Wednesday, 21 July 2010

С.Эрдэнэ: Манай намын удирдлага асуудалд эрүүл саруул хандах цаг болсон

Монголын ардчилсан хүчний холбооны анхдугаар их хурлыг энэ сарын 10-нд Төрийн ордонд хийх гэж байна. Энэ талаар болон улс төрийн бусад асуудлаар УИХ-ын гишүүн, Ардчилсан холбооны хүчний дэд ерөнхийлөгч С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Ардчилсан хүчний холбоог байгуулах болсон гол шалтгааныг Ардчилсан нам дотроо сөрөг хүчин болж гарч ирж байна гэсэн ойлголтоор улс төрийн хүрээнийхэн харах болжээ. Хэдийгээр үүсгэн байгуулагчид нь үгүйсгэсээр ирсэн ч гэсэн?

-Өнөөдөр нийгэмд маш олон асуудал тулгамджээ. Нийгмийн бүх салбар шинэчлэлт шаардаж байна. Монголын парламентад хүртэл шинэчлэлт хэрэгтэй болсон. Улс төрийн тогтолцоо, улс төрийн намуудын төлөвшилт, эрүүл мэнд, боловсролын систем гээд энэ бүхэнд эрс шинэчлэлт хэрэгтэй болжээ. Ингээд "Монголоо шинэчилье" гэсэн ерөнхий уриан дор Ардчилсан хүчний холбоог байгуулж ажиллахаар болсон. Үүн дээр манай гишүүд санал нэгдсэн. Энэ чиглэлээр ч анхдугаар их хурлаа хийнэ. Ашигт малтмалын баялгаа яаж хуваарилах юм, эдийн засгийн шинэчлэллээ яаж хийх юм, бусад салбараа яаж шинэчлэх вэ гэдгээ ярилцана. Харж байгаа ажил маш их байна. Нөгөө талаас янз бүрийн жижиг бүлэг фракцуудад хуваагдаж, олон ашиг сонирхол дагаж явсан хүмүүс өнөөдөр энэ байдлыг өөрчилж, нэгдсэн томоохон зорилт өмнөө тавьсан хүч болж төвлөрч ажиллах нь зүйтэй юм гэсэн байр сууринаас энэ холбоог байгуулсан. Гишүүнчлэлийн хувьд нээлттэй. Журамтай танилцаад хүлээн зөвшөөрсөн хүмүүс элсэх боломжтой.МАХН-ын гишүүн ч элсч болно. Манайх бол төрийн бус байгууллага. Намын харьяалал байхгүй. Нийгмийн шинэчлэлийн асуудлаар сонирхлын бүлгүүд байгуулж ажиллах хүсэлтэй хүмүүсийг бүртгэж авч хамтарч ажиллаж болно.

-Гэхдээ үүний цаана энэ холбоо Алтангадасын эсрэг гарч ирлээ. Ардчилсан намын удирдлагыг авах гэж байна. Намын даргыг солино. Үүнээс болоод Н.Алтанхуяг урт хугацааны чөлөө аваад бодлогоо боловсруулаад явах гэж байна гэсэн яриа гарах боллоо. Үүнийг яаж хүлээж авч байгаа вэ?

-Биднийг нийгэмд янз бүрээр л хүлээж авч байна. Бид нийгэмд шинэчлэлийн салхийг хагалъя. Шинэчлэлийн уур амьсгалыг эхлүүлье гэж гарч ирсэн. Өнөөдөр нийгэм зогсонги байдалд орчихоод байна. Үүнийг хөдөлгөөнд оруулах хүч үгүйлэгдэх боллоо. Энэ хөдөлгөөнийг эхлүүлье. Уур амьсгалыг түүнд чиглүүлж өгье гэж байгаа. Энэ шинэчлэл дотор улс төрийн шинэчлэл ч зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Аливаа зүйл ил тод, шударга байх ёстой. Улс төрийн намуудын шинэчлэл, төлөвшлийг ч ярина. Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн хуулийг шинэчлэхэд ямар байр суурь барих юм. Үүнийг тодорхойлж гаргана. Миний харьяалагддаг Ардчилсан намыг ч зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Ардчилсан намд шинэчлэлт хийхгүйгээр хол явахгүй. Манай намд дотоод ардчилал, ил тод, нээлттэй байдал үндсэндээ алдагдсан. Үүнийг сандал ширээ булаацалдах замаар биш, яавал намаа олон нийтийн хүлээж байгаа хүчирхэг Ардчилсан нам болгох вэ гэдэгт гол бодлогоо чиглүүлж ажиллана. Тэрнээс биш хэсэг бүлэг хүнтэй эрх мэдэл, сандал ширээ булаацалдах гэсэн зүйл байхгүй. Ер нь намаа шинэчлэх шаардлагатай гэдгийг манай олон мянган гишүүнээс гадна жирийн олон түмэн ч хэлж байна. Улс төрийн нам л юм бол нийгмийнхээ хүсэл, сонирхлын хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой.

Бидний хувьд ямар нэг Алтангадас, хэн нэг Алтанхуяг гэдэг хүний тухай яриагүй. Гэхдээ шинэчлэл хийхэд шаардлагатай ямар л алхам байна, түүнийг мэдээж хийж л таарна. Нам яагаад олон нийтийн хүсэл эрмэлзэлд үйл ажиллагаагаа нийцүүлэхгүй байгаа юм, тэр талаар ярина. Түүнд л хариулт өгөх ёстой.

-Тэр хариулт хаанаас олдох вэ. Шалтгаан нь Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орсноос болсон уу?

-Анхнаасаа энэ Хамтарсан Засгийн газрыг эсэргүүцэж байсан хүний нэг нь би. Нийслэлийн Ардчилсан намын дарга, намын удирдлагын нэгийн хувьд би манай нам Засгийн газарт орж болохгүй. Парламентын ардчилал устаж алга болно. Олонх нь олонх шиг засаглаж, цөөнх нь цөөнх шиг хяналтаа тавиад парламент өөрөө тунгалаг, ардчилалтай байх ёстой. Нийгмийн олон түмний дуу хоолойг цөөнх хүргэдэг байх ёстой. Олонхиос амлалтыг шаардаж хэрэгжүүлэх тал дээр шахаж ажиллах ёстой. Ингэж л Монголын төр цэвэр тунгалаг байна гэдэг асуудлыг тавьж байсан. Харамсалтай нь хүлээж аваагүй. Намын тухайн үеийн ҮЗХ-ны гишүүдийн дийлэнх нь асуудлыг шийдсэн. Олонхийнхоо шийдвэрийг дагах ёстой ч дуугүй дагаад явах ёсгүй. Энэ бол өнөөдөр дахиад л тавих ёстой л асуудлын нэг.

-Засгийн газарт Ардчилсан нам орсноос болж үйл ажиллагаа нь нэлээд суларсан шинжтэй. Өмнөх дайчин байдал ч алга болж?

-Сулрах биш, Ардчилсан намын нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурьт маш том сөрөг нөлөө үзүүлсэн. Олон түмний ашиг сонирхолд нийцсэн шийдвэрүүд гаргах боломж алдсан. Эвсч нэгдээд Засгийн газар байгуулснаараа урьд өмнө шийдэж болоогүй зарим асуудлыг шийдэх боломж гарсан байхыг үгүйсгэхгүй. Харамсалтай нь Хамтарсан Засгийн газар үүнийг ашиглаж чадсангүй. Шударгаар хэлье л дээ. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр ажиллаж чадсангүй. Сонгуулийн хуулиа нэгдсэн байр сууринаас янзалж чадахгүй байна. Ашигт малтмал, уул уурхайн баялгийг хуваарилах талаар оновчтой бодлого хэрэгжүүлж чадсангүй. Оюутолгойн гэрээ түрүүчээсээ унаж байна. Нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд нь зөрүүтэй, түүнийг нэгтгэж гаргаагүй байхад гэрээ байгуулсан гээд олон асуудал босч ирж байна.

Эхний асуудал бөөн хэл ам дагуулаад байхад дараагийн Тавантолгой зэрэг ашигт малтмалын баялгийг хэн хэрхэн яаж ашиглах вэ гэдэг асуудлыг шийдэх тал дээр одоо болтол оновчтой зөв бодлого гаргаж чадаагүй л явна. Манайхан гаднаас хуулбарлах дуртай. Гэхдээ гаднынхан хэн, манайхан хэн бэ гэдгээ салгаж ойлгох хэрэгтэй. Өндөр хөгжилтэй, буурай хөгжилтэй орны зарчим өөр. Хамтарсан Засгийн газар үүнийг ойлгоод оновчтой, зоримог алхам хийсэн бол би алга ташаад сууж байх байсан. Хамтарсан Засгийн газрыг эсэргүүцсэн миний буруу байжээ гээд. Харамсалтай нь яг л миний хэлснээр өнөөдөр парламентын ардчилал алга болсон. Үр дүнд нь парламентын ардчилал устлаа, үгүй боллоо. Тэд Монголд хэрэгтэй бодит алхам хийгээгүй л гэж үзэж байна. Ганц авах юм нь Оюутолгой байсан ч дампуурах талдаа явж байна. Үүнийг хүчээр цааш явуулбал улам л дампуурна. Эртхэн татаж авдаг юм уу, алдсан этгээдүүд нь арга хэмжээ авдаг юм уу, тэгсэн нь зөв. Энэ бүхнийг шинэчилье гэж манай холбоо байгуулагдсан.

-Энэ сард Ардчилсан намын ротацийн сонгууль болно. Сонгууль бүрийн дараа шударга бус боллоо гэсэн маргаан дэгддэг. Энэ удаа яах бол оо?

-Энэ сонгуулийг яаж явуулахыг манай намын Үндсэн дүрэмд маш тодорхой заасан. Гэхдээ дүрмийн бус тоглолт, дүрмийн бус гаргалгаа их гардаг. Аль нэг мөнгөтэй, эрх мэдэлтэй фракц нь тухайн аймаг, орон нутаг руу санхүүжилт хийх, мөнгө тараах, эрх мэдэл бүхий хүмүүсийг худалдаж авах байдал урьд өмнө ч байсан. Энэ удаа ч гарна гэдэгт эргэлзэхгүй. Манай намын удирдлага асуудалд эрүүл саруул хандах цаг болсон гэж хэлмээр байна. Тэдний асуудалд хэрхэн шударга хандахаас өнөөдөр Ардчилсан намын хувь заяа шалтгаална. Манай нам цэвэр байх уу, нийгэмд олон түмний хүсэн хүлээсэн улс төрийн хүчин байж чадах уу, үгүй юү гэдгийг тэд шийднэ. Ардчилсан нам дүрмийн хүрээнд өөрийгөө шинэчлэх хамгийн том боломж бол энэ ротацийн сонгууль.

-Намуудын өнгөрсөн сонгуулиар өгсөн нэг сая, 1,5 сая төгрөгийн амлалт нийгмийн шинэчлэлтийг хойш татаад байгаа юм биш үү?

-Энд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Манай нам бол бэлэн мөнгө амлаагүй. Ашигт малтмалын баялгаас нэг сая төгрөгийн хувьцаа хүртээж иргэдээ байнгын орлогын эх үүсвэртэй болгоно гэсэн. Үүгээр дамжуулж иргэд ямар ч луйвар гаргуулахгүй, эрх мэдэлтнүүдэд хувааж идэх боломж олгохгүй хянах бодит боломж бүрдэх учиртай юм. Харин МАХН үүнийг мушгиад, манайхаас давах гэж 1,5 сая төгрөгийг бэлнээр амласан. Үүнийг ялгаж ойлгох хэрэгтэй. Үүнтэй хэн ч маргахгүй.

-Сонгуулийн тогтолцоог яаж өөрчилбөл шударга болох вэ. Аль хувилбар оновчтой вэ?

-Минийхээр пропорциональ буюу хувь тэнцүүлэх нь одоогоор хамгийн сонгодог хувилбар л даа. Гэхдээ өнөөдөр манайд хэрэглэх хараахан болоогүй. Төрийн мэдэл цөөн тооны эрх мэдэлтэн, олигархийн гарт байна. Тэдэнд сонгуулийн эрхийг олгох юм бол улс төрийн ардчилал биш, улс төрийн дарангуйлал бий болно. Олигархиудын гарт зэвсэг өгсөнтэй ялгаагүй болно. Парламент намын дарга тойрсон хэдэн олигархийн тоглоомын орон зай болж хувирна. Тиймээс өнөөдөр манайд болоогүй хувилбар. Яваандаа үүнд очих ёстой. Холимог гэх мэт өөр хувилбар бол бий. Бүр болохгүй бол сүүлийн хувилбараараа сонгууль хийж болно.

-Томсгосон мажоритарийг хэлж байна уу?

-Болохгүй бол хамаа алга. Өнөөдөр ард түмнээсээ асууж сонгогддог, хэн нь хэн бэ гэдэг нь ямар нэг байдлаар харагддаг тогтолцоогоороо орсон нь дээр. Яахав, УИХ-ын гишүүд тойргийн сонгогчдоосоо оноо авах хэрэг гарна. Хараат байдалд орно. Гэхдээ цөөн тооны олигархийн мэдэлд Монголын улс төр орсноос ард иргэддээ хараалгаж загнуулаад, баярласан бол түүнийг нь сонсоод явж байсан нь хамаагүй дээр.

Д.ОЮУНЦЭЦЭГ

No comments:

Post a Comment