Friday, 23 July 2010

С.Батболд: "Иргэддээ хоосон цаас биш үнэ цэнэтэй хувьцаа эзэмшүүлнэ."

Монгол Улсыг хөгжлийн шинэ шатанд хөтлөх Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай, Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аар саяхан батлаад буй. Эдгээр болон бусад сэдвээр Ерөнхий сайд С.Батболдтой ярилцлаа.

-УИХ-аар эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогын томоохон баримт бичгүүдийг батлан гаргаад байна. Тухайлбал, саяхан Төмөр замын талаар төрөөс баримтлах баримт бичиг батлагдлаа. Эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд энэ баримт бичиг ямар үүрэгтэй гэж Та үзэж байгаа вэ?
-УИХ-ын хаврын чуулган нэлээн онцлогтой боллоо. Энэ удаагийн чуул ганаар хөгжлийн тулгуур бол сон эдийн засгийн олон чухал асуудлыг шийдвэрлэж чадлаа. Монголчууд төмөр замын асуудлаар өөрсдөө том бодлого боловсруулж баталсан нь түүхэндээ анх удаагийнх бөгөөд ихээхэн туршлага хуримтлуулсан хариуцлагатай шийдвэр боллоо гэж үзэж байна. Эдийн засгийн хөгжлийн төвүүдээ тодорхой үе шаттайгаар холбох төмөр замын сүлжээ байгуулах эрх зүйн орчин бүрдсэнээр бүтээгдэхүүнээ шууд экспортлох боломж монголчуудын өмнө нээлттэй болж байна.

-Тавантолгой-СайншандБаруун- Урт-Чойбалсангийн чиглэлээр эхний үе шатны төмөр зам тавигдах юм байна. Цаг хугацааны хувьд энэ ажлыг хэзээнээс эхлүүлэх боломжтой вэ?
-Энэ онд багтааж ажлыг эхлүүлэх ёстой. Холбогдох яам, агентлаг бэлтгэлээ хангаж байна. Төмөр зам барихад ихээхэн хөрөнгө шаардагдана. Түүний эхлэлийг Засгийн газар санаачлаад хөрөнгө босгох талаар анхаарч байна. Зүүн чиглэлийн төмөр замын маршрут далайн боомтод хүрэх учраас хөрш орон болон БНСУ, бусад улсын төмөр замын байгууллагатай хамтран ажиллах бололцоотой. Холбогдох яриа хэлэлцээр хийгдэж байна. Стратегийн ордуудаас ирээдүйд олох орлогоор дэд бүтцээ санхүүжүүлэх боломж бүрдэж буй. Засгийн газар Хөгжлийн банк байгуулна. Түүгээр дамжуулж дэд бүтцийн хөгжлийн салбараа санхүүжүүлэхээр бас тооцоолсон.

-Тэгвэл “Эрдэнэс-Таван толгой” төрийн өмчит охин компани яг хэдийнээс ажлаа эхлэх вэ. Тийм нөхцөл бүрдсэн үү?

Хамгийн гол нь ажлаа эхлүүлэх нь нэн чухал юм. Хаврын чуулган завсарласнаар гишүүд тойрогтоо ажиллана. Энэ хугацаанд Засгийн газар идэвхтэй ажиллана. Төлөвл өсний дагуу бид ажлаа энэ онд эхлүүлнэ гэж тооцож байгаа.Ордыг түшиглэж үйлдвэр, зам, дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандартыг баримтлах, төслийн хэрэгжилтийг үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлготой уялдуулж, Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд авч хэрэглэж байх нөхцөл, болзлыг хэрэгжүүлэх, дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалтын асуудлыг судалж намрын чуулганд хэлэлцүүлэх асуудал нээлттэй үлдсэн.
-Төрийн өмчит компанийн 10 хувийг нийт иргэдэд үе шаттайгаар эзэмшүүлнэ. Ер нь хувьцаа эзэмшүүлэх нь хэр оновчтой хувилбар болсон бэ?
-Иргэдэд ногдох хувьцааг үр өгөөжтэй, үнэ цэнэтэй байлгах талаар Засгийн газар онцгой анхаарна. Уурхай ашигтай ажиллаж эхлэхээр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаа үнэд орно. Иргэдэд олгох 10 хувийн хувьцаа зөвхөн гарааны нөхцөл. Үндэсний компаниудад 10 хувийг нэрлэсэн үнээр арилжаалж, 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж, шаардлагатай хөрөнгө оруулалт босгоно. Хувьцааг үнэ цэнэтэй болгохын тулд Монголын хөрөнгийн бирж олон улсын жишгээр жинхэнэ утгаараа ажиллах хэрэгтэй.

-10 хувийг иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэснийг ард иргэд маш таатайгаар хүлээж авч байгаа. Яг хэдий хэмжээний, ойролцоогоор хэдэн төгрөгийн хувьцааг нэг хүнд өгөх бол гэсэн хүлээлт бий? -Ер нь бол бүгдээрээ л яарч байна. УИХ-аас Засгийн газарт эрх өгчихлөө. Мэргэжлийн уул уурхайн болон хөндлөнгийн хараат бус банк, санхүүгийн байгууллагаар эдийн засгийн бүх тооцоо судалгааг хийлгэсний дараа “Эрдэнэс-Тавантолгой” компанийн үнэлгээ тодорхой болно. Тэгж байж үнэ цэнэтэй хувьцаа бий болно. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн бүх үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх болно гэдгийг Засгийн газрын тэргүүний хувьд амлах байна.

-Үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр арилжаалах 10 хувийн хувьцаа хэр шударга вэ. Энэ олон компаниудын дунд аманд ч үгүй, хамарт ч үгүй “юм” болох юм биш биз дээ?
-Иргэдэд эзэмшүүлэх зарчимтай адилхан. “ЭрдэнэсТавантолгой” компанийн үнэлгээг тогтоосны дараа үндэсний аж ахуйн нэгжүүддээ давуу эрхээр, ямар нэгэн нөхцөлгүйгээр, нээлттэй арилжаална. Энэ оны зургадугаар сарын 1-нээс өмнө бүртгэгдсэн, татвар төлөгч аж ахуйн нэгжүүдэд хувьцааг арилжаална.
-Иргэдэд олгох хувьцаа шинээр төрсөн хүүхдэд очих уу?

-Монгол Улсын иргэн бүрт олгох учраас шинээр төрсөн хүүхэд ч хувьцаа эзэмшигч болно.
-Хувьцааны 30 хүртэлх хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалж, хөрөнгө босгоно гэж байгаа. Энэ нь мөнгө босгох боломжтой хувилбар мөн үү?
-Мөнгө босгох хоёр хэлбэр бий. Эхнийх нь банкнаас зээл авах. Төсвөөс хөрөнгө оруулж болох ч зах зээлийн зарчмаар асуудалд хандах ёстой гэж бид үзэж байгаа. Нөгөө хувилбар нь хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох. Бид бүх хувилбараар мөнгө босгохыг эрмэлзэж байна. Иргэн, аж ахуйн нэгжийнхээ оролцоог хангах зорилгоор дотоодын хөрөнгийн зах зээлд хувьцаа арилжаална. Гадаадын үнэт цаасны зах зээлээс ч хөрөнгө татна. Үнэ хүргэх зарчмыг л гол болгоно.

-Гадаадын хөрөнгийн биржээр хувьцаа арилжаалахад ямар нэгэн компанийн нөлөө орохгүй юү?
-Хөрөнгийн зах зээлийн талаар бидний мэдлэг тааруухан. Гадаадын томоохон хөрөнгийн биржүүдэд жижиг хувьцаа эзэмшигч хийгээд аливаа улсын эрх ашгийг хамгаалсан зохицуулалт байдаг шиг байгаа юм. Тухайлбал, “Рио Тинто”-гийн хувьцааны 19 хувийг Хятадын нэг том компани авъя гэхэд түүнээс татгалзаж байсан журам бий. Нэг компанийн хяналтын багцыг нэг компанид ийм хэмжээгээр өгч болдоггүй юм байна. Бид энэ журам, зохицуулалтыг нэвтрүүлэх талаар анхаарна. Шилэн хоргонд байгаа бүх зүйл ил харагддаг шиг нээлттэй, ойлгомжтой засаглалыг бий болгохыг Засгийн газар зорьж байна. Хамгийн сайн хязгаарлалт, хяналт, нээлттэй хөрөнгийн биржийн тогтолцоог бий болгохын төлөө бид ажиллана.

-Томоохон төслүүд дээр монголчууд ажиллахад туршлага дутдаг нь нууц биш. Та хөгжилтэй орнуудын стандартыг нутагшуулах тухай их ярьдаг. Энэ талаараа бодитой ажил хийх талаар юу бодож, төлөвлөж байна вэ. Тавантолгой ордод олон улсын жишиг стандарт баримтлах ёстой гэдэг.
-Монголчуудыг үзэмжээрээ ажиллаж, амьдардаг гэсэн шүүмжилдэг нь үнэний ортой. Тоглоомын дүрэм нь тодорхой биш гэдэг. Жижигхэн аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрөл авах гэхэд л төрийн хүнд сурталтай учирдаг. Баахан албан тушаалтны гарын үсэг цуглуулах хэрэгтэй болдог. Энэ бүхнээс болж хүнд суртал, авлигын тухай яриа үүсдэг. Уг нь бүх зүйл хар дээр цагаанаар бичсэн юм шиг тодорхой байх ёстой. Үүнийг л стандарт гэнэ. Ийм шаардлага хангасан л бол заавал олон гарын үсэг хэрэггүй. Бүх салбарт ил тод, шударга тогтолцоо байх ёстой. Стандартыг бид өөрсдөө зохиохгүй. Би Европын стандартыг нэвтрүүлэх тухай ярьдаг нь үнэн. Бидний хуучны анд нөхөд болох СЭВ-ийн орнууд Европын стандартыг нэвтрүүлсэн нь ихээхэн үр ашигтай байгаа аж. Тэдний сайн зүйлээс нь суралцах ёстой. Энэ чиглэлээр Засгийн газар Европын холбоотой хэлэлцээр хийхээр ажиллаж байна.

-Манайхан хүний хөгжил гэхээр бэлэн мөнгө тараах тухай яриад байх шиг. Уг нь хувь хүний хөгжил гэхээр чанартай, Таныхаар бол боловсролын хүлээн зөвшөөрөгдсөн стандарт хөгжлийн нь суурь болмоор санагддаг?
-Хөгжлийн бодлогын томоохон зорилтыг бодит ажил болгоход стандарт маш чухал. Стандартыг хэзээ бодит ажил болгох вэ гэхээр боловсролтой, өрсөлдөх чадвартай иргэн байж л амжилтад хүрнэ. Монгол Улсын хөгжлийн гарц юу вэ гэхээр хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол гэж хүн бүр хэлдэг. Сингапурын хөгжлийн тухай бид ярьдаг. Тэр улс Кэмбрижийн стандартыг нутагшуулаад л өнөөдрийн амжилтад хүрсэн. Монгол хүн бүр хүүхдээ Сингапурт сургах гэдэг шүү дээ. Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангид Кэмбрижийн тогтолцоог нэвтрүүлье. Их, дээд сургуулийн тоог багасгаж, чанаржуулъя. Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, суралцах орчныг сайжруулахын тулд оюутны хотхоныг нийслэлээс зайдуу гаргах шийдвэрийг Засгийн газар гаргаад байна. Ингэснээр олон улсын жижигт нийцсэн оюутны хотхон байгуулах юм. Нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхийн тулд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.

-Эдийн засгийн өсөлтийг дагаад хүн амын идэвхтэй өсөлт бий болсон. Гэтэл манай улсад төрөх эмнэлэг дутагдалтай байгаа нь эмгэнэлтэй. Саяхан болсон Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн гэсэн.

-Аливаа төр ойлгомжтой хэдэн зүйл барьж ажиллах ёстой юм. Нэгдүгээрт хүний хөгжил, эрүүл мэндийн асуудал байх учиртай. Хоёрдугаарт боловсрол. Гуравдугаарт, иргэдийнхээ амьдрах нөхцөлийг төр бүрдүүлсэн байх үүрэгтэй. Хүний эрүүл мэндтэй холбоотой асуудлын нэг нь яах аргагүй хүн ам зүйн бодлого юм. Энэ асуудлыг ярихаар төрөх эмнэлгүүдийн тухай зайлшгүй хөндөх болдог. Хүн амын төрөлт нэмэгдээд эхэлтэл төрөх эмнэлгүүдийн хүрэлцээ дутагдаж, байгаа хэдийнх нь ажиллах нөхцөл шаардлага хангахгүйд хүрсэн.

Тухайн үед Засгийн газар шуурхай арга хэмжээ авч I төрөх эмнэлэгт багагүй хөрөнгө гаргаж засвар үйлчилгээ хийснээр одоо боломжийн хэмжээнд, хэвийн ажиллаж байна. Эндээс бид сургамж авч I, III төрөхийг өргөтгөж, 300 ороор нэмэгдүүлэх, шинээр эмнэлэг барих асуудлыг шийдсэн. IV төрөх эмнэлэг барих хөрөнгийн асуудлыг нь шийдээд байна. Орон нутагт ч төрөх эмнэлэг барихад анхаарч байгаа.

-Цалин, тэтгэвэр нэмэгдэх үү гэсэн асуултыг Танд тавиасай гэж олон хүн хүсэж байгаа байх…
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байр бий болгохыг зорьж байна. Тэгэхдээ тэр хүмүүсийнхээ авдаг цалингийн түвшинг нэмэгдүүлэх ёстой. Энэ оны аравдугаар сарын 1-нээс цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэх чиглэлээр УИХ, Засгийн газар ажиллаж байна.

Го.ЭНХТӨР, Эх сурвалж "Өнөөдөр" сонин

No comments:

Post a Comment