Thursday, 14 February 2013

"ОТ, ТТ-н асуудлыг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй"

-Гэрээнд өөрчлөлт орлоо гэхэд Засгийн газар өөрөө хийгээд явах боломжтой-
УИХ-ын дарга З.Энхболдтой ярилцлаа. Тэрээр өчигдөр намрын чуулган завсарласантай холбогдуулан цаг үеийн асуудлаар сэтгүүлчидтэй уулзсан юм.

-2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламент намрын чуулганаа өндөрлүүллээ. Энэ намрын чуулганы онцлог, үр дүн юу байв?
-Энэ сарын 8-нд УИХ-ын чуулганы хуралдаан завсарласан. Намрын чуулганы гол үүрэг бол тухайн жилийнхээ төсөв баталдаг. Энэ удаагийн намрын чуулган ажлын өдрөөр тооцвол 93 хоног ажиллаж, УИХ-ын нэгдсэн чуулган 34 удаа хуралдсан байна. Байнгын хороод болон дэд хороод 131 удаа хуралдаж, бие даасан хууль 16, нэмэлт өөрчлөлт орсон хууль 68, олон улсын гэрээ конвенци гурвыг батлан, 16 хуулийг хүчингүй болгож УИХ-ын 59 тогтоолыг тус тус хэлэлцсэн үр дүнтэйгээр намрын чуулганыг өндөрлүүлсэн.
Чуулганаар хэлэлцсэн гол асуудлууд нь 2013 оны төсөв болон түүнийг дагалдах Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сангийн хуулиудыг батлагдсан. Нэгдсэн төсвийн тэнцэл ДНБ-ий хоёр хувийн алдагдалтай гарсан. Төсвийн нийт орлого долоо их наяд 88 тэрбум төгрөгт хүрч, орон нутгийн төсөвт нийт төсвийн 20 гаруй хувийг төсөвлөсөн. Энэ жилээс орон нутаг өөрөө төсвөө захиран зарцуулах болсонтой холбогдуулан нэгдсэн төсөв 2,3 дахин нэмэгдсэн байна. Төсөв нэмэгдэхийн хирээр хөрөнгө оруулалт, урсгал зардал дагаад нэмэгдэж байгаа. Зөвхөн хөрөнгө оруулалт нэг их наяд 800 орчим тэрбум төгрөг болж байгаа. Үүний менежментийг хэрэгжүүлэхийн тулд УИХ болон орон нутгийн иргэдийн хурал хариуцлагаа өндөржүүлж ажиллах нь чухал. Яагаад гэвэл маш их мөнгийг бүтээн байгуулалтад зарцуулж байгаа. Мөн намрын чуулганаар Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан гааль дээр учирдаг хүндрэлүүд хоёр дахин багассан үзүүлэлт оны өмнө гарсан.
 
Мөн таван тэрбум  ам.долларын Чингис бонд,  Арьс ширний үйлдвэрлэгчдийг дэмжиж 140 тэрбум төгрөгийн бонд  буюу нэрлэсэн үнэт цаас гаргахыг зөвшөөрсөн. Ажилласан жил нь өөрөөс нь хамааралгүйгээр тасарсан жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгох, ДОХ-ын тухай хууль, Шүүхүүдийг тойргийн журмаар байгуулах, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль зэрэг олон хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Цөөхөн үгээр хэлбэл, намрын чуулган үр дүнтэй ажилласан.
-Газрын тухай багц хуулийг хэлэлцэж байгаад хуулийн “Газар албадан чөлөөлөх”-тэй холбоотой хэсгийг эргүүлэн татсан. Харин сөрөг хүчний зүгээс бүтээн байгуулалтын ид үед газар албадан чөлөөлөх хууль хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа. Багц хуулийн Газар албадан чөлөөлөх хэсгийг нь яагаад эргүүлэн татсан юм бол?
-Газар албадан чөлөөлөх хэсгийг  дахин боловсруулах шаардлагатай гэж үзээд хуулийн төсөл санаачлагч нь эргүүлэн татсан. Буруу ойлгогдохоор зүйл орсон байна гэж үзсэн. Хуулийн төсөл нь нэрнээсээ эхлээд л алдаатай. Газар албадан чөлөөлөх гэхээсээ илүү нөхөн олговорын хууль байсан. Анх хэлэлцэх эсэх дээр шүүмжлэлтэй тулгарч, Засгийн газар энэ хэсгийг сайжруулаад дахин өргөн барих нь зүйтэй гэж үзэн төслөө эргүүлэн татсан. Засгийн газар сайжруулаад дөрвөн сард дахин өргөн барих байх.
 
-Чингис бондыг олон улсын зах зээлд гаргасан. УИХ-аас энэ тогтоолыг гаргаж байхдаа  тодорхой шалгуурыг тавьж байсан. Эдийн засгийн хөгжлийн сайд хэлэхдээ Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг үе шаттайгаар бондын мөнгөөр хийнэ гэсэн байр суурийг илэрхийлсэн. Нийгмийн даатгалын санг эргэлтэд оруулах боломжийг хангах зорилгоор сангийн үлдэгдлийг тодорхой хязгаартайгаар зохицуулах хууль эрх зүйн орчныг хэзээ боловсруулах вэ. Ер нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эргэлтэд оруулах талаар та ямар байр суурь баримталж байгаа вэ, УИХ?
-Нийгмийн даатгалын сан өөрөө хөрөнгө оруулалтын сонгодог хэлбэр. Харин манайд социализмын үед тэтгэвэрт гарсан хүний тэтгэврийг улс хариуцдаг байсныг 1995 оноос тэтгэвэрт гарахдаа өөрийн нэрийн данстай болж, өөрөө тэтгэврээ төлдөг болсон. Өөрөөр хэлбэл, 10 хувийг өөрөө, 10 хувийг тухайн аж ахуйн нэгж  төлж ирсэн. Энэ мөнгөнөөс 1995 оноос хойш тэтгэвэртээ гарсан хүмүүс тэтгэврээ авдаг болсон. Нийгмийн даатгалын мөнгө нь тодорхой нэг дансанд хуримтлагдаж, өсч байх ёстой байдаг. Харин Монголд мөнгө дутвал 1995 оноос хойш хуримтлагдсан мөнгийг Засгийн газар өөрөө авч хэрэглэдэг болсон. Засгийн газрын түвшинд энэ асуудлыг ярьж буй. 1995 оноос хойш нийгмийн даатгал төлж буй хүмүүсийг мөнгийг хуримтлуулж,  моргежийн зээл буюу үл хөдлөх хөрөнгөөр барьцаалсан орон сууцтай болгох зээлд хэрэглэхээр судалж байна. Үүний тулд Засгийн газар өрөө төлж, олон хүнийг  байртай болгох, барилгын салбараа хөгжүүлж болох юм. Гэхдээ бондын мөнгийг шууд бусаар хэрэглэх юм. Бондын мөнгө орж ирснээр Нийгмийн даатгалын санг эргэлтэд оруулах боломжийг Сангийн яам болон Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлээд байгаа.
 
Бондын талаар хүмүүс буруу ойлголттой яваад байгаа юм. Ялангуяа МАН-ын зүгээс банкнаас зээл аваад түүгээрээ бизнес хийгээд эргүүлэн төлдөг байдлаар иргэдэд буруу ойлголт өгөөд байгаа. Бонд бол хэлбэрийн хувьд банкнаас авч буй зээл шиг ч гэсэн илүү том агуулгатай, эдийн засгийг тогтворжуулагч санхүүгийн механизм. АНУ, Япон зэрэг улсууд өдөр бүр бонд гаргаж, 20-30 жилээр үнэт цаас гаргадаг. Анх гарахдаа дэд бүтцэд хөрөнгө оруулахаар бонд гаргадаг. Бонд гаргасан дэлхийн бүх улсын бонд дэлхийн зах зээл дээр чөлөөтэй арилжигддаг учраас санхүүгийн нэг хэрэгсэл юм.
 
-Дэлхийн банкнаас Чингис бондын хөрөнгө улсын төсөвтөө тооцооч гэсэн зөвлөмж өгч байгаа. Үүнийг хийх боломжтой юу? УИХ-ын намрын чуулган бизнесийг хөнгөвчлөх тал дээр хэр зэрэг суурийг нь бэлтгэж өгсөн гэж бодож байна вэ?
-УИХ Засгийн газраас өргөн барьсан хуулиудыг хурдан, шуурхай гаргаж өгч байгаа. Хэрэв Засгийн газрын үйл ажиллагаанд саад болж байгаа зүйл байвал УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлээд явж байгаа. Дэлхийн банкны ярьж  байгаа зүйл бол санхүүгийн тоо бүртгэлийн асуудал бөгөөд агуулгад бол нөлөөлөхгүй. Одоогийн хуулиар бондыг төсөвт тусгадаггүй хуультай.  Энэ хууль нь сайн, муу талтай. Муу тал нь төрийн оролцоог том харагдуулдаг. Тиймээс муу талыг нь өөрчлөөд явна.
 

-Шинэ УИХ байгуулагдсанаас хойш шинэчлэлийн талаар ярьж байна. Хуулийн орчин, Эрүүгийн хуулийн шинэчлэл гээд. Дөрвөн жилийн дараа Монгол Улс эрх зүйн хувьд ямар улс болсон байх вэ?
-Хууль зүйн салбарын шинэчлэл удаан явагддаг. Жишээлбэл, Хуульчийн сонгон шалгаруулалтын тухай хуульд өөрчлөлтүүд орсон.  Шинэ системээр хуульч гэж хэнийг хэлэх, яаж  шалгалт авах, шүүх эсвэл прокурортой ажиллах уу, ажилласан жилийг хэрхэн тооцох вэ гэх мэтийн олон асуудал бий. Гэтэл хуучин системээр сурсан хүмүүсийг яаж шинэ системд шилжүүлэх, хэрхэн шалгалт авах,зэрэг цолыг нь яах гэдэг олон жилийг хамарсан шилжилт хийхгүй бол болохгүй. Их удаан энерцитэй салбар. Өмнөх Хууль зүйн сайд нь энэ салбарт хийх ажил байхгүй гэж ярьдаг байсан, Ардчилсан намд бол хийх ажил маш их бий, эхнээсээ ч хийгээд эхэлж байна.
 
-Хаврын чуулган дөрөвдүгээр сарын 5-нд хуралдах товтой. Үүнээс урьтаж, Оюутолгой, Тавантолгой, эвсэл төсвийн тодотголтой холбоотойгоор ээлжит бус чуулган хуралдах уу. Оюутолгойн хөрөнгө оруулагчдийн уулзалт энэ сарын сүүлчээр болно. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт орох болов уу? 
-Оюутолгой, Тавантолгойн  гэрээг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй. УИХ гаргах ёстой тогтоолоо гаргасан байгаа. Гэрээнд өөрчлөлт орлоо гэхэд Засгийн газар өөрөө хийгээд явах боломжтой. УИХ 2009 онд гэрээ хийх эрх, ямар зохицуулалт хийхийг нь Засгийн газарт  зааж өгсөн. Энэ хүрээнд Засгийн газар Рио тинто хоёр хоорондоо зохицох боломжтой.
 
-Дөрөвдүгээр сараас эхлэн бүтээн байгуулалт эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Төсөвт тодотгол хийх шаардлагатай юу?
-2013 оны төсөвт тодотгол хийхгүйгээр бүтээн байгуулалт хийж болно. Энэ оны төсвийн хөрөнгө оруулалтыг нэр, төсвөөр нь тодорхой баталсан. Одоо тодотголгүйгээр бүтээн байгуулалтаа хийх боломжтой. Харин төлөвлөсөн орлого орж ирэхгүй бол зардлаа хасахын тулд тодотгол хийж магадгүй. Хоёрдугаар сарын эхний хоёр долоо хоногийн байдлаар тодотгол хийх зүйл гараагүй байна.
 
-Саяхан БНХАУ-ын АИХ-ын Байнгын хорооны дарга айлчлаад буцсан. Айлчлалын өмнөхөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд нь Тавантолгой, Чалькотой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн ярилцлагыг өгсөн. Тиймээс айлчлалын үеэр энэ асуудлыг ярилцсан болов уу, энэ айлчлалын гол зорилго юу байсан бэ?
-Айлчлалын үеэр энэ талаар яригдаагүй. Хоёр улсын хууль тогтоох байгууллагын ярих, хэлэлцэх зүйлд хоёр компанийн  асуудал орохгүй. Үүнийг Засгийн газар ярьж хэлэлцэх асуудал.  УИХ дарга асан Д.Дэмбэрэл БНХАУ-д айлчлаад ирсний хариуд У Бангоу дарга төлөвлөгөөт айлчлал хийсэн. Ер нь бол хоёр компани хоорондоо яриад, шийдвэрлээд явах бүрэн боломжтой. Хоёр улсын парламентаар олон улсын чанартай гэрээ хэлэлцээр, зээлийн талаар ярилцана. Харин хоёр компанийн аж ахуй асуудлыг ярих боломжгүй. Тийм журам, жишигтэй учраас Тавантолгойн асуудлаар яриагүй.
 
-Намрын чуулганаар хэлэлцсэн гол хуулиудыг та нэрлэсэн. Ер нь УИХ хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах хоёрын алинд нь илүү анхаарах ёстой юм бэ?
-Хууль бол амьдралыг зохицуулдаг. Амьдралаас ямар зохицуулалт шаардагдана, түүнийг нь хуулиар зохицуулна. Огт байхгүй харилцааг зохицуулахын тулд шинэ хууль бичигддэг, одоо явж байгаа хууль нь амьдралаас хоцрогдоод байвал зохицуулалт хийхийн тулд нэмэлт өөрчлөлт хийдэг.  Нэмэлт, өөрчлөлт бол маш олон хийдэг, шинэ хууль бол цөөхөн батлагддаг.
 

-УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд тодорхой болсон. Ардчилсан намын зүгээс хэд хэдэн хуулийг заавал хэлэлцэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж буй. Тухайлбал, Газрын тухай хууль хоёр ч парламент дамнаж байгаа учраас хаврын чуулганы эхэнд хэлэлцэх ёстой гэхчлэн олон хуулийг давхардуулж байна. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-Энэ асуудыг гишүүд өөрсдөө шийддэг. Төлөвлөгөө бол бидний барьж  ажиллах хэм дараалал мөн. Гэхдээ гишүүдийн олонхи нь энэ хуулийг дараалал харгалзахгүй хэлэлцэнэ гэвэл хэлэлцээд явна. Олонхийн санал авч чадахгүй бол хууль хэлэлцэгдэхгүй, батлагдахгүй шүү дээ.
 
УИХ-ын гишүүд хэзээ хариуцлагатай болох вэ. Гишүүдийн ирц дутагдалтай байдгаас болоод ирц, саналаа хурууны хээгээр өгнө гэсэн хуулийн төслийг зарим гишүүд санаачлаад байгаа?
-Хурууны хээгээр саналаа өгч болно, гишүүд ч дэмжиж байгаа. Гэхдээ санал хураадаг цагтай болох төсөлтэй хамтад нь хэлэлцээд явья гэсэн саналтай  байгаа. Гэхдээ техникийн хүндрэл байгаа. Хурууны хээгээр санал өгдөг машинуудыг зөвхөн чуулганы танхимд бус байнгын хорооны танхимд мөн байршуулах, бүгдийг компьютерт холбох, санал өгөх бүрт хурууны хээг нь шалгах гэх мэтийн асуудалд багагүй хөрөнгө оруулах шаардлага бий. Өмнөх УИХ-ын Тамгын газрын даргын үед Солонгосын   “Kойка” байгууллагаас тусламж авахаар болсон. Энэ тусламжийн мөнгө орж ирэхээр  төсөвт хүндрэлгүйгээр энэ ондоо багтаагаад хийх байх.  Ер нь бол гишүүд ирцээ хангаад ирж байвал саналын машин Улаанбаатарын утаанаас ач холбогдолгүй л асуудал.
-Парламентийн шинэ гишүүдийн санаачилсан хууль шүүмжлэл дагуулаад байна. Тухайлбал, гадаад эхнэр, нөхөртэй гэр бүлийн зохицуулалт гэх мэт. УИХ-ын гишүүд хууль санаачлах эрхтэй. Гэхдээ иргэдийнхээ язгуур эрх руу өнгийсөн хууль боловсруулах нь хэр зүйтэй юм бэ?
-УИХ-ын гишүүд хууль санаачлах эрх нь нээлттэй. Гэхдээ гадаад эхнэр, нөхрийн талаар яригдсан хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаагүй. Хууль санаачлах талаар бодож байгаа зүйлээ батлуулсан юм шиг ярьсан нь буруу зүйл юм. Нэг гишүүний санаа байсан. Сайн тооцолгүй өргөн баригдаад хэлэлцүүлгийн явцад маш их шүүмжлэл дагуулаад, “но”-той нь  мэдэгдээд хэлэлцэгдэж чадахгүй байгаа олон хууль бий. Гишүүдийн олонхи нь дэмжиж хууль болж чадах эсэх нь хамгийн чухал шалгуур болно. Шинэ гишүүд юу ч ярьж болно. Гэхдээ Үндсэн хууль зөрчсөн хууль санаачлах шаардлагагүй. Одоо бол гишүүд хууль санаачлахын өмнө захиалгаар судалгаа хийж, төсөвт тааруулах, олон улсын болон Монгол Улсын хууль тогтоомжид нийцэх эсэхийг судалдаг болсон.
 

-УИХ-ын гишүүд санаачилсан хуулиа олон нийтэд таниулах зорилгоор хэвлэлийн хурал хийдэг. Тухайлбал, Түрээсийн гэрээнг зохицуулах тухай хууль гэхэд иргэдийг  сандаргаад байна. Гишүүн бүр хууль санаачлах эрхтэй гээд иргэдийг сандаргаад байгааг олон улсын жишгээр зохицуулах боломжтой юу?
-Зарим улсын парламент 400, 500 орчим гишүүнтэй байдаг. Тэр хууль нь хөрөнгө мөнгөтэй холбоотой бол Засгийн газраасаа зөвшөөрөл авах дэлхийн жишиг бий. Мэдээж бүх юмны үнийг хуулиар зохицуулахгүй. Болж өгвөл зах зээл  өөрөө зохицуулаад явах ёстой. Зохицуулах зайлшгүй шаардлага гарвал Шударга  өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гэж бий. Зах зээлд өрсөлдөгчид бүгд шударга байдаггүй учраас хоорондоо үгсэн хуйвалдах тохиолдол гардаг. Үүнийг албадан арга хэмжээ авах гэж ШӨХТГ-ыг байгуулсан.  Гэхдээ энэ байгууллага бас бүх юмны үнэд оролцоод байх боломжгүй. Хаана үгсэн хуйвалдаж байгааг л зогсоох ёстой байгууллага юм. “Нарантуул” зах дээр үнийг тогтворжуулах талаар ярих боломжгүй. Энэ бол төгс өрсөлдөөн. Гэтэл зургаан нефть үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаад үнэ нэмбэл зохицуулж болно. Түрээсийн гэрээг зохицуулах боломжгүй. Улс даяар түрээслэх үйл ажиллагаа явуулж буй маш олон иргэн, аж ахуй бий. Тэд зах зээлийн журмаар ажиллаж байгаа эсэхийг л ажиглаж байх ёстой юм.  Өрсөлдөөн байх нь үнийг зөв болгодог.
 
-Өнгөрсөн онд Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт хэмжээний урсгал 18 хувиар татарсан үзүүлэлт гарсан. Үүнд хөрөнгө оруулагчдын хүлээлт том байр суурь эзэлсэн байх. Энэ жил стратегийн зарим салбарт хөрөнгө оруулалтын зохицуулах тухай хуулинд өөрчлөлт оруулна, хөрөнгө оруулалтын хязгаарыг уян хатан болгоно гэж яригдаад байгаа. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Ер нь бол гадаадын хөрнгө оруулалтыг зохицуулах шаардлага байгаа. Өнгөрсөн тавдугаар сард батлагдсан хууль хатуудсан гэж яриад байгаа. Энэ талаар Загсийн газар, УИХ-ын гишүүд хууль санаачлах эрх нь нээлттэй. Гадаадын хөрөнгө оруулалтын бууралт Оюутолгойн ил уурхайн хөрөнгө оруулалт бараг дууссантай холбоотой. Зөвхөн энэ орд дээр жил бүр нэг тэрбум ам.доллар орж ирдэг байсан. Үйлдвэр баригдаж дуусч байгаа учраас хөрөнгө оруулалт буурах нэг шалтгаан болсон. Мөн өмнө нь энэ салбарт хууль эрх зүйн зохицуулалт байхгүй байсныг өнгөрсөн тавдугаар сард хуульчилсан. Гэхдээ энэ нь зарим талаараа хатуудсан зүйл байж болно. Бүх зүйлийн эцсийн шалгуур нь Монгол Улсын эрх ашиг хаана байна вэ гэдэг зүйл. Гадаадын хөрөнгө оруулалт бидэнд хэрэгтэй, гэхдээ тэдэнд зориулж тийм их хөнгөлөлтийг өгөх шаардлагагүй, хязгаарлалтууд нь мөн логиктой байх ёстой юм.
 
-Намрын чуулганы хаалт дээр та төсвийн хэмжээ нэмэгдэж, төсвөөс  гадна төрийн мөнгөөр баталгаажсан хөрөнгө оруулалтууд нэмэгдэж байгаа талаар ярьж байсан. Иргэд ойлгохдоо Чингис бондтой холбож ойлгоод байгаа. Тухайлбал,  Чингис бондын зарцуулалтын талаар олон нийт мэдээлэлгүй байна.  Мэдээлэлтэй байхын тулд ямар механизмыг  хөгжүүлэх ёстой юм бол?
-Мөнгө нь эргэн төлөгдөх ёстой. Нэг төсөлд 30 хувиас хэтрэхгүй гэм мэтийн хэд хэдэн шалгуур байгаа. Төлөгдөх хугацаа нь бондын хугацаатай таарч байх ёстой. Энэ хугацаанд хийгдэхгүй бүтээн байгуулалтад хөрөнгө оруулахгүй, ялгаа хязгаарыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тогтоосон байгаа.
 

-Дэлхийн банкны эдийн засагчдын хэлж байгаагаар хугацаа давчуу байгаа  учраас зам, төмөр замын бүтээн байгуулалтад тендергүйгээр хөрөнгө оруулалт хийх нь нөгөө талдаа хяналтын тогтолцоо байхгүй болж Чингис бондын мөнгө үр ашиггүй зарцуулагдах нь гэсэн хардлага байна л даа?
-Ямар төсөл сонгож, хөрөнгө оруулахаас шалтгаална. Манай улсад энэ жил барих замын урт замын компаниудын зам барих чадвараас даваад байгаа юм. Тэгэхээр тендер зарлаж, хэн нэгнийг шалгаруулах утгагүй болж байгаа. Засгийн газраас замын компаниудтай уулзаж, энэ жил хэр хэмжээний зам тавих чадвартай вэ гэдгийг нь сонсч байгаа. Хийх ажил нь бага, хийх компани нь олон байвал өрсөлдөөн бий болж болно. Гэтэл одоо хийх ажил нь их, компани нь цөөдөөд байна.
-УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашиж байгаа нь УИХ Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих тогтолцоог доголдуулж байна гэж үзэх хүмүүс бий?
-Засгийн газар, УИХ  хоёр ялгаатай байх ёстой. Энэ удаагийн сонгуулийн үр дүн байгуулагдсан парламентад олонхийн  суудал авсан нам байхгүй. Харин олон суудал авсан нам нь өөрсдөө шийдвэрлэсэн. Нэг хэсэгтээ ийм байдлаар явах байх. УИХ-ын гишүүд Засгийн газрын шийдвэрийг зөв ч байсан буруу ч байсан дагадаг  сөрөг тал байгаа. Яваандаа гуравны нэгээс илүүгүй нь Засгийн газрын гишүүн байх зэрэг зохицуулалт хийх ёстой. 
 

-Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал олны анхаарал татсан. Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ хэтэрсэн. Мөн хөрөнгө  оруулалтын гэрээтэй холбоотой УИХ-ын 57-р тогтоол бүрэн биелсэн гэж Засгийн газар мэдэгдэл гаргасан байсан?
-Засгийн газрын мэдэгдэл нь буруу мэдэгдэл байсан. Биелээгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. УИХ-аас гаргасан тогтоол бол хууль. Хууль биелэгдэж байх ёстой.
 

-УИХ-ын хаврын чуулганаар 2014 оны төсвийн төсөөллийг хэлэлцэж эхэлнэ. Үүнээс урьтаж,  стратегийн ач холбогдолтой уурхайнуудын гэрээг нэг мөр болгохоор Засгийн газар тодорхой үүрэг чиглэл өгч байгаа юу?
-Оюутолгой гэхэд хөрөнгө оруулалт нь хэтэрсэн, хууль биелүүлээгүй хэд хэдэн заалт бий. Энэ зүйлүүдийг засч, залруулбал Оюутолгой асуудалгүй болно. Тавантолгойн Баруун цанхийн операторийг сонговол өөр асуудал байхгүй. Төмөр замын асуудал нь шийдэгдсэн. Хавраас ажлууд эхлэх ёстой.
 
-Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг  эргүүлэн татсан. Хуулийг хэлэлцэх процесс нь буруу байна уу, хэвлэлийн эрх чөлөөний хууль болохоор гишүүд өөрсдийн саналыг тусгахаар хуулийг  анх санаачилснаас эсрэгээр нь болгочихов уу?
-Бид дэлхий дээр рекорд тогтоосон улс болсон байгаа юм. 2,5 сая хүнтэй 30 телевиз, 800 сонин байдаг. 800 сонин бүгд гардаггүй ч энэ салбар асуудалтай байгааг хэлж байгаа юм. Энэ хуулийг  өнгөрсөн парламентын үед  өргөн барьсан. Энэ хууль батлагдахгүй байгаа хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, радио долгион бол улсын өмч. Улсын өмчийг ашиглаж, тухайн долгионоор нэг хүн, нэг намд зориулсан нэвтрүүлэг явуулаад байвал хувийн телевиз мөн эсэх нь яригдсан. Анх өргөн барьсан хуулинд энэ зохицуулалт байхгүй. Мөн шинээр гарч ирсэн вэб сайтуудын талаархи зохицуулалт байхгүй. Энэ мэтээр энэ хууль том зах зээлийн жижигхэн хэсгийг зохицуулах гэснээрээ амжилтгүй болсон. Хууль санаачлагч анх өргөн барьсан хууль нь маш их эвдэгдэж гарахыг мэдээд эргүүлэн татсан. Хэлэлцүүлгийн явцад бид нууцын тухай хууль, өргөн нэвтрүүлгийн тухай хууль, сэтгүүлчийн эрх ашиг, хэвлэлийн газрын эрх ашиг  хоорондоо ялгаатай гэдгийг харсан. Тиймээс Засгийн газар өөсрдөө гэрийн даалгавраа сайн хийх шаардлагатай байна.
 
-Улс төрийн намуудын тухай хууль яригдаж байна. Санхүүжилтыг хэрхэн зохицуулах гэх мэт. МАН-ын  зүгээс энэ саналыг хүлээж авах болов уу?
-Намуудын тухай, Үндсэн хууль, сонгуулийн хуультай холбоотойгоор гурван ажлын хэсэг гарч ажилласан. Энэ гурван ажлын хэсэг намуудын одоо явж байгаа санхүүжилт буруу юм байна гэдэгт нэг байр суурьтай байгаа. Тухайлбал, Гаалийн Ерөнхий газрын дарга асан Х.Баатар 100 сая төгрөгийн авлига аваад намдаа намдаа санхүүжилт өгсөн. Үүнээс үүдээд намуудын санхүүжилтийг нэг мөсөн шийдэе, өмч хөрөнгөтэй байх, гишүүнчлэлтэй  байх, буруу намын системийг үргэлжлүүлэх эсэхийг шийдье гэж байгаа юм. Нэг зүйл дээр ижил байр суурьтай байгаа, намууд. УИХ, Орон нутгийн сонгуульд ялсан намууд төсвөөс тодорхой мөнгө авах ёстой гэж байгаа юм. Нэг бол компаниудын эрхшээлд орох, нэг бол төсвийн хараат байдалд орохоор болоод байгаа. Бид өнгөрсөн хугацаанд компаниудын санхүүжилтыг сонгосон энэ нь байгалийн баялагтай улсын хувьд тохиромжгүй. Компаниуд нь хөрөнгө оруулаад эргээд байгалийн баялгийг нь давуу эрхээр авдаг систем Монголд хэрэгжих боломжгүй.Тиймээс УИХ, Орон нутгийн сонгуульд ялсан нам нь төсвөөс тодорхой хэмжээгээр санхүүжиж, тэр хэмжээгээр ил тод, хяналттай болох юм. Сонгуулийн хуулийн ажлын хэсэг нь олон сонгуулийн хуулиудын онцлогийг харуулсан нэг том тогтолцоотой болохоор ажиллаж байна. Намуудаа цэгцэлж, сонгуулийн хуулиа цэгцлэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал гарч ирнэ. Ялангуяа дордуулсан долоон заалтыг байхгүй болгочихвол Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байхгүй гэх мэтийн зохицуулалт хийх боломжтой.
 
-2010 онд батлагдсан Төрөөс баримтлах төмөр замын бодлогын баримт бичигт тусгаснаар “Өмнөд төмөр замын царигийн асуудлыг Засгийн газар тухай бүрт нь УИХ-аар шийдвэрлүүлнэ” гэсэн байгаа. Гэтэл одоо Засгийн газар өөрөө шийдчихсэн гээд байгаа? 
-Хэрэв бүтээгдэхүүн шууд гадаад руу гардаг буюу одоогийн төмөр замаас өөр замаар гарахаар бол төмөр замын царигийн асуудлыг Засгийн газар УИХ-д оруулж ирнэ гэж заасан байгаа.

-“Монголын төмөр зам” компани хэд хэдэн чиглэлд төмөр зам барихаар ТЭЗҮ-гээ боловсруулаад хөрөнгө оруулагчдад урилга гаргасан. Тавантолгой нь гацсан, Оюутолгойн гэрээ хэрхэх нь тодорхойгүй байгаа энэ үед төмөр замд хөрөнгө оруулагчид олдох болов уу?
-Монголын төмөр замыг сонирхогчид олон байгаа. Төмөр замд хөрөнгө оруулбал удаан хугацаанд тогтвортой, мөнгөө буцааж авах боломжтой гэдгийг харж байгаа. Уул уурхай, хэрэглэгч байгаа нь төмөр зам ашигтай гэдгийг харуулж байгаа юм. Төмөр замын ТЭЗҮ-г дэлхийн хамгийн том бизнесийн зөвлөгөө өгдөг “Маккензи” компани хйисэн. Үүнийг олон  хөрөнгө оруулагчид боломжтой гэж харж байгаа. Энэ төслийг Х.Баттулга сайд ганцаараа хийсэн зүйл биш. Төмөр замд нэг удаа хөрөнгө оруулахад 30 жилийн турш тасралтгүй, тогтвортой орлоготой орон дэлхий дээр цөөхөн байна. Гэхдээ 51 хувь нь улсын өмч 49 хувь нь гадаадын хөрөнгө оруулалт юм. Өмнөх болон одоогийн УИХ төмөр замын цариг болон бусад бүх асуудлыг шийдвэрлэсэн. Одоо хэрэгжүүлэх л хүлээлттэй байна.
 
Ш.ОЮУНЧИМЭГ


No comments:

Post a Comment