“Хаан түүхээс улбаатай Хан дөрвөн уулаар нутагласан Хатан тунамал туулаараа хаяалсан Улсын минь чандмань эрдэнэ Улаанбаатар хотын 370 жилийн ойн баярын мэнд хүргэе” гэсэн мэндчилгээг нийслэлчүүд өчигдөр нэг нэгэндээ хэлж, e-mail-ээр “шидэж”, мессэжээр нисгэж... Улаанбаатарчууд төв талбайдаа цуглаж, гэр бүл, найз нөхдөөрөө нийлж найрлаагүй ч нэг нэгэндээ сэтгэлийн сайхан үг илгээж, “Би нийслэлийн иргэн. Улаанбаатар хот минь 370 жилийн түүхтэй” хэмээн бахархав.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хүмүүсийн илүүтэй мэддэгээр хотын захиргаанд хөл хөдөлгөөн ихтэй өнжлөө. Жил бүрийн энэ өдөр, Улаанбаатар хотынхоо төрсөн өдөр болгоноор сүлдэт хуураа татаж, Монголын нууц товчоондоо хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. 10 жил яг энэ өдөр, энэ мөчид “салхинд гардаг” сүлдэт хуурыг ардын жүжигчин Ч.Батсайхан хөглөж, нийслэлийнхээ жаврыг үргээв.
Монгол Улс төрийн хан хуурыг 1995 онд залж, үүнээс дөрвөн жилийн дараанаас нийслэл сүлдэт хуураа цэнгүүлдэг болсон билээ.
Ёслолын ажиллагааг ардын уран зохиолч Ш.Сүрэнжав хөтөлж, ардын уран зохиолч Т.Галсан баяр хүргэж үг хэллээ.
Тэрбээр ”Улаанбаатарт их бүтээн байгуулалт өрнөж байна. Ялангуяа, энэ жил манай хотод сохорт харагдаж, дүлийд дуулдахаар өрнөлөө. Нийслэлийн иргэд дээд удирдлагууд та бүхэндээ ам сайтай байна. Та бүхэн далай олныхоо хишгийг данайтал дааж яваарай. Ард иргэд бид удирдагчдаасаа үргэлж л шагнал авч байх юм. Би ард түмний төлөөлөл. Иргэдээ төлөөлж хотын удирдлагуудаа шагная гэж ирлээ” гэсээр “Билэг үг”, “Амин сүнс хэмээх авсаархан хосмолжин” гэж бүтээлээсээ 108 ширхгийг бэлэглэж харьяа газар, дүүргийн удирдлагууддаа хүргээрэй гэлээ. Чингис хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүлж, жанжныхаа морьт хөшөөнд цэцэг өргөсөн хотынхон мэндчилгээнд даруулж...
Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 370 жилийн ойг тохиолдуулан эрхэм хүндэт нийслэлүүддээ, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, хотынхоо их бүтээн байгуулалтад иргэн бүр хувь нэмрээ оруулж, нийслэл хотоо цэцэглэн хөгжүүлэх үйлсдээ улам их амжилт гаргахын ерөөл дэвшүүлж “Дурсамж” хадгалуулав хэмээсэн мөнгөн цар илгээсэн бол Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор мөнгөн Хангарьд нисгэсэн байлаа.
Баярын хурал, концертод баяр хүргэж илгээлт хүргүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гаргаж, хотын гэсэн тодотголтой олон хүнийг шагналаа. Зарлигт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 370 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн хөгжил цэцэглэлтэнд бодитой хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын одон медалиар шагнасугай” хэмээжээ.
Хотын даргаар ажиллаж асан, төр захиргааны ахмад ажилтан С.Мөнхжаргал, НИТХ-ын дарга асан, Монголын нутгийн Удирдлагын холбооны багш Г.Маналжав нарыг Сүхбаатарын одонгоор, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер Г.Ганзориг, Нийслэлийн Онцгой байдлын газрын ахлах байцаагч А.Сэр-Од нарыг Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Болдсайхан, Нийслэлийн Засаг даргын хүний нөөцийн зөвлөх Х.Самбаа, НИТХ-ын ажлын албаны ажилтан С.Оюунгэрэл, “Норовсамбуу” сангийн тэргүүн Б.Дэлгэрмаа нарын 16 хүнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Мөн Алтан гадас, Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медалиар тэргүүний хүмүүсийг урамшуулсан юм.
Цагдаагийн Ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир хотын захиргаанд зочилж НИТХ-ын дарга Т.Билэгт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, НЗДТГ-ын дарга Ц.Болдсайхан нарыг “Цагдаагийн төлөө” одонгоороо шагнасан бол Улаанбаатартай ах дүүгийн барилдлагатай Бээжин хотын удирдлагууд Хятадын өмнөд мужид хийлгэсэн пийсүү чулуугаар сийлсэн вартай цэцгэн дурсгал бэлэглэлээ. Швейдээс ирсэн түншүүд Монголоос ууталж авч явсан нүүрсээ шинжлээд иржээ. Тэд Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад туслах гэж буйгаа баярын энэ өдөр дуулгалаа.
Баяр болох сайхан, ажлаа дүгнүүж шагнал гардах бүр сайхан. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон энгэртээ гялалзуулсан хоёр даргаас зурагт, сониныхон элдвийг шалгаах ажээ. УИХ-ын гишүүн, БСШУЯ-нд газрын даргаар ажиллаж асан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг “Аливаа шагнал хийсэн ажлын үр дүн, хийх ажлын эхлэл байдаг. Энэ шагнал бол биднийг түшилцэж ажилладаг үе үеийн хамт олны минь, нийт нийслэлчүүдийн ажлын үзүүлэлт юм. Нийслэлчүүддээ 370 жилийн ойн баярын мэнд хүргэе гэсэн бол НЗДТГ-ын дарга Ц.Болдсайхан, “Нийслэлийнхээ 370 жилийн ойгоор төрийн дээд шагнал авч байгаадаа баярлаж байна. Би Хэнтий аймагт гурван жил ажиллаад 1986 оноос нийслэлийн төр захиргааны байгууллагад ажилласан. 1991 оноос энэ албыг хашиж буй. Энэ өдөр Лхамсүрэнгийн Энэбиш даргыгаа дурсмаар байна. Энэ их хүн надад ажлын зам заасан. Би өнөөдөр долоо дахь Засаг даргатайгаа хамтарч байна. Засаг дарга нартаа, намайг түшдэг хамт олондоо баярлаж явдаг. Нийслэлчүүддээ ойн баярын мэнд хүргэе. Хүн болгон л жаахан мэрийчихвэл, хогоо хаяхгүй хэвшчихвэл хот маань өнгөлөг сайхан харагдана шүү дээ” гэсэн хариулт өгч байлаа.
Хот хогтой байна, агаарын бохирдол нь дийлдэхээ байлаа. Том оврын автобуснууд хөдөлгөөнд эмх замбараагүй оролцож байна. Таксигүй хот болох нь ээ. Улаанбаатарын даац хэтэрлээ. Замын бөглөө бухимдал үүсгэж байна. Манай орцны жижүүр хогоо цэвэрлэхгүй байна. Орцны гэрэл асахгүй байна. Халаалт ирэхгүй, халуун ус гоожихгүй байна. Цэцэрлэг, сургуульд хүүхдэд минь чанартай сайн хоол өгөхгүй юм... мянган болохгүйг манай нийслэлчүүд тоочдог. Өөрөөс нь шалтгаалаад засаж залруулж болохоор энгийн зүйл байсан ч заавал хот, дүүрэгтээ хамаатуулах нь ч бий. Шийдэж өгдөггүй байсан бол тэд энэ хот, дүүргийнхэнд ингэж олонтаа гомдлоо тавихгүй биз. Бараг өдөр бүр ийм гомдол хүлээн авч, шийдэж, зэмлэл сонсож ажилладаг хот хэмээх их айлын удирдлагууд энэ л өдөр магтаалд умбаж, дээр өгүүлсэн олон мэндчилгээнд цадаж өнждөг. Иргэд “Та нартаа баярлалаа” гэдэг сэтгэлийн үгээ энэ өдөр хэлдэг.
Сая гаруй хүн амтай Улаанбаатар, бидний нийслэлчүүд 370 жилийнхээ их түүхэнд сөгдөн мэхийв.
Нийслэлийн төр захиргааны байгууллагуудтай байнга холбоотой ажиллаж, биднийг дэмждэг та бүхэндээ баярлалаа. Сэтгэлээ шингээсэн талархал бүхэн тань хотынхон бидэнд ажиллах эрч хүч, урам зориг өглөө.
Хот нь иргэндээ, иргэн нь хотдоо уяатай энэ их айлын эзэн болсон Та бидний үйлс өөдөө байх болтугай.
Ц.Энхмаа
No comments:
Post a Comment