Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хуралдаан саяхан болж өнгөрсөн. Энэхүү хурлын үеэр Засгийн газрын зүгээс Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах санал гаргасантай холбогдуулан УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн сар шинийн өмнө мэдэгдэл гаргасан билээ. Энэ сэдвээр түүнтэй ярилцсан юм.
-Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахаар ярьж байгаа энэ үед танай эвслийн бүлгээс Засгийн газрыг буруутгасан утга бүхий мэдэгдэл гаргасан байна. Ямар учраас тэр вэ?
-Засгийн газрын зүгээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан гаргаж байгаа шийдвэрүүд ард түмэн, эх орныхоо эрх ашгийн төлөө бус байгаа учир бид мэдэгдэл гаргасан юм. Тухайлбал, зэсийнх нь нөөцийг л гэхэд гурав дахин багасгасныг Монголын Зас-гийн газар хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл Оюутолгойн орд 45 сая тонн зэсийн, 1800 тонн алтны нөөцтэй. Гэтэл Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд 11 сая тонн зэсийн нөөцтэй гэж заачихаад олон улсын хөрөнгийн биржээс мөнгө босгохдоо нөөцийг нь үнэн, зөвөөр нь мэдээлсэн байх жишээтэй.
Нөгөөтэйгүүр 2007 оны ТЭЗҮ-д Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний анхны хөрөнгө оруулалт 2.7 тэрбум ам.доллар байна гэж тусгасан байтал Монголын Засгийн газар өнөөдөр анхны хөрөнгө оруулалтыг 5.1 тэрбум ам.доллар гэж хүлээн зөвшөөрч байна. Энэ бүх зөрүү Монголын талд өр болж байгаа. Монголчууд энэ зөрүүний 34 хувийг зээл хэлбэрээр төлж байгаа шүү дээ. Анхны хөрөнгө оруулалтын хэмжээгээ бодитойгоор нэмж байгаа юу гэдгийг хянах боломж Монголын талд байхгүй байгаа нь үнэн. Бидний баялгийг бидэнд зарж байгаа энэ асуудлыг Монголын Засгийн газар хүлээн зөвшөөрч байгааг бид алдаа гэж үзэж байгаа юм.
-Засгийн газрын зүгээс “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулахын тулд өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа” гэж тайлбарлаж байгаа шүү дээ?
-Ний нуугүй хэлэхэд энэ бүхэнд үнэхээр цочирдож гайхсан. Биднийг 10 жил гудамжинд тэмцэж байхад нэг нь ч ойлгохгүй “Та нар буруу зүйл хийж байна. Гадны хөрөнгө оруулалтыг үргээх гэж байна. Монгол Улс хөгжихийн даваан дээр боловсролгүй, бүдүүлэг та бүхнээс болоод энэ гэрээ зогсох юм бол хариуцлагыг нь хэн хүлээх вэ” гэж байсан хүмүүс гэв гэнэт ийм байр суурь илэрхийлээд эхлэхээр нь үнэндээ шокийн байдалд орсон гэхэд болно. Энэ бүхний цаана юу байна вэ гэж бодож амжаагүй байтал сайд нарын хийсэн мэдэгдлээс бүх зүйл тодорхой болсон л доо. Засгийн газрын зүгээс Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцэж байгаа мэт боловч дээрх алдаатай тоонуудыг хүлээн зөвшөөрсөн нь л асуудал үүсгээд байгаа юм. Өөрөөр хэлбэл Засгийн газар “Айвенхо майнз” компанитай хуйвалдчихсан юм биш биз дээ гэдэг хардлага бидэнд төрж байна. Яагаад анхны нөөцийг маш багаар тооцов. Анхны хөрөнгө оруулалтыг өсгөв гэдэг нь их сонин байгаа юм. Энэ бүхний ард ямар нэгэн тохиролцоо байгааг үгүйсгэх аргагүй шүү дээ. Бид энэ бүхнийг цаашид нарийвчлан судлах болно.
-Үүний тулд хамгийн түрүүнд ямар алхам хийх ёстой гэж үзэж байна вэ?
-Оюутолгой компанийн ТУЗ-д Монголын талыг төлөөлж байгаа гурван гишүүнийг УИХ-д нэн яаралтай мэдээлэл хийлгүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Тэд өнөөдрийг хүртэл ямар нэгэн мэдээлэл хийсэн удаагүй. Тэд ямар хяналт тавьдаг, ямар эрх мэдэлтэй, ямар цалин хөлс авдаг юм. Монголын төлөө ажиллахад тэдэнд ямар эрх мэдэл дутуу байгаа вэ гэдгийг бид юуны өмнө ойлгож, асуудлыг илрүүлэх хэрэгтэй. Энэхүү мэдээллийг сонссоны дараа энэ асуудал дээр Монгол Улс байр сууриа нэгтгэж чадах уу, үгүй юу гэдэг нь тодорхой болох байх.
-Хэрэв Засгийн газраас энэ байр сууриа хамгаалсан хэвээр байвал та бүхэн ямар арга хэмжээ авах вэ. Танай эвсэл Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа шүү дээ?
-Юуны өмнө Засгийн газрыг улс төрийн ямар, ямар хүчин бүрдүүлж байгаа эсэх нь энэ асуудалд тийм ч хамаатай биш. Оюутолгой бол аль нэг улс төрийн хүчний эрх ашгийг хамгаалдаг. Сонгууль болохоор ярьдаг шоуны сэдэв байх ёсгүй. Тиймээс ямар ч байсан эхний ээлжинд “Оюутолгой” компанийн ТУЗ-д Монголыг төлөөлдөг гишүүдтэй уулзах хэрэгтэй гээд байгаа юм. Үүний дараа л алхам, алхмаар урагшлах ёстой. Анхнаас нь бүх асуудлыг цэгцлэх ёстой гэж бодож байна.
-МҮАН-ын дарга М.Энхсайханыг албан тушаалаас нь саяхан унагахад танай намынхан хуралдаж, Засгийн газрын үйл ажиллагаанд нэлээд шүүмжлэлтэй хандсан гэсэн. Энэ бүхний нотолгоо болж өнөөдөр Засгийн газар нэлээд шүүмжлэлд өртөх нь шиг байна. Ийм асуудал үүсээгүй байсан ч та бүхэн Засгийн газрыг ямар нэгэн аргаар өөлөх байсан уу?
-Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ шударга бус болсон гэдэг асуудал намайг МҮАН-д орохоос, УИХ-ын гишүүн болохоос өмнө байсан асуудал. Тиймээс МҮАН-ын даргыг албан тушаалаас нь авснаас болоод Засгийн газрыг буруутгах шалтгаан олж ядаад энэ асуудлыг сөхөж байгаа зүйл огтхон ч байхгүй. Ер нь бол М.Энхсайхан даргын төмөр замын асуудлаар баримталж байгаа байр суурь нь шударга, зарчимч, шинжлэх ухаанч гэдгийг бид хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс нөгөө талаас буруутгаж байгаа аргументаа гаргаж өгөөч гэдэг асуудал тавьсан. Одоо болтол гаргаж ирээгүй байна. Оюутолгой бол үүнээс огт өөр асуудал. Улстөржиж болохгүй цо-рын ганц асуудал шүү дээ. Хэрэв энэ асуудалд улс төр, сонгууль орж байгаа бол хэн нь Засгийн газарт байна гэдэг нь хамаагүй. “Шударга ёс” эвсэл Засгийн газарт байна уу, үгүй юу. Цаашид байх ёстой юу, үгүй юу гэдгээс үл хамаарч асуудалд хандана. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг шударга байлгахын тулд бид олон жилийн тэмцлээ зориулсан. Энэ асуудлын төлөө 14 хоног өлсгөлөн зарлаж байсан хүний хувьд хэн нэгний эрх ашигтай энэ асуудлыг холбохгүй гэдгээ хэлэх байна.
-Хэрэв Засгийн газрын гишүүд та бүхний яриад байгаачлан алдаагаа засахаар болбол яах вэ?
-Тэгвэл сайн байна. Тэгвэл төр засгаараа монголчууд нэг талд байгаа юм байна гэж ойлгож болох байх. Үгүй бол энэ бол гарцаагүй хуйвалдаан байх. Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал болж өнгөрсний дараа Засгийн газрын гишүүд мэдээлэл хийсэн. Үүний дараа Оюутолгойн бүтээн байгуулалтын зардлын харьцуулалт гэсэн мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Гэтэл үүнээс долоо хоногийн өмнө дээрх харьцуулалттай нэг ч тооны зөрүүгүй мэдээлэл Австралийн нэг сонинд тавигдсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурлаар гарах үр дүнг долоо хоногийн өмнө Австралийн сонин гаргачихсан байсан гэдгийг УИХ-ын гишүүн Д.Батцогт хэлснийг энд дурьдмаар байна. Ийм байхад хардах нь зүй ёсны хэрэг шүү дээ. Ер нь бол Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний асуудлыг хариуцсан ажлын хэсгийнхэн нь зөвхөн Засгийн газрын төвшинд биш. УИХ дээр ч мэдээлж байх ёстой. Яагаад гэвэл энэ бол монгол төр, монголчуудын нийтлэг эрх ашигтай холбоотой асуудал. Тиймээс УИХ-аар оруулахгүйгээр асуудлыг шийдэх нь өрөөсгөл болно. Би хувьдаа ийм байр суурьтай байгаа.
-УИХ-ын намрын чуулган завсарлачихлаа. Тэгэхээр Оюутолгойн ТУЗ-ын гишүүдийн мэдээллийг сонсох асуудал хаврын чуулган хүртэл хойшилно гэсэн үг. Үүнээс болоод асуудал сунжирна гэсэн үг үү?
-УИХ-ын чуулган завсарлалаа гэдэг нь УИХ-ын ажил цалгардана гэсэн үг биш шүү дээ. Энэ хугацаанд байнгын хороод болон намын бүлгүүд хуралдана. Тэгэхээр асуудал сунжирна гэж айх хэрэггүй. Харин энэ хугацаанд бид асуудлыг сайн нягтлах хэрэгтэй байгаа юм.
-Энэ асуудлаас гарахын тулд Оюутолгой компанийн ТУЗ-д байгаа Монголын талын төлөөлөгч-дийн үгийг сонсохоос өөр ямар гарц байна гэж үзэж байгаа вэ?
-Хамгийн том гарц нь гэрээг дахиж хийх гэж УИХ-ын дэд дарга Л.Цогийн хэлж байсныг сануулмаар байна. ТЭЗҮ-г монголчууд өөрсдөө дахиж хийх боломжтой шүү дээ. Бид ТЭЗҮ-дээ Оюутолгойн ордын нөөцийг тогтоогдсон хэмжээгээр нь тусгах ёстой. Хөрөнгө оруулалт гээд байгаа асуудлыг шалгах ёстой. Үнэн байна уу, худал байна уу гэдгийг нь сайн нягтлах ёстой шүү дээ. Тэдний хэрэглэж байгаа бүтээгдэхүүний үнэ үнэхээр хэлснээр нь байна уу, гаалийн хяналт шалгалт дээр ямар асуудал гарсан байна вэ гэдгээс эхлээд хянах хэрэгтэй байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Р.Сарангоо
Улс төрийн тойм сонин
No comments:
Post a Comment