Friday, 22 February 2013

Х.Тэмүүжин: Олон газар зэрэг гал асаах нь эрсдэлтэй

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тэргүүтэй УИХ-ын гишүүд АНУ-ын Вашингтон , Нью-Йорк хотуудад ажлын айлчлал хийж, тус улсын шүүх тогтолцоо болон Холбооны мөрдөх товчоо, Шүүхийн Маршалын албаны үйл ажиллагаатай танилцаж, Шинэчлэлийн Засгийн газраас явуулж буй эрх зүйн шинэчлэлийн бодлогын талаар санал солисох уулзалтуудыг хийж байгаа билээ. Энэ айлчлалын хүрээнд УИХ-ын гишүүд Вашингтон хотын монгол иргэдтэй уулзалт хийсэн байна. Уулзалтад  УИХ-ын дэд дарга С.Баярцогт, Л.Цог, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, нар оролцож, Вашингтон хотод ажиллаж, амьдарч, сурч боловсорч буй иргэдтэйгээ ярилцан, сонирхсон асуултад нь хариулжээ. 

Уулзалтын үеэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд тавьсан зарим асуулт, түүний өгсөн хариултыг www.dayarmongol.com сайтад тоймлон нийтэлснийг дамжуулж байна.    

-Шинэчлэлийн Засгийн газар бүрдсэнээр Монгол Улсад эрх зүйн томоохон шинэтгэл хийх нөхцөл бүрдсэн гэж үздэг. Энэ боломжийг хэрхэн ашиглаж байна?
-Шинэчлэлийн Засгийн газрын хийх ёстой нийт шинэтгэлийн бараг 40-50 хувь нь хууль зүйн салбарын шинэчлэл гэж болно. Хууль зүйн шинэчлэлийн гол зорилго нь бид хууль дүрэмтэй нийгэмд амьдрах ёстой. Хууль зүйн бодлогоо шударга ёсонд нийцсэн, хүн бүрт тэгш үйлчлэх байдлаар засч сайжруулахгүй бол өнөөдөр Монголын нийгэмд шударга ёсны үнэлэмж алдагдаж, зөв, буруугийн тухай ойлголт тодорхой бус болоод явчихлаа. Хэн нэр нөлөөтэй, хөрөнөг мөнгөтэй, олон нийтийн санаа бодлыг өөртөө таацуулан эргүүлж чадаж байна түүнийх нь зөв болчих гээд байна.
Гэхдээ эрх зүйн шинэчлэлийн тухай яриа өнөөдөр эхэлж гарч байгаа юм биш. Анх 2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн залуу багш нар нийлээд “Хуулийн салбарт ямар шинэчлэл хийх нь зөв бэ” гэдэг судалгааг хийж байсан. Гэвч тэр үед улс төрийн нөхцөл байдал үүнийг дэмжихгүй байсан. Харин 2012 онд Ардчилсан нам олонхи болж, шинэчлэл хийх нөхцөл бүрдлээ. Бид одоо л энэ шинэчлэлийг хийх хэрэгтэй, үгүй бол үүлэн чөлөө нар шиг энэ боломж 2016 он гэхэд үгүй ч болж мэднэ. Энэ дөрвөн жилд л парламентад ч, Засгийн газарт ч бидний ажлыг дэмжих бүлэг байгаа дээр хууль эрх зүйн орчноо сайжруулаад авах, боловсон хүчнээ чанаржуулах, дээр нь авлига, албан тушаалын том том хэргүүдийг илрүүлээд, зохих хариуцлагыг нь тооцоод явах хэрэгтэй байна. Ийм цогц шинэчлэлд улс төрийн, олон нийтийн, бас шинжлэх ухааны ч дэмжлэг хэрэгтэй байгаа юм.

-Цагдаа тушаал биелүүлдэг, цэрэгжсэн байгууллага мөн үү?
-Долдугаар сарын 1-ний хэрэг маш олон юмыг бидэнд ойлгуулж өгсөн. Түүнээс өмнө манай цагдаа “хууль сахиулах байгууллага” гэдэг үүргээ ойлгодоггүй байж. Бид тушаалаар л ажилладаг, хагас цэрэгжсэн байгууллага л гэж боддог байсан. Долдугаар сарын 1-ний хэргийн дараа ч гэсэн “цагдаа бол тушаал биелүүлдэг цэргийн байгууллага учраас хүний амь эрсэдсэн хэрэгт цагдаа буруугүй” гэж хэлсээр л байсан. Тэгээд тушаал биелүүлдэг цэргийн байгууллага юм бол таван хүний амь хөнөөсөн хэрэг чинь цэргийн гэмт хэрэг байна гээд, тэр хуулийнх нь дагуу яллаад эхлэхээр гэнэт үүнээсээ буцаад, “бид цэргийн бус, хууль сахиулах байгууллага шүү дээ” гэцгээж байгаа. Ингэж долдугаар сарын 1-ний хэрэг маш олон хүмүүсийн толгойд ойлголтын өөрчлөлтийг хийлээ. Цагдаагийн олон дарга одоо л өөрсдөөсөө “бид хэн бэ, юу хийдэг байгууллага билээ” гэдгээ асууж эхэлж байна. Цэргийн бус, хууль сахиулах байгууллага, тэр дундаа иргэнд үйлчилдэг байгууллага юм шүү гэдгээ одоо л ойлгож байна. Ямар сайндаа Нийслэлийн цагдаагийн газрын барилгыг барьж байхад би “Нэгдүгээр давхрыгнь тэр чигээр нь иргэдэд үйлчлэх “00”-ын өрөө болго” гэхэд маш олон хүн гайхаж, эсэргүүцэж байгаа юм. Яагаад гэмт хэрэгтэнд зориулж жорлон хийх хэрэгтэй юм бэ гэж. Иргэдээ бүгдийг нь гэмт хэрэгтэн гэж хараад байхаас бид чинь иргэдэд үйлчлэх байгууллага шүү гэдгээ ойлголгүй л явж ирсэн байна.  

-Маршалын албатай яагаад танилцаж байна вэ?
-Цагдаа нарын хэргийг шүүх үеэр бас нэг ойлгомжгүй зүйл ил болсон. Шүүхийн гадаа цагдаа нар дарга нараа хамгаалаад бүсэлчихсэн, шүүж байгаа шүүгчийг бүр зодсон ч хэрэг гарсан. Гэтэл шүүхийн танхим дотор хамгаалагч гээд ганцхан цагдаа, үүдэнд нь жижүүр гээд нэг хөгшин, өөр ямар ч хамгаалалт байхгүй. Тэр хэрэг дээр ажиллаж байсан шүүгч маш их дарамттай байсан, аюулгүй байдлаа хангуулах хүсэлт тавьсан. Гэтэл аюулгүй байдлыг нь хангах байгууллага нь эргээд нөгөө цагдаа байдаг. Шүүх хуралдаанд гэрчээр орсон цагдаа нар ч шүүхийг эсэргүүцэж жагссан олон цагдаа нарынхаа дундуур явж орж ирээд мэдүүлгээ өгнө гэдэг бүтэхгүй хэрэг байсан. Ийм тохиолдолд шүүхийн аюулгүй байдлыг хэн хангах юм бэ? Шүүх айдас дунд ажиллавал хэрхэн зөв шийдвэр гарах билээ, шударга ёс тогтох уу? АНУ-д шүүхийг хамгаалдаг, шийдвэрийг нь биелүүлдэг Маршалын алба бий. Тиймээс түүний үйл ажиллагаатай бид танилцаж байна. Гол нь шүүх үйл ажиллагааг тасалдалгүй явуулдаг эрх зүйн орчныг нь бүрдүүлэх ёстой юм.

-Н.Энхбаярыг баривчилсан явцын тухайд?
-Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлах үйл ажиллагааг та бүхэн үзсэн байх. Тэр хүнийг баривчилна л гэж шийдсэн болохоос чухам хэрхэн баривчлах тухай аргачлалыг нь заасан, зохицуулсан хууль манайд огт гараагүй юм байна. Тиймээс баривчилгааны явцад алдаа эндэл гарсан. Тэгэхээр цагдаа болон хуулийн байгууллагууд баривчлах үйл ажиллагааг хэрхэн явуулах тухай хууль гаргах ёстойг тэр үйл явц харуулсан. Тэр нь Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль юм л даа. Жишээ нь сая тэр баривчилгааны үеэр болсон хэргээр УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр нэг жилийн тэнсэн авлаа. Өөрөө ч, хүмүүс ч ойлгохдоо салаавч гаргасны төлөө л тэнсэн авчихлаа л гээд байгаа юм. Үнэн хэрэгтээ тэнд чинь баривчлах, хууль сахиулах үйл ажиллагаа явагдаж байсан шүү дээ. Тэр үйл ажиллагаанд саад учруулах ёсгүй. Тэгтэл хууль сахиулагчид нь ороод ирэхэд өөдөөс нь эсэргүүцээд, салаавч үзүүлээд сууж байдаг УИХ-цын гишүүн, хууль тогтоогч байж болох уу? Салаавчны төлөө шийтгэсэн юм биш, хууль сахиулагчдын үйл ажиллагаанд саад учруулсных нь төлөө шийтгэж юм. Тусгайгийнхны шаардлага бол тодорхой байсан, гараа ардаа аваад доош хараад хэвтэх ёстой, тэр нь үнэндээ хууль сахиулах явцад өөрийг нь хамгаалах, хөдөлгөөнийг хязгаарлах л зорилготой юм. Хэрвээ энд, АНУ-д тэгж эсэргүүцэл үзүүлбэл шууд л буудна биз дээ.

-Том том хэрэгтэй тэмцэх, шүүх чадвар манайд бий юү?
-Цагдааг шахаад эхлэхээр том том хэргүүд манайд эхнээсээ илэрч байна. МИАТ, Татварын ерөнхий газрын дарга нарын хэргүүдийг та бүхэн сонссон байх. Энэ бол зөвхөн эхлэл. Гэвч ийм том, олон хэргийг нэгэн зэрэг илрүүлэх, тэмцэх чадвар манайд хомс байна. Цагдаагийн дөрвөн даргыг шүүх гэхэд л яаж зовлоо. Гэтэл цагдаагийн дарга нар гэдэг бол ямар ч улсын дунд зэргийн л албан тушаалтнууд шүү дээ. Ийм хэрэг шүүж чадахгүй байж яаж тэднээс том, дээд хэмжээний нөхөдтэй, бас улс дамнасан хүн хулгайлах, мөнгө угаах, мансууруулах бодис, соёлын үнэт зүйл, экологийн гэмт хэргүүдтэй тэмцэх, мөрдөх билээ. Тиймээс бидний шинэчлэлийн нэг гол чиглэл нь шүүх, цагдаагийн боловсон хүчнийг чанаржуулах явдал. Одоо бол тэр том хэргүүдтэй халаасны хулгай илрүүлдэг аргаараа л үзэх болоод байна. 

-Шинэчлэлийн гол бэрхшээл юу байна вэ?
-Томоохон хэргүүдтэй тэмцэхэд асуудал маш олон бий. Хүн худалдаалах хэрэг л гэхэд харьяаллаараа Тагнуулын ерөнхий газарт байгаа. Гэтэл ТЕГ энэ хорин жилд ердөө хоёрхон хэрэг л шүүхэд өгсөн байдаг юм. Үнэн хэрэгтээ манай иргэд хүн худалдаалах, хар тамхи зөөвөрлөх олон улсын бүлэглэлийн гар хурууны үзүүрт зарагддаг нь тодорхой болчихсон. Эхнээсээ цаазаар авах ял аваад сууж байна. Дотоод дахь томоохон хэргүүд дээр нь заналхийлэл, дарамт маш их. Цагдаагийн байгууллагад байгаа хөрөнгөжсөн хурандаа нарыг зайлуулаад эхлэхэд л дарамт, занал ил ирж байгаа. Учир нь тэдний нөлөө, хөрөнгө маш их байгаа юм. Тиймээс энэ бүх шинэчлэлд хөрөнгө мөнгө, боловсон хүчний бэрхшээлээс илүү саад болж буй зүйл бол эсэргүүцэл л байна даа. Гэхдээ хуулийн байгууллагынхан энэ их эсэргүүцэл, дарамтыг зовлон гэж биш, сорилт гэж харж ажиллах ёстой юм билээ.

-МИАТ-ын хэргийг илрүүлэхийн тулд гурван сар ажиллаж, сайд өөрөө Хонг Конг орсон гэсэн?
 -МИАТ-ын хэргийг бид зарлахаас өөр арга байгаагүй. Яагаад гэвэл тэр хэрэг дээр ажиллаж байсан хүмүүст маш их дарамт ирж эхэлсэн. Тиймээс тэд энэ хэргийг задлаач ээ гэдэг хүсэлт тавьсан. Бид энэ хэрэг дээр гурван сар ажиллаж, одоогоор зургаан сая долларыг нь илрүүлээд байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард би өөрөө Хонг Конг явлаа. Танайд манай маш их хэмжээний мөнгө бэлнээрээ ороод байна, чухам хаашаа ороод байгааг нь хэлж өгөөч ээ гээд л. Хонг Конг манайтай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй учраас хэлэх боломжгүй гэсэн. Тэгвэл “Авилгатай тэмцэх конвенц”-ийн дагуу зөвхөн сувгийг нь заагаад өгчих, бид өөрсдөө олъё гэлээ. Ингээд одоо илэрчихсэн байгаа нь л зургаан сая ам.доллар. Цаана нь хэд байгааг мэдэхгүй. Татварын хэрэг гэхэд л 17 тэрбум төгрөгийг найман хүний данс руу хуваагаад шилжүүлчихсэн байсан.

-Цагдаагийн хуучин дарга нар хурлаа АНУ-д хийж байна  гэж та яриандаа дурьдсан. Энэ юу гэсэн үг вэ?
 -МИАТ-ын болон бусад том хэрэгт үзлэг шалгалт хийхэд цагдаад байгаа бүх мэдээлэл гэрээс нь гарч ирж байна. Манай цагдаа тэгэхээр гэмт хэргийг мөрдөн шалгах биш, харин ч гэмт хэрэгтнүүдэд мэдээлэл өгсөөр ирж. Бас нийслэлийн газар, өмчтэй холбоотой том хэргүүдийг илрүүлээд зарлах биш, нөгөө хүнтэйгээ тохирон дарах байдлаар мөнгө олдог байсан байгаа юм. Тэгээд л цагдаагийн дарга нар хөрөнгөжөөд байдаг. Тэднийг зайлуулаад эхэлсэн, зарим нь бүр Америкт ирчихсэн, Х.Тэмүүжингээс яаж Хууль зүйн яамаа салгаж авах вэ гээд хурал хийгээд явж байна гэнэ. Америкт ирж хуралдталаа тийм чинээлэг болсон байна шүү дээ.

-Гэхдээ таны хувьд ийм олон хэргүүдийг нэгэн зэрэг нээж, олон газар зэрэг гал асаах нь аюултай биш үү?
-Томоохон хэргүүд олон байна гэдэг нь тодорхой. Олон хүн бидэнд “Одоо “Эрдэнэт”-ийг шалгаач ээ, их юм гарна шүү” гэж хэлдэг. Гэвч нэг болгоомжлол байна. Хэт олон газар зэрэг гал асаавал тэр их эсэргүүцлийг даахгүй, шинэчлэл маань нурж мэднэ. Боловсон хүчний хувьд ч ийм олон том хэргийг нэг дор шалгах чадавх манайд байхгүй байна. Монгол Улсын хэмжээнд ийм төрлийн хэрэгтэй тэмцэх жархан хүн байгаа шүү дээ. 1938 онд барьсан муу байшин дотор. Тиймээс бид үе шаттай явах юм.  

-Төрийн зардлаар Хууль зүйн яамнаас гадагшаа сургуульд явсан хүмүүсээс гуравхан хүн эргэж ирсэн гэсэн? Бусад нь хаачсан бэ? /Вашингтон хотод хувийнхаа зардлаар сурч байгаа, цагдаагийн байгуулагад 16 жил ажилласан н.Гантулга/
-Би өмнө нь манай нэрээр гадаадад явж бэлтгэгдсэн бүх хүний материалтай танилцсан. Ихэнх нь Орост, цол зэрэг хамгаалахад амархан сэдвээр сураад зэрэг цолоо авчихсан юм билээ. Яг хэрэгтэй хүнээ бэлтгээгүй. Манай зардлаар явсан нийт хүмүүсээс гуравхан нь л эргэж ирсэн. Ер нь хэн хаашаа явж вэ гэдгийг би сайд болуутаа нийтэд ил болгосон. Одоо бид бодлоготойгоор хүнээ явуулж бэлтгэнэ. Айлчлалынхаа хүрээнд бид Холбооны мөрдөх товчооны сургалтын баазаар орох юм. Тэнд хүн худалдаалах, мансууруулах бодис зэрэг хил дамнасан хэрэгтэй тэмцэхэд хүмүүсээ сургах талаар ярилцана.

-Хуульч, хууль сахиулагч хоёрын, мөн Маршалын алба, Шүүхийн шийдвэр биелүүлэх алба хоёрын ялгаа юу бэ?
-Шинэ хууль ёсоор хуульч, хууль сахиулагч хоёрыг тодорхой ялгаж өгөх юм байна. Лицензгүй, хуульч бэлтгэх сургуулийг төгсөөгүй хүн хуулийн үйлчилгээ явуулж болохгүй болсон. Хууль сахиулагчид нь бас тусдаа, тэр чиглэлийнхээ сургуулийг төгссөн байх ёстой. Хууль сахиулагчдад цагдаа, хил гааль, онцгой байдлын аврах албаныхан, цагаачлалын албаныхан, шүүхийн шийдвэр биелүүлэгчид, маршалынхан зэрэг ажилтнууд хамаарна. Маршалынхан нь шүүхийн шийдвэр биелүүлэгчдээсээ бас ялгаатай, тэд шүүхийн үйл ажиллагааг тогтмол явуулах, шүүхэд ирэхгүй хүнийг албадан авчрах, аюулгүй байдлыг хангах, гэрч хохирогчийг хамгаалах үүрэгтэй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид хорих, таслах үйл ажиллагааг хариуцна. Ингэж үүрэг нь тодорхой, заагтай болж байгаа. Харин Маршалын албаа хэрхэн нэрлэх талаар бид ярилцаж байгаа, Үндсэн үүрэг нь бол “Тунгалаг тамир” кинон дээр гардаг Бадарч тахарын л ажил байхгүй юу. Тэгэхээр сонгол үгээр бол “тахар” гэдэг үг нэлээд дөхөж очих юм байна лээ.        

-“Хан ресурс” манай улсыг Арбитрын шүүхэд өгч, 350 гаруй сая доллар нэхэмжилсэн хэргийн талаар асуумаар байна. Арбитрын шүүхэд Монгол Улс ялагдаж мэдэх байдалтай байгаа гэсэн? /Калифорни мужаас ирсэн н.Индра/

-Өнгөрсөн жил сонгуулийн үеэр хуучин Хууль зүй, дотоод хэргийн яам цаг их алдаж, хийх ёстой зүйлээ хийгээгүйгээс Арбитрын шүүх дээр манайх ялагдаж мэдэх байдал үүссэн юм байна. Анх 50 саяыг нэхэмжилж байсан бол өдгөө харин 350 болон өссөн. Төмөртэйн уурхайн бас нэг хэрэг Арбитрын шүүх дээр яваа, тэр нь харин манайд нааштай байдалтай байгаа. 
 Нийтэлсэн: М.САРУУЛ-ЭРДЭНЭ
Эх сурвалж: dayarmongol.com

No comments:

Post a Comment