Wednesday, 21 July 2010

Б.Дэлгэрмаа: "Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт үүргээ гүйцэтгэсэн"

-Тэрнээс цаашихыг нь бол угаасаа хийж чадахгүй байгаа. Манай намын бүлгийн даргыг МАХН-ын бүлгийн дарга өрөөндөө дуудаж аваачаад,”Та нар ингэ, тэг” гээд байх чинь марзан биз дээ-

Улстөрч Б.Дэлгэрмаатай ярилцлаа

-Ардчилсан намын гишүүн гэдгээр бус улс төр судлаачийн тань хувьд асуумаар байна. Яг одоо Ардчилсан нам, МАХН хоёрын дотоодод болж байгаа энэ үйл явц Монголын улс төр дампуурч байгаагийн илрэл үү?

-Бүх юм цаг хугацаанаас хамааралтай. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний эмгэнэлт явдал болсон. Тэр аймшигт үйл явдлыг зөөлрүүлэх үндэсний эв нэгдэл гээчийг Бээжингийн олимпид монголчуудын гаргасан амжилт бий болгосон юм. Би өөрөө очиж боксын бүх тэмцээнийг нь үзсэн хүний хувьд хэлье. Хамгийн сүүлийн алтны төлөөх тэмцээн дээр Ерөнхий сайд С.Баяр орж ирсэн. МАХН-ын дарга ирсэн гэдгээр нь бус, Монголоо төлөөлж байгаа хүн гэдгээр нь бид нам, улс төр, үзэл бодлын бүх ялгарлаа мартаж, С.Баярыг орж ирэхэд маш сайхан хүлээж авсан. “Халуун элгэн нутаг”-аа дуулсан, монголчууд үндэсний бахархал гэдэг зүйл дээр нэгдэж чаддаг юм гэдгийг харуулсан. Дараа нь хамтарсан Засгийн газрын асуудлыг ярихад ч гэсэн. МАХН талдаа ч сонгуулиар Ардчилсан намын луйвардчихсан, сонгуулийн дараах ард түмний бухимдлыг харсан, Ардчилсан намын зүгээс 2008 оны сонгуульд маш их итгэл найдвар тавьж байсан гэдэг утгаараа, ялангуяа стратегийн орд газруудтай холбоотойгоор “Монгол Улсын хөгжил дэвшлийг байгалийн баялаг авч ирэх юм”, үүний төлөө хариуцлагыг хамтдаа үүрье гэж засагт орсон сайхан эрмэлзэл байсан. Энэ бүгд нийлээд хамтарсан засгийг байгуулсан, үүнийг дагасан маш их хүлээлт нийгэмд бий болсон.

-Алтан медалийн дараа манай төрийн өндөрлөгүүд, намын дарга нар бүгдээрээ Сүхбаатарын талбайд гарсан, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чадахгүй байгаа маягтай байсан. Харин хүмүүс “Манай улстөрчид ийм л юм үзээгүй, тавьтаргүй. Үүнийхээ оронд төрийн бодлого, ажил хэрэг дээрээ ингэж эвлэж нэгдэхэд яана” гэж байсан?

-Би бол юм үзээгүй гэхээсээ илүү долдугаар сарын 1-ний тэр цуст үйл явдлыг илааршуулах, төр гэхээсээ илүү хүний нүүр царайг харуулах гэсэн л эрмэлзэл байсан юм болов уу гэж бодсон. Төр гэдэг төмрөөр хийсэн эд биш, тэнд ч гэсэн хүн л байгаа шүү дээ. Тэгээд хамтарсан засгаас асар их хүлээлт бий болчихоод байтал бүх юм хөшигний ард явж эхэлсэн. Хөшиг татчихаад цаана нь утсан хүүхэлдэй тоглуулаад даа, жүжигчний нүүр царай харагддаггүй. Яг түүн шиг ард түмэн сүүдэр дүрснүүдийг л улс төрд харж эхэлсэн. Ерөнхий сайд нь юу хийх гээд байгаа нь ойлгомжгүй, жүжигт оролцогсдын нүүр царай харагдахгүй, төрийн ил тод, тунгалаг байдал, хамтарсан Засгийн өөрийнх нь мөн чанар алдагдаад, бие биенээ хянахаасаа илүү хамтраад улс орноо хөгжүүлэх нь гэсэн нөгөө том хүлээлт алга болж эхэлсэн. Тодорхой нэг fase, нүүр царайг харж чадахгүй байгаа учраас бүх нийтээрээ бие биеэ “энэ олигархи, тэр олигархи” гээд эхэллээ л дээ. Гол дүрд хэн тоглож байгаа нь ойлгомжгүй, хоёрдугаар зэргийн жүжигчид ч гэсэн “Oskar” авдаг шүү дээ./инээгээд/ Гэтэл тийм ялгарал олон нийтэд харагдахгүй байгаа учраас хүмүүс бухимдаж эхэлж байна. Ард түмэн гэж хэлэхээ больё. Хүмүүс, олон нийт бухимдаж байна гэдэг чинь өөрөө эргээд “Монголын улс төрд юу болоод байна” гэдэг асуултыг тавьж эхэлнэ ээ дээ.

-Харин тэр асуултыг л би ч гэсэн танд тавиад байна?

-Энэ асуултад тодорхой хариулт өгөх ёстой институциуд нь УИХ, Ерөнхийлөгч, шүүх, прокурор нь нийгэмд болж байгаа үйл явцад хариулт өгөхгүй болохоор тэр хариултын эрэлд улстөрчид, нийтлэлчид, иргэний хөдөлгөөнийхөн, хөшигний наана байгаа хүмүүс хариулт хайж эхэлж байна. Бат-Үүл жишээ нь хоёр танхимтай парламенттай болоё гээд нэг хариулт, Х.Тэмүүжин прокурор, шүүхийг бүхэлд нь шинэчлэе гээд бас нэг хариулт, иргэний хөдөлгөөнийхөн - Ж.Батзандан, О.Магнай нар болохоор яг хариуцлага тооцох ёстой гэсэн хүмүүст нь мэдэгдэл өгөх жишээтэй. Ийм хариултуудыг өгөөд эхлэхээр “тэгвэл яаж хэрэгжүүлэх юм бэ” гэдэг бас нэг асуулт гарч ирнэ. Зарим нь “Монголоо шинэчилье” гээд Ардчилсан хүчний холбоо ТББ-ыг байгуулж байна. МАХН намаа шинэчлэе гээд бас нэг эрэлхийлэл хийж, зарим нь ч “энэ хоёр намын аль аль нь хийж чадахгүй, гурав дахь хүчнийг гаргаж ирэх ёстой” гээд тоглолтууд явж байна. Энэ бол ерөөсөө Монголын улс төр дампуурчихсан хэрэг биш. Хүлээлт их байсан, хангалттай хугацаа өнгөрсөн, хүлээлтийг биелүүлж чадаагүй учраас хүмүүс өөрчлөлтийг эрмэлзэж байна л гэсэн үг.

-Биелж болох хүлээлт нь тэгвэл юу байсан юм бэ, лав 70 мянга биш байх?

-Орчин үеийн ертөнцөд Засгийн газрууд институцийнхээ хувьд корпоратив удирдлагатай, багаар ажилладаг болсон. Би Ерөнхий сайд учраас миний Сангийн сайд, миний Батлан хамгаалахын сайд энэ юмаа гэж сонгодог. “Миний” гэдэг нь “манай намын” гэсэн үг, нам гэдэг сонгуулиар зарласан мөрийн хөтөлбөр, мөрийн хөталбөр бол бодлого. Бодлого гэдэг нь Засгийн газрын шийдвэр, түүнийг дэмжсэн эрх зүйн орчин буюу хууль тогтоох байгууллагаас гаргасан хуулиуд. Татварын ийм бодлого явуулна, энэ салбараа ингэж дэмжинэ гэх мэтчилэн. Дөрвөн жил гэдэг бол улс орны хөгжлийн дунд хугацаа. Ойрын биш, их алсын биш, дунд хугацаа. Гэтэл дунд хугацаанд юуг шийдэж болох вэ гэдэг бодлого засгаас засагт үгүйлэгдэж байна. Яагаад гэвэл Засгийн газар үндсэндээ 2004 оноос хойш яг тэр “баг” гэдгээрээ бүрдэхгүй байна шүү дээ. Зөвхөн нам доторх фракциудын төлөөлөл, шахааны хүмүүс. УИХ болохоор өөр дээрээ дэндүү их ачаа аваад байна. 1996-2000 оны парламент бол бодлого л хийдэг байсан. Үнийг либералчилья, суурь үнийг чөлөөлье, орон сууцаа хувьчилья, даатгалын тогтолцоо, хариуцлагын механизмыг бий болгоё гэх мэтчилэн. Гаалийн татварыг тэглэснээр Улаанбаатарыг түгжрэлд оруулаад байгаа энэ олон автомашинууд орж ирсэн, барилгын материал орж ирсэнтэй холбоотойгоор барилгын бизнес цэцэглэсэн, ёстой нөгөө “boom” болоо биз дээ. Тэр эхлэлүүдийг нь тавьсан байхгүй юу, бодлого гэдэг энэ. Түүнээс биш УИХ-ын гишүүн тойрогтоо хүүхдийн тоглоомын талбай барьснаар сайн ажилласан нэр зүүх ёсгүй. Үүний төлөө орон нутагт эрх барьж байгаа институцууд нь ажиллах ёстой. Төрийн байгууламжийг бид Үндсэн хуулиараа заачихсан шүү дээ.

-Хөшигний наана, цаана гэж та ярих юм. Гэтэл хөшигний наана үлдчихсэн гээд байгаа Ардчилсан хүчний холбоонд эрх барилцаж байгаа Ардчилсан намаас сонгогдсон гишүүд яваад байна. Тэгвэл Засгийн газарт Ардчилсан нам бус, бүлэг фракци л ажиллаад байгаа юм уу?

-Бас л түүх ярья л даа. 1998 онд М.Энхсайханы Засгийн газрыг огцруулахад МҮАН-ын чуулган, МСДН-ын бага хурал хуралдаж, асуудлаа шийдэж байсан. Ер нь манай Ардчилсан намын үе үеийн удирдлага бүх асуудлыг хамтдаа шийддэг байсан. Үндсэний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулдаг. Асуудлыг хагалах, улс төрөө хийх талбар нь тэр шүү дээ. Өнөөдөр жишээ нь бид ҮЗХ-ны гишүүд яагаад хөшигний наана, цаана орчихсон бэ гэвэл, манай намын дарга хаана байгааг бүү мэд. ҮЗХ гэдэг гишүүдээсээ жилд сая төгрөгийн татвар авдаг л байгууллага болсон. Хамгийн сүүлд Элбэгээ дарга байхдаа хамтарсан засагт орох асуудлыг ҮЗХ-гоор шийдүүлсэн. Гэхдээ намын даргаа өгчихөөд, Н.Алтанхуягийг дарга болсны дараа, тэр өдрөө шийдүүлсэн. Түүнээс хойш намынхаа даргын барааг харсангүй. Сайд нараа яаж гаргасан, боловсон хүчний бодлого нь хаана явааг ч мэдэхгүй. Сайд гэдэг чинь сандал ширээ биш шүү дээ. Сонгуульд ачааны хүндийг үүрсэн, энэ намын их үнэ цэнэтэй боловсон хүчин, ард олноосоо хүлээн зөвшөөрөгдсөн лидер, улс төрийн карьер хийх, намд ялалт авчирах боломжтой гэж үнэлэгдсэн хүмүүс нь намаараа хэлэлцэгдэж байж томилогдох ёстой. Гэтэл өнөөдөр хөшигний цаана орчихоод байгаа тэр хүмүүс ямар учир жанцангаар сонгогдсон юм, намын олон түмнээс дэмжигдсэн үү үгүй юү гэдэгт би эргэлзээд байна.

МАХН бол томилгооны туршлага гэдэг үүднээс нь ахмад үеэсээ ч, шинэ залуу үеэ бэлтгэх гэдэг утгаараа залуучуудаасаа ч, эрэгтэйгээ ч, эмэгтэйгээ ч оролцуулаад, харьцангуй нийгмийн төлөөлөл маягаар оруулж чадаж байна. Тийм учраас залуучууд Зүүний хүчний холбоогоор дамжаад энэ намд карьер хийх боломж байна гэдэг утгаар нь МАХН илүү итгэл даах байдал үүсчихлээ. Гэтэл нийгэмд барууны үзлийн орон зай байгаад байдаг. Хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг хүндэтгэж үзэх, төрийн оролцоог хамгийн бага байлгах, нийгмийн халамж гэхээсээ илүү эдийн засгаа хөгжүүлэх гэх мэтчилэн. Тэгэхээр улс төрийн карьер хийх ёстой тэр хүмүүс чинь юуны төлөө энэ намд байгаад байгаа юм бэ. Сэтгэлээ, зүтгэлээ, цагаа, мөнгөө, бүх юмаа өгөөд намын гишүүн гээд яваад байгаа юм. Мэргэжсэн улстөрчдийн давхарга бий болгохын төлөө явах ёстой юу, алдаршаад ирэнгүүтээ парламент руугаа зүтгээд, баахан бөхчүүдийн парламент болох уу. Онолын хувьд болно л доо. Японд ч гэсэн сумогийн алдартай бөхчүүд, дуучид парламентад орсон л байдаг. Хүн өөрийнхөө хүсэл сонирхлыг золиослоод нийгмийн төлөө зүтгэж болно. Гэхдээ 7-8 сумоч сууж байвал бас л марзан парламент болно биз дээ. Тэр утгаараа парламентыг илүү мэргэшүүлэх, хуулиа урт настай байлгахын тулд мэргэшсэн улстөрчид нь дуу хоолойгоо өргөх асуудал манай парламентад дутагдаад байна.

-Д.Дагвадоржийг зодог тайлаад ирэхэд нь сэтгүүлчид “Улс төрд орох уу” гэж асууж байна лээ?

-Аргагүй шүү дээ. Тодорхой үлгэр жишээнүүд байгаа юм чинь.

-Гэхдээ томилгооны асуудал дээр ярихад С.Баярын Засгийн газар шүү дээ, МАХН-ын талаас илүү эрх мэдэл эдэлсэн. Танай намаас оруулсан нэг нэр дэвшигчийг лав хэдэнтээ буцаасан санагдаж байна?

-Үгүй байх аа. Угаасаа Ардчилсан намын хувьд тодорхой фракциуд хоорондоо тохиролцоод МоАХ, МҮДН, Зүүн хойд Азиас нэг нэг, үлдсэн гурав нь МСДН-үүд гээд хуучин угшлаараа орсон шүү дээ.

-Н.Алтанхуяаг дарга алга болчихжээ. Гэтэл танай ерөнхий нарийн бичгийн дарга хэнийг төлөөлдөг юм бэ? Намын даргыг уу, эсвэл бас өөр нэг фракцийн төлөөлөл үү?

-Генсек бол угаасаа л ажлын морь шүү дээ. Би ч гэсэн генсек байсан. Бүхэл бүтэн намыг зохион байгуулж менежмэнтийг нь авч явна. Тэр тусмаа энэ олон фракци, олон сонирхол, элдэв хөдөлгөөнүүдийн дунд зохицуулагч, “замын цагдаа” нь. Харин өөрөө их ноён нуруутай хүн учраас энэ ажлаа их сайн хийж байгаа.

-Сайн гэдгийг ямар утгаар хэлж байгаа юм бэ, миний харахад Ардчилсан нам дотроо тэмцэлдээд, намын даргатайгаа муур хулгана болоод. Яг юуг нь зохицуулаад байгаа юм бэ?

-Хувь хүнийхээ хувьд их ноён нуруутай, аливаа асуудалд туйлшираад байдаггүй, ажил хэрэгч, өөрөө бизнес эрхэлж байсан, дүүргийн Засаг дарга байсан гэдэг утгаараа “яс” л даа. Тийм чанар ховордоод байна шүү дээ. Харин “замын цагдаа”-гийн хувьд бол генсек гэдэг өөрөө их том албан тушаал. Энэ фракциуд дунд зохицуулалт хийх, хажуугаар нь засагт орчихсон, завгүй байгаа намын даргатайгаа учир начраа олох, бодлогыг нь зөв залуурдах тал дээр бол харагдахгүй байгаа. Намын дарга гэдэг бол бодлоготон байхгүй юу. Намын гишүүнийхээ хувьд би Д.Эрдэнэбатыг шүүмжилж болно. Гэхдээ улс төрд олон жил хамт зүтгэсний хувьд, хувь хүнийх нь хувьд бол хүндэлдэг. Яван чангарна гэгчээр өөрийгөө олон түмэнд таниулж байгаа. Жижиг дүүргийн дарга байгаад том улс төр хийхэд хэцүү шүү дээ.

-ҮЗХ-ны сонгууль ер нь юу болоод өнгөрөв өө? Хэнтийд жишээ нь яаж явагдсан бэ?

-Их олон хүн уналаа, гарлаа л гэнэ. Би бол жамын юм жамаараа боллоо л гэнэ. Баянгол дүүрэг дээр болсон сонгуулийн тухай сүүлийн гурав хоног л хэвлэлээс уншлаа. Х.Тэмүүжин гэдэг ҮЗХ-ны гишүүн, Х.Баттулга гэдэг Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн ротациар унасан юм байна л даа. Сайд Х.Баттулгын оронд жирийн нэг эмэгтэй гишүүн Б.Одонтуяа гарсан байхад буруу юу байгаа юм. Х.Баттулга гэдэг Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн намынхаа гишүүдтэй мессэжээр харьцаж болохгүй л байхгүй юу. Тэр хүн намтайгаа л ажиллах ёстой. Одонтуяа бол дөнгөж улстөрд орж байгаа шинэ хүн. Энэ хүн МоАХ-ыг тэргүүлж байгаа энэ том УИХ-ын гишүүн, төрийн сайдын оронд гарч ирж, намын хороо нь тэгж үнэлж байна гэдэг манай нам ардчилсан байгаагийн л шинж. Х.Тэмүүжингийн хувьд ч ялгаагүй, өөртөө л дүгнэлт хийх хэрэгтэй. Залуу хүн алдаанаасаа суралцана биз. Харин манай Хэнтийн Ардчилсан намын хурал дээр ямар ч маргаан гараагүй, зөвхөн бодлогын асуудал ярьсан. Ротаци энэ тэр сонин биш байсан. Сүүлийн гурван жил ротацид ороогүй байсан Да.Ганболд А.Энх-Амгалан хоёрыгоо ротацид оруулаад 80 гаруй хувийн саналаар дахиад сонгосон.

-Бодлогын ямар асуудал хэлэлцсэн гэж?

-Намаа яаж илүү ардчилалтай болгох вэ, 2012 оны сонгуулиар яаж ажиллаж, ялалтад хүрэх вэ, малчдын асуудлыг яаж шийдэх вэ гэж ярьсан. Тийм учраас би Хэнтийн Ардчилсан намын хорооныхоо гишүүдээрээ үнэхээр бахархаж байна. Хотод ирсэн, манай намын ҮЗХ-ны сонгуулиуд хэцүү л болсон юм байна. Энэ их задрал, хуваагдал, сахилга батгүй байдал чинь намын удирдлагын оролцоо хангалтгүй байгаатай л холбоотой. Намын хороо хоёр хуваагдаж хуралдаад, хоёулаа ҮЗХ-ны гишүүд сонгосон гэдэг чинь юу гэсэн үг вэ. Хан-Уул бол анх удаа нийслэлд ялалт байгуулсан дүүрэг. Намын гишүүд нь өлсгөлөн зарлалаа гэж байхад ядахдаа тэнд намын даргын хувьд очоод хоёр талтай хоёулантай нь уулзаж ярилцаад, зөрчлөөс гаргах түмэн арга байна шүү дээ. Гэтэл Сонгинохайрхан дээр МАХН яаж шийдэж байна. Тийм байдлаар зарим тохиолдолд зангаргаа ч харуулах хэрэгтэй. Болж өгвөл эвлэрүүлэх, боломжгүй бол хүчээр ч болтугай асуудлыг шийдэх хэрэгтэй шүү дээ. Манай нам Ардчилсан нам болохоос анархист нам биш шүү. Энэ нам чинь ерөөсөө хөл, толгойгүй болчихсон л харагдаж байна. Н.Алтанхуяг гэдэг хувь хүнийх нь хувьд биш, намын даргынх нь хувьд хэлэхэд, манай намын ерөнхий дүр төрхийг харахад тийм л байна.

-Хэнтийн Ардчилсан нам ямар шийдвэр гаргасан юм бэ?

-Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах хэрэгтэй гэдэг шийдвэр гаргасан. Үүнийгээ ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь Ардчилсан намын бүлэгт сонордуулаарай гээд шаардах бичиг үйлдсэн байгаа.

-Ямар шалтгаанаар?

-Хэнтий аймагт нэг онцлог бий, УИХ-ын гурван гишүүн МАХН-ынх. Орон нутгийн сонгуулиар манайх нэлээд олон суманд амжилт үзүүлсэн. Аймгийн Засаг дарга н.Эрдэнэбаатар гэж МАХН-ын хүн байгаа. Энэ хүн жинхэнэ орчин үеийн хэлмэгдүүлэлтийг явуулж байна. Манай нам ялсан сумуудад Засаг дарга, Иргэдийн хурлын дарга нарын тамгыг хүчээр хурааж авч байна, ажлыг нь хийлгэхгүй, дарамт шахалт үзүүлж байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар Жаргалтхаан суманд мөн Ардчилсан нам ялалт байгуулсан, илүү хүнд байдалд орсон. Тамгыг нь хурааж аваад цагдаа, сэргийлэх болоод явж байгаа. Тийм байхад яагаад намын дарга тэнд очиж асуудлыг зохицуулахгүй байна. Хамтарсан засаг юм бол яагаад сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан орон нутгийн удирдлагын асуудалд хөндлөнгөөс оролцож байгаа юм. Жаргалтхаан сумын удирдлагууд намын даргатай уулзах гэж бүтэн гурван сарын турш хот руу ирсэн, ирэх тоолондоо цаг авч чадалгүй буцаж байсан. Орон нутгийн сонгуульд амжилт гаргасан хүмүүсээ ингэж хаяад байх юм бол Ардчилсан намд тэсч үлдэх хүн хэцүү л болно доо. Бор-Өндөрт бас ялалт байгуулсан, дөрвөн шатны шүүхээр яваад ялсан байхад одоо хүртэл тамгыг нь өгөхгүй л байна. Иймэрхүү байдлаар гишүүдтэйгээ ажиллахгүй, зөвхөн фракцийн хэмжээнд сэтгээд явна гэвэл харамсалтай л байна.

-Гэхдээ үүний төлөө Засгийн газраас гарах ёстой гэж үү?

-Оюутолгойн гэрээг байгуулснаар Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орсон үүргээ биелүүлсэн гэж би бодож байгаа. Ерөнхийдөө жишиг гэрээ байгуулчихлаа, цаашид олон том ордууд дээр ийм жишгээр гэрээ байгуулах юм байна гэдэг нь ойлгомжтой боллоо. Одоо бол асар их мөнгө орж ирэх асуудал л яриад байгаа шүү дээ. Тэр нь чухам ууцны мөнгө болоод явчих юм уу, үгүй юу. Өнөөдөр Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах шалтгаан нь юуны өмнө тэр 28 хүн парламентад хяналтаа тавих ёстой. Иргэний хөдөлгөөнийхөн энэ хяналтыг тавихгүй. УИХ-ын 28 гишүүн хяналтаа тавьж, Ерөнхий сайд нь, сайдууд нь баасан гариг бүр Засгийн газрын мэдээллийн цаг дээр тайлангаа тавьж байх ёстой. Хамтарсан Засгийн газраас гарах учир холбогдол нь үүнд байгаа юм. Хоёрдугаарт, улс төрийн тогтолцооны энэ гажгийг засахын тулд улс төрийн намуудаасаа эхлэх ёстой. Улс төрийн намуудынхаа хуулийг шинэчлээд, сонгуулийнхаа тогтолцоог өөрчлөх болбол энэ хоёр намын барууны, зүүний гэсэн үзэл баримтлалын ялгаа нь харагдаж байх ёстой. Хамтарсан Засгийн газартайгаа 2012 оны сонгуульд туугаад орох юм бол хэн нь хэн бэ, аль нам нь юуны төлөө яваа юм гэдгийг сонгогчид олж харахгүй. Одоо чинь хоёулаа л нэг юм яриад туугаад байгаа биз дээ. Үзэл баримтлал дээрээ суурилсан мөрийн хөтөлбөр нь ялгагдахгүй байна. Татвараа нэмэгдүүлж, халамжийн бодлого явуулах гээд байгаа юм уу, татвараа бууруулж, либертари эдийн засгийн бодлого явуулах юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Чухамдаа Засгийн газраас гарах шалтгаан нь улс төрийн намуудын хямралыг зогсоох гэсэн том бодлого юм. Тийм учраас битгий тэр сайдынхаа албан тушаалтай зууралдацгаа, тэртэй тэргүй та нар хийх юмаа хийчихсэн гэх байна. Тэрнээс цаашихыг нь бол угаасаа та нар хийж чадахгүй байгаа. 45 суудал авсан МАХН хариуцлагаа үүрээд, сонгогчдынхоо өмнө “бид ингэсэн” гэдгээ явна биз. Манай намын бүлгийн даргыг МАХН-ын бүлгийн дарга өрөөндөө дуудаж аваачаад,”Та нар ингэ, тэг” гээд байх чинь марзан биз дээ.

-Тэгвэл МАХН-ын дотоодод болж байгаа тэмцлийг та юу хэлэх вэ. Н.Энхбаярын улс төрд эргэж орж ирэх цаг нь болсон уу?

-Н.Энхбаяр гэдэг 2000 оны үнэмлэхүй олонхийн парламентын дарга, Ерөнхий сайд, дараа нь 2005 оноос хойшхи Ерөнхийлөгчийг хараад би нэг дүгнэлт хийсэн. 2009 оны сонгуульд Ц.Элбэгдорж гэдэг улстөрч ялсан биш, Н.Энхбаяр гэдэг улстөрч ялагдсан юм. Сонгуулийн “пиар” нь буруу байсан л байх. Гэхдээ энэ хүн улстөрчийнхөө хувьд эрх мэдэл, засаглалд хэт бялуурсан, толгой нь эргэсэн, олон түмнээс тасарсан. Дээр нь багаар ажилладаг зарчмыг улстөрд алдагдуулж, баг нь тойрон хүрээлэгчид болсон. Ерөнхий сайд гэдэг бол ижил тэгш эрх бүхий сайд нарынхаа дунд нэгдүгээрт жагсаж байгаа л хүн байхгүй юу. Гэтэл энэ хүн тойрон хүрээлэгчид, бялдуучдын хүрээг ерөнхийлөн захирдаг хүн болсон. Тийм учраас улстөрчийнхөө хувьд бол явахгүй гэдэг нь ойлгогдож байгаа. Нэгэнт л олонхийн саналыг авч чадаагүй бол өөртөө дүгнэлт хийх цаг хугацаа энэ хүнд хэрэгтэй. Энэ хүнийг Монголын нийгэм хүлээж авах цаг нь ч болоогүй. Өмнө гаргасан алдаан дээрээ дүгнэлт хийж байж эргэж улстөрд орохгүй бол, яг хуучин шигээ, одоо ярьж байгаа шигээ гонгиносон байдлаар улс төрд орно гэвэл улс төр хүлээж авахгүй. Гэхдээ 50 гарчихсан хүн өөрчлөгдөнө гэдэг хэцүү л дээ. Бараг л үгүй. МАХН-ын хувьд бол яах аргагүй хүчтэй лидерийн эрэлхийлэл байгаа байх. Хүчтэй, харизм бүхий С.Баяр нь байхгүй байна шүү дээ. Манай намын хувьд бол харин хүмүүс жагсаж болно шүү, намын даргад.

-Та С.Баярыг намын даргаа өгнө гэж бодож байна уу?

Нэгэнт л улс төр гэдэг тодорхой хувь хүнд зориулагдсан байдаггүй учраас дүрмээрээ л явна шүү дээ. Ерөнхий сайд намын дарга байна гэдэг. Эсвэл дүрмэндээ өөрчлөлт хийх хэрэгтэй. Үгүй бол Ерөнхий сайдаа дахиад солих, “одоо эрүүл мэнд нь сайжирлаа, Ерөнхий сайдаа буцааж авья” л гэх байх даа. Онолын хувьд шүү дээ.

Б:СЭМҮҮН
Эх сурвалж: www.news.mn

No comments:

Post a Comment