Tuesday, 5 February 2013

Харүмафүжи: Аавынхаа шүлгийг тарни мэт уншдаг

Японы мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Харүма­фү­жи буюу Даваанямын Бямба­дорж­той ярилцлаа.
ЦАГААН САРААР ХАМГИЙН ИХ АЙЛ ХЭСДЭГ ХҮҮХЭД НЬ БИ БАЙЛАА

-2013 оны анхны башё болох Хацу башёд нэг ч уналгүй түрүүл­лээ. Энэ удаа таныг тааруухан барилдвал цолыг тань хураана хэ­мээн сумо бөхийн авар­гуу­дын зөвлөл мэдэгд­сэн. Энэ ба­рил­даанд нөлөөлсөн болов уу?
-Хацу башёд уналгүй түрүүл­сэн­­дээ баяртай байна. Их аварга болчих­сон хүний цолыг хурааж авна гэсэн дүрэм байхгүй. Сумо­гийн аваргуудын зөв­лөл гэж байдаг юм. Тэр зөвлөл нь Японы жирийн иргэдээс бүрдсэн. Авар­гуу­дын зөвлөлөөс их аварга цолтой бөх арваас дээш даваа авч үзүүр, түрүүнд үлдэх ёстой гэдэг юм.

-Мэдээж зодог тай­луулна гэж байсан бо­лохоор сэтгэл санааны хувьд хүндхэн башё болж өнгө­рөв үү?
-Хүн чадлынхаа хэ­рээр байдаг гэж боддог. Надад их аварга хэмээх цолыг хүртээсэн боло­хоор болом­жийн­хоо хэ­рээр сайн барилдах юм­сан гэж бодож байлаа. Намайг дэмждэг хүмүү­сийнхээ итгэл найд­вар, хүсэл зоригийг алдалгүй тү­рүүл­лээ. Тэдний минь сүлд хий­морь, ивээл на­майг ирлэж ямартай ч 15 давлаа.

-Башё өндөрлө­чих­сөн бо­лохоор амрал­тын байдалтай байна уу?
-Японы үндэсний баярууд эхэл­сэн боло­хоор амарч амжихгүй л байна. Баярын хүлээн авалтуудад оролцоод амрах цаг зав багатай л байна даа.

-Хацу башёгийн хам­гийн хэцүү барилдаан гэвэл ямар барилдаа­ныг хэлэх вэ?
-Энэ барилдаан, тэр барил­даан гэж хэлэхэд хэцүү. Башёгийн бүх ба­рил­даануудад анхаар­лаа төвлөрүүлж, хүч тэн­хээ­гээ гаргаж барилдах­гүй бол бүгд л хүчтэй өр­сөл­дөгчид байдаг. Миний хувьд өндөр цолтой бөх­чүүд гэхээсээ илүүтэйгээр доод бөхчүүддээ уна­чи­хаад байдаг гэмтэй боло­хоор эхний 10 өдрийн барилдаанд маш хянуур барилдсан.

-Башёгийн эхний хоёр өдрийн барилдаанд биеэ бариад байна уу даа гэж харагдсан шүү?
-Барилдаан бүр дээрээ анхаар­лаа төвлөрүүлж барилддаг боло­хоор биеэ барина гэж байдаггүй. Хэрэв биеэ барих юм бол барил­даан гарахгүй шүү дээ.

-Сумочид барилдааныхаа өмнө анхаарлаа төвлөрүүлж байгаа харагддаг. Таны хувьд хэрхэн анхаарлаа төвлөрүүлдэг вэ?
-Манай аавын Шилийн Богд дээр бидэнд бичиж өгсөн шүлэг байдаг юм. Тангаргийн шүлэг гэсэн үг. Миний хувьд тэрхүү тан­гар­гийн шүлгийг тарни мэт уншиж барилдааныхаа өмнө анхаарлаа төвлөрүүлдэг.  

-Тангаргийн шүлгээ уншиж болох уу?
-Бололгүй яахав.

"Эрийн хийморь сэргээсэн
Шилийн Богд дуулж бай
Ид хаваа гайхуулсан
Халхын сайн эрс сонсож бай
Сайн бөх болохоор сэтгэл шулуудан зүтгэе
Саар муу бүхнээс суралцах завгүй зүтгэе
Хатан зориг тэвчээрийг амжилтын үндэс болгоё
Халирч, бэргэж, айхыг алдааны дээд болгоё
Төр төвшин байхыг шүтье
Өр нимгэн ухааныг дээдэлье
Өтгөс нялхаст халамжтай явъя
Өнөр бүлээ эвлэн дагуулъя" гэсэн тангараг байдаг аа.

-Удахгүй усан могой жил гарах гэж байна. Эх орондоо ирж шинэлнэ биз дээ?
-Эх орондоо очиж шинэлэх хүсэл байвч амждаггүй юм аа. Учир нь бидний бэлтгэл эхэлчихсэн байдаг. Тийм болохоор бэлтгэлээ хийхгүй бол болохгүй. Бэлтгэлийн дундуур бидэнд чөлөө өгөөд бай­даг­гүй. Их аварга цол хүртээд удаагүй байгаа болохоор бие сэтгэлээ өмнөхөөсөө илүү бэл­дэх­гүй бол болохгүй. Учир нь бидний шилийг даран олон хүчтэй бөхчүүд сумогийн дээд зиндаанд гарч ирж байна.

-Их аварга цолыг олон жил хүссэн болохоор аргагүй ч юм аа даа?
-Их аварга болно гэдэг цолон­доо ханахын нэр биш юм шиг байгаа юм. Өмнө нь би нэг өдрийн бэлтгэл дээрээ 50 барилддаг бай­сан бол бэлтгэлийнхээ чанарыг сайжруулахын тулд өдөрт 100 барилдах, хүчний бэлтгэлийг бүр олон цагаар хийх хэрэгтэй болж байна. Бэлтгэлээ сайн хийж аварга цолыг хамгаалах ёстой юм байна гэдгийг сүүлийн хоёр башёд мэдэр­лээ. Сумод нэг өдрийн бэлтгэл таслахад л гурван өдрийн бэлтгэл алдсантай адилхан гэж үздэг. Миний хувьд биеэ болон сэтгэл зүйн бэлтгэлээ сайн хангах хэрэг­тэй байна даа.

-Одоо тэгвэл хүлээн авалтын хажуугаар бэлтгэлээ хийх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Хамгийн гол зүйл бэлтгэл шүү дээ.

-Шинэ оны өмнө Монголд ирээд буцсан сураг байсан?
-Би Кюүшюү башёг өндөр­лүү­лээд арваннэгдүгээр сарын сүү­лээр Монголдоо очсон. Эх орон­доо ирчихээд аавынхаа газар дээр очоод буцсан даа.

-Та хамгийн сүүлд хэзээ эх орондоо цагаан сар тэмдэглэсэн бэ?
-Би Монголд бараг цагаан сар тэмдэглэж үзээгүй. Хамгийн сүүлд хэзээ ах, дүүсийнхээрээ орсон юм бол доо. Аавыг сэрүүн тунгалаг бай­хад л ээж, ах дүүсээрээ тэмдэглэ­сэн.

-Японд Монголынхоо цагаан сарыг тэмдэглэдэг үү. Хэрэв тийм бол хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Тэгэлгүй яахав. Японд ч гэсэн Монголынхоо цагаан сарыг тэм­дэг­лэ­дэг. Ээж маань надтай хамт энд байдаг учраас манайхан цолныхоо эрэмбээр ирж золгоцгоодог.

-Цагаан сарын бууз, ууцаа бэлддэг үү?
-Монголоос ирчихдэг юм. Японы Элчин сайдын яаман дээрээ очиж золгодог. Японд цагаан са­раар монголчууд хоорондоо уул­зан золгоцгоодог. Миний хувьд энэ жил мөн л Японд шинэлнэ.

-Монголдоо сар шинийг уг­тахыг хүсдэг биз дээ?
-Мэдээж шүү дээ. Гадаадад байгаа монголчууд бүгд л тэгж хүсдэг байх.

-Багадаа хэрхэн сар шинийг өнгөрүүлдэг байсан бэ. Айл их хэсдэг байв уу?
-Би айлын бага хүүхэд боло­хоор аав, ээжийгээ дагаад айлаар их орно. Гэрийнхээсээ хамгийн их айл хэсдэг хүүхэд нь би байсан юм. Би аавын хүүхэд байсан болохоор аав хөдөө гадаа явсан ч хамт л явдаг байлаа. Тэр үед би жаахан байсан ч гэсэн байнга аавынхаа өвөр дээр эрхэлж, энгэрт нь асаж явсан сайхан цагаа мартдаггүй.

-Талын Монголынхоо жавар­тай өвлийг санадаг уу?
-Би өвөл Монголд их очдог. Харин цагаан сараар л амждаггүй юм. Эх орондоо өвөл очих дуртай.

-Их аварга цолны болзол хангах үеийнхээ сэтгэгдлээс хуваалцахгүй юу. Хэцүү бэрх олон даваа нугачааг давж уг цолонд хүрч байгаа шүү дээ. Хамгийн түрүүнд юу бодогдож байсан бэ?
-Үнэхээр их баярласан. Ийм их хувь тавилангаар, тийм сайхан өвгөдийнхөө удам болж төр­снөө­рөө бахархаж байсан. Өндөр их хувь тохиолдлоор энэ сайхан дэлгэр Монголын хүү болон мэндэлнэ гэдэг сайхан. Олон сайхан монгол түмний минь буян хишиг над дээр иржээ гэж бодогдсон.
ААВ ЭЭЖИЙНХЭЭ ИТГЭЛ, ӨӨРИЙН МӨРӨӨДЛӨӨ ТЭЭЖ АНХ ЯПОНД ОЧСОН

-Таны өндөр хэд вэ?
-Одоогоор 185 см байна.

-Жижиг биетэй, жин багатай бөхийн тоонд орсоор байгаа юу?
-Мэргэжлийн сумод барилдаж байгаа хүмүүсийн дундаж жин 155 кг байдаг. Миний хувьд 133 кг болохоор хамгийн бага жинтэй бөхийн нэг хэвээрээ л байна.

-Бага жингээ хурдаараа нөхөж байна уу?
-Миний барилдааны онцлог хурд гаргаж барилддагт байдаг. Гэхдээ ганцхан хурд байхад барил­даан болчихно гэж ойлгож болох­гүй. Миний барилдаан гэвэл мөр­гөж, цуппаридаад залгуулж ма­ваши­ны барьц аваад түрж гаргадаг шүү дээ.

-Энэ барилдааныг сонгомол сумо гээд байгаа биз дээ?
-Яг ч сонгомол гэхгүй л дээ. Япончууд жижиг биетэй, жин бага­тай бөхчүүд зайлсан, татсан барил­даан хийлгүй урагшаа явж барилдсан барилдаанд ам сайтай байдаг. Үнэн хүчийг үзэж барилдлаа гэсэн утгаар тэгдэг байх.

-Анх сумод ороход таны өн­дөр, жин хэд байсан бэ?
-Монголоос анх явахад жин 73 кг, өндөр 177 см байсан.

-Анх сумогийн ертөнцөд хөл тавьсан үеийнхээ талаар ярих­гүй юу. Хэцүү л байсан байх?
-Мэдээж тийм амар байгаагүй. Япон хэл ч мэдэхгүй талын Мон­го­лоос нэг нөхөр далай гатлаад оччихсон юм. Тийм болохоор ёс журмаас нь эхлээд мэдэхгүй, чадах­гүй зүйлс байсан шүү. Намайг Япон явахад "Амжилт гаргаарай" гэсэн аав, ээжийн итгэл, өөрийн мөрөөд­лөө тээж ирж байлаа. Тэгэхэд би 16 настай байсан юм.

-Эх орондоо ирээд хамгийн түрүүн юу хиймээр санагддаг вэ?
-Миний хамгийн ихээр эмзэглэж байгаа зүйл бол утаа юм даа. Хүн сайхан амьдрахын тулд эрүүл биетэй байх хэрэгтэй. Улаан­баатарт амьдарч буй хүмүүсийнхээ эрүүл мэн­дэд л санаа зовж байна. Хүн эрүүл байж л ихийг бүтээж, аз жар­галтай байж, зорьсон зорил­го­доо хүрдэг. Утаа эрүүл мэндэд нь муу гэдгийг манайхан мэддэг хэр­нээ аргагүйн эрхэнд амьдарч бай­гаа.

-Таныг Улаанбаатарт амьдар­даг байхад ийм утаа байдаггүй бай­сан биз?
-Ёстой байгаагүй. Намайг 12 жилийн өмнө сумод явахад манай гэр нэгдүгээр хороололд байдаг байлаа. Хорооллын маань хойд талын уулан дээр ч гэсэн айлууд байсангүй. Уулан дээр гараад жаахан хүүхдүүд яахав дээ хоорон­доо чулуугаар байлдана. Мөн тэндээ барилдана шүү дээ.

-Их аварга болчихоод зогсож байхдаа аавыгаа их санасан байх. Таны барилдааны дотнын зөвлөгч нарын нэг байсан шүү дээ?
-Ямар ч эрэгтэй хүүхэд аавын­хаа нурууг харж өсдөг. Ганцхан би ч гэлтгүй монгол хүүхэд бүр л аавынхаа юунд тэмүүлж, юу хүсч байсныг нь зорилго болгож, түүнийг нь биелүүлэхийн төлөө амьдардаг болов уу. Аав минь цагийн жамыг дагаж, хорвоогийн хуулиар бурхан болсон. Миний барилдааны хам­гийн дотнын зөвлөгч нь яах аргагүй аав минь байсан. Хүн аав, ээжийн­хээ буянаар зөв амьдарч явдаг. Тэд үр хүүхэд биднийхээ замыг дардан шулуун болгодог байх. Харин аавынхаа газар дээр очихдоо нүүр бардам, нуруу цэх, харц өндөр очихсон гэж хүсдэг. Энэ бол тэр хүний хүү нь болж төрсний үүрэг юм.

-Аавыгаа тэнгэр болсныг сонс­сон тэрхүү башёд зодоглох амаргүй байсан байх даа?
-Хүний хамгийн том уй гашуу бол гэр бүлийн хүнээ алдах байдаг. Үүнийг хүн  өөрийн бие дээрээ л илүү мэдэрдэг юм билээ. Тэр үед аавыгаа ч хөдөөлүүлж чадалгүй Япон руу буцаж байсан. "Аавыгаа хөдөөлүүлэхэд нь оролцож чадах­гүй бол би сумо бөхөөр барилдаж яадаг юм. Сумо миний амьдрал юм уу" гэж хэлж байсан юм. Тэр үед залуу омголон ч байж дээ. Энэ талаар ээж, хоёр ах бид дөрөв тойрч суугаад ярьж байхад хоёр ах "Аав чамайг ингээд сумогоо орхи­ход баярлах уу. Эсвэл цолоо ахиу­лаад сайн барилдвал баярлах уу" гэж асууж байлаа. Тэгэхээр нь би "Намайг цолоо ахиулаад сайн барилдвал баярлах байх аа" гэхэд "Миний дүү аавыг баярлуулж чадах хамгийн гол зүйлээ л хийх хэрэгтэй. Тийм болохоор барилдсан нь дээр" гэсэн. Тэгэхэд сэтгэл арай дээр болж "Аавынхаа төлөө би барил­дах ёстой" гэж өөртөө хэлсэн. Тэгээд ганцаараа онгоцонд суу­гаад Япон руу буцаж байсан даа.

-Аавыгаа алдсан хүнд ч чө­лөө өгдөггүй сумогийн дүрэм үнэ­хээр тийм хатуу байдаг уу?
-Дүрэм бол дүрэм шүү дээ. Амьдрал хэцүү гэдгийг тэр үед л ойлгодог юм билээ. "Аавынхаа төлөө би барилдах ёстой" гэж өөртөө хэлээд Япон руу явахад аав минь тэнгэрээс хараад баярлаж байсан байх гэж боддог. Түүнээс хойш арслан, аварга цолонд хүр­лээ. Эх орныхоо нэрийг ч гэсэн өндөрт өргөж явааг хараад бахар­хаж байгаа болов уу гэж боддог шүү. Миний хувьд өөрийн барил­даанаараа олон хүнд урам, зориг, сэтгэлийн тэвчээр бэлэглэж байгаа гэдэгтээ итгэдэг. Тэр үед аавыгаа хөдөөлүүлж чадаагүй ч сайн ба­рил­дах хүсэл тээн Япон руу буцсан минь зөв байжээ гэж бодогддог.

-Анх яагаад сумод явах бол­сон юм бэ. Үндэсний бөхөөрөө барилдах бодол байгаагүй хэрэг үү. Хэрэв үндэсний бөхөөр ба­рил­даж байсан бол ямар цолонд хүрсэн байгаа бол?
-Би анх Япон руу сумод барил­да­на гэж яваагүй. Уг нь би чинь жүдогийн сургуульд суралцахаар очсон. Тэгэхэд би жүдо бөхөөр хичээллэдэг байсан юм. Кёк­ү­шюзан сангаас гэр рүү яриад "Жү­до­гийн сургуульд хүүхдүүд авах гэж байх шиг байна. Очоод шал­гуу­лаач" гэхээр нь аав бид хоёр яваад очтол тэр нь жүдо биш сумо бөх байж таарсан. Дараа нь аав "Нэгэнт л миний хүү ирчихсэн юм чинь шалгуулаад үзчих" гэсэн юм. Тэн­цэх үгүйгээ ч мэдэхгүй 70 гаруй хүүхдийн хамт шалгаруулалтад орж тэнцээд Японд үлдсэн. Ингээд бодохоор хүний хувьд тавилан, заяа төөрөг анхнаасаа зурагд­чих­сан байдаг юм болов уу гэж боддог.
Хэрэв би үндэсний бөхөөр барилдсан бол яах байсан бол гэж бодогддоггүй. Хувь төөргөөрөө л энэ сайхан оронд ирж үндэснийх нь бөхөөр барилдаж эх орныхоо нэрийг гаргаж, ард түмнээ баяр­луу­лаад явна гэдэг сайхан үйл юм.
Өөрийн чадлынхаа хэрээр эх орондоо сайн сайхан зүйл хийж бүтээхсэн гэж хүсдэг. Энэ сайхан Монгол орныг үр хүүхэд бидэндээ өвлөн үлдээсэн өвөг дээдэстээ баярладаг. Тэдний суу алдар үеийн үед дуурсагдах байх.

-Сумод та "Ама" нэрээр ба­рилд­даг байсан. Яагаад нэрээ солих болсон бэ. Монголчууд одоо хүртэл "Манай Ама" л гэж ярьцгаадаг шүү?
-Манай анх сумогийн дэвжээнд ирсэн өдөр манай багш ояката буюу багш гэж ямар хүнийг хэлэх вэ гэдгийг тайлбарлаж өгч байлаа. Тэгэхэд багш гартаа гадил жимс буюу банана барьчихсан энэ юу вэ гэж орчуулагчаар дамжуулан асуул­гаж байсан. Би банана гээд хэлэхгүй юу. Тэгсэн багш хүн үүнийг алим гэж хэлсэн бол би алим гэж хэлэх ёстой гэсэн. Багш намайг Ама гэдэг нэрээ соль гэхэд нь би эхэн­дээ дургүй байлаа. Багшийн өрөөнд орж болохгүй багшаа болохгүй гээд гардаг байсан юм. Нэг өдөр намайг гурав дахь удаа­гаа өрөөндөө намайг дуудлаа даа. Яваад ортол нэрээ соль оо л гэж байна. Би ч үгүй гэдгээ хэлсэн. Гэтэл багш "Чамайг анх ирж байхад би чамд юу гэж хэлж байлаа. Санаж байна уу" гэдэг юм. Санаж байна багш аа гэтэл өнөө бананын тухай яриад "Би чиний төлөө чамайг нэ­рээ соль гэж байхад. Чи солих хэ­рэг­тэй" гэсэн. Тэгж л би Ама нэрийг Харумафүжи болгож байсан юм. Нэ­рээ сольсноос хойш сайхан ба­рил­даж сумогийн аварга цолонд хүр­лээ.

-Нэрээ солиод л таны амжилт дээшилсэн гэж үү?
-Нэрээ сольсныхоо дараа жаахан тааруу барилдах гэх мэт зүйлс байсан. Яахав унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг л тэр байсан биз. Хүн жаахан тааруу барилдаад ирвэл олон зүйлд бу­рууг тохож, хүмүүст бурууг нялзааж эхэлнэ шүү дээ. Одоо аварга болс­ны дараа эргээд санахад багш минь зөв хэлж байж дээ гэж бодогд­дог юм.

-Таныг цаг цуглуулах хоб­би­той гэж дуулсан. Цуглуулга тань хэд хүрээд байна вэ?
-Миний хувьд цаг, машин хоёрт сонирхолтой.

-Хичнээн цаг, машинтай бол­сон бэ?
-Хүний сонирхол болохоор заавал тэд гэж хэлэх нь илүүц болов уу. Яахав өөрийнхөө дуртай цагийг зүүж, дуртай машинаа унаж л байгаа бол болж байгаа нь тэр гэж санадаг.
ХӨЛСӨӨ УРСГААД ГАРААД ИРСЭН ХҮНИЙГ ХҮЧЭЭР ДАРЖ ЧАДАХГҮЙ

-Хацу башёгийн макүүчи, жүрюү, макүүшита гээд дээд гур­ван зиндаанд монгол бөхчүүд тү­рүүл­лээ. Үнэхээр бахархам ам­жилт гэж санагдаж байна. Үүн дээр өөрийн бодлоо хэлэхгүй юу?
-Өөрийн барилдаж буй зин­даанд түрүүлчихлээ гэхэд тэр ямар хүн байх нь хамаагүй. Тухайн хүний од, хувь төөрөг, хийморь нь бүрдчихсэн байдаг болов уу. Мон­гол, япон ямар ч хүн түрүүлсэн нэг их чухал биш юм. Хувь төөрөг, хийморь дээр нэмээд бэлтгэл сайн байх хэрэгтэй. Авьяас, ур чад­ва­раа­раа түрүүлээд гараад ирсэн ямар ч бөхөд би "Аварга болоорой" гэж ерөөгөөд баяр хүргэдэг. Надтай тааралдвал би тодорхой хэм­жээ­гээр шагнадаг. Башё өндөрлөсний дараа шагнал гардуулахад баяраа хуваалцах ч гэдэг юм уу түрүүлсэн бөхчүүд уулздаг. Өөрсдийн зорил­го­доо нэг алхмаар ойртож байгаа болохоор "Илүү сайн барил­даа­рай" гэсэн урмыг үгийг нөгөө хоёр­тоо хэлсэн. Хүн эрэлхэг бай­хаас гадна өөрийн зүтгэл хэрэгтэй. Зүтгэл хүнийг амжилтад хүрдэг.

-Дээд гурван зиндаанд нь гадны бөхчүүд түрүүлчихсэн болохоор Япончууд хэр хүлээж авч байна вэ?
-Япончууд монголчууд түрүүл­чих­лээ гээд гадуурхаад байдаггүй. Гэхдээ үндэсний спорт болохоор аар саархан зүйл байдаг л юм. Хүн хөдөлмөрлөөд хөлсөө урсгаад гараад ирэхэд тэр хүнийг хүчээр дарж чадахгүй шүү дээ. Спортод хэн хүчтэй нь амжилт үзүүлдэг. Тийм болохоор хүн юу гэх нь хамаагүй. Тэгж хэлүүлсэн ч гэсэн зовлого зовохоос зориг мохохгүй гээд бүр илүү эрч хүчтэйгээр урагшаа дав­шиж, бэлтгэлээ хийх хэрэгтэй. Бяртай, хүчтэй, ухаантай нь ялж гарч ирдэг спорт учраас дотроо зорилготой, өөрийн бодолтой байх нь чухал.

-Усыг нь уувал ёсыг нь дага гэж монголчууд ярьцгаадаг. Сумод анх очоод ёс жаягийг нь сурах гэж, дагах гэж хэцүү бай­сан уу?
-Монголчууд олон оронд сай­хан амьдарч байна. Монгол хүн гэдэг нүүдэлчин удамтай болохоор хаана ч очсон тухайн соёл, дэг жаягт нь амархан дасан суралцаж тэр бүү хэл дээшээ гарч ирдэг болохоор тэнгэр заяатай хүмүүс юм уу даа гэж боддог.

-Та хэд хүртлээ сумо барил­дъя гэж бодож байна вэ?
-Бяр хүч гэдэг тэнгэр бурхан хүнд тодорхой хугацаанд өгдөг буян бөгөөд хэсэг хугацааны дараа эргүүлээд авдаг буян байх.

-Бяр гэдэг тэгвэл буян байх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Тийм болохоор тэнгэр бурхнаас илгээсэн энэ буянг зөв ашиглахын тулд бэлт­гэ­лээ сайн хийж барилдах хэрэгтэй. Өөрийн бяр хүчийг бүрэн дүүрэн ашиглаж барилдах юмсан гэж хичээдэг. Цаг нь болохоор тэнгэр бурхандаа "баярлалаа" гээд бяр хүчээ өгөх тэр мөч хүртэл барил­да­на. Хүч чадал минь харьсан цагт зодгоо тайлна.

-Зодог тайлсныхаа дараа юу хийе гэсэн бодолтой байдаг вэ?
-Анх би сайхан барилдъя гэж л сэтгэл шулуудаж ирсэн. Өөрийнхөө үнэн хүчийг үзэж аав, ээжийнхээ буян хишгийг хариулъя, эх орныхоо нэрийг гаргая, өөрөө сайхан амьдаръя гэж боддог байлаа. Зо­дог тайлсан цагтаа л юу хийхээ төлөвлөнө. Миний хувьд ид барил­даж гарч ирж байгаа болохоор энэ тухай хараахан бодож амжаагүй байна. Би чинь шинэ аварга боло­хоор цаашид бэлтгэлээ сайн хийж барилдана. Тийм болохоор үүний тухай бодох эрт байна л даа. Сай­хан барилдаад явж байтал ирээ­дүйн зам дардан шулуунаар угтаад авах байлгүй.

-Таны бодлоор дараагийн их аварга цолтон ямар бөх байх бол. Манайхан Какүрюү Анандыгаа болчих болов уу гэж харж байгаа. Япончууд ч мөн тэгж ярьдаг гэж дуулсан?
-Миний бодлоор арслан цолыг хүн хүч хөдөлмөр, хөлс, нусаа гоожуулж, бусад бөхчүүдээсээ хэд дахин илүү бэлтгэл хийж байж авдаг юм байна гэдгийг мэдэрсэн. Харин аварга цолыг дээрх дээр нэмээд хүнд зөв санаж, буян хиш­гээ зөв хайрлаж, тэнгэр, газар, лус­даа сайн шүтсэний дүнд хувь та­ви­лан­гаар ирдэг гэж ойлгодог. Одоо сумод олон сайхан арслан цол­тон­гууд барилдаж байна. Тийм бо­ло­хоор одооны бэлтгэлээсээ хэд да­хин илүү бэлтгэл хийж, өвөг дээд­сээ хүндэлсний үр дүнд буян хишиг, хийморь, цог заль нь нэг цэгт хүрч байж аварга цолыг хүртэнэ байх.

-Одоо барилдааныхаа тухай хэнтэй зөвлөдөг вэ. Д.Дагвадорж аваргатай таныг ойр байдаг гэж дуулсан?
-Спортод надтай хамгийн ойр хүн аав минь байсан. Харин одоо ээж, хоёр ах, их аварга Д.Даг­ва­дорж ах, хамаатан садан, байнга миний дэргэд байж намайг хайр­лаж, халамжилдаг хань минь байна даа. Хань минь миний харцнаас л намайг яах гэж буйг, юу хийх гэж байгааг хараад л мэддэг. Спортын хүнд гэр бүлийнхэн гэж ямар байх ёстойг ээжээсээ болон ханиасаа илүүтэйгээр ойлгож байна.

-Ээж тань таны дэргэд хамт байгаа болохоор сэтгэл өег бай­даг уу. Ядаж л бэлтгэл болон барилдааныхаа өглөө гарахдаа үнсүүлээд л...
-Үнэхээр сайхан байдаг. Өндөр хувь тохиол, буян хишгээр ээжийн­хээ хүү нь болон мэндэлсэндээ баяр­ладаг. Ээж минь надад бүх л зүйл дээр тусална шүү дээ. Ханийг минь сонгоход хүртэл хэлж л бай­лаа. Сайхан гэр бүлтэйгээ хамт байна гэдэг чинь бидэнд маш том бэлэг юм. Ямар ч хүний хам­гийн том түшиг, бахархал нь ээж гэдэг хүн байдаг биз ээ.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манай эхнэрийг Мөнх­жар­га­лын Баттуул гэдэг. Миний хань чинь айлын том охин дороо хоёр дүүтэй. Японд дээд сургууль төгс­сөн бүсгүй байдаг.

-Аваргынх ам бүл хэдүү­лээ болоод байгаа вэ?
-Ам бүл дөрвүүлээ болсон. Бидний дундаас хоёр сайхан гүнж төрсөн.

-Бөх хүний хувьд хүүтэй бо­лох­сон гэж мөрөөдөж байна уу?
-Бурхан багшаас заяасан энэ сайхан хишгийг бид голж шилж, сонгох эрх байхгүй. Хоёр сайхан охинтой болсондоо баярладаг юм. Аав, ээж бидний үүрэг үр хүүхдээ сайхан хүмүүжүүлэх байдаг. Тэр дагуу л явна байна.

-Анх аав болж байсан тухай­гаа ярихгүй юу. Яг юу бодогдож байсан бол?
-Эхнэр төрөх гээд эмнэлэгт байхад би маани л их уншиж байлаа. Эхнэр хүүхдийг минь эсэн мэнд амаржуулж өгнө үү гэж бодож байгаад л уншина шүү дээ. Дэргэд ээж байсан болохоор сэтгэл харьцан­гуй тайван байсан. Бурхан багш минь таныг бие сэтгэл, үйл хөдлөлөөрөө гомдоож явсан бол уучлаарай. Үр хүүхдийг минь л хүндрэлгүй төрүүлж өгөөч гэж бурхан тэнгэрээсээ гуйсан.

-Танд чөлөөт цаг хэр гардаг вэ. Ер нь чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Чөлөөт цаг гарвал гэртээ кино үзэх дуртай. Төгсгөл нь "happy" кино үзэх сайхан шүү дээ. Аз жаргалаар төгсөж байгаа кино гоё шүү дээ. Харин солонгос кино үздэггүй.

-Яагаад. Монголчууд солон­гос кинонд дуртай шүү дээ?
-Биед муу юм шиг байна лээ.

-Монголын залуу сумочид­тойгоо хэр уулзаж зөвлөгөө өгдөг вэ?
-Бид цагаан сар, шинэ жил гээд баяраар л ихэвчлэн уулздаг. Уул­зах үедээ зөвлөгөө өгч өөрийнхөө тусалж чадах зүйл дээрээ туслахыг хичээдэг. Энэ уламжлал болсон зүйл байгаа юм. Их аварга Д.Даг­ва­дорж ах байхдаа залуучууддаа тусалдаг байлаа. Дагваа аваргын дараа Даваа аварга маань (Их аварга Хакухо М.Даваажаргал) их аваргын Монголчуудаа гэсэн тэр сайхан сэтгэлийг авч үлдсэн. Тийм болохоор монголчуудтайгаа уул­заж, зөвлөлдөж, эвтэй байхыг хичээж явдаг.

-Японд байгаа жирийн иргэд­тэй­гээ уулзах боломж байдаг уу?
-Японд монгол хоолны газрууд байдаг. Хааяа тэнд очиж хоол идэхдээ монголчуудтайгаа уулздаг. Мэдээж монгол хүмүүс байна даа хоорондоо мэнд устай байж зураг хөргөө татуулж, юм ярилгүй яахав.

-Та монгол хоолноос ямар хоолонд дуртай вэ?
-Би багадаа лавшаа буюу гу­рил­тай шөлөнд үнэн дургүй бай­лаа. Харин одоо миний хамгийн дуртай хоол лавшаа болчихоод байна.

-Сумочдыг хараад хэр их иддэг бол гэсэн сэтгэгдэл төр­дөг. Таны хувьд хоолонд хэр вэ?
-Их иддэг байсан бол сумочид дундаа хамгийн бага жинтэйд орохгүй л байсан байх. Миний биеийг хараад л энэ нөхөр хэр их иддэг вэ гэдэг нь харагддаг байлгүй.

-Таныг ном бичсэн гэсэн. Ямар учиртай ном бэ?
-Японы түүх судлаач хүн "Мон­голын мандал буурал" гэсэн сэдэв­тэй ном бичсэн юм. Тэр номыг нь би түүхчээс нь зөвшөөрөл аваад монгол хэл дээр хэвлүүлэн "Шинэ монгол" сургуульд тараалгасан. Дэлхийн олон улс орнууд Мон­голын түүхийг судалж олон өнцгөөс нь бичдэг юм билээ. Японы суд­лаач, эрдэмтний харсан өнцөг нь монголчуудад ямар санагдах бол гэдэг үүднээс л хөрвүүлсэн. Агуу түүхтэй хүмүүс түүгээрээ бахархдаг. Түүнээс өвөг дээдсийнхээ алдаж, оносон тэр бүхнийг харж болдог. Түүхийг хараад байхад ямар ч улс гүрнүүдийн алдаа, ялгуусан ялалт нь хүртэл нэг юм шиг санагддаг. Тийм болохоор тэр алдааг ахин давтахгүй байгаасай гэдэг үүднээс орчуулж хэвлүүлсэн.
ТӨР МИНЬ ТӨВШИН АМГАЛАН, АРД ОЛОН МИНЬ ЭЛЭГ БҮТЭН БАЙГ

-Та өөрийнхөө нэрэмжит "Абаа­зан" сангийн үйл ажил­ла­гааны тухай ярихгүй юу?
-Аав минь сэрүүн тунгалаг байх­даа "Абаазан" санг үүсгэн байгуул­сан. "Абаазан" сан гэдэг нь "Авьяас билгийг дэмжих ама заан, арслан, начин" сан гэсэн утгатай. Аав маань сангийн үйл ажиллагааг эхлүүлээд удаагүй байхдаа өөд болсон болохоор би тэр шугамаар өөрийн чадах чинээгээрээ буяны ажил хийж байна. Нийгмийн сайн сайхны төлөө хөгжлийн бэрх­шээл­тэй иргэдэд хандсан үйл ажил­ла­гаа явуулж байна. Зүрхний согогтой хүүхдүүдэд туслах зорилготой Японы "MBO" төвийн гишүүн нь болоод тэрхүү үйл ажиллагаанд жаахан ч гэсэн нэмэр болох үүд­нээс арга хэмжээнд нь оролцдог. Ноднин Монголд сангийнхаа шуга­маар Японы эмнэлгийн бүрэн тоног төхөөрөмжтэй хоёр түргэний машин оруулж ирэн нэгийг нь Эх нялхаст нөгөөг нь түргэн тус­лам­жийн төвд өгсөн. Энэ жил хоёр түргэний, нэг гал командын машин өгөхөөр бичиг баримтыг нь хөө­цөл­дөж байна. Гэх мэтчилэн өөрийн чадах хэмжээгээрээ бага багаар буяны ажил хийж байгаа юм.

-Д.Дагвадорж аварга Хол­ли­ву­дын кино жүжигчид, алдартай дуучидтай найзууд байсан. Таны хувьд тийм найзууд бий юу. Тэднийгээ нэрлэхгүй юу?
-Дагваа ах дэлхийд танигдсан их аварга шүү дээ. Би аварга болоод удаагүй байна. Тийм боло­хоор Япондоо танигдсан сайхан сай­хан хүмүүстэй дотно холбоо­той. Би Дагваа ахын туслах хийж яв­даг байсан болохоор олон газ­раар явсан. Брэд Питт, Селин Дион, Жет Ли, Жеки Чан гээд олон одууд­тай ахын буянаар уулзаж бай­­сан. Надад Дагваа ах шиг Хол­ли­вудад найз нөхөд байдаггүй юм.

-Их аварга болсон юм чинь удахгүй олон найзтай болно доо?
-Сайхан барилдаад явж байхад болох байх.

-Та барилдааныхаа өмнө үн­дэс­ний бөхийн дэвээ шавааг хий­дэг. Барилдаанд өөрийгөө хур­цалж байна гэж ойлгож болох уу?
-Хүн болгон гарахдаа өөрийн стилийг харуулсан төвлөрөх аргууд байдаг. Миний хувьд гуяа гурав алгадаад гарахад бодол санаа төвлөрөөд "Болно, чадна, дийлнэ" гээд гардаг. Би өөрийгөө бэлтгэлээр ирлэдэг. Хүнээс илүү бэлтгэл хийх үед өөртөө итгэх итгэл хүртэл дээшилдэг. Бяр сууж, зориг орж байгаа нь мэдэгддэг юм.

-Сумогоор хичээллэж эхлэх­дээ шантарч байв уу?
-Хүн өөрийн мэргэжлийг сон­гоод түүндээ хүрэхийн тулд явж байхад шантрах, бэргэх, гутрах, баярлах зүйл тохиолддог байх. Би бусдын л адил зорилгодоо хүрэ­хийн тулд явдаг болохоор анхан­даа тийм үе байсан. Гэхдээ дараа нь баярлах мөч ч олон шүү дээ. Хүн тэр үедээ л юм бодно уу гэхээс байнга бодогдоно гэж байдаг­гүй.

-Дагваа аварга Японд очоод хамгийн түрүүн уншсан ном нь Тайхо аваргын тухай ном байсан гэдэг. Таны анхны уншсан ном ямар ном байсан бэ?
-Би япон ном гэхээсээ илүүтэй­гээр крилл бичигт хөрвүүлэгдсэн номыг их уншдаг. Хамгийн сүүлд "Карма"-г уншлаа. Үйлийн үр гэж юу вэ. Хүн хэрхэн амжилтад хүрэх вэ гээд уншихад сайхан санагдсан. "Карма" гурван боть ном л доо. Нэгдүгээр сарын башёгийн дараа уншиж дууссан юм.

-Удахгүй сар шинэ болох гэж байна. Монголчууддаа мэндчил­гээ дэвшүүлэхгүй юу?
-Сумогийнхны бэлтгэл өглөө эрт эхэлдэг. Би бэлтгэлдээ явахдаа алтан нар, хөх мөнх тэнгэр рүүгээ харж байгаад "Төр минь төвшин ам­галан байг. Ард олон минь элэг бү­тэн, инээд хөөр дүүрэн байх бол­тугай" хэмээн хүсдэг. Энэ ерөө­лөө Монголын ард түмэндээ ил­гээе дээ. Удахгүй гарах усан могой жил монголчуудын хувьд ивээлээ хайр­ласан сайхан жил болох байх аа.
Э.ЭНХБОЛД
Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"

No comments:

Post a Comment