Wednesday, 21 July 2010

Ц.Нямдорж: Сургамжийн тухайд бүгдээрээ л сургамж авсан шүү дээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас гарч явах үед нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид асуулт тавих боломж олдсон юм.

-Долдугаар сарын 1-н болох гэж байна. 2008 оны дол­дугаар сарын 1-ний өдрийн хэрэг явдлын дараа цагдаа нар ямар сургамж авсан бол. Ахиад ийм эмх зам­бараагүй байдал үүслээ гэхэд иргэдийнхээ өөдөөс буудахаас өөрөөр ямар арга хэмжээ авах вэ. Цагдаа нарт ийм төрлийн тоног төхөөрөмж авч өгсөн үү?

-Жаахан, жаахан арга хэм­жээнүүд авсан. Улсын төсвийн хөрөнгө оруу­лалтаар ус шүршдэг машин хоёрыг авсан. Эмх замбараагүй бай­дал үүсвэл усаар шүршчихдэг усан буу л гэсэн үг шүү дээ. Сум нэвтэрдэггүй машин гэж байдаг. Тэрийг авсан. Нэг бүрийн хамгаа­лах хэрэгсэл гэж байдаг.

Бамбай элдэв юмнаас эхлээд утаан хөшиг гэх мэтийн ерөнхийдөө мянган хүний бүрэлдэхүүнээр хэв журам сахиулах, ажлууд хийгдсэн. Цааш­даа жил жилийн төсөвт жаахан жаа­хан юм тусгаад, ямар ч байсан тийм нөхцөл байдал үүссэн үед...

Яг үнэнийг хэлэхэд дахин тийм нөхцөл үүсэхгүй болов уу гэж би бодож байна. Үүслээ гэж бодоход, муугаар тооцоход эхний ээлжинд халгүй байдлаар байдлыг тогтворжуулах боломж бүрдүүлэх ажлууд хийгдэж байна. Сургалтууд хийгдэж байна. Ноднин байна уу, уржнан Сүхбаатарын талбай дээр бас нэг шөнө жаахан юм хийчихсэн чинь цагдаа нар хүч хэрэглэх гэж байна гэж сонин дээр баахан дайраа биз дээ. Гэх мэтээр албан хаагчдыг ийм үед ажиллах чадвартай болгох талаар ажлууд хийгдэж байгаа. Сургамжийн тухайд бол бүгдээрээ л сургамж авсан шүү дээ. Жагсаал цуглаан зохион байгуулдаг хүмүүс ч сургамж авсан байх. Оролцдог хүмүүс нь ч сургамж авсан байх. Цагдаагийн байгууллага ч үүнээс сургамж авч, тусгай хөтөлбөрөөр сургуулилт хийж, тусгай техник хэрэгслийнхээ боломжуудыг сайж­руулах арга хэмжээ авч байна. Уг нь хүнд гайхуулаад бие бие рүүгээ дайраад байх асуудал биш шүү дээ. Ер нь бол улстөрчдийн нэг л буруу хөдөлгөөн нийгэмд ямар гай тарьж болдгийн жишээ л тэр байсан шүү дээ. Зургадугаар сарын 29-нд Сонгинохайрхан дүүрэгт, төв талбайн урд талд хууль бус жагсаал цуглаан зохион байгуулаагүй бол долдугаар сарын 1-нд тийм жаг­саал цуглаан болоогүй бол дараа дараагийн эмгэнэлт үйл явдлууд байхгүй шүү дээ. Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль гээд 1994 онд батлагдсан хууль байгаа. Тэр дотор жагсаал цуглаан зохион байгуулахаар бол аюулгүй байдлыг нь өөрсдөө хариуцна. Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, аюулгүй байдал хангуулах арга хэмжээ авна гээд заасан. Жагсаал цуглаан зохион байгуулж байгаа хүмүүсийг цагдах тандахад тэр хуулийн агуулга оршихгүй. Урьдчилж мэдэгдээд аюулгүй байдал хангуулах зорилготой л заалт юм шүү дээ. Ийм мэтийг хийлгүй, хууль бус жагсаал цуглаан зохион байгуулчихаад сүүлд нь хүч хүрэхгүй, дийлэхгүй болохоороо зугтчихаад баахан өөр хүмүүсийг буруутгах юмнууд явагдаа биз дээ. Энэ бол их сургамжтай асуудал. Жишээ нь Киргиз гээд бидэнтэй адил системд байж байгаад бие даасан улс ямар өрөвдөлтэй, эмгэнэлтэй байдалд хүрч байна. Улс төрийнхөө алхамыг тооцохгүйгээр ийм юм хийчихээд сүүлд нь төр улс нь задрахдаа хүрч байна. Ийм юмнаас сэрэмжлэх л ёстой юм. Миний байн байн энэ чиглэлээр хатуувтар үг хэлээд байгаагийн учир тэр. Аливаа улсын дотоод маргаан жижигхэн юмнаас эхэлдэг. Яг үнэнийг хэлбэл, бид 2008 оны долдугаар сарын 1-нийг яриад байдаг. 2004 оныг мартчихсан л байгаа шүү дээ. 2004 оны сонгуулийн дараа Монгол телевизийн хаалгыг хэмх цохисон байх аа. Телевизийн дарга нь цамцаа уруулчихсан, цусаа урсгаад сууж байсан байх аа. СЕХ руу дайрцгаагаад, ийм юм болсон байх аа. Энэ чинь бол гэнэт найман онд тэсэрч гарсан юм биш. Ер нь бол цаашид улстөрд явж байгаа хүмүүс өөрийнхөө үйлдлийн эцсийн үр дагавар юу байхав гэдгийг тооцож л ажиллах ёстой байгаа юм.

-Галт сум хэрэглэж, таван хү­ний амь нас хохироосон хэр­гийг хэрэгсэхгүй болголоо гэсэн гомдол шүүмжлэл их байдаг. Энэ хэрэг аль шатандаа байгаа вэ?

-Наад асуултад чинь би хариу өгч чадахгүй. Галт зэвсэг хэрэг­лэсэн, тэрнээс хохирол үүссэн асууд­­лыг 2008 оны долдугаар сард Үндэсний аюулгүй байдлын зөв­лөлийн хур­лаар хэлэлцээд, цаг­даагийн байгуул­лага шалгаж бай­сан чинь Улсын прокурорын дэр­гэдэх мөрдөн байцаах албанд шил­жүүлж шалгуулах нь зөв гэдэг чиглэл өгөөд, ерөнхий прокурор нь бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийн харьяаллыг өөртөө авчихсан юм билээ. Одоо наад асуултанд чинь хариулт хэлэх хүн бол Д.Дорлигжав.

-Хохирогчид нэгдээд ТББ бай­гуулаад явж байгааг та яаж хүлээж авч байна. Вакогийн хохирогчид хүртэл нэгдсэн байна лээ?

-Ажлын хэсэг байгуулаад “Вако”-той холбоотой асуудлыг шийдэх гэж оролдож байгаа. Урьд нь ч хийж байсан. Нэг л болж өгөхгүй байгаа. Энэ их түвэгтэй. Манай иргэд залилангийн эргүүлэгт хэнэг­гүйгээсээ болж орчихоод, эргээд буруутныг өөрөөсөө биш төрөөс хайдаг юм Монголд тогтлоо шүү дээ. Жишээ нь ХЗХ гэж бай­гуулагдаж байх үед Монголд тү­мэн банк, банк бус санхүүгийн бай­гууллага байсан. Өөрсдийнхөө халаасанд байсан хэдэн төгрөгийг хурдан өсгөх сэтгэлдээ хөтлөгдөөд залилангийн шинжтэй үйлдэл хий­­дэг хүмүүст мөнгөө аваачиж хадгалуулаад үрэн таран хийгээд хаячихсан шүү дээ. Үнэн биз. Зуугаад банк бус санхүүгийн байгууллага 17-18 арилжааны найдвартай банкууд байсаар байхад хэн нь мэдэгдэхгүй ХЗХ-ны эзэн гэх нөхөрт баахан мөнгө өгч алдаад өөрсдөө зовлонд унасан. Их түвэгтэй байна. Одоо энэ визний луйвар гарч байна. Гадаадад ажиллах хүч гаргах нэрийдлээр залилж байна. Болиоч. Олон удаа сануулж хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр хэлсэн. Ямар ч байсан төрийн бус байгуулага байгуулах нь өөрсдийнх нь эрхийн асуудал. Дагаж байгаа муу юм бол зовсон хүмүүсийн зовлон дээр улс төр хийдэг мэргэжилтнүүд гарч ирсэн. Эд их асуудал үүсгэж байгаа. Мон­гол төрийн бус байгууллагууд илэр­хий хоёр хуваагдаж байна. 6000-7000 юм байгаа. Дийлэнх нь яг ТББ-ынхаа ажлыг хийгээд явж байгаа. Тэдний дотор ТББ-ын нэр хэлж улс төр хийдэг хүмүүс гарч ирээд энэ төр улсыг будилуулж байна. Өчигдөрхөн л ямар гэнэ вэ шүүхийн тэргүүн байж байгаад маргааш нэг намын ерөнхий нарийн бичгийн дарга болж байгаа биз. Хохирогчдын эрх ашгийг хамгаалах ТББ үнэхээр байгуулагдсан бол зөвхөн тэр асуудлаараа л ярьдаг бай­гаасай. Замдаа улс төр ярьдаг хүмүүст битгий ашиглагдаасай гэж бодох юм байна шүү дээ. Илэрхий улс төр хийдэг хүмүүс бүрэлдэхүүнд нь орчихлоо гэсэн мэдээлэл сонин дээр явж л байна лээ.

-Долдугаар сарын 1-нд төрөөс хохирлоо нэхэмжлэх талаар ярьцгааж байна?

-Долдугаар сарын 1-ний хэрэг явдлын дөрвөн төрлийн хохирогч байдаг. Амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт олгох 50 саяын асуудал шийдэгдсэн. Шийдвэр гараад олгогдоод дууссан. Хоёр дахь нь үүрэг гүйцэтгэж байсан цагдаа, онцгой байдлын албан хаагчдын хохирлын асуудал байдаг. Нөхөн олговор олгогдоод дууссан. Гуравдугаарт тэр үед явж байгаад гэмтсэн арван хэдэн иргэн байдаг. Тэр хүмүүсийн хохирлын асуудал дууссан. Дөрөв дэх категори нь эд хөрөнгөөрөө хохирсон аж ахуйн нэгж байгууллагууд нэлээд олон байдаг. Тэдний хохирлын 60 хувийг өгөөд дууссан. Одоо үлдсэн 40 хувийг энэ жилдээ, бүр чадахгүй бол ирэх жилдээ багтаагаад дуусгахыг бодно доо. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 1-ний хэрэг явдалтай холбогдолтой төрөөс гаргах эд хөрөнгийн хохирол барагдуулах ажиллагаа төгсгөлийнхөө шатанд яваа.

-Хохирол барагдуулах сан байгуулах тухай яригдаж байсан юу болсон бэ?

-Хохирол нөхөн төлөх нь их явдалтай асуудал. Тодорхой долоо, найман төрлийн хүнд гэмт хэргийн улмаас хохирсон жишээ нь амь на­саа алдсан, хүндээр гэмтсэн иргэнд гэмт хэрэг үйлдсэн этгээд төлбөр төлж чадахааргүй бол эхний ээл­жинд төрөөс бага зэргийн мөнгө гаргаад за нэг хоёроос гурван сая төгрөг ар гэрт нь юм уу хохирсон иргэнд өгчихөөд, буцаагааад гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж санд төвлөрүүлэх замаар сан бай­гуулах анхны санаа явж байгаа. 2000 оны Засгийн газарт байхдаа би хохирогчид нөхөн олговор олгох тухай хуулийн төсөл санаачлаад Засгийн газарт оруулаад дэмжлэг авч чадаагүй юм. Яахлаараа гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн учруулсан хохирлыг татвар төлөгчдийн мөн­гөөр төлөх ёстой юм бэ гэсэн асуулт гарч ирээд зохистой хариулт өгч чаддаггүй юм л даа. Харамсалтай нь хэрэг үйлдэгчдийн нэлээд хувь нь төлбөрийн чадваргүй байдаг.

Б.ЯНЖМАА

No comments:

Post a Comment