Thursday, 22 July 2010

Э.Бат-Үүл: "Тэр үеийн сонгууль шударга болж байсан"

Ардчилсан чөлөөт сонгууль хийх болсны 20 жилийн ойн мэндийг хүргэе. Хорин жилийн энэ өдрийн ач холбогдол, үнэ цэнэ нь юунд байна вэ?

Монголчууд анхны ардчилсан сонгууль хийснээс хойш яг хорин жил боллоо. Гэхдээ 1990 оны энэ өдөр ардчилсан сонгууль хийх шийдвэр их амаргүй болж байсан. Нилээдгүй төвөгтэй улс төрийн, ширүүн тэмцлийн дунд явж байсан. Тэр үед ардчилсан сонгууль явагдах уу, үгүй юу гэдэг асуудал хутганы ирмэг дээр байсан гэхдээ эрх баригчид болон сөрөг хүчин хоорондоо зөвшилцөн ямар ч байсан чөлөөт ардчилсан сонгууль явуулах нь Монголын түүхэнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Монголын Ардчилалд шилжих шилжилтийн гарааны цэг байх болно гэж ойлголцон тэгээд энэ өдөр сонгууль явуулж байсан даа.

Өнөөдрийн чөлөөт Ардчилсан сонгуультай болоход ямар бэрхшээл байсан талаар олон хүн мэдэж байгаа байх. Гэвч олон хүн мэдэхгүй болохоор хугацаа өнгөрсөн байна?

Сонгууль тэнцвэртэй шударга явж чадахгүй нь гэж үзэж сөрөг хүчний талаас сонгуульд оролцохгүй гэх асуудал тавигдчихаад байсан. Сонгууль шударга явагдах боломжгүй нөхцөлтэй байгаа тул бид сонгуульд оролцохгүй гэж байв. Ер нь энэ үед сонгууль болохооргүй байдалд тулчихаад байсан. Гэхдээ хэлэлцээрийн ширээний ард хоёр талаас сууж Сонгуулийг чөлөөтэй, шударга явуулах нөхцөл бололцоог хангах талаар аль аль талаас хичээхээр тохиролцсоны үндсэн дээр сонгууль явагдахаар болсон.

Таны төсөөлж байсан тэр чөлөөт сонгууль одоо биелэлээ олж чадсан уу? 20 жилийн өмнөх тэр сонгууль, өнөөдрийн сонгууль хоёрын хооронд ямар ялгаа байна?

Өнөөдрийн сонгуулийг бодвол тэр үеийн сонгууль шударга болж байсан. Тэр үед ерөөсөө сонгуульд өрсөлдөж байгаа улсууд, сонгож буй сонгогчид нь аль аль нь түүхэн хариуцлагаа ухамсарлаж сонгуулиа өгсөн. Ямар нэгэн бэлэг сэлт тарааж, мөнгө төгрөг амлах гэсэн иймэрхүү арга хэмжээ хэрэглэх, эсвэл тийм бохир арг хэмжээнд хууртах тийм зүйл аль ч талаас байгаагүй.

Хорин жилийн өмнөх тэр өдрийг дурсвал. Тэр үед та сонгуульд өрсөлдөж байсан биз дээ?

Би яг энэ үед эхний сонгуулийн дүн гарахад миний оноо хүрээгүй. Өөрөөр хэлбэл саналын дүн хүрээгүй. Тэгэхэд Жасрай гуайтай 52 –р тойрог гээд Шувуун фабрик, Биокомбинатын хэсэгт өрсөлдсөн. Бид хоёрын санал аль аль нь босго хүрээгүй гээд дахин сонгууль явагдаад би сонгогдоод их л баяртай байсан даа.

Д.Сосорбарам: Монгол хүн бүр өөрийн зөн мэдрэмжээр сонголтоо хийсэн

Та энэ өдрийн ач холбогдлын талаар ярихгүй юу?

Коммунист үзлийн нөлөөн дор 70 жил байж байгаад 1990 оны цагаан морин жил эрх чөлөө ардчилалыг авчрахдаа яг тэр жилийн долдугаар сарын 22 нд Монгол хүн бүр өөрийн зөн мэдрэмжээр, өөрийн совин, өөрийн бодлоор сонголтоо хийсэн эрх чөлөөт сонгуулийн хорин жилийн ой болж байна. Энэ эрх чөлөөт сонгууль бий болсноор Ардын Их Хурлын депутатуудыг бүрдүүлж, тэр бүрдсэнээрээ чиг горимоо баталж, дээрээс нь улсын бага хуралтай болж олон намууд оюун санаагаа өрсөлдүүлэх зөв буруугаа ярих энэ жимээр явсаар хорин жилийг өнгөрөөлөө. Хорин жилийн түүхэнд оносон ч юм бий, алдсан ч юм бий. Алдсан алдаан дээрээ хүч аваад, зөвийг баримжаалаад явах болсон. Өнөөдөрт бид үүнд ач холбогдол өгч байгаа нь сайн хэрэг.

Та 20 жилийн өмнөх тэр өдрийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

Би өөрөө Ардын их хуралд нэр дэвшээд, өөрийнхөө суманд, Баянхонгорын Баяновоо суманд өрсөлдсөн. Сумын намын дарга байсан Бүдээхүү энд ялалт байгуулсан. Нэгэнт өрсөлдөөн юм чинь ингээд би унасан хэрэг л дээ. Хэдий ялагдсан ч гэсэн чөлөөт сонгуульд оролцож нэр дэвшиж байсан шүү.

No comments:

Post a Comment