УИХ-ЫН ГИШҮҮД ЯРИХ ЗҮЙЛЭЭ БУСДААР ЗААЛГАДАГ БОЛЖ
-УИХ-ын дарга намрын чуулганд гишүүд хэрхэн оролцсон мэдээллийг танилцуулахад. та нэлээн ажил тасалдаг гишүүн гэж харагдсан?
-Би түүнийг тоохгүй байгаа. Хэн, ямар журмаар, яаж бүртгэсэн юм, бүү мэд. Уг нь УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагт эхэлдэг. Гэвч яг энэ хугацаандаа орж ирээд суудаг гишүүн УИХ-д байхгүй. Харин Р.Амаржаргал гэдэг хүн 10:00 цаг болохоос 3-5 минутын өмнө орж суудаг. Миний дараа л зарим нэг том дарга нар нь залардаг. Чуулган эхлэхийг хүлээж 15-20 минут суугаад гардаг юм. Энэ хугацаанд чуулганыхаа хуралдааныг эхлүүлж чадахгүй байгаа нь УИХ-ын удирдлага, олонхийг бүрдүүлж байгаа улс төрийн хүчний үүрэг. Ингэж чадаагүйнхээ төлөө тэд хариуцлагаа хүлээх ёстой. Би ямар өөрийгөө шийтгэж байгаа биш. Бусдыг хүлээгээд суух ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Намайг гарсны дараа 10:30 цагаас хойш чуулган эхэлдэг шиг байгаа юм. Тэгээд л бүртгэдэг юм байлгүй.
-Тэр нь таны хувьд УИХ-ын дарга, гишүүдээс хариуцлага нэхэж хэлбэр байх нь ээ?
-УИХ-д ажил тасалдаг, унтчихдаг ганц, хоёр гишүүн байсан ч хүмүүжээд гайгүй болж байгаа. Миний хувьд хариуцлага нэхэхээс гадна хэлэлцэж байгаа асуудал болон УИХ-ын хурлаа зохион байгуулж байгаа дэгтэй санал нийлдэггүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сэтгэл дундуур болохоороо эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. Р.Амаржаргал хэчнээн удаа хуралдаанд оролцоогүй байна, төдий хэмжээгээр эсэргүүцлээ илэрхийлжээ гэж ойлгож болно.
-Ер нь та эрх баригчдыг шүүмжилдэг, олонхийн ганц гишүүн. Яагаад УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд нөхдөөсөө өөр өнцгөөс ханддаг юм бэ?
-Үүний цаана төрийн тогтолцооны тухай асуудал сөхөгдөж байгаа юм. Төрийн тогтолцооны дотор УИХ гэдэг байгууллагын эзэлж байгаа байр суурь, гишүүдийнх нь статусын тухай асуудал яригдана. УИХ-ын гишүүн гэдэг сонгогдсон цаг мөчөөсөө ард түмний төлөөлөл болоод явдаг субьект. Энэ субьектийн үйл ажиллагаа нь ямар нэгэн дарамт шахалт, түрэмгийлэлд өртөх учиргүй. Бие даасан, хараат бус байх ёстой. Тийм байж гэмээнэ ард түмний төлөөлөгчийн үүргээ биелүүлэх учиртай юм. Үндсэн хуульдаа ч тэгээд заачихсан байгаа. Гэтэл сүүлийн үед УИХ-ын гишүүдийг энэ үүргээ биелүүлэхэд нь захиргааны аргаар дарамт үзүүлэх хандлага ажиглагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн ярих зүйлээ бусдаар заалгадаг болж.
-Энэ нь шинээр бүрэлдсэн парламентат ажиглагдаад байна уу, эсвэл УИХ энэ алдаанаасаа салж чадахгүй байсаар өдийг хүрэв үү?
-Ганцхан намрын чуулганыг дүгнэж хэлж байгаа юм биш. Сүүлийн 20 гаруй жилийн түүхийг харж байхад анзаарагдаж байгаа юм.
1990-ээд онд УИХ байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулахад УИХ-ын гишүүн санал нийлэхгүй асуудал байвал хурал хаядаг байсан. Явсаар эрх баригч нам ямар нэгэн аргаар гишүүдийг барьж байх хэрэг гарсан. Үүний тулд л захиргааны арга хэрэглээд эхэлсэн байхгүй юу. Нэг ёсондоо хялбар арга хайж олсон гэсэн үг. Уг нь УИХ-ын гишүүнийг түрэмгийлэх биш “Яагаад хурал хаяв” гэж асуух ёстой юм. Гэтэл өнөөдөр гишүүнийг кноп дарагч болгож байна. Хэлэлцэж байгаа хуульд саналаа илэрхийлэх, нөлөөлөх бололцоо олгохгүй байгаа юм. Олонхиороо асуудлыг шийдэж, хайрцаглачихаад гишүүдийг зүгээр нэг хүүхэлдэй болгож байна. Тухайн гишүүн ямар байр суурьтай байх нь огт хамаагүй болж байгаа юм. Одоогийн парламент ийм л механизмд орчихсон байна. Тиймээс л би эсэргүүцэж байгаа хэрэг.
-Та Байнгын хорооны хуралдаанд сууж огт харагддаггүй. Бас л механизм нь буруу байна уу?
-Байнгын хорооны хуралдаанаар нэн чухал, ач холбогдолтой хуулийг дөрөвхөн хүн баталж байна. Хуулийг дөрөвхөн хүн шийдэх тогтолцоо руу орчихсон нь Монгол төрийг сулруулж байна гэсэн үг. Үндсэн хуульдаа “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Хууль тогтоох үйл ажиллагаа явуулна. Гаргасан хуульдаа хяналт тавина. Хэрэгжилт гишүүдээр дамжин хэрэгжинэ” гээд заачихсан байгаа юм. Ажил тасалсан, таслаагүйн тухай асуудал гол биш. Хамгийн чухал нь улс төрийн ямар бодлого, ямар шийдвэр гарч байна, түүнийг нь ард түмэн хүлээн зөвшөөрч байна уу гэдэг л чухал байх ёстой. Гэтэл тэнд бас л УИХ-ын гишүүнийг робот, кнопчин болгож байгаа. Яг нарийн ярих юм бол ирц хэзээ тийм сүрхий болчихсон юм бэ. Шинэ их хурал эмхлэн байгуулагдахад ирцийн асуудал хэнд ч хамаагүй байсан шүү дээ. Анхдугаар чуулган дээр Л.Цогоор удирдуулаад л даргаа сонгосон. Ерөнхий сайд дарга нараа томилоход МАН шиг хэрэггүй юм байхгүй л байсан шүү дээ. Олонхиороо л шийдээд яваа биз дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиа цөөнхгүйгээр л баталсан. Бүлгийг нь байгуулж өгөхгүй, шахаж шаардаж байгаад л баталсан. Ирц огт хэрэггүй байсан нөхөд өнөөдөр гэнэт “МАН-ынхан хааччихав, хуралдаа суугаач” гээд уналаа. Энэ бол хоёр нүүр гэдгийн тод илрэл байхгүй юу. Ирц бол зүгээр л өнгөн талын юм байна. Үүний цаана Монгол төрийн тогтолцоо асуудал байгаа. Хэр зэрэг төгөлдөржиж байгаа юм бэ, үр дагавар нь юунд байна, цаашдын чиг хандлага юу юм бэ гэдэг л чухал. УИХ-ын гишүүдийг робот шиг байлгаж нам доторхи фракцуудын эрх ашиг, эсвэл нийт ард түмний төлөөлөгч гэдгээрээ том харах уу гэдэг асуудал байгаа юм.
Ч.БАТМАА
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
Зохиогчийн эрх: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
No comments:
Post a Comment