Tuesday, 20 July 2010

Ц.Элбэгдорж: Ямар төр байна тийм төр байхаар болчихоод байна

-Уг нь “Ямар ард түмэн байна тийм төр байна” гэдэг шүү дээ-
Ардчилсан намын дарга Ц.Элбэгдоржтой уулзаж ярилцлаа.
Ард түмнээ ялдаг засаг гэж байдаггүй юм

-Та Завхан яваад ирэв үү. Тахилга сайхан болсон уу?

-Ирээд дөрвөн удаа унтлаа. Тахилга сайхан болж байгаа байх. Олон машин замд зөрсөн. Улиастайд Ардчиллын ордон нээчихээд иргэд, залуучууд, намынхаа гишүүдтэй уулзчихаад би тэр шөнөдөө Улаанбаатар руу гарсан.
-Тантай Ц.Нямдорж огцорсон тухай ярья гэж төлөвлөж байтал осол гараад, араас нь сайдууд төсвийн хууль зөрчсөн асуудал босоод ирлээ.
-Манайд өглөө гарсан шуугиан орой хуучирдаг болчихож. Зарим оронд бараг гардаггүй, заримд нь жилд эсвэл хэдэн сард гардаг явдлууд энэ эрх баригчдын өнгөн дээр өдрөөр тоологдож байна. Араас нь байр сууриа илэрхийлэх гэж байтал хоцорчих юм.
-Нисдэг тэрэгний осолтой холбогдуулж Ардчилсан нам энэ засагтай хариуцлага тооцох уу?
-Өөр яах юм. Тэр олон хүний нулимс, өнчрөлийг зүгээр хараад суух уу. Тангараг өргөсөн дайчдын амь нас үлдсэн бидний хэнийхээс ч үнэтэй, эрхэм. Тэдний амийг зольсон хариуцлагагүй явдал таслагдах л ёстой.
-Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гээд танай нам хэд хоногийн өмнө мэдэгдэл гаргачихлаа. Зөвлөл ч шийдвэрээ гаргачих шиг боллоо. Хэзээ асуудлаа УИХ-д тавих гэж байна даа?
-Энэ засаг биднийхээр бол ноднин аравдугаар сард огцорсон. Манай гишүүд асуудлыг хуулийн дагуу санаачилж тавиад есөн сар болох гэж байна. Эрх баригчид олонхиороо муйхарлаад өмөөрөөд үлдээсэн. Энэ засаг байснаар Монголд гай тарина, цааш байлгаж болохгүй гэдгийг Ардчилсан нам хэлээд тэмцээд удаж байна.
-Нэг хэсэг таныг М.Энхболдын Засгийн газрыг хамгаалаад байна гэж их ярьж, бичдэг байв шүү. Одоо таныг ингэж ярихаар өөрөө огцорсон хорслоо тайлах гэж байна гэж бодох байх даа?
-Тэгж л байг. Тавих ёстой асуудлыг хорьсон ч тавина, хориогүй ч тавина. Дээр нь би бусдад хорсох, гомдох эрхгүй хүн. Бусдын өмнөөс загнуулж, хэлүүлж явах бол миний сонгосон ажил. Яагаад гэвэл би энэ намын дарга. Би ард олныхоо нэрийн өмнөөс дуугарах үүрэгтэй. Ардчилсан нам бол эрх баригчдын талд биш, ард түмний эрх ашиг хаана байна, тэнд байх ёстой. Яахав би эхлээд, энэ Засгийн хувьд адилхан л аавын хүүхдүүд ажиллаад үзэг гэж боддог, тэгж хэлдэг байсан. Гэвч өөрсдөө болохгүй байна. Эд өөрсдөө бүгдэд нь буух хариуцлагаас мултрах санаатай бие биенээ санаачилж огцруулаад эхлээ биз дээ. Одоо бол ямар ч ов мэх нэмэргүй болж дээ.
-Ц.Нямдоржийг огцруулах үеэр Ардчилсан нам гайхамшигтай улс төр хийлээ гэж шуугисан. Одоо М.Энхболдод түүнийгээ дахин туршихаар хөдөллөө гэж ойлгож болох уу?
-Ноднингоос хойш эдний огцрох үндэслэл улам нэмэгдсэн. Нэг удаа хууль зөрчихөөр дутагдал болдог. Тэр нь тоогоо алдахаар толгойны эргүү болдог байж болохгүй. Нэг сайд хууль зөрчихөөр огцордог, бүх сайд нь зөрчихөөр үлддэг байж болох уу. Хамгийн сүүлийн жишээгээр бол энэ 18-ын чинь 15 нь төсвөө хэтрүүлж, гурав нь ажлаа хийхгүй хууль зөрчиж, хариуцлага алдчихаад байна. Эдний огцрох шалтгаан нь уул овоо шиг болсон. Ард олны сэтгэлд бол энэ засаг байхгүй, ноднин биднийг ярьж байхад хүмүүс эднийг сэтгэлээсээ аваад хаячихсан байсан. Харин тэр байхгүйн орон зай нь одоо эднийг үзэн ядалтаар солигдсон.
-Нөгөө таны “Эрдэнийн хувь” гээд бичээд байсан Таван толгойг Засгийн га¬зар хуваагаад дуусч байх шиг байна. Ард түмэнд хувь хүртээх талаар ярихгүй байгаа шүү?
-Энэ М.Энхболд бас л хууль зөрчлөө. Ерөнхий сайдыг хэн ингэж хорлоод байнаа. Дандаа бүтэлгүй юм хийлгэх юм. Алдмааргүй зүйл дээр л алдаа гаргаад байх юм. Таван толгойн хувьд эхэлж Аюулгүйн Зөвлөлөөр бодлого нь тодорхойлогдох асуудал. Нөгөө манай хувийн хэвшлийнхэн ч 50 хүртэл хувь гэж байхад, 14 хувь бидэнд хангалттай гэж засагт долдойдоод. Төрд очно гэдэг нь даргад очно гэсэн үг. Түүнийг тойрч хахууль, тэмцэл гаарна.
Тэгвэл өөрөөр ярих хэрэгтэй. Төрд өгснөөс ард иргэддээ хувьцаа болгох нь дээр. Би энэ санааг хэлээд хагас жил болж байна. Манай намын Гүйцэтгэх Зөвлөлийн шийдвэр ч байгаа.
-Ардчилсан намын саналаар Засгийн газар огцорно гэж үү. Танайхан дахиад л цөөнх болох юм биш үү?
-Бид олонхи болчихсон. Энэ засгийг байх ёсгүй гэж үздэг талын тоо хаа сайгүй олонхи. Зөвхөн МАХН өнөөдөр энэ толгойн өвчнөөсөө салах уу, эсвэл толгойн өвчин нь даамжирч намынхаа толгойг залгих уу гэдэг л асуудал. Яахав бид тэмцээд хүч мөхөсдвөл, ард түмэн эднийг арчиж л таараа. Ард түмнээ ялдаг засаг гэж байдаггүй юм.
Сонгууль Чинь лөөлөө болжээ, сэрцгээ ах дүү нараа
-Та ч ирэх сонгуулийнхаа ялалтад итгэлтэй байгаа юм байна.
-Ард түмний сонгууль болбол ард түмэн ялна. Асуудлын гол нь ард түмний биш МАХН-ын эрх баригч хэсгийн сонгууль болох гэж байна. Тэд амиа тээж үлдэх юмаа сүүлийн хоёр сонгууль дамжуулаад хийчихсэн. Тиймдээ ч сая М.Энхболд намынхаа анхан шатны байгууллагуудын бүсчилсэн зөвлөлгөөн дээр “бүх юм дуусаагүй” гэсэн утгатай мэдэгдэл хийлээ.
-Та жаахан тодорхой ярихгүй юу. Ирэх сонгуулийн дүнг хүртэл урьдчилаад баллачихсан сууж байгаа хэрэг үү?
- МАХН-ын сүүлийн хоёр дарга, би энэ Н.Энхбаяр, М.Энхболд хоёрыг хэлж байна, муу юмандаа гаргуун улс. Ардчиллын эхний жилүүдийн сонгуульд бүгд мэдэхгүйгээсээ болж их алддаг байсан. Сүүл рүүгээ мэдэж алдаж, мэдэж хууль зөрчиж байна. Н.Энхбаяр МАХН-ын толгойд гарснаас хойш сонгууль сонгууль биш болсон. Тийм аргыг бусдаас сурсан, хэрэгжүүлсэн. Хотод энэ М.Энхболд чинь бүх сонгууль будилуулж өөрөө үлдэж бүр сурсан нөхөр. Одоо өмнөх хойдох туршлагаа ашиглаад ирэх сонгуулийн дүнг хулгайлчихаад юу ч хийгээгүй юм шиг л явж байна.
-Та сүүлийн үед сонин, телевиз, радиод хурц, хурц ярилцлагууд өгсөн. Урьд нь ийм хатуу байр суурьтай ярилцлага өгч байгаагүй атлаа гэнэт яагаад ингэв. Өмнө нь юунд барьцаалагдаад, юунд хүлэгдээд байсан юм бол гэсэн гайхшрал бас байх юмаа.
-Би байгаа зүйлийг байгаагаар нь хэлэхийг оролддог. Өмнө нь ч хэлж байсан. Хамгийн гол нь цаг хугацааны хүчин зүйл их нөлөөлж байх шиг байна. Зарим нь зөв цагт хэлэгдэж олны анхаарлыг татаж байхад, зарим нь хэний ч анхааралд өртөхгүй өнгөрчихдөг. Гол асуудал хөндөгдөөгүй байгаа шүү.
-Тэгээд тэр гол асуудал нь юу юм бэ. Түүнийгээ хэзээ ярих юм бэ?
-Гол асуудал, Монголын ардчилал ирэх сонгуулиар дуусч магадгүй болчихлоо. Удахгүй Монгол Улс ардчилсан улс биш харин ардчиллыг нь эрх баригчид нь бүтээдэг улс болохоор байна. Энэ тухай одоо л ярихгүй бол оройтно.
Хүмүүс өнөөдрийг болтол ямар нэгэн зүйлд итгэж яваа байх. Магадгүй дараагийн сонгуульд итгэж байж магад¬гүй. “Энэ муу Ерөнхийлөгчийг, энэ муусайн эрх баригчдыг солино, сонгууль ойртож байна. Бидний цаг ирнэ дээ” гэж бодож байгаа байх. Гэвч тэдний цаг хулгайлагдчихсан байна.
-Дөрвөн жилд нэг удаа төрийн эрх сонгогчдын гарт ирдэг. Гэтэл тэр эрх алдагдсан гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав. 2000 он болон 2004 оны сонгуулиар энэ эрх илэрхий алдагдсан. 2005 оны сонгуулиар улам гаарсан. Одоо ирэх сонгуулиар бүрэн дансыг нь дугуйлна. Сонгууль чинь лөөлөө болжээ, сэрцгээ ах дүү нараа гэж хэлэх л надад үлдээд байх шиг байна.
-Ямар баримтаар та ингэж хэлж байгаа юм бэ. Сонгуулийн байгууллагууд бүх шатандаа сонгуулийн ялалтыг шийдэхээр болчихсон байна. Сонгуулийн тухай хууль өөрчлөгдсөн шүү дээ. Бага ч гэсэн дэвшил гараагүй гэж үү?
-Сонгуулийн хуулиас гадна Сонгуулийн байгууллагын тухай хууль гэж бий. Дарангуйлалтай олон оронд Дотоод яам нь сонгуулиа явуулдаг. Гэтэл манай Сонгуулийн байгууллагын тухай хууль бол яг тийм дарангуйлалтай орны сонгуулиа явуулдаг Дотоод яамны хууль шиг хууль болсон. Ард түмний сонголтоор биш Сонгуулийн байгуул¬лагын сонголтоор сонгуулийн дүн гарахаар бүх юм хийгдсэн. Гэхдээ үүнийгээ 2000 оноос аажим аажмаар дасгаж бага багаар хийсээр ирсэн байх юм.
-СЕХ-ны бүтцийн тал дээр ярьж байна уу эсвэл нэр дэвшигчдийг СЕХ бүртгэхдээ баахан шалгуур тавьж түүгээрээ шалтаглан хасах тухай заалтууд байгаа тухай ярьж байна уу?
-Ерөөсөө бүхэлдээ л сонгуулийн байгууллагууд бүх шатандаа сонгуулийн ялалтыг шийдэхээр болчихсон байна л даа. Сонгуульд ямар намыг оролцуулах, эс оролцуулах, бас хасах, юуг зөрчил гэж үзэх, эс үзэх, яаж шийдэх бүх эрх Сонгуулийн байгууллагад очжээ. Нэр дэвшигчдийн хувь заяа мөн адил. Уг нь сонгуульд оролцож байгаа нам, нэр дэвшигчдэд ард түмэн зохих дүн тавьж, хэнийг дэмжих, эс дэмжихээ хэлэх ёстой. Ардчилсан сонгуульд ард түмэн л эцсийн үгийг хэлдэг. Гэтэл сонгуулийн байгууллага энэ хуулиар хэрэг бүртгэгч, мөрдөгч, яллагч, хэрэг таслагчийн бүх эрхийг нэг дор эдлэхээр болжээ.
-Тухайлбал яаж тэр вэ?

-Сонгуулийн байгууллагад эдлэх ёсгүй их эрх өгсөн байна. Хамгийн гол нь тэнд тодорхойгүй маш их зүйл байна. Тодорхойгүй их эрх их ялзрал, их хэлмэгдүүлэлт, их дампуурлыг дагуулдаг. Тодорхойгүй эрхийг тухайн эрхийг хэрэгжүүлэгч албан тушаалтнууд, байгууллага өөрийн үзэмжээр тодорхойлж түүнийг ихэсгэж, багасгаж ашигладаг. Ихэнх тохиолдолд доозыг нь хэтрүүлж хэрэглэдэг. Яг л учир мэдэхгүй, гэхдээ түүнийг хэрэглэх гэж хорхой нь гозолзсон хүнд зэвсэг бариулсантай адил.
-Эдлэх ёсгүй эрх гэдэг нь чухам юуг хэлж байна вэ?
-Сонгуулийн байгууллага өөрөө зөрчлийн төрөл зүйлийг тодорхойлохоор байгаа. Олонхиороо зөрчлөө шийдэх тэр бүү хэл, уг байгууллагын гишүүн цөөнх тэр зөрчлийг “зөрчил” биш гэж үзвэл тийм зөрчил гаргасан цөөнхийг олонхи нь эрхийг нь хасаж хөөж гаргана. Ингэж нэг намын олонхи бүрэн эрхт шийдвэрээ тухтай гаргахаар байгаа.
-Гэхдээ сонгуулийн байгууллагад ажиллаж байгаа бүх хүн ийм бодол санаатай, ийм зорилготой байхгүй байлгүй дээ?
-Сонгуулийг улс орон даяар зохион байгуулахад ойролцоогоор 15 мянган хүн дайчлагддаг гэсэн тоо бий. Тэд сонгуулийн бүх шатны байгууллагад хуваагдаж ажиллана. Бараг бүх газар МАХН-ын гишүүд олонхийг, эсвэл дийлэнх олонхийг бүрдүүлдэг. Зарим нь нам бус гэдэг нэрийн дор тус намын даалгаврыг онцгой чармайлттайгаар биелүүлнэ. Зөвхөн СЕХ-ны есөн гишүүний долоо нь МАХН гишүүд байгаа. Тэд МАХН-ыг төр барьж байгаа учраас тэнд байгаагаа сайн мэднэ, сонгуульд МАХН ялагдвал хэн болохоо бүүр сайн мэднээ. Тиймээс МАХН-ыг сонгуульд ялуулахын тулд тэр хэд юу хийх ёстойгоо хэнээр ч заалгахгүй хийнэ.
-Та нар яагаад энэ бүгдийг эрт яриагүй юм бэ? Одоо оройтож байгаа юм биш үү?
-Ярьсаар ирсэн. Тухайн үед бүгд л сонгуульд гардаг ээлжит зөрчил гэж үздэг байлаа. Одоо эдгээр нь хандлага болсон. Бүр зарим хэсгийн мэргэжил болсон. Түүнийг хийж ээлжит орлогоо олдог, сонгууль хүлээдэг нийгмийн нэг хэсэг бий. Одоо бол ёс бус ажиллагаа нь хуулийн дархлаатай, тэгээд тэдний яруу алдарт шийдвэр нь ямагт зөв болдог буруу байгууллага гарлаа.
-Танаас өөр энэ байдлыг мэдэж байгаа хүн олон бий юу?
-Байлгүй яахав. Харин уг завхралыг хичнээн хүн өөрчлөхийг хүсэж байна гэдэг л гол нь байна. Сонгуулийн байгууллагын хуулийг хийсэн, тэр хуулийн талаар семинар зөвлөлгөө өгсөн гадна дотныхон, түүнийг хэрэгжүүлэгчид уг хуулийн анхны төслийг 45 хоног гэртээ ганцаараа сууж, засаж босгосон, дээрх ажлуудад оролцсон, оролцдог гээд олон хүн мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Саяхан гэхэд л манай намын ҮЗХ-ны хэсэг гишүүд сайн дураараа ажлын хэсэг байгуулж дээрх хуулийг болон, СЕХ-ноос гаргахаар бэлдэж байгаа олон журмын төсөлтэй танилцсан. Товчхондоо “Ирэх сонгуульд МАХН ба түүний нэр дэвшигчдээс бусад нь илүүдээ гарсан мөнгөтэй, илүүдээ гарсан цагтай бол бас тэгээд сонгуулийн булхайг зах зухаас нь биеэрээ мэдрэх гэвэл оролцож болох юм” гэсэн дүгнэлт гаргасан.
-СЕХ тухайн нэр дэвшигчийг өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан, татварын өртэй эсэх талаар шалгуур тавина, түүнийг “хэлэлцэнэ” гэсэн үг өгүүлбэр хуульд байгаа. Энэ утгаар нь та зарим зүйлийг хэлж байна уу?
-Хуулиар нэр дэвшигч, намыг бүртгэх эс бүртгэх шалгуур маш тодорхой, бас зөвхөн хуулиар хязгаарлагдсан байх ёстой. Хуулинд дээрхтэй холбоотой бүрхэг заалтууд бий. Гэхдээ бүртгэх эс бүртгэхдээ холбогдсон хуулийн заалтаас үүдсэн олон харилцааг журмаар СЕХ зохицуулахаар байгаа. Хүний эрхийг хөндөхдөө, тэр тусмаа сонгох, сонгогдох эрхтэй холбоотой үүсэж байгаа харилцаа бол хуулиар зохицуулагдах ёстой. Дээр нь сонгуулийн зөрчлийг зөвхөн нам, нэр дэвшигчид гаргадаг биш, урьдчилаад ийм зөрчил гаргавал хуулийн ийм цоорхой ашиглаж, ингэж шийднэ гээд сонгуулийн байгууллага өөрөө бэлдчихсэн байдаг. Хэрэв тэр зөрчил гай болж гарахгүй бол түргэн авч зөрчил үйлдэгчдийг ажилд нь оруулдаг, тэднийг сайн ажиллавал том шагнал өгдөг. Чи сөрөг намын нэр дэвшигч, хуулийг ягштал биелүүлээд явж болно. Гэтэл бэлдсэн зөрчил гаргагчийн гайгаар чиний сонгууль, эсвэл авсан санал чинь хүчингүй болох жишээтэй. Манай Энхболд, Бат-Үүл, Эрдэнэ гээд олон хүн дээр тийм зохиомол зөрчлийг бий болгож сонгууль, санал луйвардаж байсан жишээ бий. Урьд нь тэдгээр зүйлүүд зөрчилд тооцогддог байсан бол одоо бодлого, төрийн эрх мэдлийг хууль бусаар үргэлжлүүлэн хадгалах хууль ёсны арга хэрэгсэл болчихоод байна.
-Дээрх хуулиудыг батлахад Ардчилсан нам хаана юу хийж байсан юм бэ. Танай нам хамт оролцож батлалцаа биз дээ?
-Өөрөө нэг зүйлийг анхаарч байгаа байх. Би сонгуулийн биш, байгууллагынх нь хуулийг тойруулж ярьж байна. Ямар асуудал хэлэлцэхэд АН-ыг оруулах, ямар дээр нь ямар хувиар оролцуулах, юуг хүчээр шийдэхээ өнөөгийн олонхи мэднэ. Бидэнд дутагдал бий. Сонгуулийн хууль руугаа, санал хураах хэлбэр лүүгээ бүх анхаарлаа тавьдаг. Гэтэл чоно борооноор гэгчээр хэн ч тэр бүр тоодоггүй байсан хуулинд тухайлбал сонгуулийн байгууллагын тухай хуулин дотор хутга нуух жишээтэй. Саяхан болтол олон зүйл тодорхойгүй байсан. Одоо л хүнээ нэг юм таньж байна шүү дээ. Цаг хугацаа шаардлагатай юм гэж бас байна.
-Тэр нуусан “хутга”-ыг яавал МАХН-д ашиглуулахгүй байж болох вэ?
-Би үүнийг зөвхөн МАХН-тай холбож яриагүй байна. Мэдээж эд л ийм юм хийж чадна. Гэхдээ тийм нууц ашиглагдаж болох зэвсэг байвал хэн ч түүнийг ашиглах гэж л оролдоно. Түүнийг харин ашиглаад хэн ч хожихгүй. Эрх баригч, ард түмний сонголт хоёр зөрөхөөр хичнээн их эрх мэдэлтэй ч бай эрх барьж байгаа тал, эргээд ард иргэд бүгд л хохирдог. Иймээс эрх чөлөөг аажмаар багалзуурдаж байгаа гарыг хамтдаа хугачин хаях хэрэгтэй. Угаасаа эрх чөлөөг устгагч гаднаас ирдэггүй, дотор нь хавдар мэт мэдэгдэхгүй уусч аажим аажмаар толгойг нь залгиж өөрөө толгой болж төлждөг.
Ирэх сонгуулиар тэр намыг энэ нөхрийг битгий сонго гэж өнөөдөр Яриад байгаа тэр эрхийг чинь яг л адуу хулгайлдаг шиг аваад явчихсан байна
-Та түрүүнд гадна дотныхны зөвлөгөө семинар гээд ярилаа. Танайх ч бас гаднаас хүмүүс авч ирээд семинардахаараа нэг болдог шүү дээ?
-Бидэнтэй хамтарч ажилладаг хүмүүс хэзээ ч нууц байдалд ирдэггүй, хэлж ярьж байгаагаа нууцалдаггүй, тэгэх ч шаардлага байхгүй. Тэд ардчиллын үнэт зүйлсийн тухай, түүний хэрэгжилтийг хангах тухай ярьдаг. Миний мэдэхийн Ху намын удирдах нөхдийн нууцалж авдаг семинар бол эрх мэдэлд яаж тогтож үлдэх, түүнийгээ хүний санаанд орох, орохгүй олон аргаар яаж хэрэгжүүлэх тухай байдаг. Бидэнд 2-3 удаагийн семинар зөвлөлгөөнийх нь материал, хэн хаанаас ирж юу ярьсан нь, тэдэнд хэдий хэмжээний мөнгийг албан ёсоор төлөхөөр тохиролцсон зэрэг баримтууд олдсон. Зарим нь хэвлэл дээр ч гарсан байна лээ. Хүмүүс анзаараагүй байх.
-Таны яриагаар бол дараагийн сонгуульд итгэл тавьж болохгүй болчихлоо. Тэгэхээр одоо яах вэ?
-Юу хийх вэ гэхээс өмнө Сонгуулийн тухай зөв ойлголттой болмоор байна. Сонгох, сонгогдох эрх гэдэг бол иргэдийн улс төрийн эрх дотроос хамгийн чухал эрхийн нэг. Үүнийг нэг байгууллагын бүдүүлэг үйл ажиллагаагаар арилжиж болохгүй. Дараа нь сонгуулийн байгууллагын мөн чанарыг бас мэдэх ёстой. Энэ бол ард түмнээс сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд нь тусалдаг, үйлчилдэг байгууллага байх ёстой. Гэвч туслагч чинь өнөөдөр тоглогч, үйлчлэгч чинь өнөөдөр Дотоод Яам болчихоод байна.
Таны сонгох, сонгогдох эрх чинь сонгуулийн байгууллагын эрх болчихоод байна. Тэр ариун эрхийг булаагчид Ху намын өвөрт орчихсон, зөвхөн тэр нам, тэндээс нэр дэвшигчийн хэлийг ойлгож хүслийг гүйцээхээр бэлтгэлээ хангаж байна. Нөгөө Үндсэн хууль чинь ч, 17 жил зовж бүтээсэн ардчилал чинь ч аль аль нь будаа. Ирэх сонгуулиар тэр намыг энэ нөхрийг битгий сонго гэж өнөөдөр яриад байгаа тэр эрхийг чинь яг л адуу хулгайлдаг шиг аваад явчихсан байна. Үүнийг л эхэлж ойлгох хэрэгтэй.
-Ойлгоод яахав, УИХ-д 25 суудалтай Ардчилсан нам чадахгүй байгаа юмыг жирийн сонгогчид яах ч билээ?
-Хулгайч нэг л зүйлээс айдаг. Юунаас гээч, хулгай нь илчлэгдэхээс. Нэг үгээр хэлбэл олон түмнээс айдаг. Хүмүүст итгэ. Тэд энэ тухай бүрэн мэдээлэлтэй болоод авбал өөрсдийнхөө эрхийг яаж хамгаалах, яаж хэрэгжүүлэхээ мэднэ. Эрхийг чинь манаач чинь туучихсан байна гэдгийг л ард түмэндээ нэг шивнээд авахад учир бий. Улстөрчид тэдний эсрэг ард түмэн олонх болохоос ихэнх нь айж явдаг. Зарим нь худлаа, зоригтой зоригтой юм ярина, яг тулахаар их хулчгар байдаг юм. Ийм учраас ард түмэн мэдэж өөрчилсөн юм хүчтэй байдаг. Хууль ч адил, байгууллага ч адил.
-Тэгэхээр энэ хуульд өөрчлөлт оруулж амжих уу?
-Болж өгвөл энэ хуулийг бүрэн өөрчлөх, болохгүй бол түүнд нэмэлт өөрчлөлт хийх ёстой. Тэр СЕХ-ны батлах гээд байгаа журмуудаас хуульд оруулах эсэхийг нь ялгах нь зөв. Ер нь манайд нэг дутагдал байгаа. Хууль байх ёстой юм нь журам болчихдог, журам байх ёстой нь хууль болдог. Сонгуулийн шинэтгэлийг хөндлөнгийн экспер¬түүд, иргэд, намуудын оролцоотой иж бүрэн хийх цаг болжээ. Ингэж ард түмний төрөө байгуулах хулгайлагдсан, хулгайлахаар бэлдэж байгаа эрхийг сэргээх нь зүйтэй.
-Нэгэнт намын дарга нь Сонгуулийн тухай хууль болон сонгуулийн байгууллагын хуульд шүүмжлэлтэй хандаж байгаа юм чинь Ардчилсан нам энэ өөрчлөлтийн төлөө эрчимтэй ажиллах нь гэж ойлгож болох уу?
-Өөр зам байхгүй л дээ. Хамгийн сүүлд Хөвсгөлд УИХ-ын нөхөн сонгууль болсон. Тэгэхэд СЕХ-ны дарга нь “Энэ бол ирэх сонгуулийн өнгө” гэж зарласан. Тэгэхээр ирэх сонгуульд МАХН л ялах юм байна. Жижиг намууд бол юу ч авахгүй юм байна. Ардчилсан нам бол сонгуульд оролцож тэр сонгуулийг хууль ёсны болгоход л туслах хүчин болж хувирах юм байна.
Иргэдийн саналыг хулгайлахын тулд МАХН 2000 оны сонгуулийг оролцуулаад хойших сонгуулиудад луйврын 30 орчим арга хэрэглэсэн.
-Яасан хатуу хэлж байна аа?
-Бодит байдлыг будаггүй харахад ийм л байна. Ер нь улс төрийн орчноо янзлахгүй бол энэ улс урагш явахад хэцүү болчихоод байна. Сонгуулийн шат шатны байгууллага нь нэг намын сонгуулийн штабын бүрэлдэхүүн хэсэг болж ажиллаж байна. Энэ тохиолдолд сонгууль тэр эрх баригч намын эрхээ сунгах ээлжит жүжиг болно. Ингэж ард түмнээ доромжилж болно гэж үү.
-Энэ луйвар тэгээд хэзээнээс эхэлсэн байх вэ?
-Иргэдийн саналыг хулгайлахын тулд МАХН 2000 оны сонгуулийг оролцуулаад хойших сонгуулиудад луйврын 30 орчим арга хэрэглэсэн байдаг.
Үүгээр судалгааны ажил хийж байгаа хүмүүс ч бий. Саналын хуудсыг хэвлэхээс авахуулаад, санал авч багцалж боох хүртэл тийм олон луйвар багтдаг гээд бод доо. Тэдгээрт улс төрийн сонгуулийг жүжиг болгож ард түмнийхээ эрхийг хөсөрдүүлж суудаг дэглэмүүдээс зөвлөх авч, хөлс мөнгө төлж суралцсан байгаа юм. Ингэж МАХН-ын төрийн эрхийг хууль бусаар, зохион байгуулалттай авч байсныг сонгуулийн хэсэг хороонд ажиллаж байсан захын хүн хэлнэ - Ай энэ Ху нам ч муухай булхай их хийсэн гэхээс ихэнх нь өөр тайлбар хийж чаддаггүй юм. Тэр бүхнийг системд оруулаад дүгнэлт хийхээр чиний хатуу гэж хэлдэг үг гарч байгаа юм.
-Тийм үр дүнтэй аргууд үнэхээр байна гэж үү?
-Тэр 20 хол давсан, зөвхөн ганцыг нь хэрэглэхэд л сонгуулийн дүн өөрчлөгдөнө. Зөвхөн ганцыг нь хэрэглэхэд шүү. Тухайлбал, 2004 оны сонгуулиар Н.Энхбаяр гэдэг хүн ялагдсан. Ж.Бямбадорж гэдэг хүн маш цөөхөн саналаар унасан. Гэтэл Ж.Бямбадоржийн тойрог дээрээс 2000 хүн Н.Энхбаярын тойрогт очиж санал өгөх ганц аргыг л хэрэглэсэн. Хэрвээ тэр сонгуулийн дүн хүмүүсийн санал өгснөөр, үнэнээрээ гарсан бол өнөөдөр манай улс төрийн амьдрал ямар байх байсан бол.
-Тэр олон аргаас дахиад нэгийг нэрлэж болох уу?
-Тэд сонгуулийн дүнг урьдчилан зарладаг. Хөвсгөлийн нөхөн сонгуульд урьдчилан зарласан явдал бий. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч энэ аргыг бас хэрэглэсэн. Урьдчилж судалгаа хийгээд “За манай намын рейтинг 30 хувьтай байна. Нэр дэвшигчийн сурталчилгаагаар бид 10 хувийг авах нь ээ” гэдэг. Тэгэхээр ялалт байгуулахад 40 хувь хангалтгүй байгаа биз. Тэгмэгц “За одоо 10-15 хувийг нь хийнэ. Хулгайлж ир. Хулгайлахад ийм ийм арга хэрэглэж хулгайлна” гэдэг. Энэ аргаа сонгуулийн байгууллагуудаар дамжуулж жин тан зохион байгуулахаар хийчихээд нийтэд зарлачихдаг. “Манай нэр дэвшигч дор хаяад 56 хувийн санал авна” гэдэг. Тэгээд сонгуулийн дүн гарангуут “Бид 56 хувийн санал авна гэж зарласан. Манай нэр дэвшигч 56,5 хувийн санал авлаа. Бид яллаа” гэдэг. Энэ бол нэг арга нь.
Дахиад нэг жишээ. Чингэлтэй дүүрэгт явуулсан орон нутгийн нөхөн сонгууль. Бүх судалгаагаар АН-ын нэр дэвшигч ялах нь тодорхой байсан. Ердөө 1600 хүн л тэр сонгуульд оролцож байгаа юм шүү дээ. Гэтэл тэр сонгуульд оролцсон хүний тооноос хайрцагнаас гарсан саналын хуудас 73-аар илүү байсан. Манай нэр дэвшигч найман хүний саналаар ялагдсан. Энэ луйврыг нь сая шүүх албан ёсоор тогтоосон. Гэтэл одоо МАХН-ынхан давж заалдахаар харайлдаж явна. Тэд энэ аргыг гаргуун хэрэглэнэ. Бас тийм олон саналаар нөгөө талаа ялагдуулахгүйгээр зохион байгуулна. Тэгээд л чи ч бараг гарчихлаа, бараг гишүүн гээд хөөргөнө. (Инээв)
-Бараг гишүүн гэнээ…
-Зарим хүмүүс одоо болтол сонгуулийг ганц байртай, ганц¬хан алтан медальтай урал¬даан гэдгийг ойлгодоггүй юм. Ялах ямар ч боломжгүй байж л үзээд байдаг. Бас биеэ даана. Тэр нөхөрт хоёрт орлоо гээд олгодог “бараг гишүүн” ч гэдэг юмуу тийм статус байхгүй шүү дээ.
-Ингэхэд та хэдэн саналаар ялж, ялагдаж явсан бэ?
-Би 1996 онд Баянхонгорт нэр дэвшихдээ зургаан мянган саналаар илүү гарч байж ялж байсан. Зургаан мянга шүү. Хэрвээ би 3000 дотор орсон бол ялахад хэцүү байсан. Гэтэл Дорнодод 2000 онд 150 саналаар ялагдсан. МАХН онцгой анхаарал хандуулах тойрог дээрээ дор хаяж 1000-3000 санал нэмж луйвардах ажиллагаа зохион байгуулдаг. Гэтэл нэг санал, 10 санал, 100 саналын зөрүү л сонгуулийн дүнг шийддэг юм.
Тухайн Үеийн Ялагдал нэг намын, нэг нэр дэвшигчийн ялагдал байсан бол одоо Үр дагаврыг нь харахаар Монголын Ялагдал болж хувирч байна
-Та ч тэгэхэд бараг гишүүн болсон юм байна?
-Тэр үед ялагчийг шүүдэггүй юм гээд өнгөрч байсан. Одоо үүнийг таслахгүй бол энэ ард түмэн чинь ял сонссон юм шиг амьдралаасаа мөд салах янзгүй нь. Тухайн үеийн ялагдал нэг намын, нэг нэр дэвшигчийн ялагдал байсан бол одоо үр дагаврыг нь харахаар Монголын ялагдал болж хувирч байна. Зарим тойрог дээр 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогчдын 30 хүртэлх хувиас нь урьдчилаад санал авчихсан байсан гэж ярилцдаг юм.
-Урьдчилсан санал хураалтаар тэр үү?
-Урьдчилсан санал хураалт гэдэг нэрээр өөрийн талд баараггүй өгөх хүмүүсээр санал өгүүлнэ. Өрсөлдөж байгаа хүмүүсийн нэг нь тухайн тойрог дээр урьдчилаад 30 хувийн саналаа авчихсан, нөгөө хүн нь сонгуулийн өдөр тэгээс эхэлж байвал тэнд ямар нэг сонгуулийн тухай, эсвэл ардчиллын тухай яриа байж болох уу. Тэр хүмүүс сонгуулийн өдөр давхар нэр бичилтээр, эсвэл шалтгаантай хүмүүсийн нэр дээр орж дахин нөгөө хүндээ тус бүр санал өгнө гээд төсөөл.
-Төсөөлөхөд ч бэрх юм?
-Сонгогчдын нэрсийн жагсаалт гээд бүр бантан шиг юм бий. Тэр жагсаалтыг зөвхөн нөгөө булхай хийгчид голдуу гаргана, тэд л эзэмшинэ. Хуулиар хэд хоногийн өмнө нийтэд ил болгох ёстой ч түүнийг хэрэгжүүлдэг амьтан олдохгүй. Нөгөө сонгууль зохион байгуулахад туслах байгууллага ч нүдэн балай, чихэн дүлий. Тэнд нас барсан, цэрэгт явсан, гадаадад ажиллаж байгаа, эсвэл оюутан гээд бүгдийг нь оруулна. Нөгөө саналаа дахиж өгдөг будилаан хутгагчид түүнийг ашиглана. Одоо бол бүр “задгай” гэж албан ёсны луйврын хэрэгсэлтэй болсон. Ба¬гаас сум руу, сумаас аймаг руу, аймгаас нийслэл рүү шилжсэн, шилжиж байгаа гэдэг нэрийн дор хэдэн мянгаар нь бантан хутгана. Бага газар харьцангуй хяналт тавьж болно. Хот, томоохон суурингуудад бол жинхэнэ зэрлэг капитализм гэдэг шиг сонгууль зэрлэгшиж гал¬зуурна. Өөрөө сонгогчдын тооны саяхан албан ёсоор зарласан зөрүүг сонссоно уу, хэд гэж бодож байна.
-20-иод мянга гэсэн.
-120-иос 200 гаруй мянгаар зөрж байгаа. Бүр СЕХ-ноос албан ёсоор гаргаж Засгийн газарт явуулсан баримтаар шүү. Монголд сая гаруй сонгогч бий. Тэрэн дотор 15-20 хувийн тооны хэлбэлзэл байна. Энэ бол сонгуулийн дүн ийм хэмжээнд худал гаргахад нөлөөлдөг нэг л хүчин зүйл.
-Хэрвээ ирэх сонгуулийн өмнө хуулиудад өөрчлөлт хийж чадахгүй бол яах вэ?
-Чадахгүй бол сонгууль сонгууль биш болно. Энэ луйварчдыг сонгуулиар биш бол хувьсгалаар зайлуулж яллах хэрэг гарах байх. Энэ бол монголчуудын шинэ сонголтын өмнө тулгарч байгаа хамгийн хурц асуудлын нэг. Хууль, тогтолцоогоо өөрчлөх үү эсвэл Ху тэргүүтэй ардчиллыг булшилж байгаа энэ хэсгийг шүүх үү. Бусад асуудлын хувьд бол бид үзэгдлийг тойрч маргах төдий л байна.
Орон нутагт бол сонгууль гэж цэвэр мэс засал Явагддаг
-Таны ярианаас сонсоход өмнөх сонгуулиудын дүн хуудуутай байжээ гэж дүгнэж болох уу?
-2000 оноос хойшихийг бэлтгэлтэй, зохион байгуулалттай луйвардаж ирсэн. Харин ард түмэндээ би л лав бүх сонгуулийн дараа “баярлалаа” гэж хэлдэг. Манай иргэд ардчиллыг байнга дэмжсэн байдаг. Бид л та нарын саналыг луйвардуулчихлаа гэж өөрсдөдөө буруу өгч ирсэн. 2004 онд АН дангаараа сонгуулийн луйврыг эс тооцвол доод тал нь 40 суудал авсан байдаг. УИХ-ын сонгууль ч яахав. Орон нутагт бол сонгууль гэж цэвэр мэс засал явагддаг. Ялангуяа Улаанбаатарт. Сонгууль үнэн явагддаг байсан бол нийслэлийн захирагч юун Энхболд, нөгөө улаан хацарт энэ тэр. Хотын өнгө төрх шал өөр байх байсан. Тэд өөрсдийн хүслээр сонгуулийн дүнг өөрчилдөг. Орон нутгийн сонгуулийг одоогийн хуулиар бүр тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргааны нэгжид харьяаллуулахаар заасан байдаг. Тэд өөрсдийн хүслээр сонгуулийн дүнг өөрчилдөг. Орон нутгийн сонгууль бол хамгийн чухал, ард түмний эрх ашигт хамгийн ойр сонгууль.
-Тэгэхээр 2008 оны сонгууль араасаа бөөн хэрүүл шуугиан дагуулах нь ээ дээ. Энэ тухай одоо намууд хоорондоо ярьж болдоггүй юмуу?
-Уг нь 2004 оны сонгууль чинь багагүй хэрүүл шуугиан дагуулсан. Шүүх, цагдаа гэж баахан хүн явцгаасан. Манай З.Энхболд энэ тэр гээд ганц нэг хүн жил хөөцөлдөж байж, их яриа хэл, зарга болж байж нэг юм УИХ-ын гишүүнийхээ эрхийг олж авсан. Орон нутагт юу болсныг би яриад ч яахав.
Хамгийн гол нь сонгууль шуугиан дагуулахаас гадна ард түмний сонголтыг солиход хүргээд байна. Сонгуулиар зөвхөн булхай гардаг биш, бүр түүнийг албан ёсоор хөгжөөдөг, урамшуулдаг юм. 2004 оны сонгууль явагдаж байхад СЕХ-нд ажиллаж байсан Р.Бурмаа ярьж байсан. МАХН-ын нэр дэвшигчийг гаргаж ирсэн хэсгийн хороо тус бүрт гурван сая төгрөгийн шагналыг Энхбаяр амлаж байсан гэж. Сонгуулийн хэсгийн хороо гэдэг чинь МАХН-ын анхан шатны байгууллага биш. Иргэдийн сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах төрийн байгууллага. Гэтэл нэг намын нэр дэвшигчийн төлөө мөнгө амласан болзлыг биелүүлэх гэж зүтгэж байсныг юу гэх вэ.
Та үүнийг хар даа (Үнэн сонин харуулж уншив. сурв) –Ардчилсан улс орнуудад сонгуулийг идэвхтэй зохион байгуулсан хүмүүстээ талархал илэрхийлж урамшууллын янз бүрийн хэлбэрүүдийг өргөнөөр ашигладаг. Ялангуяа мөнгөн урамшууллын системийг түлхүү хэрэглэж байна. Үүнээс манай нам, нийт аймаг нийслэлийн намын байгууллага суралцах ёстой. Зөвхөн өөрсдийн итгэл үнэмшил, эх оронч сэтгэлгээ, намын гишүүний ухамсарт тулгуурлаж ажиллах нь өнөөдөр учир дутагдалтай, төдийлөн явцгүй болжээ. Ингэж МАХН-ын дарга М.Энхболд зөвлөлгөөн дээр айлдсан байсан байна. Юу ч гэхэв дээ. Чи ийм ойлголттой хүнтэй намайг очоод улс төр ярь гээд үз дээ.
-Хэрвээ таны яриад байгаа энэ бүхнийг энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хийж чадахгүй юм бол Ардчилсан нам жилийн дараа болох тэр хууль бус сонгуульд оролцож хүчин төгөлдөр болгохгүй юм байгаа биз дээ. Эсвэл оролцох юмуу?
-Ардчилсан намыг сонгуульд оролцохгүй гэвэл наадуул чинь бусад тоглоомын намуудтайгаа тоглоомын сонгуулиа хийгээд л явна. Бид оролцоно. Сонгуулийн булхайг хэн сайн хянах вэ гэвэл хүмүүс л өөрсдөө хянана. Нууж хийдэг булхайг нь хүмүүст мэдүүлэх нь зөв. Энэ бол хамгийн сайн хяналт. Сонгуулийн булхай бол эрүүгийн гэмт хэрэг шүү дээ. Тэгээд ард түмний хяналт сайжрах тусам булхай хийсэн хүмүүст ногдох ялын хүнд, хөнгөн эрэмбэлэгдэнэ. Зарим нь дүүжлэгдэхээс айх байлгүй.
-Харин таны ярианаас санаа аваад улам булхай гаарах юм биш үү?
-Ногдох шийтгэлээ мэдсэн хүн наад зах нь болгоомжтой болдог. Бас бусад нь түүнийг харж байгааг мэдвэл айхгүй ч аягүй гэдэг зарчим үйлчилнэ. Аливаа сонгуульд оролцож байгаа талд нэг л зүйл чухал байдаг. Тэр бол итгэл. Уг сонгуульд шударга зохион байгуулагдах юм байна гэсэн итгэл. Би МАХН эсвэл аль нэг нам сонгуулийн байгууллагын бүх шатанд олонхи, дийлэнх болсон бүтцэд итгэхгүй байна. Тиймээс эхлээд сонгууль зохион байгуулах байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг нам олонхи байх ёсгүй гэсэн зарчмыг гаргаж хэрэгжүүлэх ёстой. Үлдсэн хугацаанд ард түмнээ бодвол, тэдний хийх сонголтонд хүндэтгэлтэй хандах гэвэл энэ зарчмыг бүгд дэмжих л учиртай.
-Энэ тухай нөгөө иргэний хөдөлгөөнүүд ч юм дуугардаггүй. Сонгуулийн хувьсгал энэ тэр гэж нэг л ирэх сонгуулийг сэрүүн зүүдэлсэн хүмүүс байх юм.
-Хөөрхийс ихэнх нь байдлыг бүрэн ойлгохгүй байгаа. Бүгд рүү будаг цацаад хараар будаад явахаас биш яг нарийндаа асуудлын мөн чанар хаана байгааг олох, шийдэл гаргах дээрээ хөнгөднө. Бид ч тийм л байсан.
Сонгуульд хэн ялах, ялагдах хамаагүй, хамгийн гол нь сонгуулийн дүн ард түмний сонголтын бодит тусгал байх ёстой
-Сонгуулийн өмнө уг нь хүн амаа тоолох нь зөв юм биш үү?
-Манайх чинь 10 жилд хүнээ нэг удаа тоолох хуультай. Уг нь 1999 онд тоолох байснаа хоёр жил хойшлоод 2001 онд тоолсон байх. Одоо тэр тоо¬гоороо сонгууль хийх гэсэн чинь хэдэн зуун мянгаар зөрөөд байгаа нь тэр. Одоо нэг юм цэгцлэх сураг гарсан. Хүн амын бүртгэл тоо чинь бас бизнес, дээр нь улс төр болчихоод байх шиг байна. Гол нь сонгуулийн жил гарахаас өмнө сонгогчдын тоо гарчихсан, сонгууль зарлагдахаас гурван сарын өмнө сонгогчдын нэрсийн жагсаалт хэвлэгдээд нийтэд ил тод болчихсон байвал сайн. Тэгээд тэр жагсаалтад орсон хүн л үнэмлэхээ аваад төрөө сонгодог бол учиртай. Олон оронд ийм туршлага бий. Одоо сонгуульд орох тухай яриад байдаг. Нэр дэвших хүн нь хүртэл тэр дэвших тойрогт нь хэдэн хүн сонгуулийн өдөр санал өгөх ёстойг мэдэхгүй тууж явна. Энэ харанхуйг би шүүмжлэхээс гадна тэнд нэг лаа боловч асаах гээд үүнийг яриад байна.
-Зарим нь одоо байгаа бүхнээ хаяад ээлжит бус сонгууль явуулъя гэх болж ?
-Энэ бол савсаг явдал. Манайд ийм механизм бүрэн бүрэлдээгүй байна. Ээлжит бус сонгууль хийхээр ээлжит бус төр л гарч ирнэ.
-Гайхалтай дүгнэлт байна. Жаахан тодруулахгүй юу?
-Ээлжит сонгуулиар ээлжит төр л гарч ирнэ. Харин энэ удаа тэр төр бол ард түмний сонгогдсон төр биш байх магад¬лалтай. “Ямар ард түмэн байна тийм төр байна” гэсэн үг бий. Гэтэл “ямар төр байна, тийм төр байна” болчихоод байна. Энэ хариуцлагагүй төр чинь өөрийгөө сонгуулиас өмнө хувилчихаад байна шүү. Сон¬гуулиар, дээрхээс дүгнэвэл шинэ төр гарах боломжгүй мэт болсон байгаа биз. Ард түмэн хамаагүй болчихсон байгаа биз. Ямар сонгуулийн байгууллага байна тийм л төр байхаар цаадуул чинь хийчихсэн байна. Өөрөөр хэлбэл, эрх баригчид дараагийн дөрвөн жил хоолоо ямар орцоор идэх вэ гэдгээ аль хэдийнээ захиалчихсан. Бус¬дын оролцоо бол хольц төдий байхаар боджээ. Эд эндүүрч байна. Монголын ард түмэн тийм хольц байхаар жижиг ард түмэн биш. АН ч тийм нам биш. Асуудлыг өөрчилж л таараа.
-Ирэх сонгуулиар АН ялбал танайхыг бас луйвар хийлээ л гэнэ дээ?
-МАХН луйвраа хийдгээрээ хийнэ, аль ч тохиолдолд. Харин наадуул чинь нэг дутагдалтай улс. Өөрсдөө ялагдвал хийсэн муу зүйлээ бусдыг хийлээ гэж гүтгэдэг. Энэ Коминтерний угшилтай намууд түүхийн турш тийм л байсан. Одоо цаг өөр болсон. Манай нам сонгуульд ялсан ч, ялагдсан ч дунджаар 10-20 суудал, МАХН түүний гар хөл бологсдод луйвардуулж таарах тооцоо бий. Тэгэхээр амжилтаа энэ тоог харгалзаж л тооцохоос өөр аргагүй.
-За, өөр юмны тухай асуултгүй нэг сэдэв рүү орчихлоо, ингээд ярилцлагаа өндөрлөх үү.
-Эцэст нь нэг л юмыг хэлье. Сонгуульд хэн ялах, ялагдах хамаагүй, хамгийн гол нь сонгуулийн дүн ард түмний сонголтын бодит тусгал байх ёстой. Санал шударга зөв тоологдох л ёстой. Бид бол ялж, ялагдаж үзсэн улс. Ганцхан шударга биш юманд л дургүй.
-Ярилцсанд баярлалаа.

Л.Мөнхбаясгалан (Өдрийн сонин)

No comments:

Post a Comment