Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын дарга Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Та ажлаа аваад хэд хонож байгаа билээ?
-Засгийн газрын 100 хоног гэдэг шиг ажлаа аваад 100 хонож байна.
-Энэ хугацаанд юу хийсэн тухайгаас яриагаа эхлэх үү?
-Энд ирээд хийсэн ажил нэлээд бий. 2016 он хүртэл ямар шинэчлэл хийх төлөвлөгөөгөө гаргаснаа эхний ээлжинд дурдах хэрэгтэй. Хоёр үндсэн шинэчлэлийн бодлого хэрэгжүүлнэ гэсэн бодолтой байна. Мэдээж эхнийх нь эрх зүйн шинэчлэл. Энэ хүрээнд Хилийн тухай хууль, Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай байна. Ингэснээр хил дээр ажиллаж байгаа гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын ажилтнууд, хилийн цэргийн шалган нэвтрүүлэхийн ажилтан хоёрын чиг үүргийн давхардлыг арилгах юм. Өөрөөр хэлбэл, хилийн боомтууд дээр зөвхөн Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын ажилтнууд гадаад болон дотоодын иргэдийн бичиг баримтыг хянадаг болно гэсэн үг. Энэ нь ч олон улсын жишигт дөхөж очиж байгаа хэлбэр юм.
Нөгөө талаар Монголын нутаг дэвсгэрт амьдарч ажиллаж байгаа гадаад иргэдэд хяналт тавих үүргийг цагдаа, тагнуул болон манай байгууллага давхар хүлээдэг. Гэвч энэ гурван байгууллагын дундах хийдлийг ашиглаж, Монголд хууль бусаар амьдрах гадаадын иргэд олон бий. Үнэнийг хэлэхэд энэ асуудалд цагдаагийн байгууллага хойрго ханддаг гэхэд болно. Өнгөрсөн онд гэхэд Монголд хууль бусаар оршин сууж байсан 1900 гаруй гадаад иргэнийг албадан гаргасан. Үүнээс маш цөөн хэд нь цагдаа, тагнуулын байгууллагынхны шаардлагаар гарсан. Үлдсэн дийлэнх хэсгийг нь манай байгууллага албадан гаргасан байгаа юм. Тиймээс бид Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны хуульд өөрчлөлт оруулан батлуулж байгаа. Ингэснээр гадаадын иргэдэд хяналт тавих үндсэн үйл ажиллагааг манай байгууллага хийх боломжтой болох юм. Үүний дагуу манай байгууллага мөрдөн шалгах албатай болж байгаа.
-Тэгэхээр цагдаа, тагнуулынхан энэ ажилд огт оролцохгүй болж байна гэсэн үг үү?
-Тийм биш л дээ. Манай мөрдөн шалгах алба тийм нүсэр бүтэцтэй байхгүй. Мэдээж хэрэг хөдөө орон нутагт явж байгаа гадаадын иргэдийг шалгах тал дээр цагдаа, тагнуулын байгууллагынхны оролцоо байлгүй яахав. Харин манайд оршин сууж байгаа гадаад иргэдэд хяналт тавих үндсэн чиг үүргийг нь манайх авна л гэсэн үг.
-Таны хийхээр төлөвлөсөн хоёр дахь шинэчлэл юу билээ?
-Техник технологийн шинэчлэл. Бид олон улсын жишигт нийцсэн техник технологийг нэвтрүүлж, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зорилт тавьж байна. Ийм үүргийг ч Засгийн газрын тэргүүн өгсөн байгаа.
-Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар гэхээр хүмүүс гадаадын иргэдэд Монгол руу явах виз олгодог гэхээс цааш юу хийдэг гэдгийг нь нарийн мэддэггүй тал бий...
-Манай үндсэн үйл ажиллагаа бол гадаадын иргэдэд Монгол Улсад зорчих виз, урилга, оршин суух зөвшөөрөл олгох асуудал шүү дээ. Дээрээс нь Монголын харьяалалгүй иргэнийг бүртгэх ажил явуулна. Гадаадын иргэдэд монгол хүүхэд үрчлүүлэх шийдвэр гаргах, дипломат төлөөлөгчийн газар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, олон улсын болон гадаадын төрийн бус байгууллагуудад Монголд үйл ажиллагаа явуулах эрх өгөх, сунгах эрхтэй. Манайх жуулчны виз бараг өгдөггүй. Хилийн боомт дээр хуруу дарам цөөн хэдийг олгох тохиолдол бий. Үүнээс бусад бүх ангиллын визийг олгоно. Гэхдээ гадаадын иргэд шууд манай байгууллагад хандаад виз хүсдэг гэвэл өрөөсгөл ойлголт. Тэднийг Монголд урьж байгаа нөгөө субьект нь Монгол Улсын иргэд, үндэсний компаниуд виз хүсч манай байгууллагад ханддаг юм. Тиймээс монголчууд, үндэсний компаниуддаа аль болох түргэн шуурхай үйлчлэх зорилгыг тавьж ажиллана.
-Гаднынхан Монголыг ихэвчлэн ямар зорилгоор зорьж ирдэг юм бэ?
-Жуулчлах болон бизнесийн зорилгоор дийлэнх нь ирж байна. 2011 онд гэхэд нэг сая 250 мянган гадаад иргэн манай хилээр нэвтэрсэн мэдээлэл бий. Ажиллах хүч нэлээд ирж байна. Дээрээс нь гэр бүлийн шалтгаанаар хүмүүс амьдарна. Цагаач иргэдийн тоо ч тодорхой хувийг эзэлдэг. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулж байгаа гадаадын иргэдэд хүндэтгэлтэй ханддаг.
-Виз олгох асуудал хүнд сурталтай байдаг гэсэн шүүмжлэл бий. Энэ тал дээр ямар дэвшил гаргахаар төлөвлөсөн байгаа вэ?
-Боомтын тухай хуулийг шинээр УИХ-аар хэлэлцүүлж байгааг дурдах хэрэгтэй. Хил, боомтоор нэвтрэх үйл ажиллагааг түргэн шуурхай болгохын тулд боомт дээр хоёрхон байгууллагыг ажиллуулах зорилт тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, хилийн боомт дээр Гааль болон Гадаадын иргэн харьяатын газар л шалган нэвтрүүлэх ажлыг явуулна гэсэн үг. Үүнээс өөр шат дамжлага дамжихгүй учраас үйлчилгээ түргэн шуурхай болж байгаа юм. Ер нь Монгол Улсын хилээр орж ирж байгаа иргэдийн 70,80 хувь нь нэмэлт хяналт шалгалт хийх шаардлагагүй хүмүүс байдаг. Харин машин дүүрэн ачаатай яваа хүн бол мэдээж төрийн байгууллагын хяналт шалгалтаар ороод явах нь зүйн хэрэг. Тэднийг шалгаад явуулахад тодорхой хэмжээний цаг хугацаа шаардагдана.
Гадаадаас ямар нэгэн зорилгоор иргэдийг урьж байгаа үндэсний компаниудад зардал чирэгдэлгүй, аль болох шуурхай үйлчлэхийн тулд бидэнд техник технологийн дэвшил зайлшгүй хэрэгтэй байгаа. Тиймээс бид 2012-2015 он хүртэл Койкагийн таван сая ам.долларын буцалтгүй тусламжаар нэг дэвшлийг нэвтрүүлэх гэж байна. Тэр нь юу вэ гэхээр хурууны хээгээ дараад хил нэвтэрдэг эсвэл паспортынхоо чиптэй хэсгийг машинд уншуулаад шалгалтгүйгээр гардаг үйлчилгээ юм. Мөн Иргэний бүртгэл, Татвар, ЦЕГ, ТЕГ гээд томоохон байгууллагуудын ашиглах боломжтой мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлнэ. Гэхдээ энэ бол 2015 оноос биеллээ олж эхэлнэ. Тэр хүртэл иргэдэд үйлчлэх үйлчилгээг түргэн шуурхай болгох ямар арга байгааг судалж байна. Үүний үндсэн дээр виз хүссэн компани болон иргэд онлайнаар Aplication бөглөх үйлчилгээг нэвтрүүлэх гэж байна. Энэ ажлыг 2013 ондоо багтаагаад хийхээр Засгийн газарт хүсэлтээ гаргачихсан байгаа. Яагаад ингэж байна гэхээр, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар бол хотын төвөөс хол зайдуу, нисэхэд байрладаг. Виз хүссэн албан байгууллага, иргэд манайх руу ирэхдээ бичиг баримтаа дутуу бүрдүүлсэн байх нь элбэг. Энэ тохиолдолд дор хаяж хоёр гурван удаа наашаа цаашаа буцах тохиолдол бол энгийн үзэгдэл. Хотын төв энэ хоёрын хооронд олон дахин явах нь нэгдүгээрт энэ замын түгжрэлтэй үед цаг хугацаа барна, хоёрдугаарт зардал мөнгө үрдэг талтай. Тиймээс энэ хүндрэлийг арилгаж, саад бэрхшээлийг хөнгөвчлөх үүднээс онлайнаар виз хүсэх үйлчилгээг нэврүүлэхээр төлөвлөж байна. Тэгэхээр бид онлайнаар тухайн хүний виз хүссэн материалыг хүлээж аваад татварын өртэй байна уу, гэмт хэрэгт холбогдож байж уу гэдэг мэдээллийг цагдаа болон татварын байгууллагын мэдээллийн сангаас татаж авч үзэж нягтална гэсэн үг. Ингээд ямар нэгэн зөрчилгүй байх юм бол тухайн виз хүсэгчдэд хариу мэдээлж, виз олгох, олгохгүй эсэхийг нь хэлнэ. Онлайнаар ирүүлсэн виз хүссэн материал манай ажилтнуудын хэн нэгэнд тохиолдлын журмаар очно. Тэгэхээр манай ажилтнууд тухайн хүнтэй нүүр нүүрээ харж виз олгох асуудал ярихгүй учраас шан харамж нэхэх, авлига авах асуудал алга болно гэсэн үг.
-Ажиллах хүчний талаар асуумаар байна. Манайд хятад ажилчид ихээр орж ирж байна. Энэ тал дээр ямар хяналт зохицуулалт байдаг вэ?
-Ажиллах хүч авах тал дээр манайх бараг нэг улсаас хараат байгаа. Хуулиараа бол гаднаас авч байгаа ажиллах хүчний тоо манай иргэдийн нэг хувиас хэтрэхгүй байх ёстой. Ажиллах хүч оруулж ирэхдээ улсынхаа Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхгүй байх зарчмыг хангах хэрэгтэй. Гэвч хүссэн хүсээгүй эдийн засгийн өсөлт бий болж, бүтээн байгуулалт өрнөж байгаа учраас аль болох тэнцвэрийг нь олж ажиллах хүч авах нь зайлшгүй. Өмнөх Засгийн газрын тогтоолоор манай улс 2012 онд нийт 31 мянган хятад иргэнийг ажиллах хүчнээр авах байсан. Тэднийг оруулж ирэх эрхийг Монголын болон гадаадын 53-хан аж ахуй нэгжид олгосон байгаа. Гэтэл тухайн байгууллагууд 31 мянган ажиллах хүчнийхээ дөнгөж 14 мянгыг нь оруулж ирсэн. Үүнээс болоод Монгол Улсын Засгийн газар 50-иад тэрбум төгрөгийн хохирол амссан. Тухайн компани оруулж ирсэн ажилчныхаа тоогоор улсад мөнгө төлдөг. Нэг ажилчинг сард дунджаар 280 мянган төгрөгөөр тооцож мөнгө тушаадаг юм. Энэ байдлыг хараад Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн "Цөөн аж ахуй нэгжид ажиллах хүч авах эрх олгох нь буруу юм байна" гэж үзэж байгаа. Тиймээс 28 мянган ажиллах хүчний 14 мянгыг нь оруулж ирэх зөвшөөрлийг томоохон бүтээн байгуулалт хийж байгаа үндэсний компаниудад өгье. Харин үлдсэн ажилчдыг оруулж ирэх зөвшөөрлийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгоё. Тухайн жижиг, дунд бизнес эрхлэгчид Засгийн газрын тогтоолгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд бичиг баримтаа бүрдүүлж очоод, төлбөрөө төлөөд манайхаас ирж визээ авах боломж олгох асуудлыг ярьж байна. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс зөвшөөрлөө авсан аж ахуйн нэгжүүд аливаа нэгэн хүнд суртал, авлигад өртөхгүйгээр манайхаас визээ авна.
-Хятад ажилчдын тоог багасгах хэрэггүй гэж үү?
-Бодит байдал дээр асуудал өөр л дөө. Өнөөдөр Монголын компаниудад хятад ажилчдыг авах сонирхол асар их байдаг. Тиймээс хятад ажилчин авах тоог автоматаар хасах нь буруу. Хэрэв тэгвэл үндэсний аж ахуй нэгжүүд хятад ажилчдыг жуулчны визээр юм уу өөр ангиллын визээр оруулж ирээд хар ажил хийлгэж хууль зөрчөөд эхэлдэг байхгүй юу. Ийм нөхцөл байдал руу түлхэх учраас ажиллах хүчний асуудал дээр уян хатан хандах хэрэгтэй л дээ.
-Саяхан Ж.Батзандан гишүүн нэг хууль санаачилсан. Монголчууд гадаад хүнтэй суувал түүнийгээ Монголын иргэншилтэй болгоно гэсэн байна лээ. Гадаад хүн Монголын иргэн болох асуудлыг хялбар болгох гээд байх шиг...
-Гадныхан Монголын иргэн болж болно. Гэхдээ сүүлийн таван жил Монголд амьдарсан байх ёстой. Мөн тодорхой шалгуурыг хангасан тохиолдолд Монголын иргэн болох ёстой шүү.
-Шинэчлэлийн Засгийн газрын бодлоготой танай байгууллага яаж уялдан ажиллаж байгаа вэ. Төсөв хөрөнгийн хувьд хэр байдаг юм бол?
-Тодорхой хөрөнгө оруулалтаар аймгуудын салбарыг хангах асуудал байсан. Дэд бүтцийн асуудлыг шийдэх, байр оронтой болох зүйлүүд ч байлаа. Гэхдээ өнөө жил манайд оруулах энэ хөрөнгө оруулалтыг бүгдийг нь хассан байгаа. Энэ жил ямар ч хөрөнгө оруулалтгүй, урсгал зардлаараа ажиллах бүрэн боломж бидэнд бий. Хилийн цэргийн шалган нэвтрүүлэх чиг үүрэг манай байгууллагад ирж байгаа учраас ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх шаардлага тулгарч байгаа нь үнэн. Мөн хилийн боомт дээрх дэд бүтцийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Ямар ч байсан Засгийн газар энэ чиглэлд анхаарч байгаа байх гэдэгт нь найдаж байна.
-Төрийн байгууллагууд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийдлээр төрийн мөнгөөр ажилчиддаа баахан орон сууц авч өгсөн асуудал сүүлийн үед дэлгэрээд эхэллээ. Танайд жишээ байхгүй биз дээ?
-Манай байгууллагад тийм зүйл байхгүй. Тэгээд ч манай байгууллага төрийн албыг данхайлгаагүй. Урсгал зардлынхаа хэмжээнд байгууллагын цөөн хэдэн ажилчдад орон сууцны дэмжлэг олгож байсан зүйл бий. Гэхдээ бид аливаа зүйлийг хавтгайруулахгүй. Шаардлагатай үед ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхийн төлөө тодорхой хэмжээнд ажиллана. Гэхдээ улсын хөрөнгийг овойж оцойтол нь хумслахгүйгээр энэ асуудлыг шийдэх боломж бий. Манайх одоогийн байдлаар 200 ажилтантай. Хуучин даргын үед ажилтныхаа тоог 317 болгож, төсөв орон тоогоо батлуулахаар Засгийн газарт өргөн барьсан юм билээ. Гэхдээ одоогийн Засгийн газар энэ хүсэлтийг авч үзээд "Ажилчдын тоог 100-гаар нэмэх шаардлагагүй. 17 орон тоог нэмж өгье" гэсэн шийдвэр гаргасан. Ер нь Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд төрийн албан хаагчдын тоог хасч, данхайлгасан бүтцийг багасгаж байгаа шүү.
-Нэг нам Засгийн эрх авахаар төрийн албаны халаа сэлгээ явагддаг нь нууц биш. Та ч энэ ажлаа аваад хэр халаа сэлгээ хийж байгаа вэ?
-Энд ирээд МАН-ын нэг хүнийг ажлаас чөлөөлсөн. Тэр хүнийг өргөдлөө өг л гэсэн. Үлдсэн дөрвөн хүн нь тэтгэврээ тогтоолгочихсон хэрнээ энд ажиллаж байсан. Үүнээс өөр халаа сэлгээ хийсэн юм байхгүй. "Төрийн албанаас Ардын намын баахан хүнийг явууллаа" гэдэг зүйлийг С.Бямбацогт гишүүн яриад манайд бичиг ирүүлсэн. Энэ тал дээр тэр нөхөрт би тайлбар хийж, хариу өгөх шаардлагагүй гэж үзсэн. Ард түмний дунд энэ байгууллага хүнд сурталтай, авлига авдаг газар гэж яригддаг. Тиймээс би "Өөрсдийн хийж байгаа үйл ажилагаандаа дүгнэлт хийж, өөрөөр ажиллана гэдэгт итгэж байна. Ямар нэгэн байдлаар иргэдэд чирэгдэл учруулж, хүнд суртал гаргасан ажилтанд хариуцлага тооцох журмаар явна шүү" гэдгээ ажилчиддаа шууд хэлж байгаа.
-Ц.Нямдорж гишүүн "Гадаадын иргэн харьяатын асуудлыг та нар Ховдын махны үйлдвэрийн даргад өгсөн шүү" гэж УИХ дээр АН-ынханд хандаж хэлж байна лээ. Таны хэн байх нь биш, ажлаа яаж хийх нь чухал болов уу?
-Тийм. Энэ байгууллага төв рүүгээ эрх мэдэл авсан газар байжээ. Хэтэрхий олон журамтай. Тэр нь дандаа дарга нар руугаа эрх мэдлийг авч, төв рүүгээ төвлөрсөн байж. Байгууллагын хэмжээнд нийт 86 журам хэрэгждэг байсны 44-ийг нь би хүчингүй болгож байгаа. Өөрөөр хэлбэл Баян-Өлгий аймгийн Цагааннуураар орж ирж байгаа сисчерийн жолоочийн виз Пүрэвдоржийн гарын үсгээр олгогдож байвал яахав. Ийм марзан тогтолцоотой журмууд үйлчилж байсныг цуцалж байна. 2007 онд Алтанбулагийн боомт дээр 5800 виз олгодог байсан бол өнгөрсөн жил 300-хан виз олгосон байна. Бүх эрх мэдлийг төв рүүгээ татсаны гай энэ. Энэ хүнд суртлаас нь болоод хил орчмын худалдаа, харилцаа, аялал жуулчлал хөгжихгүй байна. Зөвхөн дарга бүхнийг шийддэг энэ тогтолцоог байхгүй болгоно. Тухайн хилийн боомтын байцаагч өөрөө эрх мэдлээ авч, визээ олгоод явдаг болно. Манай байгууллагаар орж ирсэн хүмүүст "Та авлигагүй бүсэд нэвтэрлээ" гэдэг уриагаар угтаж авдаг болж байна. Энд авлигын асуудал ярьж болохгүй юм байна гэдэг дохиог хүмүүст өгч байгаа юм. Энд тэнд аялаад байгаа авлигын эсрэг дэвтрээс илүү үр дүнтэй гэж үзэж байна. Мөн энэ байгууллагад байсан хүнд суртлыг задалж байгаа. Иргэдэд аль болох түргэн шуурхай үйлчилж, хүнд суртал гаргахгүй байхыг сануулж байна. Хоёрын хооронд шалтгаанаар хүний ажлыг уяж чирэгдэл учруулахгүй байгаарай гэж ажилчиддаа хэлж байна. Монголчуудын салан задгай, мартамхай байдлыг том асуудал болгоод, дүрэм журам яриад байлгүй, асуудлыг нь аль болох боломжоор нь түргэн шийдээд өгөх талаас нь хандахыг сануулж байгаа. Мэдээж бид бүгдийг нь шинэчлэхгүй. Зарим зүйл дээр хүнд сурталтай ажиллана гэдгээ шууд хэлчихье.
-Ямар асуудал дээр?
-Гурван зүйл дээр хүнд сурталтай ажиллана. Нэгдүгээрт, Монголд амьдарч байгаа гадаад иргэд хууль зөрчөөд, монголчуудын эрх ашгийг зөрчөөд байвал бид хүнд сурталтай ажиллана. Хоёрдугаарт, Монголчууд олуулаа болох ёстой. Энэ үүднээс Монголын алаг үрсийг гадныханд үрчлүүлэх тал дээр хүнд сурталтай хандана. Гуравдугаарт, Монгол Улсын эдийн засаг 1990-ээд онд хүнд байхад эх орноо орхиод явсан иргэд өнөөдөр улсын эдийн засаг гайгүй болохоор, нийгмийн халамж өгдөг болоод ирэхээр харьяатаа сэргээнэ гээд буцаад ирж байгаа. Энэ хүмүүст бид хүнд сурталтай хандана.
-Гадныхан манайхаас хэр их хүүхэд үрчилж авдаг юм бэ?
-Энэ тал дээр Монголын төр хатуу байдаг шүү. Жилдээ арав гаруй хүн Монголын харьяат болдог юм. Мөн арав гаруй хүүхдийг үрчлүүлэх шийдвэр гаргадаг.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ
Өдрийн сонин
No comments:
Post a Comment