УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Төмөр зам, МИАТ зэрэг хэл ам дагуулж буй газрууд олны анхаарлыг ихээхэн татаж байна. Салбарын сайд байсан хүний хувьд та энэ талаар анхаарч ажигласан байх?
-Тэнд ажил хариуцаж байгаа биш, хөндлөнгөөс юу хэлэх вэ. Гэхдээ гарч буй мэдээллүүдийг сонсч, ажиглаж суух юм. МИАТ-ийн хувьд асуудал тодорхойгүй байх шиг. Төмөр замын тухайд бол 2007 онд хууль нь батлагдсанаар багагүй ахиц гарсан.
Ялангуяа 1946 онд ЗХУ-тай хийсэн хэлэлцээрийг өөрчлөхөд үр дүнгээ өгсөн. Тухайн үед өмчийн хэлбэлзэл, ялгааг арилгахгүйгээр төмөр замыг ашиглаж болно гэсэн шинэ боломжийг нээсэн. Төмөр зам ачаалалтай, бүтээн байгуулалтын салбар дахь ачаа эргэлт, түүхий эд, дамжин өнгөрүүлэх тээвэр гээд намайг ажил хариуцаж байх үеэс хүндрэл их байсан. Энэ байдлыг харгалзаж бид Оросын талтай гэрээ хийж байсан. Гэрээ хэрэгжих бүрэн боломжтой байсан ч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж найман зүтгүүр авч байлаа.
Тэр үед зүтгүүрүүд дээд тал нь 25-40 жил ашиглагдсан, олонх нь хуучирч элэгдсэн байсан. ОХУ-ын талаас ч гэсэн манайхыг тэр чигээр нь мөлхүүлэхэд хүргэсэн. Ингээд бид Япон улсаас зээл тусламж авч байж бид төмөр замынхаа аюулгүй ажиллагааг хангасан. Аюулгүй ажиллагаа гэдэг нь цэвдэгтэй газрууд, томоохон гол мөрний тохой, тойргууд эвдэрч нурах аюул нүүрлээд байсан юм. Түүнийг зээлээр шийдсэн.
Тэр үед Оросын тал хувь авна гэсэн байр суурь илэрхийлж байснаас биш олигтой ганц зүтгүүр ч өгөөгүй. Гэтэл төмөр зам иргэдийн амар тайван байдлыг хангаж, ачаа барааг цаг хугацаанд нь хүргэж өгч, буцааж тээвэрлэх үүрэгтэй тээврийн хэрэгсэл. Зүтгүүрээс шалтгаалаад ачаа эргэлтийн шаардлагыг хангадаггүй үе байсан. Сүүлийн үед энэ байдал улам хүндэрч байна. Зарим зүйлийг Оросоос түрээсээр авлаа гэж дуулддаг. Мөн хувийн хэвшлийнхнийг оруулж ирсэн гэлцдэг. Хэдий тэглээ ч үнэхээр ачаа эргэлтээ гүйцэхгүй байгаа нь бодит үнэн.
Намайг ажиллаж байх үед АНУ-аас зээл орж ирэх боломж бүрдэж байсан. Түүгээр олон ажлыг хийж гүйцэтгэж болох байсан ч огт хэрэгцээгүй зүйлд, тухайлбал сургалтад 20 сая ам.доллар зарцуулах гэх мэтээр Засгийн газар үрсэн.
Ийм байдлаар өмнөх Засгийн газрын үед авч хэрэгжүүлсэн ажлыг дараагийнх нь цэг тавиад байхаар асуудал улам хүндрэлгүй яах вэ. Тэгээд ч улстөрийн өнгө аясаар хандаад байвал үр дүнд хүрэхгүй.
-Салбарын сайдаар өмнө нь ажиллаж байсан Х.Батулга асуудалд хөндлөнгөөс ил далд оролцож, Монголын төмөр зам компанийн захирлын албыг хашиж байсан М.Энхсайхан гурван сар хүрэхгүй хугацаанд ажлаа хүлээлгэн өгсөн. Төмөр зам ачааллаа дийлэхгүй, Замын-Үүдийн чиглэлд түгжрэл үүсч байгааг хэлсэн түүнийг Үйлдвэрчний эвлэл нь “Бидний нэр хүндийг гутаасан” хэмээн мэдэгдэх боллоо?
-Намайг салбарын сайдаар ажиллаж байхад Да.Ганболд агентлагийн даргаар ажиллаж байсан. Улстөрчийн хувьд эсрэг намынх ч бид төмөр замын тулгамдсан асуудлаар санал нэгдэж, гар нийлж ирсэн. Да.Ганболд төмөр замд том асуудлыг шийдүүлсэн хүний нэг. Тухайн үед шинээр барих 1110 км замын зураг төслийг Хятадын мэргэжлийн байгууллагаар хийлгэж авсан. Өртөг үнийн хувьд 25 сая ам.доллар гарсан ч эдийн засаг хүнд боломжгүй учир тендерт давуу эрхтэйгээр оролцуулъя гэсэн байдлаар хэлцэл хийж, төмөр замын маш том баримт бичигтэй болсон. Тэр замыг барьчихвал одоо яриад байгаа асуудлууд шийдэгдэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, бид хос замтай болно гэсэн үг. Харамсалтай нь төр, засгийн бодлогод залгамж чанар алга. Улстөржсөн байдлаар асуудалд хандсанаар төмөр зам дагасан хөгжил гацаанд орчихоод байна. Бид чинь өмнө нь төрөөс баримтлах төмөр замын бодлогоо баталчихсан шүү дээ. Өргөн, нарийн царигийн асуудлаар ч бодлогоо тодорхойлчихсон. Түүгээр дотоодын нутаг дэвсгэр дээгүүрх төмөр замын цариг ерөнхийдөө өргөн байна гээд хуульчилсан. Харин тухайн орд буюу тодорхой цэгээс цааш гарсан зам нь нарийн байж болохыг ерөнхий байдлаар заачихсан. Ийм байтал гэнэт Сайн-Шандаас нааш нарийн төмөр зам татна гэвэл боломжгүй. Бодлогын баримт бичгийг би сайд байхдаа оруулсан ч Х.Баттулгын үед батлуулсан. Тэгэхээр тэр сайн мэдэж байх учиртай.
-Тэгээд ямар асуудлаас үүдэж санал зөрөлдөөд байгаа юм бол?
-Үндсэн төмөр зам нь өргөн царигтай байна. Харин түүнээс салаалсан зам ямар ч байж болохоор ерөнхийд нь хуульчилсан тал бий. Түүнээс үүдэж санал зөрөлдөөд байх шиг байна. Тухайн үед тэгж орхихоос аргагүй нөхцөл байдал үүсээд байсан. Нэг үгээр хэлбэл, төмөр зам өмнөд хөршийн болоод хойд хөршийн улс төрийн геопилитикийн гол обьект болчихоод байгаа юм.
М.Энхсайхан, Х.Баттулга нарын хоорондох маргааны тухайд улс төрийн зөрөлдөөн байдаг болов уу. Түүнээс М.Энхсайхан тэр ажлыг хийж чадахгүйдээ хүлээлгэж өгөөгүй байх. Ерөнхий сайд, Шадар сайдаар ажиллаж байсны хувьд түүнд туршлага бий. Харин Үйлдвэрчний эвлэл нь түүнийг яагаад буруутгаж байгааг ойлгохгүй байна. Улстөрийн намын даргын хувьд төмөр замчдыг гутааж доромжилсон үг хэлээгүй байлгүй дээ. Хамгийн гол нь одоо бид хэрүүл тэмцэл хийх цаг биш төмөр замын асуудлаа нэг мөр болгох л чухал. Улс төрийн талцал, маргаанаас болж олон сайхан ажил хойшилж байсан. Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг Б.Эрдэнэбат анх гаргаж ирж байсан. Барина гэж шавыг нь тавьчихаад Хятадаас авсан зээл тусламжаа өөр зүйл рүү оруулж үрэн таран хийгээд эцэст нь юу ч биш болгосон. Тэр бол улс төрийн шалтгаантай.
-Сүүлийн үед Х.Баттулгагүй юм Монголд алга гэхэд хилсдэхгүй нь. Барилга хот байгуулалт, үйлдвэр хөдөө аж ахуй, МИАТ, төмөр зам гээд бүх салбарын ажилд оролцдог гэх юм. Нэг ёсондоо тэр Засгийн газрын тамгагүй тэргүүнээр тодорч Ерөнхий сайдын ажлыг хийгээд байгаа юм биш үү?
-Би Х.Баттулгыг хувь хүн талаас нь мэднэ. Юм, юм руу ороод байдаг тийм их амбийцтай хүн биш. Улс төрчийн хувьд тухайн асуудлын тэр нь буруу, энэ зөв гэдэг талаас байр сууриа илэрхийлдэг биз. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж туршлага хуримтлуулсан байх. Гишүүн байхдаа болон түүнээс өмнө ч улс орны хөгжилд түлхэц болох том төсөл хийсэн гэж ярьдаг байсан. Одоо харин түүнийгээ улс төртэй холбоод ирэхээр юу болж байгааг мэдэхгүй юм.
-Ингэхэд Засгийн газрын хийж буй ажлын эхлэлийг хэрхэн харж байна?
-АН-ынхан улс орныг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө болон бусад асуудлыг удаан темп аваад ярихаар үнэхээр гоё болчих юм шиг хүмүүст ойлгогдож байна. Манай намын хувьд өмнө нь засгийн эрхийг барьж байхдаа боловсон хүчний асуудалд алдаа гаргаж, хийгээгүй зүйлүүд бий. Одоо АН-ынхны яриад байгаа зүйлүүдийг бид өмнө нь ярьж л байсан. Тэр үед АН-ынхан шүүмжилж байсан зүйлүүд ч байгаа. Өнөөдөр эргээд харахад АН үнэхээр ярьж байгаа шигээ хийчихээсэй гэж бодож байна. Бонд босгож юм хийнэ гэж байгаагаас харахад нэг талаас зөв ч нөгөө талаас Оросын их өрнөөс арай гэж гарсан монголчууд “Барын амнаас гараад чонын ам руу орно” гэгч бүү болоосой гэж сэтгэл зовниж байна. Оросын их өр бол бүтээн байгуулалтад зарцуулагдсан мөнгө. Одоо бондоор босгож их мөнгөөр яг юу хийх гэж байгаа нь тодорхой бус байна шүү дээ. Энэ үгийг би АН-ыг шүүмжлэх гэж бус улс орны хөгжлийн төлөө хэлж байгаа юм.
-Одоо асуултаа жаахан өөрчилье. Саяхан УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Шаравдорж гуай МАН, МАХН-ын гишүүдэд хандаж хоёр нам нэгдэх ёстой гэсэн утгатай ил захидал бичсэн байсан. Танай намын гишүүд, дэмжигчид хэрхэн хүлээж авав?
-Хүн болгон өөр, өөрийн өнцгөөс хариулт хэлэх байх. Уг нь нэг угшилтай хоёр нам шүү дээ. Салаа замаар явах юм бол бид ойрын 20 жилд ялалт байгуулж чадахгүй нь тодорхой. Иймд намууд нийлэхэд буруу зүйл байхгүй.
-МАН-ынхан сар шинийн өмнөхөн Ц.Нямдорж, Сү.Батболд нараа байхгүйд эзгүйчилж хуралдаад, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ тохирсон гэл үү?
-Тэр хоёр заавал байж хурлын ирц хүчин төгөлдөр болно гэсэн юм байхгүй. Тэднийг өвчтэй, чөлөөтэй байгаа гэж хурлын ирцэд танилцуулж байсан. Намын гишүүдийн олонх, Их хурлын гишүүдийн 80 гаруй, Удирдах зөвлөлийн гишүүдийн 90-ээд хувь нь цугласан байхад хоёр хүнээс болж хурал хойшилно гэж байхгүй биз дээ. Одоогоор тэдний хэн нь ч бодлого тодорхойлогч биш. Ер нь бол манай намын нэр хүндтэй хүмүүсийн хувьд байр сууриа бичгээр ч гэсэн ирүүлэх байлгүй. Тэгээд ч шийдвэр гаргах болоогүй байгаа шүү дээ. Тэгээд ч хурлаар ерөнхий зүйлүүд ярьж, ойрын үед намаас хийх ажлын төлөвлөгөө, Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхдээ ард түмнээсээ саналыг нь авъя гэсэн зарчмын шийдвэр л гаргасан.
-Тодорхой хүний нэр ярьсан гэсэн биз дээ. Тухайлбал, У.Хүрэлсүх нэг хувилбар байна гээд л...?
- Хурлаар хэн нэгэн хүний тухай огт яриагүй. Тэгж ярих байсан бол ард түмнээсээ асууя гэхгүй шүү дээ.
- Танай намын зарим гишүүн “Бидний дотор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших лидер алга” гэсэн байсан?
-Лидер гэж хэнийг хэлээд байгааг би ойлгохгүй байна. Бид дотроосоо журмын нөхрөө сонгодог, тэр нь намын даргаар ажиллаж яваандаа тойрон хүрээлэгчидтэй болж хүчээ авдаг. Цаашид тэр хүн удирдах ажилд зүтгэж, бусад нь зааж зөвлөөд явдаг. Манай намынхан ийм л зарчмаар ажиллаж ирсэн.
-Тэгвэл танай намынхан одоо хэнийг тойрон хүрээлж байна?
-Мэдээж бид Ө.Энхтүвшингээ тойрон хүрээлж, чадах мэдэхээ зааж зөвлөж байна. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг байх аа.
-Тэгвэл, МАН даргыгаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэж ойлгож болох нь ээ. Харин сонгууль шударга болж чадах, эсэх тухайд та юу хэлэх вэ?
-Сүүлийн үед шүүхээр хамжиж сонгууль хийдэг болчихжээ. Үүнийг болих хэрэгтэй. Ард түмэн саналаа өгчихөөд байхад шүүхээр шийдүүлэх ёсгүй.
-МАН-ын экс гишүүдийн олонх “Тусгаар тогтнолынордон”-доо суудлаа засч, зөвлөх, нарийн бичгийн даргын алба хашиж байгаа. Та намдаа ямар үүрэг гүйцэтгэж байгаа вэ?
-Би намын Удирдах зөвлөлийн гишүүн, намын даргын орон тооны бус зөвлөх нэртэй явж байна. Хэлж, ярих зүйлүүдээ хэлж, заримыг бичиж өгөөд явж байдаг албан бус ажилтай.
-Та бид могой жилийн эхэнд уулзаж ярьж байна. Улс төр, нам харгалзахгүйгээр ард түмэндээ хандаж юу хэлэх бол?
-Усан могой жилд монголчууд өнгөтэй байж, ард иргэд амгалан тайван, төр улс түвшин сайхан байгаасай гэж хүсье.
Зууны мэдээ сонин
No comments:
Post a Comment