Monday, 4 February 2013

Б.Сарантуяа: Миний дээл Дондогдулам хатны дээлний загвартай, гутал маань битүү сувд байгаа

МУГЖ, дуучин Б.Сарантуяатай сар шинийн баяраа хэрхэн тэмдэглэдэг болоод уран бүтээлийнх нь талаар яриа өрнүүллээ.
-Хэдхэн хоногийн дараа Монголчуудын үндэсний баяр “Цагаан сар” болох гэж байна. Таны хувьд цагаан сарынхаа бэлтгэлийг хэр базааж байна?
Snapshot_2013-01-30_145754- Манайхан өнгөрсөн хагас, бүтэнсайнд 800 гаруй бууз хийсэн байгаа. Ээж аавдаа би “Атар”-ын хэвийн боов авч өгч, ширээг нь чимдэг. Цагаан сарынхаа бэлгийг базааж л байна. Ширээн дээрээ би “Соёмбо” гэх сархадыг зална гэж бодож байгаа. Битүүндээ Солонгост битүүрчихээд Шинийн нэгэнд Монголдоо ирнэ. Шинийн нэгэн, хоёронд ээждээ туслаж мөн золгуутаа хийчихээд, шинийн гурванд настай хүмүүс, багш нартайгаа золгодог. Шинийн дөрөвнөөс Төв аймгийн Баян сум Баянжаргалан руу явж аавынхаа ах дүү, садантай золгодог. Миний хувьд бол цагаан сар их өргөн баяр. Бид гэр бүлээрээ явж айл хэсч, алт мөнгө их цуглуулж сар шиний мэнд мэддэг.
-Эмэгтэй гишүүд “Цагаан сар”-ыг ургын баяр болгоё гэсэн уриалга гаргаж байгаа. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна?
-Манайх энэ жил галын тахилга хийлгэнэ гэсэн. Галсанжамц өвөөгийн маань галыг тахина. Ер нь бол ургын баярыг хийж байх ёстой. Хамаатан садан, ах дүүс бие биеээ мэдэлцэж ургын түүхээ бичилцэх хэрэгтэй гэж боддог.
-Өнөөдрийн өмссөн гоёл тань их сонин байна л даа. Та ер нь дээлээ хаана хийлгэдэг вэ?
-Би дээлээ “Монгол костюмс” загварын ордонгоор хийлгэдэг. Миний өнөөдрийн өмссөн дээл Дондогдулам хатны өмсч байсан хувцасны загвараар хийсэн.  Торго нь орчин үеийн үрчийдэггүй материал биш үрчийдэг. Гутал нь тэр чигээрээ сувд байдаг юм. Сувдан хээ нь болон хас тэмдгийн гоёлтой байгаа. Би өөрөө их энгийн учир энэ хувцас ахдах болов уу гэж хайрладаг. Тиймээс онцгой явдалд өмсдөг.
-Хас тэмдгийг ямар учраас сонгосон бэ?
-Манай эмээ Төваймгийн Баян сумын харьяат Хас гэдэг нэртэй хүн байсан юм. Мөн хас тэмдэг бол улс орноо хамгаалах төдийгүй ямарваа хэл амнаас хамгаалах гэсэн утгыг агуулж байдаг. Дээлэн дээрээ хас тэмдгийг онцгойлон оруулсан байгаа маань төрийн хатан болон төрийн бодлого хас тэмдгэн хээгээр хамгаалагдах ёстой гэдгийг бэлгэдсэн. Жил бүрийн цагаан сараар өмсдөг дээлүүдийг маань ч хас тэмдэг чимдэг.
-Сар шинэ болоод л хавартаа золгочихдог шүү дээ. Тэгэхээр та 4 сарын 21-ныг энэ жил хэрхэн тэмдэглэх гэж байна?
- Өнгөрсөн жилийн 4 сарын 21-нд би Монголд байгаагүй. Тэгэхээр энэ жил төрсөн өдрөө тэмдэглэж тоглолт хийнэ гэж бодож байгаа. Энэ удаад төрсөн өдрөө их өвөрмөц маягаар хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Урьд урьдынхаасаа илүү олон хүн хамарсан, ард иргэдэд маань хүрэх үүднээс зохион байгуулна.
-Өнгөрсөн жил гадаадаар аялан тоглолт хийсэн. Энэ жилийн хувьд?
-Энэ жил би Япон, ОХУ-ын Эрхүү, Саха улсын нийслэл хотноо “Аргагүй монгол аялгуу” тоглолтоо тоглоно гэж бодож байгаа. Тэгэхээр энэ удаад ч  аялсаар л байгаад таарах байх.
-Хамгийн сүүлийн шинэ уран бүтээл “Миний сайхан ээж” дууг ямар учраас сонгож дуулах болов?
-Энэ дууг  Монгол хүн болгон аялдаг.  Тиймээс ээжтэй хүн болгонд зориулж байгаа юм.  Хамгийн гол нь зохиогчийн эрхтэйгээр энэ дууг дуулж байгаа. Зөвшөөрөлгүй дуулаагүй. Ер нь ээжүүдэд зориулсан их зүйл хийхийн төлөө зүтгэе гэж бодож байна. Магадгүй “Мартын 8”-нд ээжийн тухай концерт зохиож мэдэх юм. Мөн ээжийн тухай нэвтрүүлэг хийе гэж мөрөөдөж байгаа. Манай аав бас ээжид зориулж “Миний нутгийн бараа ” дууг дуулдаг байсан. Энэ нь надад маш сайхан санагддаг байлаа. Миний эгч Сарангуа уран бүтээлд маань барагтай бол оролцдоггүй мөртлөө энэ дууг дуулж байгааг сонсоод сэтгэл нь маш их хөдөлсөн. Тиймээс ч энэ дууг дуулсандаа би маш их баяртай байна. Түүнчлэн энэхүү дууг дуулснаар би түүх бичилцэж байгаа юм байна даа гэж бодсон. Цэрэндолгор гуайг би ярьж байгаа шиг хэзээ нэг өдөр өөр дуучин энэ дууг шинэчлэхдээ миний тухай ярих байх. Би өөрөө 42 настай. Миний том хүү 15 настай. Бага хүү зургаан нас хүрлээ. Яг энэ үедээ л би энэ сайхан дууг дуулж чадсандаа баяртай байна.
-Хөгжмийн найруулгын хувьд ардын хөгжмүүд зонхилно биз?
-Ятга, ёочин, морин хуур, лимбэ орсон. Хөгжмийн зохиолч Чинбатаар дуугаа найруулуулсан. Миний энэ дууг орчин үеийн хөгжмийн найруулгаар найруулсан байгаа. Ээжийн тухай дуу учир доогуур, намуухан, цээжний өнгөөр дуулж байгаа. Үндэсний хөгжмөө бүрэн дүүрэн ашигласан.
-Та битүүнийн өдөр Солонгос улсад “Аргагүй монгол аялгуу” тоглолтоо хийх болсон. Чухам яагаад Солонгос улсыг сонгов?
-Монголын маань найман гэр бүл тутмын нэг нь Солонгост ажилладаг гэсэн статистик тоо гараад байгаа. Мөн миний уран бүтээл байнга хөдөлгөөнтэй байгаатай ч холбоотой. “Аргагүй монгол аялгуу” тоглолтоороо дэлхийг тойрно гэсэн мөрөөдөл маань ч нөлөөлсөн. Тэгэхээр Монголд байгаа хамаатнууд нь Солонгост байгаа хамаатан садандаа миний тоглолтыг үзүүлэхийг хүсвэл билет онлайнаар худалдаж авч өгч болно. Бидний тоглолтоор мөн ар гэрийнхэндээ сар шинийн мэнд хүргэж болно. Тоглолтондоо ардын болон хит дуунуудаа дуулна. Мөн миний тоглолтонд  ҮАДБЧ-ын бүжигчид, Улсын филармоны гоцлол дуучин Насанбуян оролцоно.
- Улсын филармоны гоцлол дуучин Насанбуяны хувьд өмнөх аялан тоглолтууд дээр чинь ч хамт байсан байх аа?
-Насанбуян дандаа Сарантуяатай хамт явах юм гэж хүмүүс хэлдэг. Насанбуян маань “Аргагүй монгол аялгуу”, “Хайрламаар” зэрэг тоглолтуудаар 2007 оноос хамт аяласан. Хамгийн үнэнч уран бүтээлч. Энэ удаад би маш хүндэтгэлтэйгээр урьж байгаа. Миний тоглолтонд  Цагаан сарын олон олон сайхан дуунууд дуулах байх гэж бодож байна.
- Дуучин Д.Болдтой хамтарч байгаа гэсэн үү?
- Энэ цомгийн хөгжмийг дуучин Болд өөрөө зохиож байгаа. Зун орон нутгийн сонгуулийн үеэр Болд бид нар Дундговь аймагт аяласан. Сонгуулийн ажлаар явж байхдаа уран бүтээлийн дотно яриа өрнүүлсэн. Надад мөн дуучин Болдын зохиосон, дуучин Эгшиглэнгийн дуулсан “Яг одоо дурлаж байна” гэх дуу таалагддаг байсан. Тиймээс дууг нь дуулмаар байна гэсэн хүсэлт тавьсан. Гэтэл Болд тэгвэл би таньд цомгийг чинь продюсерлэж өгөе гэсэн. Ингээд Болд бид хоёр хамтарч байгаа. Болдын нүдээр Сарааг харна гэсэн үг. 
-Мюзиклд дүр бүтээх сураг байсан?
-Ромео,  Джульетта-д Өрлөг эхийн дүрд дуулах гэж байгаа. Клипний зураг авалт өнгөрсөн долоо хоногт явагдсан. Өрлөг эх гэдэг бол өсгөсөн охиныхоо төлөө санаа зовж байгаа гайхалтай ээжийн дүр. Ерөнхийдөө 2013 онд Сараа бол ээжээр зонхилох нь.  Анх Өрлөг эхийн дүр гэдгийг сонсоод би  ийм хөгшин хүний дүрд тоглохгүй гэсэн. Гэтэл Лхагвадорж найруулагч youtube сайт дээр ороод үзэхийг зөвлөсөн. Ингээд ороод үзтэл Өрлөг эх их мундаг хоолойтой, гоё дүр байсан. Тэгээд уржигдар клипэнд тоглосон. Энэхүү мюзикл 5 сард гарна.
-Монголын маань кино урлаг хөгжиж байна. Таньд кинонд тоглох санал ирж байна уу?
-Түүхэн кинонд дүр бүтээх санал ирж байсан. Миний тоглолтын хуваарь таараагүй. Тиймээс өөрийн эрхгүй татгалзсан. Надад кинонд тоглох, кино хийх хүсэл маш их байдаг. Эсвэл киноны продюсер, хөрөнгө оруулагч нь байж болох юм гэж бодож байгаа. Мөн киноны зохиол ч гаргаж чадна гэж итгэдэг.
-Хэрэв кинонд дүр бүтээх бол ямархуу дүрд тоглохыг хүсдэг вэ?
-Би их эрэлхэг хүний л дүрд тоглох ёстой гэж боддог. Өөрийгөө золигт гаргаж, золиосолдог тийм хүний дүрд тоглох байх. Би ер нь дэвшилттэй кинонд дуртай. Нэлээн их ажиллаж хөдөлмөрлөж байж амжилтанд хүрч байгаа хүмүүсийн тухай өгүүлдэг.
-Рок, попынхонд өөрсдийн гэсэн театр байдаггүй. Мэдээж таны мөрөөдөлд өөрсдийн гэсэн томоохон театртай болох хүсэл байдаг л биз дээ?
-Би МАН-ын гишүүн. МАН-ын мөрийн хөтөлбөрт рок попын ордон босгоно гэсэн зүйл байдаг. Хэзээ нэгэн цагт бид өөрсдийн театртай болох байх. Төр засаг маань үүнд анхаарах хэрэгтэй. Бид олон жил ямарч харьяалалгүй явлаа. Театрууд, соёлын орднуудаа томсгож, тэлж байх хэрэгтэй. Стандартын дагуу хангамж сайтай соёлын орднууд байгаасай гэж хүсч байна.
-ШӨХТГ-т гитарчин Өөжгий, дуучин Ариунаа, Хаянхярваа нар санал тавьсан. Энэ нь ам барьж байгаа дуучдад арга хэмжээ авах талаар. Үүнд таны нэр байгаагүйд гайхаж байлаа?
-Би угаасаа дэмжиж байгаа. Надад хөөцөлдөж явах зав алга. Өөжгий надад хэлсэн. Гэхдээ албан ёсны бичиг ирээгүй байгаа. Албан бусаар энэ асуудлыг дэмжиж байна гэсэн зөвшөөрлийг өгсөн. Аль эрт л би хүмүүс ам, таазаа хөдөлгөөд байна. Амаараа биш уушгаараа сайхан дуулах хэрэгтэй гэж хэлж байсан. Тэр сайхан цаг ирж байх шиг байна. Манай хөгжмийн урлагт “Sweetymotion хамтлаг эргэж ирсэн нь сайн талруугаа маш том цохилт болсон гэж бодож байна. Энэ охидын хамтлаг амьдаараа дуулж эхэлсэнд би их баяртай байгаа. Дуучин Ариунаа, Жаргалсайхан, Дашдондог гээд амьдаараа дуулдаг дуучид зөндөө бий. Ер нь өөрсдийн хоолойгоор амьдаар дуулах хэрэгтэй. Би бол ам барих маш дургүй. Ам барих хэцүү байдаг. Ямар нөхцөлд хүмүүс ам барьдаг вэ гэхээр телевизийн бичлэг, дуучин амьдаараа дуулж байхад алдах магадлал өндөртэй нөхцөлд. Тэгэхээр ам барьж буй дуучдын тоглолтыг мөнгөөр үзэж, билетийг нь хошууран худалдаж авч байгаа нь их харамсалтай. Өөрөөр хэлбэл хямдхан юм үзэж байгаа үзэгчид маань их хайран байна. Бүх л бүтэн 50, 60 хүний оркестртой хуруугаа хөдөлгөж амьдаар дуулж байгаа хүний тоглолтыг үзэхгүй байж сайхан хувцасласан, хэдэн жилийн өмнөх фонограммаа тавьж амаа хөдөлгөж байгаа хүмүүсийн тоглолтыг их үздэг. Хэт их хувь хүн рүү нь орохгүйгээр уран бүтээлийнх ололт, дутагдлыг нь авч хэлэлцэх хэрэгтэй байна. Мөн сэтгүүлчдэдээ хандаж хэлэхэд урлагийн бүтээлийг ямар алхам, дэвшилт хийснээр нь үнэлж байх хэрэгтэй. Түүнээс биш хувцаслалт, спонссор зэргийг нь чухалчлахаа болих нь зүйтэй.
Д.Ундрах /24tsag.mn/

No comments:

Post a Comment