Хуучин УИХ-ын Хүний эрхийн дэд хороо ойлгомжгүй нөхцөлд ажиллаж байгаа гэнэ. Өмнөх Парламент хаалтаа хийчихсэн. Шинэ нь тангаргаа өргөж чадалгүй гацсанаас төрийн ажил цалгардах янзтай. Дэд хороо уг нь таван хүний бүрэлдэхүүнтэй юм байна. Дарга нь Х.Баттулга. Түүний "цэргүүд" нь Ц.Шаравдорж, Б.Бат-Эрдэнэ, Э.Бат-Үүл, Б.Батбаатар нар.
Долдугаар сарын 1-нд болсон үймээний дараа тус Хороо гурван удаа хуралдаж. Харин МАХН-ын бүлгийн хоёр гишүүн нь хуралдаанд бараг оролцоогүй гэнэ. "Та нар асуудалд нэг талаас ханддаг" гэж нөгөөдүүлдээ гоморхдог бололтой. Сүүлийн хэд хоног аль ч намын гишүүн нь ирэхээ байж. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баттулгатай цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Таны өчигдөр хийсэн мэдэгдэл олны анхаарлыг татаж эхэлжээ. Галт зэвсэг хэрэглэсэн хүмүүсийг баривчилсан гэсэн албан бус мэдээллийг үймээний үеэр нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзахдаа Та хийсэн. Арай тодорхой зүйлийг нэмж хэлж болох уу?
-Цагдаагийн байгууллагад "эрүүл" хүн байдаг юм байна. Тэр "эрүүл" хэсэг нь дотроо бухимдаад яваад байгаа аж. Үймээний үеэр хэдхэн хүнд л буу байсан. Бүгд бүртгэлтэй. Нас барсан хүмүүсийг буудсан сумны хонгио хүртэл тодорхой гэж эрүүлээр сэтгэдэг албан хаагчид нь яриад байгаа юм.
Одоогийн удирдлагатайгаа байгаа цагт хүмүүсийг буудаж амийг нь хөнөөсөн хэрэгтэн олдохгүй гэж УИХ-ын хуралдааны үеэр ч ярьж байсан. Түүний дараагаас л хэрэгтнүүдийг олж саатуулсан гэсэн мэдээлэл ирэх болсон. Зоригийг хөнөөсөн хэрэг одоо хүртэл эзэн холбогдогчгүй байгаа. Ийм явдлыг дахиад гаргуулмааргүй байна. "Улс төрийн хэрэг илэрдэггүй юм шүү дээ" гэж МАХН-ын Ажлын хэсэгт орсон хүн хүртэл маш хариуцлагагүй зүйл ярьж байна билээ. Ийм байж таарахгүй.
-Буудсан хүмүүсийг харсан гэрчүүд байгаа гэх юм. Тэднийг төрийн хамгаалалтад авахгүйгээр хэргийг шударгаар шийдэж чадахгүй гэсэн яриа ч дуулдана...
-Анхаарч үзэх л ёстой. Прокурорын байгууллага үүнд онцгой анхаарах хэрэгтэй. Тийм аймшигтай хэрэг хийсэн юм чинь гэрчүүдийг устгана гэсэн болгоомжлол ихээхэн байгаа юм билээ. Амь насаа алдсан хохирогчдын ар гэрийнхэн үүнээс их айж байна лээ.
-Долдугаар сарын 1-ний хэрэг явдлын дараахан Хүний эрхийн дэд хороо хэд хэд хуралдсан. Саатуулагдсан хүмүүстэй ч уулзсан. Тэнд хүний эрх зөрчигдсөн зүйл харагдсангүй гэж та бүхэн тухайн үед хэлж байлаа.
-Онц байдлын дараа гурван удаа хуралдаж, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзсан. Тэндээс гарсан саналуудыг үндэслээд цагдаа, тагнуулын байгууллагын удирдлагуудтай ярилцах хүсэлт тавьж байсан. Онц байдлын үеэр нэг талын мэдээлэл цацсан ОНРТ-ийн үйл ажиллагааг баримтжуулсан уулзалтыг хийсэн. Энэ бүхэн хүний эрхтэй холбоотой асуудал байсан юм.
Дэд хорооны гишүүн Э.Бат-Үүл, Б.Батбаатар бид хэд Урьдчилан хорих төвийн үйл ажиллагаатай танилцахад хүндрэлтэй зүйл нэлээд ажиглагдсан. Үүнийг ШШГЕГ-ын удирдлагууд хүлээн зөвшөөрсөн. "Ганц худаг"-гийг харин цагдаагаас тусгаарласан нь зөв болсон юм билээ. Ингэснээр эрүүдэн шүүдэг ажиллагаа бараг үгүй болсон байх.
-“Ганц худаг"-ийн нөхцөл байдал сайжирсан ч хүний эрх зөрчигдсөөр байна гэж ар гэрийнхэн нь хэлээд байгаа...
-Өмгөөлөгч хүрэлцээгүйгээс нэг өрөөнд олноор нь байлгасан явдал бий. Харин хүнийг гүтгэдэг, хүнд зүйл, ангиар сэжиглэж байгаа хүнээ сүрдүүлж, мэдүүлэг авах явдал сүүлийн үед гараад байгаа.
-Тэр бүхэнд хяналт тавьж чадаж байгаа юү. Тэгж чадахгүй байна гэсэн гомдол гараад байх шиг байна...
-Прокурорын байгууллага хяналтаа тавьж байгаа. Хүний эрх зөрчигдөж байгаа эсэхийг мэдэх, буудуулж нас барсан хүмүүсийн цогцост хийсэн задлан шинжилгээний хариуг авах тухай хүсэлтээ прокурорт Дэд хороо тавьсан.
-Сүүлийн үед Дэд хороо хуралдсангүй юү...
-Чимээгүй боллоо гэдэг нь УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой. 2004 онд байгуулагдсан УИХ хаалтаа хийсэн ч шинэ нь үйл ажиллагаагаа эхлээгүй байна. Энэ завсар өмнөх Парламентын Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаа идэвхгүй болсныг үгүйсгэхгүй. Гэхдээ хүний эрхийн асуудалд "завсарлага" байх ёсгүй учир манай Дэд хороо ажлаа явуулж байна,
-Анх 700 шахам хунийг сэжигтнээр татсан. Одоо 200 гаруй хүнийг цагдан хорьж буй дуулддаг. Арав гаруй хоногийн өмнө ийм мэдээлэл авч байсан юм. Нэмж хүмүүс сулласан уу. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хорьсон сурагч байсан.
-Одоо хэдэн хүн хоригдож байгаа талаар тодорхой мэдээлэл алга. 200 гаруй хүний тоо цөөрөөгүй байх.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн яасныг ч мэдэхгүй байна. Биднийг очиход тэр хүнийг эмнэлэг рүү авч явсан гэж байсан. Өнөөдрийг хүртэл тэр хүний тухай мэдээлэл авч чадаагүй. "Миний хүү нэг сая төгрөг хүнээс авах нь битгий хэл мөнгөний тоо ч мэдэхгүй" гэж эцэг нь ярилцлага өгсөн байсан.
Цагдаагийнхан өөрийгөө хамгаалахын тулд оюуны өөрчлөлттэй хүнийг ашигласан нь нотлогдсон шүү дээ.
-Хүний эрхийн дэд хороо холбогдох байгууллагад үүрэг чиглэл өгөх эрхтэй юү?
-Тийм эрх байхгүй. Дэд хорооны хурлын тэмдэглэлийг Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, түүгээрээ дамжуулан УИХ-д асуудал оруулах ёстой. Аль УИХ-д асуудлаа оруулах нь тодорхойгүй болчихоод байна.
-Хоёр намын ажлын хэсгийнхний ярианы нэг сэдэв нь долдугаар сарын 1-ий үймээн хийгээд саатуулагдсан хүмүүсийн тухай байсан. Хоригдож байгаа хүмүүст өршөөл үзүүлэх асуудлын талаар ярилцсан уу?
-Ардчилсан нийгэмд улс төрийн хоригдол байж болохгүй гэж АН үзсэн. Сонгууль будлиантай болсныг эсэргүүцсэн хүмүүсийн жагсаалыг далимдуулж хэсэг бүлэг хүн үймээн дэгдээсэн байх талтай. Эрхээ эдэлж, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүс саатуулагдагсдын дотор олон бий. Тэднийг суллах ёстой гэж АН-ын Ажлын хэсгийн гишүүд үзсэн .
No comments:
Post a Comment