Wednesday, 13 February 2013

“Өнгөрсөн дөрвөн жилийн гол ололт бол-Тогтвортой байдал”

“Ярилцъя” булангийн маань хоймор Могой жилийн анхны зочин болж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уригдлаа. 

Бидний ярилцлага Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхийлөгч сууж, жавтий хүртээсэн халуухан хуралдааны дараа төрийн ордноо болсон юм. Уулзалтын маань маргааш тэр Давосын олон улсын чуулганы зүг хөлгийн жолоо залсан билээ. Ярилцлагаа ч Могой жилийн анхны дугаартаа залахаар бид хав дарав. Учир нь тэрбээр энэ дөрвөн жилд нэг ч удаа ийм хэмжээний дэлгэрэнгүй ярилцлага сонин хэвлэлд өгөөгүй юм.
 
Одоогоос хоёр жилийн өмнө Давосын ээлжит чуулганы индрээс Ерөнхийлөгчийнхөө цахилуулсан, цохилуулсан цогтой үгсийг сонсч, баярлаж бахдаж байсан минь дурсагдана. Тэр бол шинэ Монголын шинэ нүүр царай. Гадагшаа биднийг сурталчилдаг хамгийн том сурталчилгаа. Ийм хүн дэлхийтэй Монголыг төлөөлж гар барьж байх ёстой. Тэр нь Монголд л  ашигтай.
 
Альпийн нуруунаа орших алдарт Давосын тосгонд ч, Америкийн Цагаан ордонд ч Тэр хүн Монголоо л сурталчилдаг. Мэддэг, мэдэрсэн учраас сэтгүүлчийн хувьд би ийнхүү зоригтойгоор хэлж байгаа юм. Ингээд уншигч олон та бүхнийгээ Монгол Улсын Ерөнхийлөгчтэй илэн далангүй, халуун дотно хөөрөлдсөн энэ өдрийн хоймортоо урин залж байна. 
 
ОЛОН ХҮҮТЭЙ АЙЛД ОЛОН САЙН БЭР ЗАЯАДАГ

-Хүмүүс нас  жилээ тэр бүр ил зарлаад явахыг хүсдэггүй. Харин танд бол нуух эрх бага. Байхгүй ч гэж  хэлж болно. Энэ жил та 50 хүрнэ. Зуугийн тал руу ороод ирлээ гэсэн үг. Гэтэл танд ямар ч өөрчлөлт алга. Тантай хамгийн анх 20-оод жилийн өмнө танилцаж байхад яг ийм л хүн байсан. Гэхдээ дотуураа авч байгаа насны мэдрэмж гэж байх юм уу ?
-За даа, бараг алга даа.

-Туулай жилдээ та хайртай юу. Гэнэн, бүтгэнэсэн, бүх хүнээр хайрлуулж байдаг дэлдгэр хөөрхөн туулай жилийг олж төрсөн хүмүүсийн дотор Ерөнхийлөгч хүн ер нь байдаг болов уу ?
-Хүн төрөх газраа олж төрнө гэдэг бол их буян гэж би боддог. Энэ улсыг олж төрөх, энэ улсыг олохын тулд энэ дэлхийг олох. Энэ дэлхийг олохын тулд энэ гариг ертөнцийг олох. Ийм том юмнаас бид төрөх газраа, төрөх улсаа олж төрнө гэдэг гайхамшигтай биш гэж үү.
-Тийм шүү. Ингэхэд ивээл жил гэдэг манайхны зан заншилд явдаг нэг ойлголтын талаар та юу боддог вэ.  Харилцаанууд дээрээ ийм өнцгөөс “юм бодож” байсан тохиолдол бий юу?
-Ер нь жил харж байгаагүй. Тийм ивээл жил, харш жил гэсэн шалгуурууд надад байхгүй.
 
-Тэгэхээр сүсэг бишрэл багатай хүн гэсэн үг үү?
-Яалаа гэж. Сүсэг бишрэлтэй байлгүй яахав. Би их шүтлэгтэй хүн. Тэнгэр газартаа шүтнэ. Ард түмнийхээ хувь заяанд шүтнэ.
 
-Хамгийн гоё нь ард түмнийхээ хувь заяанд шүтэх тухай ойлголт байх. Одоо манайд өрнөж байгаа тэнгэризм, бөө гэх мэт үзэгдэлд та хэр хандаж байгаа вэ. Та байр сууриа илэрхийлээгүй байгаа шүү дээ. 
-Төрийн оролцох юм бий, оролцохгүй юм бий. Нэлээн харж ул суурьтай хөдлөх ёстой байх.
 

-Таны гэргий түрүүнд ярьсан ивээл жилд гэдэг зүйлд хэр ач холбогдол өгдөг вэ. Тэр төрийн хэрэгт хошуу дүрдэггүйгээрээ алдартай гэргий болохоор зориуд хувийн зүйлсээр дамжуулж ч болов сонирхмоор байна ?
-Миний хань бол хүүхдийн буянтай хүн. Ганц манай хүн ч биш ер нь монгол эмэгтэйчүүд тийм.
 

-Өнөөдөр нэг тиймэрхүү барилдлагатай өдөр байна. Холын замд гараад хэрэггүй дээ гэх маягийн зөвлөгөөг өгөх үү?
-Бараг үгүй дээ.
 
-Саяхан нэг телевизээр асуулт хариултын хэлбэртэй шоу нэвтрүүлэг явж байна. Монгол Улсын тэргүүн хатагтайн нэрийг хэлнэ үү гэдэг асуултад хүүхдүүд зөвлөлдөж зөвлөлдөж Отгонтуул гэдэг нэр гаргаж ирсэн. Түүнийг тэргүүн хатагтайнх нь хувьд огт “ил” гаргаж ирсэнгүй гэж шүүмжилбэл та хүлээж авах уу?
-Монголын тэргүүн хатагтайн хийдэг ажил, байдаг ачаалал лав миний хийдэг ажил, над дээр байдаг ачааллаас багагүй. Энэ бүхний хажуугаар ил гараад байх зав нь болдоггүй биз дээ.
 
-Тийм үү, энэ нь төрийн хэрэгт хутгалдах гэж оролдсон зарим эхнэрүүдтэй холбоотой ард олны дунд яригддаг домгоос үүдэж таны тавьсан хязгаарлалт уу. Эсвэл өөрийнх нь хувийн ёс суртахуунтай холбоотой зарчим юм уу?
-Төрөл төрлөө олно гэдэг дээ. Надад сайн хань заяажээ л гэж боддог.
 
-Асрах газрын ажил мэдээж хариуцлагатай ажил. Гэхдээ бүхэл бүтэн улсын тэргүүн хатагтайн хувьд бид түүний зүгээс өөр ямар нэгэн үйл ажиллагаа хүлээж байсан. 
-Манайх асрах газар биш шүү дээ. Зүгээр л тэдгээр олон хүүхдүүдийн ээж аав нь болоод явж байгаа хүмүүс. Энэ ажлаас гадна манай гэрийн хүний ажил мундахгүй ээ. Жишээлбэл, бөөрний аппаратанд орох шаардлагатай, хүндээр өвдсөн хүмүүст аппарат хүрэлцэхгүй байна гээд л бөөн асуудал яригддаг байсан. Түүнийг шийдэж тэнд 10 аппарат өгсөн байгаа. Өнөөдөр монголын бөөрний гол тасгийн ачаалал яг тэр 10 аппарат дээр л тулгуурлаж явж байгаа. Эх нялхсын төвд байдаг дутуу төрсөн хүүхдүүдийн ордог аппарат байгаа. Тэрний хамгийн гол аппаратуудыг бас манай хүний сангаас нийлүүлсэн. Дээрээс нь эмч нарт сургалт хийсэн. Мөн хавдартай хүмүүст зориулсан хөнгөвчлөх үйлчилгээнүүдийг нээсэн. Бид энэ бүхнийг ярьдаггүй л дээ. Олон эмнэлэгт чухал тусламжуудыг сангаараа дамжуулж хүргэсэн .Болороогийн авч явдаг хоёр сан бий. Нэг нь “ Итгэл-Хавдаргүй Монгол” ,нөгөө нь “Болор сан”.
 

-Өөрийнх нь хувийн түүх, туулж ирсэн амьдралтай нь холбоотойгоор хийсэн сонголтууд уу. Эсвэл манайхны өвчлөлтийн дотор түгээмэл байдаг зовлон зүдгүүрийг хараад энэ чиглэлд юм хийе гэж шийдсэн юм болов уу. Ямартай ч маш сайхан ажил байна. 
-Аливаа хүний сонголт өөрийнх нь явж туулж ирсэн замналаас үүддэг. Жишээлбэл, бид яагаад хавдрын эсрэг үйл ажиллагаанд нэгдэе гэж бодсон бэ гэхээр анх бид хоёр танилцаж, үерхэж байхдаа эмээгийндээ л анх орж ирсэн юм.  Сүүлдээ эмээгийндээ байдаг болсон. Залуу байсан. Аав ээжээсээ зовдог болгоомжилдог ч байсан юм уу, эмээдээ л илүү итгэдэг байсан. Эмээ маань бид хоёртой тэр танилцсан цагаас хойш хориод жил хамт байгаад хавдраар өөд болсон юм. Тэгээд хавдартай хүнийг эмчлэх, хавдартай хүнийг асрах, амьдралынх нь сүүлчийн саруудад хамт байх гэдэг ямар их чухал зүйл вэ гэдгийг үнэхээр амьдралаараа ойлгосон. Нөгөө нэг чиглэл нь өнчин хүүхдүүдийг халамжлан хүмүүжүүлдэг. Учир нь манай хүн бас л багаасаа ааваасаа өнчирсөн. Аав нь багад нь нас барсан. Манай хүн чинь ээжээрээ овоглодог юм шүү дээ.
 
-Хажидсүрэн гэж ээжийнх нь нэр байж?
-Тийм. Уг нь бол аавынх нь нэр Сүхбаатар. Тэр Сүхбаатар гэдэг хүнийг би үнэхээр гайхамшигтай гавьяатай хүн гэж боддог юм. Эрдэнэт үйлдвэрийг нээсэн хүн шүү дээ.
 
Эрдэнэтийн овоог нээсэн. Эрдэнэтийн уурхайг хайх, олох, нээхээс нь  авахуулаад хамгийн сүүлд хайгуулынхаа дүнг хүлээлгэж өгөх хүртэл ажилласан. Эрдэнэтийн ордыг нээх хайгуулын ангийн дарга нь байсан хүн юм. Эрдэнэтэд 1960-аад оноос эхлээд Чехууд их анхаарал тавьж хайж байсан. Тэгээд 1968 онд Чехословакад гарсан үйл явдлаас болоод тэд буцсан. Түүний дараа 70-аад оны эхээр Оросууд орж ирсэн. Тэр хооронд  монголчууд ажиллаж байсан. Энэ үед бүх үйл ажиллагааг удирдаж байсан хүн. Хамт ажиллаж байсан хүмүүсээс нь олон алдар цуутнууд, хөдөлмөрийн баатар, гавьяатууд төрсөн. Их нэр хүндтэй хүмүүс байдаг юм. Тэгэхээр бас сонин хувь заяа шүү. Эрдэнэтийн ордыг манай хадам аав олсон, нээсэн, Би тэнд ажил амьдралынхаа гарааг эхлэсэн. Эрдэнэт, эрдэнэтчүүд надад төдийгүй бүх монголчуудад их буянаа өгсөн.
-Тийм шүү. Сонин түүх байна.
- Бас нэг сонин юм ярьж өгье. Манай  хадам аав Ховдод нэг удаа ажлаар явж ирэхдээ байгалийн цэвэр болор олсон байгаа юм. Тэгээд ирэхэд нь охин нь төрсөн. Тэгээд охиндоо Болормаа гэж нэр өгч байсан түүхтэй юм билээ.
  
-Та анх гэргийнхээ эмээ дээр орж ирж танилцаж байсан юм байна. Хамгийн анх тогшсон хадмын хаалга эмээгийн хаалга байжээ. Тэд ирээдүйн хүргэнээ ямархуу угтаж байв аа?  
-Эмээ маш сайхан хүлээж авч байсан.
 
-Айхтар сонжино биз дээ? 
-Сонжиж хараагүй байхаа. Заяаны хоёр байна даа. Эд маань хувь заяагаа олжээ л гэж баярлаж байсан болов уу. Манай эмээ надад маш сайн байсан л даа.
-Та хүүхдүүдээ төрсний дараа  даавуу угааж байв уу. Маш залуугаасаа  улс төрийн замналаа эхлүүлсэн хүн болохоор тийм ч  нямбай чамбай, эхнэр хүүхэд гэр орноо бөөцийлж гүйдэг, юм юм амжуулдаг сүрхий нөхдүүд шиг байж чадаагүй болов уу гэж тааж байна?
-Харин ч их хүүхэдсэг, гэр бүлсэг. Эхнэр хүүхдээ асарсан, даавуу угаасан, сүү халаасан тийм хүн байсан шүү. (инээв)
-Тийм гэж үү? 
-Тийм байдлаар л би гэр бүлийнхээ амьдралыг эхэлсэн гэж бодож байна. Анх удаа хугацаат цэргийн албанаас, барилгын цэргээс  ЗХУ-д дээд сургуульд явж байлаа.  Оюутан болоод миний тавьсан нэг гол зорилго бол хамгийн түрүүн хань болох хүнээ олж авах, сурч байх хугацаандаа аав болох. Би тэр зорилгоо биелүүлсэн л дээ. Цэргийн байрнаасаа гараад л гэргий рүүгээ гүйдэг залуу байлаа. Ганцхан хагас сайнд л чөлөө олдоно. Миний маршрут маш тодорхой. Тэр Львов гэдэг хотод байсан хоёр номерын трамбайнд суугаад л эцсийн буудал дээр буугаад, хайртай хүнийхээ амьдардаг нийтийн байранд гүйсээр ордог байлаа.

-Хүүхдүүдийнхээ нэрийг та өгдөг үү. Нэр өгөхдөө голчлон юу боддог байсан бэ?
-Өөрөө өгнө. Бас номтой, буянтай хүмүүсээс асууж авсан нэр ч бий.
 
-Нэг удаа би танаас төрсөн хүүхдээсээ өөр хүүхдүүдийг хамаагүй өөрийнхөө нэрээр овоглох дэмий биш үү гэж асууж байсан. Та дуугараагүй.  Та одоо олон хүүхэдтэй аав боллоо. Миний тэр асуулт их атгаг асуулт шиг санагдаж байсан байх даа. 
-Олон хүн тэгж боддог байж магадгүй л дээ. Гэхдээ хүний сэтгэл гэдэг бол хязгааргүй зүйл юм. Сайхан сэтгэлийн үр хожим нь дандаа сайнаар эргэдэг. Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэж. Хүнд сайхан хандахаар, ялангуяа хүүхдэд сайхан хандахаар тэр ач заавал эргэдэг гэж би боддог. Манай ээж хэлдэг юм. Хөгшин хүнийг, бас хүүхдийг их сайн асарвал ач буян нь заавал тэр хүндээ эргэж очдог юм гэж.
 

-Таныг өсгөж байгаа хүүхдүүд тань Амбаа гэж дууддаг хэвээрээ юу. Эсвэл  Аав руу шилжиж байна уу?
-Амбаа аав гэдэг юм. Миний аавыг манай нутгийнхан, манай сумынхан Амбаа гэж хүндэтгэж дууддаг байсан юм. Нэрээр нь дууддаггүй, дандаа Амбаа  л гэдэгсэн. Тэгээд би энэ дурсгалыг бодож хүүхдүүддээ Амбаа гэж дуудаарай гэж захьсан юм. Эхлээд Амбаа байснаа, Амбаа аав болоод, сүүл рүүгээ аав болоод л явж байна даа.
 
-Хүүхдүүд тань бусдаас өөр орчинд өсч хүмүүжиж яваа. Ирээдүйд нь эцэг хүний хувьд зовних үе байдаг уу?
-Зөвхөн ирээдүйд нь бишээ, би өдөр болгон л зовниж байдаг. Өглөө болгон л зовниж байдаг. Орой бүхэн манай гэрт хүүхдүүдийн тухай яриа болдог. Аав ээж дээрээ биш өөр хүмүүсийн гар дээр хүн болж байгаа тэдгээр хүүхдүүдийн төлөө юу эсийг бодох билээ. Өмнөөс нь хүн үйлчлээд, бүх юмыг нь хийж өгөөд, бүх зүйлд нь санаа тавиад байхаар тэр хүүхэд өөрөө өөрийнхөө асуудлыг шийдэж чадахгүй, зовлон учрахад яаж түүнийгээ давах вэ гэдгээ мэдэхгүй болчих вий. Халуун хүйтэн гэдгийг мэдэхгүй явах вий гэж санаа зовдог. Хүүхдийн энэ урт амралтаар бид нэг их сайн арга олсон. Одоо манай хүүхдүүд бидний таньдаг мэддэг, ойр дотны хүмүүсийн гэрт байгаа. Заримынх нь аав ээж нь ойрхон байгааг нь тэдэн рүү нь явуулж уулзуулахаар шийдсэн. Зарим нь өнчин өрөөсөн, аав ээжгүй хүүхдүүд ч бий. Хүнд амьдралтай, айлын хажууд байдаг улсууд ч бий л дээ. Хүүхдүүд мань яваад 10-аад хонож байна. Бид нар бас эргэж тойроод байгаа. Хамгийн сайхан нь бүгд очсон айлууддаа их сайн нэртэй байгаа. Ямар сайхан ажилтай охин бэ гэдэг ч юмуу, ямар сайн хүү вэ ч гэдэг юм уу. Их хүмүүжил сайтай юм гэсэн ийм сайн үгсийг бид сонсч байгаа. Нэг үгээр хэлэх юм бол бид  тиймэрхүү байдлаар бусад хүмүүс ямар орчинд амьдарч байна вэ гэдгийг хүүхдүүддээ үзүүлж мэдрүүлэх гэсэн юм. Хүүхдүүд хоолоо идэхгүй, идэж байгаа хоолоо дундуур орхих ч юмуу, нэг бол идэхгүй цаашаа түлхвэл би их дургүйцдэг юм. Өнөөдөр хоол олдохгүй байгаа хүүхдүүд зөндөө л байгаа. Тэгэхээр бас амьдралыг үзэх, амьдрал дунд орох нь тэр хүүхдүүдэд сургамж болох байх. Заримдаа өөрийнхөө төрсөн хүүхдүүдээс илүү тэр хүүхдүүдэд хандах тийм нандин хандлага ч гарах юм аа. 
 
-Танай хүүхдүүдийг ангийнхан нь Ерөнхийлөгчийн хүүхэд гээд мэдчихдэг байх л даа. Хүүхэд гэдэг энэ хорвоогийн хамгийн мэдрэмтгий амьтан шүү дээ. Яг энэ сэдвээр танд гомдол хэлдэг үү. Ямар нэгэн байдлаар ялгаа зааг гараад байдаг байх?
-Гайгүй дээ. Гэхдээ уйлсан, унжсан, анги дээрээ бас тийм янз бүрийн байдалд орсон ганц нэг тохиолдлууд сонсогдож л байдаг юм. Нөгөө талаараа манай хүүхдүүд нэлээн тийм ээжээ дагасан хүмүүжилтэй. Манай хүн чинь дөрвөн хүү төрүүлж өсгөсөн хүн. Банди нар голдуу ээж амьтай байдаг шүү дээ. Ээжийн гараар, ээжийн гэх тэр өвөрмөц сахилгаар явчихсан учраас гайгүй шүү. Намайг дууриасан бол бас л хэцүү байх. (инээв)
-Таныг бэртэй болох гэж байна гэх мэдээ гардаг. Хэрэв үнэн бол та ойрын жилд өвөө болох нь ээ дээ?
-Өвөө болохоо бол мэдэхгүй байна. Зүгээр манай том хоёр хүү насанд хүрчихсэн. Гэр бүл болох насан дээрээ яваа залуус. Нэг нь найз охинтой болсон. Нэг нь бүр сүйн бөгж солилцчихсон. Сайхан л юм.
 
-Танайх шиг олон хөвгүүдтэй айлд охид орж ирэх сонин байна уу?
-Сонин биш ээ. Манайх чинь үндсэндээ 12 охинтой болчихоод явж байгаа айл шүү дээ.

-Танай хүүхдүүдийг наадмын үеэр буфетны хуушуур дээр шавчихсан идэж байгаа нэг зураг гарсан. Ерөнхийлөгчийн гэр бүлийн аюулгүй байдал ийм дархлаагүй байдаг гэж үү гэсэн асуулт тэр үед төрж байсан?
-Юун сүржин юм. Надад хүртэл наадмын хуушуур гээд л бариад ирдэг юм. Наадмын хуушуур сайхан ш дээ. 
 

-Та ч гэсэн хөдөө явж байхдаа айлын тавагнаас хамаагүй л аваад идэж байдаг. Зарим ерөнхийлөгч тэгж байгаагүй шүү. Одоо бол цаг өөр болчихсон шүү дээ.
-Мэдэхгүй. Би бол таарснаа л ууж идээд явдаг.
 
-Ерөнхийлөгч ч гэсэн хүн. Хүн юм болохоор хүний ёсны элдэв л асуудалд энэ дэлхийн ерөнхийлөгч нар орооцолддог. Эдийн засгийн бүлэглэлүүдтэй холбогдож хардагдана.  Бүсгүйчүүд хийгээд хайр дурлалын сэдвээр хэрэг мандаана. Таны тухайд энэ сэдвээр ямар нэг баримт дэлгэгдээгүй байна. Үнэхээр тийм чанд хүн үү?
-За, мэдэхгүй юм даа. Хариулж мэдэхгүй л асуулт байна. 

-Хамгийн хийгүй гэгддэг Ерөнхийлөгч Н.Багабанди гуайг ч гэсэн нэг эмэгтэйтэй холбосон шуугиан гарч байсныг санаж байна. Дэлхийн бүх Ерөнхийлөгч нарт янз бүрийн асуудал байдаг болохоор л асууж байгаа юм. 
-Дэлхийн бүх Ерөнхийлөгчид байдаг юм надад яагаад байдаггүй юм бол. Тэгэхээр би нэг бол их азгүй, эсвэл их азтай ч хүн юм уу.
 
-Ийм залуу хүний хувьд жаахан сонирхолгүй, гунигтай амьдрал биш үү?
-Хүн бүр л өөрийнхөөрөө амьдарч яваа. Би цэргийн амьдралаар явчихсан хүн. Цэргийн алба хаагаад, цэргийн сургуульд таван жил сурсан. Надад олдсон хамгийн чухал юмны нэг бол цэргийн хүмүүжил. Одоо ч би өөрийгөө цэргийн алба хааж байна л гэж бодож байна. Улс орныхоо, ард түмнийхээ эрх ашгийн манаанд л үүрэг аваад зогсож байгаа хүн. Үүрэг хүлээсэн цаг дор “үгүй”,”чадахгүй” гэж хэлэх эрх цэргийн хүнд байдаггүй юм.

-Ерөнхийлөгч гэхээр л их тийм хатуу ширүүн, халдашгүй гэж бодоод байдаг  юм болов уу, сэтгүүлчид хүрч асууж чаддаггүй сэдэв шүү дээ. Тэгээд л? 
 -Асуулт чинь дуусаагүй байгаа юм уу.
-Дуусгая, энэ сэдвийг хаалаа. Та бол их спортлог хүн. Цанаар гулгана. Тэшүүрээр бүр гайхамшигтай. Бас сэлнэ. Гэхдээ дуртай, хорхойтой байх нэг хэрэг. Эрсдлээс айдаггүй хэрэг үү?
-Ер нь бол эрсдлээс айхгүй шүү.
 

-Хөвсгөлд таныг спортын мастеруудыг гайхширтал гулгаж байхыг харсан. Гэхдээ хамгаалалтын алба түгшүүртэй байх шиг санагдаж байсан. Бас аль далайд гэв ээ, бүр ёроол руу нь шумбасан гэсэн?
-Байгаль далайн гүнд 437 метрийн гүнд орсон. Одоо яг ажлаа хийж байгаа  Ерөнхийлөгч нараас анхны хүн нь би болсон. Путин бол Ерөнхий сайд байхдаа орж байсан.
 
-Тань шиг эрсдэлд дуртай хүнд сонирхолтой л түүх үлдсэн байх. Гэхдээ таны амь бие бол монголын ард түмний мэдэлд шүү дээ. Та бол дураараа хамгаалалтаас гарч яваад зах руу ч алхаад орчихдог, тэр бүү хэл хүүхдийн баяраар Спайдермэн болоод талбай дээгүүр дугуйгаар явдаг. Хүмүүс ерөөсөө таниагүй гэж сонссон. Заримдаа таны дотор байгаа хөвгүүн багын дүрсгүй зан сэрж, энэ мэт хачирхалтай алхмуудыг хийгээд байдаг юм уу?
-Тийм юм болж байсан.
 
-Таныг Төрийн хамгаалалтын албаныхан зэмлэхгүй юу?
-Зэмлэхэд ч хэцүү юм болсон. Далайн гүн рүү намайг явчихна  гэж хэн ч бодоогүй байх. Дөрвөн цаг болсон. Гараад ирэхэд хачин царайлчихсан бас хачин их баярлачихсан хүмүүс угтсан.
-Инээд хүргээд байх юм. Гэхдээ таны амьдралд золгүй явдал тохиолдож  л байсан шүү дээ?
-Яахав. Сайн муу нийлж байж л сав дүүрдэг хорвоо шүү дээ.
 

-Таны эрүүл мэндтэй холбоотой мэдээллүүд харин хааяа цацагддаг. Ямар нэг асуудал байхгүй биз дээ?
-Санаа зовох зүйл байхгүй ээ.
-Таны ээж Хонинхүү гуай сайн биз дээ. Нас сүүдэр хэдийг зооглож байна?
-Одоо 92 настай. 93 руугаа орж байх шиг байна.
 
-Ой ухаан хэвээрээ юу?
-Хэвээрээ, хэвээрээ. Хүн хөгшрөхөөр залуу цагийнх нь үзсэн, туулсан дурсамжууд нь улам л тодордог юм шиг байна.
 
-Та ээж дээрээ ямар давтамжтай очдог вэ?
-Манайд байнга амьдарч байгаа. Удаж байна. Хүүхэд асрах, хөгшин хүн асрах ажлыг бид хоёр сайн хийж байгаа. Бид бүгдээрээ л ахмадууд болно. Хөгшин хүнийг яг хүүхдээ хайрлаж байгаа юм шиг хайрлах, нялх хүүхэд асарч байгаа юм шиг асрах хэрэгтэй юм байна лээ шүү.
 
-Танай ээж охинтой болохсон гэж боддог л байсан байхдаа. Одоо тэнхлүүн хэвээрээ л байна уу?
-Айлын отгон нь болохоор ээж маань ямар бодолтой байсныг би яаж мэдэхэв. Олон хүүтэй айлд бас олон сайн бэр заяадаг. Миний ээж бол арваад жилийн өмнө таяг ч тулдаггүй тэнхлүүн хүн байсан. Таван давхар руу надтай цуг алхаад гарчихдаг. Одоо хөл нь их муудсан. Бас ямар жижигхэн болчихов. Хүүхэд шиг болчихсон. Ээжийг минь гэх хүн олон бий. Зөвхөн миний ээжээс үүссэн тэднийг дагасан хүний тоо лав 140-өөс илүү гарсан байх.
-Олон хүүхэд өсгөх, хөгшнөө асрах, ажлаа хийх гээд танайх ч их ажилтай айл юм даа.
-Хорь байтугай, хоёр  хүүхэд өсгөх хэцүү л гэдэг. Бидэнд бол жаргал. Ээжтэйгээ цуг байх сайхан.

 -Сайхан үг байна. Хөвгүүдээ цуглуулж байгаад хааяа нэг орой руу нь ортол жавтий хүртээдэг байсан гэж дуулсан. Одоо хэвээрээ юу. Сүүлийн үед тийм явдал ер нь болов уу?
-Одоо 92 той хүн яаж залуу үеийнх шигээ байхав дээ. Залуу байхдаа манай ээж их чанга хүн байсан шүү. Хүүхдүүдээсээ ажилсаг байх, хөдөлмөрч байх, эртэч байх шаардлагыг тавьдаг байсан. Аль нэг хүүхэдтэйгээ ялгаж харьцдаггүй. Бага юм, том юм ч гэдэг юм уу, тийм ялгаа огт байгаагүй. Манай гэрт бүх журам эрх тэгш хэрэгждэг байсан.
 
ЦАГ ХУГАЦАА ЯРЬДАГ ЮМ

-13 жилийн өмнө тантай таны анд талийгаач С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийн талаар дэлгэрэнгүй ярилцлага хийж байлаа. Яг л ийм өвөл, яг ийм хүйтэн нэгдүгээр сар байсныг санаж байна. Тэр үед та уг хэргийг улс төрийн аллага гэж хэлж байж билээ. Одоо яг юу гэж боддог бол. Учир нь энэ хэргээр өрсөлдөгч улс төрийн хүчин тань хамгийн их хожоог хийж, та бүхэн олон жилийн турш энэ хэргийн шонгоос уяатай явсан шүү дээ?
-Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэг илрээсэй гэж би байнга хүсдэг. Ерөнхийлөгчийн албан тушаалтай хүн энэ хэргийг илрүүлэхэд юу хийж болох вэ, ямар шийдвэр гаргаж чадах вэ. Би яг тэр төвшинд шаардлагатай шийдвэрийг нь ажлын хэсэг, хууль хяналтын байгууллагынханд гаргаж өгсөн байгаа.
 

-Зоригийн аллагад намайг хардахаар “бай”-гаа онохгүй байна даа гэж боддог гэж хэлээд аймаар гүн санаа алдаж байсныг тань мартдаггүй юм. Цаг хугацаа зөндөө их хурдалжээ. Таны улс төрийн амьдралд үүнээс хэцүү үе ер нь байсан уу?
-Цаг хугацаа ярьдаг гэдэг тэр зарчим үнэн юм шиг байгаа юм. Цаг хугацаа ярьдаг юм.
 
-Тухайн үед цагдаагийн толгойд байсан нэг хүн хэлж байсан юм. Тэр үед таныг “Хардаж болох бүх л хүнийг хард, шалгаж болох бүх л хүнийг шалга” гэхээс өөр үг хэлээгүй гэж. Гэтэл Э.Бат-Үүл та хоёр л хамгийн их хардагдсан. Энэ үеийн зовлон тань санагдах үед та өөртөө юу хэлдэг бол?
-Намайг 1998 онд Ерөнхий сайдын албыг өгч байхад тэр үеийн цагдаагийн дарга надад хэлж байсан юм. Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг долоо хоногийн дараа илэрнэ гэж. Би бол маш их баярлаж байсан. Бүр тэвэрч авч байсан. Гэвч илрээгүй.
 

-Одоог бодвол хэтэрхий зоримог, болгоомж муутай, зарим талаар мэргэжлийн өвчинд нэрвэгдсэн гэмээр явжээ. Танд Э.Бат-Үүлийг дотроо хардаж үзвэл.. гэсэн асуулт  тавьчихаж байж билээ. Нүд тань ямар болсныг, үнэхээр арга нь тасрах гэж ямар байдгийг тэгж харж байснаа хааяа боддог юм. 
-Тэр үед харж байсан миний харц, тэр үед бодож байсан миний бодол хэвээрээ л байгаа. Өөрчлөгдөөгүй.
 
-Тэр үед хэргийг улс төржүүлэх ганцхан өнгө л нөмөрч байсан. Гэвч үнэн хэрэг дээрээ С.Зориг агсан тухайн үед Ерөнхий сайдад нэр дэвших магадлал яг бүрдсэн байсан уу гэдэг асуултыг хэн ч барьж авахгүй нэг хэсэг нь шуугиулаад, нөгөө хэсэг нь байж боломгүйгээр намнуулаад л өнгөрсөн. Одоо бол энэ хэргийн талаар хөнддөг хүн бараг байхгүй болж дээ?
-Тодорхой хүрээлэлд С.Зоригийг Ерөнхий сайд болгох тухай ярьж байсан байж магадгүй. Миний мэдэх юм бол би тэр тухай ерөөсөө сонсоогүй. Тэр өдрүүдэд Шадар сайд Ч.Пүрэвдорж гэдэг хүн бас таалал болоод С.Зориг оршуулах комиссынх нь дарга нь байсан шүү дээ.
 
-Талийгаач С.Зориг таныг Ерөнхий сайд болсны дараа Д.Энхбаатарыг Батлан хамгаалахын сайдад санал болгож, бүр гуйж байсан баримт байдаг. Д.Энхбаатарыг орон шоронгийн хаалга татах үед ч, дараа нь гаргаж авах гэж  ч та маш их зүтгэж байсан. Одоо ч тэр хүнийг та орхидоггүй. Энэ бүхэн талийгаач найзын тань дурсгалтай холбоотой юу, эсвэл?
-Бидэнд нэг дутагдал бий. Хамгийн ойрхон байгаа хүмүүсээ л дутуу үнэлдэг. Нөхөрлөлдөө үнэнч байх явдал бол их чухал. Анд чинь бүдэрвэл татаад босгох хэрэгтэй.

-Ардчиллын үйл явцыг бүхэл бүтэн цогц зүйл гэх юм бол Баабар нэг хэсгийг нь бүтээж байсан байх. Бат-Үүл нэг хэсгийг нь бий болгож байсан байх. Нэг хэсгийг нь Зориг бүтээж байсан байх. Нэг хэсгийг нь Гончигдорж, Да.Ганболд хийж байсан байх. Аль нэг нь байхгүй байсан бол тэр үйл явц зогсдоггүй юм гэхэд дутуу байх байсан ч юм билүү гэж та олон жилийн өмнө хэлж байсан. Ардчиллын романтизм дуусчээ. Алтан үеийн лидерүүдээс та, Бат-Үүл, Гончигдорж нараас бусад нь төрийн ажлаас холдсон. Одоо дундаж, дунд үеийнхэн улс төрийн амьдралыг тодорхойлж байна гэвэл та юу хэлэхсэн бол?
-Цаг үе хүн хүнд гүн гүнзгий мөр үлдээдэг. Заримдаа тэр нь муу талтай ч байж магадгүй, заримдаа бүр үнэт зүйл ч болдог. 
 
-Ер нь гарын арван хуруунд багтах хэдэн домог болсон улстөрчдөөс дундаж гэж хэлэх хүн харагддаггүй л байсан юм даа. Одоо бол дундаас доош төвшнийхэн л юу дуртайгаа хийгээд яваа харагддаг. Нэг тийм голонгуй мэдрэмж төрөөд байдаг юм. Таны чуулган дээр орж ирээд харж байгаа харцаас ч яг ийм зүйл заримдаа уншигддаг. 
-Бид бол өөрчлөгчид, шинэчлэгчид байхдаа амжилтанд хүрсэн хүмүүс. Түүнээс биш гомдогсод юмуу, эсвэл мөрөөдөгсөд, аль эсвэл цагийн завсраар гүйж орж ирэгсэд байгаагүй.  Ард түмэн бол маш хэрсүү, ухаалаг. Сүүлийн 20 гаруй жил мөн ч олон юм үзлээ шүү дээ.
 
-Ардчилсан хувьсгал бол бидний үеийнхний нүдээрээ үзсэн, амьдрал дээрээ нийгмээ эргэхийг харсан цорын ганц хувьсгал. Таны оройлон удирдсан, амьдрал, хувь тавилангаараа дэнчин тавьж явж хийсэн агуу их өөрчлөлт. Баабар, Бат-Үүл нарт шагнал өгөхдөө хэнтэй ч зөвлөөгүй, ганцаараа өрөөндөө юм бодоод суугаад байсан гэж дуулсан. Энэ хувьсгалын үйл хэрэгт  хамт зүтгэж явсан нөхдөөсөө ахиад шагнах юмсан гэж боддог хүн бий юу?
-Хөдөө орон нутагт, энд тэнд олон хүмүүс  байгаа байх. Ерөнхийлөгчийн ажлын хамгийн хэцүү нь шагналын асуудал байдаг. Өнөөдөр 5000 гаруй хүний гавьяатын тодорхойлолт ирчихсэн байхад тэр дундаас сонголт хийж нүдийг нь олж шагнах гэдэг бол хэцүү зүйл.
 
-Гэхдээ шагналыг тойрсон олон хардлага байсан.  Бүр одонгуудыг  нь үнэлчихсэн тухай баримтууд ч дуулддаг байлаа. Ерөнхийлөгчийн аппаратыг шагналтай холбоотой хэл амнаас та сугалсан. Ингэж өөрчлөхөд хэцүү байсан уу?
-Өмнө нь ч ийм зүйл сэтгүүлчид асууж байсан. Хэрвээ одоо тэр шагнал тойрсон, шагналыг мөнгөөр үнэлсэн, шагналыг худалдах гэж оролдсон хүмүүс Тамгын газар дотроос гарах юм бол яг нэртэй нь, үйлдэлтэй нь, баримттай нь аваад ир гэж би хэлсэн. Би бол тэр хүнийг яг тэр мөчөөс ажлаас нь хална, хариуцлага тооцно. Би энэ зарчмаа хэлчихсэн. Ерөнхийлөгч болоод миний хэлсэн нэг тодорхой зүйл тэр.
 
-Хүн бүр тэмцэгч байх, хүн бүр улс төрийн зүтгэлтэн байх тийм цаг үе ирлээ гэж та 1990 оны 2 дугаар сард Эрх чөлөөний талбайд хэлж байсан. Энэ үг тэр үед хүмүүсийн зүрх сэтгэлийг дагуулсан байх. Үүргээ биелүүлсэн үг байх. Одоо харин монголчуудаас улс төржихөө больж өгөөч гэж л  гуймаар болчихсон юм шиг санагддаг юм?
-Улстөрчдийг шүүмжилж байна  гэдэг бол энэ салбарт, энэ хүмүүсийг тойрч хийх ажил их байна л гэсэн үг. Ингэж л хүлээж авах хэрэгтэй. Өмнөх нийгмээс ялгаатай нэг юм бол бид сүүдрээ нууж чадахгүй болсонд оршино.  Хүмүүс өөрийн үзэл бодлоо нуудаггүй. Хэлэхээсээ, илэрхийлэхээсээ айдаггүй, эмээдэггүй. Ийм л болчихсон. Одоо баярлахаасаа ч эмээдэггүй. Уурлахаасаа ч эмээдэггүй. Түүнийгээ илэрхийлэхээсээ ч эмээдэггүй. Тийм л болчихсон сайхан нийгэм байхгүй юу. Би энэ эрх чөлөөг алтан нартай зүйрлэдэг. Яг л алтан наран биднийг адилхан ивээдэг шиг эрх чөлөө гэдэг зүйлийн тэр анагаах увидас нийгэмд адилхан л  үйлчилж байгаа.
 -Таны түүхэнд олон адармаатай хэрэг явдал тохиолдож байсан. Монголчууд урд хөршийн бодлогыг мэддэг, мэдэрдэг, нийтээрээ өөдөөс нь сөрж зогсож чаддаг байсныхаа төлөө орчлонд гишгэх газар шороотой, өөрийн гэсэн дээвэртэй яваа юм гэж та улсын нууц задруулсан гэх хэргээр шүүхийн хаалга татаад шүүх хуралдаан дээр хэлж байсан. Таван цаг үг хэлсэн, бас өмгөөлөгчгүй ороод өөрөө өөрийгөө өмгөөлсөн гэх мэт зөндөө домог яригддаг л даа. Харин хожим Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа Хятадын эрлийз гэж гүтгүүлсэн. Сонин тохиолдол биш үү?
-Өмгөөлөгчтэй орж байсан. Жижиг Энхбат гэдэг маш сайн өмгөөлөгч байсандаа. Тэр хэргийг өмгөөлөөд бас их хүмүүст анзаарагдсан, нэлээн ч том шуугиан дэгдэж байсан. Шударга сайн өмгөөлөгч . Хоёрдугаарт, таван цаг үг хэлээгүй. Би бол 30 минут л үг хэлсэн. Харин шүүх шийдвэрээ гаргах гэж таван цаг болсон. Тэгээд шүүх шийдвэрээ гаргахдаа “Ц.Элбэгдоржтой холбоотой хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзлээ. Гэмт хэрэг үйлдээгүй байна. Нэр төрийг нь цагаатгасугай” гэсэн ийм тогтоолыг шүүх төрийн нэрийн өмнөөс гээд уншиж байсан. Тэгэхээр шүүх шийдэх ёстой зүйлээ шийддэг, хуулийнхан маань хуулийнхаа дагуу ажиллаж чаддаг гэсэн ийм итгэл надад их дээр үеэс суусан байгаа биз.
 
-УИХ-ын гишүүн байхдаа улсын нууц задруулсан гэх хэргээр шүүхэд дуудагдсан анхны хэрэг байх. Тэр үед таны бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт хэн ч хаанаас ч гаргаагүй. Харин та “Эхлээд намайг УИХ-ын гишүүнээс чөлөөлөөдөх” гэж урдаас нь хүсч байсан. Эгзэгтэй үе байсан. Яагаад тэгсэн бэ?
-Тэнд нууцсаад байх юм байгаагүй. Хүн болгоны аман дээр явдаг байсан зүйлийг, гэхдээ жахан болгоомжилж ярьдаг байсан тийм зүйлийг л олон нийтийн цуглаан дээр ярьсан хэрэг. Ер нь бид нар ингэж явж байгаад урд хөршийнхөө эдийн засгийн хараат байдалд орж магадгүй болж байна. Энэ бол бодлоготойгоор явж байгаа. Энэ бодлогыг хэрэгжүүлдэг тодорхой тооны түшиц газрууд одоо Улаанбаатарт байна гэсэн ийм л зүйлийг ярьсан юм. Түүнийг л ороосон байдаг юм.
 
-Заавал гишүүнээсээ эхлээд түтгэлзүүлчих гэж та яагаад хүссэн юм бэ?
-1990 оноос хойш, Улсын бага хурал бүрэлдсэнээс хойш олон хүн УИХ-ын гишүүнээсээ гэмт хэрэгт холбогдоод ингэж чөлөөлөгдөж байсан байх гэж би бодсон.  Гэтэл  “гэмт хэрэгт холбогдлоо, энэ гишүүнээс асууж тодруулах зүйл байна” гээд хуулийн байгууллагаас хандахад өөрийн хүсэлтээрээ “За, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс намайг чөлөөлж өгнө үү, би шалгуулъя” гэсэн хүн сонирхолтой нь надаас  өөр байхгүй юм билээ. Тэр үед УИХ-ын дарга Н.Багабанди дарга байсан юм. Тэр өдөр тэр хурлыг дэд дарга нь Ж.Гомбожов гуай удирдаж байсныг би сайн санадаг юм. “Намайг гэмт хэрэгт холбогдуулан шалгах болсон тул УИХ-ын гишүүний үүрэгт ажилаас чөлөөлж өгнө үү” гэж  ганц өгүүлбэр бичээд дор нь УИХ-ын гишүүн Цахиагийн Элбэгдорж гэж гарын үсгээ зураад л хурал даргалагчид өгч байсан. Тэгэхэд миний араас С.Зориг “Чи болио, хэрэггүй” гэж татаж байсан. Да.Ганболд, Р.Гончигдорж гээд нөхөд минь хэлж байсан л даа. Би тэдний үгийг аваагүй.Энэ  бол одоо ч миний баримталдаг зарчим. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд албан тушаалаараа далайлгаж саад болох ёсгүй. Нөгөө талаар албан тушаалаараа далимдуулж хуулийн шударга хэрэгжилтээс зугтах ёсгүй. Харин ч хуулийг тэгш хэрэгжүүлэх гээд явж байгаа тэр хүмүүсийн ажилд нь туслах ёстой. Төрийн алба хашигчид өөрсдөө үлгэрлэх ёстой. Үүнийг би  тэр үед ч баримталж байсан, өнөөдөр ч  баримталдаг. Яагаад гэвэл бид ийм нийгмийг амь насаа золихын наагуур зүтгэж явж байгуулж байгаа улсууд. Бид явсан  ч энэ тогтолцоо, сайн соёл үлдэх л ёстой. Ийм зорилгын төлөө бид бүгдээрээ зүтгэсэн биз дээ.
 
 -1996 онд “Наадмаа авцгаая” гэж уриалсаар, сонгуульд намаа аваад орж байлаа. Өнөөдөр бид тавуулаа байна, эргэж тавиулаа болж орж ирнээ гээд парламентын хаалгыг хааж гараад сонгуульд ялалт байгуулж байлаа. Монголчууд амны бэлэгтэй, зөнтэй нь үнэн. Гэхдээ та арай илүү зөнтэй юм шиг санагддаг уу?
-Ер нь хүмүүсийнхээ, хүнийхээ хүчинд , ард иргэдийнхээ хүчинд итгэж байгаа тэр мэдрэмж магадгүй тэр зөнг биелэхэд тусалдаг байх. Тэр зөнг авчирдаг ч байх.
 

-Та тэгээд л гарч байсан. Гэхдээ 96 оны ялалтыг үнэхээр байгуулсан л даа. Нэг харахад л унаж яваа харагддаг ч, цахилж яваад ялдаг. 1996 оны ялалтын цаад гол хүч юу байсан бэ?
-1994 онд би УИХ-аас гараад дараа нь намын даргад өрсөлдсөн юм. Тэгэхэд бид нар ярьж байгаад намын даргыг уралдаан, сонгууль байдлаар явуулъя гэж шийдсэн. Марафон гэж нэрлэж байлаа ш дээ. Нам дотроо сонгууль явуулж байна шүү дээ. Тэр үед анх удаа болж байсан үйл явц. Бараг жил орчим үргэлжилсэн. Бүх аймгийг тойрсон. Тэр үед Да.Ганболд намын дарга байсан. Би бол нэр дэвшигч. Тэгээд хоёулаа мөрийн хөтөлбөрөө гаргаад бүх аймгийг тойроод л таниулаад, санал хураалгаад явсан. Аймаг бүхэнд очиход үнэхээр хамгийн сонирхолтой сэдэв нь л энэ үйл явдал байсан. Ер нь хүн хүнийг л сонирхдог. Тэр аймагт хэн нь ялав, хэн нь гарав. Тэр мэдээ бүхэн сум руу очдог. Тэр мэдээг тэр үед иргэд телевизээрээ хардаг. Тийм ч олон телевиз байгаагүй. Ерөөсөө бүх орон даяараа тухайн нам руу, дэвшүүлж байгаа хөтөлбөр лүү, тухайн хоёр хүн рүү анхаарал нь хандчихаж байгаа юм. Тэгээд бүх  аймаг, хот, орон даяар, Улаанбаатарын бүх дүүргүүд дээр санал хурааж байлаа шүү дээ. Тэгээд санал хураалтынхаа дүнг намын их хурлаар баталгаажуулж байсан юм. Тэр их давалгаа 1996 онд анх удаа Ардчилсан хүчин 50 суудал авахад хүргэсэн. Би нөхөдтэйгээ ярьж байсан нэг яриагаа маш сайн санадаг юм. “Бидний төрийн эрх авах он бол 1996 он биш, харин УИХ-д  25-аас дээш л суудал авах ёстой шүү. Бидний ялалтын он бол 2000 он” гэж. Гэтэл 1996 онд ялчихсан. Би бол Баянхонгорт  Шаргалжуутын рашаан дээр Улаанбаатар луу гарах гээд байж байхдаа ялалтын мэдээг сонсч байсан. Тэгээд л нэг шөнийн дотор төр эргэчихсэн юм. Тэр бол Монголын нэн шинэ түүхэнд төр солигдож байгаа анхны үйл явдал байсан.

-Тэгвэл 2009 оны ялалтын тань гол оноог цуглуулсан зүйл юу гэж та боддог вэ. Мэдээж тэр үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэр хүнд унасан байсан. Энэнээс өөр гол хүч юу вэ?
-Мэдэхгүй юм даа.
 

-Тэгвэл саяны танай намын ялалт. Таны нөмөр нөөлгөөс өөр юу байв. Бас л эрх баригчдын нэр хүнд шаварт хутгалдсан нь уу? 
-Амжилт бол олон хүнийх байдаг. Сая сая хүнийх байх нь ч бий. Харин дутагдал, ялагдал бол ихэнхдээ нэг хүн, хэсэг хүнтэй холбогдох нь их. Сонгуулийн дүнг энд нэг хүн тайлбарлах боломжгүй шүү дээ. Ард түмний хийчихсэн сонголт. Нөгөө талаас сонгуулийн үйл явцад нэг шинэ жишиг тогтож байна. Тэр нь хууль бусаар сонгуулийн дүнд нөлөөлсөн, хууль зөрчиж сонгогдох гэж оролдсон зүйл гарах юм бол хариуцлага тооцдог ийм жишиг . Энэ бол өнөөгийн манай цөөнх олонх байхдаа олон талаасаа ярьж байгаад хариуцлагыг чангатгана гэж хуулинд оруулж ирсэн сайн жишиг шүү дээ. Хуулийн дагуу авсан 100 санал бол хууль бусаар авсан 1000 саналаас хүчтэй гэдгийг бас харуулж байгаа юм. Хууль зөрчигдсөн бол шүүх хуулийн дагуу зөв бурууг нь шүүж байгаа. Өөрсдөө хууль гаргаж хариуцлага тооцдог болгочихоод мэдэн будилаад баймгүй байгаа юм.
 
-1996-2000 онд танай нам эрх барьсан. Засгийн газруудаа байн байн огцруулж, төрд тогтворгүй байдал нүүрлэсэн. Анхны авилгын хэрэг гарч, гурвын гурван гишүүн нь шүүхээр орж ял сонссон. Ний нуугүй хэлэхэд тэр үед танайхныг гайхширмаар их эвдэрсэн гэдэг. Танд мэдрэгддэг байсан уу?
-Эвдрэх биш ээ. Эвдэрсэн юм юу ч байгаагүй. Анхны, залуу цагийн юм. Хэнд ч тийм зүйл тохиолддог. Зүгээр л тухайн үед туршлагагүй л байсан. Нөгөө талд нь эрх баригчдын, өмнө нь эвдэрчихсэн  улсуудын хорон үйл явц бол дэндүү уршигтай байсан. Улс орноо, эх орноо боддоггүй, хойч үеэ ойлгодоггүй. Тийм сайхан шижигнэсэн залуучууд гарч ирээд ажил хийгээд явж байхад дэмждэггүй. Тэр үеийн төрийн ёс зүй, арга барил үнэхээр эвдэрсэн байж дээ л гэж боддог.
 
-Одоо ч гэсэн “Эд нар ингэдэг, эд нар төрийн албыг самардаг, хүмүүсийг үй олноор нь халдаг сольдог. Шинэ үзэгдэл биш” гэсэн яриа хавтгай тархаж байна.
-Төрийн эрх мэдэл авсныхаа дараагаар нэг мартаж болохгүй зүйл байдаг. Эрх мэдэл рүү хүрэх гэж явж байхдаа хэлж байсан зүйлээ мартаж болохгүй. Тэр хөтөлбөрөө, тэр сэтгэлээ, тэр итгэл үнэмшлээ эрх аваад өөрчилж болохгүй.
 
-Тэгэхээр та олон жилийн өмнө Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа улс төрийн гацаа үүссэн хүнд үед МАХН, Ардчилсан холбоо гэдэг их эвслийн Засгийн газар байгуулах хувилбар байхыг үгүйсгэхгүй гэж мэдэгдэж байсан удаатай. Түүнээс хойш 20 жил тэмцэлдсэн хоёр том хүчин олон удаа засаг барьлаа . Одоо бол өөр МАХН-тай эвсээд явж байна. Энийг та улстөрчийн хувьд юу гэж боддог вэ?
-Нөхцөл өөр болоход дүгнэлт өөрчлөгддөг. Тухайн цаг үедээ тэр дүгнэлт зөв ч байсан байж магадгүй.
УЛСАА ХӨТӨЛДӨГ ХӨДӨЛГҮҮР ЛҮҮГЭЭ ДАЙРЧ БОЛОХГҮЙ. 
ОДОО ТӨР УХРАХ ШААРДЛАГАТАЙ БОЛЖ БАЙНА
-Сонгууль дөхөөд  Ерөнхийлөгч шоу хийж байна гэж таныг шүүмжилж байна. Жишээлбэл, бондтой холбоотойгоор таны хийсэн мэдэгдэлд иргэд талархаж байхад зарим нь шоу гэж үзэж байх юм? 
-Шоу гэдэг бол өөрөө шалгууртай зүйл. Хэрвээ тэр улстөрчийн үйлдэл иргэдэд ашигтай тусвал ажил. Ашиггүй бол шоу. Тэгэхээр хүнд яаж тусахаас л шалтгаална .
-Одоо ч ашиггүй тал нь давамгайлаад байгаа юм биш үү? 
-Ер нь хүн хорон. Сайн юм хийх гэж яваад муу үр дүнд хүрдэг ийм адтай амьтан л даа. Сайхан эхлээд муухай төгсөх. Үүнээс сэргийлэх арга бол үнэт зүйл л байдаг юм. Хүн өөрийн гэсэн баримтлах үнэт зүйл, зарчимтай байх ёстой. Тэр үнэт зүйлийг дагаж, зарчим дагаж амжилтанд хүрч байгаа бол тэр зөв.
 

-Бондын мөнгийг булаалдаад л салбар болгон ийш тийш чангааж байна. Гэхдээ энэ бол их хурд шаардсан, их үр дүн шаардсан эмзэг зээл. Их өр. Та монголчуудад агуулгыг нь маш сайн ойлгуулж өгөх шиг боллоо.  
-Монгол улс хариуцлагатай улс болсон. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Монгол улс өдөр бүхэн Монгол улсыг сонирхсон, мөнгөө өгсөн, зээл өгсөн, тэр бонд худалдаж авсан  хүмүүсийн шалгалтаар орж байгаа. Бид үүнийг байнга бодож байх ёстой. 
 
-Бид хэт гэмээр эрх чөлөөг эдэлж ирлээ. Үнэхээр ингэтэл зоргоороо эдлэхэд ч утга учирт нь эргэлзмээр задгай эрх чөлөө. Эрх чөлөө өөрөө жаахан ч гэсэн хязгаарлалтад эмзэг юм байна. Одоо жишээ нь, бид унаа тэрэгнийхээ асуудлаас болоод бөөн уур уцаар сууцгааж байна. 
-Эрх чөлөөнд сайныг бүтээх зорилго байдаггүй юм. Эрх чөлөөнд эрх бүхэн шударга хуваарилагддаг. Тэнд сайн ажил хийх ч хүн байна, муу ажил хийх ч хүн байна. Сайн амьдрах ч хүн байна. Муу амьдрах ч хүн байна. Тэгэхээр эрх чөлөөнд эрх бүхэн шударга хуваарилагдаж байгаа биз. Ер нь нийгмийн дархлаа гэдэг бол ёс зүйдээ байдаг юм. Зарим дарга нар ичихээ байж байна л даа.
-Ичих булчирхайтай дарга ер нь байна уу?
-Бишгүй л байгаа байх. Ичдэг хүн бол хөгждөг хүн байхгүй юу. Жишээ нь, би Э.Бат-Үүлийг их сайн мэднэ. Тэр бол их ичимхий хүн. Хүн дутагдлыг нь онож, зөв шүүмжлэх юм бол Э.Бат-Үүл хамгийн түрүүнд хүлээж авч чадна. Бас засч залруулж чадна. 
 
-Төрийн хүний нэр төр, туулж ирсэн замнал нь үнэт зүйлээрээ тодорхойлогдоно гэж та хэлдэг. Харин бид улстөчдийг сонгохдоо үнэт зүйлийн тухайд эргэцүүлж үзэхгүйгээр л дугуйлдаг. Үүнээс болоод л төрдөө эргээд л сэтгэл дундуурсаад байдгаа мэддэггүй бололтой?
-Үнэт зүйл, үнэтэй зүйл хоёр хоорондоо ялгаатай байхгүй юу. Хүмүүс үүнийг холиод байдаг юм. Үнэт зүйл гэдэг бол энэ улс орны бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөө, хуулийн тэгш хэрэгжилт юм. Үнэтэй зүйл гэдэг бол үнэтэй машин, үнэтэй байшинг хэлнэ. Үнэтэй зүйлийг хөөцөлдөх нь төрийн ажил биш байхгүй юу. Үнэт зүйлийг дагаж явах нь төрийн ажил байгаа юм. Миний нэг баримтлах гэж оролддог зүйл бол аливаа байдлаар асуудалд хандахдаа тэр үзэл санааг нь хүмүүст ойлгуулах гэж л оролддог. Үнэт зүйлийг нь ойлгуулах гэж оролддог. Аливаа үнэт зүйл  гэдэг бол байгалийн үзэгдлээр хэлэх юм бол бороо орохоор ган тайлагддагтай л адил зүйл. Үнэт зүйлийн дагуу л асуудал шийдэгдвэл зөв шийдэгддэг байхгүй юу. Ийм зарчим дээр суурилсан шийдлүүд нийт хүмүүсийн тусын тулд  л байдаг. Манай төрд гурван том дутагдал байна.
-Нэрлэж болох уу?
 Нэгд, эрх шилждэггүй. Хоёрт, Төрийн ажлыг ашгийн ажил шиг хардаг. Гуравт нь, хариуцлага тооцдоггүй. Ийм гурван том  дутагдал байгаа юм.
 
-Төрийн үйл ажиллагаа хувь хүний эрх чөлөө, хувийн хэвшлийн үйл ажиллагаа руу арай дэндүү эрээ цээргүй орж байна. Үүнтэй холбоотой бухимдал нийгэмд ихэсч байгаа. Нураана, хураана, торгоно, татвар нэмнэ л гэсэн харгис төр хөмсгөө зангидаж байдаг боллоо.  
-Зах зээлийн эдийн засаг, зах зээлийн нийгмийг хөтлөгч нь хувийн хэвшил. Хувийн хэвшлийг хөтлөгч нь ашиг. Өмнөх социалист нийгмийн үед бол социалист үзэл суртал гэдэг зүйл нь нийгмээ хөтөлж явж байсан юм. Тэр намын гишүүн байх ёстой гэсэн үзүүлэлт. Тэр одон медаль, тэр баярын бичгүүд гээд бүгд тэр үзэл суртлын чухал хэсгүүд шүү дээ. Эдгээр нь нийгмээ  хөтөлж байсан байхгүй юу. Энэ нийгмийг бол хувь хүний бүтээлч чанар нь, эрх чөлөө нь л хөтөлж байгаа юм. Бид нийгмээ хөгжүүлье гэж бүгдээрээ ярьж байгаа. Бүгд л улсаа хөгжүүлэх гэж гарч ирсэн. Гэтэл улсаа хөтөлдөг мотороо унтрааж болохгүй биз дээ. Гол хөдөлгүүрээ. Улсаа хөтөлдөг, тэр нийгмийг хөтөлж байгаа хөдөлгүүр лүүгээ тэгэхээр дайрч болохгүй. Хувийн хэвшилд гайхамшигтай чанар олон бий. Хувийн хэвшил бол хэрэглэгчийн сонирхлыг илүү зардалгүй хангахыг зорьдог. Иймээс нөөц баялагийг хамгийн үр ашигтай зарцуулдаг. Ер нь төрийн зүгээс нийгмийн амьдралд орох оролцоо 30-20 хувь дотор хязгаарлагдах ёстой гэж. Үлдэж байгаа 70-80 хувь бол иргэдийн байх ёстой орон зай, хувийн хэвшлийнхний байх ёстой орон зай байхгүй юу. Иргэдийн үүсгэл санаачлагын байгууллагуудын байх ёстой орон зай юм. Гэтэл өнөөдөр манай төрийн оролцоо зөвхөн төсвөөр нь дамжуулж үзэх юм бол бараг тал хувиас илүү гарчихаад байна. Тэгэхээр одоо төр ухрах шаардлагатай болж байна. Хувийн хэвшил рүү, иргэд рүүгээ энэ давшилтаа үргэлжлүүлэх биш, ухрах.

-Төрийн байх байр суурийн талаар ярьдаг хүн их цөөрсөн юм шигээ. Таниас өөр хэн ч энэ талаар амнаасаа үг унагахгүй юм, энэ лидер улстөрчдийн дотроос? 
-Төрийн албанд би бүр анхан шатнаас нь л явсан хүн. Улсын үйлдвэрийн газар засварчин хийж явлаа. Кран оосорлогч, ачигч, машинч гээд ажил  хийж явлаа. Улсын төлөө төрийн үйлдвэрт ажиллаж явсан гэсэн үг. Төрийн байр суурь бол төрд ажиллаж байгаа хүний байр сууриар тодорхойлогддог. Би юунд хүрэх вэ гэдгээр биш, улс орон маань юунд хүрэх вэ гэж л. Төрийн хүний явдал бол үүгээр л тодорхойлогдох ёстой. Нэмж хэлэхэд төр гэдэг бол сайн соёлыг түгээгч. Сайн жишиг тогтоогч гэж л би байнга хэлж байгаа. Түүнээс биш төр бол хүний өмнөөс ажил хийдэг, хүний өмнөөс хүний зовлон жаргалыг шийддэг тийм байгууллага биш. Төр  авилгалыг багасгах ёстой. Төр хулгайтай тэмцэх ёстой. Төр жишээ нь, энэ архидалт буруу байна гэж хэлэх ёстой. Би хувьдаа амьдралдаа гурван зүйлд цэг тавих юмсан гэж бодож байсан.
 
-Ямар гурван зүйл юм бол?
-Ядууралд цэг тавих ёстой. Авлигад цэг тавих ёстой. Архидалтад цэг тавих ёстой. Гэхдээ цэг тавихын тулд мэдээж эхлэх ёстой. Энэ чиглэлд Монгол улс бол маш том алхам хийсэн гэж бодож байгаа. Ядуурлын төвшний бууралтыг дэлхийн банкны мэдээллээс харж болно. Өөр нэг амжилтаар 2011 онд Монгол улс дэлхийд гайхагдлаа шүү дээ. Тэр нь хамгийн хурдтай өсч байгаа эдийн засаг. 2012 онд Монгол улс дахиад нэг шинэ мэдээ дуулгалаа. Авлига нь хамгийн хурдан буурч байгаа орон гэсэн. Өөрөө мэднэ шүү дээ. Монгол улс авлигын төвшнөөр 120-д явж байна гэж их бичсэн. Өнөөдөр 94-р байранд явж байна. 26 орноор ганцхан жилийн дотор бид нар бууж чадсан. Энэ бол төр сайн жишгийг тогтоохын төлөө явж байгаагийн илрэл. Аливаа айл гэр, аливаа байгууллагад аав нь ямар байна, дарга нь ямар байна гэдгээс л бүх зүйл тодорхойлогддог. Тэр хүн шударга, тэр хүн зөв байх юм бол тэр айл, тэр байгууллагын амьдрал зөв л явдаг. Энэ ярилцлага бол удаан үлдэнэ. 50 жилийн дараа ч хүн уншиж магадгүй. Тэгэхээр төрийн тухай дахиад нэг юм хэлэхэд хүнийг жаргаах гэсэн төрийн оролдлогоос л нийгмийн олон тогтолцоо сүйрсэн байдаг юм. Тэгэхээр хүний зовох тэр эрхийг хүнд нь үлдээх хэрэгтэй. Монголчууд гайхалтай онож хэлсэн. Зовсны эцэст жаргадаг гэж.
 
–Зарим дарга нар ч инээж байгаад  хорлоод байх шиг?
-Төр хүний өмнөөс хүндэрдэггүй л байхгүй юу. Хүчээр хүнийг жаргааж болдоггүй юм.

ШУДАРГА ЁС БОЛ БАЯЛАГ

-Тийм ээ, Төр ажиллаж байна. “Төр эзэнгүй байна”, “Түүний эзгүйд сүйрлээ”   гэж бүх монголчууд хэлээгүй. Төр бидний хувийн амьдрал руу хэт зааж зааварлах гээд байна л гэж байгаа?   
-Өөрөө дарга биш байгаагаа төр эзгүй байна гэж ойлгож болохгүй ээ л гэж хэлмээр байгаа юм.
 
-Хэдэн хүн мөнгө аваад уйлж байхад нийгэм бас тийм юманд инээдэг болсон шүү дээ. Хүмүүс ийм юманд автахаа больж, итгэхээ больж, төвөгшөөдөг болсон байна. Энэ бол бас бидний олсон ахицын л нэг байх гэж хардаг юм.
-Ахиц. Нийгэм маань чөлөөт нээлттэй нийгэм учраас бид бүгдээрээ суралцаад л яваад байгаа. Ерөнхийлөгч нь ч сурч байгаа. Энэ өөрөө ард түмний их сургууль.
-Төр эзэнгүй байна, түүний эзгүй Монгол гээд л уйлуулаад байдаг. Хараад үнэхээр гайхширдаг юм. Ийм жүжиг гэхдээ дуусах биз дээ.
 -Энэ бол даргын асуудал биш. Энэ бол хуулийн асуудал байхгүй юу. Төрийн эзэн бол хууль. Хууль хэрэгжихгүй байгаа бол төр эзэнгүй байна гэж хэлж болно. Түүнээс биш нэг дарга төрийг сандайлж суухгүй байгаа бол, эзэгнэж суухгүй бол эзэнгүй байна гэж хэлж болохгүй. Энэ бол шал өөр ойлголт юм. Тэнгэр газар шиг өөр ойлголт. Төрийн эзэн бол хууль байх ёстой. Ер нь сайн төрийн эцэг бол шударга ёс. Сайн төрийн эцэг бол хуулийн шударга хэрэгжилт. Тэгэхээр энэ бол хүний асуудал биш. Тухайн төрд, тухайн нийгэмд, тухайн улсад хууль хэрэгжиж байна уу, үгүй юу гэсэн ийм асуудал юм. Улстөрч хүний шалгалт бол шударга ёс юм гэж, би түрүүн хэлсэн. Тэр шалгалтын хаалгаар, тэр хуулийн хаалгаар өнөөдөр төрөл садны чинь ч хүн ороод ирж магадгүй, нэг намын чинь ч хүн ороод ирж магадгүй. Хамгийн дотны найз чинь ч ороод ирж магадгүй байхгүй юу. Тэгэхэд тэр хууль ялгамжгүй хэрэгжих ёстой, шүүх ямар нэгэн хараат бус байдлаар шийдвэрээ гаргаад явах ёстой. Нэгэнт л хэрэг хийсэн бол, нэгэнт л хууль зөрчсөн бол тийм зүйлд хуулиар ямар хариуцлага тооцно гэж байна тэр нь тооцогдох ёстой гээд л хараад сууж байх ёстой. Манай монголчууд их тийм зөв ёс зүйтэй улсууд шүү дээ. Нэгэнт хэрэг хийсэн бол нэгэнт тийм муу юм хийсэн хүн бол одоо хариуцлагаа хүлээх л ёстой шүү дээ. Нэгэнт идсэн уусан бол хариуцлагаа хүлээх л ёстой шүү дээ гэж хэлж байдаг. Тэгэхээр би энд юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр шударга ёсыг найрч болдоггүй юмаа. Шүүхэд нөлөөлөөд өгөөч гэсэн шударгуудын шаардлагыг сонсоод би гайхдаг. Ямар том зүрхтэй хүн бэ гэж. Шударга ёс бол баялаг. Нийгмийн хамгийн том баялаг. Тэр баялгийг нэг хүн мэрээд сууж байж болохгүй. Нэг хэсэг хүний шаардсанаар ч гажуудуулж болохгүй.
-Тийм шаардлагыг авилгач өөрөө, эсвэл түүнд оролцсон, түүнийг өмөөрсөн хүмүүс л танд тавьдаг байх? 
-Авилгал гэдэг бол өөрөө маш онцлог, онцгой ийм гэмт хэргийн төрөл байгаа юм л даа. Эрх мэдэлтэй, нөлөөтэй, мөнгөтэй хүний үйлддэг л гэмт хэрэг байхгүй юу. Түүнээс биш зүгээр шударгаар ажлаа хийгээд явж байгаа, шударгаар амжилтанд хүрсэн, шударгаар баялаг бүтээгээд явж байгаа хүмүүсийн асуудал биш байхгүй юу. Манайд бас сонин юм бий. Авилгалтай тэмцээд өг, энэ авилгалчдыг шийтгээд өг гээд орилно. Тэгсэн атлаа эргэж буцна. Яг нөгөө хүсэл нь хэрэгжихээр. Түрүүн өөрөө асууж байсан. Юу болоод ингээд хамаг юмаа золиослоод шударга ёс тогтоох гээд, авилгалтай тэмцэнэ гэж яваад байгаа юм бэ гэж. Дэвшил гаргах гэж л тэр шүү дээ. Нийтээрээ урагшлах гэж.
 
-Дэвшил гарч байгаа. Шударга бус шийдвэр гаргасан. Хүн хэлмэгдүүлсэн даргын хаалгыг нь тогшиж авилга өгөх, аргадаж гуйхын оронд шударгаар шүүмжилж, үнэн мөнийг нь илчилж бичихэд тэр хүн алдаагаа ойлгож байна. Саяхан надад ийм зүйл тохиолдлоо. Би хувьдаа дарга нар ч гэсэн дотор хүнтэйгээ ярьдаг, өөрөө өөрийгөө дэнсэлдэг болж гэж баярлаж байгаа?
-Нийгэмд өөрчлөлт гарч байгаа. Нийгэмд ямар өөрчлөлт гарч байна гэхээр даргад даруулга хэрэгтэй юм байна, иргэнд эрх чөлөө хэрэгтэй юм байна гэдгийг хүмүүс ойлгож байна. Би хувьдаа энэ үнэт зүйлийг тогтоохын төлөө зүтгэсэн. Төрийн албыг эрээ цээргүй үнэлдэг байсан, худалддаг байсан.  Энэ явдал бол алга болж байгаа. Ямар ч тохиолдолд багассан гэж би хувьдаа бодож байгаа. Өнөөдөр жирийн бизнес эрхэлдэг хүн “Би төрөөс авах ёстой тендерийг авилгал өгөлгүй авлаа шүү дээ” гэж баярлаад явж байгаа тухай би сонсч байна. Өмнө нь заавал мөнгө ярьдаг, өмнө нь заавал шат шатандаа авилгал ярьдаг байсан хүмүүс чинь одоо “Төрийн хууль чанга болсон” гээд тэр нэхдэг юмаа нэхэж чадахгүй, үйлчилгээгээ үзүүлээд гаргаж байна гэж байгаа юм. Бид энэ л соёлыг тогтоох ёстой. Бид энэ соёлыг үнэхээр тогтоож чадах юм бол энэ соёл зуун жилээр тогтоно. Чингис хаан яагаад агуу байсан бэ гэхээр энэ хуулийг л, төрийн хууль гэдэг юмыг л, төрийн дэглэм журам гэдэг юмыг л ялгамж үгүй хэрэгжүүлсэн хүн байхгүй юу. Төрд байх дэглэм соёлыг тогтоосон хүн. Түүгээрээ л агуу. Түүгээрээ л өнөөгийн ертөнцийг үндэслэгч гэж хэлэгддэг шүү дээ. Үнэхээр үр дүн сонирхож байгаа бол өнгөрсөн найман жилийг дөрөв,  дөрвөөр нь хуваагаад харьцуулаад үз. Дэвшил гарсан шүү. Нийгэмд соёлын том өөрчлөлт хийгдсэн.
 
-Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаанд та сэтгэл хэр ханамжтай байна? 
-Ханамжтай ч, ханамжгүй ч юм байна.
-Би шинэчлэлийн гэдэг овгийг нь тодруулж асуух гэсэн юм?
-Шинэчлэл бол дүрэм өөрчлөхөөс эхэлдэг. Хууль шүүхийн байгууллагын асуудлыг шийдэхийн тулд 20 гаруй хуулинд өөрчлөлт оруулах болж байна. Энд дүрэм л өөрчилж байгаа юм. Тоглох хүмүүс тэр шинэ дүрмийг л баримтлах хэрэгтэй болно. Шинэчлэл гэснээс бас нэг юмыг цохож хэлмээр байгаа юм. Даргад таалагдахгүй байгааг биш, иргэнд таалагдахгүй байгааг өөрчлөхийг шинэчлэл гэнэ шүү.
 

МОНГОЛ ХҮН ЭРХИЙН, ӨМЧИЙН МЭДРЭМЖ ӨНДӨРТЭЙ

-Бидний олж авсан хамгийн том баялаг бол эрх чөлөө. Одоо эргээд тэрийгээ хумьсан бодлого явуулах гэж байгаа юм уу. Сонгуульд хэрвээ чи санал өгөөгүй бол чамайг төрийн албанд авахгүй шүү гээд л. Японд явж байсан хуучин машин оруулж ирээд унаад амин зуулгаа хийгээд явж байхад нь “Аан чи ингэхгүй ээ” гээд л. Хувийн машинтай ч байж болохгүй юм уу. Тэд дэх өдөр уна, ингэ тэг гээд. Нөгөө хувийн жаахан жаргал руу маань эргээд халдаад эхэлж байгаа юм шиг санагдаад дотуураа атираад, уур хүрээд  байгаа юм л даа. 
-Би боддог юм. Улс орноо удирдахын тулд ард түмнээ ойлгох хэрэгтэй гэж.
 
-Та дээшээ л хяргах гээд байдаг. Дарга нарт бол их ширүүн. Доошоо, ард түмэндээ  та хургаж чадсан уу, ард түмэн таныг үнэхээр ойлгосон уу?
-Төр бол хүний үргэлжлэл байхгүй юу. Төр бол ард түмний үргэлжлэл. Ард түмэн бол даргын үргэлжлэл биш шүү дээ. Тийм учраас таны хэлж байгаа шиг миний тэр дээшээ хяргаад байдаг, доошоо буулт нь зөөлөн байдаг чинь ерөөсөө л тэр. Ер нь төрийн ард түмэндээ хандсан буулт нь зөөлөн байх ёстой. Авилгал, албан тушаал тойрсон тэр даварч байгаа улсуудад бол хатуу байх ёстой. Энэ бол Монгол төрийн уламжлал. Энэ бол ардчиллын ч юм биш. Энэ бол Монгол төрийн үнэт зүйл байхгүй юу. Монголыг удирдах гэж байгаа улсууд монголчуудаа ойлгох хэрэгтэй. Ард түмнээ ойлгох хэрэгтэй. Манай ард түмэнд цагаа болоход хоёр чухал чанар байгаа юм. Төртэй холбоотой.Төрийн тухай ойлголт нь их нандин, эрхэмсэг. Яагаад хүмүүс бухимдаад байдаг вэ гэхээр тэр сайхан төр лүү, сайхан юм руу маань муухай хүн оччихлоо гэж шүү дээ. Нэг бол тэр сайхан эрхэмсэг зүйл дээр очсон итгэсэн тэр хүн маань муухай юм хийгээд эхэллээ гэж бухимдаад байгаа юм. Хоёрдахь юм бол саяын өөрийн чинь асуусан асуулт. Монгол хүн эрхийн, өмчийн мэдрэмж өндөртэй. Адгийн коммунизм хүртэл таргийн таван ямаа, чөдрийн ганц морийг нь хурааж зүрхлээгүй, үлдээж байсан байхгүй юу. Энэ бол олон зуун жил монгол хүнээс салгаж чадаагүй үнэт зүйл. Энэ бол Монгол хүний илэрхийлэл. Тэр хүний эрх чөлөөндөө эзэн байгаагийн илэрхийлэл. Тэгэхээр монгол хүн бол эзэн заяатай. Эрхэндээ эзэн байх дуртай. Өөрийн өмч хөрөнгөндөө эзэн байх дуртай. Сонголтондоо, эд баялагтаа эзэн байх дуртай.Эзэн байж чаддаг. Эрх, эд баялагтаа эзэн болж ч чаддаг. Тэгэхээр аль нэгэн албан тушаалд ажиллах гэж байгаа бол эхлээд монгол хүнээ ойлго. Хаана ажил явуулах гэж байгаа юм, хэний эрх ашгийн төлөө явуулах гэж байгаа юм. Ямар байгууллагад ямар хүмүүстэй ажиллах гэж байгаа юм гэдгийгээ ойлгох асуудал их чухал.
 
-Гэхдээ өөрчлөлт болгонд дасах дандаа хэцүү байдаг. Зүгээр, бусдын хийчихсэн байсан бэлэн төслүүдийг барьж аваад л би хийчихлээ гэж сурталчлаад байх нь зохисгүй санагдаад байгаа юм. Бусад тэр дүрэм журамд бид дасах л байх л даа. 
-Сайхан муухай хоёрт хоёуланд нь дасаж болдоггүй гэж нэг үг байдаг. Тийм учраас хүн бол үнэлэмжээ бариад тэр үнэмжийнхээ шаардлагын дагуу ажиллаад л байх юм бол байнга шинэ байна. Сайхан зүйлд ч өөрчлөлт хэрэгтэй байгаа. Муухай зүйлд ч өөрчлөлт дэвшил хэрэгтэй байгаа. Зарим хүмүүс асуудаг. Энэ Засгийн газрын хийх гээд байгаа ажлыг урдах хүмүүс яагаад хараагүй юм болоо гэж. Замын-Үүдээс наашаа явдаг зарим вагон олон хонодог. Даргын вагон бол хоногтоо давхиад ороод ирдэг. 24 цагийн дотор. Хахуулиа өгсөн вагон бол жирэлзээд байдаг. Өгөөгүй жирийн бизнесмэний чингэлэгтэй вагоныг хүлээлгийн зам дээр хаячихдаг байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр ямар ч вагон Улаанбаатарт 24 цагт орж ирж байгаа. Ийм болгож чадсан. Тэгэхээр энэ бол сэтгэлээ өгч ажил хийж байгаагийн л илрэл юм.
-Яагаад урьд нь ийм юм санаанд нь ордоггүй байсан юм бол? 
-Санаа сохор бол, заяа сохор гэж. Сэтгэлгүй л байсан байхгүй байхгүй юу. Санаанд нь орохын урьтал бол ард түмнээ гэсэн, асуудлыг шийдэх юмсан гэсэн суурь сэтгэл л байх хэрэгтэй. Тэгэх юм бол тэр хүнд  шийдлийн санаа орж ирнэ. Санаа ороод ирэх юм бол заяа нь, үйл хэрэг нь зөв зүйл рүү л хөтөлнө гэсэн үг л дээ.
-Энэ засаг гарч ирээд хийж байгаа сайхан зүйлүүд бий л байх. Харин Та өмнөх засгаар яагаад саяын ярьснаа шийдүүлж чадаагүй юм бол?
-Засаг өөрөө ажлаа хийх үүрэгтэй. Заавал нөхүүлж, шахуулж байж өнхөрдөг хагарсан дугуй биш. Засаг бол хийх үүрэгтэй, тийм хуультай.  Миний хувьд бүр Ерөнхийлөгч болохоосоо ч өмнө ярьж байсан нэг ийм санаа байдаг юм. Би болж өгвөл энэ улс оронд гарч байгаа зөв санаа, санаачлага бүхнийг дэмжихийн төлөө л явна. Би бүх зөв зүйлийг олж хийж чадахгүй. Эрх чөлөөт нийгмийн гайхамшиг нь бол  өглөө босоод ирэхэд л сайхан мэдээ сонсогдож байдаг. Тэнд нэг шинэ үйлдвэр баригдаж гэнэ. Тэнд нэг шинэ юм нээгдэж гэнэ. Тэнд нэг шинэ ажлын байр бий болж гэнэ. Тэнд хэдэн хүн нийлээд их гоё бүтээлч ажил хийчихсэн байна гэнэ. Тэгэхээр гайхамшиг бүхэн эрх чөлөөт нийгэмд төрөх боломжтой. Эрх чөлөөтэй хүн бол хариуцлагатай. Хариуцлагатай хүн бол бүтээлч. Бүтээлч хүн бол хөгжил рүү л нийгмээ чирч явдаг байхгүй. Ийм учраас хүмүүс эрх чөлөөнд хайртай байдаг.
-Монголоо алдсанаас сэнтийгээ алдсан ч яахав ээ гэж та түрүүн ярилцлагын өмнө хэлнэ лээ. Яг ийм бодол ямар үед төрдөг вэ. Жишээ нь, Оюутолгойг  бариад авахад тань ямар бодлууд орж ирж байсан бол? 
- Оюутолгой бол том уурхай. Монголын том бүтээн байгуулалт. Бидэнд энэ үйлдвэрийг тойруулаад хийх маш их ажил байгаа.
 
-Энэ бол Монголын эрх ашиг. Оюутолгой руу та хүртэл дайрахаар төсөл яах юм бэ. Би энэ төслийн сурталчилгаанд огт оролцоогүй. Гэхдээ одоо эргэж ноцолдох нь бидэнд ашиггүй биш үү ?
 -Оюутолгойтой холбогдсон асуудлаар нээлттэй ярилцана. Эхлээд Засгийн Газар, УИХ-ынхаа хүрээнд. Гадныхан хичнээн хүч чадалтай байсан ч Монгол бол төртэй бол төртэй, хуультай бол хуультай орон. Ард түмэн нь эрхээ мэддэг, эдэлдэг орон шүү.
 
-Таны тухай бодохоор гайхаад байдаг юм. Хүнд хувийн амьдрал, хувийн жаргал гэж байдаг. Тэр хайран, заримдаа харамсмаар биш үү л гээд байгаа юм ?   
-Намайг хүний дайтай болгоход тусалсан гурван гол юм бий. Нэг нь миний төрж өссөн ахуй. Хоёр дахь нь цэргийн хүмүүжил. Удаахь нь эрх чөлөө. Тэгэхээр би өөрөө бас гайхаж байна. Тэмцэл хийгээд сайн, муу хэлүүлээд л явдаг. Юутай болов гээд асуух гээд байна уу. Лав л хувь хүний хувьд эрх чөлөөнөөс илүү чухал юм гэж юу байна. Ер нь цэргийн эсвэл малчин хүнд нэг их юм хэрэггүй байдаг ш дээ.
 
-Нээрээ тийм ч юм уу. Тэнгэр нь сайхан байх. Мал нь бүрэн бүтэн. Дагаад санаа нь амар амгалан. Элдэв хүсэл шунал  байхгүй. 
-Тийм, тэнгэр нь сайхан байх. Энэ үнэн шүү. Тэгээд л мал нь онд мэнд тарган тавтай орох. Хэдэн сар сумынхаа төв рүү очихгүйгээр малчин хүн амьдраад л явчихдаг шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүжил, тэр миний цусанд байгаа алаг бөөм намайг бий болгосон. Тийм учраас би илүү юманд шунадаггүй. Малчин хүнд нэг их олон мал ч хэрэггүй байж магадгүй яг хувийнх нь хэрэгцээнд бол. Гэтэл малчин хүн дандаа бусдыг бодож байдаг. Би нэг охинтой юм хөөрхий. Нэг өдөр нэг хүргэн ороод ирнэ дээ. Хэдэн малтай болгоод гаргах ёстой шүү дээ гэж. Тийм агуу сэтгэлтэй. Би хүүгээ гэрлүүлнэ. Таван хүүтэй айл. Ингэхийн тулд наад зах нь бүгдийг нь мал малын захтай болгоод өгөх ёстой. Нөгөө талаар малчин хүн бол мянган мэргэжлийн эзэн. Тэнгэр хараад шинжих нь цаг уурч шиг . Морио шинжээд зогсож байгаа нь малзүйч шиг, хүүхэд, мал нь өвдөж халуурч бүлээрвэл эмч домч шиг.
 
-Яг тийм? 
-Тэгээд тэр нүүгээд явж байгаа, тэр соёлыг хадгалж байгаа нь ямар гоё вэ. Ямар ч мундаг эрдэм номтой, ямар ч мундаг академич хүнээс илүү амьдралын ухаантай. Дээр нь жирийн амьдрал. Эрдэнэт үйлдвэрт ажил хийгээд ажилчидтай, тэр олон Орос, Монгол хүмүүстэй хамт  л тосонд хутгалдаад гүйж явсан. Цэргийн сургууль, ардчилал эхэлсэн тэр он жилүүд. Тэр дурсамжууд сэтгэлээс гардаггүй юм байна. Энэ бүхэн надад өөр өөрийн мөрийг үлдээсэн.
 

-Та Монгол улсын Ерөнхийлөгч боллоо. Дөрвөн жил ажиллалаа. Одоо удахгүй ээлжит  сонгууль болох гэж байна. Таны энэ улсад үлдээх өв юу байх бол. Мэдээж дараагийн сонгуульд өрсөлдөе гэж бодож байгаа байх ?
-За яахав, өрсөлдөх энэ тэрд санаа зовох юм алга. Цагийн юм цагтаа. Өвийн хувьд, сайн зүйл үлдээхийг л хичээж байна. Жишээ нь, сүү өргөхөд л архины асуудал яаж өөр болж байгааг харж байгаа биз.
 -Импортын сүү бол бараг алга болсон.  Үндэсний сүүний үйлдвэрүүд асар их хөгжсөн. Өөр болсон шүү. 
- Архины нэг үйлдвэр хаагдаад арьс ширний үйлдвэр болсон гэж сонссон уу.
 
-Сонсоогүй юм байна. Үнэхээр сайхан явдал юм ?
- Тийм ээ, сайхан явдал.
 

 -Та түрүүн борооны тухай ярьж байсан.  Арван хэдэн янзаар бороо ордог байжээ гэж. Нээрээ амьдралд маань байсан гайхалтай гоё байгалийн үзэгдлүүд нэг хоёроороо өөрчлөгдөөд ч байгаа юм шиг?
-За, тэр бороо яахав. Цас чимээгүй ордог. Өглөө босоход л орчихсон байдаг. Зуны тэр их дуу чимээтэй аадар аюултай. Ялангуяа шөнө орой бол. Айл амьтан урсгачих гээд. Заримдаа шөнө босоод Онцгой байдал, хотын хэдэн дарга нар луу утасдаад амраахгүй шүү дээ би ч.
-Зөв шүү дээ, Ерөнхийлөгч өө. Тэд чинь хүний төлөө хариуцлага хүлээсэн хүмүүс шүү дээ. 
-Сүүлийн үед залуу малчдын асуудал их санаа зовоох юм. Орлого нь нэмэгдэхгүй бол тэднийг барьж  тогтооход бэрх болоод байх шиг.
-Улс төр, бизнесийн баячууд мориор уралдаад байх юм. Та болохоор хүүхэд өргөж аваад байдаг. Би бол дотроо таны энэ чанараар маш бахархдаг. Мөнгөтэй болж байгаа, баян чинээлэг болж байгаа улсууд нэг ч болов хүүхдийн элгийг дэвтээдэг байгаасай. 20-иод хүүхэд өсгөж яваа гэхээр үнэхээр сайхан санагддаг юм?
-Баярлалаа.
 
-Та ер нь морь уядаг уу?
-Уямаар л байна. Олны буян. Бэлэгний голдуу олон хурдан буян миний нэрэн дээр уралдаж л байгаа байх. Би уяачдыг их дэмждэг хүн. Маш их чимхлүүр тэгээд эрдэм шаардсан ажил юм билээ. Монгол хүн морио уяж уралдуулахгүй юм бол юугаа уяж уралдуулах юм бэ. Монголын мөн чанарын нэн чухал шижим нь адууны соёлд үлдсэн байдаг юм шүү.

БИД ОРОСУУДАД БАЯРЛАЛАА ГЭЖ ХЭЛЭХ ЁСТОЙ

-Тэгэхээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой асуудлаар таныг нэлээдгүй дайрч байгаа. Түүнийг баривчилсан аргачлал нь болхи байснаас үүдэж нийгэмд янз бүрийн үймээн үүсэв үү, эсвэл ерөөсөө тэдний намынхны үзэж байгаа шиг та өрсөлдөгчөө дарж авч байгаа юм уу. Энэ үйл явцын талаар таниас хэдэн асуулт асуувал та хариулах уу?
-Хариулъя.
 
-Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байна гэсэн ойлголт хавтгай түгчихлээ. Асар том мэдээллийн компанитай ч хүн юм. Үнэхээр Монгол орныг “угааж “ байна л даа. Улс төрийн өрсөлдөгчөө нухчин дарж байна гэж тэд таныг буруутгаж байгаа. 
-Би Н.Энхбаяртай Ерөнхийлөгч байхад нь өрсөлдөж байсан. Миний улс төрд өнгөрүүлсэн амьдрал бүхэлдээ л өрсөлдөөн байсан. Би өрсөлдөөнийг өөрийнхөө сайн нөхөр гэж ойлгодог. Өрсөлдөөн л намайг хурцалдаг. Тэгэхээр миний амьдралд өрсөлдөгчөө нухчин дарж байсан түүх байхгүй. Хуулинд бичсэнийг л хууль, шүүхийн байгууллагынхан хэрэгжүүлж байгаа шүү дээ.
 

-Түүнийг шүүхээр яллагдахын өмнөх өдрүүдэд энэ хүний хийсэн гавьяат үйлсийн тухай бөөн суртал цацагддаг л даа. Их өрийг тэглэж, энгүй гавъяа байгуулсан хүн гээд л. Их өрийг тэглэсэн гэх тэр домог үнэндээ олон сонин бодлууд төрүүлдэг юм. 
-Монгол улс Н.Энхбаяр гэдэг хүнд өртэй байгаагүй. Монгол улс ОХУ-д хуучин тогтолцооноос үүдсэн өртэй гэж яригддаг байсан. Өрийг тэглэсэн тухай асуудал яривал эхлээд бид Оросуудад “баярлалаа” гэж хэлэх ёстой. ОХУ-ын Ерөнхийлөгч, Төрийн Дум, Засгийн газарт “баярлалаа” гэж хэлэх ёстой. Яахав энэ өрийн дундуур манай Баабарын дүрсэлж хэлдгээр “Айлын гэр шатаж байхад хулгай хийх гэж ороод авах юмаа аваад, гадаа хүмүүс хашгирахаар  хүүхдийг нь тэврээд гараад ирдэг”-тэй агаар нэгэн зүйл болсон байхыг үгүйсгэхгүй. Манайхны л хийсэн ажил.
 

-Түүгээр явсан гайг үүгээр юунд дуудав гэгчээр тэр өрийн асуудал чинь өөрөө явцдаа тэглэгдэх ёстой байсийм биш үү!
-Хуучин, Зөвлөлтийн гэдэг өрийн асуудлаа улс орнууд янз бүрээр л шийдсэн байх. Судлах л хэрэгтэй. Өр тэглэсэн гэдэг ярианд  шүүмжлэлтэй ханддаг хүмүүс байдаг л юм. Тухайлбал Оюу Толгойн ордын ашиглалтын лицензийн асуудал байна. Фрийдландад Оюутолгойг толгой мэдэж ашиглах тэр чухал эрхийг зүгээр л өгчихсөн. Өр тэглэхэд мөнгө зээлж тусалсан гэдэг барьцаанд шүү. 2003 оны Зул сарын баярын үеэр. 50 сая доллар гуйсаныхаа төлөө шүү. Ингэж л Оюутолгой буруу замаар орсон. Одоо хойноос нь яаж хөөцөлдөж байна. Эрдэнэт үйлдвэр гэхэд өдийд бараг 100 хувь монголын талд ирчихсэн байх ёстой байсан. Яг тэр өр тэглэх хэлэлцээр дээр Эрдэнэт үйлдвэрийн бараг Монголын талын 70 хувьд хүрч явсан хувийг буцаан ухраагаад  51 хувь дээр царцаасан байгаа юм. Нэр алдарт хэт шунах аюултай. Түүнийг хэн нэгний гавьяа болгож ярих бүр аюултай. Өрийнхөө асуудлыг шийдүүллээ гэж хөөрцөглөхдөө тэр үед Эрдэнэт, Оюутолгой тойрч үүсэж байсан алтан боломжийг бид давхар алдчихсан.
 
-Түүнийг шүүсэн хурлууд дээр энэ бүхэн яагаад хөндөгддөггүй юм бэ?
-Тухайн үед Олон улсын валютын сангаас хүртэл наад асуудалд чинь “Бохир юм орчихлоо” гэж анхааруулж байсан. Улирсан баларсан юм ч бий л байх. Анхаарах, сургамж авах ч юм бий л байх. Арваад жилийн өмнөх явдал шүү дээ, энэ чинь. Өнөөдөр бол би “Оросууд шиг  бай л даа” гэж  хэлмээр байгаа юм. Оросууд бол манай улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалахын тулд халуун амиа зольж, цусаа асгаруулж явсан хүмүүс. Өөр ямар ч үндэстэн ийм зүйл бидний төлөө хийж байгаагүй юм шүү.
 
-Ингэж хараалгуулан байж хийх гэсэн, энэ улс оронд үлдээх гэсэн гол юм чинь юу юм бэ. Одоо баахан ээж нар уйлаад намын байранд хэвтэж байна. Орой болгон л таныг загнаж, буруутгаж байна. Өршөөчихөж болдоггүй юм уу?
-Сая сая хүний сайн сайхны төлөө яваа хүн нэг хэсэг хүний хараал зүхэлд бүдрэх ёсгүй л дээ. Уул давах гэж яваа хүн бол сондуулд бүдэрч болохгүй л байхгүй юу. За тэр уул давахыг нь болъё. Өөрөө бол их олон зүйл эргүүлж тойруулж асуугаад байна. Тэр хийсэн хэрэгтэй нь холбоотой асуудлаар надад бол ярих зүйл байхгүй. Гэхдээ нэг л дүгнэлт надад байгаа юм. Энэ хүн мөнгө ихтэй хүн юм. Хууль биелүүлэхээс зугтдаг ийм нэг ноцтой дутагдалтай хүн юм даа гэсэн. Өршөөлийн тухайд гэвэл энэ бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал биш. Ерөнхийлөгчид байдаг нэг бүрэн эрх бол уучлал. Яг тодорхой хувь хүн дээр. Тэр хувь хүн нь өөрөө өргөдлөө гаргах ёстой. Өөрөө үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, уучлал хүсэх ёстой юм.
 
-Уйлуулж майлуулж, хүүхэд хөгшдийг ашиглаж зовоохоо болиод зүгээр л уучлал хүсвэл та уучлах юм уу?
-Хэрэв завшсан эд хөрөнгөө оруулаад ирэх юм бол уучлахад болохгүй зүйл байхгүй шүү дээ. Та надаас тэгж болдоггүй юм уу, ингэж болдоггүй юмуу гээд асуугаад байх юм. Би бол нэг юмыг бодож байна. Хүний үйлийн үрийг би яалтай билээ. Төрийн хуулийн энэ хэрэгжилт зарим хүмүүст засал ч болж байж магадгүй. Тэр буруу үйлийг нь засах засал. Би боддог. Авилгал гэдэг зүйл бол Монгол улсад учирсан, Монгол үндэстэнд учирсан гай. Энэ гайг Монголын замаас, заяанаас холдуулах амаргүй. Авилгалтай тэмцэнэ гэдэг бол аливаа улс төрийн албанд ажиллаж байгаа хүний давах ёстой хамгийн хэцүү шалгалт. Энэ шалгалтаа тухайн хүн хэрхэн давж байна гэдгээр л бид асуудлыг шүүж харах ёстой.
-Насан турш иймэрхүү эрсдлийг үүрээд л яваад байх уу ? 
-Би заримдаа боддог. Монголоо алдсанаас, суудлаа алдсан ч яахав гэж. Тийм юм бодогдох үе гардаг юм. Жишээлбэл, ашигт малтмалын лицензийг асар замбараагүй тараасан байсан. Түүгээр дамжуулаад улс орны хэзээ ч нөхөгдөхгүй энэ баялаг муу гарт, буруу гарт шилжиж байсан. Газар нутгийн маань бараг тал хувь. Тэгээд үүнийг гурван жил хориглохоос өөр сонголт надад байгаагүй. Үнэхээр улс оронд минь амин чухал шаардлагатай бол би өөрийгөө ямар ч эрсдэл рүү түлхэж чадна. Цэргийн тангараг өргөчихсөн хүн учраас тэгж л боддог. Цэргийн хүмүүс энэ улсыг нэг бүтнээр нь харчихдаг юм шиг байгаа юм. Хүний атгахан зүрх их зайтай. Эх орон нь багтдаг. Эх орныхоо төлөө амиа өргөх. Ийм аргагүй байдалд тангараг өргөсөн цэрэг хүн л ордог. Дээр нь би Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн хүн. Яг амь насаа тавиад ч хамаагүй энэ орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаална гээд бодчихсон ийм улсууд өөр байдаг юм шүү. Тийм учраас надад суудлын төлөө өрсөлдөөнөөс Монголын төлөө өрсөлдөөн чухал. Суудлын төлөөх өрсөлдөөнөөс болоод Монголоо зольсоноос, Монголын төлөө өрсөлдөөнөөс суудлаа солих нь хамаагүй дээр. Тэгэхээр энэ сонголтыг л хийж чаддаг хүн бол жинхэнэ төрийн хүн. Дэндүү Монголоо алдаж туухад хүргэсэн, тийм даварсан үйл ажиллагаа явуулах юм бол зогс гэж хэлэх ёстой ийм цорын ганц албан тушаал бол Монгол Улсын Ерөнхийлөгч гэж би боддог. Аливаа ажлыг хийхийн тулд хийж байгаа ажлынхаа мөн чанарыг л ойлгосон байх ёстой.
-Таныг ингэж ярихаар зүрх өвдөх шиг болох юм. Энэ тухай ингэж ярьж ажиллах нь байтугай ингэж бодож байгаа хүн байна уу гэмээр заримдаа санагддаг. 
Хуулиас зугатсан хүмүүс юу ч хийхээс буцахгүй байна. Монголын нэрийг асар их унагаж байна. Яахав ээ, Монголд явагдаж байгаа дуулиант хэргүүд бол маш нээлттэй байгаа, хүмүүсийн нүдэн дээр. Энэ нь өөрөө сургалт болж байгаа юм. Бид ийм юм үзэх ёстой байж. Бид энэ дундуур л гарах хэрэгтэй. Энэ хэцүү харагдаж байгаа байх. Яаж энэ их шүүмжлэл, атаа жөтөө, хорсол, зүхэл, занал дундуур ингэж гардаг юм бол гэж зарим нь зовнин харж байгаа байх. Тэгж хартал нь энэ бүх үйл явц ил тод явж байгаа. Нөгөө талдаа хэрэгт сэжиглэгдэж байгаа хүн бол өөрийгөө хамгаалах эрхтэй. Гэхдээ Монголын нэрийг хугалах эрхгүй. Дэлхий даяар Монголын тухай худлаа мэдээлэл тарааж өөрийнхөө гэмт үйлдлийг нуусан ийм үйл ажиллагаа явуулахад би харамсдаг. Монголд явуулж байгаа үйл ажиллагааг бол би тэвчиж чадна. Эндээс Монголчууд бүгдээрээ сургамж авч байгаа. Гадна талд явагдаж байгаа, Монголын нэрийг хугалж байгаа үйл ажиллагааг тэвчихэд хэцүү. Би нэг зарчмыг хатуу барьж байгаа. Миний нэр хугарвал хугараг. Монголын нэр бүү хугараг. Энэ зарчмаас хазайсан ямар ч хүнтэй бид хариуцлага тооцох л ёстой. Ер нь төрийн хүний мөн чанар гэдэг бол хууль биелүүлэхдээ байдаг шүү дээ. Би энийг их үнэтэй үг гэж боддог юм. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Дарга, дарга байсан хүн илүү эрхтэй гэсэн зүйл заалт манай хуулинд байхгүй.
-Та өмнөх Ерөнхийлөгч нартайгаа хэр олон уулзсан бэ?
-Уулзнаа уулзана. Гурвуулангий нь, цугт нь уриад дөрвүүлээ уулзаж суух гээд би хоёр  ч удаа оролдсон. Нэлээд зүтгэсэн болоогүй. Гэхдээ нэг өдөр дөрвүүлээ уулзана даа л гэж бодох юм.
 

-Өнгөрсөн дөрвөн жилийн гол ололт чухам юу вэ гэж асуувал хэтэрхий давчуу санагдах байх. Гэхдээ ?
 -Тогтвортой байдал. Бид хоёр түрүүн 1996-2000 оны хооронд Засгийн газрууд олон огцордог байсан тухай ярьж байсан. Тэгэхээр ер нь төрийн тогтвортой байдал гэдэг бол яг улс орны хөгжилд тухайн цаг мөчид хамгийн чухал зүйл болохыг бид үнэхээр гашуун сургамжаасаа мэдэрсэн. Өнгөрсөн дөрвөн жилийг хоёр үгээр тодорхойлвол “Тогтвортой байдал” л гэж тодорхойлно. Өнгөрсөн дөрвөн жилд нэг ерөнхий сайд өвчний улмаас чөлөөлөгдсөн. Тэр ерөнхий сайдыг сольж өөр ерөнхий сайд ирсэн. Засгийн газрын кабинет хадгалагдаад л цаашаа явсан. Дараа нь дахиад сонгууль болсон. Сонгуулиар дахиад шинээр ерөнхий сайд гарч ирээд одоо ажлаа хийж байна. Бид энэ байдлыг хадгалах ёстой. Бид нэг хүнийг 40 жилээр тавиагүй. Дөрвөн жилийн бүрэн эрх өгөөд л тавьсан. Энэ хооронд нь бид хариуцлага асуугаад хийх юмыг нь хийлгэх хэрэгтэй.
-Хуваагдал, улс төржилтийг Та зарим талаар цэгцлэх гээд байх шиг. Гэхдээ яамны төвшнөөс доош, зарим газар орон нутагт улангассан хэвээр л байна. 
-Хэтэрхий их хуваагдсан, улс төржсөн энэ хандлагад бидний үед цэг тавигдах ёстой. Үүнд цэг тавих арга нь бүтээлч ажил. Асуудлыг шийдэх арга байхгүй юу. Өнөөдөр бодлого гаргаж байгаа улсуудын дунд нэг сайн зүйл байна. Ямар асуудал тулгамдаж байна вэ гэдгийг бүгд мэддэг болж. Нийгэм нь ч мэддэг болж. Монголд хамгийн чухал асуудлууд юу вэ гэвэл хуруугаа дараад жагсаагаад хэлэх чадвартай болчихсон. Түүнийг ямар арга замаар шийдэх үү, яаж үр дүнд хүрэх үү гэдэг энэ шийдэл дээрээ бид нар сайн тогтож чадахгүй явж ирсэн. Одоо бид энэ шийдэл рүүгээ орж байна. Энэ Засгийн газарт нэг сайн тал байгаа. Асуудлыг шийдэх сэтгэл. Ерөнхий сайд, энэ засгийн газар асуудлыг олон талаас нь харж шуурхай шийдэх гэж оролдож байна.
 
-Та өнөөдрийн Засгийн газрынхныг бүрэн бүрэлдэхүүнээр нь суулгаж байгаад нэлээн ширүүн зэмлэх шиг боллоо. Өөрийн, Ардчиллынхан засаг барьж байгаа учраас магадгүй танд уушгаа нээх, уураа гаргах, улам ташуурдах ийм бололцоо байгаа байх л даа. Үнэхээр төмөр замын гацаа зэрэг олон нийтийн анхаарлыг татаад байгаа энэ зүйлүүдээс болж байна уу. Таны хүссэн хурдад хүрч өгөхгүй байна уу?
-Асуудлыг яриад л орхиж болохгүй. Асуудлыг шийдэх хэрэгтэй. Хоёрдугаарт: асуудлын гүйцэтгэл чухал. Төмөр замын тухай шийдвэр гарсан бол тэр нь баригдаад эхэлчихсэн байх ёстой. Баригдаад эхэлчихсэн бол тэр бүтээн байгуулалт дууссан байх ёстой. Тэр бүтээн байгуулалт дууссан бол ач буяныг нь олон түмэн хүртэх ёстой. Тавдугаар цахилгаан станц гээд л 2000 онд шавыг нь тавьж байсан. Одоо болтол барьж эхлээгүй л байгаа.
 

-Төмөр замын энэ сэдэв шуугианы бай болж байна. Тэгэхээр сайд Х.Баттулгын явуулж байгаа бодлого тодорхой хардлага сэрдлэгийг дагуулж байдаг л даа. Таны ойр дотны хүн гэх үндэслэлээр түүнийг хар сэр бүчдэг. Тийм болохоор та энэ асуудал руу илүү хагалж олон нийтийн өмнө яръя гэж бодсон уу?
-Өнгөрсөн Засгийн газрын ч, одоогийн Засгийн газрын сайдуудаас ч би Х.Баттулгад хандаж хамгийн хатуу үгийг хэлдэг. Бас энд шалтгаан байгаа юм. Х.Баттулга бол үг даадаг, итгэл даадаг, муу юм санадаггүй хүн. Нөгөөтэйгүүр, Төмөр замын асуудлыг өнөөдөр Х.Баттулга биш А.Гансүх гэдэг сайд хариуцаж байгаа. Би бол А.Гансүх сайдыг өнөөдөр Монгол Улсын төрийн сайд гэж ойлгож байгаа. Түүнээс биш хэн нэг хүний халаасны хүн биш гэж ойлгож байгаа. Одоо төмөр зам баригдахгүй байгаа асуудлыг А.Гансүхтэй л ярь.
 

БИ МОНГОЛ ХҮНД ХЭРЭГТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХЫГ ХИЧЭЭНЭ

-Та эрхэмлэдэг зүйл, барьдаг зарчмуудынхаа талаар ярьсан. Гэхдээ нэг хоёроор дуусахгүй байх. Олон зүйл байдаг байх. Та хурал бүхэн дээр, уулзалт бүхэн дээр яг тэр агаарт нь таарсан үнэ цэнтэй юмыг олж хэлдэг. Тэр бүхэн нь итгэл найдвар, догдлол дагуулж байдаг?
-Би зүгээр л Монгол хүнд хэрэгтэй Ерөнхийлөгч байхыг л хичээсэн. Хичээнэ.
 
 
 
-Монголд төдийгүй гадаадын улс оронд хүртэл таны илтгэх чадварыг үнэлдэг. Бас л нэлээд хэдэн орчинд нүдээрээ харж байлаа?
-Мэдээж Монгол дотроо бид сайн муугаа бүгдээрээ л мэднэ. Гадна талд Монгол Улсын Ерөнхийлөгч сайн зүйл хэлээд, улсынхаа нэрийг сайнаар гаргах зүйл хийж явах бол улсаа зөв л харагдуулдаг. Улс орон маань үнэлэгддэг. Би нэг зүйл дээр бардам хэлж чадна. Би Монголынхоо нэрийг сайнаар гаргахад хувь нэмэр оруулж чадна. Чадсан ч гэж боддог. Манай орны цөмийн зэвсэггүй  бүсийн статусыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн тавуулаа баталгаажуулж гарын үсгээ 2012 оны 9 дүгээр сард зурсан. Мөн Монгол  улс энэ бүс нутгаас Европын аюулгүй байдал , хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүнээр анх удаа элсэж чадлаа. Манай орон өнөөдөр олон улсын ардчиллын хөдөлгөөний даргалагч хийж байна. Хэдэн жилийн өмнө зүүдэнд ч ороход бэрх байсан амжилтууд шүү.
 
-Тийм ээ, бид ийм байх ёстой. Гэхдээ бас аялагч Ерөнхийлөгч гэж таныг шүүмжилж байгаа?     
-Шүүмжлэх бол хүний эрх. Энэ бол Монголын давуу тал. Монголд намайг явж байхад Элбэгдорж явж байна, Ерөнхийлөгч явж байна гэж хардаг. Гадаадад бол Монгол явж байна гэж хардаг. Ерөөсөө л Монгол улсын төлөөлөл явж байна гэж хардаг байхгүй юу. Өөр нэг юм би хэлэх гэсэн юмаа. Монгол бол дэлхийд ганцхан улс биш. Гэхдээ ОХУ, БНХАУ хоёрын хүрээлэлд ганцаар оршдог орон. Монгол улс  үнэлэмжээрээ, эдийн засгийн харилцаа холбоогоороо, улс төрийн, хүмүүнлэгийн харилцаа холбоогоороо  олон улстай, олон эрх ашигтай  хамааралтай болох тусам Монголын тусгаар тогтнол баталгаажиж байдаг. Монголын бие даасан байдал баталгаажиж явдаг юм. Гадаад харилцаа бол манай улсад маш чухал.
 
-Та бол Монгол улсын тэргүүн дипломатч. Аливаа орон төрийн тэргүүнээ ингэж авч үздэг. Манай орноос хөршүүдтэйгээ харилцах харилцаа ямар байна вэ?
- Монголын нэрийг гадаад улс орон, олон улсад төлөөлөх тэр онцгой бүрэн эрх Төрийн тэргүүнд ноогддог. Би боддог юм. Бид эн тэргүүнд хоёр хөрштэйгөө итгэлцсэн, маш  найрсаг, хамтын ажиллагаагаа үргэлж бэхжүүлж байх ёстой. Бидний хоёр хөрштэйгөө харилцах харилцаа Монголд хамгийн чухал харилцаа. Манай хоёр хөрш бол манай улсын аюулгүй байдал, гадаад бодлогын анхдагч орчин.  Бид энэ хоёр хөрштэйгөө харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх ёстой. Бид хөршүүдтэйгээ хамтдаа хөгжих ёстой. Бид энэ хоёр хөршдөө бас нэг зүйлийг ойлгуулах ёстой. Монгол улс идэвхтэй гадаад  харилцаатай байх нь зөв. Гуравдахь талаас Монголд хөрөнгө оруулалт орж ирэх нь сайн. Тэгэх юм бол Монголын нийгэмд бүтээгдэх баялаг нэмэгдэнэ. Тэгэхээр манай хоёр хөршийн Монголтой харилцан ашигтай ажиллах боломж өснө, орон зай улам л нэмэгдэнэ. Би нэг сонин баримт хэлье. Зарим хүн санадаг юм билээ. 2005 онд би Ерөнхий сайд байхдаа  УИХ- д нэг үг хэлж байсан. “Энэ оноос эхлээд Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн триллион төгрөгөөр тоологдох боллоо. Үүнийг орчуулах юм бол их наяд юм байна” гэж. Одоо бол бүгдээрээ их наяд, гээд яриад сурчихаж. Тэр үед байсан нэг их наяд, өнөөдөр 13 их наяд болчихсон байхгүй юу. Монголын эдийн засаг дахиад 10 жилийн дотор 100 их наяд болох боломжтой. Тэр хэмжээгээр Монголтой харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж өснө. Монголчуудын эдийн засгийн байдал сайжраад л байх юм бол хөрш айлын амьдралд сайнаар л нөлөөлдөг. Ийм байдлаар хоёр хөрштэйгээ, бусадтай харилцах харилцааг харж байгаа. 
 
МУУ ХҮН ХҮҮХДИЙНХЭЭ ХООЛЫГ БУЛААДАГ. МУУ ТӨР ИРГЭНИЙХЭЭ ЭРХИЙГ БУЛААДАГ

-Гадаадад Монголын үзэгдэх нэр нүүрийн талаар таны баримталж байгаа байр суурийг сонслоо. Та дотооддоо орон нутгийн эрх, хүний эрхийн талаар бүхэл бүтэн цогц бодлого явуулсан. Ямар өөрчлөлт гарав аа?
-Том. Арван жилийн өмнө нийт аймгуудад өгч байгаа төсөв ойролцоогоор 20 тэрбум төгрөгөөс хэтэрдэггүй байсан. Өнөөдөр зөвхөн орон нутгийн хөгжлийн санд өгч байгаа мөнгө 246 тэрбум төгрөг болсон. Дээр нь татварын тодорхой төрлүүд орон нутагт шилжих  учиртай. Мөн баялагаа мэдэх түүнээсээ хүртэх эрх нь орон нутагт байх ёстой. Яагаад энэ эрх шилжих ёстой вэ гэхээр хүнээр дамжсан эрх хүнд наалддаггүй юмаа . Энгийнээр л хэлье. Хүний жаргал хүнд наалддаггүй. Миний эрхийг л надад өгчих. Би даргаар эрхээ мэдүүлэх биш зүгээр л өөрөө л мэдье. Болоо. Тэгэхээр энэ эдийн засгийн эрх, боловсон хүчний эрх гэдэг бол орон нутгийн эрхийн үндэс нь юм л даа. Муу хүн хүүхдийнхээ хоолыг булаадаг. Муу төр  иргэнийхээ эрхийг булаадаг байхгүй юу. Нөгөө талд нь сайн хүн бол хүүхдийнхээ хоолыг бэлдэж өгдөг, хуримтлал бэлдэж өгдөг. Ажилтай болгодог. Сайн төр бол иргэнээ улам эрхтэй болгодог, улам сайхан амьдрахад нь тусалдаг. Үнэндээ хорь гаруй жил манай иргэд, орон нутгийнхан эрхийн хувьд бариу гуталтай л явлаа. Хөл нь холгож явлаа. Хөлийг нь холгодоггүй хөлд нь таарсан гутлаа авч өмсөх тэр боломжийг бид иргэддээ өгөх хэрэгтэй байгаа юм.
-Нөгөө талдаа Ерөнхийлөгч өө, энэ чинь халамжийн бодлого шүү дээ.   
-Иргэн нь эрхгүй нийгэмд төр нь халамжийн болоод байдаг байхгүй юу. Хүмүүс бүгд шүүмжилдэг. Бэлэн мөнгө хүмүүст тараагаад байна аа. Энэ залхууралдаа дасгаад, Монгол үндэстэнг устгах, муутгах ийм бодлого болж хувирлаа гэж та нар шүүмжилдэг. Энэ яг үнэн. Баялгаа бий болгоод, тэр баялагаасаа татвар аваад түүнийгээ захиран зарцуулдаг тэр эрхийг нь иргэддээ өгөөгүй учраас мөнгө тараагаад байгаа юм. Тэр мөнгөө, баялгаа өөрсдөө олоод, татвараа өөрсдөө бий болгоод, төсвөө өөрсдөө бүрэлдүүлээд явах эрхийг нь өгчихсөн бол энэ мөнгийг тараахгүй байхгүй юу. Одоо ойлгогдож байгаа биз дээ. Тийм тараах мөнгө төрд олдох ч үгүй. Тэгэхээр иргэн нь эрхгүй нийгэмд төр нь халамжийн болж хувирдаг. Иргэн нь эрхтэй нийгэмд төр нь үйлчилгээний болж хувирдаг. Нэмж хэлэхэд манай орон нутгийнханд ямар эрх үлдсэн бэ гэхээр өнөөдөр телевиз үзэх л эрх үлдсэн байгаа. Улаанбаатарынхны шоуг үзэх. Улаанбаатарт болж байгаа хэвлэлийн бага хурал, мэдэгдэл хийгчдийг үздэг. Манай нийгэмд мэдэгдэл хийгчдийн хэнээ хэтэрлээ шүү дээ. Энэ байдалд хэвлэлийнхний  бүр дургүй хүрдэг байх гэж би боддог юм.
 
-Яагаад очоод шавж суугаад байдаг юм, би бас гайхдаг ?
-Хэдэн хэнхэгтэй улсууд гарч ирээд мэдэгдэл хийгээд байдаг. Тэгээд л нэг тийм хурлаар, хурлын дараах мэдэгдлээр манай ажил явж байгаа. Яг үнэндээ бүтээн байгуулалтаар, бүтээлээр өнөөдөр ажил хэмжигдэхээ больсон. Юм бүтээх гэж байгаа улсуудаа очиж хорлож зогсоочихоод, тэгээд өөрсдөө мэдэгдэл хийгээд. Энэ улс төр чинь буруу яваад байна. Бид нар бүгдээрээ нэг ийм буруу орчинд орчихлоо. Буруу өндгөн дотор яваад орчихлоо. Одоо өндгөө хагалж гадагшаа гаръя аа. Арай өөр өнцгөөр амьдралыг харъя.
 
-Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал дээр таны нөмөр нөөлөг үнэхээр их байлаа. Бид танд талархах ёстой.
-УИХ-д орж ирсэн 11 эмэгтэй сайн ажлаасай гэж бодож байгаа. Энэ эмэгтэйчүүд хүүхдийн эрхийг,  эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлийг түлхүү яриасай. Энэтхэгт ямар шуугиан болж байна. Яг энэ шиг босгож тавиасай. Эмнэлгийн, цэцэрлэгийн, сургуулийн асуудал, тэр хүүхдийн эмч, хүүхдүүдийн төрөх гээд олон асуудлуудыг хөндөөд хөндөөд тавиасай. Эдгээрийн цаана Монголын асар том асуудал шийдэгдэж байгаа юм. Нийгэм маань өөрөө илүү хүнлэг болж байгаа байхгүй юу. Энэ үйл ажиллагаанд манай эмэгтэйчүүд хувь нэмэр оруулж чадна. Оруулаад эхэлж байгаа гэж би хувьдаа бодож байна. Хамгийн гол нь энэ 11 эмэгтэй яаж ажиллахаас дараа нь УИХ-д хичнээн эмэгтэй сонгогдох нь шалтгаална. Тийм учраас энэ 11 эмэгтэйгийн одоогийн үүрч байгаа ачаа өмнө нь байсан цөөн эмэгтэйн үүрч байснаас  илүү. Хариуцлага нь илүү. Би нэг үг хэлэх дуртай. Гэрийн ажилд түүртдэггүй эмэгтэй, төрийн ажилд ер ажрахгүй ээ гэж. Манай бүсгүйчүүд тийм л харагдаж байгаа юм.
 
-Засгийн газрын хурал дээр утааны асуудлаар өргөн хэлэлцүүлэг хийсний дараа та бид хоёр уулзлаа. Сэдэв нь ч халуухан, таны шахалт шаардлага ч халуухан байлаа. 
-Тэр тухай нэгэнт Засгийн газрын хурал дээр ярьчихсан учраас ярих шаардлагагүй гэж бодож байна. Ганцхан зүйлийг нэмж хэлэхэд би энэ агаарын бохирдлын эсрэг хуулийг санаачилж оруулж байхдаа хариуцлагын асуудал их чухал гэж бодож бүр тусад нь нэг зүйл оруулсан юм. Хэрвээ энэ агаарын бохирдол буураагүй бол, жилээр нь дүгнээд, хэмждэг багажаар нь хэмжээд буураагүй бол тэр дүүргийн даргатай, тэр хорооны даргын буруутай үйл ажиллагаанаас болсон бол тэр хорооны даргатай, Нийслэлийн засаг даргатай, тэгээд бүр Засгийн газрын асуудал хариуцсан гишүүнтэй, бүр томруулаад Засгийн газартай хариуцлага тооцдог болъё л гэж би оруулсан юм. Хоёр жилийн өмнө. Тэгээд харамсалтай нь тэр хариуцлагатай холбогдсон хэсгийг хасаад хаячихсан юм л даа, Их Хурал. Үнэхээр агаарын бохирдлоос болоод нэг сайд огцорч байгаа бол, нэг дүүргийн засаг дарга энэ асуудлаас болоод өөрчлөгдөж байгаа бол энэ агаарын бохирдол хурдан буурах байж дээ гэж би боддог. Хоёрдугаар цахилгаан станц түшиглэж  шахмал түлшний үйлдвэр байгуулах асуудалд хариуцлагагүй этгээдүүд нөгөө л нэг хариуцлагагүй байдлаараа хандсан.  Хог оруулж ирээд шахчихсан. Ямар ч техникийн горим хангагдаагүй учраас одоо үйлдвэр нь байхгүй. Хэрэв тэр үйлдвэр ашиглалтанд орчихсон бол энэ жил агаарын бохирдол Улаанбаатар хотод 50 хувь буурах байсан. Утааны бохирдлоос гарах нэг арга зам бол Монголын нөхцөлд хагас кокс байгаа юм. Гэтэл тэр үйлдвэрийг ийм хариуцлагагүй этгээдүүд хоёр жил зогсоосноос болоод хэдэн эцэг эхийн хүүхэд нь зулбаж, хэдэн ураг гажигтай төрж, хичнээн хүн энэ утаанаас үүдэлтэй өвчлөлөөр өвдөж байна. Хичнээн айл өрх хохирч байна. Үүнийг ингэж л зүрхэндээ ойрхон харах юм бол манай төрийн ажил, энэ бохирдлын асуудал шийдэгдэх юм л даа. Үүний цаана нөгөө л яриад байгаа хариуцлагын л асуудал байж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бид заавал дахин дахин хөндөж ярих шаардлагатай. За ингээд дуусгая. Хангалттай олон асуултад хариулж, удаан суулаа.

-Одоо нэг л асуулт. Та УИХ-д хаалттай мэдээлэл хийсэн гэсэн. Би сэтгүүлч хүн. Тэнд юу ярьсан сонин байна. Хүмүүс янз бүрээр л ярих юм. Та ямар сэдвээр ярьсан бэ?
-Аюулгүй байдлын сэдвээр ярьсан. Сэдэв нь нээлттэй, агуулга нь хаалттай.
 
-Аюулгүй байдал гэж яг юу вэ, та нэг хэлээч?
-Би хариулъя. Наян настан цочихгүй, найман настан айхгүй амьдрах тэр орчныг л, тэр нөхцлийг л аюулгүй байдал гэж байгаа юм. Бидэнд иргэнээсээ нуух юм байхгүй. Гэхдээ бид энэ дэлхий дээр ганцаараа байгаа улс биш. Бид бас төрийн хувьд төрийн бодлогын хувьд хурлаа хааж байгаад ярих зүйл байна. Ер нь нууцаа, технологийн нууцаа сайн хадгалж чадсан улс орон илүү хурдан хөгжсөн байдаг шүү дээ. Тэгэхээр бас улсын хөгжил чинь тэр нууцын хадгалалт, хамгаалалттай ч харилцан уялдаатай байх сонин зүй тогтол бий. Нөгөө талаас нь хэлье. Хийх юмтай орон, нуух юмтай байдаг юм. Тэгэхээр Монгол бол хийх юмтай орон болж хувирч байна. Тэгж хар.

МОНГОЛЧУУДЫН ЦАГ ДАХИАД ИРЖ БАЙГАА

-Сайхан хариулт байна. Ахиад нэг гоё асуулт асуугаад дуусгая. Та бол тамирчдыг баярлуулсан түүхэн шийдвэр гаргасан хүн. Үнэхээр бид нар медаль авчрахаар нь  бүгдээрээ баярлачихаад сарын дараа мартчихдаг. Гэтэл та бол сар бүхэн ард түмэн чинь чиний энэ гавъяаг мартахгүй шүү гэж урамшуулал өгдөг болсон. Энэ үнэхээр  гайхалтай байлаа. Үнэхээр Монголын залуу үеийнхэнд, Монголчуудад өгсөн их урам байлаа. 
 -Тамирчдын гавьяа дэвжээн дээрээ тэмцээн хаагдахад дуусах ёсгүй. Олимп дэлхийн тэмцээний гавьяа бол улсынхаа нэртэй цуг үлддэг эд. Улсын нэр мөнх. Тэр сайн нэрэнд оруулсан тамирчдын хувь нэмрийг насан туршид нь үнэлж урамшуулах нь зөв. Бас чадалтай, эрдэмтэй, авьяастай шинэ үеийнхэндээ зорилготой байх, амжилт нь баталгаатай байх боломжийг төр, ард түмэн нь өгч байна.
-Та зорилго мөрөөдлийн тухай сайхан үг хэллээ.Улсаараа бүгдээрээ нэг зорилго мөрөөдөлтэй байж болох уу?
-Бололгүй яахав. Заавал нэг хариулахаас аргагүй юм асууж байна шүү. Ойрын 20-30 жилд Монгол хүн баянаараа дэлхийд эхний 20-д оръё. Монголын нийгэм шударгаараа, цэврээрээ, хүн ажиллаж амьдрах боломжоор бас эхний 20-д оръё. Зарим үзүүлэлтээр бид нэг рүү орчихсон байгаа. СNN-ий санал асуулгыг сонссон байх. Монгол улс хүмүүсийн хамгийн их очихыг хүссэн орноор шалгарсан шүү дээ. Энэ бол гайхамшигтай үзүүлэлт биз дээ. Монголын батаарын хэрэг АНУ-д 2012 онд гарсан хамгийн хачирхалтай хэргээр тодорч байгаа шүү дээ. (инээв)
-Гэхдээ л гоё байна.
-Тийм. Спортын тал дээр миний санааг олон хүмүүс маш зөв ойлгосонд би их баярладаг. Түүний дотор манай Бат-Үүл. Асар их зөв ойлгосон. Ойрын 20-хон жилийн дотор Монголын нийслэл дэлхийн сайхан орчинтой нийслэлүүдийн тоонд дөхөөд оччих юм бол бид энэ спортын том наадмуудыг авах боломжтой байгаа юм. Надад заримдаа зөн юм уу бусдын санаанд оромгүй зүйлс орж ирдэг. Заримдаа би энэнийг сайн зөн гэж боддог. Би биелээсэй гэж бодож байна. Олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзаад миний хийсэн алхмын тухай чи их асууж байсан. Би урьд шөнө нь бодоод л хоносон. Би нэг удаа хэлж байсан. Монголоо бодож сэрлээ гэж. Ер нь л өглөө болгон хийх ажлаа бодож сэрдэг. Тэгээд би бодож байсан юм. За, би Олимпийн хорооны ерөнхийлөгчтэй уулзана. Ерөөсөө Монгол улс тэдэн онд олимп авъя гэсэн сайхан мөрөөдлийн гэрээ байгуулаад ирье гээд. Зуны олимпод манай Улаанбаатар 2032 онд нэрээ дэвшүүлээд үзэг. За, авч чадахгүй байж магадгүй. Дахиад 2036 онд нэрээ дэвшүүлээд үзэг. Авч чадахгүй байж магадгүй. 2040 онд авах ёстой гэж бодсон. Тэгээд л би тэгж бичсэн юм. Зуны олимпийг 2040 гэж бичсэн байна. Наана нь Азийн тоглолт гэж байгаа юм. ( Тэр үеийн дэвтрээ гараж үзүүлэв. Их танил дэвтэр байнаа) Тэгэхээр Азийн тоглолтыг 2018 онд авах гэж бид нэрээ дэвшүүлье. Тэгээд 2022 онд авъя. Урьд нь нэр дэвшүүлээд чадахгүй бол дахиад дэвшүүлж болно. Сонгуультай л адилхан. Гэтэл бас Ази дотроо зүүн Азийн тоглолт гэж байгаа юм. Зүүн Азийн тоглолтыг би 2017 онд авчих юмсан гэж бодож байна. Одоо манай олимпийн хороо төлөвлөгөө гаргаад энэ зүүн Азийн тоглолтыг авахын төлөө ажиллах хэрэгтэй. 
 
-Хөл бөмбөгийн мөрөөдлөө бас та тэр үед явж байхдаа ярьж байсан.
-Улс төрөөс гадна миний цагийг авдаг зүйл бол хөл бөмбөг. Би үнэхээр энэ хөл бөмбөг гэдэг юмнаас сэтгэлийн таашаал авч амьдардаг. Хөл бөмбөгийг үзэх, хөл бөмбөгийг сонирхох, хөл бөмбөгт дурлах гэдэг бол миний амьдралын нэг хэсэг. Надад зөвхөн гадаадад балиашигладаг  хөл бөмбөгийн багууд байдаг  төдийгүй, Монголд бас дэмждэг хөл бөмбөгийн баг байгаа. Миний өөрийн бүр авч явдаг баг байгаа. Би заавал нэрлээд, энэ тэндэх гавъяа зүтгэлээ яриад байх шаардлага байхгүй гэж бодож байна. Жишээлбэл байт сурын төрлийг би байнга дэмжиж авч явдаг. Тэгэхээр хөл бөмбөгийн дэлхийн аваргыг би 2050 онд авъя гэж байгаа юм. Олон улсын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчтэй мөрөөдлийн гэрээнд гарын үсэг зурчихсан.
 
-Хөл бөмбөгийн дэлхийн аварга шүү дээ. Хэцүү сонсогдож байна.
-Монгол улсын нийслэл Улаанбаатар хот 2042 онд нэг нэрээ дэвшүүлнэ. 2046 онд дэвшүүлнэ. Бас нэлээн дөхнө, аман хүзүүднэ. 2050 онд авна. Бас Азийн цом гэж байдаг юм. 2027 онд Монгол Улс нэрээ дэвшүүлнэ. Нэлээн дөхнө, 2031 онд дахиад нэрээ дэвшүүлнэ аман хүзүүднэ. 2035 онд Азийн цомыг авна гэж. Тэгэхээр бүгдээрээ сайхан мөрөөдөлтэй амьдаръя. Улсаараа мөрөөдөлтэй болъё. Мөрөөдөл гэдэг бол зорилго бий болгодог. Зорилгодоо хүрэх үйл ажиллагааг  бодлого гэж нэрлэдэг юм. Түүнийг төр нь гаргадаг. Монголчууд зорилгодоо хүрэх боломжтой. Би үл бүтэх ямар нэг “изм” байгуулах тухай яриагүй байна. Олимп, хөл бөмбөгийн төрлийн тэмцээнийг Монголдоо зохион байгуулах тухай л ярилаа. Дэлхийд хамгийн том гүрэн байгуулж явсан хүмүүсийн хойч үе ийм зорилго тавихад хэн гайхах билээ. Монголчуудын цаг дахиад ирж байгаа. Би хувьдаа үүнд итгэдэг.
 
- Таны энэ өөдрөг, халуун, гэрэл үсчүүлсэн үгс тэр чигээрээ дуудлага шиг буудаг. Бос гээд татах шиг л тийм хүчтэй мэдрэмж ард иргэдэд төрдөг байх. Үнэндээ цаг гаргаж ярилцсанд, манай сонины уншигчдад ийм том хүндэтгэл үзүүлсэнд баярлаж байна. 
-Хааяа ярилцаж суухад сайхан ш дээ.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.
Хориод жилийн хугацаанд түүнтэй олон удаа ярилцлагын ширээний ард сууж явжээ. Өнгөн дээрээ тэгтэл дотносч сүйд болохгүй, заримдаа бүр шал өөр хүн болчихсон ч юм шиг санагдаж “зэвүү” хүргэх. Заримдаа олон жилийн тэртээ алга болсон аав шиг минь голоос ягуухан халуун бүлээн зүйл юу юугүй өгсүүлсэн “хэцүү” зэм өгч хамгийн ойроос хашраах. 
Миний бодлоор тэр монголчуудын хамгийн их таньсан хүн. Таньсан хүн ямар ч цаг үед таньсан л хүн байдаг. Унаж босч, тэмцэж, түүчээлж, сэрээж явсан түүх түүнийх. Тэр бидний өмнө халирч, халгаж няцаж, эргэж буцаж үзээгүй. Идэж ууж, түйвээж үймрүүлж явсангүй. Тийм болохоор магнай тэнүүн инээсээр л уяан дээр бууж байдаг. Хаалга сэв хийтэл татаад орж ирдэг. Ийм л юм.    
Ярилцсан Б.ГАНЧИМЭГ

No comments:

Post a Comment