Tuesday, 19 February 2013

Б.Жаргалсайхан: Үйлдвэрлэлээ тэр тусмаа ноолуурын салбарыг дэмжих хэрэгтэй байна

БНН-ын дарга, "Буян" компанийн захирал Б.Жаргал­сайхантай  ярилцлаа.

-Төр, засгаас үйлдвэр­жилтийг дэмжиж ажиллаж байгаа гэх ч үнэн хэрэгтээ дэмжихгүй байгаа талаар ярих хүн олон байна. Та ямар бодолтой явдаг вэ?
jargalsaihan-Монголчууд 20 гаруй жил буруу замаар явлаа. Уул уур­хайн үр шимээр хөгжинө гэж ташаа ойлгож ирлээ. Анх алт моодонд ороод хэн хүнгүй л алт ухаж эхэлсэн, эцэст нь юу үлдэв. Энд тэндгүй овоолсон шороо, хэдэн тэрбум төгрө­гийн өртэй алтны компаниуд л үлдэж. Арилжааны банкуу­дыг дампууруулчихсан. Алт­ны дараа нүүрс моодонд орсон байхгүй юу. Төр зас­гийн удирдлагуудаас эхлээд бүгд л чухам нүүрсээр баяжих юм яриад сүйд болоод бай­сан. Одоо нөгөө сүйд болоод Монголыг тэжээх гол хөшүү­рэг гээд байсан нүүрсийг ху­дал­даж авдаг газар дэлхийд бараг байхгүй болчихсон. Яваандаа  нүүрсний тухай, Тавантолгойн тухай ярихгүй болох байх. Одоогоос 15,16 жилийн өмнө тонн зэс 1500 ам.доллар байсан. Өнөөдөр найман мянган ам.доллар болоод байна. Магадгүй зэ­сийн үнэ цаашдаа уначих юм бол баяжих бүх найдвар бу­даа. Тэгвэл Оюутолгойн тухай ярих шаардлагагүй болно. Үнэндээ бол бид бэлэн юм энд тэндээс ухаж аваад л хүнд өгөөд баяжих юм гэж яриад байна. Тэр бүтэхгүй ээ. Хөлс хүчээ гаргаж байж л сайхан амьдарна. 23 жил бид сайхан амьдрал хайсан шүү дээ. Дээр дооргүй хялбархан амьдрал хайсан. Эрээнээс хэрэгтэй, хэрэггүй бараа олж ирээд гурав нугалж зардаг байлаа. Одоо Эрээнээс ба­раа олж ирлээ ч хэн ч авахгүй болчихож. Тиймээс цорын ганц арга зам бол үйлд­вэр­лэлээ хөгжүүлэх. Үүний дотор хүнсний үйлдвэр, хөнгөн үйлд­­вэрээ хөгжүүлэх нь юу юунаас илүү чухал байна. Хөнгөн үйлдвэр, хүнсний үйлд­­вэрт залуучууд их ажил­ладаг. Тийм учраас нийгэмд хамгийн тулгамдаж байгаа асуудал бол залуучуудын ажил­гүйдэл. Өнөөдөр залуу­чуудад зориулаад ажлын байр бий болгосон тохиолдол огт байхгүй. Иймд улс орны хөгжлийн гол түлхүүр нь үйлд­вэржилтээ дэмжих яв­дал. Бүх зүйл ойлгомжтой байна шүү дээ. Зөвхөн ноо­луу­рыг дэмжээд өгөхөд л үр дүн шууд харагдана.

-Тухайлбал яаж?
-Монголчууд жилдээ 7000 орчим тонн ноолуур бэлтгээд 3000 орчим тонныг нь л до­тоод­доо хэрэглэж байгаа шүү дээ. Нүүрс нэг тонн нь 50 ам.доллар, зэс 7000 ам.доллар, тэгэхдээ хорьхон хувийн зэс шүү. 7000-ын 20 хувиар бодохоор 1400 ам.доллар. Гэтэл нэг тонн самнасан ноолуур хэд гээч, 80 мянган ам.доллар. Бүтээг­дэхүүн болохоороо 300 мянган ам.доллар. Гэтэл зэ­сийг хайлуулбал 1000 ам.дол­лар, нүүрсийг боловс­руулбал 200 ам.доллар л хүрнэ. Аль нь ашигтай байна. Гэтэл нүүрс, зэс стратегийн ач холбогдолтой, ноолуур боло­хоор стратегийн биш юм гэнэ. Ноолуур бол нөхөн сэргээг­дэнэ. Ноолуураар эцсийн бүтээгдэхүүн хийдэг хамгийн орчин үеийн үйлдвэр байгуу­лахад энэ салбарт 80 мянган хүн ажилтай болно. Өнөөдөр Оюутолгой дээр 3000 хүн ажлын байртай боллоо гэж сүржигнээд байна. Гэтэл ноо­луу­рын салбарт 8000 хүн ажиллаж байна. Энэ үйлд­вэрүүд түүхий эдгүй болчих­вол энэ 8000 хүн ажилгүй болно.

-Монголчууд ямааны­хаа ноолуурыг дэлхийн брэнд болгох талаар сүү­лийн жилүүдэд ярих бол­сон. Гэвч энэ талаар олиг­той хийсэн юм харагдахгүй байгаа юм шиг санагддаг?
-Ноолуур брэнд болно гэдэг хэцүү. Маш сайн чана­рын, загвар сайтай хувцас, хэрэглэл хийж байж брэнд болно. Хүмүүс гоё загвартай хувцас авах сонирхолтой байдаг.  Тэр нь ноолуур бай­на уу, өөр эд материалаар хийсэн байна уу огт падгүй. Зөвхөн хэрэгцээнд нь зо­риулж хийх ёстой. Ноолуурыг дан ганцаар эд зүйлс хийхээр эдэлгээ жаахан тааруу байх гээд байдаг. Тэгэхээр торготой холиод халуун дулаан үед өмсдөг хувцас хийгээд эхэл­сэн байна. Торго өмсөхөөр сэрүү татдаг шүү дээ. Мөн ноостой  хольж пальто хийсэн байгаа юм.  

-Та саяхан ноос, ноолуу­рын асуудлаар Ерөнхий сайдтай уулзсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Бид Ерөнхий сайдтай  ноолуурын бодлогыг яаж дэмжих вэ гэдгийг л ярьсан. Арилжааны банкууд аж үйлд­вэрийн салбараа санхүү­жүүлмээр байна. Гэтэл энэ мөнгийг нь Монголбанк өндөр хүү амлаад татаад авчихаж байна. 500-600 сая төгрөгийг татаад авчихлаа. Бодлогын хүүгээ өндөр зарлаад зээл болгож авч байна. Тэгж эдийн засгаа тогтворжуулах, төгрө­гийг хатууруулах бодлого барьж байгаа байхгүй юу. Ингэхээр чинь арилжааны банкууд сөнөлөө. Банк сөнө­хөөс гадна аж ахуйн нэгжүүд сөнөлөө. Үүнийг болиоч ээ, тодорхой хэсгийг нь банкууд­даа үлдээж, аж ахуйн нэгжүү­дээ санхүүжүүлээч ээ гэсэн ерөнхий асуудал ярьсан. Дээр нь энэ үйлдвэрүүдийг жаахан чанаржуулъя. Угаах, самнах нэртэй Хятадын баа­хан үйлдвэрүүд. Хятадууд манай ажилчдын эрүүл ахуйн нөхцөлийг хангахгүй, нийг­мийн даатгал төлөхгүй байна. Маш бохир нөхцөлд ажил хийлгээд, хорыг нь гөвж үл­дээ­чихээд алтыг нь аваад, баяжаад яваад өгдөг болчих­лоо. Үүнийг л больё гэж ярь­сан. Тодорхой ажлууд хийг­дэх байх гэж найдаж байна. Түүнээс биш ярихаараа нэг боллоо. Овоо юм хийх гээд байх шиг байна, хүмүүс. Энэ дээр нь ноос, ноолуур хийгээд үндэсний үйлдвэрлэл, үйлд­вэр­жилтээ босгоод, хөлд оруу­лаад авмаар байгаа юм. Үйлдвэр, үйлдвэрлэл бий болгоно гэдэг хэдэн зуун тонн нүүрс, зэсээс үнэтэй капитал гэдгийг манайхан ойлгож эхэл­сэн ч хөрөнгө, хүч нь хүрэхгүй байна. Ингэлээ гээд өмнөх шигээ 23 жилийг үдэж болохгүй биз дээ.
Э.ХҮРЭЛБААТАР
Өдрийн сонин

No comments:

Post a Comment