Болгарын Софи хотоос Ж.Баярмаа дэлхийн өмнөд тивд хөл тавиад ШУТИС-ийн багш Л.Дүгэржавтай ярилцсан ярилцлагаа манай хаягаар ирүүлсэн байна. Ингээд энэхүү ярилцлагыг хүргэж байна.
Тэнд нар баруунаас зүүн тийш буюу нар буруу эргэнэ. Зургаан сарын турш жаргалгүй манддаг ч өндөрт хөөрнө гэж үгүй тэнгэрийн хаяанаас дээш хамгийн дээд тал нь 23.5 орчим градуст л очдог. Байнгын хүчтэй салхины улмаас үүл тогтдоггүй, тэнгэр нь үргэлж цэлмэг. Харин нар жаргаж харанхуй нөмрөхөд хүчтэй салхи шуурга дэгдсэн зургаан сар үргэлжлэдэг урт шөнө эхэлдэг. Энэ дүрслэлийг уншсан хэнд ч харь гариг уу аль эсвэл үлгэрийн орон уу гэх бодол эрхгүй төрмөөр. Ер бусын, танил биш санагдах энэ газар бол Антарктид тив дээр орших манай гаригийн хамгийн урд талын цэг, Өмнөд туйл юм.
Мөсөн тив дээр анхны монгол судлаач 1972 онд хөл тавьсан байдаг. Сүүлийн 20 гаруй жил зогсонги байдалд байсан туйл судлалыг ШУТИС-ийн багш Л.Дүгэржав дөрвөн жилийн өмнөөс хөдөлгөөнд оруулав. Тэрбээр Монголын Антарктид судлалыг шинэ шатанд гаргах, орчин үеийн хөгжлийн голидрол, дэлхийн жишигт хүргэх “галт тэргийг хөдөлгөсөн” ганц дайчин. Өмнөд туйл судлалын шинэ цагийн түүхийг өөрийн биеэр бичиж яваа “түүчээ тогоруу”.
Тэрээр тав дахь удаагийн аянаасаа “Өмнөд туйлын тэг цэг дээр очсон анхны Монгол хүн”гэсэн түүхэнд үлдэх эрхэм алдартай ирж байгаа. Түүнийг өмнөдөөс умард уруу эх орноо зорьж явах замд нь сонин сонсохоор Софигийн (Болгарын нийслэл) нисэх онгоцны буудал дээр Элчингийн ажилчдын хамт тослоо.
-Сайн байна уу? Сайн явж ирэв үү? Монголын анхдагчдын тоонд багтан түүхэнд нэрээ мөнхлөх үйлс бүтээсэн танд баяр хүргэе. Дэлхийн зулай дээр хөл тавьсан сэтгэгдлээ хуваалцаач?
-Баярлалаа. Сайн явж ирлээ. Өмнөд туйлын цэг дээр очоод төрсөн сэтгэгдэл гэвэл миний төрсөн нутгийн Нарийны Хөдөөн гэх тал шиг л санагдсан. Увс аймгийн Тэс суманд Нарийны гол Эх голын хооронд 50 орчим км-ын өргөнтэй 120-иод км-ын урттай хөндий байдаг. Яг Дорнодын тал шиг. Гэхдээ Дорнодын талд цасны дээгүүр өвсний толгой харагдаад байдаг. Манай Нарийны Хөдөөд өвөл хаашаа ч харсан цав цагаан, цас шуураад, тэнгэр цэлмэг, нартай. Яг тийм орчин л намайг угтсан. Тэр байтугай Амундсен-Скотын баазын цаг уурын станцынхны ээлж солилцож буй нь хүртэл сумын төвийн цаг уурынхан ээлж солилцож байгаатай төстэй харагдаж байлаа. Эль хульхан орчинд хоёр бөөвийсөн нөхөр цасан дунд гаргасан жимээр алхаж байгаа нь танил санагдсан шүү. Гэхдээ тэд орчин үеийн ШУ, технологийн хөгжлийн хамгийн сүүлийн үеийн супер үзүүлэлтүүд дээр суурилсан судалгаа шинжилгээний ажил явуулж байгаа л даа. Энэ бааз бол байнгын ажиллагаатай судалгаа, шинжилгээний төв.
-Амундсен Скоттын цэг, бааз гээд яригдах юм. Энэ ямар учиртай юм бэ?
-Дэлхийн хамгийн өмнөд цэгийг анх Норвегийн иргэн Рауль Амундсен гэгч 1911 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр олж тогтоосон байдаг юм. Үүнээс 34 өдрийн дараа буюу 1912 оны нэгдүгээр сарын 17-нд Английн судлаач Роберт Фалкон Скотт багийн дөрвөн гишүүнийхээ хамт мөн тэнд хөл тавьсан. Эхний багийн гишүүд бүгд эсэн мэнд эргэж ирсэн бол Р.Ф.Скоттын багийнхан өлсгөлөн болон хэт хүйтнээс болж буцах замдаа бүгд харамсалтайгаар амь үрэгдсэн байдаг. Тиймээс тэдний дурсгалыг хүндэтгэн Өмнөд туйлын цэгийг Амундсен-Скотт гэж нэрлэсэн. Тэнд дөрвөн зүг найман зовхис байхгүй зөвхөн хойд зүг л байдаг. Өөрөөр хэлбэл, хаашаа ч харсан умардыг хараачилж байна гэсэн үг.
-Дэлхийн өмнөд туйлын цаг уур, орчны талаар биеэр очсон хүний хувьд бидэнд ярьж өгөөч. Нар жаргадаггүй, манддаггүй болохоор цаг тогтоох боломжгүй, тиймээс цаг байдаггүй, нар буруу эргэдэг гэх мэтээр их л өөр ертөнц сонсогдоод байдаг.
-Антарктид манай дэлхийн хамгийн өмнөд бөгөөд хамгийн хүйтэн тив. Жилд ганцхан удаа нар мандаж мөн ганцхан удаа л жаргадаг. Өвөл, зун гэсэн хоёрхон улиралтай. Наран мандахаас жаргах хүртэлх зургаан сарын хугацааг зун гэх бөгөөд есөөс гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Зуны дундаж хэм нь -25.9 хэм бол өвлийнх -58 хэм. Одоогоор хамгийн дулаан өдөр 2011 оны арванхоёрдугаар сарын 25-нд (-12.3 хэм), хамгийн хүйтэн нь 1983 оны долдугаар сарын 21-нд (-82.8 хэм) тохиосон гэж тэмдэглэгдсэн байгаа. Гуравдугаар сарын сүүлээр нар жаргаснаар тэнд түнэр харанхуй, цасан, мөсөн шуургатай зургаан сар үргэлжилдэг урт шөнө эхэлдэг. Гэхдээ хоёрдугаар сар гээд л харанхуйлаад, шуураад эхэлдэг. Тиймээс наран мандсан “зуны дэлгэр цаг”-т судлаачид Өмнөд туйлыг илүүтэй зорьдог. Гэхдээ зуны улиралдаа ч тогтуухан байдаггүй. Ер нь 365 өдрийн 360 нь хүчтэй, салхи шуургатай байдаг. Өдөр зургаан сар, шөнө зургаан сар үргэлжилдэг мөн бүх уртрагууд (уртрагаар цагийн бүс тогтоодог)огтлолцдог цэг болохоор цаг тогтоох боломжгүй болж байгаа юм. Яг туйлын цэг дээр Шинэ Зеландын цагаар явдаг. Росс Айлэнд дээр АНУ-ын Антрактид судлалын “Мак-Мёрдо”станц гэж бий. Тийшээ Шинэ Зеландын Крайстчерч хотоос нислэг үйлддэг болохоор тэдний цагийг барьдаг хэрэг л дээ.
-Монголын анхны хүн дэлхийн хэд дэх хүн болж туйлын цэг дээр гишгэв?
-Би 5000 дахь хүн боллоо. Жилд дунджаар 150 орчим хүн очдог юм байна. Газар зүйн ойлголтоороо дэлхийн бүх уртраг тэнд нэгддэг, 90°S гэж нэрлэгддэг тийм газар. Тэнд хөл тавихын тулд АНУ-ын Төрийн Депертаментаас зөвшөөрөл авдаг юм. Дөрвөн жил хөөцөлдөж байж энэ жил эрх авч Болгарын Антрактидын нийгэмлэгийн тэргүүн, профессор Христо Пимпиревийн хамт очиж төрийнхөө далбааг мандууллаа. Анх нэгдүгээр сарын 06-нд очихоор төлөвлөсөн байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалж хоёр өдрөөр буюу 08-нд болж хойшилсон юм. Энэ нь миний төрсөн өдөр байж таарч билэгшээж байлаа. Биднийг очих үед -32 хэмийн хүйтэн, салхитай байсан.
-Антрактид аль ч улсын газар нутаг биш, энхийн болон шинжлэх ухааны зориулалтаар ашигладаг, дэлхий дээрх цорын ганц эзэмшигчгүй бүс нутаг биз дээ. Тийм байхад яагаад АНУ-ын Төрийн Депертаментээс зөвшөөрөл авдаг билээ?
-Өмнөд туйлын байгаль, орчинг хамгаалах, био масс, баялагийг зүй зохистой ашиглах зорилгоор 1980 онд Олон улсын Антрактидын конвенци гэж байгуулагдсан. Өдгөө 48 орныг эгнээндээ нэгтгэсэн энэ байгууллагыг АНУ тэргүүлдэг. Мөн тэг цэг дээрх Амундсен-Скоттын бааз бол АНУ-ынх. Энэ хоёр үндэслэлээр АНУ-аас зөвшөөрөл авах ёстой байдаг.
-Та Монголыг энэ конвенцид элсүүлэх талаар нэлээд ярьдаг. Энэ асуудал юу болж байгаа вэ?
-Ирэх гуравдугаар сарын 15 гэхэд Монгол улс Конвенцид ажиглагч гишүүнээр элсчих болов уу. Ноднин холбогдох байгууллагуудад нь баримт бичгээ бүрдүүлээд өгчихсөн байсан. Зургадугаар сарын 10-аар энэ асуудал яригдсан. Гэтэл тэр үеэр манайд сонгууль эхэлсэн байж таараад элсэж амжаагүй. Нэгэнт бичиг баримт бэлэн болсон тул Монголд очоод энэ асуудлыг хөөцөлдөж, хурдлуулна. Уг нь элсчихвэл Өмнөд туйлд Монголын судалгааны бааз байгуулах, үндэсний хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, надаас өөр судлаачид, баг хамт олон туйлыг зорих үүд хаалга нээгдэх гээд байгаа юм. Конвенцэд элсээгүй учраас би Болгарын багийн гишүүн гэж явж байгаа шүү дээ. Хэрэв бид элсэж чадвал эвслийн 49 дэх орон болох юм. Манай элсэх хүсэлтийг Болгар, Чили, Испани, Герман, Португали, Орос зэрэг орнууд дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Монголчууд танин мэдэхүйн шатнаасаа гараад судалгааны ажлын төвшинд хүрчихээр тэд хүлээн зөвшөөрч байна. Португалиуд өнгөрсөн жил хийсэн судалгааны 1000 орчим хуудас материалаа файлаар надад өгсөн. Хэрэв энэ судалгааг Монголчууд бие дааж хийсэн бол дахиад 2-3 жил шаардагдана. Энэ бол Антрактидад таван удаа очиж ажилласаны минь үр дүн. Тэнд нэг ч хүн нь очиж ажиллагаагүй мөртөө Конвенцийн гишүүн болно оо гэвэл гайхна биз дээ.
-Тэр ч тийм шүү. Гишүүнээр элсчихвэл баазаа барьж байгуулах ажлаа эхлүүлэх үү? Таны өгсөн ярилцлагуудаас харахад энэ бол таны гол зорилгуудын нэг гэдэг нь харагддаг.
-Энэ удаа туйл явахдаа миний өмнөө тавьсан хоёр дахь зорилго бол бааз барих газраа эцсийн байдлаар сонгох байсан. Зүгээр юм уу гээд гурван газар харж байснаас Болгар, Испанийн баазын хооронд (Болгарын баазаас 1.5 км, Испанийнхаас хоёр км-ийн зайд) 200 м.кв талбайтай газар сонгосон. Далайн төвшнөөс дээш 40 метрт, хадан дээр л дээ. Хаа хамаагүй цас, мөсөн дээр барьчихаж болохгүй шүү дээ. Газрынхаа дээж чулуу, геологийн материалуудыг нь нэтгээд авчирлаа. Ханилж яваад нөхрөө гэдэг. Болгарчуудаа түшиглээд тэр газрыг сонгосон. Ямар ч байсан тэнд бид гэрээ барих буурьтай боллоо. Тэнд байнгын үйл ажиллагаатай 34 орны бааз байна.
-Болгар гэснээс та тэдэнтэй цэвдэг судлалын чиглэлээр хамтарч судалгаа явуулж байгаа байх аа?
-Дан Болгар биш л дээ. Олон улсын судалгааны баг. Манай экспедицийн судалгаа энэ жил амжилттай өндөрлөсөн. Ноднин цаг агаарын нөхцлөөс болоод дуусгаж чадаагүй юм. Ингэснээр Монгол хүний оролцсон анхны төслийг амжилттай дуусгаж чадлаа. Мөн Португаль, Болгар, Орос, Испаничуудаас судалгааныхаа ажлын чиглэлээр мэдээлэл авах төлөвлөгөөтэй байсан. Авлаа. Бразилийн цэвдэг судлалын чиглэлээр ажиллаж байгаа залуустай, Чилийн хүрээлэнтэй том хэмжээний харилцаа тогтоож чадлаа. Цаг уурын маш хүнд нөхцөлтэй учраас Антарктид тивд уугуул оршин суугч байдаггүй. Дээр би хэлсэн 365 өдрийн 360 нь салхи шуургатай байдаг гэж. Тиймээс судалгаа, шинжилгээний ажил цаг их авдаг. Хүмүүс 20 хоног, нэг сарын дотор асар их ажил амжуулдаг гэж бодоод байдаг. Тэнд нэг юм уу хоёр өдөр л бүтэн ажиллаж чадвал их юм. Өөрөөр хэлбэл, цаг уур, орчны маш хүнд нөхцөлд ажилладаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн лабраторийн туршилт хийдэг гэж боддог. Үгүй. Энэ хүйтэн, хүнд нөхцөлд тухайн хүн, цаашлаад тухайн үндэстэн, жишээлбэл Монгол хүний бие, организм хэрхэн зохицож байна, дасч чадах нь уу үгүй юу гэдгийг судалдаг. Өдөр болгон үзлэгт орох зэргээр хүн өөрөө судалгааны обекът болоод явдаг гэсэн үг. Монгол хүн дасан зохицох чадвар сайтай гэдэг нь тэнд ч бас харагддаг.
-Ер нь Антарктид судлалын бас нэг гол салбар хүн судлал байх шүү? Ирээдүйд хүн төрөлхтөн сар уруу нисэхээсээ өмнө хоёр туйл дээр суурьшина гэж бичсэнийг уншиж байсан юм байна.
-Өмнөд туйл чинь далайгаар хүрээлэгдсэн эх газар. 50-5000 метр зузаан мөсөн бүрхүүлтэй. Дундаж нь 2800 метр гэж үздэг. Тэг цэг орчимд ийм хэмжээний мөсөн бүрхүүл бий. Харин хойд туйл бол эх газраар хүрээлэгдсэн хөлдүү далай. Өмнөд туйлаа бодвол харьцангуй дулаан болохоор хүн амьдардаг. Тэгвэл Антрактид дээр хүн суурьшаад амьдрах боломж байна уу гэдэг асуудал өнөөдөр ид судлагдаж байна.
Хэрэв боломжтой бол хэрхэн яаж амьдрах вэ, юу идэх, ямар хувцас өмсөх, эрчим хүчээ хаанаас, юугаар хангах, тээврийн хэрэгсэл нь ямар байх зэрэг энэ орчинд зохицох амьдралын шинэ загварыг бүтээхээр бүх төрлийн судалгааны ажил тэнд хийгдэж байна. Тэгэхээр туйлыг зөвхөн геологичид, цаг уурчид зорихоо больсон. Нийгмийн бүх төрлийн судалгаа, шинжилгээ тэнд хийгдэж байна. Нөгөө талаар, ирээдүйн хүн төрөлхтөний идэх хоол, уух усны том нөөц тэнд, экологийн маш цэвэр орчинд хадаглагдаж байна. Ирээдүйд хүн төрөлхтөн тэр үүцийг задлах нь гарцаагүй. Конвенцид нь элсээд, баазаа байгуулаад, судалгаа шинжилгээний ажилд нь гар бие оролцоод байвал тэндээс хувь хүртэх нь бас гарцаагүй.
Онгоцны буудлаас Болгар дахь Монголын ЭСЯ-ны байр хүрэх замд бид ийн хөөрөлдөв. Тэрээр туйлыг зориход нь ЭСЯ-ны хамт олны өгч явуулсан Монголын далбаа, Болгар хэл дээр хэвлэгдсэн “Монголын нууц товчоо” тэг цэг дээр очсон гэдгийг хэлээд буцаан хүлээлгэж өгсөн юм. Энэ үеэр Элчин сайд Ц.Ганхуяг “Анхдагч байж, бусаддаа зам гаргаж өгнө гэдэг амаргүй” гэсэн нь үнэн санагдлаа. Тиймээ, Л.Дүгэржав гуай энэ дөрвөн жилийн хугацаанд цаашид Монголчууд Өмнөд туйлыг судлах ажилд гар бие оролцох үндэс суурийг хангалттай тавьжээ. Ганц дайчин ганцаарддаггүйн үлгэр энэ биз.
Өмнө нь дөрвөн ханатай жижиг гэр барьж, борцтой хоол хийн хүмүүсийг дайлсан зэргийг нь уншаад тэр ертөнцийн мухарт хүртэл улсын минь нэр танигдаж байна даа гэж бодоод туйл судлаачаар бахархаж бас баярлаж байсан юм. Монголчууд ийм цөөхүүлээ байж хаана ч хүрдэг, юунаас ч хоцрохгүй юм. Сансарт нисч, туйлд очиж, сумод түрүүлж, Microsoft-д ажиллаад л.
Ж.БАЯРМАА
No comments:
Post a Comment