Tuesday, 20 July 2010

Ц.Элбэгдорж: Нямдорж бол урт шар дээлтийн нэг л өдрийн хоолны цэсэнд багтсан хүн

2007 оны 6-р сарын 11

-МАХН гэж “бөөрөнхийлөхөө” больё. Энд Ц.Нямдорж гэдэг улстөрчийн тухай яригдаж байна?
-Нямдоржийн эхэлж хэлсэн үгийг саная л даа. Санал хураалтын дараа, УИХ-ын гишүүдийн олонх нь түүнийг огцруулах хүсэлтэй байгааг мэдмэгцээ тэр “Би огцоръё, орны хүнээ томилъё” гэж хэлсэн. Эхний мэдрэмж дандаа л зөв байдаг. Нямдорж энэ мэдрэмжийг л алдаж болохгүй байсан.
-Гэтэл одоо байдал өөр тийшээ эргэчихлээ. АН-ынхан Нямдоржоор барьцаалан төрийг гацаанд орууллаа гэсэн сөрөг PR танайхныг чиглэж байна?
-АН үргэлж л зодуурын хүүхэд шиг байсаар ирсэн. МАХН-ын хулгай хийж байгааг хэлдэг, хууль зөрчсөнийг нь илчилдэг. Тэгэхээр нь эргүүлээд АН-ыг зоддог. Үүнд гайхах юм байхгүй. Нөгөө талаас нь харах юм бол МАХН хариуцлагаас яаж бултаж чаддагаа харуулж байгаа нэг хэлбэр.

Нямдорж одоо сонин байхаа больсон, учир нь тэр бөхөж байна
-Зодуулдаг дүү нь зоддог ахдаа юу гэж хэлэх нь сонин байна л даа. Улстөрч Элбэгдорж нөгөө намынхаа алдаа гаргасан улстөрчид юу гэж хэлэх нь ч бас сонирхол татаж байна?
-Нямдорж УИХ-ын дарга байх нь, арга ажиллагаа нь хүмүүст сонин байсан байж магадгүй. Сайн дарга, шударга улстөрч гэж үнэлдэг хэсэг байсан л байх. Гэвч саяын санал хураалтаас хойш Ц.Нямдоржийн үг болоод үйлдлийн үнэ цэнэ алга болсон. Улс төрийн албан тушаалтан суудал дээрээ яаж бөхөж болдгийг тэр харууллаа. Цэцийн шийдвэрийг хүлээж аваагүйгээрээ Нямдорж яаж ч аяглаад хүсч байсан үр дүндээ хэзээ ч хүрч чадахгүй болсон. Уг нь МАХН-ынхнаас энэ хүнд л ард түмнийхээ төлөө, төрийн төлөө зүтгэе гэсэн жаахан ичих булчирхай байсан юм. Энэ бүхний дараа, одоо Нямдорж сонин байхаа больсон.

-Улс төрийн үхдэл болсон гэж хэлэх гээд байна уу?
-Тэгж муухай хэлэх гээгүй. Зүгээр л Нямдорж бөхөж байна. Ард түмний төлөө зүтгэнэ гэдэг бол заавал албан тушаалтай байж хийдэг ажил биш. Албан тушаалаа өгөөд зүтгэвэл ард түмэн хамаагүй илүү үнэлнэ. Нэгэнт Цэц шийдсэн л бол түүнийг биелүүлэх л ёстой. Нямдорж өөрийгөө тойруулан олон жилийн турш босгосон шударга хүн гэдэг имижээ сая харсаар байтал арчаад хаячихлаа. Ингэж жирийн хууль зөрчигчөөс дор байж болохгүй.
-Та Нямдорж сонин байхаа больсон гэж хэллээ. Тэгээд юу сонин байна вэ?
-МАХН хуралдъя гэвэл ирцээ хэдийд ч бүрдүүлээд хуралддаг. 44 гишүүнээ цуглуулаад асуудлаа шийддэг. Ямар ч аргаар ирц бүрдүүлээд, таашаалд нь нийцсэн шийдвэрээ гаргаад, хуралдаад явж чадна гэдгээ сая харуулсан. Гэтэл тэдэнд АН хурал хаясан гэдэг тоглоомоор үргэлжлүүлж тоглох нь л чухал байх шиг байна.
-Цаашдаа тэгээд яах вэ? АН-гүйгээр УИХ хуралдаад л байх уу?
-МАХН-ынханд тэгж гүрийгээд, цаашаа АН-гүйгээр явах эр зориг байхгүй. Тийм ёс суртахуун байхгүй. Тэртэй тэргүй МАХН нийгмээс ёс зүйг шаардах эрхээ Ц.Нямдоржтой хамт нэгэнт алдсан. Тийм учраас АН-ыг хуралд суугаач гэж уриалаад байгаа юм. Түүнээс биш, МАХН хүссэн үедээ ирцээ бүрдүүлж, хүний, өөрийн 39 гишүүнээ жагсааж байгаад хуралдаж чадна. Өнөөдрийн сөрөг хүчин бол ирцээр барьцаалж чадах сөрөг хүчин биш. УИХ-аас АН, ИЗН, АТН-ыг хасаад 48 гишүүн үлдэнэ. Тэгэхээр МАХН манайхныг оролцуулсан дүр үзүүлэх гэж байгаа болохоос сөрөг хүчинтэй хүчингүй, АН-тай, намгүй цааш явна. Ер нь иймэрхүү хууль бус, ёс зүйгүй авирлал МАХН-ын хувьд ужиг өвчин болчихоод байгаа шүү дээ. Энэ бол парламентын бус, эрх баригчдын дампуурал.

Гүйцэтгэх засаглал гар хөл, бас толгойтой байх ёстой
-ИЗН-аас УИХ-ыг тараах асуудлыг гаргаж тавьсан. Үүнд хэрхэн хандаж байгааг тань сонирхож болох уу?
-Парламент ямар тохиолдолд тардаг вэ гэсэн сэдвээр хэдэн цаг ч ярьж болж байна. Нэг л зүйлийг онцолъё. Парламент хэзээ ч өөрөө өөрийгөө тараана гэж байдаггүй. Хэрэв ийм систем үйлчлээд эхэлбэл дотроос нь хэдэн хүн улс төр хийгээд гүйгээд эхэлдэг. Японы жишээг харъя. Ерөнхий сайд нь парламентыг тараадаг. Төсвөө батлаагүй бол, Ерөнхий сайдын саналыг хүлээж аваагүй бол гээд тодорхой шалтгаанууд үйлчилнэ л дээ. Яагаад парламентад өөрт нь, гишүүдэд нь тараах эрх өгдөггүй вэ гэвэл улс төрийн ёс зүй ард нь хөндөгдөж байгаа юм.
-Таван өрлөг нь Жамухыг барьж өгдөгтэй адил уу?
-Арван сайд нь гарын үсгээ зураад ирэхэд Ерөнхий сайд нь шууд хөөгөөд явуулдаг байх ёстой. Аливаа юмны өөрт нь өгсөн эрх ялзрал авчирдаг. Парламент өөрөө өөрийгөө тараана гэдэг бол амиа хорлож байгаа хэрэг. Настай хүмүүс үр хүүхдэдээ тунирхаад үхээд өгье гээд явдаг даа. Уур нь гарахаараа барьж гарсан шидмэсээрээ түлээ баглаад үүрчихсэн ирдэг. Тарах тарахгүй, байх байхгүй, огцрох огцрохгүйг хөндлөнгийн байгууллага шийддэг нь учиртай. Англид Ерөнхий сайд нь сонгуулиа зарладаг. Яахав, гүйцэтгэх засаглал нь шийдвэр гаргаад, парламент тарж болж байна. Түүнээс биш хэдэн гишүүн нь бид сайн, тэд муу, тиймээс тараая гээд байж болохгүй. Бид сайн, Жамуха муу гээд хүлээд аваад ирдэгтэй адил.
-УИХ-ыг тараах асуудлаар ИЗН улс төр хийж байна гэх гээд байна уу?
-Тэд УИХ тарчихна гэдэгт өөрсдөө ч итгэхгүй яваа. Барьсан гэрээ өөрсдөө буулгах, голомтоо өөрөө өшиглөх асуудал ер нь бол байхгүй. Монголын улс төр, нийгмийн бүрэлдэж ядаж буй тогтолцоонд гарч байгаа бас нэг асуудал л юм даа. Бусдынхаа зовлон, алдаа, өөрсдийнхөө дампуурал дээр ингэж тоглож болохгүй.
-Ерөнхий сайд байх үедээ та эрх мэдлээр нэлээн дутагдаж байжээ дээ. Ярианаас чинь тэгж ойлголоо.
-Гүйцэтгэх засаглал бол аливаа оронд бодлого, хууль хэрэгжүүлдэг газар. Үүрэг, хариуцлагыг нь үүрүүлсэн юм, эрхийг нь өгөх л хэрэгтэй. Тэр байгууллагын толгой, гар, хөл ялгаагүй бүгд ажилладаг байх ёстой.
-Та түрүүн Нямдорж бөхөж байна гэж хэлэхдээ ёжтой инээсэн. Энэ хүн одоо ч огцрох хүсэлтээ гаргаж болно шүү дээ. Оройтоогүй байна?
-Нямдорж “Би өөрөө огцоръё гэсэн ч нууцаар санал хураана шүү дээ” гэж хэлснийг хүмүүс санаж байгаа. Энэ бол зүгээр нэг муу заль. Хүн өөрөө хүсэлт гаргасан л бол чөлөөлдөг. Би чөлөөлөгдье гээд хүсэлт гаргахад нь үгүй гээд үлдээдэггүй л байхгүй юу. Тэгэхээр Нямдорж зүгээр л нэг муу заль гаргаж байна. Өөрөө огцрох хүсэлтээ гаргаж чадах ч үгүй. Ёстой басчихъя. Энэ хүн улс төрд гүрийж үлдэж болдог юм байна гэдгийг харуулж байна. Чадаж байгаа юм чинь үлдэлгүй яадаг юм гэж намынхан нь дээш нисгэж байна. Өндрөөс унахад нь хэн ч харин тосч авахгүй. МАХН тэгж тосч авдаг нам ч биш. Жингүйдэж, хөрснөөсөө холдох тусмаа улам чанга унана.

Бүх хоригдлоо сулла, эрх чөлөөгөө хураалга...
-Та нэг л хорсолтой байна аа даа? Сэтгэлд чинь юу буцлаад байгаа юм бэ? Нээгээд бүгдийг нь ярьчихаас эмээгээд байгаа юм уу?
-Хорсол биш юм аа. Чи “Монголчуудын 17 жилийн турш бий болгосон ардчиллыг УИХ-ын гишүүд өөрсдөдөө хуваарилсан 250 саяар арччихлаа” гэж бичсэн байсан. Би яагаад эмзэглээд, сэтгэл өвдөөд байна вэ гэвэл эрх чөлөөт нийгмийн тулгын чулууг монголчууд бүгдээрээ тал талаасаа авчирч, тулах гэж ядаж байхад нэг л өдөр МАХН өшиглөөд хаячихаж байгаад нь дургүй хүрээд байна.
Тэгвэл тэр өмчилж авсан байр, хувийн сонин телевиз, хувьчилж хураасан малаа буцаагаад хураалга. Шүтэн бишрэх эрх чөлөөгөө, өөрийгөө үнэлэх эрх чөлөөгөө буцаагаад өг. Бүх хоригдлоо буцаагаад сулла. Ийм том хохирол ард нь байгаа байхгүй юу. Миний харж байгаагаар хуулийг засч болдог, зөрчиж болдог, сөрөг хүчний саналыг тооцохгүй байж болдог гэдгийг ойлгоод, нийгмээрээ яриад байгаа нь сонин. Огт байж болохгүй зүйлийн тухай л яриад байх юм. Овоо босгочихоод, дээр нь сууж байгаа шаазгайны хар, цагаан, эсвэл алаг өнгөний талаар маргаад байгаа хэрэг шүү дээ. Овооных нь тухай, үндсэн үнэт зүйлийнх нь тухай яагаад хэн ч ярихгүй байгаа юм бэ. Үүнд л учир нь байгаа юм.
-Өрнөж буй үйл явдлуудад сайн тал бас бий. Магадгүй олон зүйлийг энэ асуудал илчилсэн биш үү?
-Цэцийн шийдвэрийн хамгийн гол ач холбогдол нь төрийн өндөр албан тушаалтан хууль зөрчсөнийг нотолсон явдал. Энэ бол бидний явах нийгмийн голдирол нь. АН хурал хаяхдаа алдаа гаргалаа гэж чи хэлж байна. Гэхдээ гавьяа бас бий. Төрд, нийгэмд иймэрхүү луйвар байгааг харуулж чадсан нь том гавьяа. Нямдорж чуулганы хуралдаан дээр “МАХН-ыг задална гэвэл санасны гарз” гэж мэдэгдэж байсан. Тэгвэл харъя л даа. АН-ыг хурал хаяад гарахад МАХН дундуураа тас хуваагдлаа шүү дээ. Урт шар дээлтийнх нь фракц нөгөөдүүлдээ ялагдлаа. Хурал хаяснаараа бид МАХН-ын үнэн дүр төрхийг харуулж чадсан. МАХН Нямдоржийн хэлсэн хэмжээний чадвар, эв нэгдэл, мэдрэмжгүй нам болж хувирсан гэдгээ илчиллээ.

АН шиг болж чадсан цагт л МАХН аврагдана
-МАХН-д юу болоод байна вэ? Сөрөг хүчний намын даргын хувьд таны юу хэлэхийг олон хүн сонирхож байгаа?
-Энэ намд ямар нэгэн юм болоод байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Гэхдээ хэн ч ил гаргаж хэлэхгүй байна. МАХН-д юу болж байгааг ярьдаг хүн нь би биш. Хүний гэр муухай, хогтой байна гэж шүүмжлэх биш, өөрийнхөө гэрийг өөд нь татах гэж явна.
-Гэхдээ, үгээ нуух шаардлагагүй илэрхий зүйл гэж бас байдаг. МАХН-ын талаар ямар дүгнэлт хийчихээд байгаагаа та сая бараг л хэлчихлээ. Тэдний гэр хогтой, муухай юм уу?
-МАХН яг АН шиг нээлттэй, аливаа асуудлыг дүрэм журмын дагуу шийддэг, гишүүдээсээ урган гардаг болох юм бол аврал нь тэр. Одоо энэ нам яруу алдарт, энхрий хайрт МАХН-ын уламжлалыг баримтлагчид, шинэ цаг үед тохируулан намаа өөрчлөн шинэчлэх гэсэн хоёр үзэлд хуваагдаад байгаа. Товчхон хэлэхэд, АН шиг болж чадсан цагт л МАХН аврагдана.
-Авралын тухай ярихыг бодоход МАХН унахад ойрхон байгаа байх нь ээ?
-Унаж байна.
-Засаглалын асуудал сүүлийн үед нэлээн эмзэг байдлаар хөндөгдөх болсон. Парламентын бус, эрх баригчдын дампуурлын тухай хэлэхдээ та энэ талаар ярих гэсэн байх?
-Ерөнхийлөгчийн засаглалд яаж шилжих вэ гэдэг тухай биш, парламентын засаглалаа яаж аврах тухай ярих хэрэгтэй болчихоод байна. Нэг хүний засаглал руу бүгд ээлж дараалан урсан орж байна. Энэ Засгийн газрыг хар. Урт шар дээлтийн тогооны бариул боллоо. Хууль, шүүх цагдаа, прокурор гээд бүхий л юмыг булаан авч байна. УИХ-ыг яаж самарч байна? Иргэний зарим хөдөлгөөнийг хүртэл хүссэнээрээ хөдөлгөж байна. Урт шар дээлтийн учруулж болох аюул гэдэг жинхэнэ бодит байдлаараа хэрэгжиж эхэллээ.
-Урт шар дээлт гэж хэнийг хэлж байгаа юм бэ? Тодорхой ярих уу?
-Урт шар дээлт гэдэг энэ үг Монголын улс төрд байгаа, Монголын төрд байгаа муу муухайг томъёолж илэрхийлж байгаа юм. Хэв шинжит дүр гэх үү дээ. Төрд шургалагчийн аюулыг нэрлэдэг, ард түмний эрх ашгийг завхруулж буй сөрөг үйлдэл, улс төрийн муу муухайг тэгж нэрлэдэг юм байна. Урт шар дээлтийн учруулж болох аюулаас болгоомжил гэж хэлсэн энэ үг бол монголчуудын төрөө өмгөөлөх их сэтгэл, агуу захиас юм байна гэж би ойлгож байгаа.

Урт шар дээлтийн хөлд төр үймээд 10 жил боллоо

-Та Н.Энхбаяр гээд нэр цохоод хэлчихээсээ айгаад байгаа юм уу? Түрүүн урт шар дээлтийн фракц ялагдсан тухай дурссан?
-Урт шар дээлтийг Н.Энхбаяр гэж хүмүүс таниад байгаа нь сонин байхгүй юу. Ер нь бол энэ хүн улс төрд хөл тавингуутаа л Энхсайханы Засгийн газрыг дэгээдэх гэж оролдсон. Урт шар дээлтийн хөлд улс, төр үймээд яг арван жил боллоо. Арван жил Монголын улс төр эвлэсэнгүй. Монголын төр түүхтэй бол түүхтэй, нэртэй бол нэртэй. Хэн нэг нь ийм төрийг нулимсны алчуур, хадны мангаа, хоолны халбага болгож болохгүй. Бүх үеийн төрийн тэргүүнүүд ажлаа хийдэг. Харин урт шар дээлт бол хор хөгжөөдөг, гүйлгэдэг. Хатуу байж магадгүй, зүгээр л алуурын жагсаалт гаргаад ажлаа эхэлдэг. Төрийн тэргүүн хүн төрийн хямралын голомт байж болохгүй. Дөнгөж төлөвшиж ядаж байгаа нийгмийг яаж самарч болдгийг урт шар дээлт харуулж байна. Нийгмийн баялгийг хувьдаа яаж завшиж болдгийг, олны хичээл зүтгэлийг өөрийн зорилгодоо хэрхэн зориулж болдгийг харууллаа.
-Хэтэрхий цочмог хэлж байгаа юм биш үү? Айхгүй байна уу?
-Урт шар дээлтээс айхгүй хүн алга. Надад тийм айдас хүйдэс байхгүй. Хулгайчийг би хулгайч л гэж хэлнэ. Ард түмний тодорхой хэсгийг тодорхой хугацаанд айлгаж болно. Харин бүх ард түмнийг бүх үеийн турш айлгаж чадахгүй. Урт шар дээлт Монголын төрийг бүх үеийн турш самарч чадахгүй. Харин байгаа үедээ төрийг яаж завхруулж болдгийг харуулж байна.
-Алуурын жагсаалт гаргаад ажилдаа ордог гэлээ. Үнэн гэж үү?
-Нямдорж бол урт шар дээлтийн нэг өдрийнх нь л хоолны цэсэнд багтсан хүн. Өөрөө өгөөш болоод аманд нь гүйгээд орчихлоо. Нямдорж хэтэрхий өндөрт ниссэн. Тэр нисэлтэндээ эрдсэн, бярдсан, бардсан. Би гэртээ хууль засдаг. Онгоцонд ч засдаг. Орондоо ч хууль засдаг гэж өөрөө хэлээ биз дээ. Тэгтлээ эрдэж, бардаж явсан. Үгэндээ ойчиж байна. Урт шар дээлт үүнийг нь л отож байсан…
Зургадугаар сарын 1 буюу өөрийнхөө төрсөн өдрийг төрд хүндэтгэл үзүүлэх өдөр болгон зарлиг гаргалаа. Бас Очирваань бүтээх зарлиг байна. Зарлигаа яахав, гаргадаг л юм байгаа биз. Бүх аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг Улаанбаатарт дуудаж авчраад зарлигийнхаа хуулбарыг гардуулсан. Засаг дарга, ИТХ-ын дарга хоёр нь зэрэг гарч ирээд зарлигийн хуулбарыг нь дундаа бариад зургаа татуулж байна. Брежнев, Сталины үед тийм байсан юм уу, үгүй юү мэдэхгүй. Хажуугаар нь маань хөгжөөнө, эзний сүлд тахиж ууланд давхина. Улс төрийг ингэж завхруулах хэрэггүй.

-Үүнийг өөр талаас нь харж, танаас өөр бодолтой явдаг хүн байж болно шүү дээ?
-Манайх улс төрийн өвөрмөц тогтолцоо сонгож авсан. Төрийн тэргүүн гэдэг бол олон нийтийн итгэлийг тээгч, нийгмийн ёс зүйн дээд хэмжүүр, ард түмний сэтгэл нь байдаг. Энэ муу УИХ, Засгийн газар дампуурчихаж магадгүй, ямар ч хүнд байдалтай улс орон тулгарч болзошгүй. Тэр үед ард нь итгэж болох нэг хүн байг гэж Ерөнхийлөгчөө сонгодог. Гэтэл ард түмний итгэл, сэтгэл өдөр болгон өмсдөг ажлын бээлий, зурагтын нүүрэн дээр наачихсан cola-ны сурталчилгаа биш. Бэлгэдэл өдөр бүр өөрийгөө шатаагаад байж болохгүй. Урт шар дээлт гэдэг судлал бий боллоо гэж танил маань хэлж байсан. Төрөөсөө, бэлгэдлээсээ, итгэл үнэмшлээсээ хүн хүндэтгэл олж авдаг болохоос айж хулгаж явдаггүй.

Энхбаяр, Элбэгдорж хоёрын дунд юу болсон юм бэ?

-Адилхан улстөрчийн хувьд та Ерөнхийлөгч Энхбаярын тухай ганц ч болов сайныг дурсч болохгүй юу?
-Би ямар нэгэн хувь хүний тухай яримааргүй байна. Монголын ард түмний сэтгэлдээ тээж явсан, олон үеийн турш захиж үлдээсэн урт шар дээлт гэдэг үзэгдлийн тухай ярьж байна. Хэрэв Ж.Батмөнх гуайн оронд урт шар дээлт байсан бол бид шал өөр нийгэмд амьдрах байсан. Би энэ талаар төсөөлж ч чадахгүй. Монголын ардчиллын төлөө зүтгэж, үгээ хэлж, амьсгалж явсан гэж өөрийгөө тодорхойлон бардамнах хүн надаас эхлээд олон байгаа. Урт шар дээлт улс төрд орсон он жилүүдээс Монголын ардчилал илүү оймс элээсэн тулдаа, илүү ихийг туулсан тулдаа өдий зэрэгтэй өөрийгөө хамгаалж чадаж байгаа юм.
-Та түүнд өширхөөд байгаа бололтой юм аа даа. Ер нь, Энхбаяр та хоёрын дунд юу болсон юм бэ? Ингэтлээ муудалцаа юу? Тэр хүн танд ийм их мууг хийгээ юү?
-Монголын ардчиллыг өсгөж, төлөвшүүлэх гэж бид 17 жил зүтгэлээ. Оролдлого, зүтгэл бүхэн маань урт шар дээлтийн нэг хүний удирдлагыг шүтэх үзлээр босгож буй ханыг очиж мөргөөд байна. Энэ бол хувь хүний биш, үзэл бодлын зөрчил.
-Ярилцлагынхаа сэдвийг өөрчилье. Та түрүүн МАХН унаж байгаа хүнээ тосч авдаг улс төрийн хүчин биш гэж хэлсэн. Таныг АН тосч авч байсан уу?
-Нямдоржтой жишиж асууж байгаа бол надад тийм нисэлт байгаагүй. Би бол хөдөө газрын эгэл борог өвс. Малчны амьдрал дунд төрж өсч, төр удирдах хүндэтгэл надад хоёр удаа тохиосон. Хүмүүсийн дунд, хөрсөн дээрээ ургах тухай ээж маань хэлдэг. Энэ үгийг би насан туршийн удирдлага болгож явна.

Х.Баттулга бид хоёр өөр, өөрийн толгойтой

-АН-ын рейтинг өндөр байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. Намын даргын хувьд юу гэж бодох юм?
-Үүнд болгоомжтой хандах ёстой. Өрсөлдөгчдийн башир арга байж болох юм. АН-ын рейтинг өндөр байна гэсэн үгээр өөрийнхөө хүмүүсийг дайчлан хөдөлгөх нэг хэлбэр. Нөгөө талаар манайхныг алхайж суухад хүргэх нэг арга. Бидний өрсөлдөгч мөнгөтэй, хүнд суртал болон захиргааны элбэг баян нөөцтэй, цэрэгжсэн бүтэцтэй, засаглалын эрхэнд үлдэж болох маш олон арга саам хэрэглэж чаддаг.
-АН-д “Женко” Баттулга гэдэг үзэгдэл бий болчихоод байгаа. Энэ хүн бас олон хөдөлгөөнийг өөрийн удирдлагад байлгаж чаддаг, МоАХ-г атгадаг, АН-ын удирдах байгууллагад өөрийн гэсэн хүнтэй.
-Энэ бол урт шар дээлт шиг Монголд муу юм хийх үзэгдэл биш.
-Элбэгдорж, Баттулга хоёрын хэн нь хэндээ хамаардаг юм бол?
-Бид тус тусдаа толгойтой.
-Та Ерөнхий сайдын суудлаас буухдаа “Би улам олуулаа болоод ирнэ” гэж хэлсэн. Энэ үгийг хэвлэлийнхэн олон янзаар тайлбарласан. Таны үгийг сонсъё.
-Яах гэж би энэ үгийг хэлсэн юм бэ? Миний итгэл үнэмшил бол энэ улс оронд асар том өөрчлөлт, цэвэрлэгээ хэрэгтэй болжээ. Төрд бугласан хорт хавдраас ангижрахыг ард түмэн хүсэн хүлээж байна. Ирэх сонгуулиар бид төрд байгаа эрх мэдлийг нэмэгдүүлэх гэж биш, багасгах гэж эргэж ирнэ. Төрд байгаа муу муухайг үргэлжлүүлэх гэж биш, таслан зогсоох гэж ирнэ. Эрх мэдлийг өөртөө авах гэж биш, бусдад өгөх гэж ирэх болно. Энэ төрийг бүрэн цэвэрлэх гэж л олуулаа болж ирнэ. Яг үнэндээ бидэнд алдах юм байхгүй. Гал нь ассан залуус манай намд байна. Монголчуудын төлөө юу хийж чаддагаа харуулж, алдаж онож явсан ид насныхан байна.
Ер нь бол энэ ард түмэн өмөөрөх эзэнтэй юм шүү. Эрх чөлөө, ардчилал, шударга ёс, Монголын ард түмний хүсэн хүлээж, хайж эрж явдаг зүйлсийг өмгөөлөх, өндийлгөх эзэн байдаг юм. Үүний төлөө эрсдэж чадах, босч чадах хүч бий. Монгол хөгжинө, монголчууд чадна. Энэ итгэлийг би ард түмэндээ үлдээе.
-Ингээд бидний ярилцлага өндөрлөж байна.
-За тэгвэл явж хөвгүүдээ харна аа. Азийн аваргын тэмцээнд монгол залуус хөлсөө урсгаж байна. Тэднийгээ дэмжинэ ээ, хө. Хашгирна шүү, яадаг юм.

Р.Эмүжин (Өнөөдөр сонин)

No comments:

Post a Comment