Wednesday, 27 February 2013

Б.Галаарид: Хувийн хэвшлийнхэн хэвлэл мэдээллийн салбарыг чирч яваа

Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридтай ярилцлаа.

-Үндэсний сэтгүүлзүй үүс­сэний 100 жилийн ой ирэх сарын 6-нд тохиож буй. Чухам яагаад энэ өдөр Монголд сэтгүүлзүйн салбар үүссэн гэж үзэх болов. Түүхэн үндэс, үүслээс нь дурдвал?
-Монгол хэлээр тогтмол хэв­лэл гарч эхэлсэн түүх бол эртнийх. 1895 онд Читад буриад, монгол, орос хэл дээр анхны сонин гарч байсан гэдэг. Дараа нь манжууд ч нэлээд олон сонин гаргаж байсан. Өвөр Монголчуудад зориулж, манай­ханд ч зориулж монгол, хятад хэл дээр хэвлэл гаргасан байдаг юм. Энэ бол гадны улсууд өөрсдийн бодлогоо монголчуудад сур­талч­лах, нөлөөгөө тэлэхийн тулд бод­логоор гаргаж байсан сонинууд. Монголын сэхээтнүүд нэгдэж ний­лээд анхны тогтмол хэвлэлээ гар­гаж байсан өдөр нь бол 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр байдаг юм.
Тэр өдөр Ж.Цэвээн тэргүүтэй үндэсний сэхээтнүүд монгол хэл дээр "Шинэ толь хэмээх бичиг" нэртэй тогтмол хэвлэл гаргасан. Эхний дөрвөн дугаар нь 50-60 хуудастай, сэтгүүл хэлбэртэй. Харин дараагийн 16 дугаар нь сонин хэлбэрээр гарч байгаад 1915 оны Хиагтын хэлэлцээрийн үеэр хаагдсан байдаг.
Яагаад хаагдсан гэж хэлж бай­на вэ гэхээр "Юу болохыг дараа үзээрэй" "дараагийн дугаарт үр­гэлж­лэлийг нь үзээрэй" гэж төгс­гөсөн хэд хэдэн материал сүүлчийн дугаарт нь байдаг. Үүнийг суд­лаачид үргэлжлээд гарах гэж бай­сан сонин юм байна. Тодорхой нөхцөл шалтгааны улмаас хаагд­жээ гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Богд хаант Монгол Улс Манжийн дар­лалаас гарч эрх чөлөөгөө олж аван үндэсний ардчилсан хувьсгалаа хийгээд өөрийн гэсэн анхны тогт­мол хэвлэлтэй болсон өдөр нь энэ юм. Энэ утгаар нь бид зуун жилийн ой хэмээн тэмдэглэе гэж тогтсон. 1992 оны үед байна уу даа, дол­дугаар их хурлын үеэр энэ асууд­лыг хөндөж байсан юм билээ. Олон жил ярьж байгаад өнөөдөр яалт ч үгүй зуун жилийн ой, тэгш ой тохиож байна. Үүнийг бид ярих ёстой гэж үзээд Монголын сэт­гүүлчдийн эвлэл өнгөрсөн оны гуравдугаар сарын 6-нд "Ирэх жил зуун жилийн ой болно. Нэг жилийн дотор бүтээлч ажил хийцгээе" гэж аянаа зарласан. Ингэж эхэлсэн ажил.

-Нэг жилийн дотор аяны хү­рээнд ямар ажлууд ам­жуулав?
-Бид нэг жилийн хугацаанд олон ажил хийжээ. Монголын сэтгүүлзүйд яалт ч үгүй түүхэн гэж хэлж болохоор онцгой утгаараа анхдагч болсон байгууллагуудад гэрчилгээ олгож, анхдагч мөн гэд­гийг нь мэргэжлийн байгууллагууд бат­ламжилсан. Хориод байгуул­лагыг батламжилсан.
Сэтгүүлзүйн түүхийг тодотгох талаар нэлээд оролдлогуудыг хийж эрдэмтэн судлаач, цуг­луу­лагчид, хувь хүмүүст захиалга өгч хэд хэдэн ном бичүүлж байна. Зарим  нь ойн өмнө амжиж гарна. Заримыг нь энэ ондоо багтааж гаргана. Ер нь 2013 оныг бүхэлдээ зуун жилийн ойн жил гэж үзэж байгаа учраас цааш нь үргэлжлээд хийх олон ажил байгаа.

-1990-ээд оноос хойшхи Мон­голын сэтгүүлзүй бараг судлаг­даагүй гэцгээх юм?
-Манай түрүү үеийн сэтгүүлзүйн түүх сайн судлагдсан. Дэлэг, Но­ров­сүрэн, Баасансүрэн гээд хүмүүс их олон талаас нь нягтлаад судал­чихсан учраас тэр сэтгүүлзүйн түүх дээр бид нэг их гайхаад эргэлзээд байх зүйл алга. Үзэл суртлын өнцгийг нь авчих юм бол тэр түүх түүхээрээ л байна.
Гэтэл энэ зуун жилийн түүхийн ач холбогдлоороо ная гаруй хувийг нь эзлэхүйц онцгой содон үйл явдал болсон 1990-ээд оноос хойшхи сэтгүүлзүйн түүх судлах эзнээ хүлээгээд задгай байж бай­на. Энэ хооронд түүх гуйвж байна, мартаж байна, бүр өөрсдөө, эзэн нь хүртэл юмаа мартаад байна. Энэ түүхийг сануулах үүд­нээс бид эхний ээлжинд судлаачдад гарын авлага болохуйц номуудыг хийе гэж их сургуулийн тэнхимийн Ч.Чой­самба докторт захиалаад "Хам­гийн хамгийн" гэдэг ном хийл­гэж байна.
Сэтгүүлзүйн академи дээр Ү.Хү­рэл­баатар доктор ахлаад "1000 сэтгүүлчийн намтар"-ыг энэ ондоо багтаан гаргах гээд ажиллаж бай­на. Одоогоор хоёр мянга гаруй сэтгүүлчийн намтар ирчихээд бай­на. Цаашид нэмж ирэхээр байна. Эхний ээлжинд мянган сэтгүүлчийн намтрыг гаргаа­д үлд­сэнийг нь нэгтгээд Сэт­гүүлчдийн мэдээллийн нэгдсэн сантай болъё гэсэн ажил хийж байна. Өнгөрсөн хугацаанд бас нэг сонирхол татах юм нь юу байна вэ гэхээр манай сэтгүүлзүйд ялангуяа социализмын үед хэл­мэгдсэн, баривчлагдсан түүх бай­даг. Жишээ нь, Г.Жамъян гуайн "Гавьяа" найрууллын мөрөөр хо­риод хүн хэлмэгдэж, хэвлэл мэдээ­лэлд ажил­лаж байсан олон хүн ажлаасаа халагдаж, өөр ажилд томилогдож, цөлөгдөж байсан түүхийг бид гаргаж Монголын сэт­гүүлчдийн байгууллага анх удаа гишүүдээсээ уучлал гуйсан. Улс төрийн тодорхой нөхцөл шалт­гааны ул­маас тухайн үед хамгаалж ча­даагүйнхээ төлөө уучлал гуйсан юм. Уг найрууллаас болж бөөнөөр хэлмэгдсэн ийм түүх байна. Бас сэтгүүлч Цэдэндорж тухайн үеийн улс төрийн тогтолцоог шүүмжлэн бичсэнийхээ улмаас шоронд суу­сан. Шоронд 50 гаруй хоног улс төрийн өлсгөлөн зарлаж байсан энэ түүх ч тэр үед хамаардаг. Энэ сэт­гүүлчээс бид уучлал гуйсан.
Гэтэл дараа нь барууны хэв маягийг оруулж ирж, хөрөнгөтний үзлийг түгээн дэлгэрүүлэх гэсэн шалтгаанаар нэлээд сэтгүүлч то­дор­хой хэмжээгээр хохирч, га­дуурхагдаж байсан түүх ч байдаг.

-Тухайн улсын сэтгүүлзүйг эрүүл, хүчтэй байлгадаг нэг чухал чиглэл нь эрэн сур­валж­лах байдаг. Зарим суд­лаачид одоо эрэн сурвалжлах чиглэ­лээр бичдэг сэтгүүлч цөөрсөн гэх болжээ?
-Эрэн сурвалжлах сэтгүүлзүй нь эр зориг, иргэний ухамсар, хөрөнгө, цаг хугацаа шаарддаг их хэцүү чиглэл л дээ. Цаг зав, хөрөнгө зарцуулж, сэтгэлээ гаргаж яваад эрсдэл дундуур туулаад үнэнийг гаргаж ирдэг сэтгүүлч цөөхөн бай­даг. Энэ утгаараа эрэн сур­валжлах сэтгүүлзүй эрсдэлтэй, өртөг өн­дөртэй гэж тооцогддог. Гэхдээ манайд байгаагүй биш байсан. Янз бүрийн цаг үед бо­лохгүй байгаа асуудлыг хөндөж бичдэг, дэлгэдэг байсан. Эсвэл олон жи­лийн өмнө бичиж байхад тухайн үед худлаа гээд төр засгаас нь дарж байсан нь өнөөдөр үнэн болоод буцаад гараад ирж байгаа тохиолдол олон л байна шүү дээ. Тэрэн дунд танай "Өдрийн сонин"-ыг онцолж хэлье. Танай сонин олон жилийн турш сөрөг хүчний сонины үүргийг гүйцэтгэж ирсэн. Сөрөг хүчний сонин байхад нэг давуу тал байдаг. Эрх баригчдын болохгүй байгаа бузар булай, булхай, нуун дарагдуулсан үнэнийг илчилж тавьдаг. Энэ ч утгаараа "Өдрийн сонин" олон жилийн турш нийгмийн анхаарлыг татсан хурц дайчин нийтлэлүүдийг нийтэлж ирсэн. Сайн сэтгүүлчдийг тө­рүүл­сэн сонин. Нийгмийг эрүүл­жүүлэх үүргээ сөрөг байр суурьтай сонин илүү сайн гүйцэтгэж чаддаг. Тэгж ажиллах боломж харьцангуй өн­дөр байсан учраас "Өдрийн сонин" хамгийн олон уншигчтай, нэр хүнд­тэй, олон хүн хүсэн хү­лээдэг сонин болж хувираад байна.
Улс орон, ард түмний хувь заяа, эдийн засагт ч юм уу, бусад бай­далд хор хохирол учруулахуйц буруу үйлдэл хийчихээд ялангуяа эрх баригчид түүнийгээ нуун да­рагдуулах гэж их хичээдэг. Үүний­гээ ард түмэн битгий мэдээсэй, битгий тэдэнд гаргаж харуулаасай гээд маш их мөнгө төлдөг. Нуух юм байхгүй. Манай сэтгүүлзүйд энэ мөнгөнөөс нь хувь хүртдэг хүмүүс байж л байдаг. Гэхдээ яах вэ, энэ үзэгдлийг цаг хугацаатайгаа ули­ран алга болох байх гэж боддог. 1990 оны сэтгүүлзүй, 2000 оны сэтгүүлзүй, тэр битгий хэл гурван жилийн өмнөх сэтгүүлзүй одоо­ныхоос огт өөр л байна шүү дээ. Явцын дунд цэвэршээд, өөр өөрий­гөө цэвэрлээд, мэргэж­лийнхээ нэр хүндийг өндөрт өргөөд явах цаг үе ирнэ гэдэгт итгэдэг юм.
Зуун жилийн ойн босгон дээр хэвлэл мэдээллийн салбарт ажил­лаж байгаа ялангуяа үүнд хөрөнгө оруулж буй эздэд хандаж баяр­лалаа гэж хэлье. Яагаад гэвэл ийм их хэл амтай, эрсдэлтэй, ашиг муутай салбар руу хөрөнгө оруу­лаад энэ олон хүнийг тэжээгээд явж байна. Үндсэндээ манай салбар МҮОНРТВ, "МОНЦАМЭ" агент­лагийг эс тооц­вол хувийн хэвшил дээр л тогтож байна. Хувийн хэвш­лийнхэн энэ том салбарыг чирч яваа. Сайн муу юм олон. Гэхдээ сайн нь их. Ирээдүй бий гэж боддог. Энэ их өрсөлдөөн дундаас чанар гарч ирж л таарна. 

-Монголын сэтгүүлчдийг га­даадын сэтгүүлчидтэй харь­цуулахад ямар давуу тал ажиг­лагддаг вэ?
-Манай сэтгүүлчид иж бүрэн байж чаддаг. Өөрөөр хэлбэл, ямар ч сэдвээр бичиж чаддаг. Барууны сэтгүүлзүйд тодорхой нэг мэргэжил эзэмшээд тэрэндээ суурилаад чиглэсэн, дагнасан нарийн мэр­гэшсэн сэтгүүлч байх ёстой гэдэг. Анагаах ухааны сэтгүүлч гэхэд зөвхөн анагаах ухааныг бичих биш зөвхөн шүдний өвчлөлийн чиг­лэлээр бичдэг ч юм уу ингэж нарийн мэргэшсэн байх ёстой гэдэг шал­гуур тавиад байдаг юм. Гэтэл манайхан аль ч чиглэлээр бичиж чаддаг. Үүнийг бид давуу тал гэж хардаг. Мэдээллийн урсгал дун­даас хэрэгтэй, чухлыг нь олж ха­раад нэгтгэн дүгнээд олон нийтэд мэдээлэх чадвар нь л байж байгаа тохиолдолд олон талын мэдлэгтэй байх нь маш сайн.

-Сэтгүүлзүйн салбар манай хамгийн ууган салбарын нэг мөн үү?
-Зуун жилийн ой гэдэг тэр бол­гон салбарт тохиолдоогүй ой. Богд хаант Монгол Улс дөнгөж бай­гуулагдаад хамгийн түрүүлж бий болгосон үйлдвэрлэл нь хэвлэх үйлдвэр байсан. 1912 оны сүүлээр хэвлэх үйлдвэр ашиглалтад оруул­сан. Өнгөрсөн жил хэвлэх үйлд­вэрийн салбарынхан зуун жилийн ойгоо тэмдэглэсэн шүү дээ. Тэрнээс хэдхэн сарын дараа сонин бий болгосон байдаг юм. Тэгэхээр өнөөдөр бид ийм чухал зүйлийг төр засаг нь ч, бүх шатны албан тушаалтнууд, сэтгүүлчид, хэв­лэл мэдээллийнхэн нь ч тэмдэглэх ёстой том ой. Тийм ч учраас ирэх сарын 6-нд төрийн өндөрлөгүүд энд анхаарал хандуулах байх. Нийгэм ч анхаарал хандуулах байх. Сэтгүүлчид угаасаа догдлон хүлээж байна.
Бүгдээрээ зуун жилийнхээ аж­лаа сайхан дүгнээд дараагийн зуун руугаа итгэл төгс, баяр баясалтай, өөдрөг тэмүүлэлтэй алхаж орох бэлгэдэлтэй ийм өдөр гэж гурав­дугаар сарын 6-ны өдрийг харж байгаа.
Манай сэтгүүлзүйг өдий зэрэгт хүрэхэд хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмадууд, хэвлэл мэдээл­лийн салбарынхан, энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж хөрөнгө оруулж, сэтгэлээ зориулж яваа бүх хүмүүст, хамтран ажилладаг бай­гууллагууд, ерөөсөө сэт­гүүлзүй, хэвлэлийн эрх чөлөөг ойлгодог, сэтгүүлзүйн салбарыг үнэлдэг бүх хүмүүст зуун жилийн ойн баярын мэндийг хүргээд, баярлалаа гэж хэлье.

-Гуравдугаар сарын 6-ны өдөр ёслолын ямар үйл ажил­лагаа болох вэ?
-Бид ойн баяраа даруухан, цомхон хийж байгаа. Монголд тодорхой харьяалсан яамгүй, яа­хав хүчлэн харьяалбал боловс­рол руу нэг хэсэг нь, соёл урлаг руу нэг хэсэг нь харьяалагдаж болох бо­ловч багцаараа харьяалагдсан яамгүй ганц салбар байгаа нь сэтгүүлзүй. Ийм салбарын ойг тэмдэглэнэ гэдэг энэ салбарт ажил­лаж байгаа хүмүүсийн өөрс­дийнх нь хүсэл зоригоос хамаарсан ажил юм. Манайхан ойгоо сайхан тэм­дэглэх гэж хичээж байна. Цомхон ажил хийнэ. Төрийн ордны нээлт­тэй болсон музейд зуун жилийн хугацаанд шилдэг гэрэл зурагчдын авсан зургаар үзэсгэлэн гаргана. Төрийн ордонд баярын хурлаа хийнэ. Баярын хурал ямар болдог вэ, тэр жаягаар л болоод өнгөрнө.
Яагаад ингэж цомхон тэм­дэг­лэж байна вэ гэхээр 2013 он тэр чигээрээ бидний ойн жил. Бүг­дээрээ дор бүрнээ бүтээлч ажил хийгээд, үүх түүхээ яриад, бахархах зүйлээ олон нийтэд дэлгэж үзүү­лээд бүтэн жилийн турш сэт­гүүл­зүйгээр амьсгалах боломж цаана нь үлдэж байгаа учраас эхлэлийн цэгийг цомхон хийж байгаа юм.
Д.ГАНСАРУУЛ
Өдрийн сонин

No comments:

Post a Comment