Монголын залуу зохиолчдын холбооноос Сар шинийг угтан утга зохиолын ноён оргилуудын нэг болох ардын уран зохиолч Бөхийн Баастад өчигдөр хүндэтгэл үзүүллээ. Б.Бааст гуайн хувьд одоо 92 настай бөгөөд сар шинийн дараа 93 нас хүрэх юм. Сар шинийн өмнө хүндэтгэл үзүүлж байгаа ч тэд цагаан сарын тавгийн идээ будаахан өгөх гэсэнгүй ажээ. Насаараа номын мөр хөөсөн түүнд 2000 оноос хойш Монголын утга зохиолд орж ирсэн залуус өөрсдийн уран бүтээлийн дээж тэргүүт 30 гаруй номоор бэлэг барьсан юм. Учир нь ахмад уран бүтээлчид шинэ мянганы залуусын шинэхэн уран бүтээлтэй танилцах нэгэн том шат гэж үзэж байгаа гэнэ.
Энэ өдөр залуу яруу найрагч М.Наранболд, Т.Дарханхөвсгөл, залуу зохиолч С.Баттулга нар үеийн уран бүтээлчдээ төлөөлөн иржээ. Тэднийг ардын уран зохиолч Б.Бааст гуайн гэрт очиход ахмад зохиолч аанай л хөнгөн шингэн хэвээрээ, инээд цалгиан угтсан юм.
"За яаж яваа хүүхдүүд гэнэ ээ. Надаас мундаг олон ахмад уран бүтээлчид байхад заавал надад хүндэтгэл үзүүлэх хэрэг байна уу" хэмээн нэлээд гайхсан янзтай байлаа. Залуу уран бүтээлчид Б.Бааст гуайн насыг хүндэтгэн ирснээ уламжилсан юм. Өвгөн зохиолч тэднийг ханаараа дүүрэн зурагтай, ном, сонин болсон өрөөндөө орууллаа. Энэ нь залуу уран бүтээлчдийн сонирхлыг татаж байлаа. Хэсэг ярьж суусны дараа залуу уран бүтээлчдийг номынхоо өргөөнд урьсан юм. Уг өрөөний гурван хана нь номоор босоо юу даа гэмээр ажээ. Учир нь гурван ханынхаа шалнаас тааз хүртэл ном өрсөн байх агаад энэ өрөөнд 1940 оноос хойш цуглуулсан 14 мянган ном байгаа гэсэн юм. Түүний номын өргөөнд саатна гэдэг бол залуусын хувьд ихээхэн том завшаан билээ. Б.Бааст гуай энэ өрөөндөө тэр бүр хүн оруулаад байдаггүй ч өөрийнх нь залгамж халаа болон гарч ирж буй залуустаа номыг хэрхэн хадгалах тухай ярингаа ийнхүү өрөөнийхөө хаалгыг нээхээр шийджээ.
Залуу зохиолч, яруу найрагчид хүндэтгэл үзүүлсний дараа ардын уран зохиолч Бөхийн Баасттай ярилцлаа.
-Та ч мөнхийн залуу гялалзсан хэвээрээ байна шүү?
-Би чинь нас л дээр гарсан болохоос залуу хүн шүү дээ. Нас бол зүгээр л тоо. Залуу нас гэдэг хайр сэтгэл, яруу найраг хоёроор бялхаж байдаг зүйл. Харин хайр сэтгэл, яруу найраг гэдэг чинь нэг ээжийн хоёр мөөм л байхгүй юу. Энэ хоёрын тухай Монголд гэлтгүй дэлхийн олон уран бүтээлчид хэдэн мянган ном бичсэнийг бүү мэд. Хайр сэтгэл, яруу найраг гэдэг чухамдаа яг юу вэ гэдэг дээр ямар ч ухаантан өнөөдөр оновчтой хариулт өгч чадаагүй. Энэ хоёр бол оройд нь хэзээ ч гарахгүй уул шиг бол ёроолд нь хүрч чадахгүй гүн далай шиг зүйл юм. Хайр сэтгэл, яруу найраг хоёр хүн үүсэхэд л үүссэн юм бол магадгүй дэлхий сөнөж хүн байхаа больсон цагт л үгүй болох зүйл гэж өвгөн би боддог.
-Өнөөдөр (өчигдөр) залуу зохиолчдын холбооноос танд хүндэтгэл үзүүллээ. Ахмад уран бүтээлчид болон залуу үеийнхний хоорондох холбоо хэр байна вэ?
-Монголын зохиолчдын эвлэл залуу уран бүтээлчид ахмад үеийнхэн хоёрыг таслаад хаячихсан. Монголын зохиолчдын эвлэл ахмадуудтайгаа ажиллаж байгаа зүйл алга. Энэ нэг эргэх холбоог ор тас мартчихаад байна.
-Уран бүтээлээ туурвиж эхлээд нэгэн жарныг хол давсан биз?
-Миний 1936 онд бичсэн шүлэг 1940 онд анх сэтгүүлд гарч байлаа. Тийм болохоор 80 орчим жил болж байна гэсэн үг.
-Яруу найраг анх бичиж эхэлсэн байх нь ээ?
-Тэгсэн ухаантай. Тэр үеийн яруу найраг гэж юу байхав. Одоогийн яруу найрагчид уншвал шоолох байлгүй. Хавтгай, ерөнхий, цагаан шүлгүүд л бичиж эхэлсэн. Өнөө цагт шүлэг, яруу найраг гэдэг нарийн болж. Над шиг залуусын бүтээлийг ойлгоход бэрх болсон байна. Монголын яруу найрагт шинэ зам гарсан. Үнэхээр шинэчлэл хийгдээд байна уу эсхүл эрэл хайгуул хийгдэж байна уу, гадаад зохиолчдын шүлэгнээс санаагаа аваад байдаг юм уу бүү мэд. Өнөөдөр жинхэнэ монгол шүлэг байхгүй болсон. Цэндийн Дамдинсүрэн гуай шиг монгол шүлэг бичиж байгаа хүн даанч алга байгаад харамсах юм. Энэ хүнээр монгол шүлгийн удам тасарсан. Харин сүүлийн үеийн монгол шүлгийг ардын уран зохиолч Пунцагийн Бадарч, Дөнгөтийн Цоодол бичиж байна. Харин ухаантай сайхан шүлгийг манай Бавуугийн Лхагвасүрэн бичиж байх шив дээ. Эднээс бусад хүмүүсийн шүлгийг би сайн ойлгохгүй байна шүү. Тэгээд ч би яруу найраг тэгж их уншдаг хүн биш.
Залуу зандан насандаа дууны үг гэж элдэв шалдав зүйл бичиж байсан. Тухайн үедээ мэнд тунгалаг байсан Монголын сор болсон уран бүтээлчид ая хийж байлаа. Тийм болохоор намайг хэдэн дуутай болгосон тэр хэддээ баярладаг.
-92 нас гэдэг үнэхээр сайхан юм аа. Өдий насалтлаа олон сайхан хүмүүстэй ойр дотно явсан даа?
-1930-аад оны дунд гэхэд манай улсад эрдэм мэдлэгтэй, сэхээтэн залуус өдрийн од шиг цөөхөн байлаа. Учир нь хамаг сайхан залуусын ихэнхийг нь цааш нь харуулсан. Харин азаар тэдний ард цөөн хэдэн хүн үлдсэн. Тэднийг танихгүй хүн гэж үгүй. Тийм ч болохоор монгол даяараа нэр алдраа дуурсгаж чадсан байх. Сүүлийн жилүүдэд утга зохиолд орж ирсэн олон зуун хүнийг би танихгүй.
-Уран бүтээлээ туурвихын тулд олон бэрхшээлийг туулсан байх даа?
-Идэр есийн -40 хэмийн хүйтэнд цас зуднаар 42 хоног явж байлаа. Үүнийг бэрхшээл гэвэл түүний ард нэг сайхан зохиол бий гэж сэтгэж явсан. Түүний буруу гэж байсангүй. Дараа нь мөн 40 гаруй хоног малчидтайгаа зуднаар үйлээ үзэж, үстэй толгойгоо маажсаны үр дүнд их ч олон зохиол гараас гарсан даа.
-Хамгийн сүүлд ямар уран бүтээлийн ард гараад байна вэ?
-1930-аад оноос хойш надтай нөхөрлөсөн хүмүүс бүгд хорвоогоос буцсан байна. Тэднийхээ тухай бичих хүн надаас өөр үлдсэнгүй. Тэд "Чи л бидний тухай бичиж чадна. Өөр хэн ч биш" гэж бодоод өдий болтол намайг энэ буурал хорвоод амьд явуулсаар байгаа ч юм билүү. Тийм болохоор тэднийхээ захиа даалгавраар урт насалж байгаа болохоор миний уран бүтээлийн арванзургаа дахь цуврал оны өмнө гарсан. Энэ номд 150 гаруй цуврал бүтээл багтсан. Утга зохиолын хамаг сайхан нөхдийнхөө тухай эл номд багтаасан байгаа. Одоо өвгөн ах нь арвандолоо дахь цувралаа гаргах гээд сүүлийн материалаа бэлдэж сууна. Ирэх долоо хоногт хэвлэлтдээ орчихно. Өнөөдрийг хүртэл хутганы ирнээс хуруу зузаан 100 гаруй ном хэвлүүлсэн. Одоо олон сайхан ном бүтээлээ гаргачих юмсан гэж хичээж байна. Үүнийг миний амьд явах хугацаа мэднэ.
-Таны үед харилцаа холбоо өнөөдрийнх шиг хөгжөөгүй байлаа. Номноос л бүх мэдээллээ авдаг байв уу?
-Одоо ном уншдаг хүн байхаа больж. Тэтгэвэрт гараад ном уншина гэж хойш тавьдаг бол тэр хүн амьд яваад ч хэрэггүй. Хүнд зав чөлөөгүй цаг гэж байхгүй. Хүн цаг завыг өөрөө л гаргадаг. Гарч буй цаг хугацааг ном уншихад л зориулах хэрэгтэй. Монголын залуучуудыг телевиз, компьютер хоёр аллаа. Залуус бидэн шиг урт насалж чадахгүй. 40 хүрээд л сохор, доголон, солио гажуу янз бүрийн мэдрэлийн өвчтэй хүмүүс л болж хувирна. Тийм болохоор би телевиз үздэггүй. Мэдээ үзэх гэж л телевизээ асаадаг.
-Таны бие чилээрхэж байна уу?
-Үгүй ээ. Энэ чих л юм сонсохоо байгаад байна. Гэхдээ удахгүй би 31 чихтэй болно. (инээв)
-Нутаг руугаа явж байгаа биз дээ?
-Очоогүй удчихлаа. Миний төрсөн нутаг Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сум шүү дээ. Нутаг маань үнсэн дээр хаясан шалз шиг л болсон байсан. Өнөөх бургас, улиас, их харгана, дэрс түнгэ юу ч алга. Хааяа нэг тачир харгана, энд тэнд бургасны оёор төгцөгтэй, ганц нэг өндөрдүү бургас дээр хэрээ суучихсан тийм л газар угтсан. Уг нь арай ч ийм байна чинээ бодоогүй.
Манайхан өвөлждөг газар хэсэг өндөр бургас байснаас ганц л жижиг бургас үлдсэн байхаар нь хадаг уяж, идээ цагаа өргөөд ирсэн. Нас дээр гарсан болоод ч тэр үү ээжийнхээ нас барсан газрыг олж чадсангүй. Харин цогцсыг нь тавьсан газраа мэдэж байсан болохоор тэнд очсон.
-Уг нь нутаг усандаа очсон хүний сэтгэл цэлмээд сайхан болдог доо?
-Цэлмэх байтугай сэнсэрчихсэн. Миний мэдэх Ховд гол яваандаа ширгэх янзтай байна. Ус нь дундраад зарим газар нь арал тогтчихсон аж. Аймшигтай хорт шумуул нь бараг алга болж, нутгийнхан маань сумаараа уул шил өөд нүүн гарч, зуншдагаа болих нь. Жилийн дөрвөн улиралд хүн малын хөлд талхлуулсан нутгаас юу үлдэх билээ. Юу ч үлдэхгүй. Цөлжинө. Элсний нүүдэл их болсон байна лээ. Харин тэр ан амьтныг нь санахын ч хэрэг алга. Устаад үгүй болж.
Насныхаа бөгсөнд нутгаа ийм болчихно чинээ зүүдлээ ч үгүй явлаа. Элдэв юм үзэхийн дотроос төрсөн, өссөн нутгаа ийм болохыг үзлээ. Өвгөн надад өмрөхөөс өөр зүйл үлдсэнгүй.
-Таныг өндөр сайхан насалж байгаад нэг нууц бий хэмээн уран бүтээлчид ярилцахыг сонссох юм байна?
-Энэ асуултыг би өөрөөсөө асуугаад өнөөдрийг хүртэл хариултыг нь олж чадаагүй л явна.
"Сайн явах санааных
Сайхан явах заяаных" гэж манайхан үнэхээр зөв оноод хэлчихсэн юм биш үү. Хүн сайн сайхан урт насална гэдэг тухайн хүнээс шалтгаалж байгаа юм. Амьд явахад амраг хань, аав, ээж, ах дүү, найз нөхдийн аль нь ч тус болохгүй.
Архи уухгүй, тамхи татахгүй байх хэрэгтэй. Хамгийн чухал зүйл бол хөдөлгөөн байгаа юм. Биднийг ийн ярилцаж байх зуур түүний утас дуугарлаа. "Байна уу , байна уу" хэмээн гурвантаа дуугарсны дараа "Өө мэссэж байна" гэв. "Би одоо болтол мэссэж уншиж сураагүй. Уг нь их олон мэссэж байгаа гээд бидний яриа цааш өрнөлөө."
Оны өмнө нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүллээ. Солонгосын их олон гэрлийн техникээр зэвсэглэчихэж. Би уг нь хоёрдугаар эмнэлгийн хүн байхгүй юу.
-Тэгээд яагаад эмнэлэгтээ үзүүлэхгүй байна вэ?
-Би хоёрдугаар эмнэлгийнхэнтэй тангараг тасарсан.
-Юунаас болж?
-Яахав. "Манай урлаг, соёлын бүхий л сэхээтнүүдийг танай эмнэлэг алсан. Би тэдний орон дээр үхэхийг хүсэхгүй байна. Би өөр газар эмнүүлж, өөр газар үхмээр байна" гээд тангараг тавьсан. Нэгдүгээр эмнэлгийн эмч нар өнөө солонгос багажаараа үзээд "Таны элэг, цөс, бөөр, ходоод, нойр булчирхай манийхаас сайхан байна. Яагаад ийм байна" гэж асуусан.
-Тэгэхээр нь юу гэв?
-Тэгэхээр нь би "Аржанчивлан рашааныг би 35 жил завсар өгөлгүй уусан" гэж хэлсэн. Жил жилийн намарт л би рашаан руугаа очдог. Хүн үхэж болох 400 гаруй өвчин байдаг. Түүний 200-г нь Аржанчивлан рашаан эмнэж яваа гэж боддог. Мөн эрүүл явах нэг шалтгаан энэ муу хоёр гартай холбоотой. Гар гэдэг чинь гай, гавьяа хоёрыг хоёуланг нь чирч явдаг. Гар хүрэхгүй бузар зүйл гэж байхгүй. Ямарваа нэгэн зүйлд хүрсэн л бол заавал гараа угаах хэрэгтэй. Би өдөрт 30-40 удаа гараа угаадаг. Манайхан мөн өвчнийг хүндэтгэх хэрэгтэй.
-Яагаад өвчнийг хүндэтгэнэ гэж?
-Манайхан өөрт нь байхгүй зүйл бий болчихоод байхад тоохгүй яваад байдаг. Бүр сүүлд нь эмчид хандсанаас болж үхэл гэсэн ганц цэг дээр зогсох болдог.
-Та одоо хэнтэй амьдарч байна вэ?
-Төрсөн хүү мөн ач хүүгийн хамт гурвуулаа амьдарч байна. Уг нь манайх долоон хүүхэдтэй байсан гурав нь эндчихлээ. Хамгийн томыг нь Тамир гэдэг байлаа. Э.Бат-Үүл баатар, сайд асан С.Баяр нартай хамт дөчин мянгатын хулигаан байсан. Даанч архинд толгойгоо мэдүүлсэн хүүхэд байлаа. Э.Бат-Үүл, С.Баяр хоёр зөв замаа олон явсан ч хүү минь архины замаар явсан. Тэгээд хүү минь архинаас гарч чадалгүй өөд болсон. Бага хүү Хэрлэн маань их цэвэрхэн бичигтэй мөн зураг зурна. Миний ганц хайртай хүү минь байв шүү. Тэр хүү маань сүрьеэ өвчнөөр тэнгэр болчихсон. Уг нь эмч нар эдгэсэн гээд гаргасан. Дөрвөн сар архи ууж болохгүй гэтэл эмнэлгээс гараад хоёр сар болонгуут өнөө найзууд нь гудамжны шалбаагнаас эхлээд уулгасаар байгаад алчихсан. Нэг охиноо автын ослоор алдаад одоо гурван охин нэг хүүтэй л байна.
Өвгөн ах нь эхнэрээ алдаад 20 жил болчихож. Гэрийн нэг багана хугарах хэцүү. Тэр тусмаа эмэгтэй талын багана хугарах бүр хэцүү. Би одоо бол гадаа гарч эр болж, дотор орж эм болж л явна.
-Их Явуугийнхаа цэцэрлэгийн дэргэд танай гэр байдаг юм байна. Өдөр бүр цэцэрлэгээр салхилж байна уу?
-Би чинь их дэлгүүр орохын тулд өдөр бүр л Явуугийнхаа цэцэрлэгээр явдаг юм. Энэ цэцэрлэг удахгүй байхгүй болох байх.
-Энэ ямар учиртай юм бэ?
-Учирсаад байх юу байхав. Явуугийн цэцэрлэгийн ард байрлах хорингуравдугаар сургуулийн хүүхдүүд цэцэрлэгийн хашаанд хөлбөмбөг тоглох юм. Хавар өнөө зүлэг нь ургахгүй юм харагдаж байна лээ. Хорооныхоо даргыг тус сургуульд албан тоот явуулж өгнө үү гэсэн ч тоохгүй юм.
Модных нь дэргэдүүр хүмүүс зүгээр гарч чадахгүй байна. Заавал мөчрийг нь хугалаад гарч байгаад гайхах юм. Энэ монголчууд чинь яачихаад байгаа юм бүү мэд.
Э.ЭНХБОЛД
No comments:
Post a Comment