Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй уулзаж ярилцлаа.
-Та сайн байна уу? Та Их Монгол Улс байгуулагдсаны 803 жил, Ардын хувьсгалийн 88 жилийн их ойн баяраар Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингис хааны одонгоор шагнагдсан гурав дахь хүн боллоо. Танд баяр хүргэе.
-Баярлалаа. Энэ шагналыг надад ч өгсөн юм биш. Утгаараа бол монгол орон нийгмийн шинэчлэл хийгээд тэр зам нь зөв байсан гэдгийг үнэлж тэр үед ажиллаж байсан Засгийн газрын гишүүдийг шагнасан шагнал юм даа.
-Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бичихдээ: Д.Бямбасүрэн бол Ардчилсан хувьсгал Монгол улсад өрнөж байх үед улс төрийн арвин туршлага, мэргэн шийдвэрээрээ монголын төрд үнэлж баршгүй түшиг тулгуур болсон манай улсын шилдэг улстөрчийн нэг хэмээн онцлон дурдсан. Таны үүрэг оролцоог өндрөөр үнэлжээ?
-Тэр үед монголчууд салаа замын уулзварт байсан. Социалист нийгэм нураад, шинэ нийгэм рүү орох, эсвэл социалист нийгмээ хадгалж үлдэх гэсэн хоёр зам байсан юм. Тэр үед монголын ирээдүйг харсан залуучууд шинэ нийгмийг сонгосон. Монгол орон шинэ өнгө төрхтэй болно гэдэгт олон хүн итгэж чадахгүй байсан. Гадаадын нэг эрдэмтэн надад нэг илтгэл үзүүлж байсан, тэр илтгэлд Монгол орон социализмын өнгийг өөрчлөөд, ЗХУ-ын дагуул орон хэвээрээ байна. Тиймээс чөлөөт нийгэмтэй орнуудын сонирхолыг татахгүй гэж бичсэн байсан. Би Америкийн Нэгдсэн Улсын төрийн нарийн бичгийн дарга байсан ноён Жеймс Бейкертэй уулзахдаа Монгол орон үеэ өнгөрөөсөн нийгмийн байгууллын музей болж хоцрохгүй гэж хэлж байсан. Одоо хүртэл ноён Бейкер тэр үг чинь гоё санагдсан гэж хэлдэг. Монголчууд энэ шинэ замаар явахад асар их хүнд бэрхшээлтэй тулгарсан. Гадаад худалдааны зах зээл бүрэн хаагдсан. ЗХУ задарч бутраад ногоон цай авдаг Гүрж, сахар авдаг Украин, трактор авдаг Белорусьтай ямар ч холбоогүй болсон. ЗХУ хараат байдлаасаа гаргахгүйн тулд тодорхой хориг тавьж байсан. ЗХУ, Монгол хоёр худалдааны найрамдалт гэрээтэй байсан ч гэрээ хэрэгжихгүй байсан. ЗХУ хилээр өвчтэй мал оруулаад, манайхаас мах авахаа зогсоож байсан. Гадаад бодлогын хувьд их сургамжтай үе. Аль нэг их гүрний хэт хамааралд орж, дараа нь тэрнээсээ гарах гэж их зовсон доо.
-Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын тухайд? Та тэр үед Сайд нарын Зөвлөлд байсан байх аа?
-1989 оны 12 дугаар сарын 10-ны бямба гарагт Монголын ардчилсан холбоо анхны цуглаанаа хийсэн. Харин 11-ний ням гарагт би Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга болж байлаа. Нийгэм, соёлын асуудал хариуцаж байсан болохоор Монголын ардчилсан холбооны залуучуудтай уулзаж байсан. Энэ холбоог анх байгуулж байхад Ц.Элбэгдорж, Дарь.Сүхбаатар хоёртой уулзсан юм. Хүмүүс олон янзаар ойлгодог. Батмөнх гуайн хүсэлтээр, Ардчилсан холбооныхны хүсэлтээр олон уулзалт болж байсан. 1988 оны сүүлчээр социализмыг сайжруулах асуудал судлах эрдэмтдийн бүлэг гэж байсан. Энэ бүлэгт би Монголыг төлөөлөн оролцдог байсан юм. Бүлэг хоёр ч удаа Чехийн Прага хотод нууцаар хуралдаж, социализм амьдрах чадваргүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Тиймээс надад Ардчилсан холбооны залуустай уулзаж, ярилцахад ямар ч зөрчил гараагүй. Батмөнх гуай төрийн тэргүүн, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан учраас бүх эрх мэдэл түүний гарт байсан. Нийгмээ аль болох хямраахгүй, ядраахгүйгээр асуудлыг шийдэхийг хүсч байсан.
-Таныг Монголын ардчилсан холбооны гишүүн байсан гэх цуурхал байдаг? Ардчилсан холбооны үүслийн тухайд?
-Би ардчилсан холбооны гишүүн байгаагүй. Хүмүүс намайг олон янзаар л ойлгож ярьдаг. Тэр үед би уулзалтад би оролцдог байснаас ч болсон байх. Монголын ардчилсан холбоо МАХН-ын шинэчлэлийг түргэтгэе гэсэн зорилгоор гарч ирсэн ч сүүлдээ ЗХУ-ын хараат байдлаас гарах зорилго тавьсан. Энэ асуудал их хэцүү байсан. Тухайлбал, зөвлөлтийн 100 мянган цэрэг манай улсад байрлаж, эдийн засгийн гуравны нэг нь гадаадаас хараат байхад л жинхэнэ эх орноо гэсэн сэтгэлтэй залуус гарч ирж, монголчууд маань дэмжиж, тэрний ачаар л Ардчилсан холбоо гарч ирж чадсан. Үүргээ ч сайн биелүүлсэн.
-Тэр үед төр засгийн удирдлага Батмөнх гуайн гарт байсан. Түүний үзэл бодол ямар байв? Та дэргэд нь байсан.
-Нийгмийн шилжилтийн гол эгзэгтэй үед Батмөнх гуайн байр суурь чухал үүрэг гүйцэтгэсэн. Бид үзэл бодлоо сайн мэддэг, сайн ойлголцдог байсан. Монголчууд хараат байдлаас гарах ёстой, нийгмийн үзэл бодол өөрчлөгдөх ёстой гэж үздэг ухаалаг хүн байлаа. Намын зарим гишүүн намынхныг босго хэмээн заргалдаж явахад, нэг монгол хүний хамраас цус гаргаж байсны оронд бид бүгдээрээ огцорсон нь дээр гээд гараад явж байсан хүн шүү дээ. 1989 оны байдлаар дэлхий ертөнц өөрчлөгдөж байгааг харж байсан учраас өөрчлөлтийг дэмжиж байсан. Зарим хүн ЗХУ-ын талыг барьж байна гэж ярьдаг байсан. Тэр үед чинь Сайд нарын Зөвлөлийн эх оронч олон гишүүн Ардчилсан холбооны үзэл санааг дэмжиж байсан юм шүү. Жамсранжав генерал, Намсрай гуай нар мөн нийгмийн шинэчлэлийн талд байсан. Тэднээс ч олон зүйл хамаарч байлаа.
-Тэр үед гарсан 20 дугаар тогтоол ард түмний дунд олон янзаар яригддаг. Энэ тухайд албаны хүний хувьд та юу хэлэхсэн бол?
-Төр засаг байхын утга учир нь заавал бүх хүний санаанд нийцсэн алхам хийхдээ биш, нийгэмдээ аюул тулгарсан үед хүчтэй эмчилгээний арга хэмжээ авах чадвартай байх ёстой. Тэр үед гадаад худалдаа боогдоод маш хэцүү байсан гэж дээр хэлсэн. ЗХУ-ын цэрэг манай улсаас гарахдаа хүнсний болон бараа бүтээгдэхүүн зөөж гараад нийгэм хямраад хэцүү байлаа. Монгол ухаанаар бол түймрийн урдаас цурам тавьж 20 дугаар тогтоолыг гаргасан. Монголынхоо эдийн засгийг аварч гарсан чухал тогтоол гэж би үздэг. Хэрэглэгчдийн хувьд хүндхэн тогтоол байсан. Жаахан хөрөнгө хураасан хүмүүс хүнд байдалд орсон л байх. ЗХУ-аас эдийн засгийн хараат байлгахын тулд 1990 оны 12 дугаар сарын 26-нд ЗХУКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны хурлаар монголын тухай асуудлыг авч хэлэлцээд, 79, 29 дүгээр тогтоол гаргаж, монголын эдийн засгийг хоригт оруулсан. Гадаад худалдаа, зээл тусламж, бүх зүйлээ зогсоосон. Монголын экспортын зарим бараанд хил дээр 1500 хүртэл төгрөгийн торгууль тавьж байсан. Бензин шатахуун нийлүүлэхээ зогсоосон. Эрдэнэтийн зэсийг авч байсан ч гэсэн мөнгийг нь төлөхгүй, бензенээ ч өгөхгүй болсон. Хүнд байдалд ороход Америкийн Нэгдсэн Улсаар ЗХУ-ын удирдагчдад хэлүүлж жаахан бензин шатахуун авч байсан.
-Та тэр үед хоёр хүүгээ малчин болгож байсан. Одоо таны хүүхдүүд малчин хэвээрээ байгаа юу?
-Манай хүүхдүүд хөдөө таван жил мал малласан. Тэгээд буцаж ирээд их сургууль төгсөн, одоо хувийн бизнес эрхэлж байна.
-Өнөөдөр Монголын ардчилсан холбооны залуус маань төрийн өндөрлөгт хүртлээ өссөн байна? Ерөнхийлөгч маань Ардчилсан холбооны тэргүүлэгчдийн нэг байлаа.
-Хувьсгал нэг мөчид оргилоод, олон нийтийн санаа бодолд тулгуурлан гарч ирдэг. Харин хувьсгалын дараа улс орноо удирдаж явах боловсон хүчнийг бэлтгэхэд ард түмэнд хэцүү байдаг. Монголчууд асар их тэвчээртэй байж, алдаа онооноос сургамж авах түүхэн цаг үеийг өнгөрөөлөө. Ардчилсан хувьсгалын түүхэн том үйл явдал боллоо. Монгол Улс ардчилсан ерөнхийлөгчөө 20 жилийн дараа сонгож чадлаа. Ард түмэн маань Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөс төрийн тэргүүн гэдгээс нь илүү арай өөр юм харж, хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хүн ардчиллын үзэл санааны туг нь болж байна гэсэн үг. Нийгэмдээ асар их өөрчлөлт хийхийг хүлээж байгаа. Элбэгдорж ерөнхийлөгч хамтран ажиллах багаа чамгүй сайн бүрдүүлж авсан. Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтний нэг Дорлигжав тамгын газрын дарга боллоо. Энэ баг олон зүйлийг бүтээнэ. Улс төрийн хувьд арвин туршлагатай.
-Та эдийн засагч хүн. Өнөөгийн монгол орон эдийн засгийн хувьд ямар байна?
-Монголын эдийн засаг зах зээлийн харилцаанд шилжснээс хойш хоёр дахь хямралтайгаа тулгараад байна. Эхний хямрал нь 1997, 1998 оны үеийн Азийн эдийн засгийн хямрал байсан. Тэр үед бид чинь бас хүнд байдалд ороод, экспортын бүтээгдэхүүний үнийн уналт, зэс, алт, ноолуурын үнийн уналтаас болоод жилдээ 150 орчим сая доллар алдаж байсан. Гэтэл одоо дэлхийг хамарсан хямралтай тулгараад экспортын барааны үнийн уналтаас жилдээ олон сая доллар алдаж, эдийн засаг хүнд байна. Гэхдээ дэлхий нийтийг хамарсан хямралд үе үе тохиодог. Гагцхүү энэ хямрал отож байна гэдгийг монголчууд өөрсдөө мэдрээд, бэлтгэж чадсан бол бидэнд боломж байсан. Харамсалтай нь, 2006 онд ажиллаж байсан засгийн газар, түүнээс хойш ажиллаж байгаа засгийн газар энэ хямралыг гүйцэд ойлгож, угтаж харж чадаагүйтэй холбоотой. Би үүнд яагаад шүүмжлэлтэй хандаж байна вэ? гэхлээр манайх чинь 2007 оноос эхлээд их бүтээн байгуулалтын жил гэж зарласан. Тэр маань юу болов гэхээр хамаг вальютын нөөцөө барилгын материал, шороо, цемент болгож зарцуулаад, зохиомол хэрэгцээ бий болгож, дотроо үнэ хөөрөгдөөд ийм байдлаар эдийн засгийн хямрал бий болсон. Манай одоогийн эдийн засгийн бэрхшээл бол дэлхийн хямралаас гадна төрийн бодлогын хямралтай бас холбоотой юм шүү дээ. Үүнийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс ч байдаг, хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс ч бий. Энэ асуудлыг гадаадын эдийн засгийн байгууллагын төлөөлөгчид танай төрийн бодлоготой холбоотой гэдгийг олон удаа хэлдэг. Одоо монголын эдийн засагт байгаа бүх мөнгө хоёр триллион 700 тэрбум орчим төгрөг. Гэтэл энэ мөнгөнийхөө гуравны нэгийг 900,98 тэрбум төгрөгийг дуусаагүй байхад эргэлтээс гаргаад, газарт булчихаад байна. Энэ юу гэсэн үг вэ? гэхээр эрүүл хүнээр бодоход гурван литр цустай байлаа гэхэд нэг литр 200 грамм цусыг юүлчихээр тэр хүн ямар байх вэ?
Амьд боловч нэг л салгалсан амьтан болно. Монголын эдийн засаг яг тийм болчихоод байна. Энэнээс гарах аргыг хүмүүс олон янзаар ярьж байна. Харин одоогийн засгийн газрыг хараад байхад гадагшаа ийш тийшээ сандарч давхиад, барьц алдаад, тусламж гуйгаад байх юм. Одоогийн нөөц 500-гаад сая доллар байгаа гэж үзэхэд энэ мөнгөөр монголын эдийн засгийг өөд нь татахад хангалттай мөнгө. Саяхан болтол банкуудынхаа зээлийг хаачихсан байлаа. Банкуудын зээлийг хаана гэдэг эдийн засгийг өөрөө сайн дураараа боймолж алж байна гэсэн үг. Тэгэхээр жижиг, дунд үйлдвэрлэлд чиглэсэн төрөл бүрийн хөнгөлөлттэй зээлийн хэлбэр гаргаад явсан бол бас чиг гайгүй байх байсан. Өнгөрсөн жилийн намраас эхлээд манайхан чинь хямрал гэж хашгирч эхэлсэн шүү дээ. Энэнээс хойш төр засгаас авсан арга хэмжээг хараад байхад үндсэндээ урсгалаар нь тавьсан байдалтай байна. Хамгийн гол нь хямралын үед бусад орон яаж өөрийгөө цэгцэлж авч явж чадаж байна, ямар арга хэрэглэж байна, тэрнийг нь ч болов хараад сураад авах хэрэгтэй юм л даа. Монголын эдийн засаг өөрөө амар, бага хэмжээтэй. Унахдаа ч амархан, босохдоо ч амархан. Гэтэл манайхан чинь хямралын үед тэр том ордуудаа гадагш нь худалдах гээд ирээдүйдээ хортой ийм байдалд хүрээд байна.
-Та сая орд газрууд гэж ярилаа. Энэ асуудал өнөөдөр нийгмийн анхаарлын төвд байгаа чухал асуудал болоод байна. Иргэний хөдөлгөөн, Засгийн газар, Ерөнхийлөгч гээд олон байр суурь байна. Таны хувьд аль байр суурийг дэмжиж байгаа вэ?
-Ер нь миний үзэл бодол бол интернэтэд төрийн эрх баригчиддаа хандаж захидал бичсэн байгаа. Манайханы одоо Оюутолгойн талаар баримталж байгаа бодлого бол шууд гадны бүтэх, бүтэхгүй этгээдийн шахалтанд ороод тэгээд өөрсдөө барьц алдаж байгаа байдал харагдаж байна. Чи бодоод үз дээ. Тухайлбал хоёр хүн өөрөө, өөрийнхөө эрх ашгийг хамгаалаад хэлэлцээ хийж байна гэж бодоход нэг нь нөгөөгөөсөө хэдэн доллар зээлээч гээд мөнгөө гуйлаа гэж бодъё. Энэнээс хойш энэ хэлэлцээ шудрага явж чадах уу . Чадахгүй. Одоо манай засгийн газар 225 сая доллар гуйгаад, тэгээд өөрсдөө өмнө нь очоод хэвтээд өглөө. Нөгөө талаас хараад байхад шудрага хэлэлцээр санаачилж чадаагүй, анхнаасаа л тэр Айвенхоу майнз гэдэг компанид хайгуулын лиценз нь дуусаагүй, ашигт малтмалын нөөцөө тогтоогоогүй, техник эдийн засгийн үндэслэл гараагүй байхад ашиглалтын лиценз 2003 онд өгөөд буруу алхам хийж, тэрнээс хойш буруу алхмаар яваад одоо ийм байдалд хүрээд байна. Тэгээд энэ одоогийн нөхцөлөөр бол хэлэлцээ хийвэл дэндүү бүдүүлэг хэрэг болно. Бодоод үз дээ, монгол орон өөрийнхөө баялагаа гаднынханд өгөөд эзэмшүүлж байна. Гэтэл өөрөө тэрбум 700 сая долларын өрөнд ороод, тэр 34 хувь нэртэй жилийн 12 хувийн хүүтэй өр шүү дээ. Эргээд төлөхөд тэрбум 700 сая доллар маань гурван тэрбум доллар болно. Тэгэхээр өөрөө өрөнд ороод өөрөө хүнд баялагаа ашиглуулчихаад сууж байдаг ийм мангуу бодолтой төр гэж байх ёсгүй. Тийм болохоор иргэний хөдөлгөөнүүд, Ерөнхийлөгчийн тавьж байгаа саналуудыг зөв гэж бодож байгаа.
Миний бодоход энд хоёр асуудал байна. Нэгдүгээрт, зэсийн үйлдвэрлэлийг хүдэр олборлохоос эхлээд цэвэр зэс гаргаж, зах зээл дээр гаргах хүртэл бүх зардлын 70 хувь нь баяжуулах шатандаа ноогддог. Ашиг нь 40 хувь нь. Нөгөө тал чинь яах вэ гэхлээр зэсийг баяжуулаад, зөөж гаргаад гарсан зардлаасаа 200 хувийн ашигтай сууж байхад Монгол Улс энд татвараар дамжаад их сайндаа 30 хувийн ашигтай үлдэнэ. Нөгөө талаасаа юу вэ гэхлээр Айвенхоу майнз гэрээг одоогийн байдлаар хэрэгжүүлэх юм бол Монголын татвараас чөлөөлөгдсөн, татвар бууруулбал түүнийг дагаад, нэмэгдвэл дагадаггүй тийм хууль зөрчсөн хөнгөлөлттэй эдийн засгийн сектор гарах нь л дээ. Нөгөө талд нь хуулиа дагадаг, татвараа төлдөг Монголын ядарсан эдийн засаг байх нь. Айвенхоу майнзын эдийн засаг, Монголын үндэсний эдийн засаг ингэж эдийн засгаа хоёр хуваах гээд байна. Энэ бол төрийн бодлогод байж болохгүй зүйл. Энэ гэрээг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй.
Тэгээд цаад талд маань Айвенхоу майнз гуравдугаар сард оруулж ирсэн анхны гэрээнд мэдээж засвар орсон байх, түүнд өөрийгөө дэмжих хуулийн этгээдийг оруулаад Монголын хил хязгаар дотор өөрөө хилийн боомттой, өөрөө нисэх онгоцны буудалтай, өөрийн дэг журамтай, хашиж хамгаалсан газартай тусгаар улс байгуулах санаа явж байгаа. Хорт Боб буюу Роберт Фрийдланд хэмээх канад эр Монголын эрх баригчид надад сайн ханддаг, эзэнгүй газар байдаг гээд дэлхийгээр нэг зарлаад яваад байгаа. Энэ бол үндэсний аюулгүй байдалд халдаж буй хэрэг юм. Хорт Бобын ядуу буурай орнуудын газар дор буй эд баялгийг өчүүхэн зүйлээр хууран цөлмөн авах хамгийн шилдэг шалгарсан арга нь бол тухайн орнуудын эрх баригчдыг хээл хахууль, авлигалаар гартаа оруулан өөрт ашигтай, баялгийн жинхэнэ эзэн ард түмэнд нь огт ашиггүйгээр үл барам, эдийн засагт нь нэн алдагдалтай, эрүүл ахуйд нь маш хор хөнөөлтэй урт хугацааны гэрээ байгуулах арга юм.
Энэ асуудал дээр Засгийн газар, УИХ өөр байр суурьтай байна, Ерөнхийлөгчийн байр суурь бол хамгийн зөв сонголт, дэмжихгүй байхын аргагүй. Манай УИХ хулгайч чоно шиг болчихоод удаж байна. Ямар нэг баярын өмнө шахаад хэрэгтэй хэрэггүй янз бүрийн тогтоол, өршөөл гаргадаг болсон. Олныг нэрлэж болно. Төрд маань хөрөнгө мөнгөний сонирхолтой хүн дэндүү олон болчихоод гадна, дотны захиалгаар асуудлыг шийдэж байна. Ийм байдлаар цаашаа явж болохгүй.
-Та МАХН-ын гишүүнээс татгалзсан гэсэн?
-1992 онд зам мөр нийлэхгүй нь гэж хэлээд, УИХ-ын гишүүний суудалтай нь цуг өгчихөөд гарсан юм.
-Нам яриад эхэлчихлээ. Намуудын шинэчлэлийн талаар та юу хэлэх вэ? МАХН-ын шинэчлэлийн тухайд?
-Аливаа улс төрийн нам өөрийн гэсэн үзэл баримтлалтай байдаг. МАХН-ын үзэл баримтлал бол одоо хүртэл ардчилсан социализмын үзэл баримтлалтай гээд баримт бичгүүд дээрээ бичээд яваа нам. Ардчилсан социалист үзэл гурван зүйл дээр тулгуурладаг. Нэгдүгээрт нь марксизм- социализмын тухай онол, хоёрдугаарт нь католиг үзэл, гуравдугаарт нь либерал үзэл. Энэ гурвыг нийлүүлчихээд МАХН өөрөө миний үзэл баримтлал гээд суугаад байна. Бид энэ социализмаар чинь 70 жил замнасан үзсэн улс. Одоо дэлхий дээр социалист улс гэвэл Хятад, Хойд солонгос, Вьетнам байна. Үзэл бодлын мухардлаас МАХН-ын одоогийн бэрхшээл гараад байгаа юм. Одоо ингээд хар л даа. Засаг дарга тавьж байгаа нь гээд дипломгүй, хуурамч дипломтой хүнийг тавьлаа, аймгийн засаг дарга тавьж байна, нөгөөдөх нь хулгай хийгээд явж байдаг энэ мэтчилэн олон зүйл байна. Гадаадад гараад УИХ-ын гишүүд казино тоглож байна. Ирээд баахан УИХ-ын гишүүн болоод сууж байдаг. Тэр тоглож байгаа мөнгө чинь Монгол улсын мөнгө. Гэтэл тэр казиночид Монголд ирээд намын эрхийг бариад, УИХ-д сууж байхад энэ намыг юу гэж хэлэх вэ, үнэхээр үзлийн туйлдалд ороод тэрнээсээ болоод дотоод ялзралд орж хүнд байдалтай байна. Одоо шинэчлэлийн тухай ярих юм уу, жам ёсоороо явж байгаад улс төрийн тавцангаас өөрөө өөрийгөө зайлуулах нь уу, өөрснөө л шийдэх асуудал.
-Ардчилсан намын тухайд? Ардчилсан нам хэр эрүүл байна?
-За, Ардчилсан намын хувьд гэвэл түүхэндээ ер нь гамшиг тариагүй улс төрийн хүчин. Эсрэг сөрөг хүчин нь авангард хэлбэртэй учраас энэ хэлбэр лүү орох хандлага байна. Ер нь өөр нам гээд сууж байгаа ч гэсэн нам дамжсан улс төр, бизнесийн бүлгүүд байгаа. МCS-гээд том компанид ардчилсан нам, хувьсгалт намын гишүүд сууж байгаа. Ард түмэн мэднэ. Энэ бүлэглэлүүд олон. Улс төр ярихдаа гоё гоё ярина, цаанаа халаас нь нэг байдаг. Хувьсгалт намын өвчин ардчилсан намд бас халдаж л байна.
-Та “Сэргэн мандах ирээдүй” гэсэн ном бичиж байсан. Өнөөдөр та монгол орны сэргэн мандах ирээдүйг хэрхэн төсөөлж байна?
-Монголчууд бол гайхамшигтай үндэстэн. 20-р зууны босгыг монголчууд бид зовж зүдэрч өнгөрөөлөө гэж дотроо ярьдаг, гаднаас нь харвал манжийн колони байх үедээ алхаж орж ирсэн. 1911 оны үндэсний чөлөөлөх хувьсгал, 1921 оны ардын хувьсгал, 1990 оны ардчилсан хувьсгал гээд нэг зууны дотор нийгмийн байгууллаа хоёр дахин сольчихсон, төрийн хувьсгал гурван удаа хийчихсэн ард түмэн шүү дээ. Тэгээд соёл иргэншлийн хувьд европын соёл иргэншилтэй холбосон.100 гаруй сая хүн амтай ЗХУ-ын хараат байдлаас эдийн засгийн тэр хүнд үед гараад ирсэн ямар ч улс үндэстэн дэлхий дээр Монголоос өөр байхгүй. Ийм том шилжилтийг хийж чадсан. Тийм болохоор Монгол орны ирээдүйг их өөдрөг хардаг.
Монголчуудын дотоод сэтгэлийн хүч тэнхээ маш их. Би 1990 оны эхээр хөдөө ажлаар явж байгаад нэг өвгөнтэй уулзсан юм. Тэгэхэд тэр хүн бид тэснэ ээ, та нар ямар ч байсан хийх гэж байгаа юмаа хий гэж хэлж байсан. Монголчууд тэсээд л байсан шүү дээ. Өөр улс орон байсан бол тэсэхгүй байсан. Одоо Монголын төрийн эрх барьж байгаа хүмүүс Монголоо худалдчихгүй бол Монголын ирээдүй их сайхан байна. Бид 2012 оныг л давах хэрэгтэй байгаа юм. 2012 оноос хойш юм сайхан болно.
-Яагаад 2012 он гэж?
-Төрд халдаад байгаа муухай өвчин, би энийг төрийн ДОХ гэж хэлдэг юм. Наад өвчин чинь эхлэх дуусах хугацаатай. Монголчууд бид хараад сууж байна. 2012 оны сонгууль их чухал, шийдвэрлэх сонгууль болно.
Г.Мөнхдэлгэр
No comments:
Post a Comment