Wednesday, 21 July 2010

Ш.Чоймаа: "Олон Улсын уралдаан зарлах цаг"

Төрийн шагналт, Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Шаравын Чоймаатай ярилцлаа.

-Оюутнуудын амралт эхэлсэн энэ цагт эрхэм багш та шавь нартайгаа бужигнаад л сууж байх юм аа?

-Хичээлийн жил дуусч багш нар маань зургадугаар сарын 15-наас амарчихсан. Энэ үед миний ном дэвтрийн ажил эхэлдэг гэж хэлж болно. Учир нь, оюутан, магистр, докторын хичээл заах, тэдний дипломын ажил удирдах гээд сургууль дээрх ажил маань үндсэндээ дуусдаг. Харин одоо төслөөр авсан эрдэм шинжилгээний ажил байна. Мөн шавь нарынхаа хийж байгаа ажлыг чиглүүлэх, зуны урин цагт Монголд үргэлжилдэг олон улсын хурал зөвлөгөөнд оролцоно гээд л ажил ундарна даа. Үндсэндээ амралтаа авсан боловч амраагүй тэнхимдээ сууж байна. Их сургуулийн багш гэдэг нэг талаас сурган хүмүүжүүлэгч. Нөгөө талаас судлаач байх ёстой. Судалгааны ажлыг удирдаж, чиглүүлдэг байх учиртай. Тиймээс судалгаа хийх, судалгааны ажил чиглүүлэхийг зун л идэвхтэй хийдэг юм. Өнөөдөр Монгол, Тайваний хамтарсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцоод ирлээ. Энэ хуралд “Хос ёсны сургаал хийгээд Юань гүрэн” гэсэн илтгэл тавьж хэлэлцүүллээ.

-Та магистр, доктор гээд их олон шавьтай болсон байх даа?

-Бүртгэл гаргаад харуулбал хэлэх байх. Миний шавь олон. Тодорхой тоо хэлэх боломжгүй юм./инээв/

-Монгол Улсын Ерөнхийлөгч албан бичгийг монгол бичгээр явуулах зар­лиг гаргасан. Үүнд энэ чиглэлийн то­моохон эрдэмтний хувьд сэтгэл хан­галуун байгаа юу?

-Тийм ээ. Монголын хэл соёл, бичиг, шашин шүтлэг, энэ талын бодлого, асуудал бол Ерөнхийлөгчийн улсын аюулгүй байдал, хар хайрцагны бодлого байх ёстой. Иймээс үе үеийн Ерөнхийлөгч нар үүнд санаа тавьсаар ирсэн. Энэ нь Ерөнхийлөгчийн яах аргагүй үүрэг нь мөн. Тухайлбал, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай 49 хоногийн турш өдөр бүр 07.00-10.00 цаг хүртэл надаар монгол бичгийн хичээл заалгаад сайн уншиж, бичдэг болсон. Тэр үед Ерөнхийлөгчийн зөвлөхүүд мөн хамт суралцаж байлаа. Дараа нь УИХ-аас батлан гаргасан монгол бичиг соёлоосоо ухарсан зарим тогтоолд П.Очирбат Ерөнхийлөгч хориг тавьж байсан юм. Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед буюу 2004 онд эзэн богд Чингис хаан Монгол бичгийг төрийн бичиг болгосны 800 жилийн ой тохиосон. Энэ үндэслэлийг би Ерөнхийлөгчийн Тамгын газар өгөхөд Н.Багабанди Ерөнхийлөгч судалж үзээд 2004 онд Чингис хаан монгол бичгийг Их Монгол Улсын төрийн бичиг болгосны 800 жилийн ойг тэмдэглэх тухай зарлиг гаргасан билээ. Мөн жил бүрийн тавдугаар сарын 8-ныг үндэсний бичиг соёлын баярын өдөр болгохоор зарлиг гаргасан юм. Түүнээс хойш энэ баярыг улам өргөн тэмдэглэдэг болжээ. Н.Энхбаяр Ерөнхийлөгч монгол бичиг соёлоо мэддэг. Өөрийн өдөр тутмын тэмдэглэлээ Монгол бичгээр хийдэг хүн шүү дээ. Би маш сайн санаж байна. Манай их сургуулийн дугуй танхимд гадаадын Элчин сайдын хэлж буй үгийг жижигхэн тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд монгол бичгээр яралзтал сайхан бичиж байхыг нь харсан удаатай. Ер нь монгол бичгийг их сайн мэддэг. Иймээс Ерөнхий сайд байхдаа монгол бичгийг хөрвүүлэх программ хийх ажлыг дэмжин баталгаажуулж байсан юм. Ерөнхийлөгч байхдаа ч монгол бичгийг дэмждэг байлаа. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүр Бага хурлын гишүүн байх үедээ 36 дугаар тогтоолыг батлах ажлын хэсэгт багтаж, хамгийн идэвхтэй дэмжсэн хүн. Сая монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зарлиг гаргалаа. Ингээд зогсох­гүй эрдэмтэн судлаачидтай уулзсан. Уг зарлигийн нэг, хоёрдугаар заалт хамгийн зөв юм. Нэг дэх нь, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон сайдууд, түүнтэй эн зэрэгцэх албан тушаалтнууд гадаадын улс оронд явуулах албан бичгээ Монгол бичгээр үйлдээд тухайн улсынхаа хэлээр буюу НҮБ-ын аль нэг хэлээр орчуулга хавсаргаж байх тухай заалт. Нөгөөх нь нийт хүн амынхаа төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, бүх шатны боловсролын гэрчилгээг монгол бичгээр бичих тухай зарлиг байгаа юм. Энэ нь бүх нийтийн Монгол бичгийн хэрэглээг нэвтрүүлэхэд тун чухал ач холбогдолтой. Өөрийнхөө дипломын бичгийг уншиж чадахгүй бол тухайн хүн ичнэ биз дээ. Ерөнхийлөгчийн зарлиг долдугаар сарын 6-нд гарсан. Би баяртай байна. С.Баяр Ерөн­хий сайдын Засгийн газрын үед “Үндэсний бичиг үсгийн хөтөлбөр-II” хэ­мээх 2015 он хүртэл хэрэгжих хөтөлбөрийг батал­сан. Энэ хөтөлбөрийг боловсруулахад эрдэм­тэн судлаачид бид оролцсон. Маш сайн хөтөл­бөр. Харамсалтай нь хөтөлбөр дөнгөж хэрэг­жиж эхлэх үед олон сонгууль болж, сайдууд солигдож, төдий л үр дүнд хүрээгүй. Иймээс Ерөнхийлөгчийн зарлигийн гурав­дугаар заалтад энэ хөтөлбөрийн үр дүнг тайлагнана гэж тусгасан байгаа. “Үндэсний бичиг үсгийн хөтөлбөр-II” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдэг зөвхөн дунд сургуулийн хэмжээнд монгол бичгийн хичээлийн чанарыг сайжруулах төдийгүй нийт иргэд үндэснийхээ бичиг үсгийг сурч мэдэхэд ахиц гаргана.

-Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай хи­чээл­дээ хэр сайн “сурагч” байсан бэ?

-Гайгүй шүү/инээв/. Монгол бичгийг бүр “А”-гаас нь эхлүүлсэн учраас эхэндээ жаа­хан халширч байсан. “Та хэдийгээр Ерөн­хийлөгч ч гэсэн миний шавь. Би багш” гээд гэрийн даалгаварт бичих юмыг нь хэлээд явуулна. Тэгсээр байгаад дунд үед нь маш идэвхтэй сайн уншдаг болсон. Тэр үед “Оюунтүлхүүр”-ээс авахуулаад янз бүрийн сургаал уншуулдаг байлаа. Өөрөө ч уншина. Би сайн санаж байна. П.Очирбат Ерөнхийлөгч зөвлөхүүддээ “Энэ хачин сайхан юмыг дунд сургуульд залуучууддаа уншуулах юмсан” гэж билээ. Саяхан Очирбат гуайтай тааралдаад миний заасан Монгол бичиг яасан бэ гэсэн чинь “Үгүй ээ, нэг их хэрэглэхгүй болохоор бичих нь одоо үнэндээ жаахан муудсан. Харин унших нь хэвээрээ” гэж байсан шүү.

-Та Монголын үндэсний телевизээр дахиад Монгол бичиг заахгүй юм уу?

-Телевизийнхэн өөрсдөө санаачлага гарга­вал заана аа. Монгол бичгийг сайхан заах шавь олон бий шүү. Хувийн ч бай улсынх ч бай, Монголын радио, телевиз ч бай англи хэлний хичээлийг өдий төдий явуулж буй. Тэгэхээр үндэснийхээ хэл бичгийн хичээлийн цагийг аль ч телевиз нь гаргаад заах хэрэгтэй юм. Цаг гаргаад өгвөл хичээл заах багш хангалттай байгаа. Би хориод жилийн өмнө зааж байсан. Харин одоо залуучууд заах нь арай илүү байх л даа.

-Хориод жилийн өмнө зааж байсан хичээлээ цомог болгон гаргах бодол бий юу?

-Тийм санаа бий шүү. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудлаас болоод чадахгүй байна. Цомог гаргавал хүмүүст тустай л байх гэж бодох юм. Бодсоноос цаашгүй дээ.

-Ерөнхий боловсролын сургуульд үзэж буй Монгол бичгийн хөтөлбөр хан­галт­тай төвшинд хүрч чадаж байгаа юу?

-Манай боловсролын яам тууштай бод­лого баримтлаагүйгээс болоод тухайн сур­гуулийн захирал ямар хичээл заах, болихыг өөрсдөө дур мэдэн өөрчилдөг байдал нө­лөө­лөөд жаахан сул байсан. Сүүлийн үед өндөр төлбөртэй хувийн сургуулиудын зарим нь Монголын түүх, Монгол бичгийг огт заадаггүй. Энэ нь байж болохгүй зүйл. Хэдийгээр тэр хувийн сургууль бо­ловч Монгол Улсын БСШУЯ-ны дүрэмд захи­рагдах ёстой. Нөгөө талаар математик буюу англи хэлээр гүнзгийрч байгаа ч Монгол хүн юм бол үндэснийхээ бичгийг гаргууд сайн мэдэж явах ёстой гэсэн эрх үүргийг нь орхигдуулсан хэрэг л дээ. Сүүлийн үед 12 жилийн хичээлийн хөтөлбөрт шилжиж байгаа. “Үндэсний бичиг үсгийн хөтөлбөр-II”-ыг хэрэгжүүлбэл ахиц гарна. Жил бү­рийн тавдугаар сарын эхээр Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит “Их, дээд сур­гуулиудын монгол бичгийн олимпиад” гэж явуулдаг. Энд олон сургуулийн өөр өөр мэргэжилтэй хүүхдүүд өрсөлдөхөд маш сайн хүүхдүүд байж л байдаг. Түүнээс ха­ра­хад дунд сургуульд нь Монгол бичгийн суурь үнэлгээг сайн тавьж өгсөн нь харагдаж байгаа юм л даа. Хэдийгээр өөр чиглэлээр сурч байгаа ч гэсэн үндэснийхээ өв соёлыг мартахгүй аваад явж буй нь хувь хүний оюуны ухамсар юм. Үндэснийхээ түүх соёл, бичгийг мэдэж байж “Би Монгол хүн гэж хэлэх эрхтэй” гэсэн өөрийн нэг тийм хичээл, зүтгэл хэрэгтэй.

-Төр засгийн зөв бодлого, өөрийн хи­чээл зүтгэл нэгдэж байж эерэг үр дүн гарна гэж Та хэлээд байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Хүн ажлыг цалин багатай гэж гололгүй хэр хэмжээнд нь хийгээд зүтгээд байх ёстой. Ингэж чадвал өнөөдөр бишгүй ажил байна. Багахан ажиллаад их цалин авна гэсэн хоосон мөрөөдөлтэй байж болохгүй л дээ. Хүн боломжийн амьдрах бололцоог өөрөө зүтгэж байж бий болгох хэрэгтэй.

-Аливаа улс үндэстний оршин тогтох тулгуур нь эх хэл байдаг. “Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл”-ний маань түүхэн хөгжил, өнөө­гийн төвшин ямар байна вэ. Зарим эрдэмтэн судлаачид Монгол хэл мөхөх нь гэсэн эмзэглэлтэй явдаг юм билээ?

-Монгол хэл маань гарал үүслээрээ Алтай овгийн хэлэнд багтах бөгөөд үүнд Түрэг, Манж Түнгүс, Солонгос, Япон хэлийг хамаа­руулдаг. Хэв шинжийн хувьд залгамал хэлэнд багтана. Тийм учраас нугархай хэв шинжтэй орос, англи, франц зэрэг энэтхэг-европын, тусгайлиг хэв шинжтэй хятад, бирм зэрэг хэлнээс өвөрмөц ялгаатай юм.

Монгол үгийн бүтцийг авч үзвэл, угийн язгуурын араас дагавар, нөхцөлүүд угсран ордог. Өөрөөр хэлбэл, тухайн үгийн үндсийн өмнө нь угтвар, дундуур нь ямар нэгэн оруулбар орохгүй гэсэн үг. Монгол хэл нь түүхэн хөгжлийн явцад өвөг, эртний, дундад, орчин үе гэсэн дөрвөн үе шатыг дамжин туулсан хэмээн эрдэмтэн судлаачид үздэг. Харьцангуй цөөн хүн одоо ярьж байгаагаар нь Монгол хэлээ дорд үзэх санаа байж болохгүй. Монгол хэл нь эртний, дэлхийн том хэлний нэг. Цагтаа Монгол хэл одоогийн англи хэл шиг нөлөөтэй байж олон орныхон сурч эзэмшиж, Монгол бичгээр нь харилцаж байсан түүхтэй юм.

-Босоо бичгээ монголчууд мартаж эхэл­сэн гэхэд хилсдэхгүй. Залуустаа Мон­гол бичгийн түүхэн хөгжлийн талаар ярьж өгвөл сонин байх?

-Монгол туургатны маань бичиг соёлын ноён оргил, хэдэн зуун жилийн түүхийн улаач болсон оюуны гайхамшигт өв аваас Монгол бичиг юм. Өдгөөгөөс 800 гаруй жилийн тэртээ алдар суут Чингис хаан бээр энэ бичгийг Их Монгол Улсын төрийн бичиг болгож, “Мөнх тэнгэрийн хүчинд, Их Монгол Улсын далай хааны зарлиг. Эл, булха иргэнд хүрвээс биширтүгэй, айтугай” хэмээсэн эзэнт гүрний, их хааны сүр хүчийг илтгэсэн хасбуу тамга барьж, Улсын заргач Шихихутагаар найруулан бичүүлсэн “Их засаг” хэмээх хууль цаазаа цагаан цааснаа буулгаж, хөх дэвтэрт дэвтэрлэж, “үеийн үед бүү егүүтгэтүгэй” хэмээн зарлигласан байдаг.

-Монгол бичгийг хүн төрөлхтний соё­лын гайхамшигт өв гэдэг?

-Тийм ээ. Хүн төрөлхтний бичгийн соёлыг гадаад далайд цутгадаг их мөрөн хэмээвээс түүний ширгэшгүй ундарга, тасар­шгүй цутгалын нэг нь болох Монгол бичгийг монголчуудын оюуны соёлын гайхамшигт өв гэдгийг дараах хэдэн үндэслэлээр нотолж болно. Аливаа соёлт үндэстэн үсэг бичгийн шинэ тутам тогтолцоог боловсруулан буй болгохдоо тухайн цаг үеийнхээ ярианы хэлэнд шүтэн дулдуйдаж, түүгээр тулгуур үндэс хийдэг жамтай. Үүний нэгэн адил, Монгол бичиг анх үүссэн цаг үеийнхээ амьд хэл аялгууг шууд тусган тэмдэглэсэн нь тодорхой юм.

XIII зуунаас уламжлан ирсэн монгол бичгийн дурсгалын хэл нь нэгэн цаг үед хамаатах дөрвөлжин үсэг болон хятад, араб перс үсгээр тэмдэглэсэн дундад үеийн Монгол хэлний баримт хэрэглэгдэхүүнээс ихээхэн зөрөөтэй. Түүнээс хол өмнөх онцлог шинжийг илтгэдэг. Хэлний хувьсал өөрчлөлт гэдэг тийм богинохон буюу хэдэн арван жилийн дотор явагддаггүй, харьцангуй урт удаан хугацаа шаарддаг түүхэн үзэгдэл билээ. Энэ бүгдийг харгалзан үзсэний үндсэнд гарсан “Монгол бичгийн эх нүүдэл нь даруй 1000 жилээс наашгүй” гэдэг дүгнэлт нь баталгаа нотолгоо, баримт хэрэглэгдэхүүнээр улам баяжиж, эдүгээ нэгэнт эргэлзээгүй болжээ.

Өнөөдөр манай улсад кирил үсгийг бүх нийтээр хэрэглэж байгаа ч төрийн тэргүүн, Ерөнхий сайдаас эхлээд бүх яамны сайд нарын батламж тамгыг Монгол бичгээр үйлдсэн нь үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх үзэл төрт ёсны хүрээнд гүн бат хадгалагдаж буйн тод илрэл гэж болно. Түүнчлэн, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн анхны эхийн Монгол бичгийн хөрвүүлэг, “Монголын Нууц Товчоон”-ы XIII зууны үеийн Монгол бичгийг барын тиг хэлбэрээр буулгаж, есөн эрдэнээр бүтээсэн эхийг төрийн санд нандигнан хадгалж байгаа.

Сүүлийн үед, манай ард түмэн өргөмжлөл хүндэтгэл, бэлэг дурсгал, хувийн тамга дардсын зүйлээ энэ л бичгээр үйлдэхийг илүү эрмэлзэх болсон нь уг чанартаа их соёлоо дээдлэх үзлийн нэгэн илрэл юм. Тиймээс ч босоо бичиг маань хамаг Монгол туургатны хэл аялгууг хамтатган тэмдэглэж, хэдэн зуун жилийн түүхийн түүчээ, судар шастирын цоморлигийг улираан уламжлуулсан мон­гол­чууд бидний эх хэл, эв нэгдэл, эрдэм мэдлэг, тусгаар тогтнол, төрт ёсны эрхэм нандин гэрч, хүн төрөлхтний оюуны соёлын гайхамшигт өв мөн билээ.

-Монгол бичгийн тэмцээн уралдааныг олон улсын хэмжээнд зохион байгуулж болдоггүй юм уу?

-Бүрэн бололцоотой. Оросын монголч эр­дэм­тэн Валадимерцов “Монгол бичгээр бич­сэн зүйлийг дэлхийн хаана ч ойлгоно. Тийм учраас дундын бичиг” гэж хэлсэн байдаг. Нэг зөв бичгийн дүрэмтэй. Өөр өөрийн аялгуугаар бичдэг. Соёлын хэмжээнд Мон­гол бичгийн олон улсын уралдааныг зо­хион байгуулах нь хамгийн зөв. Гагцхүү улс­төр­жүүлж болохгүй.

Ярилцсан танд баярлалаа. Номын хишиг дэлгэрэх болтугай.

Б.Анхцэцэг

No comments:

Post a Comment