Tuesday, 5 February 2013

С.Жавхлан: МАХН-ын гишүүн хэвээрээ эсэхээ сайн мэдэхгүй л байна

МУГЖ С.Жавхлан Эзэн Чингис хааны үеэс улбаатай гал тахих ёслолыг үйлдэхээр “Хамаг Монгол” төслийн ажлыг эхлүүлжээ. Монгол туургатныг хамруулсан энэхүү төсөлд ОХУ-ын Халимаг улсын дуучин Жангарч Шаран Диймаа, ОХУ-ын Тува улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан зэрэг алдартай дуучид нэгджээ. МУГЖ С.Жавхлантай уулзаж, амьдрал уран бүтээлийнх нь талаар яриа өрнүүллээ.

-Сүүлийн үеийн уран бүтээл хийгээд хийж бүтээж буй ажлынхаа талаар сонирхуулахгүй юу?
-Юуны өмнө Мэдээ.мн сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үед монголчууддаа хандсан дуунууд дээр болон “Хамаг Монгол” төслийг тэргүүлэн хэрэгжүүлж эхлүүлэхээр ажиллаж байна. Энэ төсөл маань монгол туургатан ах дүүстээ монгол ёс заншлаа дэлгэрүүлэх зорилготой. Төслийн хүрээнд энэ сарын эхээр ОХУ-ын Халимаг улсын дуучин Жангарч Шаран Дийма, ОХУ-ын Тува улсын дуучин, хөөмийч Саядаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чимгие Раднатаяв, ӨМӨЗО-ны дуучин М.Баясгалан, ӨМӨЗО-ы Хөлөн Буйр аймгийн соёлын компанийн продюсер Батсүх нарыг Монголд урьж авчирлаа. Бид хамтран “Хамаг Монгол” хэмээх дуу дуулсан. Дууны клипээ тун удахгүй үзэгч, сонсогч олондоо хүргэхээр ажиллаж байна.

-Яагаад “Хамаг Монгол” төслийг хэрэгжүүлэх болов?
-Хамаг монголчууд бид нэгдэх сайхан цаг ирсэн. Бид гал голомтоо бадраах ёстой. Эх орон, газар шорооныхоо төлөө хийх зүйл маань өргөжин тэлж, дэвжиж буйн нэг хэлбэр юм болов уу. Хамаг монголчуудынхаа дуу хоолойг дэлхийд таниулж, бие биенээ хамгаалах, хайрлах ёстой гэдэг утга дор энэ төслийг хэрэгжүүлж байна.

-Энэ төсөлд нийт хэдэн хүн хамрагдаж байна вэ. Төслийн хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?
-2013 оны турш хэрэгжүүлэх “Хамаг Монгол” төслийн хүрээнд Монголын 21 аймаг, ОХУ-ын Халимаг, Тува, Буриад, ӨМӨЗО-ы Хөлөн Буйр зэрэг улс улсын аймгуудаар тойрон гал бадраах ёслол хийнэ. Нийт 150 гаруй хүн хамрагдсан байгаа. Эхний гал бадраах ёслол цагаан сарын шинийн 2, 3-нд “Монгол туургатны цагаан сар 2013” наадмын үеэр хийгдэнэ. Гал бадраах ёслолыг зөвхөн галтай холбож ойлгож болохгүй. Энэ ёслолоороо дамжуулан уран нугаралт, би биелгээ, хөөмий зэрэг язгуур урлагаа сэргээх олон үзүүлбэрийг монгол цустанууддаа сонирхуулж, таниулна. Энэ төсөл дууссаны дараа “Дэлхийн монгол” төслийг хэрэгжүүлнэ гэж бодож байгаа.

-Төслийн хүрээнд хэрэгжүүлэх гал бадраах ёслол Төрийн тулганы гал бадраах ёслолоос ялгаатай юу?
-Энэ ажил маань үргэлжлээд л явж байгаа. Галгүйгээр ямар ч айлыг, наргүйгээр ямар ч амьдралыг төсөөлөх аргагүй. Гал улам бүр өөдөө бадарч, олон монгол түмэнд хүрэх гэж байгаа нь л чухал асуудал. “800 жилийн дараа би эргэж төрнө” гэж агуу их Эзэн Чингис хаан хэлж байсан юм гэнэ лээ. Гэхдээ одоо юу гэж эргэж хүн болж төрөх билээ. Гэвч үйл санаа нь дахин дэлхийг тунхаглан тамгалах гэж байгаа энэ үйл явдлыг тунгаан хэлсэн байхыг үгүйсгэхгүй. Хэрэв Эзэн Чингис хаан маань энэ цаг үед амьдарч байсан бол Хамаг Монголоо нэгтгэхийг хүсэх байсан байх. Тиймээс монголчууд бид хөх тэнгэрээ баярлуулж, нэгдэх ёстой.

-Гал бадраах ёслолыг лам, бөө зэрэг далд ертөнцтэй харьцдаг хүмүүс хийдэг юм шиг санагддаг. Таны бодлоор эгэл иргэд галаа бадрааж, тахиж болох уу?
-Энэ дэлхийн ямар ч тэрбумтан, ямар ч гэгээнтэн нарыг хувьчилж, өмчлөх эрхгүй. Яг үүнтэй адилхан хэнд ч галыг өмчлөх эрх байхгүй. Гал тахих, бадраах ёслолыг шашин гэхээсээ илүү эцэг өвгөдийн ёс заншилтай холбож ойлгох хэрэгтэй. Монголчууд бидний өвөг дээдэс дэлхий дээр анх галыг түгээж, бадрааж, дэлгэрүүлж ирсэн. Гол нь бид эв эеэ хичээж, хүчээ нэгтгэх ёстой.

-Та халимаг, тува, буриад, өвөрмонгол дуучидтай хамтран хамаг монголчуудаа уриалсан дуу хүртэл гаргажээ. Тухайн үндэстэнүүдийн хэл дээр энэ дуугаа дуулах уу?
-Мэдээж дуулна. Нутаг нутгийн онцлог, бага зэргийн аялга байдгийг эс тооцвол бидний язгуур нэг юм. Тиймээс тэдний хэл, аялгаар өвлөн уламжлагдаж ирсэн дуунуудаас нь дуулна. Цаашид “Хамаг Монгол” нэртэй цомог гаргах бодол ч бас бий.

-Хоёулаа ярианы сэдвээ бага зэрэг өөрчилье. Та 2012 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн. Улс төрийн ажил хэр урагштай байна вэ?
-МАХН-ын гишүүн хэвээрээ эсэхээ сайн мэдэхгүй байна. Учир нь, би албан тушаал, алдар нэр янз бүрийн юманд горилдоггүй. Харин ч хатуу үнэнийг хэлчихдэг, шударга зантай болохоор надаас хүмүүс цэрвэдэг юм шиг байна лээ. Тэгээд ч УИХ-ын сонгуулиас хойш МАХН-аас над руу холбогдоогүй. Одоохондоо улс төрөөр оролдсон юм алга.

-Та дахин УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?
-Улс төрөөр би оролдохгүй байлаа ч улс төр надаар оролдоод байна гэж үг бий. Би бол шударга хэлдэг. Самандын Жавхлан би оршин байх хугацаандаа байх ёстой газраа өөрийнхөө хийх ёстой ажлыг хэнээр ч заалгахгүй хийнэ. Тийм болохоор би дахиад сонгуульд нэр дэвшинэ.

-МУГЖ Т.Баясгалан та хоёр “Монгол Улсын гавьяат жүжигчин” цол тэмдэг хүртсэнээсээ хойш уран бүтээлээс хөндийрч, хувийн амьдралдаа анхаарлаа хандуулах болсон. Дуучин Т.Баясгалантай холбоотой байгаа юу?
-Мэдээж энд тэнд таардаг. Нэг ангийн андууд болсон хойно мэнд устай байлгүй яахав.

-Та өнгөрсөн намар МУГЖ цол тэмдэгээ бусдад шилжүүлж багагүй шуугиан дэгдээсэн. Төрийн шагналыг улан дороо гишгиж байна гэж санагдаагүй юу?
-Энэ цолыг аваад явна гэхээр рекламд тоглохыг хэлэх үү? Энэ бас сонин асуудал. Би бусад шиг энэ цолоороо далимдуулж, ясны сийрэгжилт бий болгодог “Коко кола”, ходоодны шархлаа үүсгэдэг хуурай сүүний рекламд тоглохыг хүсэхгүй байна. Ингэж рекламд тоглосноор нэр хүндээ өндөрт өргөж  яваагийн илрэл үү? Миний хувьд нэр хүнд, цол тэмдэгээ уран бүтээл, нийгмийн ажилтайгаа хослуулан “сүлж” яваа. Би хэдийгээр хэвлэлд хандаж, зурагтаар гарч, рекламанд тоглохгүй байгаа ч миний ажил улам өргөжөөд явж байна. Үнэндээ манайд урлаг гэдэг зүйл байлдан дагуулах, уриалан дуулдах чанараа алдчихсан. Тиймээс аливаа уран бүтээлчид МУГЖ цол тэмдэгтэй ч бай, тэмдэггүй ч бай урлагтайгаа хамт нийгмийн ажлыг давхар авч явах ёстой. Намайг энэ шинж чанараа алдчихсан, нэр алдрын төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүстэй жишиж битгий ойлгоорой.

-Одоо гэрт амьдарч байгаа хэвээрээ юү?
-Би мэдээж гэртээ амьдрахгүй хаана амьдрах билээ. Гадаа амьдрах юм уу? /инээв/

-Уучлаарай, таван ханатай монгол гэрт амьдарч байгаа юу?
-Би сайхан монгол гэртээ л амьдарч байгаа.

-Таны эхнэр “Шуранхай" хамтлагийн дуучин Б.Эрдэнэчимэг уран бүтээлээ үргэлжлүүлэх болов уу. Үүнээс болоод таны хөдөө амьдрах хүсэл хэрхэх бол гэж сонирхох нэгэн ч байгаа байх?
-Мэдээж, гэргий маань миний амьдралыг хүлээн зөвшөөрсөн учраас л тийм шийдвэр гаргасан. “Дугуй дугуйгаа олно” гэж хүмүүс ярьдаг даа. Нэг дугуй нь хөдөө, нөгөө дугуй нь хотод өнхрөөд байвал тэрэг салж унана. Хоёулаа цаашдын амьдрал, уран бүтээлээ ярилцаж тохирсон.

-Таныг “Эхнэрээ араг түшүүлж төрүүлсэн, охиндоо вакцин хүртэл хийлгэдэггүй" гэдэг. Энэ хэр үнэний ортой вэ?
-Сүүлийн үед хамар нармай, тагнай нь цоорхой хүүхэд их төрж байна. Одоо бүр уушгины хавдартай хүүхдүүд ч олширлоо шүү дээ. Энэ суурин иргэншлийн буруу амьдралаас чинь л вакцин гэдэг муухай зүйл гарсан. Өвөг дээдсийн үед эхчүүд араг түшиж төрдөг байсан. “Үлгэрлэхгүй бол үглээд хэрэггүй” гэсэн үг бий. Өвөг дээдсийнхээ уламжлалыг би бүх л зүйлээрээ үлгэрлэхийг хүсч байгаа. Худлаа хуурамч дүр эсгэж, хоосон яриа гаргаад байвал миний хүүхэд хүндрэлтэй төрж мэднэ. Миний хүүхдүүд цаашид өндөр өвөг дээдсийнхээ өтөг бууцан дээр төрөх байх гэж боддог. Ингэж байж л бид буруу амьдралаас сална.

-Гэргий тань монгол ахуй, ёс заншил хэр мэдэх вэ?
-“Адгийн тэнэг авгайгаа магтдаг” гэсэн үг бий. Яг үнэндээ эхнэр минь ямар ч үед өрх гэрийнхээ төлөө явах байх гэж боддог юм. Жавхлан нөгөө л нэг улиг болсон амьдралаа ярих гээгүй. Ямар ч байсан миний өмсдөг монгол цамцыг эхнэр маань оёж өгдөг.

-Та эмнэлэгт хэр “шүтлэгтэй” вэ?
-Би өөрийнхөө бодож санаснаар явж чаддаг, тэгээд ч залуу байна. Долоон жилийн өмнө автын осолд орсны дараа л эмнэлэгт хэвтэж байсан удаатай. Ер нь би хар багаасаа эм тариа, энэ тэр гэсэн элдэв дээдийн юм хэрэглэж яваагүй. Эд зүйл, элдэв шунал тачаалыг хурааж, хав дарах тусам өвчин хууч орооно шүү дээ.

-“Жавхлан хэтэрхий туйлширч байна” гэх шүүмжлэлийг та олонтаа сонссон байх?
-Харин тийм ээ. Намайг туйлширч байна, тэнэг хүн шиг ярьж байна, дуугаа л дуулаад явахгүй гэх шүүмжлэл зөндөө. Гэтэл би Монгол Улсын л иргэн хүн. Харж, сонсч, мэдэрч байгаа зүйлээ хэлж ярьж, шүүмжлэх эрх надад бий. Гэхдээ би хэзээд төр түмнээ биширч дуулсаар явах болно.

-Удахгүй XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жил гарна. Сар шинийн бэлтгэлээ базааж амжаа юу?
-Сар шинийн бэлтгэл бараг дууссан. Манайх чинь залуу гэр бүл гэхэд сар шинийн баярыг нэлээд өргөн тэмдэглэдэг. Энэ дашрамд, танай сайтаар дамжуулан хамаг монголчуудаа гарч буй “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жилийн сар шинийн баярын мэнд дэвшүүлье. Та бүхэн сар шинэдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сайхан шинэлээрэй. Санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Б.ДЭЖИД

No comments:

Post a Comment