Wednesday, 21 July 2010

Ш.Сайхансамбуу: Хоосон цаасыг баялаг, доллар болгож харах хэрэггүй

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуутай цөөн хором ярилцсан юм.

-Тавантолгойг ашиглах талаар Засгийн газраас оруулж ирсэн саналыг дэмжиж байгаа юу. Оюутолгойн ордоос иргэддээ хувьцаа үнэгүй тараах нь хэр оновчтой санаа гэж үзэж байгаа вэ?
-Засгийн газраас оруулж ирсэн Тавантолгойг ашиглах талаар төслийг уншиж үзсэн. Бизнес талаас нь харвал боломжийн сайн төсөл байна лээ. Орд газраас иргэддээ 10 хувийг хувьцаа болгож өгнө гэдэг сайхан мэдээ. Гэхдээ хүмүүс 1992 оны ягаан, цэнхэр тасалбар шиг санаад байх шиг. Аль 1992 он өнгөрчихсөн. Цаг хугацаа 18 жилээр өөрчлөгдчихөөд байна. Өнөөгийн хүмүүс хувьцааг яаж мөнгө болгож иргэддээ тарааж өгөх вэ, хэрхэн оновчтой болгох тал дээр мэдлэгтэй болчихсон. Тэгэхээр айх зүйлгүй.

Өөрөөр хэлбэл, энэ Засгийн газар УИХ-аар шийдвэр нь гараад батлагдчих л юм бол дүрэм, журмаа гаргаад нэгж хувьцааны үнэ ямар байх вэ гэдгийг тодорхойлох байх. Гол нь үүнийг батлаж байж дараагийн асуудал хөндөгдөнө шүү дээ.

-Засгийн газраас 10 хувийг иргэддээ олгох боломж бий гэсэн. Харин сүүлийн үед хувийг нэмэгдүүлэх боломж бий эсэх тал дээр саналын зөрүүтэй асуудлууд яригдах боллоо. Үнэхээр 10-аас илүү хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр олгох боломж бий гэж үү?
-Одоо 10, 17 гэж тэгж санааныхаа зоргоор ярьж болохгүй. Засгийн газрын гишүүд бүгдээрээ тэнэг биш. Эхлээд 10 хувиар оруулаад шийдвэр нь гараад ирэг. Гол нь эхлээд ажлаа эхлэх хэрэгтэй биз дээ. Нэг үгээр шийдвэр гарна гэдэг чинь ажлын 25 хувь нь нугалагдлаа л гэсэн үг. Шийдвэр гаргаад өгвөл Засгийн газар өөрөө асуудлаа мэдээд хийгээд л явна. Ямар ч шийдвэр гараагүй байхад 17, 20 хувь байх ёстой гэж маргалдах нь зохимжгүй, буруу гэж хэлэх байна.

-Тавантолгойн үнэлгээг бууруулсан асуудал хурцаар сөхөгдөх боллоо. Тодруулбал, Тавантолгойн ордыг 57 хувиар бууруулж үнэлсэн гэх юм. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Тийм зүйл байхгүй. Энэ асуудлыг гаднаас нь өнгөц харсан хүмүүс л таамаглаж байгаа төдий. Намуудын бүлэг, байнгын хороогоор хэлэлцээд эхлэхээр Засгийн газарт үнэлгээний талаар асуулт тавина. Тэгэхээр Засгийн газар ч тайлбар хийх биз. Тухайн тайлбарыг гишүүд толгойдоо боловсруулаад ирэхээр нэг шийдвэр гарна. Тэр шийдвэр нь л хамгийн чухал, зөв байдаг гэсэн байр суурийг баримталдаг. Процессийн хувьд Тавантолгой эхний хоёр даваагаа л даваад байна. Цаашид их хэлэлцэнэ шүү дээ. Дунд тушаалын шахааны нөхдүүдийг халахаас эмээх хэрэг байхгүй.

-Сэдвээсээ жаахан хазайгаад нэг асуудлыг хөндье гэж бодлоо. Ерөнхийлөгч шинээр лиценз олгох асуудал дээр хориг тавьсан. Та энэ хоригийн эсрэг байр суурьтай байх шиг санагдсан. Таныхаар замбараагүй олгогдсон лицензийг хэрхэн цэгцлэх хэрэгтэй вэ?
-Монгол Улс 1.5 сая хавтгай дөрвөлжин газар нутагтай гэдэг. Газар шорооны ихэнх нь эрдэс, баялаг гэж байгаа. Одоогийн байдлаар Тавантолгой, Оюутолгой, Хөшөөтийн нүүрсний орд, Цахиуртын менерал зэрэг ордыг нээсэн. Энэхүү орд газрууд дээрээ л дээр доороо ороод байгаа шүү дээ. Харин лиценз авсан хүмүүс нийлээд Монгол Улсын нийт газар нутгийн 0.2 хувийг л эзэлж байна. Бусад газар нутаг нь зүгээр л байгаа шүү дээ. Лиценз авлаа гээд төмөр тор татаад, хашаа бариад мал бэлчээхгүй юм байхгүй. Би, чи адилхан л лиценз авах эрхтэй. Үндсэн хуулиараа заагаад өгсөн. Газар доор байгаа баялаг Монголын бүх ард түмний өмч гэхээр та, бид хоёр орно оо доо. Гэтэл хүн өргөдөл бичээд энэ газар хайгуул хийе гэхэд буруудаад байх юм байхгүй биз дээ. Оюутолгойн орд шиг нээгээд гаргаад ирэг л дээ. Гаргаж ирчихээд хэрэлдэх сайхан. Гарч ирээгүй хоосон лицензэн дээр хэрэлдээд л үзэж тараад байх юм.

-Тэгвэл таныхаар лиценз олгох нь харин ч ашигтай гэсэн үг үү?
-Хоосон лиценз нь баахан баялаг, ам.доллар болчихсон юм шиг сэтгээд байгаа байхгүй юу. Энэ Оюутолгой, Тавантолгойгийн лицензийг наймаалцаж байгаа хүмүүст л хяналт тавимаар байна. Түүнээс биш шинээр олгох лиценз дээр асуудал үүсгээд байх шаардлагагүй. Харин лиценз авсан хүмүүс түүнийгээ цааш нь арилжиж байна уу, хөрөнгө оруулалт нь юу болов, гадны зах зээл дээрээс хувьцаа босгож чадаж уу, Монгол Улсын төсөвт хэдэн төгрөг оруулж байгаа зэрэгт нь тавих хяналтаа сайжруулах хэрэгтэй. Түүнээс биш шинээр цаас авахын төлөө асуудал үүсгээд бужигнуулаад байхдаа гол нь биш. Авч болно. Харин авснаа гадныхантай яаж арилжиж мөнгө босгоод байна гэдэг дээр л хяналт тавих хэрэгтэй.

-Тэгвэл хориг тавьснаар асуудал шийдэгдэхгүй гэж ойлгож болох нь ээ?
-Манайхны ярьж байгаа нь зөв мөртлөө буруу замаар л яваад байна. Лиценз анх авч байгаа хүмүүстэй тэмцэх биш шүү дээ. Авсан хүмүүс хэрхэн наймаалцаж байгаа, төсөвт мөнгө оруулж ирж байгаа эсэх дээр нь тавих хяналтын асуудалтай л хамааралтай юм.

-Гар дамжуулан худалдаалсан лицензийг хянах боломжгүй гэж яригддаг шүү дээ?
-Ямар юмны боломжгүй байдаг юм. Тоотой хэдхэн л юмыг. Манай улсад 4000 гаруй лиценз л олгогдсон байдаг. 4000-хан лицензийг бүхэл бүтэн яам, агентлаг сууж байж хяналт тавих бололцоогүй гэж замбараагүй ярьж болохгүй. Харин ч бүрэн бололцоотой. Лиценз олгосон он, cap, өдөр нь байна. Хийсэн гэрээ, хэн авсан гээд бүхий л зүйл нь ил тод байна шүү дээ. Засгийн газар ажлаа л хийх шаардлагатай байхгүй юу. Энэ бол залхуу хүний үг л дээ.

400-500 мянган лиценз байгаа бол өөр хэрэг. Гэтэл 4000-хан лицензийг Засгийн газар, яам түүний доод олон агентлагууд нь хянаж чадахгүй байна гэдэг инээдэм. Цагдаа, шүүх, прокурорын байгууллага байхад хянаж цөхөөд байх ажил биш л дээ. Гол нь ажлаа хийхээс залхуураад байгаа хэрэг. Би хувьдаа Засгийн газрын зарим агентлаг, яамыг үнэхээр залхуу хүмүүс толгойлдог гэж боддог. Юм сэтгэдэггүй, нэг хэв маягт зууралдаад л компьютерийн ард суудаг хэдэн хүнээр толгойг нь түшүүлчихсэн.

-Нэг зүйл санаанд орчихлоо. Хамтарсан Засгийн газар анх байгуулагдах үед та төрийн албыг цөөлж, орон тоог нь цомхотгох санал гаргаж байсан санагдаж байна?
-Анх хамтарсан Засгийн газар байгуулагдаад мөрийн хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед л энэ асуудлыг хөндсөн. Төрийн алба дэндүү данхар байна. Бээжин, Москва хотын нэг дүүргийн талд нь ч хүрэхгүй хүн амтай шүү дээ манай улс. Гэтэл 15 сайд, 14 яамтай. Дэндүү нүсэр бүтэц, бүрэлдэхүүнтэй. Энэ олон мянган агентлагийг цэгцэлж, цөөлөх санал гаргасан ч дэмжигдээгүй.

-Тухайн үед яагаад таны санал дэмжигдээгүй юм бэ?
-Хоёр нам хөдлөөгүй юм. Учир нь сонгуульд ялсан, сонгуульд гүйж, харайсан ангийн найз, сургуулийн анд, хамаатан садан, нутгийн анд нөхдөө ажилтай болгохын тулд төрийн албыг өнөөгийн ийм түвшинд хүргэсэн. Тухайн үед эсэргүүцээд бараагүй. Гэтэл одоо үүнийг ярьж эхэллээ.

-Ч.Улаан гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийнхэн 7000 төрийн албан хаагчийг цомхотгох санал гаргасан. Энэ хэр бодитой тоо вэ?
-Ч.Улаан олон жил Сангийн сайд хийсэн. Маш сайн мэдэж байгаа. Би Ч.Улаан гишүүнийг дутуу гаргажээ гэж бодож байна. Бүр нарийн яривал 10 гаруй мянган хүнийг цомхотгох бүрэн боломжтой.

-Тэгэхээр ажилгүйчүүдийн эгнээ тэлэх бус уу. Цомхотголд өртсөн хүмүүсийг эргээд хэрхэн зохицуулах билээ?
-Дунд тушаалын шахааны нөхдүүдийг халахаас эмээх хэрэг байхгүй. Төрийн албыг ашиглаж янз бүрийн дүрэм, журам баталж мөнгө идэж байдаг хувалзнуудыг цомхотголоо гээд ажилгүйчүүдийн эгнээ тэлэгдэхгүй. Харин ч ард иргэд, бизнес эрхлэгчдийн нуруу тэнийх биз.

-Юуны учир ингэж хэлэх болов?
-Тэд чинь хурган даргынхаа эрх ямбаар далайлгаж, иргэд, бизнес эрхлэгчдийг хөлдөө сөхрүүлдэг хүмүүс. Тэд ажилгүй боллоо гэхэд амьдрах арга зөндөө бий. Хэдийн үүнийгээ тооцоолчихсон. Эхнэр хүүхдийнхээ нэр дээр бизнес эрхэлдэг. Ах дүү хамаатан садангийнхаа нэр дээр хоёр жилд асар их хөрөнгө хураасан байгаа. Хаусаа, Ланд-200 маркийн машинаа авчихлаа шүү дээ. Цомхотголд өртлөө гэхэд хэдэн жил гадаадад зугаалах мөнгөө халаасалчихсан наадуул чинь. Одоо болно оо. Толгой дараалан огцруулах шаардлагатай. Шулуухан хэлэхэд тийм байна.

-Төрийн албан хаагчдыг цомхотголоо гээд төсөв үнэхээр хэмнэгдэх үү?
-Миний бодлоор 60 орчим тэрбум төгрөг хэмнэх бүрэн боломжтой.

Л.Нинжсэмжид http://www.niigmiintoli.mn/

No comments:

Post a Comment