Wednesday, 21 July 2010

Х.Баттулга: Царигийг шийдээгүй байгаа

Төмөр замын тээврийн талаарх төрөөс баримтлах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх ажлын хэсгийн хурал ирц хүрэхгүй байгаа шалтгаанаар хойшлогдсоор байгаа тул энэ талаар УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгаас тодрууллаа.

-Хурал ямар шалтгаанаар хойшлоод байна. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого ямар шатандаа явж байна?

-Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хурал зургаа дахь удаагаа хуралдах гээд бүтсэнгүй. Ажлын хэсэгт 12 гишүүн байдаг. Үүнээс зургаа нь ирвэл ирц бүрдэх гээд байдаг. Юунаас болоод хуралддаггүй юм байгаа юм. Ямартаа ч Засгийн газар төмөр замынхаа бодлогыг өргөн барьсан байгаа. Үүнийг хэлэлцэх шатандаа явж байна.

-Энэ том асуудал дээр гишүүдэд ашиг сонирхлын зөрчил байгаагаас ирц бүрдэхгүй байна уу?

-Үүнийг өөрсдөөс нь асуух хэрэгтэй. Үүнээс илүү ач холбогдолтой, илүү том төсөл ойрын хэдэн жил орж ирээгүй. Засгийн газрын өргөн барьсан төслийг явуулах хэрэгтэй.
Таван толгойн ордоо бид ямар шуудайгаар зөөх биш, төмөр замаар л зөөнө шүү дээ. Төмөр замаа зөв бодлогоор гаргачихвал хаа хаанаа л хэрэгтэй шүү дээ.

-Төмөр замын маршрутыг шийдсэн үү?

-Маршрутын талаар бүлгүүд дээр ярьсан байгаа. Эдийн засгийн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс дүгнэлт гараагүй болохоор байнгын хороо хуралдаж чадахгүй, ийм л урагшгүй байдалд хүрээд байна.

-Эхний хэсгийг өргөн царигаар хийхээр шийдсэн гэж болох уу?

-Шийдээгүй. Засгийн газрын төсөл дээр тийм зүйл байгаа. Түүхий эдээ Монголдоо боловсруулья. Япон, Европ, Солонгосын хойг руу гаргах боломжтой, Монгол улсыг дэлхий даяар Хятадын нөөц склад хэмээн зарлачихсан байна. Бид бүтээгдэхүүнээ тэр чигт нь Хятад руу гаргах уу, складан дахь бүтээгдэхүүнийг боловсруулах уу гэдэг л шийдвэр байна. Тиймээс үүн дээр гишүүд идэвхитэй хандмаар байна. Манай улс жилийн дөрвөн улиралтай. Одоо наадмын дараа намар болно. Өвөл бүх ажил зогсоно. Газар шорооны ажил бүхэлдээ зогсоно шүү дээ.

Б.Энхмандах

No comments:

Post a Comment