-Таныг төрд ажиллаасай гэсэн хүсэл нийгэмд их байх юм. Гэтэл та эргэлт буцалтгүй хувийн хэвшлийн хүн болжээ?
-Манай сэтгүүлчид л надад ажил олоод өгчих санаатай их санаа тавих юм. Би хөөцөлдөөд сайд болбол надад амархан байх аа. Бүр болдоггүй юм гэхэд нэг агентлагийн дарга энэ тэр болоход бол надад ядаад байх юм байхгүй дээ. Нэг газар Элчин сайд болоод явъя гэхэд надад хэн унжих юм бэ! Эсвэл хотынхон газраа хуваагаад л байна, очоод надад нэг төвийн газар өгчих гээд хэлэхэд хэл амгүй өгнө дөө. Одоо энэ алалдаад байгаа уул уурхайгаас чинь би нэг орд авна гээд зүтгэвэл зүгээр оочиргүй л өгнө дөө. Гэвч би өөрийнхөө чадлаар л хуулийн дор амьдрах ёстой байхгүй юу, тийм үү? Яагаад би зоригтой байдаг юм? Яагаад гэвэл би цэвэр. Надаас ухаад хууль бус юу ч олохгүй. Би хууль бус юу ч хийдэггүй. Тийм учраас л би бусдын булхайг хэлж чаддаг. Хоёрдугаарт, нөгөө талаар галзуу солиотой хүн шиг хүн гүтгэх ямар ч шаардлага надад байхгүй. Энэ бол дахиад л хууль зөрчиж байгаа хэрэг.
-Манай сэтгүүлчид зөвхөн таны төлөө санаа зовоод, Баабарыг төрд ажиллуулах юмсан гэж дуугардаг юм биш л дээ. Нийгмийн тодорхой хэсгийнхэнд хүсэл байдаг. Жишээ нь, парламентад янз бүрийн нөхдүүд сууж байна шүү дээ. Хар захын эзэн ч байж байх шиг. Гэтэл тэнд чинь бодлого хийдэг, идей гаргадаг хүмүүс баймаар байна. Үүнээс болоод л хүмүүс үгүйлдэг, санал гаргадаг байх?
-Хүмүүсийн хүсэл эрмэлзлэлийн нэгдэл бүх нийтийн сонгуулиар л илэрнэ шүү дээ. Одоо болохоор энэ Их хурлаа нэг их зүхэх юм. Өөрийгөө толинд хараад л зүхээд байгаа хэрэг шүү дээ. Яагаад гэвэл УИХ бол манай нийгмийг жижигрүүлж проекцолсон тусгал нь.
-Тийм ээ. Өөрсдийн маань сонгож явуулсан нөхдүүд?
-Хариуцлагаа хүлээж сурмаар юм. Өөр хэнд хариуцлага үүрүүлэх гээд байгаа юм? Өнгөрсөн 20 жил буу тулгаж байж сонгуулчихсан тохиолдол нэг ч гараагүй. Мэдээж зальдсан, луйвардсан явдал бий л дээ. Гээд ерөнхийдөө л та бидний сонголт дүн нуруугаар гарч байгаа. Тэгээд л амлалтад болчихлоо ч гэх шиг. Тэгвэл юу гэж амлалтад нь болсон юм? Өөрийнх нь байж байгаа царай л тэр. Би бол УИХ-ын гишүүн болох гэж үнэхээр нэг ч удаа зүтгэж байгаагүй. Ерэн оны анхны сонгуулиар л баахан нөхдүүд “стадион барина”, “дэлгүүр барина” гээд эхэлсэн. “Миний ажилладаг институдэд түлэнхийний тос байдаг юм. Түлэгдэж барьсан хүн байвал би тос үнэгүй олж өгч чадна шүү” гэж би хэлсэн. Яг үнэндээ тэр чинь хүнд юм үнэгүй олж өгдөг мест биш шүү дээ. Тэгээд л би ерөөсөө тэр ерэн оны анхны сонгууль дээр л унасан. Тэрнээс хойш би дандаа л юм тараах хоосон амлахаас холуур байсан. Гэхдээ би намын дарга марга байсан л даа. Ямар орохгүй гээд байлтай нь биш. Тэгээд ороод л нөгөөдүүлд нь тэгж хэлээд л уначихдаг байсан хэрэг. 1996 оных чинь бол ёстой нөгөө давалгаа байсан байх.
-Бор халзан хонинуудын дунд та ч гэсэн тууж яваад гараад ирчихсэн гэж үү?
-Нийгмийн давалгаа л тийм байсан. Бод л доо. Би нэг цуйван яаж хийх вэ гэдэг жортой, хүүхдийнхээ зурсан зурагтай хагас нүүр сонин тараасан, өөр юу ч хийгээгүй.
-Та өөрөө хүсдэггүй юм байж. Нам яв л гэдэг биз дээ. Та ч гэсэн тэрэнд нь түлхэгдээд явж л байсан. Сонгинохайрханд “Ном, ноолуур, тамхи гурав өрсөлдөж байна” гээд л байсан. Та бас уначихсан?
-Тэгсэн л дээ. Гэхдээ наад сурталчилгаа чинь худлаа. Улсуудын л гаргасан яриа. Би нэг их ном тараагаад л гүйгээд байсан юм байхгүй. Хүүхдийн хөөрхөн газрын зураг хийсэн. Тэрийгээ айлуудаар тараах ёстой боллоо. Тэгсэн чинь хайран санагдаад нэгдүгээр хорооллын наад хэсгийн хэдэн айлаар л тараагаад, үлдсэнийг нь дэлгүүрт тавиулаад зарчихсан. Хайран санагдаад. Аягүй гоё газрын зураг даа.
-Үзэж байсан...
-Монголд гарсан хүүхдийн хамгийн хөөрхөн газрын зураг тэр болсон байх.
БИ ЭРГЭЛТГҮЙ ГОМДСОН
-“Непко”-г байгуулаад хэр удаж байна аа?
-Одоо дөрөв дэх жилдээ орж байна.
-Монголын оюун санааны ертөнцөд өөрийн байр суурьтай том компани болж тогтлоо. Эндээсээ та амьдралынхаа бүх хэрэгцээг хангаж чадаж байна уу. Манайд оюуны хөдөлмөрийн үнэлэмж тааруу болохоор л ийм асуулт тавьчихлаа?
-Үгүй, хангалгүй яадаг юм. Оюуны хөдөлмөрийн үнэлэмж тааруу гэдэг үнэ хүрдэггүй хүмүүсийн яриа байх аа. Зах зээл шударгаар л үнэлж байгаа. Би нийгэмтэйгээ таардаггүй байсан хүн, энэнээсээ болоод 1979 онд шоронд хүртэл орж байсан. Манай нийгэм юугаараа миний дургүйг хүргэдэг байсан гэхээр миний эрх чөлөөг л боодог байсан. Тэгээд 1990 онд эрх чөлөөгөө олж авсан. Одоо тэгээд яах юм, би ямар хулгайч луйварчин болох гэж байгаа биш. Нэг их том дарга болж бусдын өмнөөс хариуцлага хүлээх гэж үү? Би хүний өмнөөс хариуцлага хүлээх үнэхээр дургүй. Би төрд зүтгэсэн үү, зүтгэсэн. Би Монголын банк санхүүгийн секторт хамгийн том реформ хийсэн. 1990 оноос хойш хийсэн хэдхэн том реформын нэг юм байгаа юм шүү дээ, яг үнэндээ бол. Д.Бямбасүрэн гуайн хийсэн чөлөөт зах зээл рүү орж, үнэ чөлөөлсөн реформ байна. Энэ банкны реформ байна. Дараагаар нь газрыг хувьчилсан реформ. Үүнийг Н.Энхбаяр хийсэн. Тэрний дараагаар С.Баярын хийсэн ашигт малтмалыг эргэлтэд оруулсан реформ. Яг ерэн оноос хойш хийсэн эдийн засгийн бүх шинэчлэл энэ хэдхэн реформ дээр тулгуурласан. Тэрний нэгийг би хийсэндээ ихэд бахархдаг. Хичнээн гүтгүүлж хараалгаж байж хийв. Ёстой дургүй хүрсэн дээ. Хоёрдугаарт бол надад хувьд маань эрх чөлөө олгочихсон байхад би одоо хүний өмнө хариуцлага хүлээж, хэдэн мунхаг тэнэг юмтай ноцолдож явах ямар хэрэгтэй юм! Тийм биз дээ? 2000 онд нэг харсан чинь би гэрээ тэжээж чадахаа байчихсан байсан. Төрд дөрвөн жил зүтгэсэн. Эргээд харсан чинь манайх гэдэг айл бараг гуйлгачин болж. Энэ МАХН-ын Далайхүү намайг гэртээ засвар хийсэн гэж сониноор заргалдаад л явж билээ. Гэтэл би гэдэг амьтан өмнө нь бичсэн номуудынхаа бүх мөнгийг дуусгаад, тэгээд бүр сүүлд нь гэрийнхээ юмнуудыг аваачиж нөгөө юунд тавьсан даа...
-Юунд?
-Комисс, ломбард энэ тэрд тавьсан. Гэтэл би гэдэг хүн гэр орныхоо өмнө л нэгдүгээр хариуцлагыг хүлээх ёстой юм байгаа биз дээ? Тэр үүргээ хөсөр хаячихаад, дээрээс нь баахан гүтгүүлээд зүтгэж явдаг. Энэ бүхэнд дургүй хүрсэн. Магадгүй би их эмзэг хүн байх, эргэлтгүй гомдсон.
-Банк бужигнуулсан гэмт хэрэгтэн гэгдээд л үү?
-Тэр чинь Монголын эдийн засагт хийсэн хамгийн том реформын нэг. Хэрвээ тэр банкны реформыг тэгж цэгцлээгүй бол төрийн баахан банк зүгээр л алж өгөх байсан. Тэр үед чинь бүр ийм норм үйлчилж байсан, зээлийн хорооныхон хүн дуудаж авчирч зээл өгөөд 10 хувийг нь өөрсдөө авдаг. Тэр бол зүгээр тогтчихсон жишиг байсан. Чи одоо банкны нэг таньдаг хүн дээрээ очоод „Хөгшиндөө зээл өгчих, тэгээд чи 10 хувийг нь ав” гээд нэг хэлээд үз дээ. Чамд зээл өгөх нь үү, яах нь вэ? Ийм балай юмыг цэгцэлсэн дээ. Хэрвээ үүнийг хийгээгүй бол сүйрэх байсан. Ер нь сүйрчихсэн байсан даа. Банк, санхүү нь улсынхаа мэдэлд, тэгээд бүх арилжаа нь төрийн мэдэлд ингээд явсан бол энэ улс чинь ёстой хаашаа өнхрөх байсан бол оо. Үүнийг улсууд одоо л ойлгож байх шиг. Сая “Зоос” дампуурлаа. Тэгсэн нөгөөдөхийг нь харин эсрэгээр төрд авдаг гэнэ ээ! Би чинь улсын дампуураад, үхчихсэн юмыг нь хувийнхныг худлаа ярьж, панаалдаж байгаад өгчихсөн байхгүй юу. Яахав жаахан жудаггүй л юм даа. Эд нар цаашаа сүйрвэл сүйрэг гээд худлаа ярьсаар байгаад өгчихсөн. Ёстой сайхан өөхөнд боож байгаад атгуулчихаж байгаа хэрэг. Жаахан хударгагүй л юм болсон. Ер нь бол тэгж болохгүй л дээ. Төрийнх л болж байвал хувийнхан яах ийх нь ямар хамаатай юм гэж хандаж болохгүй л дээ, уг нь.
БИДНИЙ ДАРАА ЗАВСРЫН ҮЕИЙНХНИЙ ШИЛИЙГ ХАРЖ БАЙЖ ШИЛЖИЛТ ДУУСНА
-Хэдийгээр ажил хэрэг ярихгүй гэсэн ч арга буюу орж ирээд байна. Одоо энэ банкны системд юу болоод байна вэ. Банк дампуурлаа. Тэгэнгүүт сайн активуудыг нь түүж аваад төрийн банк гээд байгуулчихаж ч байх шиг. Яг юу болоод байна вэ?
-Наадахь чинь нэг л юмнаас болчихсон юм биш шүү дээ. Ноднингоос эхлээд хүний хадгаламжийн эрсдэлийг улс даана гээд хэлчихэж байна аа даа. Төр бүрэн хариуцна гэж хууль гараа биз дээ. Томрох гэсэн хэсэг нь цаашаа явдаг л юм байгаа биз. Жижиг банкуудын хувьд энэ чинь сайхан далим болно биз дээ. Хамаатан садандаа зээл нэрээр бүгдийг нь тарааж хаячихаад, дампуурчихсан гээд л зарлачихна биз дээ. Гол уурлаж дайрах улсууд чинь хадгаламж эзэмшигчид. Тэдний хөрөнгийг улс хариуцах болчихож байгаа юм чинь. Энэ бол нэг том шалтгаан. Хоёрдугаар том шалтгаан нь эдийн засгийн хямрал. Дээрээс нь ёстой ниргэсэн дээ. Ялангуяа хууль дүрмээ ягштал биелүүлдэггүй хайнга, назгай газруудад бол том цохилт болсон. Гуравдугаарт энэ арилжааны банкуудыг чинь байнга хянаж шалгаж байдаг тогтолцоо нь алдагдсан. Энэ чинь ард түмний өмч шүү дээ. Ард түмний энэ тэр гэхээ больё л доо. Ямар ч байсан хүн итгээд юмаа хадгалуулж байхад тэрийг нь идчихэж болохгүй биз дээ. Банк бол итгэлцэл дээр тогтдог эд. Дөрөвдүгээрт, манайд банкууд хадгаламж зээлийн хоршооны хэлбэрт орчихсон байгаа. Хоёр банк бирж дээр очиж хувьцаагаа зараа биз дээ. Тэгээд нөгөө зарсан хоёр банк нь хоёулаа сүйрчихэж байгааг хар! Тэгсэн чинь Содхүү юу гэлээ? Ёстой гайхамшигтай үг хэлсэн дээ. “Хохь нь” гэж. 20 сая долларыг нэг өдөрт босгож байсан. Уг нь залилангийн хэргээр шоронд суумаар юм. Хадгаламж зээлийнхэн шоронд сууж байгаа биз дээ?
-Та бол нийгмийн ёс зүй, моралтьтай олон жил үзэж байгаа хүн. Залуучуудад олон юмыг нь цэгцэлж өгсөн. Өнөөдөр тэгээд нөгөө ноцолдоод байсан юманд тань үр дүн их бага гарсан юм биш үү. Р.Содхүү мэтийн нөхдүүд хүмүүсийг хохь нь гэж тавлаж загначихаад огцрох ч үгүй сууж байна шүү дээ?
-Би зүгээр ингэдэг юм, тэгдэг юм гэж хэлж байгаа болохоос биш энэ улсын ёс суртахуун хариуцсан хүн биш шүү дээ. Хоёрдугаарт, залуучууд намайг их дэмждэг л дээ. Шинэ үе шинээр боловсорч байна. Түүнд нь тус дэм болох гэснээс цаашгүй. Бидний үеийнхэнд бол тархинд нь мэс засал хийгээд ч нэмэр байхгүй. Тэртэй тэргүй тэгж төрөөд, өсөөд, бойжоод, чулуужаад, цементжихсэн улсыг чинь яах юм! Тэгээд би нэг удаа хэлсэн дээ, 40-өөс дээш насны улсууд зайгаа тавьж өгсний дараа энэ улс эрүүлжинэ гэж. Шилжилтийн үе гэж бид баахан ярьдаг. Хүн шилжих тухай л яриад байгаа юм шүү дээ, гол нь. Түүнээс биш хэдэн байшин хувьчилчихаар тэр нь шилжилт болчихгүй. Иргэд нь өөрсдөө нийгмийнхээ байгууламжийг зөв ойлгох ёстой. Шинэ нийгэмдээ төрж өсч, бойжиж бий болсон улсууд нь тэр нийгмээ зөв ойлгоно уу гэхээс... Нэг үгээр бид чинь энэ шинэ нийгэмд саран дээрээс бууж ирсэн улсууд шүү дээ. Одоо нөгөө миний хэлсэн насныхан чинь. Шилжилтийн үед завсрын үеийнхэн гэж нэг айхтар улсууд гарч ирж байна. Бид ч бас цэгцтэй боловсрол олчихсон улс. Гэтэл энэ завсрын үеийнхэн маань ерөөсөө 35 үсгээсээ 15-ыг нь мартчихсан, тэгээд доктор, профессор юу юу гэнэ вэ, базар дарь минь, академич, доцент энэ тэр болоод явчихсан. Шилжилтийн замбараагүй үед тэд чинь ганцхан хулгай хийхийг л сурсан улс. Одоо тэд давалгаалаад гараад ирлээ. Тэгэхээр бидний үеийнхний дараа бас энэ завсрынхны шилийг харах ёстой. Үүний тулд дахиад 20 жил хэрэгтэй. Түүнээс ямар чартаа тоглож байгаа биш, ганц үсрээд шилжинэ гэж хаа байхав.
НАДАД АЛДАЖ ГИШГЭХ ЭРХ БАЙХГҮЙ
-Танай компаниас эрхлэн гаргаж байгаа ном, сэтгүүлүүд энэ зах зээл дээр борлуулалтаараа тэргүүлж байгаа. Сард үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдийн тоо, орлогын талаар сонирхож болох уу?
-Сая бид тооцоо хийж үзсэн. Улсад татвар, гааль, НӨАТ, эрүүл мэндийн даатгал, ашгийн татвар энэ тэр нийлээд 500 сая төгрөг өгсөн байна. Манай энэ талын өрөөнд дүүргийн тэргүүний татвар төлөгч гэсэн нэг жааз өлгөчихсөн байгаа биз? Энэ хэдэн авлигачийн мөнгийг бэлдэж өгчихөөд, тэгээд хариуд нь нэг цаас авдаг нь ч юү ч билээ дээ. Манай нягтлан баярлаад өрөөндөө хадчихсан. Би бол ичээд байдаг юм.
-Хуучин сонгодгуудыг дахин шинээр орчуулж гаргаж байгаа. Бас дэлхийд бестселлер болж байгаа номуудыг ч орчуулж хэвлэж байна. Зохиогчийн эрхийг худалдаж авдаг биз дээ?
-Өнөөгийн дэлхий хавтгай болчихлоо. Бид дизайн энэ тэрээ хүртэл интернэтээр захиалгаа өгөөд огт танихгүй улсаар хүртэл хийлгэдэг. Мөнгийг нь шилжүүлээд л болоо. Хамгийн хялбар, хамгийн чадвартай, хамгийн хямд үнээр ажлаа явуулах ёстой биз дээ. Хоёрдугаарт, бид номын бизнесийг цэгцлэхийн тулд олон ажил хийж байна. Гэхдээ хэзээ ч хуулиас гадуур юм хийж болохгүй. Одоо бид Британика нэвтэрхий толь дээр гурав дахь жилдээ ажиллаж байна. Удахгүй дуусна. Зөвхөн үүний эрхэнд гэхэд 45 мянган доллар төлсөн.
Collins-ийн толь гээд манайхаас гаргасан. Эрхийг нь 20 мянган доллараар худалдаж авлаа. Бид зах зээл рүүгээ харж ажилладаг. Зах зээл ямар юмыг сонирхож байна, ямрыг сонирхохгүй байна гэдгийг судалдаг. Түүнээс биш буяны байгууллага биш. Манайх барууны стандартаар л ажиллахыг хичээдэг. Олсон ашгийн 10 хувийг сурталчилгаанд зориулдаг. Одоо ном рекламддаг улс ер нь биднээс өөр байна уу? 10 хувийг нь буяны ажилд заавал зориулдаг. Энэ дагуу шашны хичнээн олон ном гаргаж тараав даа. Хамгийн түрүүнд сүм хийд, шоронгуудад үнэгүй тараасан. Гэхдээ буян хийж байгаагаараа хэзээ ч гайхуулж рекламдаж болдоггүй, тэгвэл буян биш болно.
-Борлуулалтаас ажиглаж байхад ямар чиглэлийн ном илүү эрэлттэй байдаг вэ?
-Борлуулалт юун түрүүн зохиогчийн брэндээс хамаарна. Автор нь хэн бэ гэдэг асуудал байдаг юм. Ер нь энэ дэлхийд юун түрүүн брэнд л зардаг юм даа. Миний ном сайн борлогддог оо.
-Тийм байх. “Баабар ингэж өгүүлэв” цувралуудыг гэхэд өмнө нь сониноос уншчихсан ч ахиад л авдаг. Тэгэхээр та зах зээлд хаанчлахаас өөр яахав дээ?
-Би чинь Монголын зах зээл дээр 600 мянган ширхэг ном зарсан хүн шүү дээ.
-Би 10 жилийн өмнө тантай ярилцлага хийж байсан. Тэгэхэд та өөрийнхөө уншигчдыг ангилж байснаа санаж байна уу. Миний уншигчдын тодорхой нэг хэсэг галзуугийн больницынхон шүү дээ гэх мэтээр?
-600 мянган ширхэг ном зарчихлаа гэдэг 600 мянган уншигч авчихлаа гэсэн үг ерөөсөө биш л дээ. Нийгмийн уншдаг хэсэг гэж бас байна шүү дээ. Тэд бол миний ихэнх уншигчид. Уншдаггүй хэсэг нь бол хэнийхийг ч уншихгүй. Ер нь зах зээлийн борлуулалт автороосоо л их шалтгаална. Хоёрдугаарт, шуугиантай номууд. Одоо бид жишээлэхэд Дэн Брауны гурван номыг хийгээд гаргах гэж байна л даа. “Да Винчигийн код”, “Сүүлчийн бэлгэдэл” гээд л.
-“Да Винчигийн код”-ыг өмнө нь орчуулаад гарчихсан шүү дээ?
-Тэр чинь хулгайн эд л дээ. Тэгж болохгүй... Тэртэй тэргүй баригдана. Хуулийн хүрээнд амьдарч сур л даа. Болох юмыг заавал хулгайлж байж өөрийн болгох хэрэг юун.
-Тийм дээ. “Нэпко” гаргалаа гэхэд уншигчдыг илүү татах байх л даа.
-Харри Поттерийг өмнө нь манайхан хулгайлж орчуулж хэвлэж байсан. Дараа нь баригдаад Английн Элчингийн шахалтаар шатаалгасан. Бид эрхийг нь ном ёсоор худалдан авч бүгдийг хуулийн дагуу хийх гэж чармайдаг. Бид “Харри Поттерийг” эрхийг нь худалдаж аваад хэвлэхэд дороо борлогдож чамгүй л ашиг өгч байна. Ийм байхад хулгай хийх хэрэг юу байна? Үүний дээр номын үзэмжид их анхаардаг. Одоо хүмүүс эрх нь хууль ёсны, сайхан хэвлэгдсэн ном дуртай худалдан авч байна. Соёл л доо...
-Нэг хэсэг олон нийтийн өмнө мэдээллийн хэрэгслээр тантай ноцолдвол их нэрд гарна гэсэн горьдлого байдаг байсан. Баабарын бичсэн хэлснийг мөшгихийн төлөө багагүй хөлс хүч хаядаг байлаа. Одоо тийм улс цөөрөө юу даа?
-Тэдний хэн нь ч амжилт олоогүй байх аа. Тэднийг санаж байгаа доголон нохой ч алга. Нийгэмд тодорч буй хүн ч нийгэмтэйгээ ойлголцоход бас цаг хугацаа хэрэгтэй байдаг байх. Нийгэм бид хоёрын ойлголцол урьдыг бодвол илүү шатанд гарсан байх гэж бодож байна.
-Биднийг оюутан байхад таны зааварчилгаа их хэрэг болдог байсан. Тэрийг эхээр нь уншаарай. Харин тэрийг бол тухайг нь олоод уншчихаарай гэх мэтээр. Одоо “Непко”-оос зарим сонгодгийг хялбаршуулж, хураангуйлсан хэлбэрээр гаргаж байна. Энэ бизнес үү. Достоевскийг жишээ нь хүүхдүүд энэ хэлбэрээр уншаад юу авах юм?
-За ямар ч байсан “Непко” компани нийгмийг хүмүүжүүлэх энэ тэр үүрэг бол ерөөсөө хүлээгээгүй. Тийм зорилго ч тавиагүй. Хамгийн түрүүний асуудал ерөөсөө ашиг л байх ёстой биз дээ? Шударгаар хэлэхэд тийм биз дээ? Гэхдээ мэдээж энд өөрийн хязгаарууд бий. Ашгийн төлөө гээд одоо жишээ нь хүн хуурсан, хулхидсан юм хийгээд байж болохгүй. Юу яасан долоо хоногийн дотор англи хэл сургадаг, хоёр сарын дотор баяжуулдаг ном энэ тэр вэ! Мэргэ төлгийн ном энэ тэр гээд хичнээнээрээ гарч байна. Тэдний дэргэд бидний хийж байгаа зүйл бол өндөр моралиар хянагдсан, хуулийн доорхи бизнес. Ямар ч байсан би өөрийгөө үлгэр жишээ л байх ёстой гэж боддог.
-Танайх хэвлэх үйлдвэртэй юу?
-Байхгүй. Хэвлэх үйлдвэртэй байх шаардлагагүй. Улаанбаатарт 30 гаруй хэвлэх үйлдвэр байна. Тэгэхээр тэнд хүн хийж чадаж байгаа юмыг дахиж хийж чадах гээд яах юм бэ? Бид үйлдвэр сайн ажиллуулж чадах уу, үгүй юү? Надад бол ийм зарчим байдаг. Миний хийж байгаа юм юун түрүүн улсдаа нэгдүгээрт л байх ёстой гэсэн. Хэрвээ би гуанз байгуулж ажиллуулаад, тэр нь улсын хэмжээнд чанараараа гуравдугаарт орж байвал би гуанз ажиллуулахгүй. Нээрээ шүү! Хэвлэлийн үйлдвэр, хэвлэлийн газар гэж хоёр тусдаа юм байна аа даа. Тэрийг манайхан хольж ойлгоод байдаг юм. Тэгэхээр манайхыг хэвлэх үйлдвэр ажиллуулаад л, номоо өөрсдөө хэвлээд л, машин зашин ажиллуулаад байдаг гэж ойлгоод байдаг. Гаргаж байгаа бүтээгдэхүүний тухайд хамгийн сайн нь манайх л байх ёстой. Хамгийн сайн нь л байж чадахгүй бол хийж яах юм! Гагцхүү ахин хэлэхэд миний үйл ажиллагаа хуулийн хүрээнд л байх ёстой. Одоо ухаан нь хууль бус юм би хийх юм бол намайг анаад сууж байгаа улсууд цаана чинь зөндөө байгаа. Хичнээн янзаараа хэлүүлчихсэн улс чинь намайг өөрсөдтэйгөө адилхан хулгайч гэж батлахын тулд өдөр шөнөгүй харуулд гарч байгаа. Тэгэхээр би хуулиас гадуур юм хийх эрхгүй. Би өөрөө тэрнийг зөвшөөрдөггүйгээс гадна надад тийм эрх байхгүй. Ерэн хэдэн онд цаадуул чинь намайг гүтгэхээрээ нэг болсон. Яаж гүжирдэж байлаа даа? 2000 оноос эхлээд би тэднийг зөндөө л хэлсэн. За, чиний идсэн төчнөөн сая долларыг би ингэж ингэж тооцоод гаргаж ирлээ. Хэрвээ би чамайг гүтгэсэн бол шоронд сууя гээд байгаа. Би хэрвээ алдаж гишгэх л юм болбол барьж аваад шоронд хийх, шууд түлхэж унагаах хүн зөндөө байгаа. Тийм учраас надад алдаж гишгэх эрх байхгүй.
НЭГ ЯРИЛЦЛАГААР ӨНХРӨӨД ӨГДӨГ ЕРӨНХИЙЛӨГЧ ҮҮ?
-Та хурц, хорон үгтэй, арай ч дэндүүлжээ гэж өмнөөс нь яс хавталзмаар нийтлэлүүд олон жил бичсэн. Одоо харин харж байхад соён гэгээрүүлэх, танин мэдэх чиглэл рүү түлхүү бичдэг болж. Надад нэг хүн нийтлэлчийн эр зориг ч цаг хугацаатай байдаг юм аа гэж хэлж байсан. Энэ байр байдал тань нас тогтож, хувийн амьдрал ахуй, бизнес, бүх зүйл нь төлөвшсөн хүний шинж үү, эсвэл та тэгж дайсан татаж байхаас залхаа уу?
-Үгүй. Зориг мохоод байх юм бол байхгүй. Зүгээр, харин нас тогтоод ирэхээр хүнийг нэр усаар нь дуудаж дайраад байх дэмий гэж манай эхнэр, ээж энэ тэр байнга загнадаг. Залуу насанд хүний зан авир омголон, хурц байдаг.
-Н.Энхбаярын тухай таны тэр ярилцлага түүнийг түлхэж унагахад нэлээн том түлхэц болсон байх аа?
-Мэдэхгүй. Би нэг их түлхэж унагаах зориулалтаар, эсвэл захиалгаар ч юм уу хийсэн юм байхгүй. Тодорхой хувь хүнээс болоод нийгмийн тогтолцоо чинь өөрөө дампуурч унах нь байна шүү гэдгийг л би нотолж хэлсэн. Хэрвээ миний энэ нотолгоо худлаа байх юм бол тэр шүүх сэргийлэхдээ хандана биз. Би хэзээ ч хүн гүтгэхгүй. Хэрэв гүтгэсэн байх юм бол тэр чинь хуулиас гадуурхи асуудал болоод явчихна аа даа. Түүнээс биш надад тэдэнтэй булаацалдах юм юу ч байхгүй. Би ганц ярилцлага өгөхөөр л өнхрөөд өгдөг хэврэг Ерөнхийлөгч юм бол одоо яая гэх вэ дээ.
-Нээрэн яагаад таныг шүүхэд өгдөггүй юм бол. Ч.Улаан жишээ нь шүүхээр ноцолдохдоо гаргуун хүн шүү дээ ?
-Улаан бол ер нь шүүхээр л явж байдаг хүн дээ. Та яагаад тэр Баабартай шүүхэддэггүй юм гэж өөрөөс нь очиж асуухгүй юу. Та энэ асуудлынхаа ард нь гараач гэж хэлээч, цаадахдаа.
МУНХАГ ХҮНЭЭС ЗУГТАА!
-Baabar.mn гэж сайт ажиллаж байгаа. Энэ сайтын ажил ямархуу байгаа вэ. Манайхны зарим хэсэг цаасан сонины эрин ч одоо дуусч байна даа гэж хэлэх болж?
-Электрон эрин рүүгээ эрчимтэй шилжээд эхэллээ л дээ. Том том сонинууд дампуурч байна. Ингэхэд бид чинь дэлхий дээр болж байгаа үйл явдлуудыг түрүүлж биш юм аа гэхэд, зэрэг олж мэдэх, зэрэгцэж алхах хэрэгтэй юм байгаа биз дээ. Түрүүлэхээ байг л даа. Ядаж хоцроод яахав дээ. Юм удахаа болилоо шүү дээ. Наад барьж яваа гар утасныхаа жишээн дээр хар л даа. Хоноод маргааш сэрэхэд л нэг шинэчлэл хийгдэж байгаа биз дээ? Одоо жишээ нь хэрэглэж байгаа компьютеруудаа хар. Наад гар утаснуудаа л хар. Ямар хурдан хуучирч хэрэггүй болж байна. Энэ дэлхий ийм хурдацтай өөрчлөгдөж байна. Санаж байна уу, арваад жилийн өмнө хоёр гурван компани гар утас оруулж ирж байхад зэрэгцүүлж пейжер оруулж ирээд хиншүү үнэрттэл шатсан хүмүүс байдаг. Ерөөсөө жилийн дараа л хэрэггүй болчихсон. Сонин бол байх нь байлгүй л яахав. Гэхдээ энэ электрон ертөнцийн хурдыг яаж гүйцэх юм бэ? Одоо чиний сүүлийн хийсэн ярилцлага дээр чинь 30 мянган хандалт тоологдсон байна. Цааш нь нэг хандалтан дээр хичнээн хүн байх вэ, чи бодоод үз л дээ. Гэтэл танай сонинг хэдэн хүн унших юм?
-Эрэгтэй эмэгтэй хоёр хүний юманд хандах хандлага үнэхээр ялгаатай л даа. Жишээ нь би өмнө нь нийтлэлийнхээ дор сэтгэгдэл хүлээж авахаас татгалзсан. Хаалгачихдаг байсан. Янз бүрийн бүдүүлэг хараал зүхлээс залхаад. Одоо ч гэсэн хааж болох уу?
-Хааж болно л доо. Би л лав хаалгах дургүй. Хаалгачихаар хүн уншаагүй юм шиг санагдаад байдаг юм.
-Юу гэсэн үг юм бэ. Уншигчдын маш цөөхөн хувь нь тийм юм хийж байгаа шүү дээ. Эсвэл таныг доромжилж, зүхдэггүй болохоор тэр байх л даа?
-Юу гэж байгаа юм? Учиргүй зүхдэг юм, зайлуул.
-Таныг уу даа?
-Гэхдээ би цөмөөрөнгийнх нь хаягийг мэдэх юм чинь яах юм. Үүнийг олж мэдэхэд ядаж цөхөх юмгүй дээ. Дорой, үг цөөтэй, хамаг юм нь дотроо илжирчихсэн улс л жорлонгийн ханан дээр юм бичиж өөрийгөө тайтгаруулдаг биз дээ. Энэ чинь нэг ёсондоо мастурбаци маягийн л юм даа. Тэгэхээр тэрийг өрөвдөх ёстой байх аа. Зайлуул, чааваас хөөрхий, тэр хүндээ бол хором ч гэсэн аз жаргал байх л даа. Чааваас тэр нэг муу амьтан бас жаргаг л дээ. Сэтгэгдлийг хаагаад хаячихаар нөгөө нөхөр чинь яах юм, аягүй бол амиа хорлоно...
-Би сард нэг удаа тэдний хийснийг орж хардаг. Сэтгэл хямарч, гомдох шиг болдог?
-Үгүй, дараа чи тэр бичиж байгаа хүнийг нь олоод нэг харчих юм бол инээд чинь хүрнэ. Ямар арчаагүй амьтан байдаг гэж санаж байна. Хүн болгонд дээрэлхүүлээд л явдаг хүн байдаг даа. Нийгэм нь тоохгүй. Гэр бүл, ойр дотнынхон нь тоохгүй. Хэн ч тоохгүй. Бүх хүнд адлуулаад л явдаг дорд амьтан. Тэр хүний ялан дийлж болох ганц гарц нь энэ.
Үргэлж хүмүүсийн нүдэнд хог шиг үзэгдэж явдаг. Царай зүс, боловсрол мэдлэг, найз нөхөд гээд бүх юм байхгүй. Нийгэмд эзэлж байгаа байр суурь, үг хэл бүх юмаараа дээрэлхүүлээд явдаг тийм хүн дотроо ямар муухай хонзон өвөрлөж явдаг гэж санана? Тэр хонзон нь аль нэг газраараа гарах ёстой. Эсвэл үргэлж амьдралд гомдоллож явдаг, энэ хорвоогийн бүх хүн түүний эсрэг гэсэн ганц зориулалттай болж төрсөн мэтээр ойлгож, хүн болгонтой муудан өсөрхөж явдаг хүн байдаг. Амьдрал нь бүтэлгүй, тэрнийхээ бурууг хүн болгонд тохож явдаг мөнхийн гомдолтой хүмүүс бий. Тэд л дээхнэ жорлонгийн хананд юм сараачдаг байлаа. Одоо бол нэг муу бичиг үсэгтэй болчихсон болохоор чадах юмаа хийж байгаа нь тэр. Ийм өрөвдмөөр амьтдад гомдож яах юм! Над дээр идэвхтэй бичдэг найм есөн сэтгэгдэлчин бий, би бүгдийг нь мэднэ. Жишээ нь “Галт гарди” гэж нэг компаниас байнга бичдэг. Нус нь уруулаа давчихсан нэг өрөвдмөөр амьтан байна билээ. Японд нэг бий, мэднэ. Америкт миний эртний таних нэг эр бий. Ажил сургууль байхгүй, айл айл хэсээд л явдаг... Анх сургуульд очсон юм байна, тэгээд бүтээгүй. Тэнд өлсч, даарч, ядарч, хүний нутагт зовж байгаа амьтан. Бас архи уумар болдог, ажилд тогтдоггүй тэнээд л явна. Үгүй тэгээд тэр хүн чинь зовлон зүдгүүрээ тэгж нэг тайлж байна шүү дээ хөөрхий. “Хужаа” гэж бичиж тайтгардаг нэг өвөр монгол бий. Датакомын толгой компьютерээс нэг нөхөр байнга бичнэ. Надтай мөнгөний хэрүүлтэй бас нэг чааваас бий. Сайн ажиглавал цаадуул чинь өөрийнхөө зовлонг бичдэг юм. Бэлгийн асуудалтай болчихсон бололтой нэг нөхөр Цэнддоо бид хоёрыг байнга “зөнөж” гэж бичнэ. Хөгжлийн бэрхшээлээс болоод авгай олддоггүй нэг гар бий, тэрээр байнга “мэлхий, квазимодо” гэнэ. Өвөрмонгол, эрлийз хүмүүс “хужаа” гэж их бичнэ. Хөөрхий дөө! Чи наад бичиж байгаа улсуудаа мэдэхээрээ хүчирхэгээ мэдэрнэ. Чи өөрийнхөө ямар томыг мэдрэх байхгүй юу. Чи үнэхээр том юм бол тийм нусаа гоожуулсан, хорвоог зүхсэн арчаагүй юмнуудыг авч хэлэлцэж юугаа хийх юм бэ? Чи хүчирхэг болоод л хөөрхийс шаналж байгаа нь тэр. Чамайг хүчирхэг болохоор л атаархаж байгаа, нурнайсан юм байсан бол өрөвдөцгөөнө биз дээ? Өрөвдүүлснээс атаархуулсан нь хавьгүй том бахархал. Гомдоно гэдэг чинь илүүдээ гарсан ажил. Гар хангалга хийж байгааг нь харахад харин ч зугаатай юм биш үү?
-Мунхаг хүмүүсийг засах хэрэггүй гээд байна аа даа?
-Би чамд их гоё сургаал ярьж өгье. Энэ бол Ошо багшийн номоос авсан сургаал шүү. Есүс гэгээрснийхээ дараа хар хурдаараа гүйж явна гэнэ. Араас нь нэг тариачин гүйцэж очоод “Та юунаас ингэтлээ зугтаана вэ?” Есүс хариулж байна. “Мунхаг хүнээс зугтаж байна”. “Тань шиг ингэтлээ гэгээрсэн хүн тэднээс юунаас нь айдаг болж байна?”. Есүс ингэж хэлжээ: “Үхсэн хүн амь орохыг хүснэ, өвдсөн хүн эдгэхийг хүснэ, харин мунхаг хүн мунхагаа мэддэггүй болохоор энэ зовлонгоосоо салах юмсан гэж хэзээ ч боддоггүй. Иймээс хамгийн аюултай ороолон бол мунхагууд. Тэднээс үргэлж зугтааж бай”.
ХОЦРОГДОЛ ДЭНДҮҮ ӨНДӨР ӨРТӨГТЭЙ
-Улстөрчид хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болдог нэг моод бий боллоо. Энэ яг ямар хэрэгтэй юм бэ. Та бол бүгдийг нь мэдэж байгаа. Телевизүүд гэхэд бүгд улстөрчдийн гарт байна. Бизнесийнхэн бас сонинтой болж байна. Сүүлдээ бүүр гаднын компаниуд орж ирж хэвлэл эрхэлж эхэллээ?
-Ардчилал гэдэг чинь өөрөө их сайхан тогтолцоо шүү дээ. Манайд мэдээллийн хэрэгсэл цөөтэй, нэг л зурагттай байсаан. Өдөр тутмын нэг л сонинтой. Ийм нөхцөлд шинээр мэдээллийн хэрэгслүүд нэмэгдэж, тэр нь нэгэн үе нийгэмд аягүй том нөлөөлж чаддаг байсаан. Одоо зарим нь нөгөө инерциэрээ л бодоод байх шиг. Нэг юмтай болчих юм бол сайхан хүн гүтгээд, хүнийг сайхан доош нь хийгээд, алаад өгч болдог юм байна гэж бодоод эхэлсэн.
-Өөрийгөө хамгаалах хамгаалалт гэж бас хараад байх шиг байна?
-Өөрийгөө хамгаална. Бусдыг рэкет хийж болно энэ тэр гээд ойлгочихож. Тэгээд ингэж ойлгоод баахан хөрөнгө зараад хийчихсэн чинь өнөөдөр өдөр тутмын сонин хорин гурав байна. FM гэхэд хорин найм байна уу. Зөвхөн Монгол хэлээр гарч байгаа телевизийн суваг гэхэд бараг 40 хүрчихлээ. Ингээд жигд хуваарилагдаад ирэхээр зөвхөн чанарын асуудал дээр л өрсөлдөөн гараад эхэлж байгаа байхгүй юу. Тийм үү? Ийм байхад тэр нэг муу 200 хувь гардаг сонин дээрээ юу гэж ч хэлээд нөгөөдөхийг нь хэн олж унших юм бэ! Нийгэм ардчилсан болоод эхлэхээр мэдээлэлд булагдаад эхэлж байна. Тэрэн дотроос гялалзаж, ялгарч л харагдахгүй л бол хэнд ч тоогдохгүй. Тэгээд нөгөөдөх чинь зайлуул сонин дээрээ очиж бичүүлсэн, хажуу айлдаа очиж ярьсан хоёр нь тэнцүү болчихож байгаа юм. Нэг ийм бороохойтой болчихвол болно гэж бодож болно. Гэхдээ тэр ганцаараа бороохойтой бол мундаг л даа. Цөмөөрөө бороохойтой тохиолдолд хэн нь сэргэлэн, хүч чадалтай ухаалгийн асуудал болж хувирна аа даа. Наадахь чинь бас л нэг сэтгэлгээний хоцрогдол ш дээ. Чааваас даа, аналоги телевизийн хэдэн суваг булаацалдаад л үхчих гээд гүйлдэх юм, гэтэл дэлхий бараг бүхлээрээ тоон систем рүү шилжлээ, удахгүй 3 Ди телевиз цөмрөөд ороод ирнэ.
-Хоцрогдлоос хамаагүй ангид хүн хүртэл сонин байгуулаад эхэлж байна шүү дээ. Энэ юу гэж?
-Зах зээл, энэ салбарын онцлог энэ тэрийгээ буруу л хараад байгаа хэрэг. Хичнээн их гарлага гарч байгаа бол? Хайран мөнгө биш үү? Хоцрогдол ч дэндүү өртөгтэй эд дээ.
-С.Баяр дарга та хоёрыг хүртэл телевизтэй болчихсон гэсэн яриа гарах юм даа?
-Харин тийм. Тэр нь яахав дээ, чааваас нэг нь захиалаад л, нөгөөх нь түгээж байгаа хэрэг. Улаан хацартын “Б” телевизийг л Б гэдэг нь Баяр, Баабар гэсэн үг гээд л ярих юм. Би тийм юмнуудтай заргалдаж явалтай биш. Нөгөө талаасаа ер нь бид хоёр телевизтэй байж ч болно шүү дээ. Хуулийн дагуу бол.
ТАВАНТОЛГОЙН НҮҮРСИЙГ 900 ЖИЛ ЗӨӨНӨ
-С.Баярыг тантай их харддаг. Бүх юмны ард таныг давхар хардсан хардлага явдаг байсан?
-Баяр тийм тэнэг хүн юм уу? Халбага сэрээгээр ам руугаа хоол хийлгээд явдаг эргүү хэрэг үү? Ард нь би нэг их ухаантай амьтан бүх юмыг зааж өгөөд л... Ийм юм ярьж байна гэдэг өөрсдийнхөө сэтгэлгээний төвшинг л харуулж байгаа хэрэг дээ. Баяр шиг ухаантай, сэргэлэн, юмаа хийж чаддаг тийм Ерөнхий сайд Монголын түүхэнд хэд байсан юм бол доо ер нь. Баяраас өөр хүн байсан бол энэ Оюутолгойн гэрээг батлуулж чадах байсан уу. Хэдэн Засгийн газар дамжлаа даа? Энэ хамтарсан Засгийн газраар чинь Оюутолгой, Тавантолгойн гэрээнүүдийг байгуулуулж, энэ улсыг мөнхийн ядуурлаас нь гаргах зам руу нь орууллаа шүү дээ. Энийг л хийхийн тулд энэ Засгийн газрыг байгуулсан. Мэдээжийн хэрэг тэр санаа Баяраас гарсан байж таарна. Ингэж л явуулахгүй бол өөр ямар ч арга зам алга байв?
-Одоо ч гэсэн хэдэн нөхдүүд суучихаад “Энэ бол гай гамшгийн гэрээ” боллоо гээд л шүүмжлээд байгаа ?
-Хэн тэгж байгаа юм. Их хурал баталчихсан. Шийдвэр гаргагч нар дотор тэгж орилоод байгаа хүн бараг байхгүй байх аа. Харин ч тэдний насны бахархал байх шүү. 1992 онд Үндсэн хууль батлахад бараг хүн болгон янз бүрийн юм яриад байсан, одоо бол бүгдээрээ л Үндсэн хууль хийхэд гар бие оролцсоноороо ихэд бахархдаг.
-Хэдэн нөхдүүд орой болгон л ярьж байгаа харагддаг шүү дээ. Эрдэмтэд гэсэн хэсэг хүн суучихаад эсэргүүцээд л ярьж байгаа харагддаг?
-Одоо цаана чинь бүгд эрдэмтэд болчихсон. Эрдэмтэн биш хүн байгаа юм уу? Гараад л чи нүдээ аньж байгаад нэг чулуу шид дээ. Шууд л нэг эрдэмтний толгой хага. Наад эрдэмтэн гэдэг чинь одоо “амьд хүн” гэсэн утгатай үг болчихсон.
-Та инээд хүргээд байх юм аа. С.Батболд одоо Тавантолгойн гэрээг хийж чадах болов уу?
-Хийгээсэй л гэж бодож байна. Би одоо яаж мэдэх юм бэ? Тэр хүнээс өөрөөс нь л шалтгаална. Тэр хүний эр зориг, ухаан, чадвар, сүйхээ энэ тэрээс л хамаарна даа.
-Тантай өдөр болгон уулзах биш. Уулзсан дээрээ асууя гэж бодож байна. Одоо “Тавантолгой”-гоос татах төмөр замын асуудал ид яригдаж байна. Дахиад хэрүүл. Олон хүн байр сууриа илэрхийлж байгаа. Таныхыг хүмүүс үнэхээр сонирхож байгаа?
-Хоёулаа зүгээр л нэг тоо бодъё. Манай төмөр замын жилийн ачааллын даац нь 10 сая тонн. Вагоноор бид явахаа болчихъё, элдэв юмнуудаа зөөхөө болчихъё, дан нүүрс л зөөе. Есөн тэрбум тонн нүүрсийг манай энэ даацаар гаргахад хэдэн жил хэрэгтэй вэ? За бодъё. Жилд 10 саяыг гаргана, 10 жилд 100 саяыг гаргана. 100 жилд нэг тэрбумыг гаргана гэхээр есөн зуун жил зөөх нь ээ? Есөн зуун жил ганцхан Тавантолгойг л зөөх нь байна даа. Усан онгоц, нисэх онгоцоор зөөх бололцоо байхгүй. Манай нэг хэсэг нөхөд таван метр хүрзээр ухаад зөөдөг гэж ярьсан. Зурагтаар бүр нэлээн боловсролтой хүн ярихыг сонссон шүү. Нөгөө талаасаа 2050 оноос эхлээд дэлхий дээр нүүрсийг шатааж хэрэглэхээ болино гээд байгаа юм. Одоо дэлхийн дулаарал болж нүүрсний шаталтаас болоод хүлэмжийн хий хэтэрлээ. Өөрөөр хэлбэл шинэ технологитой болохгүй бол дэлхий чинь өөрөө даахаа больж байна шүү дээ. Яагаад одоо ингэж их хүйтрээд байгаа юм бэ? Энэ чинь дулаарал байхгүй юу. Италид хүртэл энэ жил хасах 20 хэм хүрлээ. Энэ бол дулаарлын гол том илрэл. Хойд мөсөн далай хамгийн ойр бүсийнхээ халуун агаарыг сорж авч байгаа хэрэг. Энэ чинь мөс хайлж байгаа процесс шүү дээ. Мөс хайлахаар фазын шилжилт гэж юм болж орчныхоо дулааныг сордог юм. Хойд бүсийн орнууд ингэтлээ хүйтэрдэг бол аягүй том дохио. Хүн гэдэг амьтан чинь эргээд дэлхийгээ сөнөөчих гээд байна даа.
-Нүүрсээ гаргая, харин аль замаар гаргах вэ гэж хэрэлдэж байна. Хойшоо юу, урагшаа юу. Аль маршрут нь зөв юм бэ гэж л тулсан асуулт тавьж байгаа юм. Ахиад зургаан жил хэрэлдэх юм биш биз дээ?
-Би ямар шийдвэр гаргагч юм уу?
МАХН АЛДААГАА ӨӨРӨӨ ОЛЖ ХАРСАН НЬ САЙН ХЭРЭГ
-Ойлголоо. Таны удахгүй гаргах ээлжит номын тухай мэдээлэл түгээд удсан. Тэр бол “Сталин”. Одоо яг ямар шатандаа явж байгаа вэ. Яагаад та энийг барьж авсан тухайгаа яривал?
-Сталины тухай намтар олон гарсан. Оросын жүжгийн том зохиолч Радзинский гэдэг хүн хамгийн анх нууц асан архив руу ороод үнэн мөнийг нь олж ном бичээд Америкт хэвлүүлсэн.
-Эрх нь Америкт байгаа юм уу?
-Тийм л байна. Гэхдээ би энэ номыг орос хэлнээс орчуулсан. Радзинский өөрөө оросоор бичээд Америкт эхэлж хэвлээд, сүүлд нь Орост гарсан юм. Би өөрөө сая Москва яваад хэвлэлийнх нь газраар ороод эрхийг нь өгчих гэсэн чинь “бидэнд зөвхөн Орос дахь эрх бий, бусад нь Америкт байгаа” гэсэн. Тэгээд Америкаас эрхийг нь худалдаж авсан юм л даа. Дэлхийн маш их олон оронд хэвлэгдсэн. Яагаад гэхээр өмнө нь хүн мэддэггүй байсан асар их баримт энд байгаа. Хоёрдугаарт, энэ хүний бичлэг, зохиомж минийхтэй их төстэй. Маш задгай бичсэн. Ийм хэмжээний чөлөөт хэлбэр одоо ер нь зөвлөлтийн бичлэгт өмнө нь байсан ч юм уу, үгүй ч юм уу гэмээр. Та нар номыг уншихаараа мэднэ. Гуравдугаарт, би олон ном нэлээн хэдэн хэлнээс орчуулж байсан. Орос хэлнээс ийм том ном орчуулж үзээгүй. Урьд нь Солженицын, Чехов, Шукшин нарын богино өгүүлэл, өгүүллэг орос хэлнээс орчуулж байсан. Орос хэлнээс орчуулах чадвараа бас шалгах гэсэн юм. Би бас өөрийнхөө чадвараа харуулах гээд байна шүү дээ.
-Том сенсаац дэгдэх байх даа. Бүрэн хэмжээний түүх нь биз дээ. Өөрөө их зөрчилтэй, хүчтэй фигур. Намтар нь ээдрээтэй. Төрсөн он, сар, өдөр нь ч хэдэн янз байдаг биз дээ?
-Оросын ард түмний өөрийнх нь тэр их онцлогийг их илэрхийлсэн зохиол байгаа. Орос орон өөрөө их парадокстой. Ард түмэн нь хоёр хязгаар дээрээ байдаг тийм сонин орон шүү дээ. Тэр өнгө төрхийг нь Радзинский сайхан гаргасан байна лээ.
-Хувийн нууцууд нь хэр их байна вэ. Бүсгүйчүүд, бутач хүүхдүүд гээд. Бүсгүйчүүдээс нь гэхэд ганц хоёрхон нь дурдатгалаа бичсэн байдаг юм билээ. Бусад нь далд амьдралаар явчихсан?
-Өө, маш нарийн юмнууд байгаа. Ер нь бол бүх л цаад наад талтай нь гаргаж ирсэн. Архив олж ирэх яах вэ, нэг тустай асуудал. Тэрийг холбоод дүгнэлт хийх чинь өөрөө хамгийн том агуу ажил юм шүү дээ. Түүнээс гадна олон түмэнд хүргэхийн тулд зохиомж сайтай бичнэ гэдэг зөвхөн авъяасаас хамаарах эд.
-Алиевийн номыг гарахад улс төрийн хүрээнийхэн л илүү уншсан байсан. Ардаа шивэр авир хийцгээгээд л. Хэн нэгэнтэй жишээд л. Сталиныг бас тэгэх юм биш биз дээ. Арай бас цаад санаанаас тань далд ямар нэгэн адилтгал энэ тэр гарах юм биш биз дээ?
-Үгүй үгүй. Яахав тухайн юмыг жиших гэдэг бол хүний төсөөллийн асуудал. Алийг алинтай ч жишин төсөөлж болно шүү дээ.
-Таныг бол дандаа л тиймэрхүү юм руу холбодог шүү дээ?
-Алиевийг орчуулсан явдлыг жишээ нь би их таашаагаад байгаа.
-Яагаад?
-Яах юу байдаг юм. Тэрийг чинь МАХН өөрөө санаачилж, “Үнэн” сонины эрхлэгч нь орчуулаад, тэгээд тэрийгээ яг тэр бага хурал дээрээ аваачиж тараагаад, тийм ээ? Энэ бол зориуд МАХН өөрөө хийсэн ажил шүү. Надад ямар хамаатай юм.
-Дараа нь өөрсдөө уншаад л. Элдэв шог гаргаад л?
-Өөрсдөө уншаад л... МАХН өөрөө өөрийнхөө алдааг олж хараад, тэгээд тэрэн дээрээ жиших юмаа гаргаж ирээд, өөрийнхөө бага хурал дээр ингээд тарааж байна гэдэг бол эерэг үзэгдэл. Хүн өөрөө алдаагаа олж харах чинь маш чухал юм байдаг биз дээ.
АМЬД ЯВСНЫ УТГА УЧИР
-Сталин бол тиймэрхүү хардлагад өртөхөөргүй өөр хэмжээний сонголтоор явж байгаа юу. “Нянгар хаданд гарсан нь” дээр гэхэд таныг зөндөө харааж байгаа дуулдсан?
-“Нянгар хаданд гарсан”-ыг 2004 онд бичлүү дээ. Энэний эх зохиол нь анх 1920-иод онд бичигдсэн зохиол юм байгаа юм ш дээ. Бид тэр романыг кино болгосон. Тэгээд л одоо гаргаад ирэхээр өөрөө өөрсдийгөө олж харчихаад уурлаж үхчих гээд байгаа царай нь тэр.
-Би нэг МАХН-ын нэлээн нэрд гарсан залуу сайдаас сүүлийн үед үзсэн кинонуудынх нь тухай асуусан юм. “Би чамд хайртай-2”-ыг үзсэн гээд л ярьж байна. “Нянгар хаданд гарсан”-ыг та үзээгүй юм уу гэтэл шууд би үзэхгүй гэж хариулж билээ. Яагаад гэсэн асуултад хүмүүс үзээд хэрэггүй гэж зөвлөсөн гэсэн юм?
-Өөрийгөө олж хараа биз.
-Танай эхнэр Амарсанаа Оксфордын англи-монгол толь зохиосон учир өнгөрсөн жил “Гоо зүйн шагнал” авч байсан. Англи хэлний мэргэжлийн хүн үү?
-Уг нь Харьковын их сургуулийг физикч мэргэжлээр төгссөн. Бид хоёр нэг институтэд хамт ажиллаж байсан. Дараа нь хамт Москвад аспиратурт байлаа. Генийн инженер болсон юм. ШУТИС-т молекуляр биологийн багшаар ажиллаж байсан. Оксфорд, Коллинзын хоёр толь удирдаж хийсэн. Одоо Коллинзын монгол-англи толь хийгээд сууж байна. Монголд буй болсон хамгийн анхны стандарт барууны толь доо. Цаанаасаа шаардлага маш өндөртэй.
-Мундаг эхнэртэй юм аа?
-Би амьдралд дандаа азтай, аатай явсан. Харамсах юм юу ч байхгүй. Сайхан ч амьдарсан. Энэ амьдралыг би үрэн таран хийгээгүй, амжилттай, аатай, азтай, үр бүтээлтэй, зөв шударга ашигласан. Эцсийн бүлэгт хүнд энэ л бахархал юм гэж боддог, амьд явсны утга учир энэ биш үү? Зөв явж чадвал хорвоо зөөлөн шүү дээ. Эрх чөлөөт хүн өөрийнхөөрөө амьдрах шиг сайхан юм хаа байнa?!
Эх сурвалж: www.baabar.mn
No comments:
Post a Comment