-Энэ зуныг хэрхэн өнгөрөөж байна даа?
-Байгаль дэлхийн хувьд ч, улс төрийн хүрээнд ч халуухан зун болж байна. Зургаан сард хүүтэйгээ Венец хотод амарсан. Лидо арал дээр цагийг сайхан өнгөрөөлөө. Далайн эрэг дээр бүтэн биеэ наранд шарж, усны хувцастай гудамжаар зугаалсан. Ер нь энэ зун маш завгүй, уран бүтээл хийх ч боломжгүй байлаа. Студи, продакшнууд сонгуулийн материал бэлдэж, захиалгат нэвтрүүлэг хийгээд бидэнд олдсонгүй. Найман сараас жигдрэх байлгүй дээ.
-Монголд анх удаа онц байдал зарлалаа. Уран бүтээлч хүний хувьд сэтгэгдлээ хуваалцах байх?
-Болсон явдал галзуу солиотой юм шиг л санагдсан. Барууны оронд хөлбөмбөгийн фанатууд нэг тиймэрхүү юм хийдэг дээ. Манайхан тэнд үзэл бодлоо илэрхийлэх биш танхайрал, дээрэм хийсэн. Тоос сорогч, компьютер хулгайлаад явж байгаа хүнийг улс төрийн үзэл бодлоо илэрхийлсэн гэж яаж хэлэх юм бэ. Насанд хүрч, үзэл бодол нь төлөвшөөгүй хүүхдийн тархийг угаадаг байгууллага манай оронд мэр сэр байх шиг байна.
-Сонгуулийн дуулианыг эмх замбараагүй байдал орлож, энэ байдлыг нь наадам замхруулж орхилоо. Монголчууд наадаж цэнгээд нэг хэсэгтээ л гунигаа мартагнав. Та наадмаа хаана өнгөрөөсөн бэ?
-Наашаа харан инээж, цаашаа харж уйлна гэдэг л юм болоод байна. Наадмаар Шарга морьтын зусландаа байсан. Буузаа жигнэж, уламжлал ёсоороо хорхог, шорлог хийлээ. Өмнөх наадамд би Америкт байгаа монголчуудынхаа урилгаар явах гээд 11-ны өдөр нисэхэд гунигтай санагдаж байсан бол энэ жил монголдоо наадлаа. Төрийн хүлээн авалтад хоёр дахь удаагаа уригдаж оролцлоо. Төрөө хүндэлж, дээдэлдэг хүний хувьд сайхан л байлаа.
-Төрийн хүлээн авалтад өрх толгойлсон эмэгтэй хүнийг уриад байдаггүй, дээр үед ийм хүнд гэр бүлийн тогтворгүй гээд гавьяат хүртэл өгдөггүй байсан гэдэг. Гэтэл таны хувьд энэ бүхнийг үгүйсгэж байна гэдэг ихээхэн хүндлэл хүлээсний илрэл гэж бодно?
-Манайд хүний эрх зөрчигддөг гэж яриад байдаг. Би яг тэр давхарагад нь байдаггүй болохоор сайн мэддэггүй байх л даа. Ер нь дундаж ба дундаас дээш давхаргад бидний амьдралд хүнд хэцүү зүйл байхгүй. Тийм учраас энэ эмэгтэй нөхөргүй гээд гэрээ хэлэлцээр хийхгүй ч юм уу, ер нь гэр бүлийн статусаар ажилд авахад хүртэл тодорхойлдог болчихож. Харин ч гэр бүлгүй хүнийг ажлаа сайн хийдэг, татлаа түлхээгүй гэдэг үүднээс нааштай ханддаг. Тиймээс тэр хүлээн авалт надад гайхалтай, тансаг, үлгэр дээр гардаг шиг байв. Уригдана гэдгээ мэдсэн юм шиг би шилмэл загварт хоёр төрлийн хувцас захиалсан. Номин ногоон өнгөтэйг нь төрийн хүндэтгэлийн хүлээн авалтад өмсч, хөх өнгөтэйг нь нь 12-ны өдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 15 жилийн ойд өмссөн. Энхрий хайрт Дархан хотдоо баяраа үргэлжлүүлж, дараа нь Сэлэнгийн Бугант руу явсан. Тэнд миний хүндэлж явдаг Маам гэдэг хүн бий, цагийг маш хөгжилтэй өнгөрөөсөн шүү.
-Таны хувцас их өвөрмөц харагдаж байсан. Дуудлага худалдаагаар зарвал ч үнэд хүрнэ дээ?
-Баярлалаа. Би ер нь сунадаг хувцас өмсөх дуртай. Сунадаг, торгомсог материалаар хийсэн. Миний төрсөн өдрөөр Swarowsky чулуу ихээр бэлгэнд ирсэн. Дээлийнхээ энгэрийг нь тэрхүү чулуугаар чимсэн. Тийм болохоор нэлээд үнэтэй бүтээл. Дуудлага худалдаагаар худалдахад хайран хувцас шиг санагдах эд дээ.
-Та сүүлийн үед үлгэр, түүхийн хатадыг санагдуулам дэгжин тансаг болоод байгаа. Гоо сайхандаа нэлээд анхаарч байгаа юмаа даа?
-Нас ахих тусам хүний гоё болох хугацаа уртасч, гадаад үзэмжиндээ анхаарал тавьдаг юм байна. Залуу байхад толины өмнө 25 минут эргэлдээд л гоё болдог байсан бол одоо үс гэзэг, гар хуруу гээд маш олон төрлийн үйлчилгээ гүйцээх шаардлагатай, эрх ямбатай болж. Энэ зунжингаа бүтэн биений массаж хийлгэсэн. Хүмүүс тансаг байшин, машин тэрэг авдаг бол би олсон мөнгөөрөө гоо сайхан, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийдэг. Дээрээс нь тан ууна. Мундаг туршлагатай эмчтэй танилцсан.
-Ер нь гоё, сайхан байхын тулд санхүүгийн эрх чөлөөтэй байх хэрэгтэй болж. Цалингийн доод хэмжээ таны өдрийн гоо сайхны хэрэглээнд хүрэлцдэггүй гэсэн яриа ч байсан?
-Өдөрт 150 мянгыг зарцуулна шүү. Дундаж LPG массаж 90 ам.долларын үнэтэй. Маникюр, фидикюр гээд явж өгнө. Тэгэхдээ бас байнгын үйлчлүүлэгчийн хөнгөлөлт эдэлнэ. Мөнгө олох тусмаа түүнийгээ хэрхэн зарцуулах вэ гэдгээ бас тооцоолох хэрэгтэй.
-Та их зарчимч, бие даасан, бас зоргоороо хүн юм. Гэвч амьдралыг омог бардам туулахын тухайд их л ухаан зарах хэрэгтэй болов уу?
-Энэ бол атаархаад байх юм биш дээ. Ээж аавын хүмүүжил сайн байсан, бас хүүхэд нас минь сайхан өнгөрсөн учраас надад амьдралын хүндийг даван туулахад тийм ч хэцүү байгаагүй. Мөн амьдарч буй хүрээлэл, тааралдах хүмүүс, хорвоо ертөнц, нийгэм намайг ийм хэмжээний байлгаж байгаа. Зоргоороо байлгадаггүй нийгэм ч бас бий шүү дээ. Тэгэхдээ зоргоор байх дуртай мөртлөө хариуцлага хүлээх болохоор бусадтай хуваалцах гээд байдаг бүсгүйчүүд байна. Гэхдээ муу сайн ч хань ижилтэй байна гэдэг сайхан. Энэ байгаа бололцоогоо голж болохгүй. Би энэ нийгэмд зоргоороо, эрх чөлөөтэй, ганц биеэрээ амьдарцгаа гэж бусдад уриалахгүй. Миний амьдрал хүмүүст үлгэр жишээ болж байвал л болох нь тэр.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Хаашаа ч явахгүй, хэнтэй ч ярихгүй байх дуртай. Тоглолтоор уригдахад бас амралт болдог. Саяхан Зүүнхараагийн “Спирт бал бурам” ХХК-ийн 35 жилийн ойд оролцлоо. Маш сайхан арга хэмжээ болсон. Чингисийн Жагаа ах, “Хурд”, “Шар айраг” зэрэг хамтлаг дуучин оролцсон. Галт тэрэгний сайхныг тэнд л мэдэрлээ. Галт тэрэг ажил хэрэгч хүмүүсийн л унаа юм байна. Монголд ажил хэрэгч хүмүүст зориулсан вагон байвал их зүгээр санагдсан.
-Тэгвэл бухимдлаа яаж тайлдаг вэ?
-Миний амьдралд нэг их бухимдаад байх явдал гарахаа больчихож. Найдвартай даатгадаг “Хаан” банктай таван жил дараалан ажиллаж байна. Санхүүгийн асуудлыг минь шийдчихсэн. Дээрээс нь урилга заллага сайн байна, тоглолтын ханш өссөн, зуу гаруй дууны уран бүтээл хийчихсэн хүн чинь нэг их цомог гаргах гэж яарахгүй болж. Дуугаа эргээд сонсоход шинэ юм шиг л сонсогдож байна. Хангалттай сайхан тоглолт хийж монгол орноо тойрлоо. Сэтгэл ханамжийн баталгаа зуун хувь, тиймээс гуниглах эрх надад алга.
-Та нэгэнт айдгаа авдартаа хийчихэж. Гэхдээ л таны өмнө сонсохсон, уулзахсан гэсэн олон хүлээлт бий?
-Тийм ээ, хүлээлтийн хүлээс тайлах бүтээлүүдээ хийсээр л байх болно. Гэхдээ л сүүлийн үед амьдралд сатаараад уран бүтээл гэхээсээ илүү “од”-ын ажил хийгээд зав гарахгүй юм байна шүү дээ. Уулзалт, хүлээн авалтад орох, зар сурталчилгаа, төрсөн өдөр, хурим найр гэх мэт ажил мундахгүй юм.
-Өнөөдөр таныг гавьяат жүжигчин, зууны манлай эстрадын дуучин хэмээн өргөмжиллөө. Хайрлаж хүндлэхдээ хүртэл хүмүүс элдэв янзаар хэлж, таны талаарх таагүй мэдээ сонины зай бөглөхөө больж. Олны хайранд өлгийдүүлж, сэтгэлд нь хүндтэй явах цагийн эрхийг та зүгээр ч нэг өмчилчихөөгүй байх?
-Олон удаа өөрийнхөө нэр хүндээр дэнчин тавьсан алхамууд хийж, зоригтой байсны төлөөсөнд энэ амьдрал надад оногдсон юм шиг. Үүнийгээ би бурхны хишиг гэж ойлгодог. Бурхан тэнгэр алдар нэр, олз омогий нь ахиухан өгөөд, хань нөхрийг дутуу өгснийг нь би чамладаггүй. Тиймээс ч эргээд бодоход надад айхтар хүнд үе ховор байсан. Ард түмэн дуучид, бөхчүүддээ хайртай байдаг. Тэр хайрыг дааж явах нь чухал. Жижигхэн монголдоо нэг их тэнгэрийн амьтан мэт байгаад байх нь утгагүй. Өнөөдөр би бие хамгаалагчаар өөрийгөө хүрээлүүлчихээд яваагүй л байна. Олон хүн цугласан тоглолтын үед зураг, гарын үсэг авъя гэх мэтээр угзарч татах янз бүрийн зүйл гарна. Тэр үед л хамгаална гэхээс, биднийг хорлочих юу л байв гэж. Хүнд муу юм хийгээгүй хүнийг яах ч үгүй шүү дээ. Төрийн байгууллагад алба хашиж үзээгүй хэрнээ төр, засгийн сайхан том шагналуудын хүлээж авсандаа баярлаж явдаг. Мөн зууны манлайчуудаас хамгийн залуу, эсэн мэнд яваадаа баярлаж байна. Гэхдээ л амьдралыг хоёулаа туулсан бол арай дөхөмтэй байсан байх л даа. Бүр хоёр дахин амжилттай байх байсан ч юм билүү.
-Одоо ч гэсэн оройтоогүй шүү дээ?
-Үхэр жилээс нааш нөхөртэй болохгүй гэж миний хувь тавиланг даатгасан багш маань хэлдэг юм. Үхэр жилдээ олдохгүй бол тэр чигээрээ байхгүй гэсэн шүү дээ (инээв). Гэхдээ би хайраар дутаагүй ээ.
-Хайранд бялуурна гэж байдаг болов уу?
-Байхгүй байх аа. Хорвоо ертөнц тэрийг чинь тэнцүүлээд өгнө шүү дээ. Харин даруу байх л хэрэгтэй юм шиг. Яаж ч байсан зангарагтай, даруу байвал алзахгүй. Илүү хөдөлгөөн, илүү үг хэллэг гэдэг тийм ч сайн зүйл биш.
-1995 онд таныг соёлын тэргүүний ажилтанд тодорхойлоход та татгалзсан. Энэ даруу зангийн илрэл байсан уу, эсвэл…?
-Даруу зандаа биш зарчмын хувьд аваагүй. Нэр дэвшүүлж байгаа хүмүүс надад хэлээгүй байсан болохоор эвгүй сюрприз байсан. Тэр нь хувийн журмаар ч юм шиг байсанд татгалзсан тал бий. 2004 онд Ц.Цэрэндулам багш минь хөөцөлдөж байгаад авч өгсөн. Төрийн хишгийг хүртэх ёстой юм гэхээр нь авсан юм даа. Түүний дараа жил нь гавьяат болсон.
-Амжилтад хүрэхэд хүний эцэг эхийн хүмүүжил гол нөлөө үзүүлдэг юм шиг?
-Манай аав зарим хүнийг хол газар дагуулж явж болохгүй гэдэг. Энэ нь холын замд тар нь танигдана гэсэн үг. Ээж минь их зарчимч шударга хүн. Тэр зан чанарыг нь би дууриасан юм болов уу. Ээж ааштай бол ааштай. Ээжтэйгээ би хэр барагтай болж муудахгүй. Хэрэв муудах юм бол удаан хугацаагаар эвлэрэхгүй. Муудахгүй юмсан гэж л хичээдэг дээ.
-Аав, ээжийн тухай ярьсных таны багын дурсамжаас сэргээмээр санагдчихлаа?
-Миний бага нас дурсах юм ихтэй, тансаг өнгөрсөн. Гурван хүүхэдтэй айлын дунд охин. Тухайн үед хүүхэд асрагч гэж байдаггүй байхад намайг орос асрагчаар харуулдаг байсан. Би эрүүл гэр бүлд төрж, сайхан аав ээжийн буянд унаган орос, англи, герман хэлтэй болж зөв төлөвшсөндөө баярлаж явдаг.
-Дуулах авьяасаа хэдийд таньсан бэ?
-Хоёр, гуравдугаар ангид байхдаа Дарханд очиж хоор дуулж эхэлснээс хойш миний авъяас тодорсон юм болов уу.
-Эстрад урлагт хүч сориход юу ихээр нөлөөлөв?
-Тэр үед зохиолын дуу гэж байдаггүй байв. 1997 онд Цэрэнчимэд, Төмөрхуяг гэх мэт дуучид гарч, өмнө нь Вандан, Дуламсүрэн хоёр байсан. Тухайн үедээ л байсан поп хөгжим рүү шууд л орсон. Тэгээд л “Мөнгөн харандаа”, “Инээмсэглэл” “Хөх тэнгэр” зэрэг хамтлагт дуулж байлаа.
-Анх дуулсан дууныхаа тухай ярьвал сонин байх?
-“Зүрх мартахгүй” нэртэй, халхын голын дайчдын дурсгалт зориулсан дуу дуулж байсан. Тэр дууг миний хоолойд зориулж Түвшинтөр ах зохиосон.
-Таны удамд дуу, хуурын авьяастай хүн байв уу?
-Маруса гэдэг Якут эмээ маань дуулж бүжиглэдэг хүн байсан. Аав минь ч сайхан дуулж урлаг уран сайхнаар орж байсан. Эгч минь сайхан бүжиглэдэг, ээж минь ч сайхан хоолойтой. 2004 онд миний төрсөн өдрийн тоглолтод ээж аав хоёр минь Якут ардын дуу дуулсан их л бахархалтай санагдаж байлаа.
-Амьдралдаа баримталж явдаг зарчим тань юу вэ?
-Худал хэлэхгүй, хүн хуурахгүй, хүний амьдралд хөндлөнгөөс оролцож, хүнд үзэл бодлоо тулгахгүй, хүнд муу санахгүй.
-Ингээд бодохоор амьдрал сайхан байна шүү, тийм ээ?
-Хүнд хайртай байхад эргүүлээд надад хайртай байдаг юм. Саяхан охины минь хоёр насны ойд том хүлээн авалт болсон. Төрийн сайдаас эхлээд эстрадын дуучид зэрэг хүндтэй хүмүүс ирсэн.
-Хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй хүн, дээрээс нь энэ их уран бүтээлийн хажуугаар дүүгийнхээ хүүхдийг үрчилж авсан байгаа. Танд шантрах үе тохиолдох уу?
-Дүү минь амьд байхад л тэр хүүхдийг би өөрийн гэж боддог байсан. Манай бэр Ирландад байдаг. Сэтгүүлч хүн. Дүүгийнхээ хүүхдийг өөр дээрээ байлгах нь сэтгэлд өег санагддаг. Тэр эмэгтэй харж чадахгүйдээ биш л дээ. Залуу хүн учраас амьдралаа бодох хэрэгтэй. Мэдээж эх үр хоёрыг салгана гэж түүхэнд байхгүй. Охин минь ийш тийш явахаараа учиргүй санаад уйлна. Надад, “таныг ийш тийш явчихаар би ээжийгээ бүүр ч илүү их санах юм, таныг ирэхээр бага санадаг” гэнэ. Уул нь тэр хоёр салчихсан байсан л даа. Явж, явж салсан бэртэйгээ зул сарын баяраа тэмдэглээд сууж байгаа шүү дээ. Энэ бол амьдрал. Гайгүй хүнтэй суувал охиноо өгнө.
-Нэгэн цагт амьдралыг хамт туулж байсан хүмүүс салаад явахаараа заавал үзэн ядалт бий болдог гэдэгтээ олон хүн эвлэрдэг юм шиг?
-Үзэн ядалт гэдэг чинь харин ч дотно байлгадаг юм биш үү. Хол хөндий байдаг хүмүүс чинь л дипломат зан гаргаад л, ёсорхоод байдаг.
-Хүүхдүүд тань аавтайгаа хэр холбоотой байгаа вэ. Тэдний хүмүүжилд ааваасаа хол өсч байгаа нь нөлөөлөх вий гэж боддог уу?
-Нөлөөлөх юм байхгүйбайх гэж бодож байна. Яагаад гэвэл миний хүүхдүүд хагас дутуу гэр бүлд өсч байгаа гэж харагддаггүй байх аа.Би хүүгээ аавынхаа амьдралд оруулахыг зөвшөөрдөггүй. Аав, ах нартайгаа хааяа уулзаж, хоолонд орсон байдаг. Бид нарын хооронд бас хэлцэл бий. Хүүхдээ цаг тухайд нь авах зэрэг асуудалд хааяа оролцуулна. Би тэгтлээ хүзүүнд нь зүүгдээд байдаг салсан эхнэр биш л дээ.
-Та хүүхдүүдийнхээ юунд нь илүү анхаарч, амьдралынх нь замд хэрхэн чиглүүлж байна вэ?
-Миний хүү Сингапурт жил хагас сурсан болохоор ч тэр үү чүү чай л дунд гардаг байсан. Сайн багшийн буянаар монгол хэлийг бүрэн эзэмшлээ. Одоо харин “B” авдаг болоод байгаа. Тиймээс хүүгээ Венец, Норвеги руу явуулж амраасан. Аавтайгаа ойрхон байдаггүй юм чинь гэж бодоод эршүүд зан төрхий нь хөгжүүлэхээр каратегийн дугуйланд хичээллүүлэх гэж байгаа. Миний хүү зурах дуртай, ямар ч байсан математикийн чиглэлээр явах хүн биш байгаа юм. Урлаг уран сайхан, бөмбөр цахилгаан хөгжим сонирхож, “Хурд” хамтлагийг шүтдэг. Охин бол дуулах дуртай, “Өглөө шиг эх орон” гэдэг дууг хэлд ороогүй мөртлөө аялаад дуулчихдаг.
-“Өглөө шиг эх орон”-д өөдрөг сайхны ерөөлөөр яриагаа өндөрлөе?
-Түмэн олноороо төр улсаа дээдэлж, төвшин амгалан байх болтугай хэмээн уншигчдадаа мэнд хүргэе.
Эх сурвалж: www.news.mn
No comments:
Post a Comment