Friday, 22 February 2013

Л.Дашдорж: Төсвийн хуулиар иргэд асар их эрх дархтай боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2013 оныг Шууд ардчилал-иргэдийн оролцооны жил болгон зарлаад байна. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдоржтой ярилцлаа. 


-Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ оны анхны зарлигаараа 2013 оныг Шууд ардчилал-иргэдийн оролцоог дэмжих жил болгон зарласан. Зарлигийн гол агуулга юу байсан бэ.Яагаад бүхэл бүтэн жилийг энэ үйл ажиллагаанд зориулахаар болов?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2013 оны хамгийн анхны зарлигаа нэгдүгээр сарын 2-нд гаргахдаа нэгдүгээрт, энэ оныг Шууд ардчилал-иргэдийн оролцоог дэмжих жил болгож зарласан. Хоёрдугаарт Шууд ардчилал-иргэдийн оролцоог дэмжих бодлогын зөвлөл байгуулж, бодлогын зөвлөлийн дүрмийг анхны зарлигаараа баталж гаргалаа. Яагаад энэ оныг Шууд ардчилал-иргэдийн оролцоог дэмжих жил болгов гэдэг дээр тайлбар хэрэгтэй байх.
Юуны өмнө Монгол Улсын Төсвийн тухай хуулийг 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд шинэчлэнбаталж энэ 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрт Төсвийн тухай хуулийг зохицуулж байгаа хэд хэдэн хуулийг нэгтгэж нэг хууль болгох, ингэхдээ орон нутагт эрх мэдэл өгч, орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар тусгасан байдаг. Ингэж төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэхдээ иргэдийн оролцоог мөн нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн.  Тэр дагуу шинээр батлагдсан Төсвийн тухай хуульд орон нутгийн төсвийг үндсэнд нь шинэтгэж өөрчилсөн бүлэг оруулж шинэтгэлийн хууль болгож чадсан.

-Төсвийн хуулийн шинэчилсэн гол агуулга юу байсан бэ?
-Хуулиар юуны өмнө орон нутгийн харилцаанд олон шинэтгэл хийхээр болсны нэг нь сум, дүүрэг, нийслэл, аймаг бүр өөрийн орон нутгийн хөгжлийн сантай байхаар зааж өгсөн. Хөгжлийн сангийн эх үүсвэр ньдотоодын НӨАТ-ын 25 хувь, Ашигт малтмалын нөөц ашигласны таван хувиас бүрдэнэ гэх зэргээр улсын төсөвт нэгдсэн сан байгуулаад, түүнд орох эх үүсвэрийг хуульд хатуу зааж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, НӨАТ улсын төсвийн орлогын дансанд ороход дотоодын  НӨАТ-ын 25 хувь,  ашигт малтмалын татвар ороод ирлээ гэхэд орлогын данснаас нь таван хувь нь автоматаар шууд орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд орж байхаар зохицуулж өгсөн.
Төсвийн хуульд орсон нэг шинэ зүйл гэвэл улсын төсөвт байгаа орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас сум, дүүрэг, аймаг, нийслэл рүү хөрөнгө хуваарилж шилжүүлэхдээ загварчилсан байдлаар, хэн нэг албан тушаалтан, эрх мэдэлтэн оролцож шийдэхгүйгээр, шууд томъёо, загварт тулгуурласан байдлаар шилжүүлэхээр хуульчилж өгөөд байгаа юм.

-Томъёо, загварт тулгуурлаж шилжүүлнэ гэж юу гэсэн үг вэ?
-Гол үзүүлэлт нь тухайн орон нутгийн хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, төвөөс алслагдсан байдал, татварын идэвх, санаачилга гэсэн тооцоход амар гурав дөрвөн үзүүлэлтээс хамаарсан байдлаар загварыг хийсэн. Нэгдсэн санд2013 онд батлагдсан төсвөөр нийт 150 гаруй тэрбум төгрөг төвлөрч байгаа. Энэ бол маш их мөнгө л дөө. Энэ нь дээр хэлсэн үзүүлэлт, томъёогоор задрахаас гадна 60-аас доошгүй хувийг нь сум, дүүргийн хөгжлийн санд оруулахаар заагаад байна.
Архангай аймгийн Цахир сумынхан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард над руу ярьж байсан. “Түүхэндээ анх удаа Цахир сум орон нутгийн хөрөнгө оруулалтдаа 350 сая төгрөг хүлээж авлаа. Иргэдээ оролцуулж төсвийн хуваарилалтаа ярих гэж байна” гэж байсан. Энэ мэтээр аймгуудад хуваарилах төсөв яригдаж байна.

-Төсөв хуваарилахад жирийн иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэлээ. Иргэд урьд өмнө ингэж төсөв хуваарилахад биечлэн оролцож байгаагүй учраас энэ талын мэдлэг дутмаг байгаа. Иргэд хэрхэн яаж орон нутгийн төсвийн хуваарилалтад оролцож, тухайн газартаа хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулах талаар саналаа гаргах учиртай вэ?

-Орон нутгийн хөгжлийн санд загварчилсан байдлаар хөрөнгө шилжүүлэх асуудлыг хуульд тусгаснаас гадна урьд нь хуульд байгаагүй нэг зүйл оруулж өгсөн. Иргэдийн оролцоог тусгай зүйл болгож хуульд оруулсан нь цоо шинэ зүйл болж байгаа юм. Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг хаана, юунд,хэрхэн зарцуулах талаар эхлээд заавал иргэдээсээ санал авдаг болж байна. Иргэдээс авсан саналаа баг, хорооны Иргэдийн нийтийн хурал /ИНХ/-аар хэлэлцэж эрэмблээд, хамгийн чухал гэсэн саналуудаас нь эхлэн ИНХ-аас санал болгож сум, дүүргийнхээ ИТХ-д оруулна. Эндээс хаана, ямар хэмжээний хөрөнгө оруулах вэ гэсэн жагсаалтаа батална. Төсвийн тухай хуульд оруулсан бас нэг шинэ зүйл гэвэл Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхийг хориглох зүйлсийн жагсаалтыг гаргасан. Жагсаалтын бараг хамгийн эхэнд нь иргэдээс санал аваагүй, иргэдийн дэмжлэггүй ямарваа нэг арга хэмжээ, төслийг Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхгүй. Ингэхийг хориглоно гэж заасан.

-Хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжээд эхэлсэн. Тэгвэл иргэдийнтөсөв хуваарилахад оролцох эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бусад хуулийн хүрээнд хэр нээлттэй байдаг бол?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн чиглэл, удирдамжийн дагуу сүүлийн хоёр жил иргэдийн оролцооны стандарт, дүрэм журмуудыг боловсруулах чиглэлээр ажилласан. Шууд ардчиллын хүрээлэнтэй хамтраад юуны өмнө “Сумын дүрэм” гэдэг ойлголт гаргаж ирж байгаа. Хараад байхад сум, хороо, багууд өөрийн гэсэн дүрэмгүй явж ирсэн. УИХ-аас орон нутагтай холбоотой бүх асуудлыг зохицуулсан хууль гаргаад хэрэгжүүлээд явах бололцоо, боломж байхгүй. Тийм учраас орон нутагтай холбоотой, иргэдийн оролцоотой холбоотой асуудлуудаар орон нутаг өөрөө дүрэм, журмаа гаргаж иргэдээрээ батлуулаад явах нь зөв хэлбэр юм байна гэж үзсэн. Тэр дагуу юуны өмнө Сумын дүрмийн төслийг боловсрууллаа. Дүрэмдээ хэд хэдэн заалт оруулж өгөөд байна. Монгол Улсын иргэн хүн бусдаар төлөөлүүлж бусдад эрхээ шилжүүлэхгүйгээр өөрөө эдлэх дархан эрх гэж байх ёстой. Өөрөө асуудлыг шийдэхэд заавал биечлэн оролцож байх эрхтэй. Энэ талаар Сумын дүрэмд оруулж батална. Сумын дүрэм яагаад чухал ач холбогдолтой вэ гэхээр тэр дүрмээр тухайн сумын иргэд хоорондоо, мөн сумын иргэдээс төрийн захиргаа, Хурлын байгууллагуудтайгаа яаж харилцах вэ гэсэн харилцааг зохицуулж өгсөн.Үүгээрээ иргэн хүний хэнд ч шилжүүлэхгүйгээр шууд өөрөө хэрэгжүүлэх эрх баталгаажиж байгаа юм. Сумын дүрэм бол сумынхаа хэмжээнд Үндсэн хууль гэсэн үг шүү дээ.
Бас Нийтийн зар мэдээний журмын төсөл гэж гаргасан. Нийтийн эрх ашигтай холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхдээ нийтэд мэдээлдэг тогтолцоо гэж манайд байдаггүй. Түүнээсээ болоод иргэдтэй холбооотой асуудлуудыг хэлэлцэх хуралд иргэд нь мэдээлэлгүй учраас оролцож чаддаггүй. Шийдвэр гараад өнгөрсний дараа л мэддэг. Ихэнх тохиолдолд бүр мэдэхгүй хоцордог. Нийтийн зар мэдээний журмын гол зорилго юу вэ гэхээр орон нутаг асар их мөнгөний асуудал шийдэх гэж байгаа тохиолдолд энэ нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой. Энэ талаарх мэдээ, хэлэлцэх асуудлын сэдэв зэргийг иргэдэд дор хаяж хоёр долоо хоногийн өмнөөс урьдчилж хүргэсэн байх ёстой. Шаардлагатай бол сум, хорооныхоо дүрэмд оруулж байгаад ямар ямар материалыг иргэдэд урьдчилж хүргүүлсэн байх ёстой вэ гэдгийг гаргасан байх ёстой.
Баг, хорооны ИНХ-ын дүрмийг мөн төслийн хэмжээнд хийгээд байна. Манайд одоог хүртэл ИНХ-ын дүрэм, журмыг тогтоосон стандарт байдаггүй. Энд тэнд алаг цоог дүрэм, журамтай явдаг. Нийтлэг нэг төөрөгдөл гардаг. Ерөөсөө ИНХ гэхээр хэдэн хүн цугласан уулзалт гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ чинь өөрөө том институц. Өөрийн гэсэн дүрэмтэй байх ёстой. Зөвхөн хуралдаан гэсэн ойлголтоор огт хязгаарлаж болохгүй. ИНХ гэдэг институцынх нь хувьд ямар дүрэм журамтай байх ёстой юм. Хуралдаан ямар дэг журмаар явах ёстой юм гэдгийг бид зохицуулж шийдэж өгсөн байдлаар дүрмийн төсөл хийгээд байна.
Мөн Орон нутгийн санал асуулгын журмын төслийг хийсэн. Энэ ямар учиртай вэ гэхээр Монгол Улсын Үндсэн хуульд “Орон нутгийн тодорхой асуудлаар орон нутгийн иргэдийн дунд санал асуулга явуулж болно. Санал асуулгын дүн ньэцсийн шийдвэр болно” гэж заасан байдаг. Гэтэл үүнийг Монгол Улсад хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимид багш бидний хийж байгаа дүрмүүдийн төслийн нэг танилцуулга дээр хүрч ирээд “Үндсэн хуульд төлөөллийн ардчилал, шууд ардчиллын хэлбэрийг хооронд нь холбоод оруулчихсан байгаа. Төлөөллийн ардчилал нь орон нутгийн хэмжээнд болохоор ИТХ, шууд ардчиллын хэлбэр нь ИНХ байгаа юм. Манайхан яах ч аргагүй ИНХ-аа орхигдуулаад хаяад ирсэн нь үнэн. Үүнийг залруулах ажлыг та нар хийх ёстой шүү” гэж хэлж байсан. Энэ дагуу баг, хорооны ИНХ-ын дүрмийн төслийг хийгээд явж байна.
Ингээд харахаар Монгол Улс шууд ардчилал, иргэдийн оролцооны чиглэлээр төрийн бодлого байхгүйгээр өнөөдрийг хүртэл явж иржээ. Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны есдүгээр сарын 8-нд Улаанбаатар хотын хороодын иргэдэд зориулж, дараа нь 15-нд бүх аймгийн сумдын иргэдэд зориулж Иргэдийн оролцооны сургалтыг Төрийн ордонд хийсэн. Сургалт, зөвлөгөөн тус бүрт нь 1100 гаруй хүн оролцсон. Дараа нь иргэдээс гаргасан саналд үндэслэж есдүгээр сарын 19-нд “Дунд ба урт хугацааны стратегийн баримт бичиг” гэдэг баримт бичиг гаргаж баталсан. Дотроо стратегийн есөн том зорилттой, 2022 он хүртэл хэрэгжүүлэх баримт бичиг гаргасан. Үүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гурван жилийн хугацаатай үндэсний хөтөлбөр маягаар боловсруулаад эцсийн хувилбар руугаа ороод явж байна.

-Энэ сарын 25-нд энэ чиглэлээр томоохон арга хэмжээ хийх гэж байна уу?
-Үндэсний хөтөлбөрийнхөө төслийг энэ хоёрдугаар сарын 25-нд Улаанбаатар хотод, Төрийн ордонд зохион байгуулах Шууд ардчилал-иргэдийн оролцооны сургалт, зөвлөгөөн дээр танилцуулна. Энэ арга хэмжээнд Орон нутгийн сонгуулиар шинээр сонгогдож томилогдсон бүх сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг урьсан. Аймгуудын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Засаг дарга нарыг мөн уриад байна. 
Сургалт, зөвлөгөөнийг УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтарч хэрэгжүүлнэ. УИХ-ын дарга З.Энхболд нээж үг хэлнэ. Үдээс хойших сургалт, арга хэмжээг Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээнэ. Уг арга хэмжээг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлнэ. Ерөнхийлөгчийн институц, УИХ, Засгийн газраас иргэдийн оролцоог нэмэгдүүлж төвлөрлийг сааруулах чиглэлээр ямар бодлого баримтлах, ойрын хугацаанд юу хийж гүйцэтгэх талаар орон нутгийн удирдлагуудтай хамтдаа ярилцаж, тэдэнд зохих хэмжээний мэдээлэл өгнө. Хийх ажлын чиглэлээр нь удирдамж өгнө. Шууд ардчилал, иргэдийн оролцоог орон нутагт өрнүүлэхэд их түлхэц өгөхажил болно гэж бодож байна.
Төгсгөлд нь хэлэхэд төрийн гурван өндөрлөг, төрийн институциудаас зохион байгуулж байгаа энэ чухал арга хэмжээнд орон нутгийн удирдлагууд идэвхтэй оролцохыг дахин урьж байна. МҮОНТ, UBS телевизээр шууд дамжуулах энэ арга хэмжээг иргэд идэвхтэй үзэж сонирхож, иргэд ямар эрх дархтай болсон юм. Юу шийдэх эрхтэй болов. Засаг дарга, ИТХ-аасаа юуг нэхэж шаардах ёстой вэ гэдгээ сайтар мэдэж ойлгож аваарай гэж хэлье. 
Ерөнхийлөгчийн зарлигаар 2013 оныг Шууд ардчилал-иргэдийн оролцооны жил болгосны утга учир,Төсвийн хуулиар иргэд ямар их эрх дархтай болов гэдгээ ойлгож авах ёстой. Мөн Орон нутаг хөгжүүлэх санг иргэд өөрсдөө саналаа гаргаж мэдэж зарцуулдаг болж байгаа гэдгээ ойлгож, чухал ажилдаа идэвхтэй оролцоорой гэж хүсье.
Д.ОЮУНЦЭЦЭГ

No comments:

Post a Comment