“Иргэдийн шударга шүүх” төвийн тэргүүн Х.Бат-Ялалттай хууль зүйн салбарын шинэчлэлийн талаар ярилцлаа.
-Та Хууль зүйн сайд Х.Тэмүүжинийг салбартаа хийж байгаа шинэчлэлийнх нь талаар халз мэтгэлцээнд уриад байсан. Та хоёрын мэтгэлцээн юу болов?
-Мэтгэлцээнд урьсан ч хариу өгөхгүй байна. Хууль зүйн салбарын хүрээнд хийх гол ажил нь төрийн албан хаагчид иргэдийнхээ гаргасан өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд хууль зүйн үндэслэлтэй шийддэг болгоход орших юм. Үүнийх нь талаар мэтгэлцэе гээд Х.Тэмүүжинд урилга хэлбэрээр хүсэлт хүргүүлсэн ч хариу өгсөнгүй. Хариу өгөхөөс эмээж байгаа нь төр болон иргэний харилцаанд үүссэн ан цавын илэрхийлэл. Дээрээс нь “Хууль зүйн салбарын шинэчлэлийн талаар иргэдээс санаа сэтгэлийг сонсч байна” гэсэн зар явж байгаа. Гэвч бодлого, зарчмын хувьд өөр саналтай хүний саналыг нь сонсохгүй юм. Тэгсэн атлаа ард түмний дунд санал асуулга явуулж байгаа мэт олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь өмнөх засгийн бодлогоос ялгагдах юм алга. Яагаад мэтгэлцэхээр урилга, зарлага хүргүүлэв гэхээр хууль зүй бол маш эмзэг салбар. Нийгмийн бүх асуудлын зөв, бурууг нь ялгаж салгаж дэнсэлдэг гэдэг утгаараа өндөр ач холбогдолтой. Гэтэл өнөөдрийн байдлаар салбарын шинэчлэл нь боловсон хүчний өөрчлөлт нэрээр бүлэглэл хоорондын солилцоо төдий байна. Бодлогын хувьд хуулийг өөрчлөх төдийхөн. Шинэчлэл гэж яриад байгаа атал бодит амьдралд шударга бус зүйл, хэлмэгдэлт, хүний эрх зөрчсөн тохиолдол байсаар байна шүү дээ. Ялангуяа, хуулийн байгууллагын ажилчид иргэдийг ялгаварлаж, гадуурхдаг нь хэвээр байхад салбарын өөрчлөлт бодитой хэрэгжиж чадахгүй. Хүний эрхийг нэмэхээс эхлээд төрийн албан хаагчдад шаардлага тавих, тавьсан асуудлынхаа шийдвэрийг авч чаддаг болох гарц гаргалгааг ярихгүй байгаа нь учир дутагдалтай байна.
-Та хариугаа нэхээгүй юм уу?
- Нэхээд л байна. Гэвч мэтгэлцэнэ эсвэл мэтгэлцэхгүй гэдгээ хэлэхгүй юм. Хэрэв хүсэхгүй байгаа бол ямар үндэслэлээр үгүйсгэв, цаг хугацааны тухайд хойшлуулах уу гээд хэлж ярих зүйл их байна. Мэтгэлцээн зохиосноор ард иргэд хууль зүйн салбарын бодлогын эргэлзээтэй олон асуудал нэг мөр болж ойлгогдох учир тай. Түүнээс биш Х.Тэмүүжин гэдэг хүнийг хувь хүн, хуульч хүн гэдэг талаас нь дийлэх гээд байгаа юм биш. Үүнд ялалт, ялагдал гэж байхгүй. Харин хууль зүйн салбарт бодитой ямар өөрчлөлт хэрэгтэй байгааг яримаар байна. Өнөөдөр энэ салбарыг хүн бүр өөр, өнцгөөр харж байгаа. Миний хувьд хууль, шүүхийн өмнө бүгд эрх тэгш байх, тэгш боломж олгодог байгаасай гэж хүсч байна. Сүүлийн үед манай иргэд мөнгө, эрх мэдэлтэй хүнийг эрүүгийн хариуцлагад татсаныг шинэчлэлийн үр дүн гэж хараад байх шиг. Тэгвэл энэ бол хуулийн байгууллагын гэмт хэрэг илрүүлэх үндсэн ажил нь юм. Магадгүй хэлмэгдүүлэлт, үнэн худлыг нь дэнслээгүй улс төрийн зорилгоор нэгнийгээ довтолсон шинжтэй үйл ажиллагаа ч байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр олон дуулиантай хэрэг илрүүлснээрээ хууль зүйн салбар шинэчлэгдлээ гэж ойлговол өрөөсгөл болно. Хууль зүйн салбарт бодитой шинэчлэл алга даа. Х.Тэмүүжиний тоглолт л байна
-Х.Тэмүүжин сайдын шинэчлэлийн гол акц нь хууль өөрчлөх тухай юм. Та нэгэн хэлэлцүүлэгт “Манай улсын хууль сайн. Хэрэгжүүлэхдээ учир дутагдалтай ханддаг” гэж байсан?
-Өөрчлөх ёстой хуулиа олохгүй байна шүү дээ. Эрүүгийн хуулийг бүхэлд нь өөрчилж эдийн засаг болоод сэтгэл санааны хохирлын тухай асуудлыг байхгүй болгох нь. “Хохирлоор нь гэмт хэргийг ангилдаггүй болгоно” гэж дэлхийд байхгүй жишиг ярьж байна. Өөр хоорондоо зөрчилдөөнтэй, нэгнээ үгүйсгэсэн олон хууль батлахыг санаархаж байгаа нь нууц биш. Яриад байвал учир нь олдохгүй зүйл олон бий. Яамныхан ч учрыг нь ойлгож байгаа юм уу даа. Миний ойлгосноор 16 хууль шинээр гаргаж, найман хууль өөрчлөх юм шиг байна лээ. Үүнийгээ “24 хууль өөрчилсний дараа эмнэлгийн барилгыг аваад дэд бүтэцтэй болвол ямар ч гэмт хэрэг ярих шаардлагагүй болно” гэж ярих юм. Энэ бол хуульч хүний сэтгэсэн санаа биш болов уу. Улс төрч хүний үг юм уу даа. Иймэрхүү байдлаар нүд хуурсан, чанаргүй, агуулгагүй өөрчлөлтийг хийвэл хэсэг хугацааны дараа дахиад л зовж шаналсан, хэлмэгдсэн ард иргэдийн шаардлагаар салбарын шинэчлэлийг хийнэ гэх биз. Эрх зүйч хүний хувьд энэ салбарыг зөв гольдролд нь ороосой гэсэн санаа зовоод сууж байна.
-Хууль болоод бүтэц зохион байгуулалтын хувьд шүүмжлэх хүн олон байна. Тухайлбал, давтан хэрэг үйлдвэл анх удаа гэмт хэрэг үйлдсэн мэтээр шийтгэнэ гэхчилэн буруутныг өөгшүүлэх хууль гарах нь гэж хуульчид хэлж байсан?
-Нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн цагдаагийн хэлтсийг хэд, хэдэн бүтэц болгож хуваалаа. Ур чадваргүй бүтцийн задрал боллоо гэхэд хилсдэхгүй. Хуулиараа хэлтсийн албан дарга нар явуулж байгаа арга хэмжээг баталгаажуулж тогтоол шийдвэр гаргах зохицуулалттай. Гэтэл хэлтэс задарсан байдлаас харахад албаны дарга гэж байхгүй юм билээ. Харин ахлах байцаагч, ахлах ажилтан, ахлах төлөөлөгч гэж байна. Эдгээр хүмүүс нь эрх зүйн хувьд эрх мэдэлгүй байх атлаа бичиг баримтад шийдвэр гаргаж байх жишээтэй. Бас л хууль зөрчиж байгаагийн тод илрэл нь. Энэ бүхнийг харахад хуулийн дагуу өөрчлөлт шинэчлэлийг хийж чадахгүй байна. Өөрчилж байгаа хууль болгоны зүйл, заалт тус бүрээр нь задалж ярих юмсан. Даанч танай сонины зай хүрэлцэхгүй байлгүй дээ. Товчхондоо хэлэхэд, хууль зүйн салбарын шинэчлэл гэдэг үгийг ярьж УИХ-д сонгогдсон улс төрийн нам, өөрчлөлтийг хийх гэсэн эрх мэдэлтнүүдийн үйлдлийг ажиглахад шинэчлэл хийгдэхгүй нь. Дээрээс нь шинэчлэл хийнэ гээд гоё ярих ч хийхэд нь оролцоё гэсэн хүнийг яагаад сонсохгүй байгааг нь асуумаар байна. Би саналаа хэлмээр байна. Хуулийн төслийнх нь ажлын хэсэгт орж, санаа оноогоо нэмэрлэмээр байна. Гэсэн атлаа энэ тухай бодоогүй, мэдэхгүй хүнээс “Саналыг чинь сонсоно” гэх нь ардыг хуурсан шоу гэдгээ баталж байгаа юм.
-Та шинэчлэлийн үр дүнг хүлээгээд байх шиг байна. Үр дүн нь тодорхой хугацааны дараа гарах юм биш үү?
-Үр дүн өнөөдрөөс эхлээд л мэдэгдэх боломжтой. Эрүүгийн хэрэг буруу шийдэгдсэнээс болоод шүүх, прокурор, цагдаагийн албан хаагчдын шийдвэрт гомдолтой байгаа иргэдийн гомдлыг хянах ажлын хэсгийг нэн даруй байгуулах хэрэгтэй. Шинэчлэх шаардлагатай, шаардлагагүй гэдгийг тэд л хэлээд өгнө. Үнэхээр хуулийн салбар нь муу юм уу, хууль зүйн зохицуулалт нь муу юм уу гэдгийг тогтооход амархан. Нөгөө талаар салбарын шинэчлэл нь өөрөө хүний эрхтэй холбоотой. Шүүх, прокурор, цагдаагийн албан хаагчийн гаргасан шийдвэрт гомддог иргэн байсаар байгаа нь энэ салбар муу гэдгийг нотолно. Тэгэхээр хүнийхээ эрхийг сэргээх тухай асуудлыг ярих ёстой. Хүний эрхийг хамгаалах, сэргээх хоёр өөр ойлголт бий. Хүний эрхийг сэргээх гэдэг нь өнгөрсөн хугацаанд хуулийн салбарын муу ажиллагаанаас болж хохирсон, хэлмэгдсэн, асуудал нь буруу шийдэгдсэнийг нь зөв болоход анхаарах ёстой. “Шинэчлэлийн Засгийн газар учраас өнгөрсөн бүх зүйл хамаагүй” гэж байна. Тэгвэл өнгөрсөн хугацаанд гаргасан алдаагаа засахгүйгээр шинэчлэл төгс хийгдэхгүй. Эрх бүхий албан тушаалтныг илрүүлдэг байхыг ард түмэн хүсээд байна шүү дээ.
-Танай төвд хандах иргэд ямар гомдол хэлдэг юм бэ?
-Өнөөдрийн байдлаар манай төвд хуулийн байгууллагатай холбоотой гомдол, санал гаргасан иргэний тоо 10 мянга хүрсэн байна. Эдгээр иргэдээс хуульд гомдож ирсэн нэг ч хүн байхгүй. Зөвхөн төрийн албан хаагчдад гомдсон байдаг. Шалгуулъя гэсэн юм шалгаагүй, өгсөн өргөдлийг шийдээгүй, гаргасан хүсэлтийг биелүүлээгүй, гэрчийн мэдүүлэг авч өгсөнгүй гэхчилэн хүний хүчин зүйлээс хамааралтай зүйлийг ярьдаг. Хууль зүйн салбарын алдаа хаана байна гэхээр энэ байхгүй юу. Өөрөөр хэлбэл, боловсон хүчнийхээ шударга ажиллах нөхцлийг нь бүрдүүлээгүй байж шинэчлэл яриад яах юм бэ. Хянадаг байгууллагын тогтолцоог өөрчлөхгүйгээр салбарын шинэчлэл үр дүнд хүрэхгүй гэдгийг хэлмээр байна.
-АН-ыг засаг авснаас хойш бусдыг захиалгаар яллах тогтолцоо ихэслээ гэж улс төрийн хүчнүүд мэдэгдэх болсон. Та юу гэж бодож байна?
-Хууль зүйн салбар улстөржиж байгаад сэтгэл зовж байна. Улстөржинө гэдэг нь улс төрийн намуудын эрх мэдэл өөрчлөгдөх болгонд хуулийн байгууллагын бүтэц, удирдлага нь өөрчлөгдөх юм. Өмнө нь тэгдэггүй байсан шүү дээ. Шүүх, прокурор, цагдаа гээд үнэнийг тогтоодог байгууллага маань улс төрийн нөлөөллөөс болж өөрчлөгдөж байгаа. Шударга үнэн гэдэг нь ялсан талд нь очиж байна гэсэн үг. Энэ бол хамгийн аюултай. Гэмт хэрэг үйлдсэн этгээд хэн байхаас хамааралгүй шийтгэдэг байх ёстой. Өнөөдрийн байдлаар МАН-ынхан “АН-ын засаг манай намын гишүүдийг шалтаг шалтгаангүй, бусдын захиалгаар барьж хорилоо” гэх юм. МАН-ын мэдэгдэл бодитой эсэхийг цаг хугацаа харуулна. Харин хуулийн байгууллагыг гэмт хэрэгтэй тэмцсэнийх нь төлөө буруу ойлголт төрүүлэх нь эргээд сөрөг үр дагавар дагуулж мэдэх юм. Учир нь өдгөө барьж шалгаж байгаа асуудлыг өмнө нь яагаад илрүүлж чаддаггүй байсан юм бэ. Илрүүлсэн мөртлөө яагаад шалгадаггүй байсан юм бэ гэх асуудал байна. Хуулийнхан нийгэмд болж байгаа муу муухай зүйлийг мэдэж байгаа. Хамгийн гол нь шийтгэж чаддаггүй юм шиг санагддаг. Энэ нь хууль, хяналтын байгууллага улс төрийн нөлөөнд байгааг илтгэх биз ээ. Өөрөөр хэлбэл, хуулиа мянган удаа өөрчилсөн ч улс төрийн нөлөөллийг арилгаж чадахгүй. Нөлөөллийг арилгах бодлого ч боловсруулахгүй байна.
-Иргэний Зориг Ногоон намаар юутай байна. Та намынхаа удирдлагуудын хийх ажилд сэтгэл дундуур буйгаа илэрхийлж нам дотроо жигүүр хүртэл байгуулсан байх аа?
-Ерөнхийлөгчийн сонгуульд ямар хөтөлбөртэй оролцох, хэнийгээ дэвшүүлэх цаашлаад 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох намын мөрийн хөтөлбөр боловсруулах гээд ажил их байна. Дээрээс нь намын гишүүн, дэмжигчдийнхээ итгэлийг олсон ямар ажил зохиох вэ гэхчилэн намын бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөнд суурилж ажиллаж байгаа. Миний хувьд манай нам засагт хамтарч байгаа ч төрийн албанд очих сонирхол алга. Тэгээд ч намаас сонгогдсон УИХ-ын гишүүдийнхээ үйл ажиллагаанд сэтгэл дундуур явдаг гишүүний нэг нь би. Тэд зоригтой байж чадахгүй байна. Төрийн эрх мэдэлтнүүд ан гөрөө хийсэн, тусгай хамгаалалтын газарт ахуйн зориулалттай газар олгосон. Уул уурхайн томоохон компани баялагийг нь цөлмөчихөөд нөхөн сэргээлтийг нь хийгээгүй гээд асуудал байхад Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд маань дорвитой ажиллахгүй юм. Бодлого боловсруулах, хууль дүрэм санаачлах, байгаль орчинд учруулсан хохирлыг эргэн төлүүлэх, гэм буруутай этгээдийг хуулийн байгууллагаар шалгуулах ажлыг хурц дайчин хийж чадахгүй байна. Өмнөх Засгийн газраас ялгагдах юмгүй дээ. Ер нь хэн ч гэсэн шүүмжлэлийг хүлээж авдаг байх ёстой. Шүүмжлэл бол алдааг засч, хөгжил дэвшлийг авчрах түлхүүр нь юм.
Зууны мэдээ сонин
No comments:
Post a Comment