Tuesday 5 February 2013

Ц.ГАНБААТАР: МИНИЙ ХИЙСЭН ХӨӨРӨГ ХААНА “ЭРТНИЙ ЭДЛЭЛ” БОЛЖ ЯВАА ЮМ БҮҮ МЭД

Хөөрөг бол монголчуудын зан үйлийн илэрхийлэл, эрчүүдийн гол гоёлын нэг. VIII Богд Жавзундамбын хатан Дондогдуламаас эхлээд хатад чамин хийцтэй хөөргөөр гоёдог байсан гэдэг. Монгол түмний чухал хэрэглээ, гоёлын нэг хөөрөгний талаар хөөрөг урлаач Ц.Ганбаатартай ярилцлаа. 

-Цагаан сар дөхсөн энэ үед хөөрөгний захиалга ихтэй л байгаа болов уу?
-Захиалгаар хөөрөг хийхгүй байгаа. Ерөнхийдөө гадуур эрэлт их байгаа болохоор хөөргөө хийгээд л дэлгүүрүүдэд зарчихдаг юм. Сүүлийн 10 гаруй хоног гэртээ харилгүй л ажлаа хийж байна. /инээв/

-Хараад байхад хөө­рөг хийлгэхээс илүү засуулахаар ирж буй хүн олон юм аа?
-Тийм ээ, ямар чулуугаар ямар загвартай хөөрөг хийх вэ гээд тогтсон стандарт байдаг.
Гэтэл түүний дагуу хийгээгүй хөөрөг их бий. Тийм учраас эд мэддэг хүмүүс чулуу сайтай хөөрөг аваад биднээр хэлбэрийг нь засуулдаг.

-Хөөрөгний чулуу л өөр болохоос загвар нь чулуугаа дагаад өөр байдгийг мэддэггүй нь олон байх?
-Жинсэн материалаар костюм пиджак хийгээд өмсөхгүй биз дээ. Түүнтэй адилхан л байхгүй юу. Хятад улсад хөөрөгний том үйлдвэрүүд бий. Тэд олон тоогоор хөөрөг хийдэг болохоор чанарт нь анхаарал тавьдаггүй. Монголын гар урчуудын хувьд чанартай цөөн хөөрөг хийдэг. 

-Гадуур хямдхан хэрнээ чулуун хөөрөгнүүд зарагдаад байна. Хятадаас орж ирсэн гэсэн үг үү?
-Тийм ээ. Гэхдээ хөөрөгний үнэ чулуу, хийц, хэмжээнээсээ хамаараад өөр, өөр байдаг. 

-Хөөрөгний чулуугаа хаанаас авдаг вэ?
-Янз бүр дээ. Хятадаас авна. Оросоос манайд мана орж ирдэг. Сүүлийн үед Бразиль улсаас чулуунуудаа авч байгаа. 

-Манай орон чулуулгийн хувьд баялаг ихтэй. Гэтэл ОХУ, Бразилиас чулуугаа авч байгаа гэхээр гайхаад байна л даа?
-Монголын говиор мана, хаш, тана, чүнчигноров, болор гээд чулуу бий. Өвөрхангайд бүр байгалийн чүнчигноровоор малын хашаа барьсан байхыг харсан. 

-Сүүлийн үед чулууны үнэ өсч байгаа юу. Ямар чулуу хамгийн үнэтэй бол?
-Одоо бол улаан шүр чулуу их үнэд орж байгаа. Нэг кг нь 200 ам.доллар. Хамгийн үнэтэй чулуу бол цагаан хаш. 1990-ээд оны сүүлээр нэг кг нь 250 ам.доллараар орж ирдэг байсан. Одоо нэг кг нь 10 мянган ам.доллар болсон. Хаш чулуу цагаан байх тусмаа үнэтэй байдаг юм. 

-Тэгвэл шүрэн толгойтой хөөрөг үнэтэй байдаг нь аргагүй юм?
-Гэхдээ сайн чулуун хөөргөнд сайн толгой, сайн нуух л хийнэ. 

-Олон төрлийн чулуу­гаар л хөөрөг хийсэн байх. Та ингэхэд хөөрөг хийж эхлээд хэдэн жил болж байгаа вэ?
-Тоогоо алдсан. Аав маань уран Цэгмэд гэдэг  хүн байлаа. Ааваасаа хөөрөг хийхийг өвлөсөн. Манай ах нар бас хөөрөг хийдэг. Уг нь бүгд хөгжимчин байсан. Би гэхэд үлээвэр хөгжимчин. /Ханан дахь нарийн бүрээг зааж, хаа нэг ажил багатай үедээ үлээдэг юм гэлээ/ Гэхдээ чулуугаар хөөрөг хийгээд суух сайхан. Чулуу чинь байгаль дээр байхдаа маш их энерги хуримтлуулсан байдаг болохоор ойр байгаа хүндээ их амар амгаланг өгдөг юм шиг санагддаг. Тийм болохоор хөөрөг хийдэг болсон. Аавын үед бол хөөрөг хийх их хэцүү байсан. Байнга л хяналт шалгалт хийнэ. Тэр болгонд хамаг юмаа нуугаад л. Хийж байсан хөөргөө шороонд булах энүүхэнд байлаа. Одоо бол бүх зүйл маань чөлөөтэй. 

-Таны хийсэн анхны  хөөрөг одоо бий юү?
-14 жилийн өмнө чулууны үлдэгдлээр жижигхэн мана хөөрөг хийгээд зах дээр 3000 төгрөгөөр  зарчихаад бөөн баяр болж байлаа. Ер нь, хараа сайтай гарын дүйтэй л бол хэн ч хөөрөг хийж чадна. 

-Монголын хөөрөг цуглуулагчдын цуглуулганд таны бүтээл бий болов уу?
-Миний хийсэн хөөрөг хаана байгааг тэр болгон мэдэх боломжгүй. Дэлгүүрт зардаг учраас хэн авч байгаа нь тодорхойгүй. Бас эртний эдлэл цуглуулдаг хүмүүс хийц гайгүй хөөргийг хуучны  хөөрөг гээд яриад явдаг. Зарим үед өөрийнхөө хийсэн хөөргийг таниад байхад л бүр тийм домогтой гээд л ярьж байгаа хүмүүстэй таардаг юм. Гэхдээ наадах чинь миний хийсэн хөөрөг гээд хэлж болохгүй. Тэр хүнийг доромжилсон хэрэг болох биз. Чулуугаар урлаачдын нэр тэр бүр гараад байдаггүй. Аав маань бурхан болоод  15 жил болж байхад одоо л түүний нэр гарч байна. Биднийг Цэгмэдийн хүүхэд гэж хэлэхээр аавыг минь мэддэг хүмүүс их хүндэтгэдэг. Жил бүрийн Цагаан сараар “Халхын 10 цагаан” гээд хамгийн цагаан хаш хөөргийг шалгаруулдаг.
Өнгөрсөн жилийн шалгаруулалтад Өсөх­баяр аваргын хаш хөөрөг түрүүлсэн. Өсөхбаяр аваргын хоёр, Сумъяабазар аваргын гурван цагаан хаш хөөргийг би хийсэн. Бас манай хөөрөгний томоохон цуглуулгатай хүмүүсийн нэг Үндсэн хуулийн цэцийн дарга байсан Жанцан гуайнд миний хийсэн хоёр ч хөөрөг бий. Өөр бусад хийсэн хөөрөгнүүд маань хаана “эртний эдлэл”  болж яваа юм бүү мэд. /инээв/ 

-Хичнээн сайхан чулуу байсан ч хийц нь муу хөөрөг бол үнэд хүрдэггүй шүү дээ. Түүний эсрэгээр хийц сайтай хөөргөө үнэд оруулж байсан удаа бий болов уу?
-Дөрвөн жил өөрөө чулуугаа авч ирж хөөрөг хийхэд ганцхан л удаа тийм зүйл болсон. Урд хөршид явж байгаад 1000 юаниар Турк гартаам авчихсан. Ирээд хөөрөг хийж байсан нэг хүн харчихаад дуусгуулалгүй 30 саяар гуйсаар байгаад аваад явсан. Хийж байх хооронд  хүн худалдаад авчихаж магадгүй. Сүүлд ажил багатай, хүнгүй үед чинь ирж дуусгуулна гээд л явсан. 

-Сүүлийн жилүүдэд хөөрөг их моодонд ороод байх шиг?
-Өмнө нь хүмүүс чулуугаа таньдаггүй байсан. Хятадаас хэлбэр муутай ч сайн чулуугаар хийсэн хөөрөг орж ирдэг. Жишээ нь, 15 мянгаар жижигхэн манан хөөрөг аваад манайд авч ирээд 35 мянгаар хэвийг нь янзлуулаад л 200 мянгаар үнэлэгдэх хөөрөгтэй болж болно. 

-Зарим хөөрөгний бөөрөн дээр мөр гэж байдаг. Тийм мөртэй хөөрөг арай илүү үнэ хүрэх үү. Тэгж хээ тавихад хэцүү юу?
-Мөртэй холбоотой нэгэн домог бий. Манжууд манай хоёр хааныг аваачиж эрүүдэн тамлаж хороожээ. Түүнийгээ сануулах гэж байнгын хэрэглээ болох хөөргөн дээр нь мөр тавьдаг болсон гэсэн домог бий. Энэ домгийг мэддэг хүмүүс мөртэй хөөрөг барьдаггүй. Мэддэггүй хүмүүс мөрийг нь гоё л гэж боддог.
-Сүүлийн үед ямар чулуугаар хийсэн хөөрөг хүмүүс их барьж байна?
-Мана, хаш, болор хөөрөг хүмүүс их сонирхдог. Гэхдээ чулуу бүр өөр, өөрийн гэсэн бэлгэдэлтэй. Гартаам тархины саажилттай хүнд тустай сайн. Цус харвасан, ам нь муруйсан хүмүүс гартаам чулуугаар нүүрээ арчаад байхад зүгээр болчихдог. Цагаан хаш биедээ авч яваа хүний яс бэртдэггүй. Ногоон хаш бөгж ядам хуруундаа зүүхэд бөөр өвддөггүй.

-Эмээл хазаар, эртний эдлэлүүд Дарьганга хийцийнх гэх мэтээр бусдаасаа ялгардаг. Хөөрөгний хийц түүн шиг ялгарах уу?
-Үгүй ээ. Сайн, муу хийц л гэж байна. Дээр хэлсэн шиг хүмүүс хийсэн хүнийх нь нэрийг үгүйсгээд байдаг болохоор хэний хөөрөг байна гэдгийг тогтоох аргагүй. 

-Хув хөөрөг их чамин юм аа?
-Хув бол чулуужсан давирхай. /шар өнгийн шил мэт дотроо ямар нэг амьтны дүрстэй хөөргийг үзүүлэн/ Энэ бол дотор нь зөгий ороод чулуужчихсан хуваар хийсэн хөөрөг. Их чамин л даа. Байгалийн тогтоц гэж их сонин. 

-Чулууг хил гаалиар оруулж, гаргахад хяналт шалгалт хэр вэ?
-Худалдаж авсан бичигтэй л бол асуудалгүй. Харин хөөрөгний халбага хийдэг зааны ясыг бол хилээр гаргах хориотой. Шууд л хураагаад авна. 

-Гэхдээ танд зааны ясаар хийсэн хөөрөгний халбага байна шүү дээ?
-Хувь хүнээс авсан ясаараа хийсэн юм. Зааны ясан халбага 150 мянган төгрөгөөр зарагддаг бол малын ясан халбага 50 мянган төгрөг байх жишээтэй. Ховор бас үнэтэй гэх үү дээ. 

-Алт, мөнгөн халбага­тай хөөрөг байдаг. Гэхдээ ясаар хөөрөгний халбагыг ихэвчилэн хийх юм аа?
-Зөөлөн байдаг. Хөө­рөгний дотор талыг зурахгүй. 
Б.Цэдэвсүрэн
Эх сурвалж: www.assa.mn

No comments:

Post a Comment