Wednesday, 21 July 2010

Г.БААСАН: Оюутан болоод хуулийг яагаад иргэдэд мэдүүлэхийг хүсдэггүйг ойлгосон

Нийгэмд тодорхой хэмжээний нөлөөтэй байсан хүмүүсийн хаана, юу хийж явааг уншигчдадаа хүргэхээр “Хаана явна” буланг нээлээ. Булангийн анхны зочноор “Ахмадын чөлөөт холбоо”-ны тэргүүн Г.Баасан уригдлаа. Түүний юу хийж явааг сонирхоорой.

-Нэг үеэ бодвол та чимээ­гүй болчихсон. Таны хаана, юу хийж яваа сонирхол татаад болдоггүй ээ?

-Улсынхаа нийслэлд ний­тийн тээврийн салбарт ажиллаж байна. Нийтийн тээврийн Үйлдвэрчний эв­лэлийн Хяналтын зөвлөлийн даргын хувьд татвар, мэр­гэжлийн хяналт зэрэг 11 хүний бүрэлдэхүүнтэй хоёр сарын турш аттестатчиллын шалгалтыг энэ салбарт явууллаа.

-Нийтийн тээврийн сал­барыг бүхэлд нь шалгасан юм уу?

-Тийм. Нийтийн тээврийн үйлчилгээ, зор­чигч­дын тохь тух, аюулгүй байдал зэргийг шалгасан. Мөн микро авто­бус яагаад “нисдэг авс” гэх нэр авсны учрыг олох гэж явсан. Энэ удаа том, бага оврын автобусыг бүгдийг хамруулсан.

-“Нисдэг авс” гэсний учрыг олов уу?

-Олсоон. Нийтийн тээврийн бодлого, авто зам, жолооч гээд аль алинд нь байна.

-Микро автобусны хувьд ийм байдаг байж. Харин том оврын автобусны хувьд ямар дүгнэлтэд хүрсэн бэ?

-Шалгалтын дүн одоогоор гараагүй бай­гаа. Өнөөдөр Улаанбаатар хотын менежер Ч.Баттай уулзаж цаашид энэ салбарыг зөв авч явахын тулд яах ёстойг ярилцана.

-Зөв авч явах талаар ярилцана гэхээр таагүй дүгнэлттэй байгаа юм байна даа. Тийм үү?

-Нийтийн тээврийн салбарын шав нь буруу тавигдсан байна. Байгаа орчин нөхцөлөө зөв ашиглаж чадвал болох юм билээ. Одоогоор 5000 микро автобус үйлчилж байна. Гэтэл жолооч нартай хөдөлмөрийн гэрээ хийдэггүй, нийгмийн даатгалыг нь ч төлдөггүй. Үүнийг төрийн бодлогоор зохицуулах ёстой. Төр чухал салбартаа анхаарал хандуулахгүй байна.

-Автобус компаниуд жолооч ажилд авах­даа нас заадаг болсон. 50-аас дээш настай жолооч нар ажилд орж чадахгүй байгаа?

-Энэ нь стандарттай холбоотой. Гэхдээ стандарт зөвхөн техникт л байдаг.

-Автобус компанийн удирдлагууд хоёр ээлжийн жолоочтой болсон. Үйлчилгээ сайжирч байгаа гэж ярьдаг. Бодит байдал дээр ямар байна вэ?

-Төрийн мэдлийн том оврын автобусны компани гурав байдаг. Тэд л хоёр ээлжийн жолоочтой байна. Харин зарим хувийн ком­панид ээлжийн жолооч алга. Энэ нь ослын байдалтай явж байна гэсэн үг. Өдөржингөө нэг хүн жолоо мушгихад хэцүү. Мэдээж нойр хүрнэ. Ихэнх автобус компаниудад улсаас авах нөхөн олговор чухал болж. Үйлчилгээг анхаарахгүй байгаа нь илт байсан.

-Сүүлийн үед том оврын автобусны жолооч нар осол гаргах нь ихэссэн. Энэ юунаас болж байна вэ?

-Олон хүний амь амьдралыг дааж явж байгаа автобусны жолооч хариуцлагатай байх ёстой. Өнгөрсөн амралтын өдөр Төв шуудангийн өмнө I хорооллын автобус 50 настай хүн дайрсан хэрэг гарлаа. Гэтэл бага хэмжээний шатахуун нормоор өгснөөс болж, жолооч нь түүнийгээ хүргэх гэж яваад л хүн дайрсан байна лээ. Дөрвөн дугуйны нэгнийх нь л тормос барьж байна. Гэтэл ээлжийн техникийн инженер ямар ч хариуцлага хү­лээхгүй, зөвхөн жолооч буруудаж байна. Тий­мээс техникийн бүрэн бүтэн байдал, урсгал засварыг сайн хийж байх хэрэгтэй.

-Бурхан жолооч нар ховор болж дээ?

-Бурхан жолоочийг бэлтгэхгүй байгаад учир байна. Хоёр хоногийн сургалтад хамраг­даад л автобус жолоодож байна. Энэ удаагийн шалгалтаар гүн рүү нь ороогүй. Зөвхөн өнгөц­хөн шалгалт хийхэд л ийм байна.

-Өө мартах шахлаа. Оюутан болсон гэл үү?

-Тийм ээ. МУИС-ийн хуулийн ангийн оюутан болсон. 2.5 жилийн хугацаатай суралцана.

-Оюутан болсон чинь ямар санагдав?

-Гоё. Тархиндаа шинэ хоол өгөхөд сайхан байна.

-Жилийн хугацаанд хуулийн цоорхойг хардаг болсон уу?

-Тэр нь ч арай юу юм бэ. Манай хууль уг нь сайн шүү дээ. Даанч амьдралд эсрэгээрээ хэрэгжээд байдаг юм байна.

-Тэгэхээр хэрэгжүүлдэггүй л болохоос хуульд ярих юм байхгүй гэх гээд байна уу?

-Хэрэгжүүлэхгүй байна. Зөвхөн хуулийг сайн мэддэг хүмүүс л цоорхойг нь ашиглаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмний хууль мэдэхгүйг далимдуулж хуураад байна. Мэдүүлэхийг ч хүсдэггүй юм шиг санагдсан.

-Яагаад?

-Хууль сурталчлахаар хөрөнгө төсөвлө­дөг. Төсөвлөсөн хөрөнгөөрөө хуулиа суртал­чилдаггүй. Хэрэв ажлаа хийдэг байсан бол ард түмэн хуулийн наад захын ойлголттой байх байсан. Сүүлийн үед хууль мэддэг болсон шүү. Мэдээж бүгд биш л дээ. Өөрсдийнхөө төлөө тэмцдэг хүмүүс л сайн мэдлэгтэй байна.

-Нийтийн тээврийн салбарт хийсэн шалгалтын ажлаа дуусгаад юу хийх бодолтой байгаа вэ?

-Төлөвлөсөн олон ажил байна. Алинаас нь барьж авахаа мэдэхгүй байгаа. Нэг дүүргийн хороог барьж авдаг юм бил үү.

-Аль дүүргийг сонгох вэ?

-Баянзүрх. Хорооны ажил яаж явагддаг, юу нь болохгүй байна, иргэддээ хүрч үйлчилж чадаж байна уу гээд л шалгах юм их дээ.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд нийтийн тээв­рийн салбарт шалгалт хийхийн зэрэгцээ хичээлдээ яваад завгүй явжээ. Түүний үг хэлсэн хүний толгойг цавчдаг төргүй ч байсан болоосой. Толгойгүй болохгүйн тулд олон хүн дуугүй суухгүйсэн гэсэн үгээр төгсгөе.

Б.МЯГМАНСАНЖ

No comments:

Post a Comment