-Энэ удаа ямар нэгэн хүрээнд баригдалгүй чөлөөтэй ярилцья гэж бодож байна. Тэгэхээр ямар ч асуулт тавьсан хариулт заавал авна гэсэн үг шүү?
-Танай сонины олон уншигчийн цаг завыг барахгүй байхыг л хичээх хэрэгтэй байна.
-Цаг хугацаа барсан сэдэв нь таны хувьд юу гэж ... Уншигчид таныг одоо юу хийж байна, цаашид юу хийх гэж байна гээд л их сонирхож байна?
-Хүний өдөр тутмын амьдрал, эхнэр хүүхэд гээд ярих нь хэнд ч хэрэггүй зүйл шүү дээ.
-Таны хувийн амьдралыг сонирхдог хүмүүс олон байдаг шүү дээ. Магадгүй танд дурласан эмэгтэйчүүд одоо хэн нэгэнтэй амьдарч байгаа болов уу. Т.Баясгалантай ямар холбоотой байгаа бол гээд л сонирхож л байгаа?
-Хүнд цаг хугацаанаас илүү үнэтэй зүйл гэж байдаггүй. Хайран сайхан цагаа ийм зүйл сонирхож битгий бараасай гэж бодох юм. Би нэг зүйлийг их гайхдаг. Т. Баясгалан бид хоёр нэг ангийн хүүхдүүд, хоёр дуу хамтарч дуулснаар яагаад заавал холбогдох ёстой гэж. Бид хамтарч дуулаад ард түмэндээ хүндлэгдсэн. Тэгээд л одоо тус тусынхаа амьдралаар сайхан амьдарч байгаа. Тэр эмэгтэй хүний гэргий болоод үр хүүхэдтэй боллоо. Бидний хооронд ямар ч асуудал байхгүй шүү дээ.
-Та хоёр “Тоонотой гэрт толгой холбох” гэж байсан юм биш үү?
-Үнэндээ ямар ч хайр сэтгэлийн асуудал байгаагүй. Энэ бүх яриа хүмүүсийн гаргасан зүйл. Зарим хүмүүсийн гаргасан хэн нэгний хувийн амьдралыг хэт их сонирхсон яриа, хар хэл ам биднийг хамтарч дуу дуулах нөхцөлийг хаасан. Одоогоос зургаан жилийн өмнө бид хамтарч уран бүтээл хийхгүй хэмээн цэг тавьсан. Дэл сул яриа ийм зүйлд хүргэдэг юм билээ. Хүн хүний амьдралыг хэт их сонирхоод байхаар өөрийгөө анзаарахаа больж, эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг .
-Олны сэтгэлд “Нууцхан сэтгэлийн үнэн” гэдэг дуу их хүрсэн. Сайхан аялгуутай, үнэн үгтэй дуу шиг санагдсан. Та санааг нь гаргасан гэл үү?
-Би А.Сүхбат аваргад зориулж санааг нь гаргаад, үгийг нь зохиосон. Ард түмнээ баярлуулах гэсэн хүнийг янз бүрээр ярьсаар байгаа нь эргээд бидэнд сөрөг нөлөө үзүүлдэг шүү дээ.
-Саяхан та нөхөн сонгуульд нэр дэвшээд амжилт олоогүй. Та энэ шийдвэрийг ганцаараа гаргаагүй байх гэж бодож байна. Улстөрийн хаалгийг татах шийдвэр гаргахдаа зүрх алдаж байсан уу?
-Юунаас нь айж, зүрх алдах юм бэ. Хэн ч намайг нэр дэвш гэж санаа өгөөгүй. Би өөрөө л гаргасан шийдвэр. Зарим нэг хүн дуучин хүн дуугаа л дуулах ёстой мэтээр хүлээж авдаг. Тийм хууль хаана байгаа юм бэ. Би яагаад монгол хүн болж төрснийхөө хувьд эх орныхоо сайн сайхан амьдралын төлөө санаа тавьж, өөрийн дуу хоолойгоо хүргэж болохгүй гэж. Хүн нэгэн хэвийн амьдралаар амьдрах ёстой хэмээн бодож сэтгэж байгаа хүмүүс бол залхуу, зөвхөн өөрийнхөө амийг хичээдэг байдаг юм.
-Таныг “Донж”-ийн Б.Төгөлдөр, таны багш Г.Хайдав гуай нар “баадуудсан” гэсэн яриа их гарлаа. Улстөрд орох хүн наад зах нь улстөр судлалаар суралцсан байх ёстой бус уу?
-Би багш АЖ Г.Хайдав, Б.Төгөлдөр нартай хамтарч ажиллаж, санаа бодлоо хуваалцдаг. Гэхдээ хэн ч намайг “баадуудаагүй”. Боловсроод гараад ирсэн энэ хүмүүс юу хийж байгаа юм бэ. Тийм өндөр мэдлэгтэй хүмүүс юм бол яагаад миний эх орон ийм байдалтай байгаа юм бэ. Боловсрол гэж чухам юу юм бэ. Дипломоор хэмжих зүйл мөн үү. Үгүй шүү дээ. Их хаан Чингис улстөрийн академи төгссөн үү, Жанжин Сүхбаатар ямар цэргийн дээд сургууль төгссөн юм бэ, Ю.Цэдэнбал одоогийн төрийн эрх мэдэлтэн хэмээн өөрийгөө өргөмжилж байгаа хүмүүс шиг Харвардын их сургууль энэ тэр төгссөн бил үү. Энэ хүмүүс тэнгэрт нисээгүй, гагцхүү ард олон дундаа орж, амьдрал дунд нь байж л эх орноо хөгжүүлсэн. Манай төрийн өндөрлөгт байгаа хүмүүс албан тушаалд томилогдон, ийм алба хашиж байлаа гэж түүхэнд бичигдэхийг л хүсч, улс орныхоо эрх ашгийг уландаа гишгэж байна. Ажил гэж ерөөсөө ойлгохгүй байгаа нь илт байна шүү дээ. Өнөөдөр манай улс Монголоороо л байх ёстой. Барууны өндөр хөгжилтэй орныг хэт тахин шүтээд, тийм орчинг Монголын газар шороонд бүтээн байгуулах гэж улайрч байгаа нь бүтэхгүй зүйл . Өөрсдийгөө хэзээ ч олдошгүй зөөлөн суудалд суусан гэж сэтгэн суудлаа тахин шүтэж байгаа дарга нар шувуу мэт нисэхээ нэг удаа ч болов болиосой хэмээн уриалмаар байна. Шувуу ч гэсэн газарт бууж хоолоо иддэг шүү дээ.
-Сүүлийн үед та монгол дээлээр их гоёх болжээ. Сонгуулийн үеэр л нэр дэвшигчид монгол хувцас өмсч, эх оронч болж харагдах гэж хичээдэг болж?
-Би багаасаа л дээл өмсч, сайхныг нь мэдэрсэн хүн. Имиж бүрдүүлэх ч юм уу, хэн нэгэнд таалагдах гэсэн зүйл огт биш. Би эрүүл мэндээ л бодож байна. Байнга л машинд явдаг хүн бүсээ чангахан бүслээд явж байхад бөөр доргихгүй, бас тэгээд их дулаахан сайхан байдаг. Сүүлийн үед өвдгөнд яс ургадаг болж. Дээлээ өмссөнөөр ийм өвчин тусахгүй.
-Өдөр тутам монгол дээл өмсдөг болсон гэж дуулсан. Одоо ч олон дээлтэй болоо байлгүй. Халуунд дээл өмсөх хэцүү л байдаг?
-Би өдөр тутам өмсдөг. Тоглолтын өдөр тутмынх нийлээд 20 гаруй дээл байгаа. Өөрөө захиалаад хийлгэнэ. Зарим хүмүүс оёод өгдөг юм . Манай монголчууд харин ч дасан зохицох чадвар сайтай учир дээлээ өмсөөд заншчихад даараад аль эсвэл халууцаад үхэхгүй гэж би боддог. Харин бид чинь дотроосоо хөрөөд байгаа юм биш үү.
-Та нөхөн сонгуулийн өмнө УИХ-ын чуулганы танхимд төрийн дууллаа зөв дуулчих хүн байхгүй байна гэж ярьсан. Та төрийн дуулал дуулах гэж нэр дэвшээгүй байлгүй. Хэрвээ та УИХ-ын гишүүн болсон бол хамгийн түрүүнд ямар асуудалд анхаарлаа хандуулах байсан бэ?
-Төрийн дууллаа зөв дуулах хүн байхгүй гэсэн үг чинь ёгтолсон утгатай байсан юм. Миний мөрийн хөтөлбар хэрэгжээд эхэлсэн гэж би бодож байна. Залуусаа зорилготой тэмүүлэлтэй байлгах аян өрнүүлнэ гэж тусгасныг БСШУЯ-наас эхлүүлчихсэн гэх мэт. Гэхдээ төрийн суудал чухал биш. Хүн эх орноо гэсэн зөв сэтгэлтэй байвал хаанаас ч ажлаа хийж болно шүү дээ.
Манай боловсролын салбарт хийх зүйл их байна. Тухайлбал, манай ангид 30 хүүхэд дуулаачаар суралцаж диплом авсан. Гэтэл өнөөдөр 5-6 нь дуулж байна, бусад нь хаачив. Зарим нь сүлжээний бизнес хийгээд, зарим нэг нь халтуур хийгээд л явж байна. Ийм зүйл байж болох уу. Манай эцэг эхчүүд мөнгө төлөөд хүүхдээ сургаж байгаа бол гараад ажлын байраар хангадаг байхыг шаардах ёстой. Ажлын байраар хангаагүй бол төлбөрөө нэхэж шүүхэд ханддаг болгох хэрэгтэй. Төрийн буруу үйл ажиллагаа, буруу тогтолцооноос болж дунд нь иргэд хохирдог. Дээд боловсролтой цэвэрлэгч зөндөө л байна. Зөв бодлогоор үүнийг зохицуулах ёстой.Төр боловсролын хаягдал гаргаж болохгүй шүү дээ.
Хэсэг хүмүүс үлийн цагаан оготно устгах гээд бөөн мөнгө бараад байхад зарим нэг нь түүнийг устгадаг шонхрыг нь гадныханд худалдаад байгаа нь төрийн зөв бодлого, зөв ажил мөн үү. Төрийн ажил мөнгөөр бус зөв бодлого, зөв зохион байгуулалттай байж л урагшилна.
-Үзэл бодол, мөрийн хөтөлбөрөө бодлого, ажил болгоход төрийн суудал шаардлагагүй гэж үү. Та төрийн суудалд суухгүйгээр нийгэмд тустай ямар ажил хийж байна даа?
-Би “Хөх Монголын дэг ёс” нэртэй сонин гаргах гэж байгаа. Энэ сонинд монгол хүн ямар байх ёстой, монгол ёс заншлын тухай сайн сайхан бүхнийг гаргах болно. Удахгүй туршилтын дугаараа гаргана.
-Та Монгол ёс заншлаа дээдэлж, хүндэлж байгаад талархаж байна. Ингэхэд монгол бичгээ хэр сайн мэддэг вэ. Хэн зааж сургасан бэ?
-Би сургуульд байхдаа монгол бичиг сурсан. Уншиж бичиж чадна. Аливаа үндэстний чанар чансааг үндэсний ёс заншил, өв уламжлалаа яаж авч үлдэж, яаж хамгаалж байгаа нь харуулдаг гэж би боддог. Нэг жишээ хэлье. Тайваньд буунгуут өвөрмөц сонин үндэсний хувцсаа өмссөн хүмүүс тосч, бүх хүмүүс нь үндэсний хэв шинжийг хадгалсан нь анзаарагддаг. Энэ нь гадны хүмүүст маш их сонирхолтой байдаг. Монголын газар шороон дээр орос ч биш, хятад ч биш одоо сүүлдээ солонгос ч биш болчихоод байгаа хүмүүсийн юуг нь харах гэж гадныхан ирэх юм бэ.
-Уучлаарай хувийн амьдралын чинь тухай сонирхох хүн цөөнгүй байдаг. Таныг эхнэрээсээ салаад удаагүй байж “Шуранхай” хамтлагийн н.Номинтой хамт амьдарч байгаа гэсэн яриа гарсан байна?
-Миний хувийн амьдрал хэнд ч сонин биш шүү дээ. Тэгээд ч би хэзээ хаана, хэнийг хайрлах нь миний эрх. Миний хувийн амьдралын тухай бишгүй л бичлээ, хүмүүс ч мэдэж байгаа. Танай сонинд хоёр өгүүлбэр гарахад түүнийг хүмүүс унших гэж цагаа барна. Ингэж хүний цаг бармааргүй байна. Монгол улсаа монголоор нь авч үлдэх тухай ярьж сэтгэж байгаа энэ үед өчүүхэн Жавхлан миний хувийн асуудал юу ч биш шүү дээ.
-Одоо удахгүй шинэ жил болно. Урлагийнхны орлого олдог үе ирлээ. Та нэг дуугаа хэдэн төгрөгөөр дуулдаг вэ?
-Би өөртөө ханш тогтоодоггүй. Найз нөхөд танилынхаа хүрээгээр очиж дуулж өгдөг. Шинэ жилээр бус CD гаргаад хэдэн төгрөг олохоороо ойр дотныхондоо тараагаад л өгчихдөг. Үнэндээ би ажилгүй, цалин тодорхойгүй, хошигновол боловсролын хаягдал шүү дээ.
-Одоо ямар уран бүтээл хийж байна вэ. Урлагийнхны нэг хэцүү зүйл нь уран бүтээлийг нь хувилаад зарчихдаг юм билээ?
-Улс тунхагласны баярын өдөрт зориулж “Өмөлзөж харамлах нутаг” нэртэй шинэ дуу гарахад бэлэн болоод байгаа. Клип хийгээд одоо жаахан ажиллах л хэрэгтэй байна. Нутаг усаа бусдаас харамлаж, хайрлая гэсэн утгатай дуу. Саяхан Оюуны өмчийн газраас хуурамч CD, хуурцагнуудыг устгаж байна лээ. Байнга л ийм сайн хяналттай ажиллаж байгаасай гэж бодох юм. Хүний хийсэн зүйлийг луйвардаж байгаа компанийн нэг “Мобиком” байна. Ямар ч гэрээ хийгээгүй хэрнээ миний бүтээлийг иргэдэд зараад байдаг. Тус компанитай хийх тэмцлээ үргэлжлүүлнэ. Хэрэг хуучирдаггүй юм.
-Ойрд нутгаараа очсон уу. Урлагийнхны дунд хөдөө, хотынхон гэсэн яриа их байдаг. Та хөдөөний хүүхэд учраас үүнийг эсэргүүцдэг л байх?
-Би нутагтаа л байгаа шүү дээ. Зарим хүмүүсийн яриад байдаг гуу жалганы үзэлд би дургүй. Би Монгол хүн л гэж хэлэх дуртай. Бусад залуус маань ч гэсэн Увс, Дорнод гэлгүй Монгол гэж омогшиж, хайрлан дээдэлж яваарай гэж уриалмаар байна. Миний эмээ цайныхаа дээжийг өргөхдөө “Дөрвөд түмний заяа буян дэлгэрэг” гэж ерөөдөггүй байсан. Харин “Монгол түмний минь заяа түшиг” л гэж залбирдаг байж билээ. Миний аав ч мөн адил “Увсын зон олон амгалан байг” гэдэггүй байсан. Тиймээс бидний цөөхөн монголчууд жалга довны үзлээ халах хэрэгтэй. Хөдөө хот гээд ялгаж салгаад байгаа хүмүүс ч мөн адил . Ингэж ярьсаар нэг мэдэхнээ 60 хүрэх вий дээ.
-Ингэхэд таны өрсөлдөгч хэн бэ?
-Надад өрсөлдөгч гэж байхгүй. Миний өрсөлдөгч ганцхан зүйл байдаг юм. Энэ бол цаг хугацаа. Хүн цаг хугацаатай л уралдаж ажиллаж амьдрах ёстой.
-Та баян хүн үү. Сонгуульд хэн нэгэн таныг ивээн тэтгээгүй гэсэн. Сонгуулийн ажилд их мөнгө ордог шүү дээ?
-Залхуу хүн л хэн нэгнээр ивээн тэтгүүлдэг байх. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг үг байдаг шүү дээ. Өөртөө л байсан хэдэн төгрөгөө зориулсан. Сонгуульд 16 сая төгрөг зарцуулсан байна лээ. Би эд мөнгөнд шунадаггүй хүн. Гагцхүү сэтгэлээрээ л баян байхыг хичээдэг. Сонгуулийн үед телевизүүд миний нэвтрүүлгийг гаргахгүй байсанд би их гайхсан.
-Та мөнгөө төлөөгүй бол яаж гаргах юм бэ?
-Тэгвэл яагаад Солонгос киног ямар ч үнэ төлбөргүй телевизүүдийн 80 хувь нь гаргаад байгаа юм бэ. Одоо хүүхдүүд “уба, уба” гээд л яриад явдаг болж. Энэ сайхан зүйл үү.
-Та улстөрд цаашид хүч үзэх бодол байна уу. Ямар нэгэн намд элсэхгүй бол мөрийн хөтөлбөрөө ажил болгоно гэдэг тийм амар зүйл биш. 2012 оны сонгуульд бэлтгэж боловсролоо дээшлүүлж байгаа гэж сонссон юм байна?
-Би байнга л боловсорч байна. Төрөөд хэдэн сарын дараа мөлхсөн, алхсан, одоо ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хариулахын тулд эх орноо Монголоор нь авч үлдэх гэж хичээж явна. Манай ард түмний дунд “Цагийн юм цагтаа” гэсэн үг байдаг. 2012 онд ямар байдалтай байхыг тухайн үед нь харцгаая.. Төр барьж байгаа хоёр нам хаашдаа нэр хүнд нь унаж байна. Зул бөхөхөөсөө өмнө бадамладаг. Бөхөх гэж байгаа зул руу би ормоогүй байна. Ард түмэн мөн чанарыг нь ойлгож, хөдөлж эхэлсэн. Өнгө мөнгөнд хэт их шунаж байгаа хүмүүст хүнд гэсгээл ирэх вий гэж санагдах юм. Гэхдээ тэдний дунд зөв хүмүүс олон. Монголын заяа их шүү.
-Монгол хүн өдөр тутам дээлээ өмсөх хэрэгтэй гэж та уриалж байна. Даяарчлалын энэ үед монгол дээл өмсөөд, эсгий гэрт амьдарсаар байвал дэлхий нийт биднийг ямар нүдээр харах бол?
-Харин ч гайхахаасаа илүү даган дуурайх болно. Бид чинь дэлхий нийтийг дагуулж явснаас дагаж яваагүй шүү дээ. Би монгол зан заншлаараа амьдармаар байна. Ирэх хавраас хотоос зайдуу газар гэрт гарч амьдрахаар шийдсэн.
-Өнөөгийн залуус хотын төвд байртай, унах унаатай болохыг хичээгээд чадахгүй байна шүү дээ?
-Яагаад болохгүй гэж. Дэлхийд хамгийн агаарын зөв солилцоотой сууц гэр л байдаг юм. Гэрт амьдрахад ямар ч асуудал байхгүй. Сайхан шүү дээ. Ингэж хот руу шавж амьдарснаар бид энэ ханиад гэдэг зүйлд дарлуулаад байгаа биз дээ.
-Та цаашдаа ханьтай, үр хүүхэдтэй болно. Өнөө цагийн эмэгтэй хүн, хүүхэд чинь гэрт амьдрахыг хүлээн зөвшөөрөх үү?
-Магадгүй ийм байдлаас болоод би эхнэрээсээ салсныг ч үгүйсгэхгүй. Монгол маягаар амьдрах хүсэлтэй хүнээ л би ольё.
-Таны үзэл бодлыг ойлгон амьдрах хүн байгаа гэдэгт итгэж байна. Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Санасан бүхэн чинь сэтгэлчлэн бүтэх болтугай.
Х.Оюунсүрэн
No comments:
Post a Comment