Thursday 10 January 2013

Б.БЯМБАСАЙХАН: МОНГОЛ УЛС БҮС НУТГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ МАШ ТОМ ТОГЛОГЧ БОЛОХ БОЛОМЖТОЙ

“Ньюком” группийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа. Тэрээр Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулдаг “Next stop” –ын эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу”-аар тодорсон билээ.

-Таныг хүмүүс Монголын анхны салхин станцыг байгуулах ажилд хүчин зүтгэж яваа залуу гэдгээр тань илүүтэй мэдэх болов уу. Үүнээс гадна та хэд хэдэн салбарт өөрийнхөө хүч оюуныг сорьдог. Энэ бүгдийг яаж амжуулж байна вэ? 
-Бидний хувьд, монгол хүн тэр дундаа залуу хүн хариуцлагатай байх юм бол их юманд хүрч, олон амжилттай зүйл хийх боломжийг Монголын өнөөгийн эдийн засгийн байдал бий болгочихсон. Яагаад гэвэл бид чинь хорин хувийн өсөлттэй эдийн засагтай улсад амьдарч байна. Энэ нь тэр болгон тохиолдоод, заяагаад байх боломж биш л дээ. Бусад орны хувьд эдийн засаг нь үсрэнгүй хөгжиж байгаа нь цөөхөн. Бид их азтай улсууд гэж боддог, Монгол хүн, тэр тусмаа залуус. Сайхан Монгол орондоо аливаа нэг сайхан юм бүтээвэл түүнийх нь үр дүн, өгөөж нь хурдан харагддаг. Хүнд хүрэх боломж нь илүү сайн. Монгол хүн чинь байнга шинийг эрэлхийлдэг зантай шүү дээ. Шинэ сайхан юм байвал дандаа тийш тэмүүлж байдаг. 
Миний хувьд, өөрийн мэргэшсэн гэх юм уу даа, эсвэл өмнө нь ажиллаж байсан, бусад оронд очиж туршлага суусан салбар гэвэл эрчим хүчний төслийн санхүүжилт. Цахилгаан станц, дамжуулах, түгээх сүлжээнд хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нь босгоод хэрэгжүүлээд явдаг. Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт юм л даа. Хүнд гэрэл гэгээ бэлэглэдэг сайхан ажил. Монголдоо энэ ажлаа хийж байна. 
Үүнээс гадна Монголын анхны үүрэн телефоны оператор, харилцаа холбооны тэргүүлэгч “Мобиком” корпораци мөн “Изинис Эйрвэйз” компанид ажиллаж байна. “Изинис Эйрвэйз” бол дотооддоо хамгийн олон зорчигч тээвэрлэдэг агаарын тээврийн компани юм. Бас Монголын анхны салхин станцыг барьж байгаа “Клин Энержи” компанийг маань хүмүүс мэдэх байх.

-Та Ерөнхийлөгчийн эрчим хүчний бодлогын зөвлөхөөр ажилладаг байх аа?
-Тийм. Орон тооны бус зөвлөх шүү дээ.

-Та ямар их сургуулиудыг дүүргэсэн юм бэ? 
-Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн. Дараа нь Жорж Вашингтоны их сургуульд магистраа хамгаалсан. Тэр чинь 2000 он юм байна шүү.

-Хотын унаган хүүхэд үү?
-Тийм ээ, хотын унаган хүүхэд. Аав маань Завхан аймгийн уугуул. Аавыг багад хотод нүүж ирсэн гэдэг. Харин ээж маань хотын уугуул хүн л дээ.

-Амжилтад хүрсэн, амжилтад хүрч яваа залуусын оюутан ахуйн амьдрал нь тэр чигээрээ тэмцэл байдаг юм шиг ээ. Гадаадад сургуульд сурч байхдаа өдөр хичээлдээ явчихаад шөнө нь хоёр ээлжээр ажил хийдэг байсан тухайгаа дурсацгаадаг? 
-Би 1997 онд гуравдугаар курсийн оюутан байхаасаа Гэгээрлийн яамны Гадаад харилцааны хэлтэст нь ажиллаж эхэлсэн юм. Хүүхэд байхдаа зуны амралтаараа янз бүрийн ажил хийдэг байсан л даа. Тухайн үедээ орчуулгын ажил их хийнэ ээ. Сэтгүүлчидтэй хамт, Монголд ирсэн Элчин сайдуудад хэлмэрчлээд явдаг байв. Тэр үедээ олон хүнтэй уулзаж, олон газарт очиж үзэж байлаа. Тэр үеийн дурсамж их шүү. Дараа нь Вашингтонд сурч байхдаа өдөр нь ажлаа хийгээд орой нь хичээлдээ суудаг байлаа.

-Эрчим хүчний салбарыг хөгжүүлэхийн тулд цөмийн цахилгаан станц барих эсвэл цахилгаан станц барих эсвэл цахилгаан станцын тоог нэмээд байх нь чухал гэдэг. Бас сэргээгдэх эрчим хүчийг ирээдүйд энэ салбарыг тодорхойлох чиглэл ч болно гэцгээдэг. Харин та Монголын эрчим хүчний салбарын ирээдүйг хэрхэн хардаг вэ? 
-Монгол Улс эрчим хүчний салбараараа бүс нутагтаа маш том тоглогч бас манлайлагч байх боломжтой. Тэрний эхлэл нь тавигдаж байна. Манайх сэргээгдэх эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд тэргүүлнэ. Нар, салхины нөөц Монголд байна. Бас нүүрсний асар их нөөцтэй улс. Тэгэхээр газар дээр, доор байгаа энэ хоёр том нөөцөө зөв ашиглавал бидний дэргэд Хятад гэсэн том хэрэглэгч байна. Хөрш маань дэлхийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч болчихсон. Хятадын эдийн засаг өсөхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ нь дагаад өснө. Тэгээд Хятадаас цааш харвал манай бүс нутагт Япон, Солонгос улс байна. Эдгээр улсуудад эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа. Энэ улсууд бол манайх шиг нөөцгүй учир бид зах зээлээ нээх боломжттой. 
Гурав, тав, арван жилийн дараа  Монголын ирээдүйг харвал нүүрсийг ухаад шууд Хятад руу гаргах биш, нэмүү өртөг шингэсэн буюу цахилгаан үйлдвэрлээд, салхи, нарны эрчим хүчийг хослуулаад экспортлодог болох юм бол манай эдийн засгийн бүтэц нь өөрчлөгдөнө. Солонгорсон эдийн засаг гэж ярих нь ч бий. Тэрний нэг хэсэг эрчим хүчийг тэр дундаа нар, салхины эрчим хүчний нөөцөө ашиглавал манлайлагч болж чадна. Манлайлагч болно гэхээр монгол хүн тэр технологийг оруулж ирээд ашиглаад, сүүлд нь үйлдвэрлэдэг болно гэсэн үг.

-Монголын салхины эрчим хүчний нөөцийн газрын зургийг ажиглахад говийн бүс нутаг хамгийн их нөөцтэй харагддаг? 
-Говийн бүс нутаг салхины нөөц ихтэй. Тэнд салхин цахилгаан станцууд барихад боломжтой гэсэн үг л дээ. Говьд салхины урсгал тогтмол байдаг. Өвөр Монголд сэргээгдэх эрчим хүчний олон станцыг хятадууд барьчихсан байхгүй юм. Тэр нөөцийг аль хэдийнэ ашиглаад эхэлчихсэн байна ш дээ. Тэгэхээр бид өөрт байгаа нөөцөө ашиглаад түгээе. 
Сэргээгдэх эрчим хүч бидний амьдралд ч эерэгээр нөлөөлнө. Шавхагддаггүй нөөцөө ашиглаад цахилгаан эрчим хүчээ хангая гэсэн дэлхийн чиг хандлага ч байна шүү дээ. Бидэнд бусад орныг бодвол нөөц нь  их байгаа учир ашиглах боломж нь илүү өндөр. 
2020 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээний 20-25 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана гэсэн зорилт байгаа. 50 мВт-ын “Салхит”-ын цахилгаан станц ашиглалтад орвол нийтдээ зуун мянга гаруй айлын хэрэглээг хангах цахилгааныг үйлдвэрлээд төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлнэ. Өнөөдрийн байдлаар энэ бол нэлээд том бүтээн байгуулалт болж байгаа юм. Гэхдээ манай эрчим хүчний салбар цаашдаа улам томорно л доо. Хэдхэн жилийн дотор өнөөдөр байгаагаасаа хоёр, гурав дахин томрох хандлага байгаа.

-Оны өмнөхөн “Чингэс” бонд гаргасан нь томоохон үйл явдал болсон. Энэ явдлыг хүмүүс янз бүрээр хүлээж авч тайлбарласан л даа. Ирээдүйд өр болж л хоцорно гэж үзэх залуус ч байна? 
-Залуу хүний нэг дутагдалтай тал нь юмыг шүүмжлэхдээ сайн. Би хувьдаа энэ занг буруу гэж боддог. Бид аль болохоор аливаа юмны шийдлийг олоод хэрэгжүүлдэг байвал монгол хүн Монголдоо сайхан амьдрах боломж нь хурдан нээгдэнэ. Тэгэхгүй “энэ тэгчихлээ, энэ буруу” гээд суугаад байвал ажил урагшлахгүй. Бонд босгож байгаа нь эдийн засгийн санхүүжиж байгаа нэг хэлбэр ш дээ. Зөвхөн Монгол л бонд босгож байгаа юм биш шүү. Анх удаа болохоор л ингэж хүлээж аваад байгаа байх. Олон улсын зах зээл дээрээс босгосон мөнгөөрөө дэд бүтцийнхээ салбарт хөрөнгө оруулж хөгжүүлнэ гэсэн зорилготой зүйл болж байна гэж бодож байгаа. Гэхдээ мэдээж хэрэгжилт дээр нь хяналт тавих хэрэгтэй. 
Монголд өнөөдөр юу хэрэгтэй байна гэхээр дэд бүтцийг хөгжүүлэх. Монгол хүний хэрэглэж буй бүтээгдэхүүн бүр, бараа, үйлчилгээ болгон үнэтэй тусаад байгаа байхгүй юм. Хэрвээ дэд бүтцээ сайжруулчихвал Монголд бизнес эхлүүлэх зардал багасна. Тэгэхээр амжилттай бизнес хийх орчин нь сайжирна. Ингэж байж монгол хүн бүхэн ажилтай, орлоготой байна. Дэд бүтцээ сайжруулахгүй бол хорин жилийн өмнө ярьж байсантайгаа л ижил явсаар байх болно. Бондын хөрөнгө оруулалт хэрэгтэй юу, хэрэгтэй. Засгийн газраас суурь дэд бүтэцдээ хөрөнгө оруулдаг олон улсын жишиг байгаа шүү дээ.

-Энэ онд “Салхит”-ын цахилаан станц ашиглалтад орохоос эхлүүлээд таныг нэлээд олон ажил хүлээж байгаа байх? 

-Эхлээд “Салхит”-ын станцаа ашиглалтад оруулна. Дараа нь ТЭЦ 5 буюу тавдугаар цахилгаан станцын ажлыг эхлүүлнэ. Би Монголын бизнесийн зөвлөлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон байгаа. Эл зөвлөл нь 200 гаруй гишүүнтэй, бизнесийн дуу хоолой болсон байгууллага л даа. Энэ байгууллагын зорилго нь Монголд бизнесийн орчныг яаж сайжруулах уу, энэ тал дээр бизнесийн байгууллагууд ямар үүрэгтэй вэ. Яаж хариуцлагатай оролцох уу, өөрийнхөө дуу хоолойг төр засаг, эрдэмтэн мэргэд, иргэний нийгэмтэй яаж хуваалцах уу гэдэг талаар идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага байгаа юм. Тэгэхээр энэ байгууллагынхаа хүрээнд тодорхой ажлууд хийх төлөвлөгөөтэй байгаа. 
Миний сая авсан энэ шилдэг залуу шагналын хүрээнд лекц уншдаг юм билээ. “Next stop” –оос шалгарсан оны шилдэг хоёр залуу дараагийн жилдээ тодорхой сэдвээр төрийн ордонд лекц уншдаг. Энэ уламжлалаа цааш үргэлжлүүлнэ гэж надад хэлсэн. “Next stop” наадам найман жил завсардсан юм билээ. 
Тэгээд би Х.Тэмүүжин сайдтай уулзаж, лекцийнхээ өдөр хоногийг тогтож тараах байх.

Эх сурвалж: “Өдрийн сонин”, Д.Гансаруул

No comments:

Post a Comment