хийх арга барилаа зөв олох, гадаад дотоод бусад үйлчлэлийнхээ хүчин зүйлтэй дасан зохицох гэх мэтчилэн бидний зайлшгүй туулах ёстой тэр цаг хугацаа байлаа. Хамгийн гол нь сонгуулийн үед бидний амласан иргэдээ ажлын байртай, орлоготой болгох, нийгэмд шударга ёс тогтоох зэрэг асуудлыг Засгийн газрын хөтөлбөрт оруулж, олон ажил эхлүүлж чадлаа.

-М.Энхсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөс хойш “Шударга ёс” эвсэл задарна гэсэн яриа газар авсан. Та энэ талаар заавал ярих хүмүүсийн нэг шүү дээ.

-Манай бүлгийг бутаргах сонирхолтой хэсэг хүмүүс парламентийн дотор ч,  гадна ч байна. Яагаад гэвэл улс төрийн зах зээлээ анхааралтай харах юм бол гуравдахь хүчнийг сонирхох, дэмжих хандлага улам их нэмэгдэж байна. Бараг зүй тогтол талаасаа ч тийм юм гээд хэлчихвэл хол зөрөхгүй. Бидэнд улс төр, эрх мэдлийн том санаачилгаа алдахаас айсан хүмүүсийн л хийж байгаа ажил гэж би тэр ярианы талаар хэлнэ. Харин бид бусдын өгөөш бололгүй ухаан тэвчээр зааж, өөрсдөө нэг цул хүч байж тэсч үлдэж чадах уу гэдэг нь илүү анхаарал татсан асуудал байх шүү. Одоог хүртэл бидний туулж яваа бэрхшээл сорилтыг би газар хөдлөхтэй зүйрлэн хэлдэг юм. Манай байшин ямар ч байсан 7-8 баллын чичиргээг даанаа гэж. Байгалийн давагдашгүй хүчин  зүйл шиг юм болвол яалтай билээ дээ.

-МАХН, МҮАН-ын аль нэг нь  Засгийн газраас гарна ч гэдэг юм уу, өөр бусад танай доторхи зөрчлүүд хэдэн баллынх байсан бэ?

-Тэр бол ламп савлаж, ширээ доргих төдий л юм болсон. Би гишүүддээ нэг л зүйлийг хэлдэг. Ирэх намрын чуулган гэхэд манай бүлэг “хатуу боорцог” болсон байна шүү гэж.  Тэгж харж ажлаа зохион байгуулж байгаа.

-Хатуу боорцог гэдэг нь яг ямар болсон байхыг хэлэхэв?

-Манайхаас дэвшиж юм уу, эсвэл бидний оролцоо дэмжлэгтэйгээр сонгогдсон Ерөнхийлөгчтэй, олон нийтийн зүгээс “Шудрага ёс” эвслийг илүү итгэл хүлээлгэх улс төрийн хүчин гэсэн хүлээлттэй болсон байхыг хэлж байна. Ингэхийн тулд мэдээж бид зүгээр суухгүй л дээ. Хэд хэдэн үндэсний эрх ашгийн шалгуур болсон асуудлууд дээр анхаарал хандуулах болно.

-Тухайлбал?
-Өмнө нь  манай зарим гишүүд иргэний хөдөлгөөн толгойлоод ажиллаж байхдаа л байнга ярьж тэмцэж байсан Оюутолгойн гэрээний асуудал байна. Гэрээг эргэн харах, монголын талд ашигтайгаар өөрчлөхийн тулд бид улс төрийн хатуу тэмцэл хийх болно. Таван толгойн ордыг эргэлтэнд оруулж, түүнийг тээвэрлэх төмөр замын асуудлыг  даруй шийдэхгүйгээр нийгэм эдийн засгийн том зорилтууд хэрэгжих нь эргэлзээтэй болно. Мөн Тавантолгойн ордыг бүх иргэддээ хувьцаалах замаар өмчлөл, эзэмшлийн асуудлыг шийднэ гэсэн  манай эвслийн сонгуулийн хөтөлбөр байгаа. Бондын эх үүсвэрийн зарцуулалтын асуудлыг парламентийн болон олон нийтийн хараа хяналтаас гадна үлдээж, буруу замаар мөнгөний хуваарилалт явагдаж, тэр нь өр болон даамжирвал, дампуурсан банкинд эрх хүлээн авагч томилдог шиг өрөөрөө дарамтлуулан бусдын харцаар байгалийн баялаг бусад орд газруудаа алдаж, тусгаар тогтнол эргэлзээнд орох аюул байхыг үгүйсгэхгүй. Энэ асуудлыг бид бас анхааралдаа авна. Мөн Бүтээн байгуулалтын хүрээнд гэхэд эрчим хүчний, төмөр замын, Улаабаатар хотын шинэ төлөвлөлттэй холбоотой гэх мэт гол мега төслүүдийг цаг алдалгүй нам, фракц, улс төрийн жижиг хожоо харалгүй туршлагатай, зангарагтай, ажил хариуцах чадвараараа танигдсан тийм хүмүүсдээ хариуцуулаад ажлаа хурдан эхлэх хэрэгтэй байна. Тэрсэлдэн задарч биш эвлэлдэн бүтээж байж ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээдэг боломжийг бий болгосон Үндсэн хуулийн тогтолцооны өөрчлөлтийн асуудлыг бид хөндөж тавих болно. Эдгээр асуудлууд бол Монголын нийгмийн хамгийн тулгамдсан, манай үндэстний амин эрх ашгийг хөндсөн асуудлууд юм даа.

-МҮАН-ын Бүгд их хурал шинийн 8-нд хуралдах байсан ч хуралдаагүй. Хэзээ хуралдаж, ямар асуудлууд хэлэлцэх вэ. Энэ хурлаар Засгийн газартай холбоотой яриа, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах гээд олон асуудал хэлэлцэх байх?
-Уламжлалаараа бол бид цагаан  сарын дараа хуралддаг юм. Энэ жилийн хувьд бол парламентад суудалтай намын хувьд цаг үе, улс төрийн нөхцөл байдлыг харгалзаж байж хурлаа зарлах ёстой гэж үзсэн. Миний хувьд одоогоор яарч хурал зарлах шалтгаан олж харахгүй байна. Хэлэлцэх асуудлын тухайд бол дээр дурьдсан гол асуудлууд дээр нам байр сууриа маш тодорхой илэрхийлнэ. Мөн зарим зохион байгуулалтын асуудлыг ч ярина. Манай гишүүд, дэмжигчидийн зүгээс үндэсний үзлийг улс төрийн эргэлтэд оруулахыг зорьж буй намын хувьд Монгол үндэсний их баяр цагаан сарын шинийн нэгнээрээ таван өдөр амардаг байхаар хуулийн төслийг өргөн барих хэрэгтэй байна гэж УИХ-ын гишүүддээ хандаад байгаа. Энэ асуудлаар бас намын хурлаас чиглэл гаргана.

-МАН, МАХН гэсэн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд эвсч орох санаачлага хүчтэй яригдаж байна. Энэ үйл явцыг яаж харж байна вэ? Хэрэв нэгдэх, эвсэх процесс явбал эвслийг бүрдүүлж буй нэг нам нь болох та нарын зүгээс ямар алхам хийх вэ?
-Эдгээр намууд нэгдвэл үр дүн нь юу болох тухай одоо ярих бараг боломжгүй, тэгнэ ингэнэ гэж зохиомжлох нь зохисгүй. Би хувьдаа одоогоор шууд нэгдэж чадна гэдэгт итгэхгүй байна. Тэр хоёрын салсан шарх аниагүй байгаа шүү дээ. Харин эвсэх тухайд бол магадлалтай байж болно. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд дундаасаа нэг хүн дэвшүүлнэ гэсэн  үг. Тэр хүн нь хэн байх вэ гэдэг л хамгийн зангилаа асуудал юм даа. Манай намын хувьд бол “Михайлд нэг бодол бий” гэдэг шиг удирдлагын хүрээнд, бидэнд бодсон, тохирсон  хувилбар бий.

-МАН, МАХН-тай эвсч, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нь бараг л тодорхой болж байна. Энэ үед Михайлын бодол юу байх бол гэдэг нь сонирхол татаад байна? 

-Тэр бол удирдлагын хүрээнд яригдаж, хэлэлцсэн зүйл. Одоохондоо хэлээд хэрэггүй. Цаг нь болохоор тохирсон хувилбар нийтэд ил болно. Бидэнд хоёр янзын, маш сонирхолтой хувилбар байгаа, цаг нь болохоор гаргана даа.

-Хүрд эргүүлэх боломжоо ашиглаж Ерөнхийлөгчид хүн дэвшүүлэх бодолтой байгаа юм уу?
-Ер нь бол үгүйсгэх аргагүй. Манайд туршлагатай, танигдсан улс төрийн зүтгэлтэн байгааг олон түмэн мэднэ. Гэхдээ хүн дэвшүүлэх гэж  яарахаасаа өмнө дэвших, сонгогдох хүн ямар шалгуур хангасан байх вэ, угтан ирэх дөрвөн жилийн гол онцлог юу байх вэ гэдгээ сайн бодсон байх хэрэгтэй. Давын өмнө дээр дурьдсан үндэсний эрх ашгийн амин чухал асуудлуудыг барьж аваад шийдэл олж, парламент, Засгийн газрыг чирч, шахаж чаддаг хүн хэрэгтэй юм.

-Танай бүлгийн тэр дундаа танай намын гишүүдээс зарим сайдуудтай хариуцлага тооцож магадгүй талаар байр суурь илэрхийлсэн байсан. Сайдын юм уу, сайд нарын асуудал УИХ дээр яригдах уу?
-Ер нь бол өнгөрсөн намрын чуулганы турш Ерөнхий сайдыг, Засгийн ажлыг тууштай дэмжиж ирсэн. УИХ дээр ирц бүрдүүлэхээс авахуулаад өргөн барьсан хууль, бусад шийдвэрийн төслийг цаг алдалгүй хурдан баталж өгөх тал дээр хувийн зүгээс ч тэр бүлгийн ажлаа ч тэр энэ чиглэл рүү зохион байгууллаа. Хамгийн гол нь Засгийн газарт гарааны хурд авах бололцоо олгосон хэрэг. Одоо бол эхний үр дүн шаардах хугацаа болсон. Хаврын чуулганы эхэнд зарим сайд нарын хариуцаж байгаа салбарын ажил төрөлтэй холбоотой асуудлыг ярина гэж бодож байна.

-Сүүлийн үед МИАТ, ТЕГ-аас эхлээд олон байгууллага дээр том гэмт хэргүүд илэрлээ. Зарим хэргүүд дээр нь УИХ-ын гишүүд хүртэл холбогдож байгаа талаар хуулийнхан мэдээлэл өгч байна. Та бүхэн шудрага ёс ярьж гарч ирсэн. Албан тушаалаа ашиглан хөлждөг байдлыг яаж таслан зогсоох вэ?
-Том дүнгээр нь харвал зөвхөн мөнгийг шүтэж, түүнийгээ үнэт зүйл болгосон, тэгээд үүнийгээ ардчилал, чөлөөт зах зээл ийм байдаг мэт буруу сурталчилж байгаа байдлыг өөрчлөх шаардлагатай байна. Дараагийн нэг чухал зүйл бол намуудын тухай хуулинд өөрчлөлт оруулж парламентад суудалтай намуудын санхүүжилтийг төрөөс даадаг, хэрэв хууль бус ашиглалт, шамшигдуулалт болсон бол буруутныг нь хуулиар цээрлүүлж намыг нь дараагийн сонгуульд оруулдаггүй, хүндрүүлэх шалтгаантай гэж үзвэл татан буулгадаг хүртэл хуулийн зохицуулалттай болмоор байгаа юм. Тодорхой илэрсэн хэргүүд дээр бол монголын олон нийт бүгд харж байгаа шүү дээ. МАНАН засаглалын үеийн булхай л илэрч байх шиг байна. Ер нь бол шүүх, хуулийн байгууллага улс төрийн захиалагчийн гүйцэтгэгч байх уу, хуулиа барьж хараат бус ажиллаж чадах уу гэдгээс нийгэмд шудрага ёс тогтох уу, үгүй юу гэдэг шууд хамаарах болно. Зөвхөн МИАТ, татвар ч биш улсын үйлдвэрийн ихэнхи газруудад хөрөнгө санхүүгийн асуудал тун будилаантай байх ихээхэн магадлалтай. Тэр битгий хэл хэдэн жилийн өмнө менежментийн хувьчлал нэрийн дор хувьчлагдсан зарим томоохон сургуулиудын хөрөнгө санхүүгийн асуудал юу болсоныг ч шалгах ёстой л гэж боддог.

-МҮАН, “Шударга ёс” эвсэл цаашид улс төрийн төлөвлөгөө юу байна вэ. МАН, МАХН-тай нэгдэнэ, эвсэл Засгийн газраас гарна гэсэн олон асуултууд хариултгүй байгаад байна?
-Би нэг зүйлийг байнга хэлж байгаа, цаашдаа ч байнга ярина. Тэр юу вэ гэвэл тэрсэлдэн, зөрчилдөн улам бүр даяарчлагдаж, хүчтэй нь цэрэг зэвсгээр биш эдийн засгийн аргаар, техник технологоор, мэдээллийн тархи угаалтаар дамжуулан жижгүүдийгээ эрхшээлдээ оруулдаг шинэ колончлолын бодлого аль хэдийн боловсрогдон хэрэгжээд эхэлчихсэн байгаа. Энэ дэлхий ертөнц дээр цөөн тоотой, агуу түүхтэй өдгөө цагийн монгол үндэстнийг шинэ цагийн хатуу сорилтонд бэлтгэх шаардлагатай байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, Монгол үндэсний эх оронч үзэл дээр суурилсан нийгэм, эдийн засаг, улс төрийн иж бүрдэл бүхий хөгжлийн дунд, урт хугацааны бодлого төлөвлөлттэй, үндэстнийг оюун санааны хувьд нэгтгэх төрийн үзэл сурталтай болох шаардлагатай байна. Тэгж чадахгүй бол эх хэл, өв соёл бүдэгрэнэ, эх нутаг алсрана, өвөг дээдсийн гэрээслэл алтан аргамжаа тасрана. Энэ бол үнэхээр Монгол үндэстний орших эс оршихуйг хөндсөн амин эрх ашгийн асуудал юм. Гэхдээ сайн цагийг энэ үеийнхэн бид авчрах ёстой, сайн цаг ирж байгаа гэдэгт итгэдэг.
Ш.ОЮУНЧИМЭГ
http://politics.news.mn

No comments:

Post a Comment