Tuesday, 20 July 2010

Х.Баттулга: Хувийн компанийн лобби яваад байна

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгатай тус салбарын цаг үеийн асуудлаар цөөн хором хөөрөлдсөн юм.

-Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн зүгээс танай салбарт хандсан шүүмжлэл нэлээд гарлаа.

Засгийн газраас зөвшөөрөл өгч маршрутыг нь баталсан тогтоолд сөрөг байр суурь илэрхийлэх гишүүн цөөнгүй байсан. Энэ талаар тодруулна уу?
-Зөрөлдөж байгаа гол асуудал нь Ухаа худаг-Гашуун сухайт болон Нарийн сухайт-Шивээ хүрэнгийн чиглэлээр баригдах төмөр замыг нарийн цагирагтайгаар барих ажлыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар энэ онд багтаан эхлүүлэх гээд байгаа юм.

Үнэн чанартаа манай яамнаас бодлогын чиглэл, санал аваагүй байж ийм тогтоол гаргачихсан. Энд нэг зүйлийг онцлоход, гишүүдийн зүгээс сайн сайн санаа хэлж, гаргаж байна л даа. Гэхдээ бодлого гаргана гэдэг нь хөрөнгө мөнгө, олон хүний хүч хөдөлмөр зарж байж бүтдэг зүйл. Тэгээд ч манай улс далайд гарцгүй, хил залгаа хоёрхон хөрштэй. Тэгэхээр дэлхийн бусад орнуудтай төмөр замаар л харьцах боломжтой гэсэн үг.

-Тэгэхээр Тавантолгой, Оюутолгойн ордоор дайруулаад Гашуун сухайт руу төмөр зам барих нь ээ?
-Ямар ч тохиолдолд боловсруулах үйлдвэр барих ёстой. Үүнээс л нэмүү өртөг үйлдвэрлэж байж ард түмний цалин өснө. Ашигт малтмалаа түүхийгээр нь хил давуулан гаргаад байвал хэдхэн компани л баяжина. Энэ нь ерөөсөө л хувийн компанийн лобби байхгүй юу. Хэрэв хувийн компани өөрийн хөрөнгөөр төмөр зам барих юм бол дараа нь төр засаг ямар тарифаар тээвэрлэх юм бэ. Энэ тал дээр хувийн хэвшлийнхэнтэй яаж тохирох юм бэ. Гэх мэтчилэн толгой зовоосон олон асуудал өрнөж байна.

-Одоогийн байдлаар хэчнээн хувийн компани төмөр зам барихаар төлөвлөж байгаа юм бэ?
-Гашуун сухайт, Ганц модоор дамжин Тавантолгой нүүрсээ зөөж байгаа. Гэхдээ жилд 40-50 сая тонн нүүрс зөөх хүчин чадалтай Хятадын компаниар замаа тавиулж байгаа юм билээ. Тэгэхээр нэг замаар ийм их хэмжээний нүүрс зөөнө гэдэг нь гадны компаниас хараат болж байна гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар манай улсын ашиглаж буй төмөр замын ихэнх нь 1949 онд Оросуудын тавьж өгсөн зам юм. Нийтдээ 1000 гаруй км өргөн төмөр зам байгаа. Тэгэхээр цаашид ч гэсэн барих замаа өргөн байлгах ёстой.

-Төмөр замын ачаа эргэлтийн ажил сүүлийн үед нэлээд саарсан. Үүнд салбарын сайдын хувьд юу хэлэх вэ?
-Дэлхийн эдийн засгийн хямрал манай улсыг ч тойрсонгүй. Тиймээс төмөр замын салбар хүнд байдалд орсон нь үнэн. Сүүлийн 20 гаруй жилд парк шинэчлэл, технологийн асуудалд ямар ч томоохон хөрөнгө оруулалт хийгдээгүй. Мөн улс хоорондын болон дотоодын ачаа тээвэрлэх, зорчигч явах нь өмнөхөөсөө гурав дахин багасчихсан учир мөнгөний эргэлт саарсан. Өнгөрсөн онд гэхэд л 28 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Түүнчлэн 38 тэрбум төгрөгийн өртэй байгаа.

-Төрийн албан хаагчид болон иргэдийг орон сууцаар хангах асуудал буюу "4000 айлын орон сууц" хөтөлбөр юу болж байна вэ?
-"4000 айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас хэд хэдэн тогтоол гаргаад Сангийн яам болон манай яаманд үүрэг өгч, хурдан шуурхай, эзэнд нь хүргэж ажиллахыг сануулсан байгаа. Бид ч гэсэн ажиллаж байна.

-Үнэ хөлсийн хувьд, ямар байх вэ. Энэ талаар тодруулна уу?
-Үнийн хувьд зовлонтой зүйл олон бий. Тухайлбал, зах зээлийн үнээс доогуур гэхээр зах зээлийн үнэ гэдэг нь хэд юм, тухайн байрны байршил энэ тэрээс шалтгаалаад хүндрэлтэй юм олон байна. Мөн Дархан,

Эрдэнэтэд үү гэдгээс хамаараад орон сууц барихад ашигласан материал зэргээс хамаараад хэлбэлзэлтэй болоод байгаа. Тиймээс тухайн хүний сонгосон байрны байршил янз бүр байгаа учраас үнэ тогтоож болохгүй байгаа юм. Иймд доод хязгаар гэдэг нь одоогоор асуудалтай байгаа.

-Орон сууцын гүйцэтгэлийг ямар компани хийх бэ, гадны компаниудаас санал ирсэн гэсэн?
-Одоохондоо Монголын компани гэж яригдаж байна. Гэхдээ бид хөрөнгө оруулагчаа бас бодолцох хэрэгтэй. Ассоциаци энэ тал дээр идэвхтэй ажиллаж байгаа. Ер нь зээл авах эрх авсан хүмүүс бэлэн болсон 4000 айлын орон сууцыг сонгоод авч болно. Бидний зүгээс үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, үнийн асуудал дээр ярилцаад байр авч болно гэж үзэж байгаа.

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэчнээн хэмжээний хөрөнгө гаргаж байгаа юм бэ?
-180 тэрбум орчим төгрөгийн бондыг Сангийн яамнаас гаргаж байгаа.

-Зөвхөн төрийн албан хаагч энэ хөтөлбөрт хамрагдах ёстой юу?
-Төрийн албан хаагч болон энгийн иргэд хамрагдаж болно.

О.Сэлэнгэ

No comments:

Post a Comment