Monday, 18 February 2013

“Хаврын чуулганаар гишүүд хариуцлагатай болно”

УИХ дахь Ёс зүйн дэд хороо намрын чуулганы хугацаанд Ёс зүйн дүрмээ шинэчлэн баталсан. Уг хороо УИХ-ын үйл ажиллагаа болон УИХ-ын гишүүдийг хариуцлагатай болгох, УИХ-ын гишүүдийг ёс зүйн дүрэмтэй болгох талаар ажиллаж байгаа юм байна. УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийг сайжруулснаар гишүүд ажлаа таслах, ёс зүйн алдаа гаргах зэргийг зохицуулах боломжтой. 

Энэ талаар Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэгээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Ёс зүйн дэд хороо намрын чуулганаар дүрмээ шинэчлэн баталсан. Дүрмийг яагаад шинэчлэх болсон бэ?
-Ёс зүйн дэд хорооны ажиллах дүрэм, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмүүдийг 2010 онд баталсан. Энэ удаагийн 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентаас өнгөрсөн наймдугаар сард Ёс зүйн дэд хороог байгуулсан. Энэ хороо шинэ гишүүдийн төлөөлөл болон өмнө нь энэ хороонд ажиллаж байгаагүй гишүүдээс бүрдсэн. Дэд хороо эхний ээлжинд УИХ-ын гишүүдийн ёс зүйг дээшлүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд судалгаа хийсэн. УИХ-ын хууль, УИХ-ын Дэгийн хууль, Олон улсын практикийг судалсан. Судалгааны дүнд өнгөрсөн жилүүдэд УИХ-ын бүрэлдэхүүнд Ёс зүйн дэд хороо байгуулагдсан, ажиллах дүрэм, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмтэй болсон нь чухал. Гэхдээ өнгөрсөн 10 гаруй  жилийн хугацаанд энэ хороо гурван удаа хуралдсан, УИХ өөрийнхөө хянах, зохицуулах чухал бүтэц тогтмол бус байсан гэсэн дүгнэлтийг хийсэн. Тиймээс бид дүрмээ боловсронгуй болгох, УИХ-ын гишүүдийн ёс зүйг сайжруулах шаардлагатай гэж дүрмийг шинэчилсэн. Намрын чуулганы хугацаанд бид ёс зүйн дүрмээ баталсан. Чуулганы завсарлагааны хугацаанд 2009 онд батлагдсан УИХ-ын гишүүдийн Ёс зүйн дүрмийг шинэчлэх талаар судалгаа хийж байна. Авлигагүй, хууль хэрэгждэг байхын тулд төрийн дээд байгууллага болох УИХ өөрөөсөө эхэлж, ёс зүйтэй байх ёстой гэсэн шаардлага бий болоод байна.
 

-УИХ-ын гишүүд чуулганы танхимд зодоон хийж, хурлаа таслах, буйдантай жагсах гэх мэтийн ёс зүйн асуудлууд олон байсан. Гишүүдийн хариуцлагын асуудал намрын чуулганы хугацаанд ямар байсан гэж дүгнэж байна вэ? Гишүүдийн ёс зүйг сайжруулах, хариуцлага тооцдог механизмыг ёс зүйн дүрэмд хэрхэн тусгасан бэ? 
-УИХ-ын гишүүд ёс зүйтэй, УИХ өөрөө ёс зүйг дээдэлдэг байгууллага байхын тулд тодорхой механизм хэрэгтэй гэдэг нь чухал дүгнэлт. Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгааны дүнд хийх ажлууд олон байгаа. УИХ-ын чуулганы танхимд зодолдох тохиолдолд хуучин дүрэмд УИХ-ын гишүүд өөрсдөө болон иргэдийн зүгээс гомдол гаргах, хяналт шалгалтын явцад шалгах хэрэгтэй гэсэн гурван үндэслэлээр Ёс зүйн дэд хороо асуудлыг авч хэлэлцэх эрхтэй байсан. Бусад тохиолдолд Ёс зүйн дэд хороо оролцох боломжгүй байсан зүйл заалт байсан. Саяны шинэчлэн баталсан дүрэмд дэд хорооны гишүүд тухайн гишүүний асуудлыг авч хэлэлцэх шаардлагатай гэж үзвэл энэ асуудлыг хэлэлцэх боломжтой зохицуулалт шинээр орж ирж байгаа. Ёс зүйн дэд хорооноос гарсан дүгнэлтийг олон нийт болон УИХ-ын чуулганы хуралдаанд шууд танилцуулах ёстой. Олон улсын хэмжээнд парламентийн гишүүний ёс зүйн алдааг олон нийтэд ил тодоор мэдээлэх нь чухал зохицуулалт. Ингэснээр дараагийн сонгуульд сонгохгүй, иргэдийн дунд нэр хүндээ алдах зэрэг нь сайн зохицуулалтын нэг юм. Мөн УИХ-ын Дэгийн тухай хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулах шаардлагатай. Хариуцлага алдсан гишүүдэд цалингийн хэмжээгээр торгох зохицуулалтууд байгаа. Үүнийг УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.
 
Ш.ЧИМЭГ
http://politics.news.mn

No comments:

Post a Comment