Monday, 4 February 2013

Ч.Хашчулуун: Мөнгө тараасан нь хамгийн том алдаа

Эдийн засагч Ч.Хашчулуунтай цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн онд манай улсын эдийн засаг арав гаруй хувийн өсөлттэй гарсан. Та энэхүү өсөлтөө хадгалж үлдэхийн тулд экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэлээ. Экспортын дийлэнх хувийг эзэлж буй нүүрсний экспортыг хангах гол үндэс нь төмөр зам байх нь гарцаагүй. Тэгэхээр төмөр замыг хэрхэн тавибал манай улсад ашигтай байх вэ?
-Ямар ч эдийн засагч нэн тэргүүнд зах зээлд ойрхон замыг сонгох нь гарцаагүй. Бид хүссэн ч эс хүссэн ч урд хөрш рүү эрдэс баялгийнхаа ихээхэн хэсгийг нийлүүлэхэд хүрч буй. Төмөр замыг ямар байдлаар ч болов яаравчлах хэрэгтэй байна. Алийн болгон байгалиа сүйтгэн, хүмүүсийнхээ амь насыг дэнчинд тавин автозамаар хүнд даацын машинаар нүүрсээ зөөх вэ. Одоогоор томоохон уурхайнууд ашиглалтад ороогүй байна. Жижиг Тавантолгойгоос олборлох төдийд ийм их хохирол амсч буй юм чинь хойшид байгаль экологид ямар сүйрэл учрахын одоогоор таашгүй. Нөгөөтэйгүүр экспортоо нэмэгдүүлэхэд урагшаа чиглэсэн төмөр зам нэн тэргүүнд хэрэгтэй. Гуравдугаарт гэвэл Засгийн газар Тавантолгойн IPO хийх гэж бэлдэж байгаа. Энэ ондоо амжихгүй ч ирэх жил хийж л таарна. Тэгэхээр IPO хийхэд бараа бүтээгдэхүүнээ хэнд яаж хүргэх вэ гэдэг нь тодорхой байх учиртай. Төмөр зам тавихгүйгээр хөрөнгө оруулагчдыг татах боломжгүй. 

-Төмөр замын царигийн хувьд ихээхэн маргаан дагуулж байна. Таны хувьд энэ талаар юу хэлэх вэ?

-Төмөр замын царигийн хувьд нарийн байх нь зөв санагддаг. Эдийн засгийн талаас нь харахад шүү дээ. Өөр сонголт байхгүй. Хэрэв бид урагш чиглэсэн замаа өргөнөөр баривал хоёр зуу орчим км яваад ачаа шилжүүлэх шаардлагатай болно. Ачаа шилжүүлэх төвийг асар өндөр үнээр байгуулна шүү дээ. Түүнээс гадна ачаа эргэлтийг удаашруулах, зардал нэмэгдүүлэх бас нэгэн шат дамжлага үүснэ л гэсэн үг. 

-Тавантолгойгоос Сайншанд хүртэл өргөн төмөр зам тавина гэж байгаа. Үүнтэйгээ яаж холбогдоно гэсэн үг вэ?

-Ачаа шилжүүлэх төвөө хил дээр биш Тавантолгойд байгуулж болно шүү дээ. Урдаас ирж буй ачаа Улаанбаатар руу орж ирэхэд ч тэнд л шилжүүлдэг байж болно. Эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай, төрөөс баталсан төмөр замын бодлоготой нийцсэн  шийдэл энэ. Одоогоор Тавантолгойгоос Сайншанд хүртэлх төмөр замын судалгаа дуусаагүй байгаа. Эцсийн зураглал ч гараагүй байна. Тиймээс экспортоо нэмэгдүүлье, дэлхийн худалдаанд оролцъё гэвэл урагш чиглэсэн нарийн төмөр замыг яаравчлан тавих хэрэгтэй.

-Манай улс далайд гарцгүйн дээрээс Орос, Хятад гэсэн хоёр хөршөөс байнгын хамааралтай явж ирсэн. Хойшдоо ч тийм л байна. Тэгэхээр хоёр хөршийн төмөр замын бодлоготой шинэ төмөр зам маань хэрхэн  холбогдож байгаа бол?

-Хоёр хөршийн бодлоготой уялдуулалгүй төмөр зам бахрих ямар ч боломжгүй. Хятадын хувьд Өвөрмонгол, Уйгар, Шинжанийн төмөр замыг өргөтгөж байгаа. Эл замыг Төв Азиар дамжуулан Турк, Европтой холбох сонирхолтой байгаа. Оросын хувьд ч манай улсын дотоодын төмөр замыг өргөн стандартаар тавиулах сонирхол байгаа. ОХУ бол өөрөө асар их ашигт малтмалтай. Нүүрс, төмрийн хүдэр, газрын тосоор баялаг орон. Ерээд он хүртэл оросууд газрын тос, хийг л гаргаад бусад баялагаа дотооддоо үйлдвэрлэлд ашигладаг байсан бол одоо бодлого нь эрс өөрчлөгдөөд байгалийн баялагаа дэлхийн зах зээлд борлуулах сонирхолтой болсон. Үүний дагуу зүүн хэсгээ хариуцсан тусгай корпораци байгуулан Хятадыг чиглэсэн төмөр зам барих бодлого баримталж  эхэлсэн. Түүнээс гадна Тувагийн нутагт 15 тэрбум тоннын нөөцтэй нүүрсний орд нээсэн. Дэлгэртээхийн орд бас бий. Энэ бүгдийг яаралтай Хятад руу нийлүүлэх сонирхол бий. Москвагаас тусгай компани илгээн төмөр зам тавьж эхлээд байна. Орос Хятадын зах зээлд нүүрсээ нийлүүлээд эхэлчихвэл манайд ашигтай гэж үү. Тэгэхээр энэ бүх эрх ашгийг харгалзахаас гадна өөрийн орны ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих ёстой. Биднийг царигийнхаа өргөн, нарийнийг шийдээгүй, барих хүмүүсээ ч сонгоогүй байтал Оросууд нүүрсээ хятадад нийлүүлээд эхэлчих вий гэсэн болгоомжлол байгааг  нуугаад яахав. 

-Оросоор транзит хийх нь зөв шийдэл мөн үү?
-Оросоор транзит хийх нэн хэцүү. Оросоор транзит хийх замын урт Хятадаар явах замаас тав дахин урт байгаа. Дээрээс нь зардлын хувьд хямд биш. Боомт дээрээ Оросын өөрийнх нь нүүрсээр дүүрсэн байдаг. Тийм учраас хугацаа, өртгийн хувьд  илүү үнэтэй тусна. Сүүлийн таван жилд манай улсын төмөр замд ахиц дэвшил гарсангүй. Дараагийн таван жилд ч дэвшил гарах магадлал бага байна. Тиймээс төмөр замаа яаралтай тавьж, хятадын зах зээлд нүүрсээ гаргах, цаашлаад хятадаар дамжуулан Солонгос,  Японд нийлүүлэх ажлыг эхлүүлэх хэрэгтэй байна. Өөр эргэлзээ байхгүй. 

-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад дотоодын хувийн хэвшлийнхнийг илүүтэй дэмжсэн байр суурийг баримталсан гэж байгаа. Энэ нь хэр зөв шийдэл гэж та бодож байна вэ?

- Ашигт малтмалын тухай хуулийн тухайд би эдийн засагчийн байр сууринаас саналаа хэлье. Манай улс дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон. Гишүүн орнуудын хувьд олон улсын өмнө хүлээсэн нэг үүрэг бол компаниудыг дотоод гадаад гэж ялгахгүй гэсэн зарчим байдаг. Энэ үүднээс харвал дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ зөрчиж буй хэрэг. Нөгөөтэйгүүр байгалийн нөөц гэдэгт жимс, загас ч орно. Өөрийн чинь ишлэснээр бол “Жимсийг ганцхан монгол хүн түүнэ. Загас барих ажилд гадаад хүн орж  болохгүй” гэвэл инээдтэй сонсогдоно биз дээ. Ашигт малтмал ч ялгаагүй. Тэгэхээр одоохондоо гадны оролцоог хэт хязгаарлах нь буруу юм. Гадны улс орнуудын хувьд хөрөнгө оруулахыг хязгаарлаад эхэлбэл  зах зээлд нь бараа бүтээгдэхүүнээ борлуулахад хүндрэл гарах магадлалтай. 

-Монгол Улсын Засгийн газар “Чингис бонд” гаргасан. Одоогоор бондын хөрөнгийг юунд зарах нь тодорхойгүй байгаа. Эдийн засагч хүний хувьд бондын хөрөнгийг юунд зарцуулах нь ашигтай гэж зөвлөх вэ?

-Олон улсын практикаар бол улс орныхоо хөгжлийн болон хөрөнгө оруулах төслийнхөө төлөвлөгөөг боловсронгуй болгосны дараа бонд гаргадаг. Гэтэл  манай Засгийн газар  юунд зарахаа тодорхойлоогүй байхдаа бонд гаргачихлаа. Ямар ч бодлогогүйгээр зээл авах нь цаг хугацаа алдах тал байдаг. Миний хувьд хөгжлийн бодлого нэгдүгээрт, хөрөнгө оруулалтын бодлого хоёрдугаарт байх учиртай гэж боддог. Ер нь бол мөнгө зээлнэ гэдэг буруу хэрэг биш. Монголын хувьд санхүүгийн зах зээлд хөрөнгө мөнгө дутмаг байгаа болохоор бонд гаргасан нь зөв. 1,5 их наяд төгрөг гэдэг нэг талаас их мөнгө мэт боловч томоохон төслөөр тооцвол хүрэлцэхгүй ч байж мэдэх хэмжээ. Санхүүжүүлэхээр ярьж буй зарим төсөл нь 1,5 их наядаас хол давсан төсөл сонсогдож байгаа. Гэтэл таван жилийн дараагаас мөнгөө төлж эхэлнэ. Тэгэхээр цаг хугацаа алтаар үнэлэгдэж байгааг анзаарч, хамгийн ашигтай төслийг л санхүүжүүлэх хэрэгтэй байна. 

-Үе үе сөхөгддөг ч одоогоор шийдэлд хүрээгүй нэг асуудал бол төрийн банкны хувьчлал. Таны бодлоор банк хувьчлах нь хэр зөв шийдэл вэ? 
-Төрийн банкыг Зоос банкны суурин дээр байгуулсан гэдгийг хэн бүхэн мэдэж байгаа. Зоос банкны муу зээлийг төр үүрээд доголдолгүй үлдсэн хэсэгт түшиглэн Төрийн банкыг байгуулсан шүү дээ. Өнгөрсөн жил Төрийн банк ашигтай ажилласан гэж сонссон. Тэгэхээр яваандаа Төрийн банк арилжааны үйл ажиллагаа явуулсаар байх нь тодорхой тул төрийн зуун хувийн хөрөнгө оруулалттай байх нь зохимжгүй. Тиймээс хувьчилж л таарна. Ингэхдээ анх байгуулахад гарсан зардлыг нөхчих юм бол төр хохиролгүй үлдэнэ. Гэхдээ харин Төрийн банкыг хувьчлах цаг болсон гэхэд арай эрт байна. Эрсдлийг судалж, үнэд хүрэх үеийг нь олж хувьчлах учиртай. 

-Манайхан жилдээ ганц тохиодог цагаан сарын баяраар бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөдөг. Гэтэл бусад улс оронд бол баярын үеэр хямдардаг. Манайд эсрэгээрээ байгаа үнийн өсөлтийг сааруулахын тулд Засгийн газар юу хийх ёстой вэ?
-Үнийн бодлого гэдэг манайх шиг хөгжиж буй орны хувьд онцгой анхаарах асуудлын нэг. Засгийн газраас үнэ тогтворжуулах төрөл бүрийн төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь сайн хэрэг. Гагцхүү тэр нь ямар үр дүнтэй байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Юуны өмнө бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмбэл үнэ буурна. Гэтэл манай улсын зах зээл гадаадын монополь байдалд орчихоод байдаг. Төмөр замын асуудал л гэхэд гадны хараат байна. Цахилгаан, шатахууныг ч нэг л улсаас авч байна. Хуучин гурилыг ч голчлон гадаадаас авч байсан. Харин “Атрын аян” өрнүүлснээр улаан буудай, гурилын хувьд гадны гар харахааргүй болсон. Ян үүнтэй адил цахилгаан, шатахууныг дотооддоо дорвитойхон үйлдвэрлэж байж үнийн савлагааг барьж чадна. Дийлэнх хэрэглээний барааг урд хөршөөс импортолдог. Тэгэхээр хятадад хэдий хэрийн инфляци байна тэр чигээрээ манай эдийн засагт орж ирдэг. Хятадад орон сууц, барилгын материал, түүнийг дагаад хүнсний барааны үнэ өсч байна. Өнөөдөр л гэхэд Хятадад цагаан будааны үнэ өссөн гэсэн мэдээлэл гарсан байсан. Тэгэхээр Монгол Улс  үах үээлийн нээлттэй бодлого барьж буй тохиолдолд дэлхийн зах зээлийн “шок”-оос ангижирахад нэн хэцүү. 

-Үнэ өссөнөөс хүмүүсийн цалин хөлс үнэгүйддэг. Тиймээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг  нэмэх шаардлагыг МҮЭХ-оос Засгийн газарт хүргүүлсэн. Энэ нь инфляцийг хөөрөгдөх аюултай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ талаар та ямар бодолтой банйа вэ?
-МҮЭХ болон бусад байгууллагаас үнэ өсөхөд цалин нэмэхийг шаарддаг. Үүнийг Засгийн газар тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Гэхдээ цалингийн өсөлт нь үнийн өсөлтийн суурь болох биш үнийн өсөлтийг нөхөх байдлаар тооцох нь зүйтэй юм. Үүнийг дэлхий нийтийн хэмжээнд индексжлэх арга гэдэг. Нөгөө нэг арга нь бүтээмжийн арга. Манайд бүтээмжийн өсөлт жилд 8-10 орчим хувьд эргэлддэг. Тэгэхээр цалингийн өсөлтийг энэ хэмжээнд нэмэхэд эдийн засгийн хувьд боломжтой гэж бодож байна. 
-Та өмнө нь Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороог удирдаж байсан хүний хувьд  тус хорооны залгамж болсон Эдийн засаг, хөгжлийн яамны ажилд ямар дүн тавих вэ?
-Эдийн засгийн хөгжлийн бодлогыг барих гол байгууллагын хувьд дөрвөн баримтыг гаргах ёстой гэж боддог. Нэгдүгээрт Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлоготой байх. Энэ нь аль нэг нам, улстөрийн хүчин зүйлээс хамаарахгүй тусгаар тогтносон улсын бодлого байх  юм. Хоёрдугаарт дунд хугацааны буюу 4-5 жилийн хугацаанд Монгол Улс ийм ийм зүйл бүтээнэ гэдэг нь тодорхой байх. Дунд хугацааны бодлогод аж үйлдвэр, дэд бүтцээ оруулж болно. Бид 2011 онд дунд хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулаад Засгийн газраар батлуулсан байсан. Мэдээж Засгийн газар өөрчлөгдсөн болохоор тэр бодлого солигдсон гэсэн үг юм. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн яам бодлогоо тодорхойлж буй биз ээ. Бас нэгэн зайлшгүй байх зүйл нь хөрөнгө оруулалтын бодлого. Хөрөнгө оруулалтынхаа хэдэн хувийг төр, хэдэн хувийг хувиийн хэвшлээс татах нь эл бодлогод тусгагдсан байх учиртай. Энэ гурван бодлогыг боловсруулсан тохиолдолд хөрөнгөө юунд зарахаа мэдэхгүй гацах тохиолдол гарах учиргүй. Ийм бодлогогүйгээс салбар, хувь хүний ашиг сонирхлоор хөрөнгө шийдэгдэх байдал байсаар байна. Хэн илүү чанга ярьсан, хэн илүү эрх мэдэлтэй талд хөрөнгө оруулалт явчих гээд байна. Эдийн засгийн хөгжлийн яам энэ чиглэлээр ажиллаж буй нь мэдээж. Харин олон нийтэд энэ талаар мэдээлэх хэрэгтэй байна. Дөрөв дэх чухал зүйл нь аймаг сум бүр өөрийн гэсэн төсөв, төлөвлөгөө, бодлоготой байх юм. Аймаг, сум бүрт “толгойн өвчин” бий. Түүнийг хэрхэн шийдэх талаарх дунд хугацааны төлөвлөгөөг орон нутагт шийдсэн байх ёстой. 

-Сайныг санаж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр саараар хэрэгжих тохиолдол байдаг. Үүний жишээнд хувь хишиг тараасан болон ядуусыг дэмжсэн мөнгө, орон сууцны санхүүжилтийг нэрлэж байна. Мөн Хятадын Чалко компанитай хийсэн гэрээг ч хэлэх боллоо. Яагаад алс, хэтээ хараагүй гэрээ хэлэлцээр хийж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн хэрэг вэ?
-Үүний гол шалтгаан популизм. Улстөрчдийн зүгээс  сонгогчдод таалагдахын тулд бэлэн мөнгө тараах, хямд үнээр орон сууц барьж өгөхөөр амлах, огт хэрэггүй газарт зам тавих гэхчилэн хожим нь харахад хачирхал төрүүлэм үйлдлийг хийдэг. Таны хэлсэн жишээнүүдийн олонх нь үүнтэй холбоотой. Өнгөрсөн Засгийн газрын хамгийн том алдаа бол мөнгө тараасан явдал. Хүүхдийн мөнгөнөөс эхэлсэн мөнгө тараах явдал явсаар байгаад иргэн бүрт хувь хишиг хүртээхэд хүргэсэн. Энэ бол эдийн засгийн бодлогын хувьд дахин давтаж болшгүй том алдаа, улсдаа ихээхэн хохирол учруулсан зүйл. Цаад санаа нь буруу биш байсан ч ажилгүйдэл, архидалтыг дэмжсэн хэрэг болон хувирсан. Тавантолгойн хувьцаа ч мөн популизмын нэг жишээ. Бас  л ялгаагүй хүмүүст таалагдахын тулд иргэн бүрт хувьцаа олгохоор шийдсэн. Чалкогийн гэрээ ч эдийн засгийн гэхээсээ илүү улстөрийн нөхцөлөөр байгуулсан гэрээ. 

-Чалкогийн гэрээг цуцлах нь манайд ямар үр нөлөөтэй байх бол? 
-Гэрээ гэдэг бол тохиролцоогоор хийгддэг зүйл. Тэгэхээр хоёр тал хэлэлцээд цуцалж ч болно, үргэлжлүүлж ч болно. Гэрээнийхээ нөхцөлийг өөрчилж ч бас болно шүү дээ. Гэрээг өөрчлөх болсон шалтгаанаа Хятадын талд үндэслэлтэй тайлбарлах ёстой байх. Энэ гэрээ бол цэвэр бизнес болохоос хоёр улсын харилцааны асуудал биш гэж бодож байна. Хүмүүс их шүүмжилж байгаа ч Чалкогийн гэрээнд нэг давуу тал бий. Тэр нь Чалко манай нүүрсийг Солонгос, Японы зах зээлд гаргахаар тусгасан байгаа. Тэгэхээр Чалкогийн сүлжээг ашиглан бусад оронд нүүрсээ хүргэх гарц тэр байж болох юм.

-Эдийн засагч хүн улстөрөөс ангид байх ёстой юм шиг санагддаг. Гэтэл гадаадад мэргэшиж, боловсроод ирсэн хүмүүсийг хоёр намынхан булаацалдаад, өмчлөөд авчих нь бий. Залуусыг улстөрөөр өвчлүүлсэн олон жишээг дурдаж болно. Таныг л гэхэд би унаган МАН-ын хүн гэж бодохгүй байгаа?
-Би нам бус хүн. Төрийн бодлого хар хайрцагт байдагчлан түүнийг хамгаалж байдаг төрийн албан хаагч нар бол улстөрөөс ангид байх ёстой. Харин зарчмын хувьд дөрөв, дөрвөн жилээр засгаа шинэчилдэг нь бидний хувьд том амжилт. Төв Азийн аль ч орон, Орос, Хятадад ч байхгүй тогтолцоог бид цогцлоож чадсан. Нэг намыг нөгөөгөөр сольсноор улс хөгжинө, засаглал цэвэршинэ. Түүнээс 10, 20 жилээр нэг нам хүчин засгийн эрхийг барих нь сайн зүйл биш. 
Д.ЦЭЭПИЛ

No comments:

Post a Comment