УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлуудаар УИХ-ын гишүүн Д.Энхбаттай ярилцлаа.
-Засгийн газраас УИХ-д Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг өргөн барьснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. УИХ-ын төвшинд энэ асуудлыг анхны хэлэлцүүлэгт хүргэж, цариг дээр нэлээд “тулалдаад” эцэстээ намын бүлгүүд өргөн цариг дээр суурилъя гэж байна. Харин та өөр байр суурьтай байгаа?
-Гишүүдийн хувьд нэлээд хэдэн хувилбар ярьж байгаа. Миний хувийн байр суурь бол Монгол Улс төмөр замын төслийг нэлээн явцуу технологийн нүдээр илүү хараад байна гэж үзэж байгаа. Жишээ нь өргөн, нарийн, Хятадын, Оросын ч гэх шиг. Хэрвээ монголчууд үнэхээр өөрийнхөө газрын баялагт эзэн болоод төрийн бодлогыг тууштай залуурдаж чадвал төмөр замын цариг өргөн байна уу, нарийн байна уу гэдэг асуудал биш шүү дээ. Би хувьдаа бол Тавантолгойн уурхайд хоёр талаасаа өргөн, нарийн царигтай төмөр зам хоёуланг нь оруулж ирэхийг буруу гэж бодохгүй байгаа. Монгол Улс дэлхийн хамгийн том зах зээл Хятадаас өөрийгөө зохиомлоор тусгаарлах хэрэггүй. Хятадууд тэр төмөр замаар орж ирээд нүүрс авах, үгүй нь өргөн байна уу, нарийн байна уу ялгаагүй. Хэрвээ манай түшмэд худалдагдвал хятадууд өргөн царигтай ч байсан нүүрсийг аваад л гарна, нарийн ч байсан зөөгөөд л явна. Тийм учраас Монгол Улс төмөр замын бодлогоо дэлхийн маш хурдацтай хөгжиж байгаа эдийн засаг, зах зээлтэй холбох арга замаа л улам сайжруулах хэрэгтэй.
-Аюулгүй байдал талаас нь авч үзвэл таны Тавантолгойгоос нарийн царигтай төмөр зам тавъя гэдэг бодол илүү аюултай гэгдээд байгаа?
-Аюулгүй тал гэдгийг ямар ч утгагүй хоосон зүйл гэж бодож байна. Өнөөдөр бид Герман, Япон, Солонгос, Хятадын машин унаад л явж байгаа. Ямар ялгаа байна аа, Хятадын вагон байна уу, Оросын вагон байна уу. Төмөр зам нь нарийн байна уу, өргөн байна уу, энэ чинь технологи шүү дээ. Харин улстөр болоод цэвэр бизнесийн эрх ашгаа бодвол Тавантолгойд өргөн, нарийн төмөр замыг хоёуланг нь оруулж ирэх ёстой. Миний байр суурь бол энэ.
-Тавантолгойгоос нарийн төмөр зам татчихвал нүүрсээ түүхийгээр нь зөөгөөд дуусахгүй гэж үү?
-Жишээлбэл, Орос өргөн төмөр замаар нүүрс тээвэрлүүлэхээ больчихвол яах юм. Дэлхийн бүх нүүрсний 50 хувь хойд хөршид бий. Тэгэхэд бид энэ орны нутгаар дамжуулан нүүрсээ Байгаль далай хүртэл тээвэрлээд, тэгээд бас цааш нь зөөнө. Монголоос хэд дахин их нүүрсний нөөцтэй том гүрэн биднийг тэгж удаан зөөлгөх үү, үгүй юу. Бодох хэрэгтэй. “Танай нүүрсийг нутаг дэвсгэрээрээ дамжуулахгүй, бас нүүрс авахгүй гэвэл урагш нь зөөе л дөө. Бид хоёуланд нь зэрэг зарж чаддаг л байх ёстой. Миний хувьд Орос, Хятад хоёрт алинд нь ч илүү тал өгөөгүй. Дээр нь би нүүрсийг Солонгос, Японд ч зарах хэрэгтэй гэж бодож байгаа. Зах зээлээ олохын тулд эхний ээлжинд Монголын нүүрсийг сонирхож байгаа талтайгаа тохирох хэрэгтэй. Тэгэхгүйгээр нэгэнд нь зориулаад төмөр зам тавьж болохгүй. Монгол Улсад яавал аюулгүй вэ гэвэл Орос, Хятад, Солонгос, Японд бүгдэд нь зэрэг нүүрсээ гаргаж, зарж чадах бололцоо бүрдсэн тэр цагт л аюулгүй нөхцөл хангагдана. Тэгээд ч Тавантолгойд нарийн зам, өргөн зам ороод ирчихсэн байхад юу нь буруу байх юм бэ. Тэр тусмаа Тавантолгойгоос урд хил хүртэл маш ойрхон. Заавал тойруулж, асар урт өргөн төмөр замаар нүүрсээ зөөгөөд. Дээрээс нь бүх вагоныхоо дугуйг солиод тэгээд Монгол Улс Хятадаас үндэсний аюулгүй байдлаа хангах юм гэнэ. Үгүй ш дээ. Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа толгойдоо, зүрхэндээ хамгаалдаг болохоос төмөр замын өргөн, нарийн огт хамаагүй.
Манай түшмэд төмөр зам өргөн байхаар худалдагдахгүй, нарийн болохоор худалдагддаг юм уу. Би түрүүн хэлсэн, бид япон, герман машин унаа л байгаа биз дээ. Ямар ялгаа байна. Улс төр, эдийн засаг технологи гурвыг л холиод байгаа байхгүй юу. Технологийн шийдэл бол нэг тусдаа, эдийн засаг, улс төр бас тусдаа. Энэ гурав ямар үед холбогдох вэ гэхээр бидний тархи зүрхэнд л холбогдоно. Хэрвээ бид эх оронч, улстөр эдийн засгийнхаа бодлогыг Монгол Улсын эрх ашгийн төлөө хийдэг бол технологи ямар байх нь хамаагүй. Эдийн засгийн хувьд хамгийн ашигтай вариантыг л сонгоно. Төмөр замын өргөн нарийнаар ч юм уу, мөнгөний их багаар Монгол Улсыг хамгаална гэж ярьж болохгүй. Ийм л бодолтой байна.
-Төмөр замын бодлогыг чуулганаар анх хэлэлцэхэд та усны асуудал орхигджээ гээд байсан. Төмөр зам барихад ус яагаад хамааралтай болчихов?
-Төмөр замын бодлогын хувьд анхаарах чухал асуудлын нэг бас энэ л дээ. Засгийн газраас оруулж ирсэн төмөр замын зураглал, дандаа уурхайнуудаа дагасан. Тэр нь дандаа усгүй нутаг. Хүн төрөлхтний 3000, 4000 жилийн түүхийг харахад усаа дагаж хөгжсөн байдаг. Хүний энерги бол нүүрс биш, ус байдаг. Усгүй газар том уурхай байгуулж болно, 30-50 жил л амьдарна. Гэхдээ өөр нэг газраас ус зөөх хэрэгтэй болно. Хэрвээ Монголын шинээр байгуулах хотуудыг наад зах нь 500 жил байна гэж тооцвол 50 жилд нь нүүрсээ зөөхөд зориулах юм уу, 500 жил усаа зөөхөд зориулах юм уу гэдэг асуулт гарч ирнэ. Тэгэхээр Монгол Улсын төмөр замын зураглал, аж үйлдвэр байгуулах байршил яг уурхай дээрээ биш, усныхаа нөөцийг их сайн бодож төлөвлөсөн байх хэрэгтэй болж байгаа юм. Тэр тал нь их дутуу байна аа л гэж хэлсэн л дээ. Тийм учраас усныхаа нөөцийг сайн тодорхойлох ёстой.
-Устай нь холбох боломж бий юу. Сайншандад аж үйлдвэрүүд байгуулна гэж төлөвлөөд байгаа?
-Би бодож байна, төмөр замыг уурхайгаа дагуулаад байгуулж болно. Хүнд үйлдвэрийн төвүүдийг яах вэ. Жишээ нь нүүрсийг дахин боловсруулах төв уурхай дээрээ байх юм уу. Түүнийгээ дагаж хэр том химийн комфлекс барих юм. Хэрвээ хими металлургийн том үйлдвэр барина гэвэл тэнд асар их ус орно. Би өөрөө Металлургийн дээд сургууль төгссөн болохоор гадарлаж байна. Ган металлургийн үйлдвэр бол усыг мангас шиг ууна. Энэ нөхцөл байдлыг их сайн бодох ёстой. Дээрээс нь анхаарах нэг зүйл бол Хятад улс маш хямдхан ажиллах хүчинтэй. Тэр бүх металлургийг хийж байгаа. Тийм учраас металлургийн салбарт үнэхээр Хятадтай өрсөлдөж чадах уу. Заавал тэр түүхий эдээ өөрсдөө бид боловсруулна гэдэг эргэлзээтэй. Яг тэрнийг боловсруулаад зарж чадахгүй бол, түүхий хэвээр нь зараад мөнгөө зарах юмандаа зарсан нь хэрэгтэй байхгүй юу.
Мөн нефть химийн комфлекс барина гэж байгаа. Уул уурхайгаас олсон мөнгөө түүнд оруулчихдаг, тэндээс гарсан бүтээгдэхүүнийг хүн авахгүй бол яах вэ. Жишээлбэл, нүүрснээс маш нарийн химийн бодис ялгардаг. Энэ химийн бодис дээр Германы технологи л ажилладаг. Тэр үйлдвэрүүдтэй нь Монголынх шууд өрсөлдөнө гэдэг маш хэцүү. Тиймээс тэр томоохон комфлексуудаа Германы талтай ярих хэрэгтэй. Хэрвээ германууд “Хятад хажууд чинь 100 дахин том үйлдвэртэй байна, танайд энэ үйлдвэрийг барих нь ашиггүй гэвэл хэрэггүй. Түрүүний хэлдэг үйлдвэрлэлийн бодлого, хот байгуулалтын бодлого, усны бодлого энэ бүх юм аа ярьж байж, төмөр замын асуудлыг холбох ёстой. Яахав төмөр замыг уурхайн төвшинд татаад, зарим ажлыг эхлүүлэхэд буруудах зүйл байхгүй л дээ.
-Төмөр замаас дутахгүйгээр сүүлийн өдрүүдэд Тавантолгой олны анхаарлыг татаад байна. Гадаадын хөрөнгө оруулагчид ч нэлээд анхаарал хандуулж буй болов уу. Тавантолгойг хоёр хэсэгт хувааж, ашиглана гэдэг хэр оновчтой бодлого бол?
-Хоёр хэсэгт хувааж байгааг зарчмын хувьд дэмжихгүй байгаа.
-Яагаад?
-Нэг нь гадаадынх, нөгөөх нь Монголынх байна гэж байгаа. Асууя л даа. Таван жилийн дараа гадаадынхан их олборлолт хийгээд үнэтэй зараад, хятадууд жишээ нь гадаадынхнаас нүүрс аваад, монголчуудаас авахгүй болбол яах юм. Хоорондоо байлдах юм уу. Энэ чинь мөнхийн хэрүүлийг үүсгэж байгаа байхгүй юу. Тэгэхлээр босоо шугамаар гадаад, дотоод гэж хуваах хэрэггүй. Миний бодлоор Монголын компаниуд оролцсон монгол иргэд хувь оруулсан хөрөнгө оруулалтын том корпораци Тавантолгойгоо өмчлөөд, ухуулах болон бусад ажил, менежментээ гадныхнаар хийлгэх хэрэгтэй. Би бол Тавантолгойг хэвтээ тэнхлэгт хуваая гэж хэлээд байгаа. Өмчлөгч нь монголчууд байг, магадгүй 40 хувьд нь гадны том банкууд орог. 60 хувийг Монгол эзэмшье. Үйлчилгээ үзүүлж байгаа компанийг Монгол, гадаад гэж ялгахгүй. Дэлхийн хамгийн шилдэг компани л орж ирэх ёстой. Тэр нь Хятад байна уу, Орос байна уу, Австрали байна уу, Америк байна уу хамаагүй. Тендер зарлаад дэлхий дээр Тавантолгойн уурхайг хамгийн зөв үр ашигтай, зардал багатай, дээрээс нь байгальд хоргүй технологи ашигладаг, хамгийн сайн менежменттэй компаниар ухуулах хэрэгтэй. Өмчлөл нь ард түмний хувьцааг эзэмшсэн том компани байх ёстой.
-Гэхдээ Ерөнхий сайд Тавантолгойгоос иргэн бүртээ эрх тэгш хувьцаа эзэмшүүлнэ гээд зарлачихсан шүү дээ. Тавантолгой 100 хувь төрийн мэдэлд байна аа гээд?
-Би хувьдаа уурхай болгоноос иргэддээ хувьцаа эзэмшүүлнэ гэдэг байр суурийг дэмжихгүй байгаа.
-Уурхай болгоноос Монголын иргэн бүр хувьцаа эзэмшвэл харин ч ашигтай биш гэж үү?
-Монголд стратегийн 15 орд байгаа, бид уурхай болгон дээр очиж, хэрүүл хийж, хувьцаа авах юм уу, үгүй ш дээ. Монгол Улсын иргэн бол нийт байгалийн баялгийн хөрөнгийг оруулдаг үндэсний том корпорацийн хувьцааг эзэмших ёстой. Тэр корпораци нь Тавантолгойдоо, урандаа, нефтэндээ бүгдэд нь хувьцаагаа оруулах ёстой. Иргэн хүн бол үндэсний хөрөнгө оруулалтын том корпорацийн хувьцааг эзэмших ёстой болохоос биш, тэр корпорацийн эзэмшиж байгаа уурхай болгоны хувьцааг тусад нь авч хэрэггүй. Ерөнхий сайдын Тавантолгойгоос иргэддээ хувьцаа олгоно гэж хэлснээс тэгж ойлгосон. Гэхдээ тэгж хийхгүй байлгүй дээ гэж бодсон.
-Хууль батлагдаа л бол, ажил эхэлнэ, зогсоох боломжгүй. Яах вэ?
-Монгол Улс өнөөдөр стратегийн 15 орддоо хөрөнгө оруулах санхүүгийн нэгдсэн тогтолцоогоо бий болгох ёстой. Тэр нь улс орны нэг том корпораци байна, Баянмонгол корпораци гэдэг шиг, түүнтэй төстэй. Тэр корпораци уурхайд хөрөнгө оруулна, бид бол толгой корпорацийнх нь хувьцааг авдаг. Тэгж байж, манайд санхүүгийн нэгдсэн тогтолцоо бий болно. Дээрээс нь олон уурхайд хувь эзэмшиж байгаа компанийн хувьд нүүрс нь зарагдахаа байхад уран нь зарагддаг ч юм уу, ингэснээр илүү тогтвортой ажиллана. Санхүүгийн том корпораци ажилласнаар илүү маневарлах чадвартай, илүү хөрөнгө босгох чадвартай тэр хэрээр илүү олон улсын менежмент орж ирнэ. Товчоор яривал энэ бүхнийг нэгдсэн журмаар шийдэх ёстой. Түүнээс зөвхөн Тавантолгойд зориулж ийм шийдвэр гаргаж болохгүй шүү дээ.
-Та дээр дурдаад өнгөрсөн, би андуу ойлгоогүй бол Тавантолгойг ашиглахдаа 60 хувьд нь монголчууд, 40 хувьд нь гадныхан орог гэж... Энэ тохиолдолд Монгол Улсад ирэх ашиг багасчих юм биш үү. Тавантолгойд улсын хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн гэж үзээд хувийн хэвшлийнхнээсээ хүчээр шахам лицензийг авсан шүү дээ?
-Хүмүүс нэг зүйлийг андуураад байгаа. Хувьцаа бол хөрөнгө тараадаг хэрэгсэл биш, хувьцаа бол мөнгө олдог хэрэгсэл. Засгийн газар хувьцаа гаргалаа, бүх иргэддээ өгчихлөө. Уурхай ямар мөнгөөр ажиллах юм. Хөрөнгө оруулалтын корпораци хувьцаагаа хүнд зараад мөнгө олоод түүнийгээ компанидаа өгдөг. Бид бол хувьцаагаа хүнд өгөх гээд байна ш дээ. Тэгвэл иргэдийн гар дээр мөнгө очихгүй. Яагаад гэвэл уурхайгаас олборлосон бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг Засгийн газар түрүүлээд зарчихна. Түүнээс орж ирсэн мөнгийг хувьцаа хэлбэрээр танд өгнө. Мөнгө нь компанидаа үлдэж байж, түүгээр экскватор, бусад машин механизм худалдаж авч, ажиллуулна.
-Хүн бүрт хувьцаа эзэмшүүлнэ гэхээр дээр дооргүй л хөөрцөглөж байгаа уг нь?
-Манай иргэд тэр хувьцааг авчихаар гэртээ телевизор, мебель авах юм шиг яриад байгаа. Үгүй. Өнөөдрийн хувьцаат компаниуд жил болгон хувьцаа тараадаг, хүүгээ л авч байгаа хэрэг шүү дээ. Гэхдээ бүх ард түмэндээ хувьцаа өгөх нь илүү шударга. Яагаад гэвэл тэр нь дарга нарын гарт очоод, гадаадынхны мэдэлд шилжээд үрэгдсэний оронд иргэдийн гар дээр байх нь зөв. Харин тэрүүгээр амьдарна гэж бодож байвал худлаа. Тэртэй тэргүй бид ажил хийж, амьдрах ёстой. Ер нь ч тэгээд хувьцаагаараа амьдардаг хүн ойрын 30, 40 жилд үүсэхгүй байх, Монголд. Нэг үгээр хэлбэл, хувьцааг тараах нь зөв ч, түүнийг дагаж ирж байгаа энэ ярианууд бүгдээрээ худлаа л гэж хэлнэ. Энэ бол Монголын иргэн болгонд Тавантолгойн хөрөнгийг ирээдүйд үр хүүхэддээ дамжуулж өвлүүлэх, эрхийг хувьцаагаар өгч байгаа хэрэг. Түүнээс биш, маргааш Эрээн рүү гараад оронд нь юм солиод аваад ороод ирэх юм өгөөгүй. Тэгэхээр бэлэн мөнгөний амлалт, хувьцааг нарийн ялгаж ойлгох ёстой.
-Хувьцаа эзэмшээд амьдрал цэцэглэхгүй. Тэгэхээр та Тавантолгой ордыг ашиглаад эхлүүт олсон хөрөнгийг хувьцаа болгож, иргэн бүрт бэлэн мөнгө шиг тарааснаас үйлдвэр байгуулах тал руу “хаясан” нь дээр гэж хэлэх гээд байна уу?
-Би өөрөөс чинь асууя, Тавантолгойн хувьцааг та эзэмшдэг байж, тэр үед таны хувьцааны ханш өндөр байхын тулд яах вэ. Тэнд шилдэг менежер, дэлхийн шилдэг технологи ажиллуулах явдал. Тэгэхээр Тавантолгойн хувьцааг монголчууд эзэмшиж байгаа юм бол, дэлхийн шилдэг корпорациудыг оруулах ёстой. Тэгж байж, хамгийн сайн ажиллана ашгаа хамгийн сайн өгнө. Тэгэхгүйгээр дан ганц монголчууд эзэмшинэ гэвэл анхнаасаа энэ чинь бизнесийн зорилго биш, улстөрийн зорилго болж хувирна. Дампуурчихвал яах юм. Зөвхөн монголчууд эзэмшиж байгаа МИАТ компанийг хар. Дампуурчихсан. Тавантолгойн хувьцаагаар яах юм. Хэрвээ монголчууд л өөрсдөө хувьцааг нь авах юм бол дэлхийн шилдэг компанийг оруулах хэрэгтэй. Хэрвээ хувьцааг нь өөр хүн авах юм бол хэнийгээ оруулна, бидэнд ямар хамаа байна. Нэг ёсны бид хувьцаагаа аваад монголыгоо оруулна гэдэг маш найдваргүй алхам.
-Сайд Д.Зоригт хэлж байсан л даа, хоёр дахь хэсэг дээр нь гадаадын болоод дотоодын компаниуд нийлээд ороод ирэх юм бол илүү боломжтой хувилбар аа, бидний эрх ашигт илүү нийцнэ гэж.?
-Эхнийх дээр нь яах гэж байгаа юм.
-Тэнд “Эрдэнэс Монгол” компани үйл ажиллагаа явуулна.
-Миний бодлоор бол жишээлбэл, “Эрдэнэс Монгол”-ын хувьцааг л ард түмэн авах ёстой.
-”Эрдэнэс Монгол”-ын хувьцаанаас иргэддээ эзэмшүүлнэ. Тэгээд бас 10 хувийн хувьцааг дотооддоо арилжаална гэж байгаа?
-”Эрдэнэс Монгол”-ын хувьцааг 100 хувь ард түмэн авах ёстой. Ард түмний хувьцаа өндөр байж болно, яваандаа шилжүүлж авах л байх л даа. Дүгнээд хэлбэл, хөрөнгө оруулалтын том корпорацийн хувьцааг ард түмэн эзэмших ёстой. Түүнээс уурхайн хувьцаа биш.
Хоёр хуваасанд би эргэлзэж байгаа, яах гэж байгаа юм, уралдуулах гэсэн юм уу. Өрсөлдүүлэх гэсэн юм уу. Хоёр өөр үнээр нүүрсээ зараад эхэлбэл яахын. Нэг үнээр зар гээд тулгавал хоёр компани байхын хэрэг юу байгаа юм. Бизнесийн нүдээр харвал их зөрчилдөөнтэй байхгүй юу. Жишээлбэл, нэг уурхай дээр яг адилхан үнээр гаргаж ирсэн нүүрсээ хоёр өөр үнээр зарах юм уу.
-Хамгийн гол нь өрсөлдөөн бий болгохыг бодсон байх л даа?
-Нэг эзний хоёр компани хоорондоо өрсөлдөх ямар хэрэгтэй юм. Ингээд бодохоор босоогоор хоёр хуваадаг нь буруу, хэвтээгээр хуваах ёстой байхгүй юу. Өмчлөгч нь тусдаа, оператор нь тусдаа миний бодол бол ийм л байна. Бизнесийн нүдээр харвал. Хэд, хэд хуваавал илүү улстөрийн алхам юм даа.
Яахав энэ тал нь та нарынх, үүнд битгийн оролц, гэж хэлж болно л доо. Энэ бол цаанаа ямар нэг далд санаа л агуулж байгаа байхгүй юу. Яах гэж тэгж хийж байгаа юм, ямар ч утгагүй шүү дээ.
-Тавантолгой ордыг монголчууд өөрсдөө ашиглах цаг болсон гэж үзээд үндэсний 1000 гаруй компани нэгдэж, “Монгол-999” нэгтгэлийг байгуулсан. Үнэхээр Тавантолгойг ашиглах эрхийг олж авч чаддаг болов уу. Та хэрхэн харж байгаа вэ?
-Би бол “Монгол-999”-ийг 1000 гаруй компани гэж харахгүй байгаа. Тэнд 50 гаруй компани л байна лээ ш дээ.
-Бараг 2000-д хүрсэн гээд л “PR”-даад байсан шүү дээ?
-“Монгол-999”-д нэг компанийн 30 охин компани орсон байгаа байхгүй юу.Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр 40-50 хүний бизнес л явж байгаа хэрэг.
-Энэ тэгэхээр үндэсний компани мөн үү?
-Үндэсний компани гэж ийм компанийг нэрлэхгүй. Монголд өнөөдөр хамгийн их мөнгөтэй 200 гэр бүлийн компани байдаг гэж байгаа. Энэ 200 гэр бүлийн компани үндэсний компани мөн үү, биш байхгүй юу. Үлдсэн 2.7 сая хүн нь хаана байгаа юм. Тийм учраас үндэсний компани гэж бүх ард түмэнд хувьцаагаа нээлттэй зардаг, ил тод ийм хувьцаат компанийг хэлдэг. Түүнээс тодорхой тооны баян гэр бүлүүдийн компанийг 100 хувь монголчууд хөрөнгөө оруулаад байгуулсан байсан ч үндэсний компани биш. Тийм учраас “Монгол-999”-өөс бид нэг зүйлийг асуух ёстой. Компаниа үндэсний компани болго оо, тэр үед үндэсний компанийн эрх статус өгье гэж...
Түүнээс биш баян 50 гэр бүлийн компанийг бүх ард түмний өмч гэж ярих нь буруу. АНУ яаж хөгжсөн бэ гэхээр дэлхийд нэртэй “Коко кола”, “Форд” зэрэг компанийн хувьцааны 70 хувийг жирийн иргэд эзэмшдэг. Тийм учраас тэр компаниудаа Засгийн газар дэмжинэ гэдэг нь ард иргэдээ дэмждэг хэрэг.
-Та тэгэхээр “Монгол-999” нэгтгэлийг дэмжихгүй байгаа юм байна, тийм үү?
-“Монгол-999”-ийг би зарчмын хувьд дэмжиж байна. Эхний санаачлагаа гаргаад 1000 компани бүртгүүлээд зөв хийжээ гэж талархаж байна. Гэхдээ нээлттэй хувьцаат үндэсний компани болгож хувиргах алхамаа хийх хэрэгтэй.
-Хийж чадахгүй бол?
-Хийж чадахгүй бол Доржийн компани, Хятадын компани ялгаа юу байна. Адилхан л хаалттай хувийн компани л байна ш дээ.
-Тавантолгойн уурхайг ашиглах саналаа гадаадын 11 консерциум Засгийн газарт илэрхийлээд байгаа. Тэдний нэг нь “Монгол-999”-тэй нэгдээд Тавантолгой ордыг ашиглахаар болбол яах вэ. Та дэмжих үү?
-Би бол зарчмын хувьд буруу гэж бодож байна.
-Яагаад. Тавантолгойг ашиглах шалгуурт гадаадын компани дотоодын компанитай нэгдвэл илүү боломжтой гэж шалгууртаа заагаад байгаа юм билээ?
-Яагаад гэвэл “Монгол-999 үндэсний компани биш. Тодорхой хувь хүмүүсийн компани.
Хэрвээ нээлттэй, Монгол Улсын иргэний бүх хувьцаа нь орсон компани байх юм бол бид бол шууд давуу эрх өгөх хэрэгтэй. Ямар ч “үгүй” гэх юм байхгүй. Тэр байтугай, та нар эндээс портнероо сонго л гэнэ. Зүгээр нэг баян 200, 50 гэр бүлийн компани орж ирэх юм бол гадаадынхантай ижил нөхцөлд орж ир л гэж хэлэх хэрэгтэй.
Г.Дарь
No comments:
Post a Comment