Thursday, 7 February 2013

М.Зоригт: Егүзэр хутагтын хөшөө нутагтаа шүтээн болон залагдана

Сүхбаатар аймгийн ард иргэдийн итгэлийг хүлээж УИХ-д гишүүнээр сонгогдсон М.Зоригт төрсөн нутагтаа Егүзэр хутагт Ж.Галсандашийн хөшөөг залах ёслол сар шинийн дараахан болно. Тэрбээр Төр шашны нэрт зүтгэлтэн, Зүүн хязгаарыг илбэн тохинуулах сайд асан, Халхын тамгатай хутагт хэмээн алдаршсан Ж.Галсандашийн хөшөөг нутагт нь залахаар санаачилга гаргасан хүмүүсийн нэг ажээ.  Ингээд М.Зоригт гишүүнтэй энэ талаар уулзаж ярилцсанаа  уншигч танд хүргэж байна.

-Сүхбаатар аймгийн төвд тун удахгүй Егүзэр хутагтын хөшөө нээлтээ хийхээр болжээ. Энэ талаар эхлээд сонирхуулаач?
-Егүзэр хутагт Галсандашийг мэдэхгүй хүн гэж байхгүй болов уу. Монгол төрийн тамга барьсан цөөхөн хутагтийн нэг нь. Зүүн хязгаарыг тохинуулахад асар их үүрэг гүйцэтгэж, гавъяа байгуулсан шашны том зүтгэлтэн төдийгүй маш олон шавь төрүүлсэн гэдэг. Байгаль орчныг хамгаалах үйлсэд ч их зүйлийг хийсэн. Манай тал нутагт Егүзэр хутагтын нутагшуулсан буга одоог хүртэл байдаг. Энэ бол түүний гавьяа. Бас хүүхдэд их сайн хүн байсан юм билээ. Энэ мэтчилэн Хутагтын хийж бүтээсэн түүхэн гавьяаг яриад байвал дуусахггүй. Тиймээс алдар гавьяатай хутагтын хөшөөг Урлагийн гавьяат зүтгэлтэн уран барималч Х.Цэвэгмид агсан 10-аад жилийн тэртээ урласан юм билээ. Улаанбаатарчууд бол энэ хөшөөг андахгүй. Урчуудын эвлэлийн хорооны хаалган дээр байсан хөшөө шүү дээ. Уг хөшөөг олон сайхан дархчууд, уран барималчдаар сэргээн засварлуулж улмаар нутагт нь аваачиж залъя хэмээн гэр бүлийнхэнтэй нь ярьсан. Тэд ч маш дуртай зөвшөөрсөн тул Сүхбаатар аймаг руу шилжүүлж, аймгийн төвийн чанх урд талд урагшаа харсан байдалтайгаар буюу Эрдэнэцагаан сум руу нь харуулж залсан. Үүний төлөө маш их сэтгэл зүтгэл гаргаж, шашны талаас нь маш их зөвлөгөө өгсөн хүн бол түүний шавь бурханч лам Г.Пүрэвбат. Энэ хөшөөг уран баримал гэхээсээ илүүтэйгээр шүншиглэсэн бурхан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл бурханч лам Г.Пүрэвбат түүний биед бурхны ном судраас эхлээд шүншиглэсэн бурханд юу хийх ёстой тэр бүгдийг хийсэн. Энэ хөшөөнийхөө нээлтийг XVII жарны “Тийн ялгуусан” хэмээх Усан могой жилийн Шинийн долоонд буюу энэ сарын 17-нд нийт Сүхбаатарчууд болон Эрдэнэцагаанчуудынхаа оролцоотойгоор хийнэ. Хөшөөний нээлтийн үеэр азарга, их нас, соёолон насны морьдын уралдаан зохион байгуулна. Ер нь Сүхбаатарчууд ямарваа нэгэн баяр ёслолын үеэр хурдан морьдоо уралдуулж олноороо баясаж нааддаг. Мөн Егүзэр хутагтын талаар хийсэн  эрдэмтдийн судалгаан дээр түшиглэн баримтат кино хийсэн, түүнийгээ нутгийн ард олондоо анх удаа толилуулна. Түүнчлэн Монголын радио болон “Боловсрол” телевизээр хутагтын тухай олон сайхан нэвтрүүлгүүд гаргахаар бэлдээд байгаа.

-Хутагтын хөшөөг яагаад аймгийн төвд байрлуулсан юм бэ?
-Эрдэнэцагаанынхан хутагтаа их дээдэлдэг, тэр ч утгаараа түүний олон сайхан хөшөө байдаг. Гол нь хутагтыг зөвхөн Эрдэнэцагааныхан өмчилж болохгүй. Яагаад гэвэл тэр төр засгийн маш том зүтгэлтэн хүн. Тийм учраас аймгийн төвд байрлуулах нь дээр гэж шийдсэн. Нөгөө талаар  аймаг маань сүүлийн үед маш хурдацтайгаар хөгжиж, хот шинжиндээ орж, хөгжил дэвшлээрээ улсдаа манлайлж байгаа аймаг шүү дээ. Тэгээд ч соёл урлагийн томоохон төв болоод байгаа Баруун–Урт хотод маань хутагтын хөшөө сүндэрлэх нь зүйд нийцнэ гэж бид бодсон тул  аймгийнхаа төвд залсан.

-Хутагтын хөшөө өмнө нь Урчуудын эвлэлийн хаалган дээр байхдаа уран баримал байсан. Харин одоо равнайлсан бурхан шүтээн болох нь ээ?
-Д.Цэвэгмид гуайн энэхүү ном хураад сууж байгаа гэгээнтний дүр бүхий хөшөө маань маш сайхан бүтээл. Ер нь Д.Цэвэгмид гуайн олон сайхан бүтээл Улаанбаатар хотын гудамж талбайг чимж уран баримал сонирхдог олон хүний мэлмийг баясгаж ирсэн.  Энэ хөшөө урьд нь уран баримал байсан бол нутагтаа очиж, олон шавь нарынхаа хүчинд шүншиглэгдэж амилж, шүтээн болж байгаагаараа онцлогтой. Суугаа ламын дүртэй уг хөшөөний өндөр нь 2.20 см. Ийм том хөшөөний суурь нь бас том байх ёстой хэмээн нэлээд том, өргөн, гүн ногоон өнгийн гантигаар бүрж хүндэтгэл үзүүлсэн. Нутгийн зон олон маань хутагтаа их сайхан хүндэтгэлтэйгээр залжээ гэж дүгнэж байгаа.

-Таныг урлагийн мэдрэмжтэй, урлагт элэгтэй хүн хэмээн дүгнэдэг юм билээ. Учир нь Сүхбаатар аймаг Мөнхчулуун сангийн дэмжлэгтэйгээр “Жаахан шарга” театртай болсон. Саяхан “Сүхбаатар” нэртэй кино театр нээлтээ хийлээ. МөнСүхбаатар аймгийг чимж буй олон сайхан барималууд байна?
-Миний аав, Егүзэр хутагт хоёр нэг нутаг. Аав минь дуу хууранд дуртай, баянхуур тоглодог их авьяастай хүн байсан. Тийм болохоор бага байхад минь хөгжмийн зэмсэгтэй ойр байлгаж,  өөрийнхөө тоглодог баянхуур хөгжмийг тоглож сур гэдэг байлаа. Гэхдээ би баянхуур хөгжмийг нь тоглож сураагүй ч уран зураг, гэрэл зураг их сонирхдог байсан юм. Авсан зургаа угааж байгаа нь гээд ванны өрөөнд өнжиж ээждээ аашлуулах ч үе ч байлаа. Аав минь биднийг ингэж л урлагтай ойртуулсан. Ер нь улс үндэстэн, ард олон соёл урлагаар л тэтгэгдэж, улмаар  зөв зам руу чиглүүлж өгдөг. Улс үндэстэн мөхөхгүй цааш хөгжье гэвэл түүх соёлоо дээдэлж явах ёстой. Тийм ч учраас манай нутгийнхан хамтраад “Наран мандах нутаг” гэж телевизийн олон ангит кино хийсэн. Магадгүй та түүнийг санаж байгаа байх. Одоо бас хүчээ хавсраад олон ангит түүхэн кино хийх гээд бэлтгэл ажилдаа гарчихаад байгаа. Аавынхаа дурсгалд зориулж хөшөө баримал босгоё гэсэн санаа надад байсан л даа. Гэвч таны хэлсэнчлэн аавынхаа урлагт дуртайг нь бодолцоод кино театр байгуулсан. Олон хүн бужигнасан маш сайхан соёлын төв босгосон. Олны шүтээн болсон хутагтын маань хөшөө бас босч байна. Сүхбаатар аймаг ер нь эртний хүн хөшөө,хүний гараар бүтээж урласан нь бий. Онгон суманд гэхэд одоо цагийн хүмүүсийн босгосон 20-иод хөшөө бий. Морин хууранд зориулж босгосон 10 давхар байшинтай тэнцэхээр өндөр хөшөө хөдөө талд ч байдаг. Мөнххаанаас аймаг руу явдаг замын дэнж дээр гэхэд бас 20-иод хөшөө баримал бий. Ер нь Сүхбаатарчууд тухайн цаг үеийнхээ нэртэй цуутай хүмүүсийг хөшөөжүүлж барималжуулан түүх болгон үлдээхдээ гаргуун улс гэж би боддог юм. Сүүлийн гурав дөрвөн жилд манай аймагт 200 гаруй үйлдвэр шинээр ашиглалтанд орсон. Энэ үйлдвэрүүд ашиглалтанд орсноор Сүхбаатарчууд бид нутагтаа барилгын болон зам харгуйн бүхий л зүйлийг хийдэг боллоо. Ер нь Сүхбаатарт маш их бүтээн байгуулалт явагдаж байгааг монголчууд анзаарч байгаа байх. Харин тэролон баримлуудыг ашиглалтанд ороод удаагүй байгаа манай нутгийн чулууны үйлдвэрээс урлаж байгаа  бүтээл. Баруун-Урт маш эрчимтэй хотжиж байна гэж би түрүүнд хэлсэн. Хотын нэг шинж нь уран баримал. Соёл урлагаа хэрхэн хөгжүүлж байна вэ гэдгээс тухайн хотын өнгө төрх харагддаг. Энэ үүднээсээ Баруун-Урт аль хэдийнэ хот болсон гэж би хэлэх гээд байна.

-Егүзэр хутагтын хөшөөний нээлтийн үеэр хурдан морины уралдаан болно гэлээ. Та ер нь хэр морь сонирхдог вэ?
-Моринд дургүй монгол хүн гэж байхгүй биз ээ. Би морины зураг авах их дуртай. Тиймдээ ч сайхан ажнайн зураг хараад сууж байх гоё байдаг юм. Цагаан сар, улсын баярын хурдан морины уралдааныг ажил төрлөө зохицуулж байгаад боломж гарвал харчихыг боддог. Ер нь их бага гэлтгүй морины уралдаан үзэх дуртай. Хөдөө айлд очоод хурдан сайхан хүлгүүдийг харж зогсоно. Нутгийн олон маань олон сайхан хурдан хүлэг өгсөн ч би өөрөө морь уядаггүй. Гэхдээ удахгүй миний нэртэй хурдан хүлгүүд хурдлах байх аа.

-Сүхбаатар аймгийн иргэд өөрсдөө хичээл зүтгэл гаргаж чадвал яаж хөгжиж болдогийг харуулж, жишиг аймаг болох зорилт тавьсан гэдэг.  Таны хувьд аймгийнхаа цаашдын хөгжилд хэрхэн анхаарал хандуулах бол?
-Сүхбаатар аймаг асар хурдтайгаар хөгжинө гэж боддог. Өмнө нь манай аймгийнхан айхтар улс төржиж талцдаг байсан нь хөгжилд садаа болсон. Сүүлийн гурав дөрвөн жилд Сүхбаатарын гаралтай, аймаг орон нутгийн төлөөллүүд хоорондоо ярилцаад талцдаг байдлаа зогсоож, бүтээн байгуулалтанд анхаарч нэгдэж ажиллахаар тохирсон. Ингэснээр зөвхөн улс төрчид төдийгүй нийт ард иргэд сонгуулиа ямар нэгэн хэрүүлгүйгээр хийж чаддаг боллоо.  Сонгуулийн дараа ялсан ялагдсан бүгдээрээ тэврэлдээд ханцуйгаа шамлан бүтээн байгуулалтынхаа ажилд орж чадлаа. Энэ нь л бидний хөгжлийн гол нууц. Сонгууль болж л байдаг бид хийх ёстой ажлаа хийж л байдаг. Ч.Улаан сайд, Монгол Улсын ерөнхий сайд асан Сү.Батболд, МАН-ын генсек асан У.Хүрэлсүх гээд л АН-ыхан биш ч гэлээ биднийг нэгтгэж байгаа нэг зүйл нь Сүхбаатар нутгийн хөгжил. Аймгийн маань хөгжил бидний зааглаж байсан улс төр гэдэг ханыг нурааж чадсан. Дээрээс нь бид шинжлэх ухаанчаар хандсан. 30 жилийн дараа ямар байх вэ гэдэг зураг төсөл томьёлолоо гаргаж,  эмх цэгцтэй замбараатай, төлөвлөж чадсан. Жишээ нь Егүзэр хутагтын хөшөөний нээлтийн ёслолын маргааш нь буюу энэ сарын  18-нд Барилга хот байгуулалтын сайдын зөвлөлийн өртгөтгөсөн хуралдаан манай аймагт хуралдана. Энэ үеэр ирээдүй рүү харсан ажлуудыг хэлэлцэхээс гадна нэн түрүүнд дэд бүтцийг газар дээр нь шийдэж өгнө гэсэн. Энэ бүхэн биднийг хурдацтай хөгжихөд нөлөөлнө.

-Та улс төр гэсэн ханыг нурааж чадсан гэлээ. Гэхдээ сонгуульд ялсан нам нь бүх эрхийг гартаа авдаг нь хууль болсон. Магадгүй дараагийн сонгуулиар ялагдвал аймгийнхаа хөгжилд анхаарлаа хандуулах уу?
-Би энэ хөгжил цааш үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл аль нэг намаас үл хамааран Сүхбаатарчууд хөгжлийн төлөө нэгдсэн нь гол амжилт. Бүх хүмүүсийн ирээдүйн төлөө гэсэн хандлага нэгдсэн учраас энэ хөгжил цаашид үргэлжилсээр байна гэдэгт би итгэдэг.
П.Нарандэлгэр

No comments:

Post a Comment