Tuesday, 29 January 2013

А.ГАНСҮХ: ӨРГӨН ЦАРИГ АШИГГҮЙ ГЭЖ ХЭН ХЭЛСЭН ЮМ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Ханбогд” төмөр замын асуудлаар Замь тээврийн сайд А.Гансүх мэдээлэл хийсэн юм. Гэхдээ энэ хуралдаан дахин хаалттай болсон. Тиймээс түүнээс төмөр замын асуудлаар тодрууллаа. 
-Төмөр замын талаар цаашид улсаас ямар бодлого баримталж ажиллах гэж байгаа вэ?
-Засгийн газраас төмөр замын асуудлаар хаана, хэзээ, хэдэн төгрөгөөр хийх талаар бүх задаргааг танилцуулж байж батлуулсан. Гэхдээ үүнийг 2011 оны Засгийн газрын 266-р тогтоолоор шийдээд, одоо л  55 сая доллараа авах гэж байна.  2011 оноос хойш төмөр замд нэг ч төгрөг өгөөгүй. Одоо тэр мөнгийг нь өгөхийг энэ Засгийн газар баталгаажуулж байгаа юм. Тиймээс бид хөгжлийн банктай яриад гэрээгээ хэлэлцээд ажил өрнөж байна.  Төмөр замын асуудал гэж маш олон жил ярьсан. Тэгсэн хэрвээ 2011 онд энэ хөрөнгийн асуудлыг шийдчээд нэг ч төгрөг өгөөгүй.  Одоо тэр мөнгөө авах гарц нээгдэж байна. 
-Төмөр зам 2013 онд баригдахгүй бол танд хариуцлага тооцно гэж Ерөнхийлөгч хэлсэн. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Энэ бол зөв шүү дээ. Ажил хариуцаж авчихаад хийхгүй бол хариуцлага тооцно гэдэг бол маш зөв. 
-Бондоор босгосон мөнгөний эхний хөрөнгө оруулах гурван хөьөлбөрийн нэг нь төмөр зам байсан. Энэ мөнгөөр юу хийх нарийн төлөвлөгөө гарсан байгаа юу?
-Яг одоо бондын зөвлөл дээр ямар төслүүдийг бондоор санхүүжүүлэх талаар ярьж байна. Энэ талаар ганц хоёр хүн ярьдаг зүйл биш. Энэ талаар УИХ, Засгийн газрын гишүүд орсон маш том зөвлөл ажиллаж байгаа. Бид энэ талаар олон удаа ярьсан сүүлийн шийдвэр гараагүй. Бид одоо ч бас ярьсаар л байгаа. Дараагаар нь засгийн газар дээр ярьна. Тэгээд УИХ-д оруулана. Ингэж шат дараалсан дамжлагын дараа эцсийн шийдвэр гарна.  Энэ бол зөвхөн Гансүх, Баттулга нарын хоорондоо яриад шийддэг асуудал биш.  Тиймээс бондын мөнгийг дэмий зүйлд үрж байна гэсэн болгоомжлол, айдас хэрэггүй.  Энэ эрх бүхий байгууллагын шат дамжлагаар дамжиж байж шийдэгдэх асуудал. 
-Эцсийн хариу хэзээ гарах вэ?
-Би бол бондын зөвлөлийн нэг л гишүүн. Тэнд дахиад хорин гишүүн байгаа. Тиймээс эцсийн хариу яг хэзээ гарахыг хэлж мэдэхгүй байна. 
-Бондын мөнгө ороод ирсэн. Гэтэл энэ мөнгийг ашиглахгүй өдөрт 275 сая  төгрөгийн хүү төлж байна гэсэн шүүмжлэл яригдаад байгаа. Хэрвээ Төмөр зам баригдаад эхлэвэл энэ алдагдлаа нөхөж чадах уу?
Чадна. Энэ талаар  бүхий л тооцоо нь гарсан. Төмөр зам нь өөрөө ашигтай юу, ашиггүй юу гэдэг тооцоо гарсан байгаа учир шинээр баригдах төмөр замын сүлжээ бол ашигтай. 
-Монголын төмөр замын дарга М.Энхсайханг ажлаас нь халсан. Энэ нь та болон Баттулга сайдтай холбоотой гэсэн яриа гараад байгаа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Мэдээж бидний байр суурь өөр, хамтарч ажиллах боломжгүй байсан учир би бичгээ өгсөн. Түүний баримталж байсан бодлоготой бидний бодол хамтрах боломж байгаагүй. 
-Яг юун дээр нь санаа зөрөлдөөд байгаа вэ?
-Хэвлэлийнхэн иймэрхүү ач холбогдол багатай асуудал хөөцөлдөөд байх юм. Монгол улс түүхэндээ байгаагүй Төмөр замын сүлжээний нэгдсэн том сүлжээтэй болох бодлого гаргаад явж байна. Энэ бодлого 2010 онд гарсан, одоо хэрэгжүүлэх гээд ажиллаж байна. Би энэ бодлогыг шүүмжлэх ёстой биш хийх ёстой хүн.  Түүнтэй адил компаний захирал энэ талаар шүүмжлэх эрх үнэхээр байхгүй. Их Хурлын баталсан зүйлийг тэр хүн гүйцэтгэх л ёстой. Хийх ёстой ажлаа тэр хүн хийхгүй байгаа. Энэ бүхнийг энэ талаас нь харах хэрэгтэй.  Тэрнээс биш тэр хүний гаргаж байгаа ааш занд автагдан төмөр замын бодлогыг унагааж болохгүй.  Бидэнд өөр том зорилго байгаа. Энхсайхан гэдэг хүн өнөөдөр ажлаас халагдсан, маргааш өөр ажилд орж болно. Тэглээ гээд юу нь болохгүй, хаана ямар хохирол учраад байгаа юм. Нэг хүн ажлаас гарч, орж байдаг үзэгдэл байж л байгаа шүү дээ. 
-Монгол улсад өргөн цариг, нарийн царигтай төмөр замын аль нь ашигтай юм бэ?
-Энэ талаар тооцоо судалгаа аль хэдийнээ гарсан. Төрийн бодлогоор төмөр замын өргөн царигтай байна гээд аль хэдийн шийдвэрээ гаргаад 2009 онд Ерөнхийлөгч Орос улстай стратегийн гэрээнд гарын үсэг зурсан. 
-Өнөөдөр төмөр замын асуудал дахин хаалттай хуралдах гэж байна. Яагаад заавал хаалттайгаар хуралдах гэж байгаа юм?
-Төмөр зам нь өөрөө чухал болохоор нууцалж байгаа юм. Төрийн бодлого явж байгаа болохоор нууж хаах юм байлгүй яахав. 
-Баттулга сайд Оросуудтай наймаалцсан гэдэг нь үнэн үү?
-Юу гэж дээ, тийм юм байхгүй. Энэ бол улс төрийн хар пиар. 
-Таныг  Баттулга сайдын үгэнд ороод Энхсайхан даргыг халсан гэдэг үнэн үү?
- Энэ чинь ч бас улс төрийн пиар. Ингэж хоёр найз  хоорондоо хов ярьж байгаа юм шиг хандаж болохгүй. 
-Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор та “Богдхан” төмөр зам төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсөн ч хаалттай болсон. Юу хэлэлцэх байсан юм бэ? 
-Богд уулын урдуур 150 км төмөр зам тойруулж тавих юм. Ингэснээр Улаанбаатарын дундуур явж байгаа төмөр замыг чөлөөлнө. Үр дүнд нь дуу, утаа, аюултай тээвэр зэрэг асуудлыг шийдэж болно. Төмөр зам дагасан аж ахуйг нийслэлээс гаргаснаар их хэмжээний газар чөлөөлөгдөнө. Өнөөдөр хөрөнгө санхүүжилт нь шийдэгдчихвэл 2016 онд дуусгах боломжтой. Урьдчилсан тооцоогоор 500 орчим доллар шаардлагатай байгаа.
-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг эргэн харах шаардлагатай гэж ярилцсан. Та салбар хариуцсан сайдын хувьд юу хэлэх вэ?
-2010 онд УИХ-аас төмөр замын тээврийн талаар баримтлах эрх зүйн бичиг баримтыг гаргасан. Энэ нь хүчин төгөлдөр байгаа. 2010 онд УИХ-д хэн олонхи байсан билээ. МАН шүү дээ. Ц.Нямдоржийн нам олонхи байхдаа баталж гаргасан. Өөрөө байж байгаад баталж гаргачихаад одоо тэрийг эргүүлж ярих нь зөв зүйтэй алхам гэж хэлэхгүй. Боломж нь байсан. Хурал дээр ирсэн. Одоо шийдсэн бодлогоны хойноос дахин энэ асуудлыг ярих ямар ч боломж байхгүй. Нэг хүн ярьснаар өөрчлөгдөхгүй. УИХ батлаад гаргачихсан учраас. 
- Ц.Нямдорж гишүүний тайлбарлаж байгаагаар бол нарийн царигтай төмөр зам ашигтай гэж байсан.
-Өргөн цариг ашиггүй гэж хэн хэлээд байгаа юм. Одоо өргөн царигтай л байгаа шүү дээ Монгол Улс. Хятад руу нүүрс гаргахгүй гэж хэн хэлээд байгаа юм. Гаргана шүү дээ. 
-Хуучин төмөр замын дарга байсан Р.Раш гуай суудлын вагоныг шилжүүлэн ачиж болдог. Харин ачаа тээврийн вагоныг шилжүүлж болдоггүй гэж хэлсэн шүү дээ. Үүн дээр ямар тайлбар хэлэх вэ? 
- Шилжүүлэн авчралтын дүн гурван доллар болдог. Тийм өндөр алдагдалд орох асуудал биш шүү дээ. Ерөөсөө л улстөрчидийн улс төр хийж байгаа, эвсэл хар пиар хийж байгааг бодит нөхцөл байдалд тооцоо судалгаа ямар байгаа вэ гэдэг дээр ярих хэрэгтэй. Нарийн царигаар вагон орж ирээд нүүрсээ нарийн царигтай вагон руу ачиж буулгаж байна. Энэ өөрөө том зохион байгуулалтаар хийдэг юм. Байгаль орчинд хортой нөлөө байхгүй. Тоосжилт байхгүй яг одоо хэрэглэж байгаа технологи. Энэ мэтчилэн маш их технологи байна. 
-Х.Тэмүүжин сайд МИАТ-ын мөнгө угаасан хэргийг нуун дарагдуулсан хэргээр тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг гүжирдсэн гэдэгт та тайлбар хийхгүй юү?
-Х.Тэмүүжин, Ц.Нямдорж хоёрын хооронд тийм юм болсон гэж сонссон. 2010 оны нэгдүгээр сарын 7-нд үүнийг гэмт хэргийн шинжтэй байна шүү гэдгийг манай яам илэрүүлээд цагдаад бид шалгаач ээ гэж хандсан. Хоёр жилийн дараа 2013 онд  илэрч байна. Үүнийг дарагдсан гэж хэлэх юм уу. Төр солигдож байж, цагдаагийн дарга солигдож энэ хэрэг ил гарч байна шүү дээ. Өмнө нь яагаад гарч ирэхгүй байсан юм. Тэр үед хууль зүйн сайд хэн байсан юм. Маш тодорхой байгаа биз дээ. Бид нарт бүх баримт нь байсан. 2010 онд үүнийг шалгаж өгөөч ээ гэж өгсөн.
Э.Хулан  www.times.mn

No comments:

Post a Comment