Ерөнхий сайд С.Батболдын гэргий Х.Отгонтуяатай ярилцлаа. Бизнесийн хүрээнд ажил хэргээрээ танигдсан тэрбээр Тэргүүн хатагтайн хувьд Урлаг соёлыг дэмжих сан байгуулан ажиллаж буй. Эдийн засагч мэргэжилтэй, таван хүүхэдтэй өнөр айлын эзэгтэй, Ерөнхий сайдын арын албыг амжилттай хашиж яваа түүнийг олж уулзахад амаргүй боловч “Өнөөдөр” сонины урилгыг хүлээн авсан билээ.
-Магадгүй, улиг болсон асуулт шиг сонсогдох байх. Гэхдээ хариулт нь сонин байх болов уу. Бизнесмэн, УИХ-ын гишүүн, төрийн сайд Батболдыг олон түмэн мэднэ. Харин Ерөнхий сайд болсноор танай гэр бүлийн амьдрал өөрчлөгдсөн үү?
-Үе үеийн төр засгийн тэргүүнүүд амьдарч ирсэн Их тэнгэрт манайх нүүж суурьшсанаас өөрөөр бидний өдөр тутмын амьдралд онцгой өөрчлөгдсөн юм байхгүй.
Чиний хэлснээр бизнесмэн байхдаа ч, УИХ-ын гишүүн, сайд байхдаа ч миний хань завсарлагагүй ажиллаж ирсэн. Ажлын ачаалал нь мэдээж нэмэгдсэн. Гэхдээ манай гэр бүлийн хувьд ордог гардаг найз нөхөд, ажил төрөл, явдаг суудаг газар бүгд хэвээрээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн гэдэг утгаар нь манай хүнд болон гэр бүлд маань хандах олны хандлага илүү хүндэтгэлтэй болсон байх.
-С.Баярын ажлаа хүлээлгэж өгсөн нь гэнэтийн гэмээр үйл явдал байсан л даа. Харин өөрийн тань хувьд шинэ болон хуучин Ерөнхий сайдуудын бие биедээ халаагаа өгсөн үйл явдал ямар сэтгэгдэл үлдээв?
- Бусад хүнээс арай түрүүлж мэдсэнээрээ л онцлог юм. Хурдан хугацаанд, гэнэт шахам шийдэгдсэн асуудал л даа. Олон сайхан аавын хөвгүүд өдий болтол хашиж, улс орноо удирдан чиглүүлж ирсэн албыг энэ цаг үед миний хань хаших учиртай байж гэж хүлээж авсан. Батболдод би ямар ч эргэлзээгүй, бүрэн дүүрэн итгэдэг. Миний нөхөр энэ албыг хашиж, ажлаа нэр төртэй үүрч явах чадалтай олон сайхан залуусын нэг. Хийж чадах хүнээ олж, ажлыг нь хүлээлгэн өгдөг төрт ёсны уламжлал, төрийн хүмүүсийн алсын хараа, хэнд ямар хариуцлага үүрүүлбэл ачаа даах чадвартай вэ гэдгийг олж хардаг Монгол төрийн залгамж чанарыг хүндэтгэж угтсан. Тийм болохоор хийж чадах болов уу гэсэн эргэлзээ, эмээх сэтгэлийн аль нь ч надад байгаагүй. Ажлаа бүрэн дүүрэн хийх боломжоор хангахын тулд өөрийн чадах бүхнээрээ дэмжлэг болохсон гэж хичээж явна.
-Ерөнхий сайдуудын гэр гий нийгэмд хандсан үйл ажиллагаа явуулдаг уламж лал бий. Таны хувьд чу хам юу хийж байна? Урлагийнхантай ойр байгаа чимээ сонсогдсон?
-Урлаг соёлыг дэмжих сан байгуулан ажилдаа ороод байна. Сонгодог урлаг, драм, соёлын өв, рок поп, уран зураг гээд олон чиглэлээр үйл ажиллагаа явуулах, энэ утгаараа урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой. Энэ санаа нэлээд дээхнэ үед төрсөн. Багагүй хугацаанд санаж, бодсоор яваад ажил хэрэг болгон эхлүүллээ. Урлаг соёл бол надад илүү ойрхон, миний мэдрэмж, хийж чадах бүхэнд маань илүү дөхөм юм л даа.
-Урлаг соёлыг дэмжих сан ажлаа юунаас эхлэв?
-Хүний амьдралын утга аялгуу нь дуу хуур, түүх соёл. Дуу хуургүйгээр жаргал, зовлонгийн алийг ч төсөөлөх аргагүй. Хүн төрөлхтнийг хөглөж, эгшиг лүүлж, уяраан байдаг соёл урлаг бол ертөнцийн гэрэл гэгээ. Урлаг соёлын санг үүсгэн байгуулах тухай жил гаруйн өмнөөс бодож эхэлсэн. Яагаад ч юм, Батболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд бодит ажил хэрэг болох учиртай байсан юм болов уу даа. Эхний удаад мон голчуудын нэгэн үеийнхэн сон сож, уран бүтээлээр нь хү мүү жиж, уярч ухаарч ирсэн “Инээм сэглэл” хамтлагийн сэтгэлд хоногшсон дуунуудыг CD болгон хэвлүүлэхээр шийдсэн.
Ажил маань маш хурдан өрнөж, одоо CD хэвлүүлэх шатандаа явж байгаад урамтай байна. Хэдэн үеийнхэн сонсож ирсэн, 30 жилийн турш уран бүтээл нь ардын дуу шиг болтлоо олон нийтэд танигдсан “Инээмсэглэл” хамтлагийн талаар бидний үеийнхэн ярьдаг, дурсдаг хэрнээ тавиад сонсох гэхээр CD байхгүй, аудио хуур - цагт ч хадгалагдаагүй юм байна лээ. Энэ хамтлагийг түүх болгон үлдээх нь манай сангийн эхний зорилго. Үүнээс гадна ДБЭТт “Нойрсож буй гүнж” бүжгэн жүжгийг сэргээн тавихаар ажиллаж байна.
Цаашдаа хий хээр төлөвлөсөн ажил бол жүжгийн зохиолын том төлөөлөгчид болох Д.Намдаг, Л.Ванган, Э.Оюун гуай нарын жүжгүүдийг УДЭТ-т сэргээн тавих юмсан гэсэн бодол байгаа. Мөн дэлхийд танигдсан зохиолчдын жүжиг болон бүжгэн жүжгийг Монголын театруудад тавихсан гэж санаж явдаг. Хүүхэд, залуус, залуу ээж нарт сургамж болох, өсвөр насныхны хүмүүжилд сайн нөлөө үзүүлэх гарын авлага, номуудыг орчуулан хэвлүүлж тэдэнд хүргэхийг хичээж байна.
-Ажил нь амжилттай яваа бизнес эмэгтэй гэдгийг тань мэднэ. Урлаг соёлын сангийн ажил, гэр бүл, хүүхдүүдийн хичээл сургууль гээд энэ олон албыг яаж амжуулж байна?
-Өдөр болгон компани дээрээ очоод удирдаад байдаггүй. Удирдлагуудтай нь уулзаад чиглүүлэх, санаа өгөх байдлаар ажилладаг. Манай гүйцэтгэх захирлууд ажлаа маш сайн мэддэг нь том дэмжлэг болдог. Бизнесийн тал дээр хийхээр төлөвлөсөн ажлууд бий. Дээр нь эхнэр, эзэгтэй, ээж хүний үүрэг ямар байдгийг эмэгтэй хүн бүр мэднэ. Тэр бүхнийг амжуулахгүй л бол амьдрал зогсчих гээд байгаа юм шиг санагдах үе хүн бүрт л байдаг шүү дээ. Хүүхдүүд том болж байна. Бага нь одоо есөн настай. Тэдэндээ цаг гаргах хэрэгтэй. Ер нь зав чөлөө тун бага. Гэр орон, ар гэрт юу дутуу байна, тэр болгоныг гүйцэлдүүлэх гэж гүйнэ. Нөхөр маань ямар хэмжээний ажил эрхэлж байгаа билээ. Батболд ажлаа сайн хийвэл улс орон, ард түмний амьдрал урагшилна. Тийм болохоор ялангуяа ар гэрийн амьдралаа ямар нэг асуудалгүй авч явах нь миний үүрэг юм. Жижиг сажиг асуудлаар Ерөнхий сайдыг зовоох, сэтгэл санааг нь үймүүлэх эрх эхнэрийнх нь хувьд надад байхгүй гэж ойлгож байгаа.
-Хоёулаа ярилцлагынхаа сэдвийг жаахан өөрчилье. Та ямар авьяастай вэ? Дуулах дуртай юу?
-Дуулалгүй яахав, дуулах дуртай. Ийм тийм авьяастай гээд тоочвол даруу биш болох байх. (инээв) Ноднин би нөхөр, хүүхдүүддээ зориулан өөрийнх өө дуртай дуучны дууг дуулж, СD-д бичүүлээд шинэ жилээр гэрийнхэндээ сонс госон. Тэднийг сонсож байх зуур багахан ичингүйрснээ мартдагг үй юм.
-Нууц биш бол ямар дуу вэ?
- Юу нь нууц байхав. Барбара Стрейзандын “It’s up to you”. Мэдээж би Барбара шиг дуулж чадахгүй л дээ. Гэхдээ нэг их хоолойны чадал шаардахааргүй, дуулахад эвлэгхэн болохоор сонгосон.
-Жинхэнэ сюрприз болжээ?
-Нөхөр, хүүхдүүд маань үнэхээр гайхсан. “Ээж ээ, та дуулаад байгаа юм уу?” гэж асууж, ээжээрээ бахархаж байхыг нь харах сайхан байсан. Нөхөр маань баяр хүргээд тэврээд үнсэхэд нь бүр сэтгэл хөдөлсөн. Эхлээд тэд маань итгэхгүй байсан шүү.Бүгдэд маань таатай, хэзээ ч мартагдахааргүй орой болсон.
-Нөхөртэйгөө анх танилцаж байсан түүхээсээ хуучил бал ямар вэ?
-Ханилж суугаад 20-иод жил болж байна. Залуу хүмүүс яаж танилцаж, анх бие биедээ татагддаг билээ, бидний хайр яг л тийм түүхтэй. Худлаа онгироод сагсаганаад байдаггүй, сайхан инээдэг, аливаад буурь суурьтай сэтгэлээсээ ханддаг чанарт нь татагдсан. Дулаахан, даруухан залууг анх олж харсан. Одоо ч энэ чанар нь хэвээрээ. Батболд Өндөр яаманд байрладаг “Монголимпэкс”-т ажилладаг байсан үе л дээ.
-С.Батболд нэгэн ярилцлагадаа “Миний амьдралдаа хийсэн хамгийн амжилттай, best сонголт бол эхнэр маань” гэж дурдсан байсан санагдана?
-Энэ үгийг надад нэлээд хугацааны дараа хэлсэн. Ханьдаа хань нь байж, үнэлэгдэж чадаж байгаадаа баярладаг. Буянтай хүнд бурхан хань заяадаг гэдэгт би итгэдэг.
-Өсөж төрсөн гэр орон, эзэмшсэн мэргэжил, аав ээжийнхээ тухай яривал уншигчдад сонин байх болов уу. Магадгүй, намайг ийм асуулт тавьсангүй гэж тэд зэмлэж болох шүү дээ?
-Аав, ээж хоёр маань ГовьАлтай аймгийн Түмэн, Тайшир сумынх. Ёстой л нэг амьдралаас ургасан, амьдралын төлөө хүмүүс байсан. Долоон хүүхдээ боловсролтой, урлаг болоод номд ойрхон, оюун ухааныг эрхэмлэдэг болгон өсгөж хүмүүжүүлэх гэж бүх ажил, амьдралаа зориулсан тэдэндээ хайртай. Би тэднийхээ отгон охин нь. Тэгээд ч тэр үү эрх, бас дураараа өссөн. Нийслэл Улаанбаатарт төрж, 10 жилийн 33 дугаар дунд сургуулийн химийн сонгон суралцах ангийг төгссөн. Харьковын Урлагийн дээд сургуульд сурч байсан. МУИСийг эдийн засаг, статистикч мэргэжлээр дүүргэсэн. Лондонд LSC-д магистрт суралцсан.
-Хүүхдүүдтэйгээ харилцахдаа ээжийн хувьд ямар байр суурь баримталдаг вэ?
-Би чиний ээж учраас чи намайг сонсох ёстой гэж тулгадаггүй. Хүүхдүүдээ хувь хүнийх нь хувьд хүндэтгэн харилцдаг. Хэдийгээр би ээж нь боловч тэд маань өөрийнхөөрөө амьдрах, сонголтоо хийх эрхтэй. Миний охин Бадмаад таалагддаг зүйлс Отгонтуяад таалагдах албагүй. Найзуудыг нь ч хүндэтгэдэг. Хүүхдүүдээсээ би их юм сурдаг. Тэд маань том болж байна. Одоо цагийнхны хүсэл сонирхол, тэмүүлэл бидний үеийнхнээс их өөр. Заавал яагаад би сургах ёстой гэж? Тэднээс суралцах юм ч байна. “Бусдын мэдэхгүйг чи мэдэж байгаа, чиний мэдэхгүйг бусад нь мэдэж байгаа шүү. Мэдэж, чадаж байгаа юмаараа хэзээ ч битгий бардамнаж бай” гэж хүүхдүүддээ хэлж захьдаг.
-Мэргэжлээ сонгоход нь зааж чиглүүлдэг үү?
-Том хүү маань Чикагогийн их сургуулийг эдийн засгийн мэргэжлээр дүүргэсэн. Удаах нь олон улсын бизнесийн чиглэлээр сурдаг. Өөрсдийн сонирхлоороо мэргэжлээ сонгосон нь энэ.
-Нөхрөөсөө авсан хамгийн содон бэлэг юу вэ?
-Би нөхрөөсөө бэлэг авч яах юм. Өөрөө надад том бэлэг. Манай хүнд бэлэг авах гээд явж байх зав ч байхгүй, түрийвч ч байхгүй (инээв)
-Ойлгосонгүй?
-Манай нөхөр цаг зүүдэггүй, түрийвч авч явдаггүй юм. Яагаад гэдгийг мэдэхгүй, тийм л зантай.
-Хамгийн сүүлд уншсан ном?
-Ном бол хорвоо дэлхий дээр байгаа гайхамшигтай юм сын нэг. Миний хувьд хам гийн гайхамшигтай нь ч байж магадгүй. Хамгийн сүүлд С.Эрдэнийн “Амьдралын тойрог”-ийг дахин уншсан. Бас Danielle Steel-ийн “H.R.H” гэдэг номыг дөнгөж дуусгаад тавилаа. Хамгийн сүүлд уншсан өгүүллэг гэвэл чиний “Нисдэг нохой”.
-Өө баярлалаа. Дахиад л асуулт. Та нөхрөө шүүмжилдэг үү?
-Шүүмжлэхдээ шүүмжилнэ. Магадгүй, одоо биш, өтөлсөн хойноо энэ тухай ярья.
-Таныг сайн тамирчин гэж сонссон юм байна?
-Ганц би биш ээ. Бид хоёр спортоор байнга хичээллэхийг эрмэлздэг. Манай хүн Ерөнхий сайд болсноосоо хойш зав муутай, долоо хоногт нэг удаа сагс тоглох зэргээр спортоор хичээллэж байгаа. Миний хувьд усанд сэлэх, алхах, теннис тоглох гэх мэтээр өдөр болгон спортод ойрхон байдаг.
-Ханиасаа зөрсөн тохиолдол олон уу?
-Ихэнх тохиолдолд түүний үг, үзэл бодол хүчтэй байдаг. Гэхдээ Батболд миний эхийн сэтгэлийг юугаар ч зогсоож, хориг лож чадаагүй нэг дурсамж бий. Хүү маань Англид суралцаж байсан үе л дээ. Гэр бүлийнхэн, дүү нартайгаа байсан цаг ховор. Амралтаараа л ирнэ. Үүнд би ээжийн хувьд эмзэг хандана. Тэгээд бодож бодож хүүхдүүдээ аваад өөрөө суралцангаа хүүтэйгээ хоёр жил хамт байх санал гаргалаа. Батболд бид хоёрын бие биенээсээ холдсон тохиолдол энэ л байх. Юм болгонд, үргэлж хамт явж байдаг улс шүү дээ. Амьдралынх нь чухал үед хүүтэйгээ хамт байх гэсэн эхийн сэтгэлийг үнэхээр юу ч зогсоож чаддаггүй юм байна лээ. Ингээд бид явлаа. Гэтэл “Батболдын эхнэр хүүхдүүдтэйгээ гадаадад дүрвэлээ” гэсэн мэдээлэл цацагдсан. Худлаа юм худлаа л байдаг. Гэхдээ л тухайн үед ханийнхаа өмнө буруутай юм шиг санагдаад “Би Монгол руу буцах уу” гэж асуусан. Тэгэхэд “Би хүнээр юу гэж хэлүүлж, юу гэж дуудуулах нь хамаагүй, чи минь л хийх гэсэн юмаа хийж, жаргалтай явбал боллоо. Хүүгээ сургуулийг нь төгсгөөд, өөрөө ч сургуулиа дуусгаад ир” гэж тайвшруулсан. Энэ мэтээр уужуухан, аливаад хүлээцтэй ханддаг чанараар нь би бахархдаг, бас суралцдаг. Миний хүсэл сэтгэлийг хүндэтгэсэнд их баярладаг.
-Амжилттай яваа эрчүү- дийн ард ухаалаг сайн эмэгтэй байдаг гэж би хувьдаа боддог?
-Харин би эр хүний ухаан, чадварт итгэдэг. Тэдэнд аль хэдийнэ бууж өгсөн.
-Нөхрийнхөө тухай эхнэрийнх нь хувьд юу хэлэх вэ?
-Миний амьдралын утга учир. Бид бие биенийхээ фен. Эхнэртээ хайртай нөхөр гэдэг их өөр ойлголт. Үүнийг л би ханиасаа олж хардаг.
-Тэгвэл Ерөнхий сайдынх нь хувьд юу хэлэх вэ?
-Эхнэр болон иргэний хувьд Ерөнхий сайд Батболдоор бахархах эрх надад байгаа. Яг энэ цаг үед Монгол Улсын хөгжлийг тодорхойлох эдийн засгийн чухал ач холбогдолтой шийдвэр гаргах гэж байгаа үед Батболд шиг найдвартай хүн Ерөнхий сайдаар ажиллаж байгаад баярладаг. Түүнийг өмнөх Ерөнхий сайдуудтай харьцуулж, хэн нэгэнтэй нь адилхан байсангүй гэж хандах хэрэггүй юм. Яагаад гэвэл хүн бүр адилхан байдаггүй. Адил байх ч шаардлагагүй. Цаг үе болгон тухайн нийгэмдээ тохирсон удирдагчийг төрүүлдэг.
-Хүнд эрх мэдэл, мөнгө хоёрыг зэрэг өг. Тэр үед танигдана гэж үг байдаг?
-Үнэн шүү. Бидний амьдралд аль аль нь байна. Тэглээ гээд юу ч өөрчлөгдсөнгүй. Нөгөө л энгийн амьдрал, энгийн харилцаа, энгийн сайхан найз нөхөд. Ер нь яагаад өөрчлөгдөх ёстой гэж?
-Хань тань энэ бүх хугацаанд танд юу өгсөн бэ?
-Намайг хэнээс ч хамааралг үй болгосон. Үүнд нь би баярладаг. Миний амьдралын үнэ цэнэ, миний хүүхдүүдийн бахархал, итгэл найдвар, надад бурхнаас заяасан хань.
– Нөхрөөсөө ч хамааралгүй гэж үү?
-Батболд гуайгаасаа харин 150 хувь хамаарна шүү.
Р.Эмүжин "Өнөөдөр" сонин
No comments:
Post a Comment