Tuesday, 20 July 2010

П.Очирбат: Үе үеийн Ерөнхийлөгч нарын араншинд тааруулан хуулиа өөрчлөөд байж таарах уу, та минь ээ

-“Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болъё” “ӨНӨӨДӨР”-ийн хэлэлцүүлэг -


Манай сонины өрнүүлж буй “Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болъё” хэлэлцүүлэг улс төрчид, эрдэмтэд, хуульчид гээд бүхий л салбарын олон хүний сонирхлыг татаж байгаа билээ. Ард олон, уншигчид ч мөн санаа оноо, байр сууриа илэрхийлсээр байгаа. Хэлэлцүүлгийн энэ удаагийн зочноор төрийн тэргүүн хэмээх энэ албаны жаргал зовлонг хуваалцаж, “халуун цэг” дээр нь байж үзсэн нэгэн эрхэм уригдсан юм. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай хөөрөлдсөнөө хүргэж байна.

-Манай сониноор өрнөж буй хэлэлцүүлэгт хамгийн бодитой үгийг хэлж чадах хүн бол Та. Ерөнхийлөгчийн албыг хашиж байх үеийн зовлон жаргал, бэрхшээл, хуулийн ямарваа нэгэн хуудуутай заалтын үр дагаврыг ажил, амьдралаараа үзэж, туулж өнгөрүүлсний хувьд өөрийн байр сууриа илэрхийлнэ үү?
-1924 оноос хойш Монгол Улс үндсэндээ төрийн тэргүүнгүй 70 орчим жилийг үдсэн гэж хэлж болно.

60 гаруй жил “Хамтын тэргүүн” гэсэн нэр томъёотойгоор саяхныг хүртэл явсан. Улсын бага хурлын тэргүүлэгчид, УИХ-ын тэргүүлэгчид хамтран захирч байсан боловч, Бага хурал, Их хурлын тэргүүлэгчдийг төрийн тэргүүн гэж үздэг байсан нэг хэсэг үе байгаа. Тэр үед нэг нам улс орныг жолоодоход асар их үүрэг хариуцлагатай байсан. Улс төрийн нэг үзэл бодол, улс төрийн нэг нам ноёрхож байсан. 1990 онд улс төрийн олон намын системтэй болоод, Үндсэн хуулиндаа байнгын ажиллагаатай парламентыг ажиллуулахаар зааж, төрийн тэргүүнээ тусад нь Ерөнхийлөгч гэсэн албан тушаал дээр тавьсан. МУ-ын Ерөнхийлөгч төрийн тэргүүн байна гэж заасан байдаг. УИХ, Засгийн газар, Хууль тогтоох байгууллага гэсэн гурван байгууллагыг зангидан барьж байх нь Ерөнхийлөгчийн үүрэг. Төрийн тэргүүнийг бүх ард түмнээр сонгодог байх нь ард түмэн нь төрөө, төр нь тэргүүнээ, Ерөнхийлөгч нь эргээд ард түмэн, төр засгаа хянаж байх бололцоог олгож байгаа хамгийн зөв тогтолцоо гэж ойлгох хэрэгтэй.

-УИХ, гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар, шүүх засаглал гурвыг нэгтгээд төр хэмээн нэрлэж, түүнийг удирдах хүн нь Ерөнхийлөгч юм бол Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай орон гэж ойлгож болох нь ээ?
-Үгүй. Энэ гурвыг Ерөнхийлөгч нь зангидан барьж байдаг гэж түрүүн би хэлсэн дээ. Оролцооных нь хэлбэрээр буюу төрийн тэргүүн хууль санаачлах эрхтэй. Энэ утгаараа хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд оролцож байна. УИХ-ын баталсан хуулинд хориг тавих эрхтэй. Үүгээрээ мөн хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр оролцож байгаа юм. УИХ-ын чуулганд тааллаараа оролцож, өөрийнхөө үзэл бодлыг бүхий л асуудлаар УИХ-д хэлэх эрхтэй. Мөн бүх ард түмэнд хандсан илгээлт гаргадаг. Өөрийнхөө чухал гэж бодсон юуг ч илгээж, хэлж болно. Ард түмэнтэйгээ хэлэлцэх, санал бодлоо солилцох гэхчлэн өндөр гэж хэлж болох эрх мэдлүүд Ерөнхийлөгчид байгаа. Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргадаг. Зарим гаргах гэж байгаа төсөл, шийдвэртэй Ерөнхийлөгч санал нийлэхгүй байгаа бол өөрийнхөө байр суурийг Засгийн газарт дуулгадаг. УИХ, Засгийн газрын хуралдаанд Ерөнхийлөгч чөлөөтэй оролцох эрхтэй байдаг. Ялангуяа Засгийн газрын хуралдаанд оролцож, өөрийн санал бодлоо оруулах маягаар гүйцэтгэх засаглалтай харилцах эрх бас бий.

-Таны ярьж буйгаар Ерөнхийлөгч тун өргөн эрх мэдэлтэй юм байна. Ерөнхийлөгч их хэмжээгээр эрх мэдэл эдэлж байгаа нь парламентын засаглалдаа сөрөг нөлөө үзүүлж байна гэж олон хүн үздэг юм билээ. Энэ асуудалд та ямар байр сууринаас хандах вэ?
-Ерөнхийлөгч парламентын үйл ажиллагаанд огтхон ч сөрөг нөлөө үзүүлэхгүй. Үзүүлэх боломж ч байхгүй. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах, авахгүй нь парламентын өөрийнх нь асуудал болохоос биш тушаал дагаж буй юм шиг хориулдаг ёс ч байхгүй, хууль ч байхгүй. Ер нь хууль санаачилж байгаа, хориг тавьж байгаа гэдэг маань ямар нэгэн байдлаар эрх мэдлийг нь хөндөж байгаа хэрэг огтхон ч биш шүү дээ. Үүний цаад эрх зүйн утга нь хуулийг аль аль талаасаа хянаж, аль болохоор алдаагүй, цоорхойгүй хууль гаргах юм. Нэг хэсэг Ерөнхийлөгч УИХ-аар батлагдсан хуулийг баталдаг байсан. Харин дараа нь тэгж давхар баталдаггүй, зөвхөн хориг тавих эрхтэй үлдсэн.
-Таны үед тийм байсан байх л даа. Гэхдээ одоо өөр байдалтай болсон. Ерөнхий сайд Элбэгдорж байх үед ч, Энхболд байх үед ч, эсвэл Баярын Засгийн газрын үед ч гэсэн ямар нэгэн байдлаар хувь хүмүүсийн хоорондох харилцааны доголдол, зөрчил Ерөнхий сайд Ерөнхийлөгч хоёрын сөргөлдөөн болж хувирах маягаар харагдаж, ажиглагдаж ирсэн. Энэ нь цаашдаа Ерөнхийлөгчийн засаглалыг шохоорхож, шунан дурласан байдлаар илэрч байгаа гэхэд болно. Гурван субьектыг нэгтгэн зангидаж буй тодорхой хэмжээний эрх мэдлээ Ерөнхийлөгч хувийн зорилгоор, хэтрүүлэн ашиглаж байгаа нь ч анзаарагддаг...

-Сүүлийн үед үнэхээр ийм зөрчил ажиглагдаж байгаа. Эрх мэдлийг хэтрүүлэн, түүнд шунадаг хувь хүний үзэл бодол ямар нэг хэмжээгээр төрийн ажилд нөлөөлөөд байж магадгүй. Хамгийн гол гай тариад байгаа, Үндсэн хуулийн агуулгыг зарим талаар гуйвуулаад байгаа нэгэн зүйл бол намын даргыг аль ч хуульд байхгүй өргөн эрх мэдлээр хангасан явдал юм. Үнэн хэрэгтээ Монголын төрийн эрх мэдлийн хуваарилалтын дагуу ажиллаж байгаа энэ олон салаа мөчрүүдийг нэгтгэж, мөн нөлөөлөөд байгаа хүн бол намын дарга. Намын дарга нарын талаар манай хуульд тодорхой заагаагүй байдаг. Жишээ нь сонгуульд олонхи болсон намын дарга Ерөнхий сайд байна гэдэг. Энэ нь Ерөнхий сайд болсон олонхи суудалтай намын дарга намынхаа хүмүүст үүрэг өгч, улмаар нэг намын үзэл бодлоор УИХ шийдвэрээ гаргаж байдаг гэж хэлэх үндэслэл болж байна. Социализмын үеийн нэг намын үзэл бодлоор хэлэлцэгдсэн хуулийг УИХ-д 99,99 хувийн санал бодлоор баталдаг байлаа. Энэ зарчим “Сонгуульд олонх болсон намын дарга Ерөнхий сайд байна” гэсэн заалтнаас болоод одоо ч мөн хэвээрээ яваад байгаа нь үнэн юм. Гэтэл Ерөнхийлөгч УИХ-ын үйл ажиллагаанд намын дарга шиг нөлөөлж чадахгүй.

-Та намын даргыг онцолж ярьж байна л даа. Одоогийн Ерөнхийлөгч намын дарга байсан, тухайн үедээ хамгийн олонх буюу 72 гишүүнтэй УИХ-ыг тэргүүлж байсан хүн шүү дээ. Одоо үүсээд байгаа зөрчлүүдийг тухайн үед намын дарга байхдаа эдэлж байсан эрх мэдлээ Ерөнхийлөгч болчихоод хадгалсаар байгаагаас шалтгаалсан гэж ойлгож болох уу?
-Одоо хадгалж байна гэж хэлэх үндэс байхгүй. Н.Энхбаяр тухайн үед намын дарга, Ерөнхий сайд байхдаа УИХ-ын дээр гарчихсан байсан гэдэг бол үнэн. Одоо Ерөнхийлөгч болчихоод хуучны эрх мэдлээ эдэлж чадах нь юу л бол. Ерөнхийлөгч болсон хүн намаасаа түдгэлздэг. Одоо энэ хүнд ямар ч нам байхгүйтэй адил аль ч намд Н.Энхбаярын суудал гэж байхгүй болсон. Хэрвээ энэ хүн Ерөнхийлөгч болчихоод буцаад МАХН-ын үйл хэрэгт оролцоод, удирдлагад нь нөлөөлөөд байгаа бол үүнийг хууль зөрчиж байна гэж хэлэхээс аргагүй.

-Намын дарга л хамгийн их эрх мэдэлтэй, хуульд заагаагүй эрх эдэлдэг хүн юм гэж та хэлсэн. Үнэхээр нэг “сул адуу” манай төрд байгаа юм байна. Гэтэл Н.Багабанди Ерөнхийлөгч ч мөн адил намын дарга байж байгаад Ерөнхийлөгч болсон. Ерөнхийлөгч болсных нь дараа тэр үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр, Н.Багабанди хоёрын хоорондох зөрчил бас л дээд цэгтээ тулсан шүү дээ. Одоо Н.Энхбаяр Ерөнхийлөгч болчихоод араас нь гарч ирсэн Ерөнхий сайдуудтай зөрчилдөөд байдаг. Тэгэхээр намын даргын том эрх мэдлийн угшил Ерөнхийлөгчийн байр сууринд халдварлаж оччихоод байдаг юм болов уу?
-Магадгүй тийм байж болно. Н.Багабанди Н.Энхбаяр хоёрын зөрчлийн тухайд нэгэн зүйл хэлье. Н.Багабанди бол хуулиа их дээдэлдэг, хуулиа барьж ажиллах гэдэг Ерөнхийлөгч байв. Харин Ерөнхий сайд буюу тэр үедээ Н.Энхбаяр Ерөнхий сайдынхаа суудлаас дээгүүр эрх мэдэл эдлэх гээд, УИХ, Засгийн газрыг өөрийнхөөрөө залаад яваад байдгийг Н.Багабанди шүүмжилдэг байсан юм шиг санагддаг. Гэтэл үүнээс үүдээд Ерөнхийлөгчийн Засгийн газартаа өгч буй чиглэл, бодлого дээр мөн л зөрчил гарч ирсэн гэж хэлж болно.

-Тухайн үед Н.Багабанди Ерөнхийлөгчийг МАХН-ын хүн байж, намынхаа өмнө саад, тээг боллоо гэж шүүмжилдэг байсан.
-Төрийн тэргүүн гэдэг хэн нэгэн хүн, аль нэг намын нөлөөнөөс шалтгаалахгүйгээр, ард түмнээ дээдэлсэн төв голч байр сууринаас аливаа асуудалд хандах ёстой. Заримдаа МАХН-ын өөрийнх нь үзэл бодолтой зөрчилдөх үе ч гарна. Намынхаа үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй гэж Ерөнхийлөгчийг ямар нэгэн байдлаар шахалтанд оруулдаг. Энэ зовлонг би ч мөн эдэлсэн. Намайг МАХН-ын гол үзэл баримтлалыг хамгаалах, тэр талд зогсохыг шаарддаг байсан. Би юу гэж тэгэх билээ. Нэгдүгээрт намаас түдгэлзсэн, хоёрдугаарт ардчилсан төрийн тэргүүн хүн нэг намын үзэл бодолд уусаж, тэр намын байр сууринаас асуудалд хандаад эхлэх юм бол тангаргаа, хуулиа зөрчиж байгаа хэрэг болно. Тангараг өргөж, эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ зөрчих гэдэг урвасантай адил хэрэг гэж би үздэг. Үндсэн хууль зөрчсөн Ерөнхийлөгч огцордог номтой. Тэгж хууль зөрчиж болохгүй гэдэг баримтлалыг хатуу барьдаг байсан болохоор намайг ардчилсан хүчний талд урвалаа гэж зэмлэдэг байсан. Н.Багабандийг ч мөн тэгдэг байсныг санаж байна. Юу гэсэн үг вэ, ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгч ардчилалд яаж урвах юм. Тэгвэл “Ардчилалд урвалаа” гэж хэлж байгаа нөгөө нам нь ямар хүчин юм бэ? Коммунист юм уу гэж асуумаар санагддаг. Үүгээрээ МАХН бодлогын алдаа гаргадаг. Тиймээс ард түмэн, улс төрийн хүчнүүд МАХН-ыг шинэчлэгдэхгүй байна, хуучин үзэл баримтлалаараа аливаад хандаж байна гэж шүүмжилдэг. Энэ нь ч бас үнэний ортой л зүйл.

-Тэгвэл Н.Энхбаяр Ерөнхийлөгч болчихлоо. Тэгсэн хэрнээ нөгөө л Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын хооронд мөн л зөрчилдөөн байсаар л байна. Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр нарын Ерөнхий сайдуудтай бүгдтэй нь энэ хүн таарамж муутай байсан? Үүнийг юугаар тайлбарлах вэ?
-Ерөнхийлөгч намын дотоод ажилд ямар нэгэн хэлбэрээр оролцож, намын даргын болоод удирдах зөвлөлийнхөнд нөлөөлөх гэж хэтэрхий их зүтгэснээс зөрчил үүсдэг байж болох юм. Ерөнхийлөгчийн оролцох ёсгүй, намынх нь дотор шийдэгдчихэж болох асуудалд Н.Энхбаяр хөндлөнгөөс ороод, нөлөөлөөд, өөрийнхөө хүнийг тавихыг шахаж шаардаад байдаг бол зөрчилдөх бас нэгэн нөхцөл үүсэх нь зүй ёсны хэрэг. Тэр хүмүүс өөрсдийнхөө хүрээнд ажиллах гээд байдаг. Гэтэл хөндлөнгөөс нэг хүн орж ирээд бүх зүйлд нь оролцоод эхэлбэл, ялангуяа намын даргын эрх мэдлээс хуваалцах гээд байх нь хэнд ч таатай санагдахгүй.

-Таны ярьж байгаагаар хуулийн дагуу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газар, шүүх засаглал нарын хооронд ямар нэгэн зөрчил албан ажил дээр хуулийн дагуу үүсэх нөхцөл шалтгаан байхгүй юм байна шүү дээ. Зөвхөн хувь хүнээс шалтгаалаад байна гэж ойлгож болох уу?
-Хувь хүн болоод намын албан тушаалаас л шалтгаалаад байгаа хэрэг л дээ. Ер нь үндсэн хуулиар аваад үзэхэд парламентын засаглалтай оронд Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглал буюу Засгийн газартай илүү хамтарч ажиллах боломжтой, мөн хэрэгтэй юм.

-Хувь хүний мөн чанар шалтгаалж байна гэсэн. Н.Энхбаяр Ерөнхий сайд байх үедээ Ерөнхийлөгчтэйгөө тэрсэлддэг байсан. Ерөнхийлөгч болсныхоо дараа эргээд Ерөнхий сайдтайгаа тэрсэлдээд эхэллээ. Тэгэхээр Н.Энхбаяр гэдэг хувь хүний эрх мэдлийг өөртөө цуглуулан атгах гэсэн санаархалд Монголын төр чирэгдээд байна уу?
-Хаана ч ажилласан дээр нь гарах гээд зүтгээд байдаг, УИХ-ын үйл ажиллагаанд нөлөөлөх гээд байдаг. Хуулиар заагдаагүй эрх хэмжээгээр нөлөөлөх гээд дарамтлаад байгаа бол энэ нь туйлын буруу төдийгүй хууль бус үйлдэл юм. Эрх мэдлийг дээрээс нь доош нь зөвхөн өөр дээрээ хэт төвлөрүүлэх гээд байдаг зарчимгүй хандлага гарч ирээд байгаа хэрэг биш юм уу. Харин хуульд зааснаар ажиллавал ийм зөрчил байх ёсгүй.

-Та бидний ярилцлага нэгхэн хүний буруутай хандлагаас болж хуулиндаа гар дүрэх хэрэггүй гэсэн дүгнэлтэд хүрлээ?
-Ер нь Үндсэн хууль гэдэг бол хөдөлгөж болохгүй цутгачихсан тийм зүйл биш. Цаг үеэ дагаад, алдаа оноогоо дагаад өөрчлөгдөж болно. Гэхдээ бид өнгөрсөн 18 жилийн хугацаанд ардчилсан төрийг төлөвшүүлэх тулгуур баримт бичиг болох Үндсэн хуулийнхаа бүх боломжийг зөв ойлгож, хэрэгжүүлж чадаагүй. Зарим хүмүүсийн байр сууринаас болоод төрд гарч буй зөрчил хямрал болон хувирч байсан ч үе бий. Тэгэхээр ганцхан хүний буруу байр сууринаас болж хуулинд гар дүрнэ гэдэг байж боломгүй хэрэг.

2000 онд Н.Багабандийг Ерөнхийлөгч байх үед төрийн тэргүүнээр Ерөнхий сайдыг томилуулах тухай заасан Үндсэн хуулийн заалтыг тодорхой шалтгаанаар өөрчилсөн. Харин одоо Н.Энхбаярын эрх мэдлийн сонирхлоос болж Ерөнхийлөгчийг парламентаас сонгох тухай ярьж байна. Үе үеийн Ерөнхийлөгч нарын ааш аягт тааруулан Үндсэн хуулиа байн байн өөрчлөөд байж болох уу, та минь ээ.

Р.Эмүжин, Р.Сэлэнгэсайхан (Өнөөдөр сонин)

No comments:

Post a Comment