Сар шинийн баярын өмнө УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй уулзан ярилцлаа. Цагаан сарын барилдаанд 11 жил дараалан түрүүлж, мөнхийн дээд амжилтын эзэн болсон Аварга төрийн жолоог арваад жилийн турш атгалцаж буй билээ. Тиймээс сүүлийн үед гол сэдэв болоод буй Оюутолгойн гэрээ болон үндэсний бөхөд үүсээд буй асуудал, энэ жилийн гол үйл явдал болох Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар үзэл бодлыг нь сонсов. Аваргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж магадгүй гэсэн сураг чимээ сүүлийн үед дуулдах болсныг ярилцлагын төгсгөлд лавласан юм. Ингээд танд ярилцлагыг толилуулж байна.
Төрийн хоймор хоосон, ардын суудал дүүрэн байдаг болжээ
- Өнгөрсөн жилийн наадмаар нэгийн давааны эхэнд та цэнгэлдэхийн хойморт ганцаархнаа суугаад үлдчихсэн байсан. Төрийн хоймрыг эзгүйдүүлэхгүй, бөх хүний хувьд зүлэг ногоон дэвжээндээ ойр байхын тулд ганцаараа сууж үлдэж дээ гэж хүмүүс ярилцаж суусан...
- Төрийн ёслолынхон үүнийг анхаармаар байгаа юм. Бөх гарахаас өмнө төрийн өндөрлөгүүд гараад явчихдаг. Наадмын хөтөлбөр нь тийм байдаггүй баймаар юм. Монгол наадам гэдэг бол төр, ард түмний хоорондын өвөрмөц нандин харилцаа, төрт ёсны түүхэн уламжлал юм. Бусад улс, үндэстэнд ийм соёл, уламжлал байдаггүй. Гэтэл одоо нэгийн даваа эхлэхэд ард түмэн суугаад үлддэг, эрх мэдэлтнүүд гараад явчихдаг. Ер нь эрх мэдэлтнүүд наадамд юмуу Бөхийн өргөөнд очихдоо өөрсдийгөө ард түмнийг гийгүүлж байна гэж боддог шиг. Гэтэл бусад улс орнуудад төрийн зүгээс иргэдтэйгээ аль болохоор хамт байхыг чухалд үздэг байна. Тухайлбал, Германд хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход канцлер нь кабинетын гишүүдээ тухайн хот руу, цэнгэлдэх рүү хуваарилан илгээж, тоглолтыг иргэдтэйгээ хамт үзэх, оролцох боломж олгосон байдаг. Ингэж л төр, ард түмний холбоог бэхжүүлдэг юм байна. Гэтэл манайд энэ байдал эсрэгээрээ эргэчихсэн. Бөхийн өргөөнд барилдаан боллоо гэхэд хоймор нь хоосон л байдаг. Миний хувьд аль аль талаа бодоод ядаж нэгийн давааны эхний хоёр дүйзийг гартал бөхөө үзээд суух нь зөв л гэж боддог.
- Цагаан сар дөхлөө. Битүүний барилдаан нөгөөдөр болох гэж байна. Та энэ барилдаанд 13 удаа түрүүлэхдээ 11-д дараалан түрүүлж, мөнхийн гэх дээд амжилтын эзэн болсон дархан аварга хүн. Цагаан сарын барилдааныг бэлгэшээн гойд хичээн барилддаг байв уу?
- Сар шинийн барилдаанд сайн барилдвал тэр жилдээ азтай, одтой байна гэж үздэг шүү дээ. Би ч ингэж л бодож, барилдаж байлаа. Залуу бөхчүүд гол нь бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Дэвжээ хүний хөлс, хөдөлмөрийг үнэлдэг. Мөн хийморь цог золбоогоо үргэлж өөд нь авч явах ёстой. Аз амны хишиг гэж байдаг. Залуусыг сайхан барилдаж, амжилтад хүрээсэй л гэж бодож байна.
- Сүүлийн үед цагаан сарын барилдаанд аймгийн цолтон түрүүлэх мэтээр түрүү бөхийг таахад бэрх болжээ. Тэгтэл таны үед Ц.Магалжав, Б.Ганбат нар үзүүр булаахад дуулиан болон яригдаж байсан. Одоо цагийн том цолтнууд цолондоо хүрч барилдаж чадахгүй байна уу?
- Үүнийг хоёр талтай гэж би үзэж байна. Нэг талаас бөхийн хөгжилтэй холбоотой. Дээр үед заалны барилдаанд 32, 64 бөх л зодоглодог байлаа. Гэтэл одоо 256 бөх барилдахад цаана нь барилдах хүсэлтэй залуус үлдэж байна. Олон тэмцээн уралдаан зохион байгуулж, МҮБХ бөхийн хөгжлийн төлөө их зүйл хийж байгаа. Нөгөө талаас миний үеийн бөхчүүд их спортоор хичээллэж, олон улсын уралдаан тэмцээнд оролцож, өндөр багтаамжтай, ачаалалтай бэлтгэл сургууль хийж байсан. Тиймээс их спортоор хичээллэж буй бөхчүүд бусдаасаа тасрах хандлага ажиглагдаж байсан. Харин одоогийн бөхчүүд их спортоор хичээллэх нь эрс цөөрч, зөвхөн үндэсний бөхөөр дагнах болсонтой энэ холбоотой.
Бөхөд амжилтаас дутахгүй жудаг чанар гэдэг зүйл бий
- Сүүлийн үед бөхийн жудаг муудаж байгаа тухай яригдах болжээ. Энэ талаар дархан аварга хүний хувьд юу гэж боддог вэ?
- Та намайг цагаан сарын барилдаанд 11 жил дараалан түрүүлснийг түрүүн дурьдсан. Энэ бол бөхийн зөвхөн амжилт. Гэтэл бөхөд үүнээс илүү зүйл байдаг нь жудаг чанар юм. МҮБХ-ноос жудаг чанараа эрхэмлэж явах тухай уриалга гаргаж, сургалт семинар хийж байгаа. Жудаг чанарыг эрхэмлэж сургахын тулд хүүхдэд багаас нь монгол бөхийг ойлгуулж мэдрүүлэх чухал. Тиймээс МҮБХ-той хамтран “Нутгийн салхи” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж, бүх Ерөнхий боловсролын сургуулийг бөхийн дэвжээтэй болгож, сурагчдад бөхийн мэдлэг олгох жудаг чанарт сургах ном сурах бичиг, гарын авлага бэлтгэж гаргаж байна. Үүнийг аймаг бүрт хэрэгжүүлж, ард түмний дэмжлэгээр ажил бүтэж л байна. Жудаг чанар гэдэгтэй нэг зүйлийг холбож ойлгох хэрэгтэй. Монголын түүхэнд эрчүүд гол үүрэг гүйцэтгэж ирсэн. Гэтэл одоо монгол эр хүний нэр хүнд уначихсан. Хүний үг, ажлын гар даах чадвар нь муудчихаж. Үр хүүхдээ өсгөж, хоёр талынхаа гэр бүлийг аваад явж чаддаг байх ёстой эрчүүд. Гэтэл юун хоёр талын гэр бүлээ авч явах, өөрийнхөө гэр орон бүр өөрийгөө ч аваад явах чадваргүй амьтан болж хувираад байна. Эр хүн доройтсон улс орон мөхдөг жамтай гэдэг. Тэр байтугай эр хүйстэн нь доройтсон амьтаны төрөл зүйл хүртэл устаж үгүй болдог гэж түүхчид, судлаачид дүгнэсэн байдаг. Тэгэхээр эрчүүд маань эхлээд эр хүн шиг эр хүн байх хэрэгтэй.
- Үндэсний бөхийн допингийн асуудал шүдний өвчин болжээ. Таны барилдаж байх үед иймэрхүү асуудал гардаггүй байсны учир юу байв?
- Бидний үеийн бөхчүүд их спортоор хичээллэж, олон улсын уралдаан тэмцээнд оролцдог тул допингийн асуудлыг маш сайн мэддэг байсан юм. Харин одооны залуучууд их спортоор хичээллэхгүй байгаа тул энэ талаар мэдлэг муутай. Допингийг хориглохоос аргагүй. Шударга өрсөлдөөн талаасаа, хүний эрүүл мэнд талаасаа үнэхээр хортой. Дэлхий нийтээрээ допингтой тэмцэж байгаа. Гэтэл зарим хүн манайд допингийн шинжилгээ авах хэрэггүй гэж ярих юм. Тийм байж таарахгүй. Харин ч бүр энэ асуудлыг чангатгах ёстой.
- Та одоо бэлтгэл хийж байна уу. Цаашид дэвжээндээ гарья гэж бодогддог уу?
- Би 2008 он хүртэл олон газар залуустай хамт бэлтгэл хийдэг байлаа. 2006 оны улсын наадмаар нэлээн дээшээ барилдья гэж бодож байсан ч шөвгийн дөрөвт үлдээд унасан. 2008 оноос хойш барилдааны бэлтгэл хийхээ больсон. Хамгийн гол нь насаа бодох хэрэгтэйг ойлгосон. Бас эрхэлж байгаа ажил албаны бололцоо байна. Гэхдээ Төрийн ордны дор байдаг подвольд ойр зуурын бэлтгэл хийж, гүйдэг. Тамирчин хүний хувьд огт дасгал хийхгүй байж бас чаддаггүй.
- Та шавь нарынхаа барилдааныг хараад сэтгэл хөдөлж, амжилтад нь нулимс унаган баярлах тохиолдол олширч байна уу?
- Начин цолны болзол хангаад, тугаа тойрчихоод ирэхэд багш, найз нөхөд тэврээд баярлан уйлж буйг харахад надад сонин, хэцүү ч юм шиг санагддаг байж. Гэтэл одоо өөр дээр ирдэг юм байна. Их уяхан зөөлөн болдог юм байна. Урлаг, спортынхон нас ахих тусмаа улам уян зөөлөн болдог юм болов уу даа.
- Таны шавь нараас олимпийн аварга, улсын наадмын түрүү бөх төрсөн. Тэднийхээ амжилтаар бахархах дуртай биз?
- Би шавь нараараа их бахархдаг. Найз нөхдийнхөө хамтаар “Аварга” дээд сургуулийг байгуулж, олон сайхан залуусыг бэлдэж, тэд маань нийгэмд хөлөө зөв олж, сайхан амьдарч явааг харахаар сэтгэл их өег болдог. Миний шавь нараас, манай сургуулиас олимпийн аварга, дэлхийн аварга, улсын наадмын түрүү бөх тодорсонд баярлаж, тэднээрээ бахархдаг. Хааяа нэг шавь нарынхаа амжилтыг хараад, бахдаад аньсага чийгтэй л явдаг юм.
- Таны шавь, арслан Х.Мөнхбаатар, мөн таны найз, МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж нар хэдэн сарын өмнө допинг, цолны найрааны асуудлаар маргалдан, олны өмнө зөрчилдсөн. Танд энэ явдал хэрхэн буув?
- Х.Мөнхбаатар надтай холбоо, харилцаа алга л байна. Эмнэлгийн байгууллагууд нь дүгнэлт, шүүх нь шийдвэр гаргадаг байдал үүсчихээр асуудлыг саармагжуулаад байх болж. Дэлхийд бол допингийн шинжилгээний хүлээн зөвшөөрөгдсөн лабораториуд байдаг. А сорьцын шинжилгээний хариуг тэр лабораториудаас наашаа явуулдаг. Манайд л А сорьцын шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй, Б сорьцыг шинжлүүлнэ гэдэг болохоос дэлхий нийтэд ийм зүйл байдаггүй. А, Б сорьцын шинжилгээ зөрвөл тэр лабораторийг татан буулгах хүртэл арга хэмжээг авдаг ёс тогтсон. Зөрнө ч гэж байдаггүй. Гэтэл манайд нэг эмч л магадлагаа гаргаад, бэртэл гэмтлээсээ болоод ийм эм, тариа хэрэглэсэн юм байна гээд сууж байдаг жишиг тогтчихсон. Тэгээд допингтой холбоотой асуудлыг шүүхээр шийдээд байх юм. Дэлхийн жишигт ийм зүйл байдаггүй. Манайхан ингэж л замруулж, монголчлоод байгаа юм. Энэ бол нэг хүний тухай асуудал биш, тогтсон зарчмаа л дагах ёстой юм шүү дээ.
Оюутолгойн хөрөнгө оруулагчид талхны булан хүртээгүй шүү
- Оюутолгойн гэрээний асуудал Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүрийн санааг зовоож байна. 2033 оноос нааш манай улс энэ гэрээнээс ашиг олохгүй бололтой. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
- Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2007, 2009 онд УИХ-аар орж хэлэлцэгдсэн байдаг. 2007 онд М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газрын үед хэлэлцэгдсэн гэрээ төсөл 2009 оныхоос хамаагүй дээр байсан гэж бид үздэг. 2009 онд баталсан гэрээ нь өмнөхөөсөө олон алхам ухарсан. Өмнөх гэрээнд нь байсан олон чухал заалт үгүй болсон. Оюутолгойн гэрээг батлахаасаа өмнө бид 1997 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулийн цоорхойг заавал нөхөх ёстой гэж үзэж, хууль өргөн барьсан. Гэвч бидний өргөн барьсан хуулийг хүлээж аваагүй.
Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар Монголын талын эзэмших хувийг нэмэгдүүлэх тухай чухал заалт бий. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд анхаарал сайн хандуулж, дараа дараагийн том орд газруудыг ашиглахад хэрэглэх шаардлагатай гэж үзэж байлаа. Нөөцийн, техник эдийн засгийн үндэслэлд тусгагдсан хөрөнгө оруулалт нэмэгдээд байгаа асуудал, Монголын ашиг авах хугацаа улам бүр хойшилсоор байгаа явдал, монгол ажилчид, байгаль орчны нөлөөллийн талаар тухайн үеэс эхлээд өнөөдрийг хүртэл бид анхааруулж, асуудал тавьсаар ирсэн байна. Бид зөвхөн шүүмжлэгчийн байр сууринаас хандаагүй. Хамтран ажиллаж, гэрээг сайжруулахыг хичээсээр ирсэн. Хамтарсан Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга Сү.Батболдыг огцруулах хэмжээнд хүртэл асуудлыг тавьж, нааштай алхамыг эхлүүлж, тодорхой өөрчлөлтүүдийг оруулж байсан. Тухайн үеийн Сангийн сайд Ц.Баярцогт УИХ дээр энэ нэмэлт өөрчлөлтүүдийн үр дүнд “Монголын талд хоёр тэрбумын ашигтай ажил боллоо” гэж мэдэгдэж байсан. Шинээр байгуулагдсан УИХ-д 26 гишүүн санал нэгдээд, Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлсэн. Оюутолгойн гэрээг засч сайжруулах, өөрчлөх, хуулийн хэрэгжилтийг хангуулах шаардлага тавьсан. Засгийн газар, яам холбогдох байгууллагад арав гаруй удаа хандаж, мөн халз мэтгэлцээн хийлээ.
Хувь эзэмшигчдийн хурал эхлэх гэж буй холбогдуулан Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар мэдээлэл хийж, үүсээд буй нөхцөл байдлын талаар ярьсан. Үүний дүнд хүмүүсийн ойлголтын зөрүү арилж, нэг байр сууринд нэгдлээ. Хөрөнгө оруулалт тодорхойгүйгээр нэмэгдсэн асуудал, монгол ажилчдын асуудал зэргийг тодорхой ярьсан.
- Намаржингаа Оюутолгойн зүгээс PR, сурталчилгаа явуулж, монголчуудад маш ашигтай байгаа тухай, өөрсдөд нь бага ашиг унаж буй мэтээр мэдээлж байсан. Гэтэл хэрэг дээр байдал эрс өөр байгааг хүмүүс сая л ойлголоо...
- Тийм ээ, 71 хувийн ашгийг монголчууд авч буй мэтээр, өөрсдөө дөнгөж 29 хувийн ашиг хүртэж буй мэтээр тэнцвэргүй, бодит байдалд нийцэхгүй мэдээлэл, сурталчилгаа их цацсан. Тэд талхны булан юмуу эсвэл хэдхэн бор шагай л авч буй мэт харагдахыг хүссэн. Энэ сурталчилгаа худлаа гэдгийг сая илчилж, иймэрхүү мэдээлэл цацсан хүмүүст хариуцлага тооцох ёстой гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн. Аливаа зүйл үнэнд гүйцэгддэг. Монголчууд үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг шүү дээ.
- Цаашдаа Оюутолгойн гэрээг хэрхэн засч, сайжруулах вэ. Одоо зүгээр яриад, илүү зарлага гаргахыг нь хараад сууж болохгүй байх...
- Цаашид шаардлагатай бол Монгол улс хууль эрх зүйн орчноо бүрдүүлэх замаар асуудлыг шийд гэсэн 57-р тогтоол өмнө нь УИХ гаргасан. Тиймээс Засгийн газар энэ ажлыг яаралтай хийх ёстой. Үндэслэлгүйгээр хөрөнгө оруулалт нэмэгдэж буй бол хасалтыг нь хийх ёстой. 68 хувийн гэнэтийн ашгийн татварын тухай хуулийг хүчин болгосонтой холбоотойгоор орлож оруулж ирсэн Өсгөн нэмэгдэх роялтын татвар төлөх тухай хуульд хамруулах ажлыг хийх хэрэгтэй. Өнөөдөр тэнд ажиллаж, амьдарч буй монгол ажилчдын нийгмийн асуудал, эрх ашгийг хамгаалж, хөдөлмөрийн үнэлэмжийг гадны ажилчидтай адил болгох ёстой гэх мэтчлэн олон асуудлыг шийдвэрлэх шаардлага гарцаагүй байна. Байгалийн асар их баялгийн эзэн орны хувьд эх орон, ард түмэндээ ашигтайгаар л гэрээг засч, сайжруулах ёстой шүү дээ.
Намайг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэдэг иргэдийн чөлөөт үзэл бодлын л илэрхийлэл
- Энэ жил Ерөнхийлөгчийн сонгуультай. Намууд өвөр зуураа хэнийг дэвшүүлэхээ хэлэлцэж буй биз. Гадуур гарсан сураг чимээг сонсвол таныг МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсийн тоонд багтааж буй юм билээ. Энэ талаар та ямар бодолтой явна вэ?
- Хэвлэл мэдээллийн хэрэгслээр иймэрхүү яриа гарсан юм билээ. Энэ бол хүмүүс өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж буй хэрэг л гэж бодож яваа. Тэрнээс биш албан ёсоор яригдсан, хэлэлцсэн зүйл байхгүй. Улс эх орныхоо нийтлэг эрх ашгийн төлөө, ард түмнийхээ дуу хоолой болохын төлөө зүтгэж чармайж ажиллаж яваа. Миний хувьд УИХ-д гурван удаа сонгогдлоо. Энэ маань ард түмнийхээ хүрээлэл итгэлийг хүлээж буйн илрэл болов уу улам хичээнэ гэж боддог.
- Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн асуудал намууд дотор яригдаж, цаагуураа шийдэгдэж байгаа болов уу гэж хүмүүс таамаглаж суугаа...
- Голлох хоёр улс төрийн хүчин, тэр дундаа том улс төрийн хүчин болох МАН-ын хувьд бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бололцоотой улстөрчид маш олон байгаа. Хуулийн дагуу нэр дэвших хугацаа болоогүй байгаа тул хэн нэгний талаар тодорхой зүйл ярих боломж байхгүй юм.
Ярилцсан Р.Гэгээ www.new.mn
No comments:
Post a Comment